Залуус аа, Еховад үйлчлэх шийдвэр гаргагтун
Залуус аа, Еховад үйлчлэх шийдвэр гаргагтун
«Хэнд үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрсдөдөө сонго» (ИОШУА 24:15).
1, 2. Христ шашны ертөнц баптисмыг хэрхэн буруу хүртээж ирсэн түүхтэй вэ?
«[ХҮҮХДҮҮД] Христийг таньж мэдэх чадвартай болохлоороо христиан болог л дээ». Зохиолч Тертуллиан манай эриний хоёрдугаар зууны сүүлчээр дээрх үгийг бичжээ. Тэрбээр тухайн үеийн тэрслүү христ шашинд газар аваад байсан, нялх хүүхдэд баптисм хүртээх заншлыг эсэргүүцэж байв. Тертуллиан болон Библийн санааг эс зөвшөөрдөг шашны мяндагтан Августин, баптисм нь хүнийг Адамын нүглээс цэвэрлэдэг бөгөөд нялх хүүхэд баптисм хүртэлгүй үхвэл тамд очдог гэж хэлсэн байдаг. Энэ үзэл нь нялх хүүхдийг төрсөн даруйд нь аль болох хурдан баптисм хүртээх ёс заншлыг хөөрөгджээ.
2 Христ шашны ертөнцийн томоохон урсгалууд одоо ч нялх хүүхдэд баптисм хүртээдэг. Түүнээс гадна, христ шашинтай гэгддэг улс орны удирдагчид болон шашны зүтгэлтнүүд өөр шашинтай улсуудыг эзлэн авч, хүчээр баптисм хүртээж байсныг түүх баталдаг. Гэтэл нялх хүүхэд болон насанд хүрэгчдэд хүчээр баптисм хүртээх нь Библийн үндэсгүй юм.
Сайн дураараа өөрийгөө зориулах нь
3, 4. Христиан эцэг эхтэй хүүхдүүдийг Бурханд өөрсдийгөө сайн дураараа зориулахад нь юу туслах вэ?
3 Эцэг эхийн аль нэг нь л үнэнч христиан байхад Бурхан хүүхдийг нь ариун гэж үздэгийг Библид тэмдэглэжээ (1 Коринт 7:14). Тэгвэл, тийм хүүхдүүд Еховад өөрсдийгөө зориулсан үйлчлэгчид нь болсон гэсэн үг үү? Үгүй. Гэхдээ, Еховаг шүтдэг эцэг эх нь тэдэнд сайн хүмүүжил олгож, Бурханд өөрсдийгөө сайн дураараа зориулахад нь залж чиглүүлдэг. Мэргэн хаан Соломон нэгэнтээ: «Хүү минь, эцгийнхээ тушаалуудыг сахь. Эхийнхээ зааж сургасныг бүү огоор. [...] Тэд чамайг явахад чинь удирдаж, нойрсоход чинь хамгаална. Сэрэхэд чинь тэд чамтай ярина. Учир нь тушаал нь дэнлүү юм. Сургамж нь гэрэл юм. Сахилга батын зэмлэлүүд нь амь амьдралын зам мөн» хэмээн бичсэн байдаг (Сургаалт үгс 6:20–23).
4 Хүүхдүүд христиан эцэг эхийнхээ үгийг дуртайяа дагадаг бол өөрсдийгөө хамгаалж байгаа хэрэг. Соломон бас: «„Мэргэн хүү эцгийгээ баярлуулдаг бол мунхаг хүү эхдээ сэтгэлийн зовлон болдог.“ „Хүү минь, сонсоод, мэргэн байгтун. Зүрхээ зөв зам дээр байлга“» хэмээн сургажээ (Сургаалт үгс 10:1; 23:19). Хүүхэд залуус та бүхэн эцэг эхийнхээ заавар зөвлөгөө, сургамж захиасыг сонсож, сахилга батын арга хэмжээ авахад нь захирагддаг бол эцэг эхээс олгосон хүмүүжлийн ач тусыг хүртэнэ. Хүн эхээс төрөхдөө мэргэн байдаггүй ч, «мэргэн» болж, «амь амьдралын замаар» хэний ч албадлагагүйгээр явж болдог.
«Сургамж» гэж юу вэ?
5. Паул эцэг, хүүхдүүдэд ямар зөвлөгөө өгсөн бэ?
5 Элч Паул: «Хүүхдүүд ээ, Эзэн дотор эцэг эхээ дага. Учир нь энэ бол зөв юм. „Эцэг эхээ хүндэл“. Энэ нь амлалт бүхий эхний тушаал бөгөөд „Энэ нь чамд сайн бөгөөд чи дэлхий дээр урт наслах болно“ гэжээ. Эцгүүд ээ, та нар хүүхдүүдээ бүү уурлуул. Харин тэднийг Эзний [«Еховагийн», ШЕ] дэг журам болон сургамж дотор хүмүүжүүл» гэж бичжээ (Ефес 6:1–4).
6, 7. «Еховагийн сургамж дотор хүмүүжүүлнэ» гэж яахыг хэлдэг вэ? Энэ нь хүүхдэдээ үзэл бодлоо хүчээр тулгаж байгаа хэрэг яагаад биш вэ?
6 Христиан эцэг эхчүүд үр хүүхдээ «Еховагийн дэг журам болон сургамж дотор» хүмүүжүүлдэг нь үзэл бодлоо хүчээр тулгаж байгаа гэсэн үг үү? Тийм биш ээ. Ёс суртахуунд нь тустай, зөв сайн гэж үзсэнээ хүүхдэдээ зааж сургасан эцэг эхийг шүүмжлэх эрх хэнд ч байхгүй. Бурхан байдаггүй гэж хүүхдэдээ заадгийнх нь төлөө атеист үзэлтнүүдийг хэн ч шүүмжилдэггүй. Ромын католик шашинтнууд хүүхдээ шашныхаа итгэл үнэмшлээр хүмүүжүүлэх үүрэгтэй гэж үздэг бөгөөд үүнийхээ төлөө шүүмжлэлд өртөх нь ховор. Тэгвэл, Еховагийн Гэрчүүд ч бас үр хүүхдээ Библийн үндсэн сургаал болон ёс суртахууны асуудлаар Еховагийн үзэл бодлыг баримталдаг болгон хүмүүжүүлснийхээ төлөө үр хүүхдийнхээ толгойг эргүүлдэг гэж буруутгагдах учиргүй.
7 Нэгэн тольд бичсэнээр, Ефес 6:4-т «сургамж» гэж орчуулсан грек үг нь «санаа бодлыг засаж залруулах, бурууг зөв болгох, Бурханд сайн ханддаг болгох» үйл явцыг заадаг аж («Theological Dictionary of the New Testament»). Хэрэв хүүхэд үе тэнгийнхнийхээ шахалтад бууж өгөөд, тэдэн шиг байх гэснээсээ болоод эцэг эхийнхээ үгэнд ордоггүй бол яах вэ? Үеийнх нь хүүхдүүд мансууруулах бодис, архи дарс, садар самуунд уруу татах зэргээр дарамталбал, тэднийг дагахын аюулыг үр хүүхдэдээ ойлгуулж, санаа бодлыг нь засах гэснийхээ төлөө эцэг эхчүүд шүүмжлүүлэх ёстой гэж үү? Тэгэхлээр, хэн нь дарамталдаг байх нь вэ? Эцэг эх үү, үеийнх нь хүүхдүүд үү?
8. Тимотыг «итгэдэг» болоход нь ээж эмээ хоёр нь яаж тусалсан бэ?
8 Элч Паул залуу Тимотод: «Хэнээс сурснаа мэдэж, юунд итгэсэн болон юу сурсан дотроо байнга бай. Христ Есүст итгэх итгэлээр дамжуулан авралд хүргэх мэргэн ухааныг чамд өгөх чадалтай Ариун Бичээсүүдийг чи бага наснаасаа мэдэх болсон» гэж бичжээ (2 Тимот 3:14, 15). Ээж эмээ хоёр нь Тимотыг бүр бага байхаас нь Ариун Судрын мэдлэг олгож, улмаар бат итгэлтэй болгожээ (Үйлс 16:1; 2 Тимот 1:5). Сүүлд тэд христиан болсон хойноо итгэл үнэмшлээ хүүдээ хүчээр тулгалгүй, харин ч Судрын мэдлэгт нь үндэслэн, ухаалгаар тайлбарлаж, өөрөө «итгэдэг» болоход нь тусалсан.
Ехова таныг өөрөө шийдээсэй гэж хүсдэг
9. а) Ехова оюун ухаант бүтээлүүддээ ямар эрх чөлөө өгсөн бэ? Яагаад? б) Бурхны цорын ганц хүү сонгох эрх чөлөөгөө хэрхэн ашигласан бэ?
9 Ехова оюун ухаант бүтээлүүдээ өөрийнх нь хүсэл тааллыг биелүүлэхээс өөр юм хийх мэдэлгүй робот шиг бүтээж болох л байсан. Гэвч тэдэнд сонгох эрх чөлөө өгсөн билээ. Тэрбээр бүтээлүүдээ сайн дураараа захирагдаасай гэж хүсдэг. Оюун ухаант бүтээлүүд нь хөгшин ч, залуу ч гагцхүү хайрын сэтгэлээр үйлчилж байвал баярладаг. Бурхны хүсэл таалалд хайрын сэтгэлээр захирагдсан хамгийн сайн жишээг цорын ганц Хүү нь үзүүлсэн бөгөөд Ехова түүний тухай: «Энэ бол Миний хайрт Хүү. Түүнд Миний таалал оршдог» гэж айлджээ (Матай 3:17). Хүү нь ч Эцэгтээ: «Бурхан минь ээ, би Таны хүслийг гүйцэлдүүлэхдээ баярладаг юм. Таны Хууль миний зүрхэнд бий» хэмээн хэлсэн (Дуулал 40:8; Еврей 10:9, 10).
10. Еховад таалагдаж үйлчлэхэд хамгийн чухал нь юу вэ?
10 Ехова Хүүгийнх нь удирдлагаар өөрт нь үйлчилдэг хүмүүсийг ч мөн сайн дураараа захирагдаасай гэж хүсдэг. «Таны хүчний өдөр Таны ард түмэн ариун гоёл чимгээ зүүн сайн дураараа үйлчлэх болно. Үүрийн хэвлийнээс Таны залуучууд шүүдэр мэт Танд ирнэ» хэмээн дуулалч өнөө үеийг зөгнөн дуулжээ (Дуулал 110:3). Ехова Бурхны байгууллагын тэнгэр, газар дахь хэсэгт харьяалагддаг хэн бүхэн Бурхныхаа хүсэл таалалд хайрын сэтгэлээр захирагдан, үйл ажиллагаагаа явуулдаг.
11. Христиан эцэг эхийн гар дээр хүмүүжиж байгаа хүүхдүүд ямар шийдвэр гаргах хэрэгтэй болдог вэ?
11 Тиймээс, хүүхэд залуус аа, хурлын ахлагчид болон эцэг эхийн тань хэн нь ч та нарт хүчээр баптисм хүртээх гэдэггүйг ойлгоорой. Еховад үйлчилье гэж та нар өөрсдөө л хүсэх ёстой. Иошуа израильчуудад: «[Еховад] чин сэтгэл болон үнэнээр үйлчлэгтүн. [...] Хэнд үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрсдөдөө сонго» гэж хэлсэн байдаг (Иошуа 24:14–22). Өнөө үед ч бас, өөрсдийгөө Еховад зориулж, хүсэл тааллыг нь биелүүлж амьдрах эсэхээ шийдэх нь та нарын хэрэг байх ёстой.
Хариуцлагаа ухамсарлах нь
12. а) Эцэг эхчүүд үр хүүхдээ хүмүүжүүлдэг ч, тэдний өмнөөс юу хийж чадахгүй вэ? б) Хүүхэд залуус гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг Еховагийн өмнө хэзээнээс хүлээдэг болдог вэ?
12 Хүүхдүүд та нар эцэг эхийнхээ итгэл үнэмшлээр түрээ барихаа болих цаг ирнэ (1 Коринт 7:14). Христийн шавь Иаков: «Зөв юмыг үйлдэхийг мэддэг хэрнээ үл үйлддэг хүнд энэ нь нүгэл юм» гэж бичсэн (Иаков 4:17). Хүүхдүүд эцэг эхийнхээ өмнөөс Бурханд үйлчлэх аргагүй байдаг шиг, эцэг эх нь ч хүүхдүүдийнхээ өмнөөс Бурханд үйлчлэх боломжгүй (Езекиел 18:20). Та нар Еховагийн тухай, санаа зорилгынх нь тухай сурч мэдсэн үү? Сурч мэдсэнээ ойлгож, Еховатай хувийн харьцаа тогтоох хэмжээнд хүрсэн үү? Хэрэв тийм бол, Бурхан та нарыг өөрт нь үйлчлэх шийдвэр гаргаж чадна гэж үзэж байгаа шүү дээ.
13. Баптисм хүртээгүй хүүхэд залуус өөрсдөөсөө юу гэж асуух хэрэгтэй вэ?
13 Баптисм хүртээгүй залуу хүн та Еховаг шүтдэг эцэг эхийн гар дээр хүмүүждэг, цуглаанд явдаг, тэр бүү хэл, Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлдэг бол, «Би яагаад цуглаанд явж, дэлгэрүүлэх ажил хийдэг вэ? Эцэг эх маань шахаж шаарддагаас болоод уу, эсвэл би өөрөө Еховад таалагдахыг хүсдэг учраас уу?» гэж өөрийгөө шударгаар шалгаарай. Бурхны «сайн, тааламжит, төгс төгөлдөр хүслийг» та өөрөө ойлгодог уу? (Ром 12:2).
Баптисм хүртэхээ юунд хойшлуулна вэ?
14. Баптисм хүртэхээ шалтгаангүйгээр хойшлуулах хэрэггүйг Библийн ямар ямар жишээ харуулдаг вэ?
14 «Баптисм хүртэхэд болохгүй нь юу билээ?» Сайн мэдээ тунхаглагч Филипээс ингэж асуусан этиоп хүн, Есүсийг Мессиа байсныг сая л мэджээ. Гэхдээ Судрыг хангалттай сайн мэддэг байсан тул христиан хурлын гишүүн болж Еховад үйлчлэх шийдвэрээ олонд мэдэгдэн, баптисм хүртэхээ хойшлуулах ёсгүй гэдгээ ойлгосон аж. Энэ нь ч түүнд их баяр хөөр авчиржээ (Үйлс 8:26–39). Бас «Паулын ярьж буй зүйлсийг анхаарахын тулд» зүрх нь нээгдсэн Лудиа гэдэг эмэгтэй, гэрийнхнийхээ хамт тэр даруй «баптисм хүртсэн» (Үйлс 16:14, 15). Филиппой хотын шоронгийн хуяг ч бас Паул Силас нарын «Эзний үгийг ярихыг» сонсоод «өөрөө болон бүх гэрийнхэн нь баптисм хүртжээ» (Үйлс 16:25–34). Тийм учраас, та нар Ехова болон түүний санаа зорилгын тухай үндсэн мэдлэгтэй, хүсэл тааллыг нь биелүүлэх чин хүсэлтэй, хуралд нэр хүндтэй, цуглаанд тогтмол явдаг, Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлдэг бол баптисм хүртэхээ юунд хойшлуулна вэ? (Матай 28:19, 20).
15, 16. а) Зарим залуус ямар буруу бодлоосоо болоод баптисм хүртэхээс хойш суудаг вэ? б) Еховад өөрийгөө зориулж, баптисм хүртэх нь хүүхэд залууст юунаас хамгаалдаг вэ?
15 Дараа нь буруу юм хийчих вий гэж айсандаа энэ чухал алхмыг хийхээ хойшлуулаад байгаа юм биш биз? Жишээ нь, та нар нэг л өдөр осолд орж магадгүй гэж айгаад жолооны үнэмлэх авахгүй байх уу? Яалаа гэж! Түүн шиг, шаардлага хангасан л бол баптисм хүртэхэд эргэлзэх хэрэггүй. Харин ч Еховад өөрийгөө зориулж, хүсэл тааллыг нь биелүүлэхээр шийдсэн хүн буруу юм хийхгүйг байдгаараа хичээдэг юм (Филиппой 4:13). Баптисм хүртэхээ хойшлууллаа гээд, хариуцлагаас мултарна гэж байдаггүй. Хариуцлага хүлээх насанд хүрсэн л бол баптисм хүртсэн ч, хүртээгүй ч хийсэн бүхнийхээ хариуцлагыг Еховагийн өмнө хүлээнэ (Ром 14:11, 12).
16 Бага байхдаа баптисм хүртсэн нь үнэний замаас хазайхгүй байхад их тус болсныг олон Гэрч ойлгодог. Баруун Европт амьдардаг, 23 настай Гэрчийн жишээ байна. Тэр залуу 13 насандаа баптисм хүртсэн нь «идэр насныхаа дур хүслүүдээ» дийлэх урам зориг нэмсэн явдал байсныг дурсжээ (2 Тимот 2:22). Тэрбээр аль эртнээс Еховад бүрэн цагаар үйлчлэхээр шийджээ. Одоо, Еховагийн Гэрчүүдийн байгууллагын нэг салбарт баяртай үйлчилж байна. Еховад үйлчлэхээр шийдсэн бүх л хүүхэд залуусыг, таныг ч бас их ивээл хүлээж байгаа.
17. Еховагийн «хүсэл юу болохыг» амьдралын ямар ямар хүрээнд ухаарах шаардлагатай вэ?
17 Еховад өөрийгөө зориулж, баптисм хүртэх нь бүх л үйл хэрэгтээ Еховагийн хүсэл тааллыг анхаарч амьдрахын эхлэл болдог. Өөрийгөө зориулсныхаа дагуу амьдарна гэдэгт «цагийг зольж авах» явдал ордог. Цагийг яаж зольж авах вэ? Урьд нь дэмий юманд зарцуулдаг байсан цагаа Библи судлах, цуглаанд тогтмол явах, «хаанчлалын [тухай] сайн мэдээ» дэлгэрүүлэх ажилд боломжийнхоо хэрээр оролцоход зориулах хэрэгтэй (Ефес 5:15, 16, ШЕ; Матай 24:14). Еховад өөрийгөө зориулж, хүсэл тааллыг нь биелүүлэх гэсэн эрмэлзэл амьдралын маань бүх хүрээнд, тэр дундаа, амарч зугаалах, идэж уух, сонсох хөгжмөө сонгоход хүртэл сайнаар нөлөөлдөг. Чөлөөт цагаараа ирээдүйд ч ашигтай зүйл сонирхож болохгүй гэж үү? Еховагийн «хүсэлд» захирагдангаа амралт чөлөөт цагаа хөгжилтэй сайхан өнгөрөөх олон арга байдгийг жаргалтай амьдардаг мянга мянган залуу Гэрч хэлнэ (Ефес 5:17–19).
«Бид та нартай хамт явна»
18. Хүүхэд залуус ямар асуултыг бодож үзэх хэрэгтэй вэ?
18 МЭӨ 1513 оноос МЭ 33 оны Пентекостын өдрийг хүртэл Ехова өөрийгөө шүтүүлж, гэрчээ болгон сонгосон, зохион байгуулалттай ард түмэнтэй байсан юм (Исаиа 43:12). Израиль хүүхдүүд тэр л ард түмний хойч үе болон төрдөг байсан. Пентекостын өдрөөс эхлэн Ехова дэлхий дээрх сүнслэг Израиль хэмээх шинэ «үндэстэн», «өөрийнхөө нэрийн төлөөх хүмүүстэй» болсон (1 Петр 2:9, 10; Үйлс 15:14; Галат 6:16). Христ өөртөө «сайн үйлсийн төлөө зүтгэлтэй, тусгай ард түмнийг» цэвэршүүлсэн тухай элч Паул бичжээ (Тит 2:14). Тэр хүмүүс хэн болохыг залуус та нар өөрсдөө олж тогтоогоорой. Өнөөдөр Библийн зарчмын дагуу амьдарч, Еховагийн үнэнч Гэрч байж, хүн төрөлхтний цорын ганц найдвар болох Бурхны Хаанчлалын тухай дэлгэрүүлдэг, «итгэмжит байдлыг сахигч... шударга зөв үндэстнийг» хэн бүрдүүлдэг вэ? (Исаиа 26:2–4). Христ шашны ертөнцийн болон бусад шашны байгууллагыг харж, тэдний үйл хэргийг Бурхны жинхэнэ үйлчлэгчдэд тавьдаг Библийн шаардлагатай харьцуулж үзээрэй.
19. Олон сая хүн юу ойлгодог болсон бэ?
19 Еховагийн Гэрчүүдийн тослогдсон үлдэгдэл «шударга зөв үндэстнийг» бүрдүүлдгийг дэлхийн олон сая хүн, тэдний дотор хүүхэд залуус ойлгодог болжээ. Тэд энэхүү сүнслэг израильчуудад: «Бид та нартай хамт явна. Учир нь Бурхан та нартай хамт байдаг гэж бид сонссон» гэж хэлдэг (Зехариа 8:23, ШЕ). Залуус та бүхэн Бурхны ард түмний тоонд багтаж, амь буюу Еховагийн шинэ ертөнцөд мөнх амьдрах замыг сонгох шийдвэр гаргана гэдэгт бид итгэж, залбирдаг (Дэд хууль 30:15–20; 2 Петр 3:11–13).
Давтах асуулт
• «Сургамж» гэж юу вэ?
• Еховад таалагдахын тулд яаж үйлчлэх ёстой вэ?
• Христиан эцэг эхийн гар дээр хүмүүжсэн бүх хүүхэд залуус ямар шийдвэр гаргах хэрэгтэй болдог вэ?
• Баптисм хүртэхээ шалтгаангүйгээр хойшлуулах хэрэггүйн учир юу вэ?
[Догол мөрийн асуулт]