Skip to content

Гарчиг руу орох

Таны сануулга миний баясал юм

Таны сануулга миний баясал юм

Таны сануулга миний баясал юм

«Эрт үед бичигдсэн аливаа зүйл нь биднийг сургахын тулд бичигдсэн юм» (РОМ 15:4).

1. Еховагийн сануулгыг бид хаанаас авдаг вэ? Еховагийн сануулга яагаад хэрэгтэй вэ?

 ЕХОВА БУРХАН ард түмэндээ өнөөгийн хэцүү цагийн дарамт шахалтыг давж гарахад нь туслах зорилгоор сануулга өгдөг. Бид Еховагийн сануулгыг бие даан Библи унших явцдаа, мөн цуглааны хөтөлбөр юм уу итгэл нэгтнүүдийнхээ хариултаас авдаг. Уншиж, сонсдог зүйлийн маань ихэнх нь шинэ биш ч, бид мартамхай учраас Еховагийн санаа зорилго, хууль, сургамжийг сэргээн санаж байх хэрэгтэй бөгөөд Бурхан энэ бүхнийг сануулж байдагт талархах учиртай. Бурхны сануулгын ачаар бид ямар учраас Бурханд таалагдаж амьдрах шийдвэр гаргаснаа мартдаггүй. Тийм ч учраас дуулалч: «Таны гэрчлэлүүд [«сануулга», ШЕ]... миний баясал» хэмээн дуулжээ (Дуулал 119:24).

2, 3. а) Ехова зарим хүний намтар түүхийг ямар учраас Библид хадгалан үлдээсэн бэ? б) Сударт тэмдэглэсэн ямар гурван түүхийг энэ өгүүллээр үзэх вэ?

2 Бурхны Үг олон зууны өмнө бичигдсэн хэдий ч одоо хэр нь хүчтэй (Еврей 4:12). Библид эрт цагийн хүмүүсийн амьдралд тохиолдсон үнэн түүхийг өгүүлдэг. Бидний ахуй амьдрал, үзэл бодол тэр үеийн хүмүүсийнхээс өөр ч, өмнө маань тулгардаг бэрхшээл адилхан юм. Хүнд сорилтод орчихоод байхдаа ч Еховаг хайрлаж, үнэнч үйлчилж байсан хүмүүсийн, сэтгэл хөдөлгөм түүхийг бидний тусын тулд Библид тэмдэглэжээ. Юу хийвэл Бурхны дургүйг хүрдгэдгийг зарим түүх тодорхой харуулдаг. Библид бичсэн сайн, муу энэ бүх жишээ бидэнд сануулга болдог. Үүнийг элч Паул: «Эрт үед бичигдсэн аливаа зүйл нь биднийг сургахын тулд бичигдсэн юм. Ингэснээр Судруудын тэвчээр болон урамшуулалтаар дамжуулан бидэнд найдвар байх юм» хэмээн бичжээ (Ром 15:4).

3 Одоо, Давид Саулд хэрхэн хандаж байсан, Ананиа Сапфир хоёрын хэрхсэн, Иосеф Потифарын эхнэртэй яаж харьцаж байсан тухай үзье. Сударт тэмдэглэсэн эдгээр явдал бидэнд үнэтэй сургамж болно.

Бурхны тогтоосон журамд үнэнч байх нь

4, 5. а) Саул Давид нарын хооронд юу болсон бэ? б) Давид өөрийнх нь дайсан болсон Саулд хэрхэн хандсан бэ?

4 Саул хаан дуулгаваргүй загнаж, Бурхны ард түмнийг удирдахад зохисгүй хүн болохоо харуулав. Тиймд Ехова түүнийг голж, Израилийн ирээдүйн хаанаар Давидыг томилон тослохыг зөнч Самуелд тушаажээ. Давид эр зоригтой, ур чадвартай дайчин болохоо харуулж, зон олноос магтаал хүртэхэд Саул түүнийг өрсөлдөгчөө гэж үзэх болж, амийг нь хөнөөхийг удаа дараа оролджээ. Тэр болгонд Давид амьд үлдэж чаддаг байсан нь Ехова түүнтэй хамт байсных юм (1 Самуел 18:6–12, 25; 19:10, 11).

5 Давид олон жил оргодол босуул мэт амьдрахаас аргагүйд хүрчээ. Саулыг хөнөөх боломж гарах бүрд, Ехова дайсныг нь гарт нь өгсөн энэ сайхан боломжийг алдахгүй байхыг хамтран зүтгэгчид нь ятгадаг ч тэрбээр үгийг нь сонсдоггүй байв. Бурхны ард түмний хаанаар тослогдсон Саулын байр суурийг хүндэтгэдэг учраас, хамгийн гол нь, Еховад үнэнч учраас Давид тийн татгалздаг байжээ. Үнэхээр ч, Ехова Саулыг Израилийн хаан ширээнд өргөмжилсөн билээ. Тиймд, цаг нь болсон гэж үзсэн үедээ түүнийг хаан ширээнээс нь зайлуулж чадах байлаа. Давид үүнийг өөрийнх нь мэдэх хэрэг биш гэдгийг ойлгож байсан. Өш санасан Саулын сэтгэлийг зөөлрүүлэх гэж чадах бүхнээ хийсний эцэст тэрбээр: «ЭЗЭН түүнийг заавал устгана, эсвэл түүний үхэх өдөр ирнэ, эсвэл тулалдаанд явж устгагдана. Би ЭЗЭНий тосолсон хүний эсрэг гар далайхыг ЭЗЭН хорих болтугай» хэмээн хэлжээ (1 Самуел 24:3–15; 26:7–20).

6. Давид Саул хоёрын түүх бидэнд яагаад чухал ач холбогдолтой вэ?

6 Энэ түүх бидэнд чухал сургамж болдог. Христиан хуралд заримдаа яагаад таагүй явдал гардаг юм бол гэж та бодож байсан уу? Итгэл нэгтнүүдийн маань хэн нэг нь буруу юм хийж байж болох юм. Тэр нь ноцтой нүгэл биш боловч таны сэтгэлийг зовоож магадгүй. Тэгвэл та яах вэ? Итгэл нэгтэндээ санаа тавьдгаа, Еховад үнэнч байдгаа харуулан, уг асуудлыг шийдэх зорилгоор тэр хүнтэй аядуу зөөлөн ярилцах биз ээ. Гэтэл өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийгээд ч байдал дээрдэхгүй бол яах вэ? Давидын адилаар, хэрэг явдлаа Еховад даатгаарай.

7. Хүмүүс бидэнтэй шударга бус харьцаж, итгэл үнэмшлээс маань болоод дайсагнан хандвал Давидтай адил яах хэрэгтэй вэ?

7 Хүмүүс тантай шударга бус харьцаж, итгэл үнэмшлээс тань болоод дайсагнан хандаж болох юм. Ийм үед та нөхцөл байдлыг бага ч гэсэн өөрчилж чадахгүй байж мэднэ. Ер нь ийм бэрхшээлийг давахад хүнд байдаг ч, шударга бус харьцааг тэвчсэн Давидын жишээ бидэнд сургамж болдог. Бичсэн дууллуудыг нь үзвэл, Саулын гараас салгаж өгөхийг чин сэтгэлээсээ гуйн залбирдгийн зэрэгцээ Еховад үнэнч байж, нэрийг нь алдаршуулахыг ихэд хичээдэг байсан нь харагддаг (Дуулал 18:1–6, 25–27, 30–32, 48–50; 57:1–11). Саул өөрт нь олон жил шударга бусаар хандаж байсан ч Давид Еховад үнэнч үлдэж чадсан. Хүмүүс бидэнтэй шударга бус харьцах юм уу, ер нь, яаж ч хийж байсан бид Ехова болон түүний байгууллагад үнэнч үлдэх хэрэгтэй. Үйлчлэгчдэд нь юу тохиолдоод байгааг Ехова сайн мэддэг гэдэгт бид итгэдэг учраас тайван байдаг (Дуулал 86:2).

8. Мозамбикийн Еховагийн Гэрчүүд үнэнч байдлын сорилтод ороод яасан бэ?

8 Сорилтын үед Еховад үнэнч үлдэхийн жишээг Мозамбикийн христианууд үзүүлжээ. Бослогод оролцогч зэвсэгт этгээдүүд 1984 онд тосгоны ард иргэд рүү байн байн довтолж, дээрэм тонуул хийн, гэр байшинг нь шатааж, хүмүүсийн амийг хөнөөж байлаа. Итгэл нэгтнүүд маань тэр үед өөрсдийгөө хамгаалъя ч гэсэн яах ч аргагүй байжээ. Зэвсэгт этгээдүүд нутгийн оршин суугчдыг хөдөлгөөндөө хүчээр элсүүлэх буюу, эсвэл өөр ямар нэг байдлаар дэмжлэг үзүүлэхийг албадаж байв. Еховагийн Гэрчүүд үүнийг төвийг сахих христиан байр суурьтай нь тохирохгүй гэж үзсэнээсээ болж харгис эсэргүүцэлтэй тулгарчээ. Энэ цөвүүн цагаар 30 Гэрч амиа алдсан ч, үхлийн аюул Бурхны ард түмний үнэнч байдлыг эвдэн бусниулж чадаагүй юм. * Тэд Давидын нэгэн адилаар, шударга бус явдлын бай болсон ч эцэст нь ялалт байгуулжээ.

Сургамжтай жишээ сануулга болдог

9, 10. а) Библид гардаг жишээнүүд бидэнд ямар ач тустай вэ? б) Ананиа Сапфир хоёрын үйлдэл яагаад буруу байсан бэ?

9 Сударт дурдсан зарим хүний үйл хэрэг бидний хувьд зайлсхийвэл зохих жишээ болдог. Библид олон хүний тухай өгүүлдэг бөгөөд буруу юм хийж, горыг нь амссан Бурхны үйлчлэгчдийн түүхийг ч бичсэн байдаг (1 Коринт 10:11). Иерусалим дахь христиан хурлын гишүүн байсан гэр бүлийн хос Ананиа Сапфир хоёрт тохиолдсон явдал бол тийм түүхийн нэг юм.

10 МЭ 33 оны Пентекостын өдрийн дараа «элч нарын сургаалыг сонсож, бас нөхөрлөх» гэж Иерусалимд үлдсэн шинэ итгэгчдэд ахуйн тусламж үзүүлэх шаардлага гарчээ. Хүн бүрийн хэрэгцээг хангахын тулд хурлын зарим гишүүн эд хөрөнгөө худалддаг байв (Үйлс 2:41–45). Ананиа Сапфир хоёр газраа зарж, олсон орлогоосоо элч нарт авчрахдаа бүх орлогоо өгсөн мэтээр ойлгуулдаг. Уг нь тэр хоёр хүссэн хэмжээгээрээ өгөх эрхтэй байсан ч, хүмүүст сэтгэгдэл төрүүлж, байгаагаасаа илүү харагдахыг хүссэндээ буруу сэдлээр, шударга бус хэрэг хийжээ. Элч Петр ариун сүнсээр удирдуулж, хуурамч, бялдууч занг нь илчилмэгц, Ехова тэднийг үхүүлдэг (Үйлс 5:1–10).

11, 12. а) Үнэнч шударга байхыг Библид хэрхэн сануулсан байдаг вэ? б) Үнэнч шударгаар амьдрахын ач тус юу вэ?

11 Бидэнд ч бас хүмүүст илүү харагдах гэсэндээ үнэнийг гажуудуулах хүсэл төрвөл Ананиа Сапфир хоёрын түүх хатуу сануулга болог. Хүн хүнээ хуурч чадах ч Еховаг хуурна гэж үгүй (Еврей 4:13). Нэг нэгэндээ үнэнч байхыг Судар бидэнд дахин дахин сануулдаг. Учир нь ёс бус бүхэн газрын хөрснөөс арчигдахад худалч хүмүүс ч байхгүй болно (Сургаалт үгс 14:2; Илчлэлт 21:8; 22:15). Худал хуурмаг бүхнийг дэвэргэн дэмжигч нь Сатан Диавол учир ингэхээс ч аргагүй юм.

12 Харин үнэнч шударгаар амьдрахын ач тус их ээ. Мөс чанар цэвэр байна, бусдын итгэлийг олно. Христианууд үнэнч шударга тул ихэнхдээ ажил амархан олох буюу ажлаас халагдах нь ховор байдаг. Хамгийн чухал нь, Төгс хүчит Бурхантай анд нөхөд бололцдог (Дуулал 15:1, 2).

Цэвэр ариун байдлаа хадгалах нь

13. Иосеф ямар нөхцөлд байсан бэ? Гэвч яасан бэ?

13 Иаковын хүү Иосеф 17 настай байхдаа боол болон худалдагдаж, Египетийн түшмэл Потифарын гэрт очжээ. Тэнд байхад нь эзнийх нь эхнэр түүнийг сонирхох болсон байна. Тэр эмэгтэй сайхан залуу Иосефыг уруу татаж: «Надтай унтаач» хэмээн өдөр бүр өддөг байв. Иосеф таньж мэдэх хүнгүй газар, гэрийнхнээсээ хол байлаа. Тэрбээр хэнд ч мэдэгдэлгүйгээр, эмэгтэйн хүссэнээр байж болох л байсан. Гэсэн ч, Потифарын эхнэрийг хувцаснаас нь чангаахад гадагш зугтан гарчээ (Эхлэл 37:2, 18–28; 39:1–12).

14, 15. а) Иосефын түүх бидэнд яагаад чухал ач холбогдолтой вэ? б) Нэг христиан эмэгтэй Бурхны сануулгыг үнэлж эрхэмлэхийн ач холбогдлыг яаж ойлгосон бэ?

14 Иосеф Бурхнаас эмээдэг эцэг эхийн гар дээр төрж өссөн бөгөөд эхнэр нөхөр биш хүмүүс бэлгийн харьцаанд орох нь буруу гэдгийг мэддэг байв. Тэрбээр: «Би яаж ийм их муухай хэрэг үйлдэж, Бурхандаа нүгэл үйлдэх билээ?» гэж хэлсэн. Бурхан анхны хүмүүст нэг эхнэр юм уу нөхөртэй байх хэм хэмжээ тогтоосныг мэддэг байсан учраас ингэж хэлсэн бололтой (Эхлэл 2:24). Тийм үед Иосефын хэрхсэнийг эргэцүүлэн бодох нь өнөөдөр Бурхны ард түмэнд ач тустай. Зарим газар садар самууныг жирийн явдал гэж үздэг учраас цэвэр ариун байдлаа хадгалахыг хичээдэг христиан хүүхэд залуусыг үе тэнгийнхэн нь дооглож тохуурхдаг. Насанд хүрэгчдийн дунд гэр бүлээс гадуурх бэлгийн харьцаа хэвийн үзэгдэл болсон тул Иосефын түүх бидэнд цаг үеэ олсон сануулга болдог. «Садарлах хийгээд завхайрахыг» (ШЕ) Бурхан нүгэл гэж үздэг бөгөөд энэ хэм хэмжээ нь одоо ч хүчин төгөлдөр байгаа (Еврей 13:4). Бусдад уруу татагдан ёс бус бэлгийн харьцаанд орсон олон хүн анхнаасаа тийм юм хийхгүй байх нь дээр гэдгийг батлан хэлдэг. Иймэрхүү явдалтай орооцолдвол өөрийгөө хүндэтгэхээ болих, мөс чанар өвдөх, ханийнхаа итгэлийг алдах, жирэмсэн болох, бэлгийн замын халдварт өвчин тусах гэх зэргийн үр дагавар амсдаг. Садар самуун үйлддэг хүн «өөрийнхөө биеийн эсрэг нүгэл үйлддэг» гэж Библид сануулсан байдаг нь туйлын үнэн (1 Коринт 5:9–12; 6:18; Сургаалт үгс 6:23–29, 32).

15 Женни * гэдэг ганц бие христиан эмэгтэй Бурхны сануулгыг үнэлж эрхэмлэхийн ач холбогдлыг ойлгожээ. Ажлынх нь газрын нэг царайлаг залуу өөрт нь сээтэн хаяхад Женни тоогоогүй аж. Тэгэх тусам залуу түүнийг улам сонирхох болжээ. «Цэвэр ариун байдлаа хадгална гэдэг надад үнэхээр хэцүү байсан. Яагаад гэвэл, эсрэг хүйсийн хүн сонирхоод байхад аятайхан санагддаг юм билээ» гэж Женни ярьсан юм. Тэр залуу өөртэй нь унтах эмэгтэйн тоог нэгээр нэмэх гэж эргүүлээд байсныг Женни сүүлд нь мэджээ. Шийдвэрээсээ няцаж болзошгүйг ойлгомогцоо, үнэнч үлдэхэд туслахыг Еховагаас чин сэтгэлээсээ гуйжээ. Библи болон Библид үндэслэсэн ном хэвлэл судлаад олон сануулга авсан нь Женнид амь тариа шиг байлаа. Нэг сануулга нь Иосеф Потифарын эхнэр хоёрын түүх байв. «Еховад хэчнээн их хайртай гэдгээ санах тусам муу юм хийж, Бурхандаа нүгэл үйлдэнэ гэж айх хэрэггүйг ойлгосон» гэж Женни ярьжээ.

Бурхны сануулгыг анхаарагтун!

16. Библид дурдсан хүмүүсийн амьдралыг судалж, эргэцүүлэн бодох нь ямар ач тустай вэ?

16 Ехова бидний төлөө зарим үйл явдлыг яагаад тэмдэглэн үлдээснийг ойлгох гэж хичээн, «Эдгээр үйл явдал ямар сургамжтай вэ? Библид гардаг хүмүүсийн ямар зан чанар, хандлагыг дуурайж, ямраас нь зайлсхийх хэрэгтэй вэ?» гэж эргэцүүлэн боддог бол Бурхны тогтоосон хэм хэмжээг улам их үнэлдэг болно. Библид олон хүний жишээ гардаг. Бурхны зааврыг эрхэмлэдэг бүх хүн тэдний жишээнээс сургамж авч, амь өгөгч мэргэн ухааныг улам хүсэх учиртай. Бидэнд сургамж болгох үүднээс «Харуулын цамхаг» сэтгүүлд үнэнч христиануудын амьдрал, намтрыг нийтэлдэг. Тийм өгүүллийг цаг гаргаад дахин нэг үзээрэй.

17. Та Еховагийн сануулгыг юу гэж үздэг вэ? Яагаад?

17 Хүсэл тааллыг нь биелүүлэхийг мэрийж яваа хүмүүсийг Ехова хайрлан халамжилдагт бид талархдаг. Библид гардаг хүмүүс бидний л адил төгс бус билээ. Гэхдээ тэдний үйл хэргийг бичиж үлдээсэн нь бидэнд үнэлж баршгүй ач тустай. Еховагийн сануулгыг анхаарвал, ноцтой алдаа гаргахаас зайлсхийж, зөв замаар явсан хүмүүсийн сайхан жишээг дуурайж чадна. Тэгсэн цагт: «[Еховагийн] гэрчлэлүүдийг [«сануулгыг», ШЕ] сахин, түүнийг бүхий л зүрхээрээ хайгч хүмүүс юутай ерөөлтэй вэ! Сэтгэл минь Таны гэрчлэлүүдийг [«сануулгыг», ШЕ] сахидаг бөгөөд би тэдэнд хэмжээлшгүй их хайртай» хэмээн дуулалчтай хоршин дуулах болно (Дуулал 119:2, 167).

[Зүүлт]

^ 1996 оны «Еховагийн Гэрчүүдийн жил тутмын ном»-ын 160—162-р хуудсыг үзнэ үү (англи).

^ Нэр өөрчилсөн.

Та юу гэж хариулах вэ?

• Давидын Саулд хандаж байснаас ямар сургамж авах вэ?

• Ананиа Сапфир хоёрын явдал бидэнд ямар сургамжтай вэ?

• Иосефын түүх өнөөдөр онцгой ач холбогдолтой байдгийн учир вэ?

[Догол мөрийн асуулт]