Skip to content

Гарчиг руу орох

«Амьдрахын тулд амийг сонгогтун»

«Амьдрахын тулд амийг сонгогтун»

«Амьдрахын тулд амийг сонгогтун»

«Чиний өмнө амь ба үхэл, ерөөл ба хараалыг тавья. Чи... амьдрахын тулд амийг сонго» (ДЭД ХУУЛЬ 30:19).

1, 2. Хүнийг Бурхны дүр төрхөөр бүтээсэн гэдэг нь юу гэсэн үг вэ?

 «ӨӨРСДИЙНХӨӨ дүр төрхийн дагуу Өөрсөдтэйгөө адилхан хүнийг бүтээе». Бурхан ийн айлдсаныг Библийн эхний бүлэгт тэмдэглэсэн байдаг. «Тэгээд Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр, ...Бурхны дүр төрхөөр хүнийг бүтээв» гэж Эхлэл 1:26, 27-д бичжээ. Ийм учраас, анхны хүн дэлхий дээрх бусад бүх бүтээлээс ялгаатай байлаа. Сэтгэн бодож, хайр, шударга чанар, мэргэн ухаан, хүчийг үзүүлж чаддагаараа Бүтээгчтэйгээ адилхан байв. Өөртөө тустай, тэнгэрийн Эцгийнхээ таалалд нийцтэй шийдвэр гаргахад туслах мөс чанарыг түүнд хайрлажээ (Ром 2:15). Товчхондоо, Адамыг сонгох эрх чөлөөтэй бүтээжээ. Ехова гарын бүтээл болсон газрын хүүгээ ажиглаад, «Нэн сайхан» хэмээн дүгнэсэн (Эхлэл 1:31; Дуулал 95:6).

2 Адамын үр сад бид ч бас Бурхны дүр төрхөөр, Бурхантай адилхан бүтээгдсэн. Гэхдээ бид үнэхээр юу дуртайгаа сонгох эрхтэй юү? Хэдийгээр, Ехова ирээдүйд болох юмыг урьдчилж мэдэх чадвартай ч, бидний хувь заяа, үйл хөдлөл бүрийг урьдаас тогтоодоггүй. Тэрбээр газрын хүүхдүүдийнхээ амьдралыг хувь заяанд захируулдаггүй. Тэгвэл, сонгох эрх чөлөөгөө яаж ашиглавал зөв шийдвэр гаргах вэ? Үүнийг ойлгохын тулд, юуны өмнө, израиль үндэстний түүхээс нэг сургамжтай явдлыг авч үзье (Ром 15:4).

Израильчууд сонгох эрх чөлөөтэй байсан

3. Арван тушаалын эхнийх нь юу гэж байдаг вэ? Үнэнч израильчууд уг тушаалд захирагдах шийдвэрийг хэрхэн гаргасан бэ?

3 Ехова Израильд: «Би бол чамайг боолчлолын гэрээс Египетийн нутгаас гаргаж авсан чиний Бурхан ЭЗЭН байна» хэмээн айлджээ (Дэд хууль 5:6). Израиль үндэстэн МЭӨ 1513 онд Египетийн боолчлолоос чөлөөлөгдөн Еховагийн гайхамшгийг нүдээр үзсэн учраас дээрх үгэнд өчүүхэн ч эргэлзэх учиргүй байлаа. Ехова өөрийн төлөөлөгч Мосегоор дамжуулж Арван тушаал өгсний эхнийх нь: «Чи Надаас өөр бурхадтай байж болохгүй» гэсэн тушаал юм (Египетээс гарсан нь 20:1, 3). Израилийн ард түмэн ч уг тушаалыг биелүүлэх шийдвэр гаргажээ. Тэд ганцхан Еховад чин үнэнч байхаар сайн дураараа шийдсэн (Египетээс гарсан нь 20:5; Тооллого 25:11).

4. а) Израильчуудын өмнө ямар хоёр зам байгааг Мосе сануулсан бэ? б) Өнөөдөр бидний өмнө ямар хоёр зам байгаа вэ?

4 40-өөд жилийн дараа Мосе Израилийн залгамж халаа болсон шинэ үеийнхэнд ямар хоёр зам байгааг нь сануулж: «Би өнөөдөр тэнгэр газрыг дуудаж та нарт гэрч болгон, чиний өмнө амь ба үхэл, ерөөл ба хараалыг тавья. Чи болон чиний үр удам амьдрахын тулд амийг сонго» хэмээн хэлжээ (Дэд хууль 30:19). Өнөөдөр бидний өмнө ч бас хоёр зам байдаг. Тийм ээ, ирээдүйд мөнх амьдрах найдвар өвөрлөн Еховад үнэнч үйлчлэх үү, эсвэл Бурханд үл захирагдан, үүнийхээ горыг амсах уу гэдгээ шийдэх боломж бидэнд байна. Өөр хоорондоо эрс ялгаатай шийдвэр гаргасан хүмүүсийн жишээг одоо ярилцъя.

5, 6. Иошуа ямар шийдвэр гаргасан бэ? Үр дүн нь ямар байсан бэ?

5 МЭӨ 1473 онд Иошуа израильчуудыг Амласан газарт удирдан оруулжээ. Тэрбээр нас эцэслэхийнхээ өмнө ард түмэндээ хичээнгүйлэн захиж: «Хэрэв ЭЗЭНд үйлчлэх нь та нарын хувьд нийцгүй мэт байвал, хэнд үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрсдөдөө сонго. Тухайлбал, Евфрат мөрний цаана эцэг дээдсийнхээ үйлчилж байсан бурхдад уу, эсвэл нутаглаж буй газрынхаа аморичуудын бурхдад үйлчлэх үү?» хэмээн хэлжээ. Тэгээд цааш нь гэрийнхнийхээ тухай: «Би болон манай гэрийнхэн, бид ЭЗЭНд [«Еховад», ШЕ] үйлчилнэ» гэж хэлсэн (Иошуа 24:15).

6 Өмнө нь, Ехова Иошуад Бурхны хуулиас гажихгүй, тууштай, зоригтой байхыг захижээ. Хуулийн номыг өдөр шөнөгүй бясалгаж явбал хөгжин дэвжих байв (Иошуа 1:7, 8). Үнэхээр ч тэгсэн. Иошуагийн гаргасан шийдвэр ивээл авчирсан. Тэрбээр: «Израилийн гэрт ЭЗЭНий өгсөн сайн амлалтуудын нэг нь ч бүтэлгүйгээр өнгөрөөгүй. Бүгд биелэв» хэмээн хэлжээ (Иошуа 21:45).

7. Исаиагийн үед израильчуудын зарим нь ямар шийдвэр гаргасан бэ? Үр дагавар нь ямар байсан бэ?

7 Тэгвэл, 700-аад жилийн дараа Израилийн байдал ямар болсныг үзье. Тэр үед олон израиль хүн хуурамч шашны зан үйлийг дагадаг болсон аж. Тухайлбал, жилийн сүүлчийн өдөр цуглаад, төрөл бүрийн амттан шимттэн, амтат дарсаар дүүрэн ширээнээ найрлан цэнгэдэг байжээ. Гэхдээ энэ нь жирийн нэг айл гэрийн найр биш, харин хоёр хуурамч бурханд хүндэтгэл үзүүлэх шашны ёслол байв. Ийм үнэнч бус явдлыг Бурхан яаж үздэгийг Исаиа зөнч: «[Хүмүүс та нар] ЭЗЭНийг орхин, Миний ариун уулыг мартан, аз завшааны [«бурхны», ШЕ] төлөө ширээ засаж, хувь тавилангийн [«бурхны», ШЕ] төлөө найруулсан дарсыг дүүргэдэг» хэмээн бичжээ. Тэд тухайн жилийнхээ ургацыг Еховагийн ивээл гэж үзэлгүй, «аз завшааны» болон «хувь тавилангийн» бурхдын ивээл гэдэгт итгэдэг байжээ. Гэтэл ийнхүү санаатайгаар Еховад тэрсэлж, зориуд буруу шийдвэр гаргасан нь, үнэн чанартаа, өөрсдийнхөө хувь тавиланг шийдсэн хэрэг байлаа. Ехова: «Би та нарын хувь тавиланд илдийг зориулахад та нар бүгдээрээ аллагад бөхийнө. Учир нь Би дуудсан боловч та нар хариулсангүй. Би айлдсан боловч та нар сонссонгүй. Та нар Миний өмнө мууг үйлдэн, Миний хүсээгүйг сонгосон» хэмээн мэдэгдсэн (Исаиа 65:11, 12). Тэд мунхаг шийдвэрийнхээ балгаар сүйрэлд өртөхөд, хувь тавилангийн болон аз завшааны бурхад нь өчүүхэн ч тус болоогүй.

Зөв шийдвэр гаргах нь

8. Дэд хууль 30:20-д бичсэнээр, зөв шийдвэр гаргахын тулд ямар гурван алхам хийх хэрэгтэй вэ?

8 Мосе израильчуудад амийг сонгохыг уриалж, «ЭЗЭН Бурхнаа хайрлан, Түүний үгийг дуулгавартай дагаж, Түүнээс зуурч бай» хэмээн гурван алхам хийх хэрэгтэйг хэлж өгчээ (Дэд хууль 30:20). Одоо бүгдээрээ, зөв шийдвэр гаргахын тулд алхам тус бүрийг дэлгэрэнгүй авч үзье.

9. Еховад хайртайгаа хэрхэн харуулах вэ?

9 Ехова Бурхнаа хайрлах. Бид Еховад хайртай учраас түүнд үйлчлэхээр шийдсэн билээ. Эртний Израилийн ард түмний сургамжтай жишээнүүдийг анхаарвал садар самуунд уруу татдаг хорхой хүргэм бүхий л зүйлийг тэвчиж, эд хөрөнгөний балчиг шаварт живүүлэх аюултай амьдралын хэв маягаас зайлсхийж чадна (1 Коринт 10:11; 1 Тимот 6:6–10). Бид Еховагаас бат барьж, зарлигуудыг нь сахидаг (Иошуа 23:8; Дуулал 119:5, 8). Израильчуудыг Амласан газарт орохын өмнө Мосе: «Та нарын хүрч очоод эзэмшин суух тэр газарт та нараар үүнийг дагаж мөрдүүлэхийн тулд би ЭЗЭН Бурхныхаа надад тушаасан ёсоор та нарт зарлиг хуулийг сургасан билээ. Тиймээс та нар түүнийг сахиж, үйлдэгтүн. Тэгэх нь ард түмнүүдийн өмнө та нарын мэргэн ухаан, та нарын ухаарал болно» хэмээн захисан байдаг (Дэд хууль 4:5, 6). Бидний тухайд, одоо бол Еховагийн хүсэл тааллыг амьдралдаа эн тэргүүнд тавьж, түүнд хайртайгаа харуулах цаг мөн. Ийм шийдвэр гаргах аваас ивээл хүртэх нь зайлшгүй (Матай 6:33).

10-12. Ноагийн үед болсон явдлаас бид ямар сургамж авдаг вэ?

10 Бурхны үгийг дуулгавартай дагах. Ноа «зөвт байдлыг тунхаглагч» байсан (2 Петр 2:5). Усан галаваас өмнөх үеийн хүмүүс бараг бүгдээрээ өдөр тутмын амьдралдаа түүртээд, Ноагийн сэрэмжлүүлгийг «анхаараагүй». Энэ нь ямар уршиг тарьсан бэ? «Үер бууж бүгдийг хаман оджээ». «Хүний Хүүгийн залран» байгаа өнөө үе ч бас Ноагийнхтай адилхан байхыг Есүс анхааруулсан. Ноагийн үед болсон явдал Бурхны үгийг сахиж мөрдөхгүй байхаар шийдсэн өнөөгийн хүмүүст хатуу сануулга болдог (Матай 24:39, ШЕ).

11 Бурхны орчин үеийн үйлчлэгчдийн тунхаглаж буй сэрэмжлүүлгийг доог тохуу болгодог хүмүүс үүнийг анхаараагүйгээс ямар хор хохирол амсахаа ухаарах хэрэгтэй. Ийм элэглэн дооглогчдын тухай элч Петр: «Бурхны үгээр тэнгэр нь өнө эрт оршин тогтносон бөгөөд газар нь уснаас болон усаар хэлбэржсэн болохыг тэд санаатайгаар үл ойшоодог. Тэр үед ертөнц усан галавт автан, усаар устгагдсан аж. Харин өнөөгийн тэнгэр болоод газар нь Түүний үгээр байгаа бөгөөд галд зориулагдан, бурханлаг бус хүмүүсийн шүүлт ба сүйрлийн өдрийн төлөө хадгалагдаж байна» гэжээ (2 Петр 3:3–7).

12 Харин Ноа ба түүний гэрийнхний гаргасан шийдвэр ийм хүмүүсийнхээс эрс ялгаатай. «Итгэлээр Ноа хараахан харагдаагүй байсан зүйлсийн талаар сэрэмжлүүлэл аваад... хөвөгч авдрыг сүсэглэн бэлдсэн». Тэрбээр сэрэмжлүүлгийг анхаарсныхаа ачаар гэр бүлээрээ аврагдаж чадсан билээ (Еврей 11:7) Бүгдээрээ, Бурхны үгийг «сонсохдоо түргэн» байж, дуулгавартай биелүүлдгээ батлан харуулцгаая (Иаков 1:19, 22–25).

13, 14. а) Еховагаас «зуурах» нь яагаад чухал бэ? б) «Ваарчин» Еховагийнхаа хэвэнд цутгуулахын тулд яах хэрэгтэй вэ?

13 Еховагаас зуурч байх. «Амьдрахын тулд амийг сонгоё» гэвэл Еховад хайртай, дуулгавартай байгаад зогсохгүй Еховагаас «зуурах» буюу хүсэл тааллыг нь цөхрөлтгүй биелүүлэх ёстой. Есүс: «Та нар өөрсдийн тэвчээрээр амиа олж авна» гэж хэлсэн байдаг (Лук 21:19). Үнэндээ, Бурхны хүсэл тааллыг биелүүлэх асуудлаар ямар шийдвэр гаргахаас бидний зүрхэнд юу байгаа нь харагдана. Сургаалт үгс 28:14-т: «ЭЗЭНээс ямагт эмээдэг хүнд ерөөл оршино. Харин зүрхээ хатууруулдаг хүн гай гамшигт орооцолдоно» гэдэг. Эртний Египетийн фараон үүний нэг жишээ юм. Египетэд гамшиг болох бүрд фараон Бурхнаас эмээхийн оронд зүрхээ хатууруулсаар байсан. Ехова тэрхүү бардам удирдагчийг албаар дуулгаваргүй болгоогүй бөгөөд харин ч өөрөөр нь шийдвэр гаргуулсан. Элч Паул, Ехова фараоныг хэрхэн үздэгийг тайлбарлаж: «Өөрийнхөө хүчийг чамаар үзүүлэхийн тулд, мөн Миний нэр бүх дэлхий даяар тунхаглагдахын тулд чухам энэ л зорилгоор Би чамайг босгов» гэж бичсэнээс үзвэл, Бурхны хүсэл таалал биелсэн нь харагддаг (Ром 9:17).

14 Фараонд боолчлогдож байсан Израилийг эрх чөлөөтэй болсноос хойш хэдэн зууны дараа Исаиа: «ЭЗЭН, Та бол бидний Эцэг билээ. Бид шавар, Та бол бидний ваарчин. Бид бүгдээрээ Таны мутрын бүтээл» гэж хэлсэн байдаг (Исаиа 64:8). Хэрэв бид Бурхны үгийг бие даан судалж, амьдралдаа хэрэгжүүлэн Бурхны хэвэнд цутгуулбал аажим аажмаар шинэ хүнийг өмсөнө. Еховагийн таалалд нийцэхийг чин сэтгэлээсээ хүсдэг учраас Еховагаас үнэнчээр «зуурдаг». Илүү даруу төлөв, уян зөөлөн болбол Бурхнаас зуурахад амархан байдаг (Ефес 4:23, 24; Колоссай 3:8–10).

«Тэдгээрийг таниулж мэдүүл»

15. Дэд хууль 4:9-д бичсэнээр, Мосегийн израильчуудад сануулсан хоёр талт үүрэг юу байсан бэ?

15 Амласан газрын захад хүрч ирээд байсан Израилийн ард түмэнд Мосе: «Өөртөө анхаарал тавьж, сэтгэлээ няхуур хяна. Нүдээр үзсэн бүхнээ чи мартуузай, тэдгээрийг насан туршдаа зүрхнээсээ салгуузай. Харин тэдгээрийг хөвгүүд, ач нартаа таниулж мэдүүл» хэмээн тушаажээ (Дэд хууль 4:9). Израильчууд Еховагийн ивээлийг хүртэж, өвлөн авах нутагтаа хөгжин дэвжихийн тулд Ехова Бурхныхаа өмнө хоёр талт үүрэг хүлээх ёстой байв. Өөрөөр хэлбэл, Еховагийн үйлдсэн гайхамшгийг нүдээр үзсэнээ мартаж болохгүйн дээр тэр бүхнийг хойч үедээ хэлж захих учиртай байлаа. Бурхны ард түмэн бид ч бас мөнх «амьдрахын тулд амийг сонгохыг» хүсэж байгаа бол адилхан үүрэг хүлээх ёстой. Ехова бидний тусын тулд юу хийдэг вэ?

16, 17. а) «Гилеад» сургуулийг төгсгөсөн миссионерүүд дэлгэрүүлэх ажлаа хэрхэн амжилттай хийдэг вэ? б) Бууршгүй идэвх зүтгэлийн ямар ямар жишээг та мэдэх вэ?

16 Ехова дэлгэрүүлэх, шавь бэлдэх ажлыг маань ивээж байгааг бид сэтгэл догдлон хардаг. Анх 1943 онд «Гилеад» сургуулийг байгуулсан цагаас эхлэн миссионерүүд шавь бэлдэх ажлыг олон оронд манлайлан хийж ирсэн. Энэ сургуулийн ууган төгсөгчид эдүгээ нас дээр гарч, урьдынх шигээ эрүүл чийрэг байхаа больсон боловч Хаанчлалын мэдээ тунхаглах ажилд одоо хүртэл идэвх зүтгэлтэй оролцдог. Тэдний нэг нь 1944 онд «Гилеад» сургуулийг дүүргэсэн Мэри Оолсон юм. Тэрбээр эхлээд Уругвай, дараа нь Колумб, одоо Пуэрто Рикод миссионерээр үйлчилж байна. Хэдийгээр нас нь хөгширч, бие нь муудаад урьдынх шигээ үйлчилж чадахаа больсон ч Мэри эгчийн урам зориг бадарсаар байна. Мэри эгч испани хэлний мэдлэгээ ашиглан, нутгийн Гэрчүүдтэй хамт дэлгэрүүлэхээр долоо хоног бүр цаг гаргадаг гэнэ.

17 1947 онд «Гилеад» сургуулийг төгсгөсөн Нэнси Портер бэлэвсрэн үлдсэн ч одоо хэр нь Багамын арлуудад үйлчилж байна. Энэ миссионер эгч дэлгэрүүлэх ажил хийгээд, завгүй байдаг нэгэн. Тэрбээр: «Хүмүүст Библийн үнэнийг заах нь баяр хөөрийн маань дундаршгүй ундарга болдог. Энэ ажлын ачаар би сүнслэг үйл хэргийг эн тэргүүнд анхаарч, хувийн зохион байгуулалт сайтай, санаа сэтгэл тайван байж чаддаг» хэмээн дурсжээ. * Нэнси эгч болон бусад үнэнч Гэрчүүд өнгөрснөө эргэн дурсахдаа Еховагийн хийсэн бүхнийг үргэлж санаж явдаг. Тэгвэл бид яадаг вэ? Ехова Хаанчлалын тухай мэдээ тунхаглах ажлыг маань хэрхэн ивээж байгаад талархдаг уу? (Дуулал 68:11).

18. Миссионерүүдийн намтар ямар сургамжтай вэ?

18 Энэ хүмүүс Еховад олон жил үйлчлэхдээ юу хийснийг, одоо юу хийж байгааг харахад сайхан санагддаг. Тэдний намтрыг уншихад Ехова энэ үнэнч хүмүүсээ хэрхэн ивээсэн нь харагддаг учраас их урам авч, Еховад үйлчлэх шийдвэр маань ч улам батаждаг. Та «Харуулын цамхаг» сэтгүүлд нийтлэгдсэн сэтгэл хөдөлгөм түүхийг тогтмол уншиж, эргэцүүлэн боддог уу?

19. «Харуулын цамхаг» сэтгүүлд нийтлэгдсэн намтрыг христиан эцэг эхчүүд хэрхэн ашиглаж болох вэ?

19 Мосе израильчуудад өөрсдийнх нь төлөө Еховагийн хийсэн бүгдийг санаж, насан туршдаа зүрхнээсээ салгаж болохгүйг анхааруулаад, дараа нь юу хийх ёстойг хэлж: «Тэдгээрийг хөвгүүд, ач нартаа таниулж мэдүүл» хэмээн захисан (Дэд хууль 4:9). Үнэнч миссионерүүдийн түүх намтрыг уншихад зүрх сэтгэлд хоногшин үлдэж, сургамж болдог. Ганц бие христиан эмэгтэйчүүд «Харуулын цамхаг» сэтгүүлээс настай эгч нарын намтрыг уншиж, үнэнч байдлын жишээнээс нь суралцдаг. Эгч нар төдийгүй ах нар ч бас миссионерүүдийн жишээгээр, дэлгэрүүлэх ажлаа өргөжүүлж, нутагтаа байдаг гадаад хэлний хэсэгт үйлчилдэг. Хүүхэд зөв хүмүүжилтэй болоход сайн үлгэр жишээ тус болдог. Тийм учраас, христиан эцэг эхчүүд үнэнч миссионерүүд болон бусад Гэрчийн амьдрал, туршлагыг үр хүүхдэдээ жишээ болгон ярьж, Еховад бүрэн цагаар үйлчлэх замыг сонгоход нь тусалж болохгүй нь юу билээ?

20. «Амийг сонгохын» тулд яах ёстой вэ?

20 Тэгвэл бид дор бүрнээ амийг хэрхэн сонгох вэ? Еховагийн өгсөн сонгох эрх чөлөө хэмээх гайхамшигтай бэлгээ ашиглан Еховад хайртайгаа харуулж, боломж завшаантай байгаа дээрээ Бурхандаа хамаг чадлаараа үйлчилбэл амийг сонгож байгаа нь тэр ээ. Мосе: «[Ехова] бол чиний амь амьдрал, чиний амьдрах хугацаа юм» хэмээн хэлсэн байдаг (Дэд хууль 30:19, 20).

[Зүүлт]

^ «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2001 оны 6-р сарын 1-ний дугаарын 23—27-р хуудсанд нийтлэгдсэн Нэнси Портерын намтрыг үзнэ үү (англи).

Та санаж байна уу?

• Өөр хоорондоо эрс ялгаатай шийдвэр гаргасан хүмүүсийн жишээнээс та ямар сургамж авсан бэ?

• «Амийг сонгохын» тулд ямар ямар алхам хийх ёстой вэ?

• Бид, хоёр талт ямар үүрэг хүлээх учиртай вэ?

[Догол мөрийн асуулт]