Еховагаас эмээж, жаргалтай байгтун!
Еховагаас эмээж, жаргалтай байгтун!
«Еховагаас эмээдэг хүн жаргалтай» (ДУУЛАЛ 112:1, ШЕ).
1, 2. Еховагаас эмээхийн ач тус юу вэ?
АЗ ЖАРГАЛД хүрнэ гэдэг амаргүй. Жинхэнэ ёсоор жаргалтай амьдаръя гэвэл, зөв шийдвэр гаргаж, сайн үйлс бүтээхийн зэрэгцээ буруу хэрэг хийхгүй байх шаардлагатай. Бүтээгч маань биднийг амьдрах ухаанд сургах гэж өөрийн үг Библийг өгсөн билээ. Еховагийн удирдлага зааврыг хайн, тэр дагуу явж, үүгээрээ Бурхнаас эмээдгээ батлан харуулбал бид үнэхээр сэтгэл хангалуун, аз жаргалтай болж чадна (Дуулал 23:1; Сургаалт үгс 14:26).
2 Энэ өгүүллээр, Бурхнаас жинхэнэ ёсоор эмээдэг хүн буруу юм хийлгэх гэсэн дарамт шахалтад бууж өгөхгүй байх хүчийг хэрхэн авдаг хийгээд яаж зөв юм хийх урам зориг дүүрэн болдгийг харуулах Бурхны эртний үйлчлэгчдийн болон орчин үеийн христиануудын жишээг авч үзнэ. Бурхнаас эмээдэг хүн Давид хааны адил, буруу явдлаа засаж, үүнийхээ ачаар жаргалтай болдгийг ярилцахаас гадна, эцэг эхчүүд үр хүүхдээ Еховагаас эмээж сургавал жинхэнэ үнэ цэнтэй өв хөрөнгө өвлүүллээ гэсэн үг болохыг үзнэ. Бурхны Үгэнд: «Еховагаас эмээдэг хүн жаргалтай» гэсэн баталгаа бий (Дуулал 112:1, ШЕ).
Алдсан жаргалаа эргүүлж олох нь
3. Давид юуны ачаар ноцтой нүглээсээ ангижирч, сүнслэгээр сэргэсэн бэ?
3 Давид гурван ч удаа Бурхнаас эмээхээ умартаж, ноцтой нүгэл үйлдсэнийг өмнөх өгүүллээр үзсэн билээ. Гэсэн ч тэрбээр Еховагийн сахилга батын арга хэмжээг хүлээж авсан нь Бурхнаас үнэхээр эмээдэг байсны илрэл юм. Бурхныг сүсэглэн хүндэлдэг байсан учраас буруугаа хүлээн зөвшөөрч, замаа засан, Еховатай тогтоосон сайхан харьцаагаа дахин сэргээсэн. Хэдийгээр түүний хийсэн алдаа өөрт нь болоод өрөөл бусдад зовлон авчирсан ч, чин сэтгэлээсээ гэмшсэн тул, Еховагийн тусламж дэмжлэг, ивээл хишгийг дахин хүртэх болжээ. Давидын жишээ ноцтой нүгэл үйлдсэн орчин үеийн христиануудад үнэхээр урам нэмдэг.
4. Хүн Бурхнаас эмээдгийнхээ ачаар алдсан аз жаргалаа хэрхэн буцааж олдог вэ?
4 Зоня гэдэг эмэгтэйн жишээг ярилцъя. * Хэдийгээр, Зоня бүрэн цагийн дэлгэрүүлэгч байсан ч, муу хүмүүстэй нөхөрлөж, ноцтой нүгэл үйлдээд хурлаас хасагджээ. Гэвч гэмээ ухаарч, Еховатай эвлэрэхийн тулд шаардлагатай бүхнийг хийсэн байна. Ингээд яваандаа хурлын гишүүний эрхээ сэргээлгэжээ. Энэ бүхэнд их хүчин чармайлт, цаг хугацаа хэрэгтэй байсан ч Еховад үйлчлэх хүслээ ер орхиогүй аж. Сүүлдээ, дахиад бүрэн цагийн эхлэгчээр үйлчлэх болжээ. Хожим нь, христиан хурлын үлгэр жишээ ахлагчтай гэрлэсэн бөгөөд одоо нөхрийнхөө хамт хуралдаа баяр хөөртэй үйлчилж байна. Зоня христиан замаасаа хэсэг зуур гарсандаа харамсдаг ч, Бурхнаас эмээдгийнхээ ачаар эргээд ирж чадсандаа баяртай байдаг гэнэ.
Нүгэл үйлдсэнээс зовсон нь дээр
5, 6. Давид Саулын амийг хоёр удаа хэлтрүүлэхдээ юу хийсэн бэ? Яагаад хэлтрүүлсэн бэ?
5 Бурхнаас эмээж, анхнаасаа нүгэл үйлдэхгүй байвал маш сайн. Үүнийг Давид батлан харуулсан билээ. Саул гурван мянган цэргийн хамт Давидыг мөшгөж яваад, Давид болон түүний хүмүүсийн нуугдаж байсан агуй руу орчихдог. Тэгтэл, хүмүүс Давидыг ятгаж, Саулыг алуулах гэдэг. Үнэхээр ч, заналт дайсныг нь Ехова гарт нь өгсөн гэлтэй. Давид Саул руу гэтэж очоод, хувцасных нь хормойноос сэм огтолж авдаг. Энэ тийм айхтар муу хэрэг биш байсан ч, тэрбээр Бурхнаас эмээдэг байсан учир сэтгэл нь ихэд шаналжээ. Тэгээд: «ЭЗЭН байгаа тул, ЭЗЭНий тосолсон өөрийн эзэнд би ийнхүү ханда[х нь]... надаас хол байг» гэж хэлэн, цөс нь хөөрсөн хүмүүсээ тайвшруулсан * (1 Самуел 24:1–7).
6 Шөнө болж, Саул цэргүүдтэйгээ хуарагнан буугаад, «ЭЗЭНээс ирсэн гүн нойр»-нд автжээ. Давид, эр зоригтой зээ дүү Абишаинхаа хамт хуарангийн дунд орж, унтаж буй Саулын дэргэд очиж зогсов. Абишаи Саулаас бушуухан салж, нэгмөсөн зүйл дуусгахыг хүсэж байлаа. Тэгэхэд нь Давид түүнийг хориглож, «ЭЗЭНий тосолсон хүний эсрэг гар далайчихаад хэн гэм буруугүй үлдэж чадах вэ?» хэмээн хэлдэг (1 Самуел 26:9, 12).
7. Нүгэл үйлдэхгүй байхад нь Давидад юу тусалсан бэ?
7 Хоёр ч удаа боломж олдож байхад Давид яагаад Саулыг алаагүй вэ? Саулаас айсандаа биш, Еховагаас эмээдэгтээ ингэжээ. Тийм ч учраас, нүгэл үйлдсэнд орвол, зовсон нь дээр гэж үзсэн аж (Еврей 11:25). Ехова ард түмнээ болон өөрийг нь хайрлан халамжилдаг гэдэгт Давид бүрэн дүүрэн итгэдэг байсан. Бурхныг үл тоомсорловол тааллыг нь олж чадахгүй, харин түүнд захирагдаж, найддаг бол аз жаргалтай амьдарч, арвин их ивээл хишиг хүртэнэ гэдгийг Давид мэдэж байсан (Дуулал 65:4). Мөн, Бурхан өөрийг нь хаан болгоно гэж амласнаа биелүүлж, цаг нь болохоор ямар нэг аргаар Саулыг зайлуулна гэдгийг ч мэдэж байсан (1 Самуел 26:10).
Бурхнаас эмээдэг хүн жаргалтай
8. Хавчлага дарамтад орсон Давидын жишээ бидэнд ямар сургамжтай вэ?
8 Христианууд бид доог тохуу, хавчлага дарамт болон өөр янз бүрийн сорилттой тулгарна гэдгээ мэддэг (Матай 24:9; 2 Петр 3:3). Заримдаа, итгэл нэгтнүүдээс маань болоод бэрхшээл гарах үе ч бий. Гэхдээ, Ехова бүхнийг харж, залбирлыг маань сонсож, цаг нь болохлоор тухайн асуудлыг хүсэл таалалдаа нийцүүлэн засаж залруулна гэдгийг бид мэддэг (Ром 12:17—21; Еврей 4:16). Тийм ч учраас, эсэргүүцэгчдээсээ айхын оронд Бурхнаас эмээж, биднийг авран хамгаална гэдэгт итгэлтэй байдаг. Давидын адилаар, бид өшөө авдаггүй бөгөөд зовлон амсахаас айж Библийн зарчмыг зөрчдөггүй. Эцэстээ энэ нь жаргал авчирдаг. Яагаад тийн хэлж болох вэ?
9. Бурхнаас эмээдэг бол хавчлага дарамтад орсон ч жаргалтай байж болдгийг жишээгээр хэлнэ үү.
9 Африкт олон жил үйлчилж байгаа нэг миссионер ийнхүү ярьсан юм. «Төвийг сахих христиан байр сууриасаа болоод намын батлах авахаас татгалзсан ээж охин хоёрын тухай би одоо хэр нь санадаг юм. Охин нь тэр үед өсвөр насных байсан. Тэднийг бөөн эрчүүд зэрлэгээр хүчирхийлээд, дараа нь гэртээ харихыг тушаасан байна. Гэр рүүгээ алхаж явах замдаа, ийм явдал болсны учрыг ойлгож ядаад уйлж явсан охиноо эх нь тайвшруулахыг оролдож байжээ. Тэр үед тэд зовлон гуниг дүүрэн байсан ч цэвэр мөс чанараа гээгээгүй юм. Хожим нь тэр хоёр Бурханд дуулгавартай байсандаа үнэхээр баярлаж билээ. Хэрэв намын батлах авсан бол олон түмнийг хөөрөгдөн баярлуулах байв. Тэгээд тэр хүмүүс тэдэнд нэг шил ундаа өгөөд, гэр хүртэл нь дагаж, тойрон бүжиглэх байлаа. Гэвч ээж охин хоёр тийнхүү буулт хийвэл энэ дэлхийн хамгийн аз жаргалгүй хүмүүс болно гэдгээ мэдэж байсан». Тэд Бурхнаас эмээдгийнхээ ачаар цэвэр мөс чанараа хадгалж, жаргалтай хэвээрээ үлджээ.
10, 11. Нэг эмэгтэй Бурхнаас эмээдгийнхээ ачаар ямар сайн үр дүнд хүрсэн бэ?
10 Бурхнаас эмээдэг бол амийг ариун гэж хүндэтгэн үздэгээсээ болж сорилттой тулгарсан ч жаргалтай байдаг. Хоёр хүүхэдтэй Мери гэдэг эмэгтэйг хөл хүндтэй байхад эмч нь үр хөндүүлэхийг ятгажээ. «Их л аюултай юм байна. Бие тань яагаад ч дийлэхгүй нь дээ. Хэзээ ч хүндэрч мэднэ. Хэрэв тэгэх л юм бол 24 цагийн дотор амиа алдаж, хүүхэд тань ч бас эндэнэ. Ямар ч байсан, хүүхэд хэвийн төрнө гэсэн баталгаа байхгүй» гэж тэр эмч хэлжээ. Тэр үед Мери Еховагийн Гэрчүүдтэй Библи судалж байсан бөгөөд хараахан баптисм хүртээгүй байв. Тэрбээр: «Гэхдээ, би юу ч болж байсан Еховад үйлчилж, түүнд захирагдахаар шийдчихсэн байсан» гэж ярьсан юм (Египетээс гарсан нь 21:22, 23).
11 Мери жирэмсэн байхдаа Библиэ шамдан судалж, гэр бүлдээ ч санаа тавьсаар байв. Тэгээд хүүхэд ч төржээ. «Энэ удаагийн төрөлт маань эхний хоёроосоо хүндэвтэр байсан ч, ноцтой юм болоогүй» гэж Мери хэлсэн. Тэрбээр Бурхнаас эмээдгийнхээ ачаар цэвэр мөс чанараа хадгалж чадсан бөгөөд удаа ч үгүй баптисм хүртжээ. Шинэ төрсөн хүүхэд нь ч Еховагаас эмээдэг хүн болон өсөж торниод, одоо Еховагийн Гэрчүүдийн байгууллагын нэг салбарт үйлчилж байна.
«Еховагаар өөрийгөө зоригжуулах нь»
12. Давид Бурхнаас эмээдгийнхээ ачаар хэрхэн зоригжсон бэ?
12 Давид Еховагаас эмээдэг байсныхаа ачаар буруу хэрэг хийхээс зайлсхийгээд зогсоогүй, хүнд хэцүү үед ухаалаг, шийдэмгий алхам хийх хүч авч зоригждог байв. Тэрбээр хүмүүсийнхээ хамт Саулаас зугтаж, Филистийн хөдөө нутаг болох Зиклагт жил зургаан сар хоргоджээ (1 Самуел 27:5–7). Нэг удаа эрчүүдийнх нь эзгүйд дээрэмчин амалекчууд ирж хотыг нь галдан шатаагаад, эхнэр хүүхэд, мал сүргийг нь авч одсон байв. Давид болон түүний хүмүүс эргэн ирж, юу болсныг хараад цурхиран уйлалджээ. Гэвч уй гашуу нь хоромхон зуур уур хилэнгээр солигдож, хүмүүс Давид руу чулуу шидэж алахаар ярилцав. Ийм хэцүү бэрх үе байсан ч Давид сэтгэлээр унаагүй юм (Сургаалт үгс 24:10). Тэрбээр Бурхнаас эмээдгийнхээ улмаас Еховад хандаж, «ЭЗЭНээр өөрийгөө зоригжуулсан». Давид болон түүний хүмүүс Бурхны тусламжтайгаар амалекчуудыг хөөж гүйцээд, бүх юмаа буцааж авчээ (1 Самуел 30:1–20).
13, 14. Нэг христиан Бурхнаас эмээдгийнхээ ачаар, хэрхэн зөв шийдвэр гаргасан бэ?
13 Өнөө үед ч бас Бурхны үйлчлэгчдэд Еховад найдаж, шийдэмгий алхам хийх шаардлага гардаг. Нэг жишээ авъя. Кристина бага байхдаа Еховагийн Гэрчүүдээр Библийн хичээл заалгадаг байжээ. Гэвч чадварлаг төгөлдөр хуурч болохыг хүсдэг байсан учраас энэ хүслээ биелүүлэх гэж явсаар мэдэгдэхүйц амжилт гаргах болов. Үүний зэрэгцээ, дэлгэрүүлэхээс ичиж, баптисм хүртээд, хариуцлага хүлээнэ гэхээс айж байв. Гэхдээ Бурхны Үгийг судлах тусам хүчийг нь улам бүр мэдрэх болжээ. Ингээд Еховагаас эмээдэг болж, «бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүчээрээ» өөрийг нь хайрлаасай гэж Ехова үйлчлэгчдээсээ хүсдэгийг ойлгосон байна (Марк 12:30). Тийм учраас, Еховад өөрийгөө зориулж, баптисм хүртжээ.
14 Тэрбээр сүнслэгээр өсөхөд туслахыг Еховагаас гуйдаг байв. «Төгөлдөр хуурч жилд 400 концертод тоглох гэрээ хийж, тасралтгүй аялж явдаг. Тиймээс, би төгөлдөр хуурч болохын оронд багшийн ажил хийж өөрийгөө тэжээгээд, бүрэн цагийн дэлгэрүүлэгч болохоор шийдсэн» гэж тэр ярьсан юм. Тэгэхэд Кристина улсынхаа хамгийн алдартай концертын танхимд анхны тайлан тоглолтоо хийхээр төлөвлөчихсөн байжээ. Ингээд амьдралдаа эхний бөгөөд эцсийн удаа бие даасан тоглолтоо хийсэн байна. Хожим нь Кристина христиан ахлагчтай гэрлэсэн бөгөөд одоо тэд Еховагийн Гэрчүүдийн нэг салбарт үйлчилж байна. Ехова өөрийг нь зоригжуулж, зөв шийдвэр гаргахад тусалсанд талархаж явдгийн зэрэгцээ Еховагийн төлөө цаг зав, хүч чадлаа зориулж байгаадаа Кристина жаргалтай байдаг гэнэ.
Үнэт өв хөрөнгө
15. Давид хүүхдүүддээ юуг, хэрхэн өвлүүлсэн бэ?
15 «Хүүхдүүд ээ, та нар ирж, намайг сонс. Би та нарт ЭЗЭНээс эмээхийг зааж өгье» гэж Давид бичсэн байдаг (Дуулал 34:11). Тэрбээр эцэг хүний хувьд хүүхдүүддээ үнэт өв хөрөнгө өвлүүлэхээр шийджээ. Энэ нь Еховагаас жинхэнэ ёсоор, зөв зохистой, чин сэтгэлээсээ айн эмээх явдал юм. Ехова бол хуулийг нь зөрчих тохиолдол бүрийг ажиглан харж байдаг нэхэл хатуутай, айдас төрөм Бурхан биш, харин дэлхийн хүүхдүүдээ хайрлан халамжилж, өршөөн уучилдаг Эцэг гэдгийг хүлээн зөвшөөрдгөө Давид үгээрээ ч, үйлсээрээ ч баталсан. Тэрбээр: «Алдаа эндэгдэл бүрийг алдалгүй хардаг хэн байна вэ?» гэж асуугаад, дараа нь, Ехова бидний алдаа дутагдлыг ажиглаад байдаггүй гэдэгт итгэдгээ харуулж: «Намайг үл анзаарагдам нүглээс ангид байлгаач!» хэмээжээ. Хамаг л байдгаараа хичээвэл үг яриа, бодол санаа нь Еховад таалагдана гэдэгт Давид итгэлтэй байсан (Дуулал 19:12, 14, «Byington»).
16, 17. Эцэг эх нь хүүхдүүдээ хэрхэн Еховагаас эмээж сургах вэ?
16 Давид орчин үеийн эцэг эхчүүдэд үлгэр дуурайл болдог. Еховагийн Гэрчүүдийн салбарт дүүтэйгээ хамт үйлчилдэг Ралф: «Эцэг эх маань биднийг өсгөж хүмүүжүүлэхдээ үнэний замаар явах нь аз жаргалтай гэж сургасан. Бага байхад аав ээж хоёр бидэнтэй хурлын үйл хэргийн тухай ярилцдаг байв. Тэгээд дүү бид хоёр тэдэн шиг, сүнслэг үйл хэрэгт идэвхтэй оролцдог болсон. Тэд, бид хоёрыг Еховагийн үйл хэрэгт хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэдэг болгож хүмүүжүүлсэн. Манайх дэлгэрүүлэгч нэн шаардлагатай оронд нэлээн хэдэн жил үйлчилж, шинэ шинэ хурал үүсгэн байгуулалцаж билээ» хэмээн ярьсан юм.
17 Тэрбээр цааш нь: «Эцэг эх маань Еховаг бодитойгоор төсөөлдөг, дэндүү сайхан сэтгэлтэй, сайн Бурхан гэж итгэдэг байсан нь биднийг зөв замаар явахад тус болсон. Түүнээс биш, болно, болохгүй гэсэн хатуу дүрмийн жагсаалт хэрэггүй байв. Тэд Еховаг илүү сайн мэдэж, түүнд таалагдахыг хичээдэг хүмүүс байсан. Еховагаас чин сэтгэлээсээ эмээж, түүнийг хайрладаг занг нь бид сурсан юм. Биднийг буруу юм хийвэл, Ехова хайрлахаа больсон мэтээр ойлгуулах юм уу, уурын мунхгаар хатуу цээрлүүлдэг байгаагүй. Ихэнхдээ, бидэнтэй хамт суугаад, аядуу зөөлөн ярилцдаг, ээж заримдаа ой тойнд ортол хэлж сургаж байхдаа нулимс унагадаг байж билээ. Тэдний арга ч үр дүнгээ өгсөн. Еховагаас эмээнэ гэдэг бол их сайхан юм байдаг, Гэрч нь байна гэдэг бол дарамт биш, баяр хөөр байдаг гэдгийг дүү бид хоёр эцэг эхийнхээ үг яриа, үйл хэргээс сурсан юм даа» гэж ярьжээ (1 Иохан 5:3).
18. Бурхнаас эмээдэг бол ямар шагнал хүртэх вэ?
18 «Бурхнаас айн эмээж, зөв шударгаар хүмүүсийг захирдаг нэгэн нь наран мандах өглөөний гэрэл» гэж «Давидын сүүлчийн үгс»-д бичсэн байдаг (2 Самуел 23:1, 3, 4). Давидын өв залгамжлагч, хүү Соломон нь Еховагаас «дуулгавартай зүрх» (ШЕ), «сайн мууг ухааран ялгах чадвар» гуйсныг бодоход дээрх үгийг ухаарч ойлгосон бололтой (Хаадын дээд 3:9). Еховагаас эмээдэг бол мэргэн ухаантай, аз жаргалтай байна гэдгийг Соломон хүлээн зөвшөөрчээ. Хожим нь, тэрбээр «Номлогчийн үгс» номынхоо төгсгөлд: «Энэ бүхнийг сонордоод, дүгнэхэд Бурхнаас эмээж, Түүний тушаалыг дагагтун. Энэ нь хүн бүхэнд хамаарна. Бурхан сайн, муу гэж ялгалгүй нууцлагдсан юм бүрийг, бүх үйлийг шүүлтэд аваачих болно» гэж бичжээ (Номлогчийн үгс 12:13, 14). Энэ зөвлөгөөг дагавал, «даруу зан хийгээд ЭЗЭНээс эмээхүйн шагнал болбоос» мэргэн ухаан, аз жаргал, «амь, алдар хүнд, эд баялаг» юм (Сургаалт үгс 22:4).
19. Бид яавал «ЭЗЭНээс эмээхүйг» ухаарах вэ?
19 Бурхнаас зүй зохистой эмээх нь Еховагийн Гэрчүүдийн амьдралд хамгийн чухал зүйл байдгийг Бурхны эртний болон орчин үеийн үйлчлэгчдийн жишээнээс үзлээ. Бурхнаас эмээдэг бол тэнгэрийн Эцгийнхээ таалдаггүй үйлээс зайлсхийгээд зогсохгүй эсэргүүцэгчидтэй нүүр тулахдаа зоригтой байж, сорилт бэрхшээлийг давах хүчтэй болдог. Тийм учраас, хөгшин, залуу бүгдээрээ Бурхны Үгийг шамдан судалж, сурч мэдсэнээ эргэцүүлэн бодож, байнга чин сэтгэлээсээ залбирч, Еховад ойртохыг хичээцгээе. Ингэвэл бид «Бурхны мэдлэгийг олж авах»-аас гадна, «ЭЗЭНээс эмээхүйг» ухаарна (Сургаалт үгс 2:1–5).
[Зүүлт]
^ Нэрийг өөрчлөв.
^ Давидыг 57, 142-р дууллыг зохиоход хүргэсэн үйл явдлуудын нэг нь энэ болов уу.
Тайлбарлана уу
Бурхнаас эмээдэг бол...
• ...хэрхэн ноцтой нүглээсээ ангижирч, сүнслэгээр сэргэдэг вэ?
• ...сорилт, хавчлага тулгарахад хэрхэн жаргалтай байж болох вэ?
• ...Бурхны хүсэл тааллыг биелүүлэхдээ хэрхэн зоригдог вэ?
• ...энэ нь үр хүүхдэд маань үнэт өв хөрөнгө болдгийн учир юу вэ?
[Догол мөрийн асуулт]