Skip to content

Гарчиг руу орох

«Та нар Иовын тэсвэр тэвчээрийн тухай сонссон»

«Та нар Иовын тэсвэр тэвчээрийн тухай сонссон»

«Та нар Иовын тэсвэр тэвчээрийн тухай сонссон»

«Та нар Иовын тэсвэр тэвчээрийн тухай сонсож, Эзэн [«Ехова», ШЕ] эцэст нь юу хийснийг харсан. Яагаад гэвэл Эзэн [«Ехова», ШЕ] энэрлээр дүүрэн агаад өршөөнгүй юм» (ИАКОВ 5:11).

1, 2. Польшид амьдардаг гэр бүлийн нэгэн хос ямар сорилттой тулгарсан бэ?

 ХАРАЛЬД АБТ Польшийн хойт зүгт орших Данциг (одоогийн Гданьск) хотод амьдардаг байв. Түүнийг Еховагийн Гэрч болсноос хойш жил гаруйн дараа Гитлерийн арми хотыг нь эзэлжээ. Тэр үеэс жинхэнэ христиануудын хувьд байдал тун ч эгзэгтэй, нарийн яривал, аюултай болж эхэлжээ. Гестапо Харальдаар итгэл үнэмшлээсээ ухрах тухай баримт бичигт гарын үсэг зуруулахыг хүчээр оролдсон ч Харальд татгалздаг байв. Түүнийг шоронд хэдэн долоо хоног суулгаад, Заксенхаузены бөөнөөр хорих лагерьт аваачиж, байнга сүрдүүлж, зоддог болсон байна. Нэг офицер хүүр шатаах газрын яндан руу заагаад, Харальдад: «Хэрэв чамайг итгэлээсээ няцахгүй бол хоёр 7 хоногийн дараа Ехова руу чинь явуулж орхино шүү» гэж хэлжээ.

2 Харальдыг баривчлагдах үед эхнэр Эльза нь арван сартай охиноо хөхөөр хооллодог байв. Гэсэн ч Гестапо эхнэрийг нь зүгээр орхисонгүй. Удалгүй хүүхдийг нь салган авч, Эльзаг Аушвицын бөөнөөр хорих лагерьт аваачжээ. Гэвч Эльза, Харальдын нэгэн адил, олон жил тэвчээр зааж чадсан юм. Тэдний түүхийг «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1980 оны дөрөвдүгээр сарын 15-ны дугаарт дэлгэрэнгүй бичсэн байдаг. Харальд: «Би Бурханд итгэдгийнхээ төлөө амьдралынхаа 14 жилийг бөөнөөр хорих лагерь болон шоронд өнгөрөөсөн. Хүмүүс надаас: „Энэ бүгдийг тэвчихэд эхнэр тань тусалсан уу?“ гэж асуудаг. Эхнэр маань үнэхээр тус болж байсан! Эльзаг итгэлээсээ хэзээ ч ухрахгүйг анхнаасаа л мэдэж байсан маань надад их дэм болсон. Эльза минь намайг итгэл үнэмшлээсээ ухраад, суллагдсан байхыг харснаас дамнуурган дээр амьгүй хэвтэж байхыг харсан нь илүү дээр гэж үзнэ гэдгийг би мэдэж байсан. [...] Тэр минь Германы хорих лагериудад олон жил хүнд бэрхийг тэвчиж чадсан юм» гэж бичжээ.

3, 4. а) Хэний жишээнээс тэсвэр тэвчээртэй байх урам зориг авч болох вэ? б) Ямар учраас Иовын түүхийг анхаарч үзэх хэрэгтэй вэ?

3 Зовлонг тэвчихэд үнэхээр хэцүү байдгийг олон Гэрч баталдаг. Тэгээд ч, Библи христиан хүн бүрд: «[Бурхны] нэрээр ярьж байсан эш үзүүлэгчдийг... зовлон ба тэвчээрийн жишээ болгогтун» гэж зөвлөдөг (Иаков 5:10). Олон зууны туршид Еховагийн үйлчлэгчид шалтгаангүйгээр хавчигдаж ирсэн. Тэр гэрчүүдийн үзүүлсэн жишээ бидэнд христиан уралдаандаа тэвчээртэй гүйх урам зориг өгдөг (Еврей 11:32–38; 12:1, ШГ).

4 Иовын үзүүлсэн тэсвэр тэвчээрийн гайхамшигтай жишээг Библид тэмдэглэсэн байдаг. Иаков: «Харагтун, бид тэвчсэн хүмүүсийг ерөөгдсөнд тооцдог. Та нар Иовын тэсвэр тэвчээрийн тухай сонсож, Эзэн [«Ехова», ШЕ] эцэст нь юу хийснийг харсан. Яагаад гэвэл, Эзэн [«Ехова», ШЕ] энэрлээр дүүрэн агаад өршөөнгүй юм» хэмээн бичжээ (Иаков 5:11). Зовлонг тэвчсэн үнэнч Гэрчүүдийг Еховагийн шагнал хүлээж байгааг Иовын жишээ харуулдаг. Хамгийн чухал нь, сорилтыг тэвчихэд туслах мэдлэг өгдөг. «Сорилтод орсон үедээ, юуны түрүүнд, Бурханд үнэнч үлдэх тухайгаа мартах ёсгүйн учир юу вэ? Ямар зан чанар, сэтгэлгээтэй байвал тэвчээртэй байж чадах вэ? Зовж буй итгэл нэгтнүүдээ сүнслэгээр бэхжүүлэхийн тулд яах хэрэгтэй вэ?» гэсэн асуултын хариуг «Иов» номоос авцгаая.

Бурханд үнэнч үлдэх тухайгаа мартах ёсгүйн учир

5. Сорилт, хорхой хүргэм зүйлтэй таарвал ямар чухал асуудлыг санах хэрэгтэй вэ?

5 Зовох цагтаа сүнслэг дүн нуруугаа алдахгүйн тулд Бурханд үнэнч үлдэх тухайгаа санах нь чухал. Эс тэгвэл, өөрт тохиолдож буй бэрхшээлээс болоод сүнслэг хараагаа муутгаж мэднэ. Тэнгэрийн Эцэг маань: «Хүү минь, мэргэн байж, зүрхийг минь баярлуул. Энэ нь намайг муулагчид хариу барьж чадахын тулд юм» хэмээн уриалсныг бид дор бүрнээ санаж явах учиртай (Сургаалт үгс 27:11). Энэ бол бидэнд тохиох ховорхон завшаан юм. Бид хэдий сул дорой, төгс бус ч гэсэн, Бүтээгчээ баярлуулах бүрэн боломжтой. Яаж? Еховаг хайрлах хайрынхаа үүднээс аливаа сорилт, хорхой хүргэм зүйлийг тэвчиж чадвал Бүтээгч маань баярлана. Жинхэнэ христиан хайр «бүгдийг тэсвэрлэдэг. Хэзээ ч дуусдаггүй» юм (1 Коринт 13:7, 8).

6. Сатаныг, «Бурхныг муулагч» гэж нэрлэдэг нь юу гэсэн үг вэ?

6 Бурхныг «муулагч» нь Сатан гэдгийг «Иов» ном тодорхой харуулдаг. Түүнчлэн, энэхүү үл үзэгдэх дайсан хорон муу санаатай бөгөөд Бурхантай тогтоосон харьцааг маань эвдэн бусниулахыг хүсдэг тухай уг номоос мэдэж болно. Сатан Еховагийн бүх үйлчлэгчийг амин хувиа бодсондоо Бурханд үйлчилдэг гэж буруутган, Бурхныг гэсэн хайр нь яваандаа хөрнө хэмээн нотлохыг оролддог. Тэрбээр Еховаг олон мянган жил буруутгаж байгаа билээ. Сатаныг дэлхий рүү хаягдахад тэнгэрээс нэг дуу гарч, түүнийг: «Бурхны өмнө ах дүүсийг маань өдөр шөнөгүй буруутгадаг» гэж хэлсэн байдаг (Илчлэлт 12:9–10). Бид үнэнч, тэвчээртэй байсан цагт л Сатаны худалч гэдгийг баталж чадна.

7. Яавал махан биеийн сул дорой байдлаа тэвчиж чадах вэ?

7 Бидэнд янз бүрийн гай зовлон тохиолддог. Диавол биднийг Еховагаас холдуулахын тулд тийм гай зовлонг ашигладгийг мартаж болохгүй. Жишээ нь, Есүсийг хэдийд сорилоо? Олон хоног мацаг бариад, өлсчихсөн байхад нь шүү дээ (Лук 4:1–3). Гэвч Есүс сүнслэгээр хүчтэй байсан учраас Диаволын сорилтыг тэвчиж чадсан билээ. Өвчин хууч, өндөр нас гээд махан биеийн сул дорой байдлаа тэвчихийн тулд сүнслэгээр хүчтэй байх нь хэчнээн чухал бэ! «Хэдийгээр гаднах хүн маань ялзарч байгаа ч доторх хүн маань өдрөөс өдөрт шинэчлэгдэж» байгаа учраас бид бууж өгдөггүй (2 Коринт 4:16).

8. а) Уурлах нь ямар хор хөнөөлтэй вэ? б) Есүс шударга бус явдалд яаж ханддаг байсан бэ?

8 Түүнээс гадна, хүн уурлах, бухимдах гэх зэргээсээ болоод сүнслэг хохирол амсах аюултай. «Ехова намайг ингээд орхичихлоо гэж үү?» хэмээн нэг нь бодож байхад, нөгөө нэг нь: «Тэр хүн надад яаж ийм хатуу хандаж чадаж байна аа? Тэр чинь Гэрч шүү дээ» гэж хэлэх жишээтэй. Ингэвэл гол асуудлаа бодохын оронд, зөвхөн өөрийнхөө нөхцөл байдлыг л анхаарахад хүрнэ. Төөрөлдсөн гурван найздаа уурласан нь Иовын сэтгэл санаанд ч, биеийн эрүүл мэндэд ч муугаар нөлөөлсөн (Иов 16:20; 19:2). Элч Паул ч бас, байнга уурлах нь Диаволд «байр» буюу боломж олгож байгаа хэрэг гэдгийг тайлбарлажээ (Ефес 4:26, 27). Христианууд бид бусдад уураа гаргах юм уу шударга бус явдлын улмаас бий болсон нөхцөл байдалдаа хэтэрхий санаа зовохын оронд Есүсийг дуурайн, «шударгаар шүүдэг» Ехова Бурханд өөрсдийгөө «даатгасан» нь дээр (1 Петр 2:21–23). Есүстэй адил санаатай байх нь Сатаны довтолгооноос хамгаалах гол хамгаалалт болдог (1 Петр 4:1, МАБ).

9. Биднийг хүнд ачаа үүрч, сорилттой тулгарсан үед Бурхан ямар тусламж үзүүлнэ гэж амладаг вэ?

9 Хамгийн гол нь, тохиолдож буй зовлон бэрхшээлээ Бурхан таалахаа больсны шинж гэж үзэж хэрхэвч болохгүй. Иов тийн буруу ойлгож байсан учраас хуурамч тайтгаруулагч гурван найзынхаа балмад үгийг сонсоод бүр ч сэтгэлээр унаж, шаналсан (Иов 19:21, 22). Библид: «Бурхан бузар муугаар соригддоггүй бөгөөд хэнийг ч Өөрөө сорьдоггүй» гэж батлан хэлдэг (Иаков 1:13). Харин ч, Ехова биднийг ачаагаа үүрч явахад тусалж, янз бүрийн сорилтоос гарах арга зам зааж өгөхөө амладаг (Дуулал 55:22; 1 Коринт 10:13). Зовох цагтаа Бурханд ойртвол сорилтыг зөв талаас нь харж, Диаволыг амжилттай эсэргүүцэж чадна (Иаков 4:7, 8).

Сорилтыг тэвчихэд юу туслах вэ?

10, 11. а) Зовлонг тэвчихэд нь Иовд юу тус болсон бэ? б) Цэвэр мөс чанартай байсан нь Иовд ямар ач тустай байсан бэ?

10 Иов «тайтгаруулагчдадаа» хэл амаар доромжлуулж, өөрт нь чухам юунаас болж гай зовлон учирсныг буруу ойлгох гэх мэтээр их зовж байсан ч гэсэн, Бурханд үнэнч хэвээрээ үлдсэн. Түүний тэвчээрийн жишээнээс юунд суралцаж болох вэ? Иов, гол нь, Еховад үнэнч байсан учраас сорилтыг тэвчиж чадсан. Тэрбээр «Бурхнаас эмээдэг болоод бузар муугаас зайлдаг» хүн байв (Иов 1:1). Энэ бол Иовын амьдралын чиг шугам байжээ. Бүх юм гэнэт орвонгоороо эргэхэд, чухам яагаад ингэснийг ойлгохгүй байсан ч Бурхнаас нүүр буруулаагүй юм. Тэрбээр сайн, муу ямар ч үед Бурханд үйлчлэх ёстой гэж үздэг байжээ (Иов 1:21; 2:10).

11 Түүнчлэн, мөс чанар нь цэвэр байсан учраас тайван байлаа. Өөрөөр хэлбэл, үхэл нь ойртсон мэт санагдахад, тэрбээр урьд өмнө хүмүүст чадах чинээгээрээ тусалж, Еховагийн зөв хэм хэмжээг баримтлан, хуурамч шүтлэгийн бүхий л хэлбэрээс зайлсхийдэг байснаа санаад сэтгэл амар байжээ (Иов 31:4–11, 26–28).

12. Иов Елихугийн үзүүлсэн тусламжийг хэрхэн хүлээн авсан бэ?

12 Мэдээж, Иов зарим талаар үзэл бодлоо засах шаардлагатай байсан. Үүнд бусдын тусламж хэрэгтэй байлаа. Тийм тусламжийг даруухнаар хүлээж авсан нь зовлонг тэвчиж чадсаных нь бас нэг нууц юм. Иов Елихуг ухаалаг зөвлөгөө өгөхөд нь хүндэтгэн сонсож, Еховагийн залруулгыг хүлээн авсан. Тэрбээр: «Би ойлгоогүйгээ... тунхагласан. Тиймээс би хэлснээсээ буцаж, шороо ба үнсэн дунд гэмшье» гэж хэлдэг (Иов 42:3, 6). Өвчиндөө хэдий шаналж байсан ч, уг залруулгын ачаар Бурханд улам ойртсондоо баяртай байсан. Тийм учраас: «[Ехова] Та бүх юмыг үйлдэж чаддаг... гэдгийг би мэддэг» гэж хэлсэн (Иов 42:2). Еховаг сүр жавхлангаа тунхаглахад л тэрбээр Бүтээгчийн дэргэд хэн болохоо илүү сайн ойлгожээ.

13. Иов өршөөнгүй сэтгэл гаргасан нь ямар ач тустай байсан бэ?

13 Ио в өршөөнгүй сэтгэлийн гайхамшигтай жишээ болдог. Хуурамч тайтгаруулагчид нь түүнийг гомдоосон ч, Ехова тэдний төлөө залбирахыг хүсэхэд тэрбээр ёсоор болгожээ. Дараа нь Ехова Иовын өвчнийг эдгээсэн (Иов 42:8, 10). Зовлонг тэвчихэд дургүйцэл гомдол биш, хайр, өршөөнгүй сэтгэл тусалдаг нь тодорхой байна. Тиймээс, гомдож дургүйцэхээ боливол сүнслэгээр сэргэж, Еховагийн ивээлийг хүртэнэ (Марк 11:25).

Мэргэн зөвлөгчид тэвчихэд тусалдаг

14, 15. а) Бусдынхаа сэтгэлийг засаж, эдгээх зөвлөгөө өгье гэвэл ямар зан чанартай байх хэрэгтэй вэ? б) Елиху Иовд сайн тусалж чадсаны учир юу вэ?

14 Мэргэн зөвлөгчид үнэ хүндтэй гэдэг бас нэгэн сургамжийг Иовын түүхээс авч болохоор байна. Тийм хүмүүс «хэцүү цагт дэм болохын төлөө төрдөг» ах дүү нар болдог (Сургаалт үгс 17:17). Гэхдээ, Иовд тохиолдсон явдлаас харахад, зарим хүн зөвлөгөө өгөхдөө хүний сэтгэлийг засахын оронд улам зовоодог байна. Сайн зөвлөгч бол, Елиху шиг, бусдыг өрөвдөж, хүндэтгэдэг. Ахлагчид болон төлөвшсөн христианууд бэрхшээл зовлонтой итгэл нэгтнүүдийнхээ бодол санааг засах шаардлагатай болдог. Үүний тулд «Иов» номоос их юм мэдэж авч болно (Галат 6:1; Еврей 12:12, 13).

15 Елихугийн жишээнээс олон сайхан сургамж авч болно. Тэрбээр Иовын гурван найзын эндүү ташаа үгэнд хариу хэлэхээсээ өмнө хүлээцтэй сонсож байсан (Иов 32:11; Сургаалт үгс 18:13). Иовтой андын ёсоор харьцсан (Иов 33:1). Өөрийгөө Иовоос дээгүүр тавиагүйгээрээ хуурамч тайтгаруулагчдаас ялгардаг. «Би ч гэсэн шавраас бүтээгдсэн билээ» гэж хэлсэн. Тэрбээр бодлогогүй үг хэлж, Иовын зовлонг нэмэхийг хүсээгүй (Иов 33:6, 7; Сургаалт үгс 12:18). Иовыг шүүмжлэхийн оронд магтаж: «Таныг зөвт байдагт би баяртай байна» гэж хэлсэн (Иов 33:32, ШЕ). Хамгийн гол нь, Елиху Бурхны үзэл бодлоор хандаж, Ехова хэзээ ч шударга бус юм хийхгүй гэдгийг ойлгоход нь Иовд тусалсан (Иов 34:10–12). Өөрийнхөө зөвийг батлах гэж зүтгэхийн оронд Еховаг хүлээхийг Иовд зөвлөсөн (Иов 35:2; 37:14, 23). Ахлагчид болон бусад христиан эндээс сургамж авах нь дамжиггүй.

16. Иовын гурван найз яаж Сатаны гар хөл болсон бэ?

16 Елихугийн мэргэн зөвлөгөө Елифаз Билдад Зофар нарын хорон үгнээс эрс ялгардаг. Ехова тэдэнд: «Та нар Миний тухай... зөвийг ярьсангүй» гэж хэлсэн байдаг (Иов 42:7). Тэд сайн санаа өвөрлөсөн гэдэг ч, Иовын үнэнч андууд биш, харин бүр Сатаны гар хөл болжээ. Тэд анхнаасаа л, Иовыг муу юм хийсэн учраас хариуцлагаа хүлээх ёстой гэж зүтгэсээр байсан (Иов 4:7, 8; 8:6; 20:22, 29). Елифазын хэлснээр, Бурхан үйлчлэгчдэдээ итгэдэггүй бөгөөд хүмүүс зөв шударга байна уу, үгүй юү гэдэг нь Түүнд хамаагүй ажээ (Иов 15:15; 22:2, 3). Елифаз Иовд хийгээгүй хэргийг нь хүртэл тулгасан (Иов 22:5, 9). Гэтэл Елиху Иовд сүнслэг тусламж үзүүлсэн бөгөөд энэ бол бусдад хайрын сэтгэлээр зөвлөгөө өгдөг хүний гол зорилго юм.

17. Сорилтод орвол юу санах ёстой вэ?

17 «Иов» номоос сорилтыг тэвчих талаар бас нэг сургамж авч болно. Халамжит Бурхан маань бидний нөхцөл байдлыг ажиглан харж байдгийн зэрэгцээ янз бүрийн арга замаар тусалж ч чаддаг, бас дуртайяа тусалдаг. Бид Эльза Абтын жишээг өгүүллийн эхэнд үзсэн билээ. Тэрбээр үгийнхээ төгсгөлд: «Би баривчлагдахаасаа өмнө нэгэн Гэрч эгчийн захиаг уншсан юм. Хүнд сорилтод орсон үед Еховагийн сүнс тайвшруулдаг гэж бичсэнийг уншаад, энэ эгч арай л хэтрүүлж байна даа гэж бодсон. Гэтэл биеэрээ амсаж үзээд л тэр эгчийн зөв байсныг ойлгосон. Үнэхээр тийм юм билээ. Хүн өөрөө амсаж үзээгүй л бол итгэхэд тун хэцүү. Ехова үнэхээр тусалдаг юм билээ» гэж хэлжээ. Эльза хэдэн мянган жилийн өмнө Иовын үед Еховагийн юу хийснийг биш, орчин үед юу хийдгийг нь ярьсан юм. Тийм ээ, «Ехова үнэхээр тусалдаг»!

Зовлонг тэвчдэг хүн жаргалтай

18. Иов тэвчээртэй байсныхаа төлөө ямар ивээл хүртсэн бэ?

18 Бурхны үйлчлэгч бүр Иовынх шиг тийм хүнд хэцүү зовлон амсахгүй. Гэхдээ энэ ертөнц бидэнд ямар ч сорилт учруулсан, Иов шиг чин үнэнч үлдэх үндэстэй шалтгаанууд бий. Иов тэсвэр тэвчээртэй байсныха хүчинд олон талын ач тус хүртэж, «төгс, бүрэн бүтэн» болсон (Иаков 1:2–4). Бурхантай тогтоосон харьцаа нь улам батажсан. Тэрбээр: «Би Таны тухай чихээрээ сонслоо. Харин одоо миний нүд Таныг хардаг» гэж хэлсэн байдаг (Иов 42:5). Сатан Иовын үнэнч байдлыг эвдэн бусниулж чадаагүй учраас худалч болох нь батлагдсан. Олон зуун жил өнгөрсөн ч, Ехова өөрийн үйлчлэгч Иовыг «зөвт байдлын» жишээ болгосон (Езекиел 14:14). Иовын жишээ Бурхны орчин үеийн ард түмэнд ч бас үнэнч, тэвчээртэй байх хүсэл төрүүлдэг.

19. Таны бодлоор, сорилтыг тэвчих нь ямар учраас чухал бэ?

19 Иаков І зууны христиануудад тэвчээртэй байхыг зөвлөж, тэвчсэн хүн сэтгэл хангалуун болдог тухай бичсэн байдаг. Тэгэхдээ, Ехова үнэнч үйлчлэгчдээ арвин ихээр ивээдгийг сануулахын тулд Иовын жишээг татжээ (Иаков 5:11). Иов 42:12-т: «ЭЗЭН Иовын сүүлчийн өдрүүдийг эхлэлээс нь илүүгээр ерөөжээ» гэж бий. Бурхан Иовд урьдынхаас нь хоёр дахин их эд хөрөнгө өгч, урт наслуулж, амьдралыг нь аз жаргалтай болгосон (Иов 42:16, 17). Тэгвэл, өнөөгийн эд юмсын тогтолцооны эцсийн үед бидний амсдаг бүх л өвчин зовлон, харуусал гуниг ч бас Бурхны шинэ ертөнцөд үгүй болж, үүрд мартагдана (Исаиа 65:17; Илчлэлт 21:4). Бид Иовын «тэсвэр тэвчээрийн тухай сонсож», Еховагийн тусламжтайгаар Иовын жишээг дуурайх шийдвэр төгс боллоо. Библид: «Сорилтыг тэсвэрлэдэг хүн ерөөлтэй [буюу жаргалтай]! Учир нь тэр соригдчихоод, Эзний Өөрийг нь хайрлагсдад амласан амийн титмийг хүлээн авна» гэсэн амлалт бий (Иаков 1:12).

Та юу гэж хариулах вэ?

• Яавал Еховаг баярлуулах вэ?

• Тохиолдож буй зовлон бэрхшээлээ Бурхан таалахаа больсны шинж гэж үзэх нь яагаад буруу вэ?

• Иовыг зовлонгоо тэвчихэд нь юу тус болсон бэ?

• Итгэл нэгтнүүдээ сүнслэгээр бэхжүүлэхдээ Елихуг хэрхэн дуурайх вэ?

[Догол мөрийн асуулт]