Skip to content

Гарчиг руу орох

Дургүйцэх сэтгэлгээнээс зайлсхийгтүн

Дургүйцэх сэтгэлгээнээс зайлсхийгтүн

Дургүйцэх сэтгэлгээнээс зайлсхийгтүн

«Юу ч хийсэн дургүйцэж... болохгүй» (ФИЛИППОЙ 2:14, ШГ).

1, 2. Элч Паул Филиппой, Коринт хотын христиануудад ямар зөвлөгөө өгсөн бэ? Яагаад?

 ЭЛЧ ПАУЛ Бурхны онгодоор хөтлүүлэн Филиппойн христиан хурлын итгэл нэгтнүүддээ бичсэн захидалдаа тэднийг их магтсан байдаг. Өгөөмөр сэтгэл, хичээл зүтгэл гаргадаг хэмээн магтаж, сайн үйлс бүтээж байгаад нь баярлаж явдгаа бичжээ. Үүний зэрэгцээ, «Юу ч хийсэн дургүйцэж... болохгүй» гэж сануулжээ (Филиппой 2:14, ШГ). Яагаад ийм сануулга өгсөн бэ?

2 Дургүйцэх сэтгэлгээ илэрхийлэх нь юунд хүргэж болохыг Паул мэдэж байсан. Хэдхэн жилийн өмнө Коринт хотын христиануудад ч мөн дургүйцэхийн хор хөнөөлийг сануулж байжээ. Израильчууд цөлд байхдаа Еховагийн уурыг дахин дахин хүргэж байсныг захидалдаа дурдсан аж. Израильчууд бузар юмсын араас тачаадан хүсэх, шүтээн шүтэж, садар самуун үйлдэх, Еховаг сорих, дургүйцэх сэтгэлгээ илэрхийлэх гэх зэргээр уурыг нь хүргэдэг байв. Энэ явдлаас сургамж авахыг Паул коринтчуудад уриалжээ. Тэрбээр: «Тэдний адил бид дургүйцэхгүй байцгаая. Учир нь тэдний зарим нь дургүйцээд, устгагчаар хөнөөгдсөн юм» хэмээн бичсэн байна (1 Коринт 10:6–11).

3. Дургүйцэх сэтгэлгээний тухай яагаад ярих хэрэгтэй вэ?

3 Еховагийн орчин үеийн үйлчлэгчид бид ч бас эртний Филиппой хотын хурлынхантай адил, сайн үйлд хичээл зүтгэлтэй байж, бие биеэ хайрладаг (Иохан 13:34, 35). Гэсэн хэдий ч, эрт үед Бурхны ард түмэн дургүйцэх сэтгэлгээ илэрхийлээд ямар хор хохирол амссаныг анхаарч үзвэл, «Юу ч хийсэн дургүйцэж... болохгүй» гэдэг зөвлөгөөг сахих бүрэн үндэс бидэнд байгааг ухаарна. Одоо эхлээд, дургүйцэх сэтгэлгээ илэрхийлж байсан хүмүүсийн жишээг Библиэс үзье. Дараа нь дургүйцэхийн аюулаас сэргийлэхийн тулд юу хийж болохыг ярилцъя.

Хорон муу чуулган Еховагийн эсрэг гомдоллосон нь

4. Израильчууд цөлд байхдаа дургүйцлээ яаж илэрхийлсэн бэ?

4 Израильчуудыг цөлд 40 жил тэнүүчлэхэд тохиолдсон явдлаас үүдэн «дургүйцэх, үглэх, гомдоллох, гоншгонох» гэсэн утгатай еврей үгийг Библид хэрэглэсэн байдаг. Аж амьдралдаа сэтгэл нь ханаагүй израильчууд үе үе дургүйцэн гомдоллох болжээ. Жишээ нь, Египетийн боолчлолоос чөлөөлөгдөөд хэдхэн долоо ч хоноогүй байж, «Израилийн хөвгүүдийн бүх чуулган цөлд Мосе Аарон нарын эсрэг гомдоллосон». Тэд хоол хүнсний талаар гомдол гаргаж, «Бид Египетийн нутагт махтай тогооны хажууд сууж, цадталаа талх иддэг байх үедээ ЭЗЭНий мутраар үхсэн нь дээр байж. Та нар бүх чуулганыг өлсгөлөнгөөр алах гэж биднийг энэ цөл рүү авчрав» хэмээн хэлжээ (Египетээс гарсан нь 16:1–3).

5. Израильчууд үнэн хэрэгтээ хэнд дургүйцсэн бэ?

5 Үнэн хэрэгтээ, Ехова израильчуудад хэрэгтэй бүхнийг нь хайрын сэтгэлээр өгч, идэх хоол, уух ундаар дутаагаагүй билээ. Цөлөөр тэнүүчилж байсан Израилийн ард түмэнд хэзээ ч өлсгөлөнгөөр үхэх аюул нүүрлэж байсангүй. Гэтэл тэд сэтгэл ханахгүй, туулайн чинээ харыг уулын чинээ болгож, дургүйцэн гомдоллох болжээ. Өнгөн дээрээ Мосе Аарон нарт дургүйцэж байгаа мэт боловч, угтаа, Еховад өөрт нь дургүйцсэн хэрэг байлаа. Мосе израильчуудад: «Өөрийнх нь эсрэг гаргасан та нарын гомдлыг ЭЗЭН сонсдог. Бид юу юм бэ? Та нарын гомдол бол бидний эсрэг биш, харин ЭЗЭНий эсрэг юм» гэж хэлсэн байдаг (Египетээс гарсан нь 16:4–8).

6, 7. Тооллого 14:1–3-ыг үзвэл, израильчууд яаж өөрчлөгдсөн бэ?

6 Израильчууд тэр явдлаас хойш нэг их удалгүй дахин дургүйцэн үглэх болов. Мосе Амласан газрыг туршуулахаар 12 хүн явуулсанд арав нь муу мэдээтэй иржээ. Тэгтэл яасан бэ? «Израилийн бүх хөвгүүн Мосе Аарон нарын эсрэг гомдоллож байв. Бүхэл чуулган тэдэнд: „Бид Египетийн нутагт үхэцгээсэн ч болоосой! Эсвэл бид энэ цөлд үхэцгээсэн ч болоосой! ЭЗЭН яагаад биднийг энэ нутагт авчирж байгаа юм бэ? Илдэнд унагаахаар уу? Бидний эхнэрүүд, бидний бяцхан хүүхдүүд олз болох болно. Египет рүү буцсан нь бидэнд дээр байх юм биш үү?“ гэж байв» (Тооллого 14:1–3).

7 Израильчууд хэчнээн өөр болж вэ! Анх тэд өөрсдийг нь Египетээс чөлөөлж, Улаан тэнгисийг гатлуулж өгсөн Еховаг магтан дуулж байсан билээ (Египетээс гарсан нь 15:1–21). Гэтэл цөлийн тав тухгүй амьдралаас болоод, мөн канаанчуудаас айсандаа, Еховад баярласан сэтгэл нь дургүйцэх хандлагаар солигджээ. Эрх чөлөө бэлэглэсэн гэж талархахын оронд өөрсдөд нь байсан сайн сайхан бүхнийг үгүй хийсэн хэмээн Бурхныг буруутгасан. Энэ нь Еховагийн өгсөн бүхнийг үнэлж эрхэмлээгүй хэрэг байлаа. Тиймд, Ехова: «Миний эсрэг гомдоллож буй энэ хорон муу чуулганыг Би хэр удаан тэсвэрлэх вэ?» гэж хэлсэнд гайхах ч хэрэггүй (Тооллого 14:27; 21:5).

Нэгдүгээр зууны жишээ

8, 9. Дургүйцэх сэтгэлгээ илэрхийлж байсан хүмүүсийн ямар ямар жишээ Грек Сударт байдаг вэ?

8 Дээр авч үзсэн жишээнүүдэд, хүмүүс дургүйцлээ ил тод илэрхийлснийг харуулсан байдаг. Харин МЭ 32 оны Майхан баяраар Есүс Христийг Иерусалимд байх үед «хурсан олны дунд Есүсийн тухай... шивнэлдээн их өрнөж байлаа» (Иохан 7:12, 13, 32). Тэд Есүсийн тухай шивнэлдэж, зарим нь түүнийг сайн хүн, зарим нь муу хүн хэмээн ярьж байжээ.

9 Бас нэг удаа Есүсийг шавь нарын хамт татвар хураагч Леви буюу Матайн гэрт зочлуулж байхад «фарисайчууд, мөн хуулийн багш нар: „Та нар чинь яагаад татвар хураагчид болон нүгэлтнүүдийн хамт идэж, ууж байдаг билээ?“ гэж Түүний шавь нарт дургүйцэн хэлжээ» (Лук 5:27–30). Сүүлд, Галилд байхад нь «„Би бол тэнгэрээс бууж ирсэн талх байна“ гэж айлдсанаас [нь] болж Түүний тухай иудейчүүд дургүйцэн шивнэлдэж байлаа». Тэр байтугай, зарим дагалдагч нь хүртэл тэр үгэнд нь дургүйцжээ (Иохан 6:41, 60, 61).

10, 11. Грек хэлтэй иудейчүүд ямар учраас гомдол гаргасан бэ? Энэ асуудлыг шийдсэн нь хурлын ахлагчдад ямар сургамжтай вэ?

10 Харин МЭ 33 оны Пентекостын өдрийн дараахан хүмүүс гомдол гаргасан нь нааштай үр дүнд хүрчээ. Гадаад орнуудаас ирж, шинээр Христийн дагалдагч болсон хүмүүст Иудей муж дахь итгэл нэгтнүүд нь найрсаг зочломтой зан гаргаж байсан боловч хоол хүнс хуваарилах ажлаас болж асуудал үүссэн аж. Библид энэ тухай: «Грек хэлтэй иудейчүүдийн зүгээс нутгийн еврейчүүдийн талаар гомдол гарав. Учир нь өдөр тутмын хүнсний үйлчлэлдээ тэдний бэлэвсэн эмэгтэйчүүдийг хайхрахгүй байгаа талаар гомдол гаргажээ» хэмээн тэмдэглэсэн байдаг (Үйлс 6:1).

11 Тэд цөлд явсан израильчуудтай адилгүй байлаа. Грек хэлтэй тэрхүү иудейчүүд өөрсдийн аж амьдралын талаар бус, зарим бэлэвсэн эмэгтэйн хэрэгцээг хангахгүй байгаад гомдол гаргажээ. Түүнээс биш, Еховад дургүйцэж, үймээн самуун дэгдээх гээгүй юм. Тэд элч нарт гомдол гаргасан бөгөөд энэ нь үндэслэлтэй байсан тул элч нар яаралтай арга хэмжээ авсан. Элч нар орчин үеийн христиан хурлын ахлагчдад хэчнээн сайхан жишээ үзүүлж вэ! Сүнслэг хоньчид маань «ядуугийн хашхирахыг эс сонсогч» болохгүйн тулд болгоомжтой байдаг (Сургаалт үгс 21:13; Үйлс 6:2–6).

Зэврэх аюулаас сэрэмжлэгтүн

12, 13. а) Дургүйцэх сэтгэлгээний хор уршгийг жишээгээр хэлнэ үү. б) Хүн юунаас болж гомдоллодог вэ?

12 Дургүйцэн гомдоллох нь Бурхны ард түмэнд хэчнээн их гай тарьсныг бидний үзэж буй ихэнх жишээ харуулж байна. Тиймд, энэ хандлага бидэнд ямар хор хөнөөл учруулж болохыг нухацтай бодох шаардлагатай. Нэг жишээ авъя. Төмөрлөгийн зүйлүүд угийн зэврэмтгий байдаг. Зэврэх гэж байгааг нь тоохгүй яваад байвал, зэвэнд идэгдсээр, хэрэглээнээс бүрмөсөн гардаг. Тоо томшгүй олон машиныг механик эвдрэлээс биш, эд ангийн зэврэлтээс болоод хаядаг байна. Энэ жишээ дургүйцэх сэтгэлгээтэй ямар холбоотой вэ?

13 Зарим металл зэврэмтгий байдаг шиг, төгс бус хүн аливаад дургүйцэн гомдоллох хандлагатай байдаг. Тэгэхлээр, энэ хандлагыг олж илрүүлэхийн тулд сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Чийгтэй, давстай орчин зэврэх явцыг түргэсгэдэг шиг, бэрхшээл зовлон хүнийг гомдолломтгой болгодог. Стресст орсон хүн сэтгэлдээ байсан бага зэргийн бухимдлаас болж гомдол гаргадаг. Өнөөгийн ёс бус тогтолцооны эцсийн өдрүүдэд нөхцөл байдал дордох тусам гомдоллох юм бишгүй гардаг (2 Тимот 3:1–5). Үүний харгайгаар, Еховагийн нэг үйлчлэгч нөгөөдөө дургүйцэж мэднэ. Гэтэл шалтгаан нь ердөө л алдаа дутагдал, авьяас чадвар юм уу байгууллагад хүлээсэн онцгой үүрэг гэх мэтийн жижиг асуудлаас үүссэн байдаг.

14, 15. Дургүйцэх хандлагаа засахгүй бол юу болох вэ?

14 Аливаа зүйлийг таалахгүй байгаа маань ямар ч шалтгаантай байсан, энэ хандлагаа дарахгүй бол яваандаа үргэлж сэтгэл дундуур байдаг болж, байнга гомдоллодог зуршилтай болох аюултай. Тийм ээ, дургүйцэх хандлага сүнслэг байдлыг маань бүрмөсөн сүйрүүлж чадна. Цөлд байсан израильчууд эхэндээ амьдрал ахуйнхаа талаар гомдоллодог байсан бол сүүлдээ Еховаг шүүмжлэх болсон (Египетээс гарсан нь 16:8). Энэ алдааг давтахгүй байцгаая!

15 Металлыг зэврэлтээс хамгаалах будгаар будаж, зэвэрсэн хэсгийг хурдан янзалбал зэврэх явц нь саармагждаг шиг, дургүйцэх хандлагыг өөрөөсөө олсон даруйдаа залбирч байгаад, засахыг хичээвэл ялан дийлж чадна.

Еховагийн үзэл бодлоор хандагтун

16. Дургүйцэх хандлагаа яаж ялан дийлэх вэ?

16 Дургүйцэн гомдоллоод байвал өөртөө болон тохиолдож буй бэрхшээлдээ хамаг анхаарлаа төвлөрүүлээд, Еховагаас хүртдэг ивээлээ харж чаддаггүй. Тэгэхлээр, энэ хандлагаа ялъя гэвэл, юуны түрүүнд, одоо хүртэж байгаа ивээлээ үргэлж санаж байх хэрэгтэй. Жишээ нь, хүн бүр Еховагийн нэрийг авч явах агуу завшаантай (Исаиа 43:10). Мөн «залбирлыг сонсдог Нэгэн»-тэй хэзээ л бол хэзээ ярилцаж, Еховатай тогтоосон харьцаагаа гүнзгийрүүлж болно (Дуулал 65:2; Иаков 4:8). Орчлонт ертөнцөд дэгдсэн маргаантай асуудлыг ойлгож, Бурханд үнэнч байдлаа хадгалах нь нэр төрийн хэрэг гэдгийг санаж явбал амьдрал жинхэнэ утга учиртай байна (Сургаалт үгс 27:11). Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд тогтмол оролцох боломж бий (Матай 24:14). Есүс Христийн золиосонд итгэснээр цэвэр мөс чанартай болдог (Иохан 3:16). Бид ямар ч нөхцөлд байсан энэ бүх ивээлийг хүртэх боломжтой.

17. Дургүйцэх бүрэн үндэс байсан ч, асуудалд яагаад Еховагийн үзэл бодлоор хандах хэрэгтэй вэ?

17 Аливаа зүйлд өөрсдийнхөө биш, Еховагийн үзэл бодлоор хандахыг хичээцгээе. Дуулалч Давид: «ЭЗЭН, надад Өөрийнхөө замуудыг мэдүүлээч. Өөрийнхөө жимүүдийг надад зааж өгөөч» хэмээн дуулжээ (Дуулал 25:4). Хэрвээ дургүйцсэн шалтгаан маань үндэслэлтэй бол Ехова заавал анхаарч, тэр даруйд нь зохицуулж чадна. Гэхдээ заримдаа бэрхшээлийг байлгаад байдаг нь ямар учиртай вэ? Тэсвэр хатуужил, итгэл найдвар гэх зэрэг сайхан чанар хөгжүүлэхэд маань туслах зорилгоор ингэдэг байж болох юм (Иаков 1:2–4).

18, 19. Таагүй нөхцөл байдалд орсон ч дургүйцэж гомдоллохгүй байвал ямар үр дүнд хүрч болохыг жишээгээр хэлнэ үү.

18 Таагүй нөхцөл байдалд орсон ч дургүйцэж гомдоллохгүй байвал өөртөө сайхан чанар хөгжүүлээд зогсохгүй, биеэ авч яваа байдлыг маань ажигладаг хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлж болох юм. 2003 онд Унгарт болсон чуулганд Германы Еховагийн Гэрчүүдийн баг автобусаар явж очжээ. Автобусны жолооч Гэрч биш байсан бөгөөд Гэрчүүдтэй арван хоног хамт явна гэхээс эхэндээ дурамжхан байсан гэнэ. Гэтэл аялал дуусахын хэрд бодлоо бүрмөсөн өөрчилжээ. Яагаад тэр билээ?

19 Аяллын үеэр хэд хэдэн удаа таагүй явдал гарахад Гэрчүүд огт дургүйцэж гомдоллоогүй аж. Жолооч анх удаа ийм зорчигчид тээвэрлэж яваагаа хэлжээ. Тэгээд, хэрэв Гэрчүүд гэрт нь ирвэл урьж оруулаад, анхааралтай сонсохоо амласан байна. Тэр зорчигчид «юу ч хийсэн дургүйцээгүй» нь ийнхүү сайхан сэтгэгдэл төрүүлжээ.

Бие биеэ уучлах нь эв нэгдлийг бий болгодог

20. Бие биеэ ямар учраас уучлах хэрэгтэй вэ?

20 Итгэл нэгтэндээ гомдсон бол яах вэ? Хэрэв асуудал ноцтой бол Матай 18:15–17-д Есүсийн хэлсэн зарчмыг хэрэгжүүлэх нь зүйтэй. Гэхдээ ихэнхдээ шалихгүй юманд гомдол төрдөг тул уг зарчмыг тэр бүр авч үзээд байх шаардлагагүй. Тухайн нөхцөл байдлыг бие биеэ уучлах боломж гэж үзэж болохгүй гэж үү? «Нэг нэгнийгээ хүлцэж, бие биеэ уучилж, хэрэв хэн нэгэнд чинь нөгөөгийнхөө эсрэг гомдол байвал та нарыг Эзэн уучилсны адил та нар бас уучил. Энэ бүгдийн дээр хайрыг өмс. Хайр бол эв нэгдлийн төгс холбоос юм» гэж Паул бичсэн байдаг (Колоссай 3:13, 14). Бид итгэл нэгтнээ чин сэтгэлээсээ уучилж чаддаг уу? Бидэнд дургүйцэх шалтгаан Еховад байдаг ч гэсэн, дахин дахин хайр энэрлээ үзүүлж, биднийг уучилдаг шүү дээ.

21. Дэргэдэх хүн үглэж гомдоллоод байвал ямар санагдах вэ?

21 Ямар ч шалтгаан байлаа гэсэн дургүйцэж гомдоллоод асуудлыг шийдэхгүй. «Дургүйцэх» гэсэн утгатай еврей үг бас «үглэх» гэсэн санаа илэрхийлдэг. Цаг үргэлж үглэдэг хүн дэргэд байвал таагүй санагдаж, тэр хүнээс холдохын түүс болох нь ойлгомжтой. Бид бас тийм зан гаргаад байвал дэргэдэх хүмүүст маань ч мөн л тэгж санагдаж, биднээс холдохыг бодно шүү дээ! Үглэж гомдоллодог хүн олны анхаарлыг татаж болох ч, бусдын сэтгэлд яавч нийцэхгүй!

22. Нэг охин Еховагийн Гэрчүүдийн талаар юу гэж хэлсэн бэ?

22 Бие биеэ уучлах нь Еховагийн ард түмний эрхэмлэдэг эв нэгдлийг бий болгодог (Дуулал 133:1–3). Европын нэгэн оронд амьдардаг, католик шашинтай, 17 настай охин Еховагийн Гэрчүүдийг биширч явдгаа манай байгууллагын нэг салбарт бичжээ. Тэрбээр захидалдаа: «Танай байгууллага бол, миний л мэдэхийн, гишүүд нь үзэн ядалт, шунахай зан, явцуу, аминч үзэл, эв нэгдэлгүй байдлаас болж хагаран бутраагүй цорын ганц байгууллага» гэжээ.

23. Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

23 Жинхэнэ Бурхан Еховаг шүтэгчид бид хүртэж буй сүнслэг ивээлээ үнэлж үздэг бол эв эеийг сахиж, бусдын хувийн асуудалд дургүйцэхээс зайлсхийж чадна. Дараагийн өгүүллээр, дургүйцэх сэтгэлгээний хамгийн аюултай хэлбэр болох Еховагийн байгууллагын дэлхий дэх хэсэгт дургүйцэх явдлаас сэргийлэхэд христиан зан чанар хэрхэн тусалдгийг үзье.

Та санаж байна уу?

• Дургүйцэх сэтгэлгээ илэрхийлнэ гэж яахыг хэлдэг вэ?

• Дургүйцэхийн аюулыг жишээгээр тайлбарлана уу.

• Дургүйцэх хандлагаа ялан дийлэхэд юу туслах вэ?

• Чин сэтгэлээсээ уучилдаг байх нь дургүйцэх сэтгэлгээнээс зайлсхийхэд хэрхэн туслах вэ?

[Догол мөрийн асуулт]