Skip to content

Гарчиг руу орох

Еховагийн байгууллагын сайн сайхныг анхаарагтун

Еховагийн байгууллагын сайн сайхныг анхаарагтун

Еховагийн байгууллагын сайн сайхныг анхаарагтун

«Бид Таны ариун сүм болох Таны өргөөний сайн сайханд хангалуун байна» (ДУУЛАЛ 65:4).

1, 2. а) Сүмтэй болох нь Бурхны ард түмэнд ямар ач тустай байсан бэ? б) Давид сүм барих ажилд ямар хувь нэмэр оруулсан бэ?

 ДАВИД бол эртний Израильд амьдарч байсан, Еврей Сударт тэмдэглэгдсэн хамгийн алдартай хүмүүсийн нэг юм. Хоньчин, хөгжимчин, зөнч, хаан байсан тэрбээр Ехова Бурханд бүрэн дүүрэн итгэхийн зэрэгцээ Бурхантай их дотно харьцаатай байжээ. Тиймдээ ч, Ехова Бурхандаа зориулж өргөө барихыг хүссэн аж. Тэр өргөө буюу сүм нь Израильд жинхэнэ шүтлэгийн төв болох учиртай байв. Хэрэв сүмтэй болчихвол цэвэр шүтлэг хөгжин цэцэглэж, Бурхны ард түмэн их ивээл хүртэн, баяр хөөр болно гэдгийг Давид мэдэж байлаа. Тийм учраас: «Өөрийн хашаануудад суулгахаар [Ехова] Таны сонгож, ойртуулан авчирдаг хүн юутай ерөөлтэй вэ! Бид Таны ариун сүм болох Таны өргөөний сайн сайханд хангалуун байна» гэж дуулжээ (Дуулал 65:4).

2 Ехова өргөө барих ажлыг удирдахыг Давидад зөвшөөрөөгүй юм. Харин хүү Соломонд нь энэ завшааныг өгчээ. Хийх гэж хүсээд байсан ажлыг нь өөр хүнд даалгасанд Давид дургүйцэн гомдоллоогүй. Сүмтэй л болж байвал энэ ажлыг хэн хийх нь чухал биш байв. Тэрбээр Еховагаас авсан барилгын зураг төслийг Соломонд өгч, сүм барих ажлыг чин сэтгэлээсээ дэмжсэн бөгөөд хэдэн мянган леви овогтныг сүмд үйлчлүүлэхээр бүлэг болгон хувааж, өөрөө сүмийн барилгад асар их алт, мөнгө хандивлажээ (Шастирын дээд 17:1, 4, 11, 12; 23:3–6; 28:11, 12; 29:1–5).

3. Бурхны үйлчлэгчид жинхэнэ шүтлэгийн арга хэмжээнд ямар сэтгэлээр ханддаг вэ?

3 Үнэнч израильчууд Бурхны өргөөнд болдог жинхэнэ шүтлэгийн арга хэмжээг дэмждэг байсан. Еховагийн орчин үеийн үйлчлэгчид бид ч бас байгууллагынх нь дэлхий дэх хэсэгт болдог шүтлэгийн арга хэмжээг дэмждэг. Үүгээрээ Давидтай адилхан сэтгэлтэйгээ харуулдаг. Бид дургүйцэн гомдоллохын оронд, Бурхны байгууллагын сайн сайхныг анхаардаг. Чин сэтгэлээсээ талархууштай сайн сайхан зүйл Бурхны байгууллагад олон байдгийг та бодож үзсэн үү? Тэдгээрийн заримыг одоо ярилцъя.

Удирдах үүрэг хүлээсэн хүмүүст талархдаг

4, 5. а) «Итгэмжит, ухаалаг боол» үүргээ хэрхэн биелүүлдэг вэ? б) Гэрчүүд сүнслэг хоолондоо ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?

4 Есүс Христийн дэлхий дэх эзэмшлээ хариуцуулан томилсон «итгэмжит, ухаалаг боол»-д талархах бүрэн үндэс бидэнд бий. Сүнсээр тослогдсон христиануудаас бүрддэг боолын анги сайн мэдээ дэлгэрүүлэх ажлыг удирдаж, цуглаан зохион байгуулж, Библид үндэслэсэн ном хэвлэлийг 400 гаруй хэлээр хэвлэн нийтэлдэг. «Цагт нь» өгдөг энэ сүнслэг «хоол унд»-наас дэлхийн олон сая хүн талархан хүртдэг билээ (Матай 24:45–47). Тэгэхлээр, дургүйцэн гомдоллох шалтгаан байна гэж үү?

5 Олон арван жил Еховад үйлчилж байгаа Элфи гэдэг эмэгтэй, боолын ангийн хэвлэлээс Библид үндэслэсэн зөвлөгөө олж, хэрэгжүүлээд үргэлж ач тусыг нь хүртэж, сэтгэл санаа нь тайвширдаг ажээ. Тэрбээр талархах сэтгэлдээ хөтлөгдөн: «Еховагийн байгууллага байгаагүй бол би яах байсан бол оо?» хэмээн бичжээ. Петр Ирмгард хоёр ч бас олон жил Бурханд үйлчилж байна. Ирмгард «Ехова Бурхны байгууллагаас бидэнд санаа тавьж, хайрын сэтгэлээр» гаргасан бүх ном хэвлэлийг эрхэмлэж явдгаа хэлсэн юм. Ийм ном хэвлэлийн дотор хараагүй, сонсголгүй гэх зэрэг онцгой хэрэгцээтэй хүмүүст тусгайлан гаргасан хэвлэл ч бий.

6, 7. а) Дэлхий дахинд буй хурлуудын үйл ажиллагааг хэн, яаж удирддаг вэ? б) Еховагийн байгууллагын дэлхий дэх хэсгийн талаар зарим хүн юу гэж хэлсэн бэ?

6 «Итгэмжит боол»-ыг төлөөлдөг Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд, сүнсээр тослогдсон цөөн тооны хүн багтах бөгөөд тэд АНУ-ын Нью-Йорк хотын Бруклин дүүрэг дэх Еховагийн Гэрчүүдийн ерөнхий газарт үйлчилдэг. Удирдах зөвлөл хашир туршлагатай Гэрчүүдийг дэлхий дахины 98 000 гаруй хурлын үйл ажиллагааг хариуцсан салбаруудад томилохын зэрэгцээ, Библийн шаардлага хангасан эрчүүдийг тус хурлуудад ахлагч, туслах үйлчлэгчээр томилдог байна (1 Тимот 3:1–9, 12, 13). Ахлагчид удирдах үүрэг хүлээн, Бурхны хонин сүргийг хайрын сэтгэлээр хариулдаг. Энэ сүрэгт багтаж, «ахан дүүсийн барилдлагад» ноёлж байдаг эв нэгдэл, хайрыг мэдэрнэ гэдэг юутай их ивээл бэ! (1 Петр 2:17; 5:2, 3).

7 Хайрын сэтгэлээр удирдлага өгдөгт нь ахлагчдад дургүйцэн гомдоллох биш, үргэлж талархаж явдаг хүн олон бий. Гучин настай Биргит гэдэг Гэрч эмэгтэйг жишээ болгон авъя. Биргит өсвөр насандаа муу хүмүүстэй нөхөрлөн, замаа алдах шахжээ. Харин ахлагчдын өгсөн Библийн зөвлөгөө, итгэл нэгтнүүдийнхээ тусламж дэмжлэгийн ачаар аюулаас зайлж чадсан байна. Энэ талаар Биргит ямар бодолтой явдаг бол? «Би одоо ч ийм сайхан байгууллагын гишүүн хэвээрээ байгаа гэж бодохлоор чин сэтгэлээсээ талархах сэтгэл төрдөг» гэж тэр ярьсан юм. Тэгвэл 17 настай Андреас гэдэг хүү: «Энэ бол үнэхээр Еховагийн байгууллага. Энэ дэлхий дээрх хамгийн сайн байгууллага» гэж хэлжээ. Еховагийн байгууллагын дэлхий дэх хэсгийн сайн сайхан бүхэнд талархахаас өөр яах билээ?

Удирдах үүрэг хүлээдэг хүмүүс төгс биш

8, 9. Давидын эргэн тойрны хүмүүс ямар зан гаргасан бэ? Давид яасан бэ?

8 Хуралд удирдах үүрэг хүлээдэг хүмүүс төгс биш гэдэг нь ойлгомжтой. Тэд бүгд л алдаа гаргадаг бөгөөд сул талаа засах гэдэг заримынх нь хувьд амаргүй байдаг. Үүнд нь дургүйцэх хэрэг байна уу? Байхгүй. Эртний Израильд өндөр үүрэг хариуцлага хүлээсэн хүмүүс ч ноцтой алдаа гаргаж байсан. Тухайлбал, Саул хаан Давидын хөгжим тоглохыг сонсон, сэтгэлээ тайвшруулах гэж дэргэдээ авчруулсан атлаа хэд хэдэн удаа түүнийг алахыг оролддог. Сүүлдээ Давид амиа авран зугтахаас өөр аргагүйд хүрчээ (1 Самуел 16:14–23; 18:10–12; 19:18; 20:32, 33; 22:1–5).

9 Гэтэл зарим хүн бусдынхаа итгэлийг эвдэж байжээ. Жишээ нь, Давидын цэргийн жанжин Иоаб Саулын хамаатан Абнерыг алсан. Абсалом, хаан ширээний төлөө эцэг Давидынхаа эсрэг хуйвалдаан зохиосон. Давидын итгэлт зөвлөх байсан Ахитофел түүнээс урвасан (2 Самуел 3:22–30; 15:1–17, 31; 16:15, 21). Гэсэн ч, Давид гомдон өширхөж, жинхэнэ шүтлэгээ орхиогүй билээ. Харин ч Саулаас зугтаж явсан үеийнхээ зөв сэтгэлийг гээлгүй, Еховагаас зуурч байсан. Тэр үедээ: «Намайг өршөөгөөч, Бурхан, намайг өршөөгөөч. Учир нь миний сэтгэл Таны дотор хоргоддог. Таны жигүүрийн сүүдэрт би сүйрлийг өнгөртөл хоргодно» хэмээн дуулжээ (Дуулал 57:1).

10, 11. Гертруд гэдэг христиан эмэгтэй залуу байхдаа ямар бэрхшээлтэй тулгарсан бэ? Тэрбээр итгэл нэгтнүүдийнхээ алдаа дутагдлын талаар юу гэж хэлсэн бэ?

10 Өнөө үед ч итгэл эвдсэн явдал Бурхны байгууллагад гарч болох юм. Тэглээ гээд, дургүйцэн гомдоллох хэрэггүй. Ехова Бурхан, тэнгэр элчүүд, сүнслэг хоньчдын аль аль нь итгэл эвдэгч, хорон муу хүмүүсийг христиан хуралд байхыг зөвшөөрдөггүй. Гэхдээ бид өөрсдийнхөө, заримдаа итгэл нэгтнүүдийнхээ төгс бусаас болж зовох үе гардаг.

11 Еховад олон жил үйлчилж байгаа Гертруд гэдэг эмэгтэй залуу байхдаа, бусдыг залилсан хэмээн гүтгүүлж, Бурханд бүрэн цагаар үйлчлэх эрхээ хасуулж байжээ. Тэрбээр үүнд дургүйцэн гомдоллосон болов уу? Үгүй. 91 насыг наслаад, 2003 онд амьсгал хураахынхаа өмнөхөн, өнгөрсөн амьдралаа эргэн дурсаж: «Ехова агуу ажлаа удирдахдаа, алдаж энддэгийг нь үл харгалзан төгс бус хүмүүсийг ашигладаг юм байна гэдгийг амьдралдаа тохиолдсон энэ мэт явдлуудаас ойлгосон» хэмээн ярьжээ. Тэрбээр итгэл нэгтнүүдийнхээ төгс бус байдлыг тэвчих хэрэгтэй болбол Еховад шаргуу залбирдаг байжээ.

12. а) І зууны зарим христиан ямар муу жишээ үзүүлсэн бэ? б) Бид юунд анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй вэ?

12 Христиан хүн хэчнээн өндөр үүрэг хариуцлага хүлээдэг, Бурханд чин үнэнч байлаа гээд нэгэнт төгс бус тул алдаа гаргах нь зайлшгүй. Тийм үед нь тэдэнд «дургүйцэхгүй» байцгаая (Филиппой 2:14, ШГ). Нэгдүгээр зууны зарим христианы үзүүлсэн муу жишээг дагавал хэчнээн харамсалтай вэ! Есүсийн шавь Иудагийн хэлснээр, тэр үеийн хуурамч багш нар «эрх мэдлийг [буюу хуралд хариуцлагатай үүрэг хүлээсэн эрчүүдийг] эсэргүүцэн... доромжилдог» байсны зэрэгцээ дургүйцэн бувтнаж, өө сэв хайдаг байжээ (Иуда 8, 16). Дургүйцэн гомдоллогчдын замаар замналгүй, «итгэмжит боол»-оос авдаг сайн сайхан зүйлд анхаарлаа төвлөрүүлцгээе. Еховагийн байгууллагын сайн сайхан бүхнийг үнэлж, «юу ч хийсэн дургүйцэхгүй» байцгаая.

«Энэ чинь хэцүү үг байна»

13. Хүмүүс Есүс Христийн зарим сургаалыг сонсоод яасан бэ?

13 І зуунд зарим хүн хариуцлагатай үүрэг хүлээсэн хүмүүст дургүйцэж байсан бол, зарим хүн Есүсийн сургаалд дургүйцэж байлаа. Есүсийн: «Миний махыг идэж, цусыг уусан хүн мөнх амьтай» гэж хэлсэн үгийг Иохан 6:48–69-д тэмдэглэсэн байдаг. Энэ үгийг сонсоод, «дагалдагчдаас олонх нь: „Энэ чинь хэцүү үг байна. Үүнийг хэн сонсож чадах вэ?“ гэцгээжээ». Есүс «дагалдагчдынхаа дургүйцэн шивнэлдэхийг мэдсэн». Тэдний дотроос «олон хүн зайлан явж, цаашид Түүнтэй хамт явсангүй». Гэхдээ бүх шавь нь дургүйцээгүй юм. Есүс 12 элчээсээ: «Та нар бас явахыг хүсэж байна уу?» гэж асуухад элч Петр хариуд нь: «Эзэн, бид хэн рүү явах юм бэ? Мөнх амийн үгс Танд байна. Та бол Бурхны Ариун Нэгэн мөн гэдэгт бид итгэцгээсэн, мөн таньж мэдэцгээсэн» гэж хэлсэн.

14, 15. а) Христиануудын дотроос цөөхөн хүн зарим сургаалд дургүйцдэгийн учир юу вэ? б) Емануел гэдэг хүнд тохиолдсон явдлаас ямар сургамж авч болох вэ?

14 Орчин үед Бурхны ард түмний дотроос цөөхөн хүн зарим сургаалд дургүйцэж, Еховагийн байгууллагын дэлхий дэх хэсэгт гомдоллодог. Яагаад ийм байдалд хүрдэг вэ? Ихэнхдээ, Бурхны үйл хэргийг ойлгоогүйгээс болдог ажээ. Бүтээгч маань ард түмэндээ аажим аажмаар үнэнийг илчилдэг учраас бидэнд Судрыг ойлгох ойлголтоо үе үе өөрчлөн засах шаардлага гардаг. Ийм үед Еховагийн ард түмний дийлэнх нь баярладаг байхад цөөн хэд нь л «хэт шударга» болж, дургүйцдэг (Номлогчийн үгс 7:16). Үүний нэг шалтгаан нь бардам зан бөгөөд зарим хүн хараат бус үзлийн урхинд ордог. Ямартай ч, дургүйцэх хандлага хүнийг ертөнц болон ертөнцийн үйл хэрэгт татан оруулдаг тул туйлын аюултай.

15 Жишээ татъя. Эмануел гэдэг Гэрч «итгэмжит, ухаалаг боол»-ын ном хэвлэлээс уншсан зүйлдээ шүүмжлэлтэй ханддаг болжээ (Матай 24:45). Тэгээд хэвлэл ч уншихаа больж, сүүлдээ Еховагийн Гэрч байх хүсэлгүйгээ хурлынхаа ахлагчдад хэлсэн байна. Гэхдээ, Еховагийн байгууллагын заадаг сургаал үнэхээр үнэн зөв байсныг хэсэг хугацааны дараа ойлгожээ. Ингээд Гэрчүүдтэй дахин холбоо тогтоож, алдаагаа хүлээн зөвшөөрөөд, Еховагийн Гэрч байх эрхээ сэргээлгэжээ. Үүний дүнд, эргээд жаргалтай хүн болсон юм.

16. Эргэлзээгээ арилгахад юу туслах вэ?

16 Хэрэв Еховагийн ард түмний баримталдаг зарим нэг сургаалд эргэлзсэнээс болж дургүйцэх сэтгэл төрвөл яах вэ? Тийм үед тэвчээргүй зан гаргахгүй байцгаая. «Итгэмжит боол» хэзээ нэгэн цагт бидний асуултад хариулж, эргэлзээг маань арилгах зүйлийг хэвлэн нийтлэх нь дамжиггүй. Хурлын ахлагчдаас тусламж хүсэх нь ухаалаг хэрэг болно (Иуда 22, 23). Бас залбирч, бие даан судалж, сүнслэгээр төлөвшсөн хүмүүстэй харьцаж нөхөрлөх хэрэгтэй. Ингэвэл эргэлзээгээ арилгаж, Еховагийн сувгаар дамжуулж авсан, итгэл бэхжүүлэм Библийн сургаалыг талархан үнэлэх сэтгэл маань гүнзгийрнэ.

Үргэлж өөдрөг байгтун

17, 18. Дургүйцэхийн оронд яах хэрэгтэй вэ? Яагаад?

17 Ер нь төгс бус хүн нүгэл үйлдэх төрөлхийн хандлагатай бөгөөд зарим хүн, сав л хийвэл, ялихгүй юмнаас болоод гомдоллож явдаг (Эхлэл 8:21; Ром 5:12). Гэхдээ бид төрөлхийн тийм зантай ч бай, үгүй ч бай, яваандаа байнга дургүйцэн гомдоллодог болчихвол Ехова Бурхантай тогтоосон харьцаандаа сэв суулгаж мэднэ. Тийм учраас, дургүйцэх хандлага жаахан ч гэсэн илэрвэл засаж байх хэрэгтэй.

18 Хурал доторх алив бүхэнд дургүйцэхийн оронд үргэлж өөдрөг байх нь чухал. Түүнчлэн, өөрийгөө завгүй байлгаж, баяр баясгалан авчирдаг, хүндлүүштэй, дүн нуруутай, итгэл батжуулдаг зүйл хийж хэвших нь нэн сайн (1 Коринт 15:58; Тит 2:1–5). Ехова байгууллагынхаа доторх алив бүхнийг хянаж байдаг. Харин Есүс одоо ч нэгдүгээр зууных шигээ, хурал бүрд юу болж буйг мэддэг (Илчлэлт 1:10, 11). Бурхныг болон хурлын Тэргүүн Христийг тэвчээртэй хүлээгээрэй. Тэд засаж залруулбал зохих асуудлыг хариуцлагатай хоньчдоор шийдүүлэх ч юм бил үү (Дуулал 43:5; Колоссай 1:18; Тит 1:5).

19. Хаанчлал хүн төрөлхтнийг бүрэн захиртал бид юуг анхаарах шаардлагатай вэ?

19 Өнөөгийн эд юмсын ёс бус тогтолцоо удахгүй эцэс болж, Мессиагийн Хаанчлал хүн төрөлхтнийг бүрэн захирна. Тэр болтол хүн бүр өөдрөг сэтгэлээ алдахгүй байх нь туйлын чухал. Ингэвэл итгэл нэгтнүүдийнхээ алдаа дутагдлыг бус, сайхан чанаруудыг анхаарч чадна. Үргэлж бусдын сайн талыг олж хардаг болбол өөрөө ч жаргалтай болно. Дургүйцэн гомдоллож санаа сэтгэлээ зовоохын оронд өөдрөг байвал урам зориг бадарч, сүнслэг байдал ч сэргэнэ.

20. Өөдрөг байвал ямар ямар ивээл хүртэх вэ?

20 Түүнчлэн, өөдрөг байвал Еховагийн байгууллагын дэлхий дэх хэсэгтэй хамтран ажиллаад хүртдэг их ивээлээ мартахгүй байж чадна. Энэ байгууллага бол орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзэнд үнэнч байдаг, дэлхий дэх цорын ганц байгууллага юм. Ингэж бодохлоор танд ямар санагддаг вэ? Бас цорын ганц жинхэнэ Бурхан Еховаг шүтэх завшаанаа юу гэж үздэг вэ? «Залбирлыг сонсдог Нэгэн, Тань руу бүх хүн ирдэг. Өөрийн хашаануудад суулгахаар Таны сонгож, ойртуулан авчирдаг хүн юутай ерөөлтэй вэ! Бид Таны ариун сүм болох Таны өргөөний сайн сайханд хангалуун байна» гэж Давид дуулсан байдаг (Дуулал 65:2, 4). Таны сэтгэл Давидынхтай адилхан байх болтугай.

Та санаж байна уу?

• Хуралд удирдах үүрэг хүлээдэг хүмүүст яагаад талархах хэрэгтэй вэ?

• Хариуцлагатай ах нар алдаа гаргавал бид хэрхэн хандах ёстой вэ?

• Библийн сургаалын талаарх ойлголт өөрчлөгдвөл бид яах хэрэгтэй вэ?

• Эргэлзээгээ арилгахад нь христиан хүнд юу юу туслах вэ?

[Догол мөрийн асуулт]