Skip to content

Гарчиг руу орох

Бурхны сонгосон ард түмний хойч үе

Бурхны сонгосон ард түмний хойч үе

Бурхны сонгосон ард түмний хойч үе

«ЭЗЭН Бурхан чинь... та нарыг Өөрийнхөө... ард түмэн болгон сонгосон билээ» (ДЭД ХУУЛЬ 7:6).

1, 2. Ехова ард түмнийхээ төлөө ямар агуу үйлс бүтээсэн бэ? Израильчууд Бурхантай ямар харьцаатай болсон бэ?

 МЭӨ 1513 онд Ехова дэлхий дэх үйлчлэгчидтэйгээ шинэ харьцаа тогтоожээ. Тэр жил Ехова нэгэн хүчирхэг гүрнийг номхруулж, израильчуудыг боолчлолоос чөлөөлсөн билээ. Ийнхүү израильчуудын Аврагч, Эзэн болсон юм. Өмнө нь тэрбээр Мосед: «Израилийн хөвгүүдэд ингэж хэл. „Би бол ЭЗЭН. Египетчүүдийн хүнд ачаан доороос Би та нарыг гаргаж, тэдний боолчлолоос та нарыг чөлөөлөх болно. Сунгасан мутар болон аугаа шийтгэлүүдээр Би та нарыг аварна. Тэгээд Би та нарыг Өөрийнхөө ард түмэн болгож, Би та нарын Бурхан болно. Би бол та нарыг египетчүүдийн хүнд ачаан доороос гаргасан та нарын Бурхан ЭЗЭН гэдгийг та нар мэдэх болно» хэмээн айлджээ (Египетээс гарсан нь 6:6, 7; 15:1–7, 11).

2 Израильчууд Египетээс чөлөөлөгдсөнийхөө дараахан Ехова Бурхантай гэрээ байгуулан, ард түмэн нь болж, онцгой харьцаа тогтоожээ. Тэр үеэс эхлэн Ехова хувь хүмүүс, өрх гэр, овог бүлүүдтэй биш, бүхэл бүтэн үндэстэн, зохион байгуулалттай ард түмэнтэй харьцах болсон (Египетээс гарсан нь 19:5, 6; 24:7). Тэрбээр ард түмнийхээ амьдрал ахуйг, хамгийн гол нь, шашин шүтлэгийн асуудлыг удирдан зохицуулах хууль өгсөн. Мосе израильчуудад: «Түүнийг дуудах бүрд минь бидний Бурхан ЭЗЭН бидэнд ойр байдаг шиг өөрсөдтэй нь тийм ойр байдаг бурхантай ямар агуу үндэстэн байна вэ? Өнөөдөр миний та нарт таниулсан энэ цогц хууль шиг тийм зөвт зарлиг, хууль тогтоолтой ямар агуу үндэстэн байна вэ?» хэмээн хэлжээ (Дэд хууль 4:7, 8).

Гэрч үндэстэн бий болсон нь

3, 4. Израиль үндэстний оршин тогтнох гол шалтгаан юу байсан бэ?

3 Хэдэн зууны хойно Ехова израиль үндэстний оршин тогтнох гол шалтгааныг сануулж: «Иаков аа, чамайг Бүтээгч ЭЗЭН ингэж айлдаж байна. Израиль аа, чамайг буй болгогч ЭЗЭН ингэж айлдаж байна. „Бүү айгтун. Учир нь Би чамайг аварсан. Би чамайг нэрээр чинь дуудсан. Чи бол Минийх. Учир нь Би бол чиний Бурхан ЭЗЭН, Израилийн Ариун Нэгэн бөгөөд чиний Аврагч мөн... Миний хөвгүүдийг алс холоос, Миний охидыг газрын хязгаараас, Миний нэрээр дуудагдсан хүн бүрийг авчрагтун. Учир нь Би тэднийг Өөрийн алдрын төлөө бүтээж, буй болгож, хийсэн юм... Та нар бол Миний гэрч нар“ гэж ЭЗЭН айлдаж байна. „Та нар бол Миний зарц нар... Би та нарыг сонгосон... Өөрийнхөө төлөө Миний бий болгосон ард түмэн нь Миний алдрыг тунхаглана» хэмээн Исаиа зөнчөөрөө хэлүүлжээ (Исаиа 43:1, 3, 6, 7, 10, 21).

4 Израильчууд Еховагийн нэрээр дуудагдсан ард түмэн тул хэмжээгүй эрх мэдлийг нь үндэстнүүдэд гэрчилж, Еховагийн «алдрын төлөө бүтээгдсэн» хүмүүс байх учиртай байлаа. Тэд Еховагийн «алдрыг тунхаглах» ёстой байсан. Өөрөөр хэлбэл, өөрсдийг нь авран хамгаалсныг нь бусдад мэдүүлж, ариун нэрийг нь алдаршуулах байв. Товчхондоо, Еховагийн гэрч үндэстэн болох учиртай байлаа.

5. Израильчууд Бурханд өөрсдийгөө зориулсан үндэстэн байсан гэдэг нь юу гэсэн үг вэ?

5 Ехова Израилийг бусад үндэстнээс тусгаарласныг МЭӨ XI зуунд Соломон: «Та... израильчуудыг Өөрийн өв болгон, дэлхийн бүх ард түмнээс тусгаарласан шүү дээ» хэмээн залбирахдаа дурдсан байдаг (Хаадын дээд 8:53). Түүнээс гадна, израиль хүн бүр Еховатай онцгой харьцаатай байв. Өмнө нь, Мосе тэдэнд: «Та нар бол өөрсдийнхөө Бурхан ЭЗЭНий хөвгүүд юм... Чи бол ЭЗЭН Бурхныхаа ариун ард түмэн» гэж хэлсэн ажээ (Дэд хууль 14:1, 2). Израилийн хойч үе Бурханд зориулагдсан ард түмний үр сад болж төрдөг учраас Еховад өөрсдийгөө зориулах шаардлагагүй байв (Дуулал 79:13; 95:7). Тэд Еховагийн хуулийг заалган сурч, Израилийн Еховатай байгуулсан гэрээ ёсоор уг хуулийг сахих ёстой байсан (Дэд хууль 11:18, 19).

Өөрсдөө шийдэх эрхтэй

6. Израиль хүн бүр ямар шийдвэр гаргах хэрэгтэй байсан бэ?

6 Израильчууд төрөхөөсөө л Бурханд зориулагдчихсан байсан ч Бурханд үйлчлэх эсэхээ дор бүрнээ шийдэх хэрэгтэй байсан. Амласан газар орохынх нь өмнө Мосе тэдэнд: «Би өнөөдөр тэнгэр газрыг дуудаж та нарт гэрч болгон, чиний өмнө амь ба үхэл, ерөөл ба хараалыг тавья. Чи болон чиний үр удам амьдрахын тулд амийг сонгож, ЭЗЭН Бурхнаа хайрлан, Түүний үгийг дуулгавартай дагаж, Түүнээс зуурч бай. Тэр бол чиний амь амьдрал, чиний амьдрах хугацаа юм. Тиймээс чиний өвөг дээдэс Абрахам Исаак Иаков нарт өгөхөөр ЭЗЭНий тангарагласан тэр газарт чи амьдрах болно» хэмээн хэлжээ (Дэд хууль 30:19, 20). Тиймд, Еховаг хайрлан, үгийг нь дуулгавартай дагаж, Еховагаас зуурах эсэхээ израиль хүн бүр өөрсдөө шийдэх хэрэгтэй байсан. Израильчууд нэгэнт шийдвэр гаргах эрхтэй тул хариуцлагаа ч бас өөрсдөө үүрэх учиртай байжээ (Дэд хууль 30:16–18).

7. Иошуагийн үеэс хойш юу болсон бэ?

7 Үнэнч байхын ач тус, үнэнч бус байхын үр дагаврыг шүүгчдийн үеийн Израилиас тодорхой харж болно. Тэр үеэс өмнө израильчууд Иошуагийн үзүүлсэн сайхан жишээг дуурайж, их ивээл хүртэж байжээ. «Иошуаг амьд байх зуур болон ЭЗЭНий Израильд үйлдсэн бүх гайхамшгийг харсан ахлагчдыг амьд байх үед ард олон ЭЗЭНд үйлчлэв». Гэвч Иошуаг нас барснаас хойш «ЭЗЭНийг ч мэдэхгүй, Израилийн төлөө үйлдсэн Түүний үйлсийг ч мэдэхгүй өөр үеийнхэн гарч ирэв. Израилийн хөвгүүд ЭЗЭНий мэлмийн өмнө мууг үйлдэх» болжээ (Шүүгчид 2:7, 10, 11). Бурхныг мэдэхгүй шинэ үеийнхэн эрт цагаас Еховагийн хүчирхэг үйлсийн ач буяныг хүртэж ирсэн ард түмний хойч үе байх өвөө үнэлээгүй аж (Дуулал 78:3–7, 10, 11).

Өөрийгөө зориулсныхаа дагуу амьдрах нь

8, 9. а) Израильчууд Еховад өөрсдийгөө зориулсныхаа дагуу амьдарч байгаагаа яаж харуулдаг байсан бэ? б) Сайн дурын өргөл өргөдөг хүмүүс ямар ач тус хүртдэг байсан бэ?

8 Өөрсдийгөө зориулсныхаа дагуу амьдардгаа харуулах боломжийг Ехова ард түмэндээ олгожээ. Тухайлбал, Мосегоор дамжуулж өгсөн Хуульд нь тахил буюу өргөл өргөх арга хэмжээний тухай заасан байдаг. Заримыг нь заавал өргөх ёстой бол заримыг нь сайн дураараа өргөдөг байв (Еврей 8:3). Шатаалт тахил, идээн өргөл, эвийн тахилыг сайн дураараа өргөдөг бөгөөд энэ нь Еховагаас ивээл гуйж, мөн талархлаа илэрхийлэн өгч буй бэлэг юм (Левит 7:11–13).

9 Сайн дурын тийм өргөлийг Ехова таалан соёрхдог байжээ. Шатаалт тахил, идээн өргөлийг «ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэртэй» өргөл гэж Библид бичсэн байдаг (Левит 1:9; 2:2). Малын өөх, цусыг Еховад өргөж, махыг нь тахилчид болон тахил өргөж буй хүн хуваан идэж, Еховатай найрамдалт харьцаагаа харуулдаг байсан. Ингэж эвийн тахил өргөдөг байжээ. Бурхны хуульд: «ЭЗЭНд эвийн тахилын өргөлийг өргөхдөө та нар түүнийг өөрсдийгөө хүлээн авахуулахаар өргөгтүн» хэмээн заажээ (Левит 19:5). Израиль хүн бүр төрөхдөө л Еховад зориулагдчихсан байсан ч, үүнийхээ утга учрыг чин сэтгэлээсээ эрхэмлэдэг хүмүүс сайн дурын өргөл өргөдөг байв. Тийм хүмүүсийг Ехова хүлээн авч, элбэг баян ивээдэг байжээ (Малахи 3:10).

10. Ехова израильчуудыг таалахгүй байгаагаа Исаиа Малахи нарын үед хэрхэн илэрхийлсэн бэ?

10 Гэвч Бурханд өөрсдийгөө зориулсан Израилийн ард түмэн Еховад үнэнч бишээ нэг бус удаа харуулсан. Ехова: «Чи шатаалт тахилынхаа хонийг Надад авчраагүй, тахилаараа Намайг хүндэтгээгүй. Би чамайг өргөл барьцаар дарамтлаагүй» хэмээн Исаиа зөнчөөрөө хэлүүлжээ (Исаиа 43:23). Тахил өргөлөө ч чин хүсэл, хайрын сэтгэлгүй байсан учраас тэр нь Еховад үнэ цэнгүй байжээ. Исаиагаас хойш гурван зууны дараа, зөнч Малахийн үед израильчууд согогтой малаар тахил өргөдөг байв. Тиймээс Малахи тэдэнд: «Би та нарт таагүй байна. Та нарын гараас Би өргөлийг чинь хүлээн авахгүй“ гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна... „Та нар хулгайлагдсан, доголон эсвэл өвчтэй амьтныг авч ирдэг. Ингэж та нар өргөл авчирдаг. Түүнийг чинь Би та нарын гараас авах ёстой гэж үү?“ гэж ЭЗЭН айлдаж байна» хэмээжээ (Малахи 1:10, 13; Амос 5:22).

Бурхан ард түмнээ голсон нь

11. Израильчуудад ямар боломж байсан бэ?

11 Израильчуудыг ард түмэн нь болоход Ехова тэдэнд: «Хэрэв та нар Миний дуу хоолойг дуулгавартай дагаж, Миний гэрээг сахивал та нар бүх ард түмний дундах Миний эзэмшил болно. Учир нь бүх дэлхий Минийх. Та нар Надад тахилч нарын хаанчлал, ариун үндэстэн болно» хэмээн амлажээ (Египетээс гарсан нь 19:5, 6). Уг нь, амласан Мессиа тэдний дундаас гарч, Бурхны Хаанчлал буюу засгийн газрын гишүүн болох анхны боломжийг тэдэнд өгөх байлаа (Эхлэл 22:17, 18; 49:10; 2 Самуел 7:12, 16; Лук 1:31–33; Ром 9:4, 5). Гэвч Израилийн ард түмний дийлэнх нь Бурханд өөрсдийгөө зориулсныхаа дагуу амьдраагүй юм (Матай 22:14). Тэд Мессиаг хүлээн авах нь битгий хэл, амийг нь хөнөөсөн (Үйлс 7:51–53).

12. Ехова ард түмнээ голсныг Есүсийн хэлсэн ямар үг харуулдаг вэ?

12 Есүс алагдахаасаа хэдхэн хоногийн өмнө иудейн шашны удирдагчдад: «„Барилгачдын голсон Чулуу булангийн тулгуур Чулуу болжээ. Энэ нь Эзнээс ирсэн бөгөөд бидний нүдэнд гайхалтай“ гэснийг та нар Судраас огт уншаагүй юу? Иймээс Би та нарт хэлье. Бурхны хаанчлалыг та нараас авч, үр жимсийг нь ургуулах үндэстэнд өгөх болно» хэмээн хэлжээ (Матай 21:42, 43). Тэрбээр: «Иерусалим аа, Иерусалим аа, чи эш үзүүлэгчдийг алж, чам руу илгээгдсэн хүмүүс рүү чулуу нүүлгэдэг. Тахиа дэгдээхийнүүдээ далавчин доороо бөөгнүүлдэг шиг Би чиний хүүхдүүдийг цуглуулахыг хэчнээн ч удаа хүслээ дээ. Харин та нар хүсээгүй. Харагтун, гэр чинь та нарт хоосон үлдэж байна» хэмээсэн нь Ехова ард түмнээ голчихоод байсныг хэлсэн хэрэг байжээ (Матай 23:37, 38).

Бурханд өөрсдийгөө зориулсан шинэ үндэстэн

13. Иеремиагийн үед Ехова юу зөгнөсөн бэ?

13 Ехова шинэ ард түмэнтэй болох тухайгаа зөнч Иеремиагийн үед урьдаас мэдэгджээ. Иеремиа: «ЭЗЭН тунхаглаж байна. „Үзэгтүн, Израилийн гэр болон Иудагийн гэртэй Би шинэ гэрээ хийх өдрүүд ирж байна. Тэр нь эцэг өвгөдийг нь Египетийн нутгаас гаргахын тулд гараас нь барьсан тэр өдөр тэдэнтэй байгуулсан гэрээ буюу хэдийгээр Би тэдэнд нөхөр нь байсан боловч тэдний зөрчсөн Миний гэрээтэй адил биш юм“ гэж ЭЗЭН тунхаглаж байна. „Гэвч энэ нь тэдгээр өдрийн дараа Израилийн гэртэй Миний байгуулах гэрээ юм“ гэж ЭЗЭН тунхаглаж байна. „Би Өөрийн хуулийг тэдний дотор хийж, зүрхэн дээр нь Би түүнийг бичнэ. Би тэдний Бурхан, тэд Миний ард түмэн болно» гэжээ (Иеремиа 31:31–33).

14. Еховад өөрсдийгөө зориулсан шинэ үндэстэн хэзээ, юунд үндэслэж бий болсон бэ? Шинэ үндэстэн гэж юу болохыг тайлбарлана уу.

14 МЭ 33 онд Есүс үхээд, асгаруулсан цусныхаа үнэ цэнг Эцэгтээ өргөн барих үед энэхүү шинэ гэрээний үндэс тавигджээ (Лук 22:20; Еврей 9:15, 24–26). Харин МЭ 33 оны Пентекостын өдөр ариун сүнс асгарч, «Бурхны Израиль» хэмээх шинэ үндэстэн бий болсноор уг гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн (Галат 6:16; Ром 2:28, 29; 9:6; 11:25, 26). Элч Петр тослогдсон христиануудад хаягласан захидалдаа: «Та нар бол сонгогдсон угсаа, хаант тахилч нар, ариун үндэстэн, Бурхны эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл рүү дуудсан Түүний давуу чанаруудыг та нар тунхаглах юм. Учир нь та нар урьд нь ард түмэн биш байсан боловч, та нар одоо Бурхны ард түмэн болжээ» гэж бичсэн байдаг (1 Петр 2:9, 10). Ехова болон Израиль үндэстний хоорондох онцгой харьцаа ингэж дуусгавар болсон юм. МЭ 33 онд Ехова Израиль үндэстнийг бус, харин сүнслэг Израиль буюу христиан хурлыг, Мессиагийн Хаанчлалын «үр жимсийг ургуулах үндэстнийг» таалах болжээ (Матай 21:43).

Хүн бүр өөрийгөө зориулах нь

15. МЭ 33 оны Пентекостын өдөр Петр цугласан олонд ямар баптисм хүртэхийг уриалсан бэ?

15 МЭ 33 оны Пентекостын өдрийн дараа иудей, харь үндэстэн ялгаагүй, хүн бүр Бурханд өөрийгөө зориулж, «Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр» баптисм хүртэх шаардлагатай болсон * (Матай 28:19). Пентекостын өдөр элч Петр уриалагхан иудейчүүд болон прозелитүүдэд: «Гэмшигтүн, хүн бүр өөрсдийн нүглийн уучлалын төлөө Есүс Христийн нэрээр баптисм хүртэцгээ. Та нар ч Ариун Сүнсний бэлэг авах болно» хэмээн хэлжээ (Үйлс 2:38). Тэд Еховад өөрсдийгөө зориулснаа харуулаад зогсохгүй, нүглийг нь уучлахад Есүс гол үүрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрснөө баталж баптисм хүртэх шаардлагатай байлаа. Есүсийг Еховагийн Тэргүүн тахилч, «чуулган» буюу христиан хурлын Тэргүүн, Удирдагчаа гэж үзэх учиртай байв (Колоссай 1:13, 14, 18).

16. Паулын үед иудейчүүд болон харь үндэстнүүд сүнслэг Израилийн бүрэлдэхүүнд яаж орсон бэ?

16 Олон жилийн дараа элч Паул: «Эхлээд дамаскчууд болон иерусалимчуудад, дараа нь Иудейн бүх нутгаар тэрчлэн харь үндэстнүүдэд хүртэл „Та нар гэмшиж, Бурхан руу эргэн, гэмшилд дүйцэх үйлс бүтээгтүн“ хэмээн тунхаглаж байлаа» гэжээ (Үйлс 26:20). Паул Есүсийг Христ буюу Мессиа байсныг иудейчүүд болон харь үндэстнүүдэд батлан ойлгуулсныхаа дараа тэднийг Бурханд өөрсдийгөө зориулан, баптисм хүртэхэд нь тусалсан (Үйлс 16:14, 15, 31–33; 17:3, 4; 18:8). Есүсийн шинэ шавь болсон хүмүүс Бурхан руу эргэснээр сүнслэг Израилийн бүрэлдэхүүнд багтах болжээ.

17. Ямар ажил дуусах дөхөж байна вэ? Одоо ямар ажил хурдан явагдаж байна вэ?

17 Эдүгээ, сүнслэг Израилийн үлдэгдлийг эцэслэн тамгалах ажил шувтарч байна. Энэ ажил дуусахад «дөрвөн тэнгэр элч» «үлэмж их зовлонгийн» сүйрүүлэх салхийг сул тавина. Харин одоогоор, дэлхийд мөнх амьдрах найдвартай «үй олон хүнийг» цуглуулах ажил маш хурдан явагдаж байна. Энэ «өөр хонинууд» «Хурганы цусанд» итгэж, Еховад өөрийгөө зориулснаа бэлэгдэн харуулж баптисм хүртэх эсэхээ өөрсдөө шийддэг (Илчлэлт 7:1–4, 9–15; 22:17; Иохан 10:16, ШГ; Матай 28:19, 20). Тэдний дунд христиан эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжсэн хүүхэд залуус олон бий. Хэрэв та тэдний нэг бол дараагийн өгүүлэл таны сонирхлыг татах буй за.

[Зүүлт]

^ «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2003 оны 5-р сарын 15-ны дугаарын 30, 31-р хуудсыг үзнэ үү (англи).

Давтах асуулт

• Израилийн хойч үеийнхэн Еховад өөрсдийгөө зориулах шаардлагагүй байсан нь ямар учиртай вэ?

• Израильчууд Бурханд өөрсдийгөө зориулсныхаа дагуу амьдардгаа хэрхэн харуулдаг байсан бэ?

• Ехова ард түмнээ яагаад голсон бэ? Шинэ үндэстнийг хэрхэн сонгосон бэ?

• МЭ 33 оны Пентекостын өдрөөс эхлэн, иудейчүүд болон харь үндэстнүүд сүнслэг Израилийн бүрэлдэхүүнд багтахын тулд яах шаардлагатай байсан бэ?

[Догол мөрийн асуулт]