Skip to content

Гарчиг руу орох

Ехова «эхлэлээс төгсгөлийг тунхагладаг»

Ехова «эхлэлээс төгсгөлийг тунхагладаг»

Ехова «эхлэлээс төгсгөлийг тунхагладаг»

«Би эхлэлээс төгсгөлийг тунхаглаж, хийгдээгүй байгаа зүйлсийг өнө эртнээс мэдүүлсэн» (ИСАИА 46:10).

1, 2. Вавилоны сүйрлийг тойрсон үйл явдал юугаараа сонирхол татдаг вэ? Энэ нь Еховагийн талаар юу харуулж байна вэ?

 ШӨНИЙН харанхуйд дайсны цэргүүд Евфрат мөрний голдрил даган, хүчирхэг Вавилоныг чиглэн сэм давшиж явсаар дөхөж ирэхэд хачирхалтай дүр зураг тэднийг угтав. Вавилоны хэрмийн хоёр хавтаст нүсэр хаалга онгорхой байлаа! Цэргүүд голдрил дотроос гарч, хот руу нэвтрэв. Хот нүд ирмэхийн зуур эзлэгдлээ. Дайсны цэргийн жанжин Кореш эзэлсэн газар нутагтаа хурдан хугацаанд ноёрхлоо тогтоож, олзонд байсан израильчуудыг чөлөөлөх зарлигийг хожим нь гаргасан билээ. Цөллөгт байсан олон мянган хүн Иерусалимд Еховаг шүтэх шүтлэгийг сэргээхээр эх нутагтаа буцжээ (Шастирын дэд 36:22, 23; Езра 1:1–4).

2 МЭӨ 539—537 онд болсон дээрх үйл явдлыг түүхчид бүрэн баталжээ. Энэ явдал болохоосоо 200 жилийн өмнө тодорхой болсон нь ихээхэн сонирхол татдаг. Ехова Исаиа хэмээх зөнчөө онгодоор хөтлөн, Вавилоны мөхлийг зөгнүүлжээ (Исаиа 44:24–45:7). Тэгэхдээ, Вавилон яаж сүйрэхийг төдийгүй байлдан эзлэгч жанжны нэр хэн болохыг хэлж өгсөн. * Тэр үед өөрийнх нь гэрч байсан израильчуудад Ехова: «Өнө эртний, урьдын зүйлсийг санагтун. Учир нь Би бол Бурхан, өөр байхгүй. Би бол Бурхан. Надтай адил өөр байхгүй. Би эхлэлээс төгсгөлийг тунхаглаж, хийгдээгүй байгаа зүйлсийг өнө эртнээс мэдүүлсэн» хэмээн хэлжээ (Исаиа 46:9, 10а). Ехова бол үнэхээр аливаа үйл явдлыг болохоос нь өмнө мэдэж чаддаг Бурхан юм.

3. Ямар ямар асуултын хариуг авч хэлэлцэх вэ?

3 Бурхан ирээдүйн талаар хэр зэрэг ихийг мэддэг вэ? Ехова хүн нэг бүрийн ирээдүйг мэдэх үү? Хүн бүрийн ирээдүйг урьдаас тогтоочихсон байдаг уу? Иймэрхүү асуултад Библи юу гэж хариулдгийг энэ болон дараагийн өгүүллээр үзнэ.

Ехова бол ирээдүйг зөгнөдөг Бурхан

4. Библийн зөгнөлүүдийг хэн бичүүлсэн бэ?

4 Ехова ирээдүйг мэдэх чадвартай учраас эрт цагийн үйлчлэгчдээ онгодоор хөтлөн олон зөгнөл бичүүлжээ. Үүний ачаар бид, Еховаг юу хийх гэж байгааг урьдаас мэдэх боломжтой болдог. Ехова: «Үзэгтүн, урьдын юмс болж өнгөрнө, эдүгээ Би шинэ юмыг тунхаглаж байна. Тэднийг гарч ирэхээс өмнө Би та нарт мэдэгдэнэ» хэмээн тунхаглажээ (Исаиа 42:9). Бурхны ард түмэн ямар их завшаантай байж вэ!

5. Еховагийн юу хийх гэж байгааг урьдаас мэдсэн хүн ямар хариуцлага хүлээдэг вэ?

5 Зөнч Амос: «Эзэн БУРХАН зарц нар, эш үзүүлэгчдэдээ Өөрийн нууцыг илчлэхээс нааш Тэр юуг ч хийхгүй» хэмээн батлан хэлжээ. Еховагийн юу хийх гэж байгааг ийнхүү урьдаас мэдсэн хүн хариуцлага хүлээх ёстой болдог. Дээрх үгийг хэлснийхээ дараа Амос хурц тод жишээ татаж: «Арслан нь архирчээ! Хэн үл эмээх вэ?» гэж бичсэнийг анхааръя. Арслан архирмагц ойр хавьд нь байгаа хүн, амьтны аль алинд айдас төрдөг шиг Еховаг үгээ айлдсан даруйд Амос нарын зөнчид ард олонд тунхагладаг байжээ. Тийм ээ, Еховаг айлдахад «хэн эш үзүүлэхгүй байж чадах вэ?» (Амос 3:7, 8).

Еховагийн «үг» «хэрэгждэг»

6. Вавилоны мөхлийн тухай Еховагийн «зорилго» хэрхэн биелсэн бэ?

6 Ехова: «Миний зорилго хэрэгжинэ. Би Өөрийн тааламжит бүхнийг гүйцэтгэнэ» хэмээн Исаиа зөнчөөрөө хэлүүлжээ (Исаиа 46:10б). Вавилоны тухайд Бурхан Персийн Кореш гэдэг хүнээр Вавилоныг эзлүүлэн, устгуулах «зорилготой» байв. Ехова энэхүү санаа зорилгоо их эртнээс мэдэгдсэн. Энэ нь МЭӨ 539 онд яг таг биелснийг бид дээр ярилцсан билээ.

7. Еховагийн «үг» хэзээд биелнэ гэдэгт яагаад итгэлтэй байж болох вэ?

7 Вавилоныг Корешт эзлэгдэхээс дөрөв орчим зууны өмнө Иудагийн хаан Иехошафат, Аммон болон Моабын хүч хавсарсан цэрэгтэй тулалдахаар болжээ. Тэрбээр: «Бидний эцэг өвгөдийн Бурхан, ЭЗЭН, Та тэнгэрүүд дэх Бурхан юм бус уу? Та үндэстнүүдийн бүх хаанчлалуудыг захирагч юм бус уу? Хэн ч Таны эсрэг зогсож чадахгүйн тулд хүч чадал Таны мутарт байдаг» хэмээн итгэлтэйгээр залбирчээ (Шастирын дэд 20:6). Исаиа ч бас: «Түмэн цэргийн ЭЗЭНий төлөвлөсөн [«зорьсон», ШЕ] зүйлийг хэн өөрчилж чадах вэ? Түүний сунгасан мутрыг хэн буцааж чадах вэ?» гэж хэлэхдээ Иехошафатынхтай адилхан итгэлтэй байв (Исаиа 14:27). Вавилоны хаан Небухаднезар ухаан санаа нь хэвэндээ ороход, «Хэн ч Түүний мутрыг хорьж чадахгүй бөгөөд „Та юу хийсэн юм бэ?“ гэж асуух хүн нэг ч үгүй» хэмээн даруухнаар хүлээн зөвшөөрсөн байдаг (Даниел 4:35). Ехова өөрөө ч: «Миний үг хүслийг минь гүйцэтгэхгүйгээр, илгээсэн зорилгыг минь хэрэгжүүлэхгүйгээр Над руу хоосон буцаж ирэхгүй» гэж ард түмэндээ батлан хэлдэг (Исаиа 55:11). Еховагийн «үг» хэзээд биелдэг гэдэгт бүрэн дүүрэн итгэх үндэс байна. Бурхан санаа зорилгоо заавал хэрэгжүүлнэ.

Бурхны «мөнхийн зорилго»

8. Бурхны «мөнхийн зорилго» гэж юу вэ?

8 Элч Паул Ефесийн христиануудад бичсэн захидалдаа Бурхан «мөнхийн зорилготой» байдгийг дурджээ (Ефес 3:11). Тэр зорилго нь дэлхий болон хүн төрөлхтний төлөөх анхны санаа зорилгоо биелүүлэх шийдвэртэй нь холбоотой (Эхлэл 1:28). Еховагийн санаа зорилго заавал биелнэ гэдгийг ойлгохын тулд Библийн анхны зөгнөлийг ярилцъя.

9. Эхлэл 3:15-ын зөгнөл Бурхны санаа зорилготой ямар холбоотой вэ?

9 Ехова Адам Ева хоёрыг нүгэл үйлдсэн даруйд бэлэгдлийн эмэгтэйгээсээ үр буюу хүү гаргахаар шийдсэнийг Эхлэл 3:15-д бичсэн амлалт харуулдаг. Түүнчлэн, эмэгтэй болон Сатаны, мөн тэдний үр удмын хоорондох өс хонзон эцэстээ юугаар төгсөхийг урьдчилан харсан. Еховагийн зөвшөөрснөөр, эмэгтэйн Үр өсгийдөө гэмтэл авах байсан ч, Бурхны товлосон цагт могой буюу Сатан Диаволын толгойг няцлах учиртай байв. Есүсийг амласан Мессиа болж тодортол Бурхны санаа зорилго аажим аажмаар илчлэгдсээр байсан (Лук 3:15, 23–38; Галат 4:4).

Ехова юуг урьдаас тогтоодог вэ?

10. Ехова бүр анхнаасаа Адам Ева хоёрын нүгэл үйлдэхийг урьдаас шийдчихсэн байсан уу? Тайлбарлана уу.

10 Бурхны санаа зорилгод Есүс ямар үүрэг гүйцэтгэсэн тухай элч Петр: «Тэр [Есүс] ертөнцийн сууриас өмнө урьдаас мэдэгдсэн боловч цаг хугацааны төгсгөлд та нарын төлөө үзэгдлээ» гэж бичжээ (1 Петр 1:20). Тэгвэл Ехова анхнаасаа л Адам Ева хоёрын нүгэл үйлдэхийг, улмаар Есүс Христийн золих тахил хэрэгтэй болохыг урьдаас шийдчихсэн байсан хэрэг үү? Тийм биш ээ. «Суурь» гэж орчуулсан грек үг нь үр тарих гэсэн шууд утгатай. Адам Ева хоёр нүгэл үйлдэхээсээ өмнө «үр тарьсан» буюу үр хүүхэдтэй болсон уу? Үгүй. Тэд дуулгаваргүй зан гаргасныхаа дараа л хүүхэд төрүүлсэн (Эхлэл 4:1). Тэгэхлээр, Ехова Адам Ева хоёрыг самуун дэгдээсний дараа, гэхдээ хүүхэд төрүүлэхээс нь өмнө «үр» бий болгохоор урьдаас тогтоосон байна. Есүсийн үхэл хийгээд амилалт нь удамшин дамжсан нүглийг арилгаж, Сатаны бүхий л хичээл зүтгэлийг талаар болгох золиосны арга хэмжээний үндэс болсон (Матай 20:28; Еврей 2:14; 1 Иохан 3:8).

11. Ехова санаа зорилгоо биелүүлэхийн тулд ямар арга хэмжээ авахаар урьдаас тогтоосон бэ?

11 Бурхан санаа зорилгоо биелүүлэх өөр нэг арга хэмжээ авахаар урьдаас тогтоосон. Паул Ефесийн христиануудад бичсэн захидалдаа Бурхан «тэнгэр дэх юмс болон газар дээрх бүх юмыг Христ дотор нэгтгэх» тухай бичжээ. Дараа нь «тэнгэр дэх юмс» буюу Христтэй хамт өв залгамжлахаар сонгогдсон хүмүүсийн тухай: «Бүх юмыг хүслийнхээ зөвлөгөөгөөр үйлддэг Түүний зорилгын дагуу урьдаас тогтоогдсоноор бид Түүний дотор өв залгамжлагчид болсон юм» гэж тайлбарлажээ (Ефес 1:10, 11). Тийм ээ, цөөн тооны хүмүүс эмэгтэйн үрийн хоёрдогч хэсгийг бүрдүүлж, золиосны ач тусыг хүртээх үйлсэд Христтэй хамтран оролцохыг Ехова урьдаас тогтоосон (Ром 8:28–30). Элч Петр тэднийг «ариун үндэстэн» гэж хэлсэн байдаг (1 Петр 2:9). Христтэй хамт өв залгамжлах хүмүүсийн тоо 144 000 гэдгийг үзэгдлээр мэдэх завшаан элч Иоханд тохиосон (Илчлэлт 7:4—8; 14:1, 3). Тэд Хаан Христтэй нэгдэж, Бурхны «алдрын магтаалын төлөө» үйлчилдэг (Ефес 1:12–14).

12. 144 000 хүний тоонд яг хэн хэн орохыг урьдаас тогтоогоогүй гэдгийг бид хаанаас мэддэг вэ?

12 144 000 хүнийг урьдаас тогтоосон нь яг хэн хэн Бурханд үнэнчээр үйлчлэхийг тогтоосон гэсэн үг биш юм. Грек судар, гол нь, тослогдсон хүмүүсийг үнэнч байдлаа хадгалж, тэнгэрийн дуудлагадаа «зохистой гэж тооцогдоход» нь туслан удирдаж, урам зориг өгөх зорилгоор сануулга болон бичигджээ (Филиппой 2:12; 2 Тесалоник 1:5, 11; 2 Петр 1:10, 11). Тэрхүү 144 000 хүн санаа зорилгод нь үйлчилж чадна гэдгийг Ехова мэдэж байсан. Урилга авсан тэр хүмүүс амьдрал, үйл хэргээрээ хэн гэдгээ харуулах бөгөөд гагцхүү энэ шийдвэрээ дор бүрнээ гаргах учиртай (Матай 24:13).

Ехова юуг урьдаас мэддэг вэ?

13, 14. Еховагийн урьдчилж мэдэх чадвар юутай нь зохицдог вэ? Яагаад?

13 Ирээдүйг зөгнөдөг, санаа зорилготой Бурхан Ехова юмыг урьдчилж мэддэг чадвараа яаж ашигладаг бол оо? Юуны түрүүнд, бүх үйл хэрэг нь үнэн, зөв бөгөөд хайрын сэтгэлээс гардгийг бид баттай мэддэг. МЭ І зуунд элч Паул еврей христиануудад захидал бичихдээ, «Бурхны хувьд худал айлдах боломжгүй хоёр өөрчлөгдөшгүй зүйл» нь Бурхны өгсөн андгай амлалт хоёр байдгийг баталжээ (Еврей 6:17, 18). Тэрбээр Христийн шавь Титэд бичсэн захидалдаа ч бас энэ санааг илэрхийлж, «мэхэлдэггүй» Бурхан гэжээ (Тит 1:2).

14 Түүнээс гадна, Ехова хэдийгээр хязгааргүй хүчтэй ч, шударга бус юм огт хийдэггүй. Мосе Еховаг «итгэмжит Бурхан» гэж тодорхойлоод, түүнд «худал хуурмаг үгүй. Тэр бол зөвт бөгөөд шударга» хэмээн бичжээ (Дэд хууль 32:4). Ехова юу ч хийсэн, гайхамшигт зан чанараа харуулдаг. Үйл хэрэг нь хайр, мэргэн ухаан, шударга чанар, хүч хэмээх гол чанаруудтай нь төгс зохицдог.

15, 16. Адамд ямар сонголт байгааг Ехова хэлж өгсөн бэ?

15 Ехова анхны хосыг бүтээхдээ гол чанаруудаа хэрхэн харуулсныг авч үзье. Хайрын сэтгэлтэй Эцэг Ехова хүн бүтээлүүддээ хэрэгцээтэй бүхнийг нь өгсөн. Бодох, шүүн тунгаах, дүгнэлт хийх чадвар хайрлажээ. Адамыг шийдвэр гаргах чадвартай бүтээсэн тул зөндөө хөтлөгддөг адгуусан амьтнаас ялгаатай байв. Бурхан Адамыг бүтээснийхээ дараа тэнгэр дэх сэнтийнээсээ «Өөрийнхөө бүтээсэн бүгдийг харахад нэн сайхан байжээ» (Эхлэл 1:26–31; 2 Петр 2:12).

16 Ехова Адамд «сайн мууг мэдүүлэгч модны жимснээс» идэж болохгүй гэж тушаажээ. Энэ нь, мөн чанартаа, шийдвэр гаргахад нь туслах заавар байлаа. Адамд цэцэрлэгийн «аль ч модны жимснээс» идэхийг зөвшөөрчээ. Харин ганц модноос идэхийг хориглосон бөгөөд тэндээс жимс идвэл гашуун үр дагавар амсахыг анхааруулсан (Эхлэл 2:16, 17). Адамд үйлдлийнх нь үр дагаврыг урьдчилан хэлж өгсөн. Адам яах байсан бол оо?

17. Ехова юуг урьдаас мэдэхээ сонгож байж шийддэг гэдэг нь ямар учиртай вэ?

17 Ехова бүх юмыг урьдчилаад мэдэх чадвартай ч, Адам Ева хоёрын юу хийхийг зориуд урьдаас хараагүй нь тодорхой байна. Тиймээс Ехова ирээдүйг харж чаддаг нь чухал биш, харин юуг харахаа сонгодог нь чухал байдгийг анхаарах хэрэгтэй. Тэгээд ч хайрын Бурхан Ехова мэдсээр байж, гунигт үр дагаварт хүргэх самуун явдал дэгдэхийг санаатайгаар урьдаас тогтоохгүй нь хэн ч бодсон ойлгомжтой (Матай 7:11; 1 Иохан 4:8). Тэгэхлээр, Ехова юуг урьдаас мэдэхээ сонгож байж шийддэг байх нь.

18. Ехова эрх мэдэл нь хязгаартай учраас юуг урьдаас мэдэхээ сонгож байж шийддэг гэсэн үг үү? Тайлбарлана уу.

18 Эрх мэдэл нь хязгаартай, хүч чадал нь мөхөс учраас Ехова юуг урьдаас мэдэхээ сонгож байж шийддэг гэсэн үг үү? Үгүй. Мосе Еховаг «Хад» гээд, «Түүний үйлс төгс» гэж хэлсэн байдаг. Хүн төрөлхтөн нүглийн үр дагаврыг амсаж байгаа нь Еховагийн буруугаас болсон хэрэг биш ээ. Өнөөдөр бид бүгдийн амсаж буй гашуун зовлон эрт цагийн дуулгаваргүй явдлаас улбаатай. Элч Паул үүнийг: «Нүгэл нь ганц хүнээр ертөнцөд орсны адил үхэл нь нүглээр дамжуулан орж ирэв. Тэрчлэн бүгд нүгэл үйлдсэн тул бүх хүнд үхэл тархав» хэмээн тодорхой тайлбарлажээ (Дэд хууль 32:4, 5; Ром 5:12; Иеремиа 10:23).

19. Дараагийн өгүүллээр ямар ямар асуултыг авч үзэх вэ?

19 Ехова шударга бус юм огт хийдэггүйг бид үзлээ (Дуулал 33:5). Еховагийн чадвар, зан чанар, хэм хэмжээ харин ч санаа зорилготой нь тохирдог ажээ (Ром 8:28). Ирээдүйг зөгнөдөг тэрбээр «эхлэлээс төгсгөлийг тунхаглаж, хийгдээгүй байгаа зүйлсийг өнө эртнээс мэдүүлдэг» (Исаиа 46:9, 10). Бурхан юуг урьдаас мэдэхээ сонгож байж шийддэгийг ч бас үзлээ. Тэгвэл энэ нь бидэнд ямар ач холбогдолтой вэ? Гаргасан шийдвэр маань хайрын Бурхны санаа зорилготой тохирч байгаа эсэхийг яаж магадлах вэ? Тийм шийдвэр гаргадаг хүн ямар ивээл хүртэх вэ? Дараагийн өгүүллээр эдгээр асуултыг авч үзнэ.

[Зүүлт]

^ Еховагийн Гэрчүүдийн гаргасан «Бүх хүнд зориулсан ном» товхимлын 28-р хуудсыг үзнэ үү.

Та тайлбарлаж чадах уу?

• Бурхны «үг» үргэлж хэрэгждэг гэдгийг эрт үеийн ямар ямар жишээ баталдаг вэ?

• Ехова «мөнхийн зорилготойгоо» холбогдуулан юуг урьдаас тогтоосон бэ?

• Ехова урьдаас мэдэх чадвараа яаж ашигладаг вэ?

[Догол мөрийн асуулт]