Skip to content

Гарчиг руу орох

Иов бол тэсвэр тэвчээр, үнэнч байдлын үлгэр жишээ мөн

Иов бол тэсвэр тэвчээр, үнэнч байдлын үлгэр жишээ мөн

Иов бол тэсвэр тэвчээр, үнэнч байдлын үлгэр жишээ мөн

«Миний боол Иовын талаар чи бодов уу? Түүн шиг Бурхнаас эмээдэг, бузар муугаас зайлдаг, гэм зэмгүй, шулуун шударга хүн газар дэлхий дээр ганц ч алга» (ИОВ 1:8).

1, 2. а) Иовд ямар зовлон гэнэт тохиолдсон бэ? б) Гай зовлон тохиолдохоос өмнө Иовын амьдрал ямар байсан бэ?

 ЭД ХӨРӨНГӨ, алдар нэр, эрүүл бие, сайхан гэр бүл гээд юм юмтай нэгэн хүн байж гэнэ. Гэтэл, ар араасаа залгасан аймшигт зовлон түүнийг дайрав. Эд хөрөнгөө эгшин зуурт л алдаж. Хэдэн хүүхэд нь ч догшин шуурганд үрэгдлээ. Удалгүй, өөрөө хүнд хэцүү өвчин тусаж, хамаг бие нь яр хатгинд бариулав. Энэ хүнийг Иов гэх бөгөөд эл явдлыг дүрсэлсэн Библийн номыг түүний нэрээр нэрлэжээ (Иов 1, 2-р бүлэг).

2 Тэрбээр: «Би өнгөрөн одсон саруудынх шигээ... байсан ч болоосой» хэмээн гасалсан байдаг (Иов 3:3; 29:2). Зовлон гамшиг тохиолдоход, урьдын сайхан цагаа дурсдаггүй хэн байх билээ? Иов сайн сайхан амьдарч, золгүй явдал түүнээс холуур өнгөрдөг байсан гэлтэй. Нэр алдартай хүмүүс түүнийг хүндэлж, зөвлөгөө авахаар зорьж ирнэ (Иов 29:5–11). Тэрбээр баян чинээлэг ч гэсэн, эд мөнгөндөө найдаж байсан удаагүй (Иов 31:24, 25, 28). Ядарч яваа өнчин хүүхэд, бэлэвсэн эмэгтэйчүүдтэй таарвал гар татна гэж үгүй (Иов 29:12–16). Түүнээс гадна, авааль гэргийдээ чин үнэнч нөхөр байлаа (Иов 31:1, 9, 11).

3. Ехова Иовыг ямар хүн гэж үзсэн бэ?

3 Иов Ехова Бурхныг шүтдэг байсан учир гэмгүй сайхан амьдарч иржээ. Ехова түүний тухай: «Түүн шиг Бурхнаас эмээдэг, бузар муугаас зайлдаг, гэм зэмгүй, шулуун шударга хүн газар дэлхий дээр ганц ч алга» гэж хэлсэн байдаг (Иов 1:1, 8). Гэвч цэвэр ариун явсан Иовын ая тухтай амьдрал гай зовлонгоос болж орвонгоороо эргэжээ. Хөдөлмөрлөж олсон бүхнээ алдаж, бие, сэтгэлийн зовлон амсаж, гуниг цөхрөлд автах үед жинхэнэ зан чанар нь соригдов.

4. Иовд учирсан сорилтыг авч үзэх нь яагаад ач тустай вэ?

4 Иов Бурхны үйлчлэгчдийн дотроос ганцаараа ийм зовлон амсаж байгаагүй нь тодорхой. Өнөөдөр олон христиан түүний зовлонг ойлгодог. Тиймд, «Иовд учирсан сорилтыг санаж байх нь гай зовлон тохиолдоход ямар ач тустай вэ? Мөн зовж шаналж буй хүмүүсийг илүү сайн ойлгоход хэрхэн туслах вэ?» гэсэн хоёр асуултыг авч үзэх нь зүйтэй.

Үнэнч байдлын талаарх маргаантай асуудал ба сорилт

5. Сатан Иовыг ямар шалтгаанаар Бурханд үйлчилдэг гэж хэлсэн бэ?

5 Хэн хүнд тохиолдоод байдаггүй ер бусын явдал Иовд тохиолджээ. Диавол түүнийг ямар сэтгэлээр Бурханд үйлчилдэг вэ гэдэг асуудлыг өөрт нь мэдэгдэлгүйгээр хөндөж тавьсан байлаа. Ехова сүнсэн хөвгүүдээ тэнгэрт цугларах үед тэдэнд Иовын сайхан чанаруудыг хэлдэг. Тэгэхэд нь Сатан: «Та түүний дээр болон түүний гэр орон, түүнд байгаа бүхний дээр бүх талд нь хэрэм босгоогүй гэж үү?» хэмээн өчжээ. Үүгээрээ, Иовыг хувиа бодсондоо Еховад үйлчилдэг гэж батлан, битүүхэндээ Бурхны бүх үйлчлэгчийг хэлсэн хэрэг ажээ. Тэгээд цааш нь: «Мутраа сунган, түүнд байгаа бүхэнд хүрээч. Тэрээр Таны нүүрэн дээр Таныг зайлшгүй хараах болно» гэв (Иов 1:8–11).

6. Сатан ямар чухал асуудлыг хөндөж тавьсан бэ?

6 Энэ их чухал асуудал байлаа. Сатан Еховаг хэмжээгүй эрх мэдлээ хэрхэн хэрэгжүүлдэг талаар маргаан гаргажээ. Үүнээс үүдээд, «Бурхан орчлонт ертөнцийг үнэхээр хайрын сэтгэлээр захирч чадах уу? Эсвэл, Сатаны хэлснээр, аминч үзэл хүн төрөлхтнийг ноёрхсоор байх уу?» гэсэн асуулт урган гарсан. Ехова Иовыг үнэнч үлдэж чадна гэдэгт итгэдэг учраас үнэнч байдлын жишээ болгохоор шийдэн, түүнийг сорихыг Диаволд зөвшөөрчээ. Тиймээс Сатан Иовыг тасралтгүй зовоох болсон аж. Эхний довтолгоо нь амжилтгүй болмогц Иовыг өвчнөөр шаналгасан. Тэрбээр: «Арьсыг арьсаар! Тийм ээ, өөрт байгаа бүхнээ хүн амийнхаа төлөө өгдөг юм» хэмээн итгэлтэй хэлсэн байдаг (Иов 2:4).

7. Бурхны орчин үеийн үйлчлэгчид, Иовын адилаар, ямар ямар гай зовлонд өртдөг вэ?

7 Өнөөгийн христиануудын ихэнх нь Иовынх шиг их зовлон амсдаггүй ч, ямар нэг сорилттой заавал тулгардаг. Олон хүн хавчлагад өртөх юм уу гэр бүлд нь бэрхшээл гардаг. Мөнгө төгрөгөөр гачигдах, эрүүл мэнд муудах үе ч бий. Зарим нь итгэл үнэмшлийнхээ төлөө амиа золиосолдог. Мэдээж, бидний амсдаг бүх зовлонг дан ганц Сатан учруулдаг гэж хэлж болохгүй. Зарим бэрхшээл өөрсдийн маань алдаа дутагдал, эцэг эхээс удамшсан биеийн байдлаас болох нь ч бий (Галат 6:7). Өтөл нас, байгалийн гамшиг бидний хэнийг ч тойрдоггүй. Өнөө үед Ехова үйлчлэгчдээ гай зовлонгоос гайхамшгаар хамгаалахгүй гэдгийг Библид тодорхой хэлсэн байдаг (Номлогчийн үгс 9:11).

8. Сатан биднийг зовоохын тулд гай зовлонг хэрхэн ашиглаж чадах вэ?

8 Гэхдээ Сатан бидний итгэлийг эвдэн бусниулахын тулд гай зовлонг ашиглаж ч мэднэ. Паул «Сатаны элч» болох «махан биеийн өргөс»-ндөө нударгалуулан зовдог тухайгаа бичсэн байдаг (2 Коринт 12:7). Энэ нь нүдний өвчин гэх мэт бие махбодын зовуурь юм уу, эсвэл өөр юм байсан байх. Аль нь ч байлаа гэсэн, Сатан баяр баясгаланг нь үгүй хийж, үнэнч байдлыг нь эвдэн бусниулахын тулд бэрхшээлээр нь далимдуулан, сэтгэлээр унагаж дөнгөнө гэдгийг Паул ойлгож байсан (Сургаалт үгс 24:10). Өнөөдөр Сатан гэр бүлийнхэн, ангийн хамт олон, тэр байтугай, дарангуйлагч засгийн газруудыг Бурхны үйлчлэгчдийн эсрэг турхирч, хавчлага дарамт учруулж юу магад.

9. Гай зовлон, хавчлага дарамт учрахад яагаад хэтэрхий их гайхах хэрэггүй вэ?

9 Тийм бэрхшээлийг амжилттай даван туулахын тулд яах хэрэгтэй вэ? Тухайн бэрхшээлийг, Бурхнаа хувиршгүй сэтгэлээр хайрлаж, эрх мэдэлд нь хэлбэрэлтгүй захирагддагаа харуулах нэг боломж гэж үзэх нь зүйтэй (Иаков 1:2–4). Ямар ч шалтгаанаас болоод зовж байсан, Бурханд үнэнч байхын чухлыг ойлгодог бол сүнслэг дүн нуруугаа алдахгүй байж чадна. Элч Петр христиануудад: «Хайртай хүмүүс минь, та нарыг сорихын тулд дунд чинь ирдэг галт сорилтод ямар нэгэн хачирхалтай юм та нарт тохиолдсон мэт бүү гайх» гэж бичсэн байдаг (1 Петр 4:12). Мөн Паул: «Христ Есүс дотор бурханлаг амьдрахыг хүсэгч бүх хүн хавчигдах болно» гэжээ (2 Тимот 3:12). Сатан Иовын үнэнч эсэхэд эргэлзэж байсан шигээ, өнөөдөр ч бас Еховагийн Гэрчүүдийн үнэнч эсэхэд эргэлзэж, маргаан дэгдээдэг. Тэрбээр өнөөгийн эцсийн өдрүүдэд Бурхны ард түмэн рүү улам ширүүн довтолж байгааг Библид тодорхой хэлдэг (Илчлэлт 12:9, 17).

Буруу ойлголт ба ашиггүй зөвлөгөө

10. Иов бидний мэддэг юуг мэдэхгүй байсан бэ?

10 Иов зовлонгийнхоо шалтгааныг мэдэхгүй байсан бол бид мэддэг. Тэрбээр: «ЭЗЭН өгсөн, ЭЗЭН зайлуулан авлаа» хэмээн буруу ойлгож байжээ (Иов 1:21). Энэ зовлонг Бурхан учруулсан мэтээр ойлгуулахыг Сатан зориуд хичээсэн бололтой.

11. Гай зовлон тохиолдоход Иовын хэрхсэнийг тайлбарлана уу.

11 Иов эхнэрийнхээ ятгаснаар Бурхныг хараагаагүй ч, сэтгэл нь гүн хямарсан байв (Иов 2:9, 10). Тэрбээр: «Муу хүмүүс надаас сайхан амьдарч байх юм» гэж хэлжээ (Иов 21:7–9). Тэгээд, «Бурхан намайг яагаад шийтгэж байгаа юм бэ?» гэж гайхсан биз ээ. Зүгээр л үхмээр санагдах үе ч гарч байсан учраас: «Та намайг Үхэгсдийн оронд нууж, Таны уур хилэн буцтал Та намайг хадгал[даг]... ч болоосой» гэж уулга алдсан удаатай (Иов 14:13).

12, 13. Гурван найзынх нь хэлсэн үг Иовд хэрхэн нөлөөлсөн бэ?

12 Иовын гурван найз түүн дээр ирсэн нь «тайтгаруулж, тайвшруулах» гэснийх бололтой (Иов 2:11). Гэвч тэд, үнэн чанартаа, «хөөрхийлөлтэй тайтгаруулагчид» байлаа (Иов 16:2). Уг нь, Иов анд нөхдийнхөө тусламж дэмжлэгтэйгээр зовлонгоо нимгэлж болох л байсан. Гэвч, мөнөөх гурав Иовыг улам зовоож, сэтгэлээр унагажээ (Иов 19:2; 26:2).

13 Иов: «Яагаад заавал би гэж? Би ингэж зовохоор юу хийсэн юм бэ?» гэж бодсон биз ээ. Дээр нь, гурван найзынх нь тайлбарлаж хэлсэн үг түүнийг бүр ч төөрөлдүүлсэн. Тэд Иовыг ноцтой нүгэл үйлдсэн учраас зовж байна гэж боджээ. «Гэмгүй атлаа мөхсөн хэн байна? [...] Миний харсны дагуу гэм бурууг хагалж, зовлон зүдгүүрийг таригчид түүнийгээ хурааж авдаг» гэж Елифаз хэмээх найз нь хэлдэг (Иов 4:7, 8).

14. Бурханд таалагдахгүй үйлээс болж зовдог гэсэн дүгнэлтэд шууд хүрч яагаад болохгүй вэ?

14 «Сүнсэнд» бус, «махан биед» таривал бэрхшээл үүсэх нь ойлгомжтой (Галат 6:7, 8). Гэхдээ өнөөгийн нийгэмд биднээс шалтгаалахгүй зовлон гарч ирдэг. Хүн хэчнээн гэм зэмгүй байлаа гээд бүх зовлонгоос ангид байдаггүй. Жишээ нь, «бузартаагүй агаад нүгэлтнүүдээс тусгаарлагдсан» Есүс Христ хүртэл шонд хадуулан тарчилж, элч Иаков итгэл үнэмшлийнхээ төлөө тамлагдаж үхсэн (Еврей 7:26; Үйлс 12:1, 2). Иов гурван найзынхаа өгсөн буруу зөвлөгөөнөөс болж нэр төрөө хамгаалж, гэм зэмгүй гэдгээ шургуу батлахад хүрчээ. Тэд өөрийг нь заавал зовох ёстой гэж байнга хэлж байснаас болж тэрбээр Бурхны шударга эсэхэд эргэлзэж эхэлсэн ч байж магад (Иов 34:5; 35:2).

Гай зовлон учирвал тусламж хайх нь

15. Сорилтыг амжилттай даван туулахын тулд юун тухай бодох ёстой вэ?

15 Иовын жишээ бидэнд сургамжтай юу? Гай зовлонд унах, өвчин эмгэг тусах, хавчлага дарамттай тулгарахад дэндүү шударга бус санагдаж болох юм. Тиймэрхүү бэрхшээлүүд зарим хүнийг тойроод л гардаг юм шиг (Дуулал 73:3–12). Заримдаа бид өөрсдөөсөө: «Би ямар ч үед Еховад хайрын үүднээс үйлчилдэг бил үү? «Муулагчдаа хариу барихад» нь Еховад нэмэр болохыг үнэхээр хүсдэг үү?» гэж асууж байх хэрэгтэй (Сургаалт үгс 27:11; Матай 22:37). Бусад хүний бодлогогүй хэлсэн үгнээс болж тэнгэрийн Эцэгтээ эргэлзэж хэрхэвч болохгүй. Архаг хуучаасаа болж олон жил зовж шаналсан нэг үнэнч христиан эмэгтэй: «Еховагийн зөвшөөрсөн бүгдийг би тэсэх л болно. Ехова надад үргэлж хүч өгч байсан. Одоо ч бас, шаардлагатай хүч өгнө гэдгийг би сайн мэдэж байна» гэж нэгэнтээ хэлсэн байдаг.

16. Хүнд бэрх үед Бурхны Үг яаж тус болдог вэ?

16 Иовыг бодвол бид Сатаны «хөнөөх санааг... ямар мэдэхгүй биш» (2 Коринт 2:11). Тэгээд ч, бидэнд тус болох мэргэн ухаан хангалттай бий. Библид янз бүрийн бэрхшээлээ даван туулж чадсан үнэнч хүмүүсийн жишээ олон байдаг. Хамгийн их зовсон христиануудын нэг болох элч Паул: «Эрт үед бичигдсэн аливаа зүйл нь биднийг сургахын тулд бичигдсэн юм. Ингэснээр Судруудын тэвчээр болон урамшуулалтаар дамжуулан бидэнд найдвар байх юм» хэмээн бичжээ (Ром 15:4). Европт амьдардаг нэг Гэрч Дэлхийн хоёрдугаар дайны үед итгэл үнэмшлээсээ болоод шоронд хоригдож байхдаа гурван өдрийн хоолоо авахын оронд Библи авчээ. Тэрбээр: «Тэгж сольсон нь хэчнээн их ивээл авчирсан гэж санана! Тэр хэцүү бэрх үед хоосон ходоодтой хэр нь, өөрийгөө ч, бусдыгаа ч тэжээх сүнслэг хоолтой болсон юм. Би өнөөг хүртэл тэр Библиэ хадгалж байгаа» гэж ярьжээ.

17. Биднийг тэсэж тэвчихэд Бурхан юугаар тусалдаг вэ?

17 Библийн тусламжтайгаар тайвшрахаас гадна, Библийг ойлгоход тусалдаг олон ном хэвлэлээс бэрхшээлээ амжилттай даван туулахад туслах удирдамж заавар авч болдог. Жишээ нь, та «Харуулын Цамхаг Нийгэмлэгийн хэвлэлийн товъёг» үзвэл өөрийнхтэйгөө төстэй бэрхшээл амсаж байсан Гэрчүүдийн намтрыг олж болох юм (1 Петр 5:9). Өөрсдийг маань сайн ойлгодог ахлагчид, төлөвшсөн христиануудтай бэрхшээлийнхээ тухай ярилцах нь ч бас ач тустай. Хамгийн чухал нь, Еховад залбирч, ариун сүнснийх нь тусламжид найдах хэрэгтэй. Паул Сатаны «нударгыг» яаж эсэргүүцэж чадсан бэ? Бурхны хүчинд найдаж сурсан учраас тэр (2 Коринт 12:9, 10). Тийм болохлоор, «Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна» гэж бичжээ (Филиппой 4:13).

18. Итгэл нэгтнүүд маань хэрхэн үнэлж баршгүй урам зориг өгдөг вэ?

18 Тусламж авах боломж үнэхээр байгаа учир түүнээс хэзээ ч бүү татгалзаарай. «Хэрэв чи бэрх цагт сул дорой байваас [«гутарваас», ШЕ] хүч тэнхээ чинь сул аж» гэсэн сургаал үг бий (Сургаалт үгс 24:10). Зэв төмрийг иддэг шиг гутарсан сэтгэл христиан хүний үнэнч байдлыг эвдэн бусниулах аюултай. Тийм аюулыг даван туулахад Ехова итгэл нэгтнүүдээр маань дамжуулж бидэнд тусалдаг. Есүсийг баригддаг шөнө тэнгэр элч ирж, хүч тэнхээ өгч байсан (Лук 22:43). Паул хоригдол болоод Ром руу хүргэгдэж явахдаа Аппиу Форум болон «Гурван дэн буудал»-д итгэл нэгтнүүдтэйгээ уулзаад, «Бурханд талархаж зориг оржээ» (Үйлс 28:15). Германы нэг Гэрч эмэгтэй өсвөр настай байхдаа Равенсбрюкийн бөөнөөр хорих лагерьт хүргэгджээ. Тэр үед бусдын тус дэмжлэгийг авсан тухайгаа одоо ч санадаг гэнэ. «Итгэл нэгт эгч намайг шууд олоод, халуун дотноор угтан авч билээ. Бас нэг эгч намайг асран халамжилж, сүнслэг ээж минь болсон юм» гэж тэрбээр ярьжээ.

«Үнэнч шударга бай»

19. Сатаныг эсэргүүцэхэд нь Иовд юу тус болсон бэ?

19 Ехова Иовыг «үнэнч шударга байдлаа хадгалсаар л байна» гэж хэлсэн (Иов 2:3). Иов яагаад зовсноо ойлгохгүй, сэтгэлээр унаж байсан ч Бурханд гуйвшгүй үнэнч байж, маргаантай асуудалд байр сууриа хадгалж чадсан. Тэрбээр амьдралын зорилгоосоо хэзээ ч ухраагүй юм. Тиймээс: «Үхэн үхтэлээ би үнэнч байдлаа өөрөөсөө холдуулахгүй» гэж итгэлтэй хэлжээ (Иов 27:5).

20. Яагаад тэвчих ёстой вэ?

20 Бид бас тийм шийдэмгий байвал хорхой хүргэм зүйл, эсэргүүцэл хавчлага, зовлон бэрхшээл гээд ямар ч юм тохиолдсон үнэнч үлдэж чадна. Есүс Смирнагийн хуралд: «Эдлэх гэж буй зовлонгоосоо бүү ай. Үзэгтүн, диавол та нарыг сорихын тулд та нараас заримыг чинь шоронд хаях гэж байна. Та нарт арван өдөр гай зовлон [сэтгэлийн шаналал, дарамт] учрах болно. Үхэл хүртэл итгэмжтэй [«үнэнч шударга», ШГ] бай. Тэгээд Би чамд амийн титмийг өгнө» гэж хэлсэн байдаг (Илчлэлт 2:10).

21, 22. Юунд итгэлтэй байвал зовлонгоо тэвчиж чадах вэ?

21 Сатаны удирдан захирч буй энэ ертөнцөд бид тэсвэр тэвчээр, үнэнч байдлын сорилтод орох нь зайлшгүй. Гэсэн хэдий ч, Есүс бидэнд ирээдүйнхээ тухай санаа зовох хэрэггүй гэж батлан хэлсэн. Хамгийн гол нь, үнэнч байдлаа хадгалах нь чухал. Зовлон бол «цаг зуурынх», харин «алдар» буюу Еховагийн амласан шагнал бол «үлэмж арвинаар бий болж байгаа», «мөнхийнх» гэдгийг Паул хэлсэн (2 Коринт 4:17, 18). Иовын амссан зовлон өмнө нь болон дараа нь эдэлсэн жаргалтай харьцуулахад цаг зуурынх байсан (Иов 42:16).

22 Гэхдээ л, заримдаа, тулгарч буй сорилт дуусашгүй, амсаж буй зовлон маань тэвчишгүй санагдаж болох юм. Дараагийн өгүүллээр, Иовд тохиолдсон явдал бидэнд тэсвэр тэвчээрийн талаар өөр юу заадгийг үзье. Мөн зовж шаналсан нэгнээ зоригжуулах аргыг ярилцъя.

Та юу гэж хариулах вэ?

• Сатан Иовын үнэнч байдлын талаар ямар маргаантай асуудал босгосон бэ?

• Зовлон тохиолдоход яагаад хэтэрхий гайхах хэрэггүй вэ?

• Тэвчээртэй байхад Ехова хэрхэн тусалдаг вэ?

[Догол мөрийн асуулт]