Skip to content

Гарчиг руу орох

«Залбирлыг сонсдог Нэгэнд» ойртох нь

«Залбирлыг сонсдог Нэгэнд» ойртох нь

«Залбирлыг сонсдог Нэгэнд» ойртох нь

«Залбирлыг сонсдог Нэгэн, Тан руу бүх хүн ирдэг» (ДУУЛАЛ 65:2).

1. Хүн, амьтнаас ямар ялгаатай вэ? Энэ нь ямар завшаан олгодог вэ?

 ДЭЛХИЙ дээр оршигч амьтай бүхний дотроос хүн л Бүтээгчээ шүтэх чадвартай. Хүн ганцаараа сүнслэг хэрэгцээтэйгээ мэдэрдэг бөгөөд энэ хэрэгцээгээ хангахыг хүсдэг. Энэ нь бидэнд тэнгэрийн Эцэгтэйгээ ойр дотно харьцаа тогтоох хосгүй завшааныг нээж өгдөг.

2. Адам Ева хоёр нүгэл үйлдээд, ямар боломжоо алдсан бэ? Үр удам нь яасан бэ?

2 Хүн Бүтээгчтэйгээ харьцах чадвартай бүтээгджээ. Адам Ева хоёр анх нүгэлгүй, төгс байсан тул, аавтайгаа чөлөөтэй ярьдаг хүүхэд шиг Бурхантай чөлөөтэй харьцдаг байв. Гэвч нүгэл үйлдээд, энэ хосгүй завшаанаа алджээ. Тушаалыг нь зөрчсөн учраас Бурхан тэдэнтэй харьцахаа больсон (Эхлэл 3:8–13, 17–24). Тэгвэл Адамын төгс бус үр удам ч бас Бурхантай харьцах аргагүй болсон уу? Тийм биш ээ. Ехова тэдэнд өөрт нь ойртох боломж олгодог. Ингэхдээ тодорхой шаардлага тавьдаг. Ямар шаардлага тавьдаг вэ?

Бурханд ойртоход тавигдах шаардлага

3. Төгс бус хүмүүс Бурхантай харьцаа тогтоохын тулд яах шаардлагатай вэ? Хэний жишээ тус болох вэ?

3 Адамын хоёр хүүд тохиолдсон явдлыг эргэн санавал Бурханд ойртохыг хүсдэг төгс бус хүн ямар шаардлага хангах ёстойг ойлгоно. Каин Абел хоёр, Бурханд ойртох гэж тахил өргөхөд, Бурхан Абелын тахилыг таалж, Каиныхыг хүлээж авдаггүй (Эхлэл 4:3–5). Яагаад тэр вэ? Еврей 11:4-т: «Итгэлээр Абел Каиныхаас үлэмж дээр тахилыг Бурханд өргөв. Үүгээрээ тэр зөвт байсан гэсэн гэрчлэлийг хүлээн авав» гэж бичжээ. Тэгэхлээр, Бурхантай харьцаа тогтооё гэвэл түүнд итгэх хэрэгтэй байх нь. Ехова Каинд: «Хэрэв чи сайныг үйлдвэл тэргүүнээ өргөх биш үү?» гэж хэлснээс үзвэл бас нэг шаардлага тодорхой болно. Каин сайныг үйлдсэн бол Бурханд ойртож болох байв. Гэвч Бурхны зөвлөгөөг эс хайхран, Абелыг хөнөөж, эцэстээ хэрэн тэнүүчилж амьдрах шийтгэл хүлээжээ (Эхлэл 4:7–12). Бурханд ойртохын тулд итгэлтэй байхын сацуу сайныг үйлдэх нь чухал байдгийг бүр эртнээс ийнхүү онцолсоор иржээ.

4. Бурханд ойртохын тулд юуг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй вэ?

4 Бурхантай харьцаа тогтооё гэвэл нүгэлтэй гэдгээ хүлээн зөвшөөрөх нь маш чухал. Бүх хүн нүгэлтэй бөгөөд нүгэл нь Бурханд ойртоход саад болдог. Зөнч Иеремиа Израилийн тухай: «Бид нүгэл үйлд[сэн]... Ямар ч залбирлыг нэвтрүүлэхгүйн тулд Та Өөрийгөө үүлээр хучив» гэж бичжээ (Иеремиагийн гашуудал 3:42, 44). Хүн хэдий нүгэлтэй ч, Бурханд итгэж найдан, зөв сэтгэлээр хандаж, тушаалыг нь сахидаг бол Бурхан залбирлыг нь дуртайяа хүлээн авдгаа хүний түүхийн туршид батлан харуулсаар ирсэн (Дуулал 119:145). Тийм хүмүүсээс хэн хэнийг нэрлэж болох вэ? Тэдний залбирлаас юунд суралцах вэ?

5, 6. Абрахамын жишээнээс юунд суралцаж болох вэ?

5 Абрахам бол тийм хүмүүсийн нэг юм. Бурхан өөрт нь ойртох гэсэн хичээл зүтгэлийг нь үнэлдэг учраас Абрахамыг «Миний найз» гэж дуудсан байдаг (Исаиа 41:8). Абрахамын жишээнээс юунд суралцаж болох вэ? Нэгэн удаа тэрбээр Еховад: «Та надад юу хайрлахсан бол? Би үр хүүхэдгүй» хэмээн залбирч, өв залгамжлагчтай болох талаар бодож явдгаа хэлжээ (Эхлэл 15:2, 3; 17:18). Бас нэг удаа, Бурхныг ёс бус явдлаар дүүрсэн Содом, Гоморра хотыг устгах гэж байхад нь тэндхийн зөв шударга оршин суугчдыг амьд үлдээсэй гэж хүсэн, тэдний төлөө санаа зовж байгаагаа хэлсэн (Эхлэл 18:23–33). Мөн бусдын сайн сайхны төлөө Бурхнаас гуйж байжээ (Эхлэл 20:7, 17). Абрахам Бурханд ойртохын тулд, Абелын нэгэн адил, амьтдаар тахил өргөдөг байв (Эхлэл 22:9–14).

6 Эдгээр явдлаас харахад, Абрахам Еховатай чөлөөтэй ярилцдаг байжээ. Гэхдээ Бүтээгчийнхээ өмнө хэчнээн өчүүхэн гэдгээ ойлгож, даруу ханддаг байв. Жишээлбэл, Эхлэл 18:27-д бичсэнээр Абрахам: «Би өөрөө тоос шороо мэт өчүүхэн амьтан боловч [Еховад] үг хэлэхээр зүрхэллээ» хэмээн залбирсан байдаг. Дуурайх л жишээ дээ!

7. Эрт цагийн хүмүүс Еховад юун тухай залбирдаг байсан бэ?

7 Израиль үндэстэн бий болохоос өмнөх үеийн Бурхны үйлчлэгчид янз бүрийн асуудлаар залбирдаг байсан бөгөөд Ехова ч тэднийг таалан сонсдог байв. Жишээ нь, Иаков залбирахдаа ам тангараг өгсөн байдаг. Тэрбээр Бурхнаас тусламж гуйгаад: «Таны надад өгсөн бүх зүйлийн аравны нэгийг би заавал Танд өргөнө» хэмээн шийдэмгий амлажээ (Эхлэл 28:20—22). Хожим нь, ахтайгаа уулзах болоход хамгаалж өгөхийг Еховагаас гуйж: «Миний ах Есавын гараас намайг авраач... Би айж байна» хэмээн залбирсан байдаг (Эхлэл 32:9–12). Иов гэрийнхнийхээ өмнөөс тахил өргөж, тэдний төлөө Еховад залбирдаг байсан. Гурван найз нь амаараа нүгэл үйлдэхэд Иов тэдний төлөө залбирч, Ехова ч залбирлыг нь сонсжээ (Иов 1:5; 42:7–9). Юун тухай залбирвал зохистойг ойлгоход эдгээр явдал тус болдог. Түүнчлэн, Ехова таалалд нь нийцүүлж ханддаг хүмүүсийн залбирлыг дуртайяа хүлээн авдгийг заадаг.

Эртний израильчууд Бурханд ойртдог байсан нь

8. Хуулийн гэрээнд зааснаар, чухал асуудлыг хэн ард олны өмнөөс Еховад өргөн мэдүүлдэг байсан бэ?

8 Ехова израильчуудыг Египетээс чөлөөлснийхөө дараа тэдэнтэй Хуулийн гэрээ байгуулжээ. Уг хуульд тахилчдаар дамжуулан Бурханд ойртох арга хэмжээг заасан байдаг. Левичүүдийн зарим нь ард олныг төлөөлж, тахилчаар үйлчлэхээр томилогдсон байв. Израиль үндэстэнд хамаатай чухал асуудал гарахад ард түмнээ төлөөлж хаад, эсвэл зөнчид тухайн асуудлыг Бурханд өргөн мэдүүлдэг байжээ (1 Самуел 8:21, 22; 14:36–41; Иеремиа 42:1–3). Жишээлбэл, сүмийг Бурханд зориулах ёслол дээр Соломон хаан Еховад чин сэтгэлээсээ залбирдаг. Тэгэхэд нь Ехова Соломоны залбирлыг хүлээн авсан гэдгээ харуулж, сүмийг «яруу алдраараа дүүргэн»: «Энэ газарт өргөгдөх залбиралд... Миний чих сонор байх болно» гэж хэлдэг (Шастирын дэд 6:12–7:3, 15).

9. «Ариун газар»-т орж, Еховад ойртохын тулд яах ёстой байсан бэ?

9 Мөргөлийн асрын «Ариун газар»-т орж өөрт нь ойртохын тулд хангавал зохих шаардлагыг Ехова Израильд өгсөн Хуульдаа оруулжээ. Ямар шаардлага вэ? Тэргүүн тахилч амьтнаар тахил өргөхөөс гадна өглөө орой бүр Еховагийн өмнө анхилуун утлага уугиулах ёстой байв. Хожим нь, бусад тахилчид Эвлэрүүллийн өдрөөс өөр өдрүүдэд ийм үүрэг хүлээдэг болсон. Хэрэв тахилчид энэ хүндтэй ажлыг хийхгүй бол Ехова тэдний үйлчлэлийг эс таалах байлаа (Египетээс гарсан нь 30:7, 8; Шастирын дэд 13:11).

10, 11. Ехова хувь хүмүүсийн залбирлыг хүлээж авдаг нь юунаас харагддаг вэ?

10 Бурханд ойртохыг хүссэн израильчууд заавал тусгай төлөөлөгчдөөр зуучлуулах ёстой байсан уу? Үгүй ээ. Ехова хувь хүмүүсийн залбирлыг ч бас таалан хүлээн авдаг байсныг Библид тодорхой бичсэн байдаг. Соломон сүмийг Бурханд зориулах ёслол дээр: «Энэ өргөө рүү гараа сунгасан хэн нэгэн хүн, эсвэл Таны ард түмэн Израилийн ямар ч залбирал гуйлтыг Та ...тэнгэрээс сонс[оорой]» хэмээн залбирсан байдаг (Шастирын дэд 6:29, 30). Баптисм хүртээгч Иоханы аав Захариаг сүмийн ариун газар утлага уугиулж байхад энгийн ардууд «гадаа нь залбирцгааж байжээ». Еховад өргөсөн утлага тахилын алтан ширээн дээр уугьж байх үед тэд ариун газрын гадаа хамтдаа цуглаад залбирдаг болсон бололтой (Лук 1:8–10).

11 Тэгэхлээр, Израилийн ард түмний төлөөлөгчид болон хувь хүмүүс таалалд нь нийцүүлж залбирвал Ехова дуртайяа сонсдог байсан нь харагдаж байна. Бидэнд Мосегийн хууль үйлчилдэггүй ч, эртний израильчуудын Бурханд хэрхэн ойртож, залбирдаг байсан явдал чухал сургамж болдог.

Христианууд Бурханд ойртох нь

12. Ехова биднийг өөртөө ойртуулах ямар арга хэмжээ авсан бэ?

12 Христианууд бид Мосегийн хуульд биш, Христийн хуульд захирагдан амьдардаг. Өнөөдөр Бурхны ард түмний төлөөлөгч болох тахилчдын үйлчилдэг сүм гэж байхаа больж, Бурханд залбирахын тулд заавал сүмийн зүг хардаг цаг хэдийнээ өнгөрчээ. Гэсэн ч, Ехова биднийг өөртөө ойртуулах өөр арга хэмжээ авсан. Ямар арга хэмжээ вэ? МЭ 29 онд Есүс ариун сүнсээр тослогдож, «Тэргүүн Тахилч»-аар томилогдоход сүнслэг сүмийн суурь тавигджээ. * Энэхүү сүнслэг сүм нь Есүс Христийн золих тахил буюу эвлэрүүлэх тахилд үндэслэсэн, Еховад ойртох шинэ арга хэмжээ байв (Еврей 9:11, 12).

13. Иерусалимын сүмд уугиулж байсан анхилуун утлага юуг бэлэгддэг вэ?

13 Иерусалимын сүмд үйлдэгдэж байсан олон зан үйл нь залбирал гэх мэт сүнслэг сүмийн арга хэмжээг бэлэгддэг байжээ (Еврей 9:1–10). Жишээ нь, сүмийн Ариун газар дахь утлагын тахилын ширээн дээр өглөө, орой уугиулдаг байсан утлага юуг төлөөлдөг вэ? «Илчлэлт» номд бичсэнээр, энэ нь «ариун хүмүүсийн залбирлууд юм» (Илчлэлт 5:8; 8:3, 4). Давид Бурхны онгодоор хөтлүүлэн: «Миний залбирал Таны өмнө утлага адил тоологдог» хэмээн бичжээ (Дуулал 141:2). Христиануудын хувьд Еховагийн таалалд нийцүүлэн залбирч, Еховаг магтан алдаршуулж байна гэдэг бол анхилуун утлага уугиулж байгаа хэрэг юм (1 Тесалоник 3:10).

14, 15. Еховад ойртоно гэдэг нь: а) Тослогдсон христиануудын хувьд юу гэсэн үг вэ? б) «Өөр хонинууд»-ын тухайд ямар утгатай вэ?

14 Сүнслэг сүмд хэн Бурханд ойртож болох вэ? Эрт цагт тахилчид, левичүүдийн аль аль нь сүмийн дотоод хашаанд үйлчлэх завшаантай байсан бол, Ариун газарт зөвхөн тахилчид орох эрхтэй байв. Тэнгэрийн найдвартай тослогдсон христиануудын тухайд дотоод хашаа болон Ариун газар гэдэг нь тэдний хосгүй байр суурийг хэлдэг бөгөөд үүнийхээ ачаар Бурханд залбирч, Бурхныг магтдаг.

15 Тэгвэл дэлхийн найдвартай хүмүүс болох «өөр хонинууд» ямар боломжтой вэ? (Иохан 10:16, ШГ). «Эцсийн өдрүүдэд» олон үндэстний хүмүүс Еховаг шүтэхээр ирнэ гэж Исаиа зөгнөсөн байдаг (Исаиа 2:2, 3). Бас «харь хүмүүс» Ехова руу ирэх тухай бичжээ. Ехова тэдний залбирлыг дуртайяа хүлээн авахаа илэрхийлж: «Би... Өөрийн залбирлын өргөөнд тэднийг баяр хөөртэй болгоно» хэмээн хэлсэн (Исаиа 56:6, 7). Илчлэлт 7:9–15-аас тэр харь хүмүүсийн тухай илүү дэлгэрэнгүй мэдэж болдог. Тэнд, сүнслэг сүмийн гаднах хашаанд Бурхныг «өдөр шөнөгүй» шүтэж, түүнд залбирахаар «үндэстэн бүрээс ирсэн» «үй олон хүнийг» дүрсэлсэн байдаг. Өнөөдөр Бурхны үйлчлэгчид бид, залбирлыг маань сонсоно гэсэн итгэлтэйгээр Бурхантайгаа чөлөөтэй харьцаж болдог гэхлээр хэчнээн сайхан бэ!

Бурхан ямар залбирлыг хүлээж авдаг вэ?

16. Эртний христиануудын залбирлаас юунд суралцаж болох вэ?

16 Эртний христианууд байнга залбирдаг байв. Тэд чухам юуны тухай залбирдаг байсан бол оо? Христиан ахлагчид шаардлага хангасан эрчүүдийг хурлын хариуцлагатай ажилд сонгохдоо Еховагаас удирдлага гуйдаг байжээ (Үйлс 1:24, 25; 6:5, 6). Епафр итгэл нэгтнүүдийнхээ төлөө залбирсан (Колоссай 4:12). Иерусалим дахь христиан хурлын гишүүд Петрийг шоронд хоригдож байхад түүний төлөө залбирч байв (Үйлс 12:5). Эртний христианууд эсэргүүцэлтэй тулгараад байхдаа Бурхнаас эр зориг гуйн: «Одоо Эзэн ээ [«Ехова аа», ШЕ], тэдний заналхийллийг анхаараач. Таны үгийг ярих зүрх зоригийг Өөрийн боолуудад соёрхооч» хэмээн залбирчээ (Үйлс 4:23–30). Иаков итгэл нэгтнүүддээ, сорилтод орсон үедээ мэргэн ухаан гуйн залбирч байхыг уриалж байв (Иаков 1:5). Та бас эртний христианууд шиг залбирдаг уу?

17. Ехова ямар хүмүүсийн залбирлыг хүлээн авдаг вэ?

17 Залбирал болгон Бурхны таалалд нийцээд байдаггүй. Тэгвэл залбирлаа таалалд нь нийцүүлэхийн тулд яавал зохих вэ? Эрт цагийн үнэнч хүмүүс чин сэтгэлээсээ өөртэй нь харьцдаг байсан учир Бурхан залбирлыг нь хүлээн авдаг байжээ. Тэд Еховад итгэдгээ үйл хэргээрээ батлан харуулдаг байв. Хэрэв бид тэднийг дуурайвал залбирал маань Еховагийн таалалд нийцэх нь лавтай.

18. Залбирлаа Бурхны сонорт хүргэхийн тулд ямар шаардлага хангах ёстой вэ?

18 Бидний хангавал зохих бас нэг шаардлага бий. Элч Паул үүнийг тайлбарлаж: «Бид цөмөөрөө нэг Сүнс дотор Христээр дамжуулан Эцэг рүү очих замтай болжээ» гэж хэлсэн (Ефес 2:13, 18). Тэгэхлээр, Есүсээр дамжиж байж л, тэнгэрийн Эцэгтээ чөлөөтэй залбирч болох ажээ (Иохан 14:6; 15:16; 16:23, 24).

19. а) Израильчуудын уугиулсан утлага ямар үед Еховагийн жигшлийг төрүүлдэг байсан бэ? б) Залбирлаа анхилуун утлага шиг байлгахын тулд яах хэрэгтэй вэ?

19 Израилийн тахилчдын уугиулсан утлага Бурхны үнэнч үйлчлэгчдийн залбирлыг төлөөлдгийг дээр ярилцсан билээ. Харин заримдаа израильчуудын уугиулсан утлага Еховагийн жигшлийг төрүүлдэг байжээ. Үүний учир нь, тэд сүмд утлага уугиулдаг атлаа шүтээнүүдэд мөргөдөг байсантай холбоотой (Езекиел 8:10, 11). Өнөөдөр ч бас, Еховад үйлчилдэг гэдэг мөртлөө хуулийг нь зөрчдөг хүмүүсийн залбирал жигшим үнэртэй утлагатай адил юм (Сургаалт үгс 15:8). Тиймээс, Еховагийн өмнө бүх талаараа цэвэр ариун амьдарцгаая. Тэгвэл бидний залбирал Бурханд анхилуун утлага адил байх болно. Хуулийнх нь дагуу амьдардаг хүмүүсийг залбирахад Еховад таатай байдаг (Иохан 9:31). Харин, яаж залбирах вэ, юуны төлөө залбирах вэ, Бурхан бидний залбиралд яаж хариу өгдөг вэ гэх зэрэг тодорхойгүй үлдсэн эдгээр болон бусад асуултыг дараагийн өгүүллээр ярилцъя.

[Зүүлт]

^ «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2001 оны 5-р сарын 15-ны дугаарын 27-р хуудсыг үзнэ үү (англи).

Тайлбарлана уу

• Төгс бус хүмүүс Бурханд хэрхэн ойртож болох вэ?

• Залбирахдаа Абрахам Иаков Иов нарын жишээг хэрхэн дуурайх вэ?

• Эртний христиануудын залбирлаас юунд суралцаж болох вэ?

• Залбирлаа Бурханд тааламжит анхилуун утлага шиг байлгахын тулд яах хэрэгтэй вэ?

[Догол мөрийн асуулт]