Skip to content

Гарчиг руу орох

«Хүсэлтээ Бурханд мэдүүл»

«Хүсэлтээ Бурханд мэдүүл»

«Хүсэлтээ Бурханд мэдүүл»

«Аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл» (ФИЛИППОЙ 4:6).

1. Хэнтэй харьцаа тогтоох сайхан боломж бидэнд байдаг вэ? Үүнийг хосгүй завшаан гэж хэлэхийн учир юу вэ?

 ТА улсынхаа ерөнхийлөгчтэй уулзаж ярилцах хүсэлт тавьжээ гэж бодъё. Ямар хариу сонсох бол? Тамгын газраар нь дамжуулаад эелдэг хариу сонсож болох ч, ерөнхийлөгчтэй өөртэй нь уулзана гэвэл юу л бол. Харин ямар ч ерөнхийлөгчөөс агуу, орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзэн Ехова Бурхантай бол тэс өөр. Бид хэзээ ч, хаана ч Бурханд хандаж болдог. Хүсэл таалалд нь нийцсэн залбирал болгоныг Бурхан сонсдог (Сургаалт үгс 15:29). Ямар их завшаан бэ! Энэ хосгүй завшаанаа эрхэмлэдэг бол «залбирлыг сонсдог Нэгэн»-д тогтмол залбирах хүсэл төрөхгүй гэж үү? (Дуулал 65:2).

2. Залбирлаа Бурхны таалалд нийцүүлэхийн тулд яах хэрэгтэй вэ?

2 Гэхдээ зарим хүн: «Ямар залбирал Бурханд таалагддаг вэ?» гэж асууж магад. Залбирлаа Бурхны таалалд нийцүүлэхэд нэг зүйл зайлшгүй чухал байдгийг Библид: «Итгэлгүйгээр [Бурханд] таалагдана гэдэг боломжгүй юм. Учир нь Бурхан руу ирж буй хүн Тэр байдаг гэдэгт болон Өөрийг нь хайгч хүмүүст Тэр Шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой» хэмээн тайлбарлажээ (Еврей 11:6). Тэгэхлээр, өмнөх өгүүлэлд үзсэнчлэн, Бурханд ойртох нэг гол хүчин зүйл бол итгэл юм. Бурхан хүмүүсийн залбирлыг хүлээн авахад бэлэн байдаг. Хэрэв бид чин сэтгэлээсээ залбирч, түүнд итгэдгээ сайн үйл хэргээрээ харуулдаг бол Ехова залбирлыг маань сонсоно.

3. а) Бурхны эртний үнэнч үйлчлэгчдийн залбирч байснаас харахад, юу юуны тухай залбирах нь зүйтэй вэ? б) Филиппой 4:6, 7-г үзвэл, залбирал ямар байж болох вэ?

3 Элч Паул тухайн үеийнхээ христиануудад: «Юунд ч бүү санаа зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл» хэмээн уриалжээ (Филиппой 4:6, 7). Сэтгэлийг нь зовоож буй асуудлаа Бурханд хэлж байсан хүмүүсийн олон жишээ Библид бий. Тэднээс Ханна Елиа Хезекиа Даниел нарыг нэрлэж болно (1 Самуел 2:1–10; Хаадын дээд 18:36, 37; Хаадын дэд 19:15–19; Даниел 9:3–21). Бид ч мөн залбирахдаа тэдний жишээг даган дуурайх хэрэгтэй. Залбирал янз бүр байж болдог нь Паулын хэлсэн үгнээс ч бас харагддаг. Тэрбээр талархал гэдэг үгийг дурдсан нь, бидний төлөө хийсэн бүхэнд нь Бурханд талархлаа илэрхийлэн залбирахыг хэлж байгаа хэрэг юм. Талархахын зэрэгцээ Бурхныг магтан алдаршуулах нь зүйтэй. Гуйлт гэдэг нь цөхрөлтгүй, даруухнаар гуйн царайчлахыг хэлдэг. Түүнчлэн, хүсэлтээ илэрхийлэх буюу ямар нэг зүйлийн талаар тодорхой залбирч болдог байна (Лук 11:2, 3). Ийм маягаар залбирвал тэнгэрийн Эцэг маань дуртайяа хүлээж авдаг.

4. Ехова бидэнд юу хэрэгтэйг мэддэг ч, бид яагаад өөрсдөө хүсэлтээ хэлэх ёстой вэ?

4 Гэтэл зарим хүн: «Ехова бидэнд юу хэрэгтэй байгааг мэддэг биз дээ? Заавал залбирах хэрэг байна уу?» гэж асууж болох юм. Тийм ээ, мэддэг (Матай 6:8, 32). Тэгвэл яагаад гуйлт хүсэлтээ хэлээсэй гэж хүсдэг юм бол оо? Жишээ авъя. Аавынхаа хайрыг мэдэрдэг хүүхэд аавтайгаа ярилцахыг дандаа хүсдэг. Тиймээс ч, юм болгоныг асууж шалгаан, тусламж гуйж байдаг. Энэ нь аавд нь сайхан санагддаг. Ехова ч мөн адил, биднийг өөрөөс нь тусламж гуйн залбирахад баярладаг (Сургаалт үгс 15:8). Есүс: «Гуйгтун. ...[Тэгвэл] та нар хүлээн авна» хэмээн хэлсэн байдаг (Иохан 16:24). Ингэж байж л бид Бурханд найддагаа батлан харуулна.

Бурханд яаж залбирах ёстой вэ?

5. Ямар учраас Есүсийн нэрээр залбирах шаардлагатай вэ?

5 Ехова бидэнд хэрхэн яаж залбирах талаар хатуу дүрэм журам тогтоож өгөөгүй. Гэлээ ч гэсэн, бид Библид заасны дагуу Еховад зөв залбирч сурах хэрэгтэй. Жишээлбэл, Есүс дагалдагчдадаа: «Хэрэв та нар Миний нэрээр Эцгээс минь юу ч гуйвал Тэр түүнийг чинь өгнө» гэж заасан (Иохан 16:23). Тэгэхлээр, Есүс бол Бурхны ивээлийг хүн төрөлхтөнд хүргэх цорын ганц зам мөн гэдгийг хүлээн зөвшөөрч, түүний нэрээр залбирах шаардлагатай байх нь.

6. Залбирахдаа заавал зогсох юм уу сөхөрч суух ёстой юу? Тайлбарлана уу.

6 Залбирахдаа заавал зогсох юм уу өвдөг сөгдөх ёстой юу? Үгүй ээ, Библид энэ талаар нарийвчилсан заавар байдаггүй (Хаадын дээд 8:22; Нехемиа 8:6; Марк 11:25; Лук 22:41). Хамгийн гол нь, чин сэтгэлээсээ Бурханд залбирах хэрэгтэй (Иоел 2:12, 13).

7. а) «Амен» гэдэг үг ямар утгатай вэ? б) Энэ үгийг хэлэхдээ юуг батлан харуулдаг вэ?

7 Тэгвэл «амен» гэж хэлдэг нь ямар учиртай вэ? Энэ үгийг залбирлынхаа төгсгөлд, ялангуяа, олныг төлөөлж залбирахдаа хэлэх нь тохиромжтой байдгийг Библи харуулдаг (Дуулал 72:19; 89:52). Амен гэдэг еврей үг «ёсоор болтугай» гэсэн утгатай. Нэгэн нэвтэрхий тольд, залбирлын төгсгөлд хэлдэг «амен» гэдэг үгийн ач холбогдлыг тайлбарлаж, «өмнө нь хэлсэн үгээ бататгаж, биелүүлж өгөөч гэж гуйж буй хэрэг» хэмээсэн байдаг («McClintock and Strong’s Cyclopedia»). Тэгэхлээр, «амен» гэж чин сэтгэлээсээ хэлбэл залбиралдаа дурдсан зүйлээ чухал гэж үздэгийн шинж юм. Хэрэв христиан хүн итгэл нэгтнүүдээ төлөөлөн залбираад уг үгийг хэлсэн бол, сонсож байсан хүмүүс «амен» гэж дотроо юм уу чанга хэлж, чин сэтгэлээсээ зөвшөөрч байгаагаа харуулж болно (1 Коринт 14:16).

8. Зарим үед, залбирахдаа Иаков Абрахам хоёрыг хэрхэн дуурайх вэ? Тийм залбирал маань юуг харуулдаг вэ?

8 Бурхан бидэнд залбирсан зүйлээ хэчнээн их чухалд үздэгээ харуулах боломж олгох үе байдаг. Ивээл хүртэхийн тулд тэнгэр элчтэй шөнөжин ноцолдсон Иаков шиг болох шаардлага ч гарч мэднэ (Эхлэл 32:24–26). Эсвэл Содом хотод амьдарч байсан Лот болон бусад зөв шударга хүний төлөө Еховагаас дахин дахин гуйсан Абрахамыг дуурайх хэрэгтэй нөхцөл ч бий болдог (Эхлэл 18:22–33). Бид Еховаг хайр энэрэл, өршөөлөөр дүүрэн, шударга Бурхан гэдгийг мэддэг. Энэ ч үүднээс түүнд хандаж, эрхэм чухал гэж үзсэн зүйлийнхээ төлөө залбирдаг.

Юуны тухай залбирч болох вэ?

9. Бид хамгийн гол нь юуны тухай залбирах ёстой вэ?

9 «Аливаа зүйлд... хүсэлтээ Бурханд мэдүүл» гэж Паулын хэлснийг саная (Филиппой 4:6). Ер нь, хүн залбирахдаа амьдралд хамаатай бараг бүх л зүйлийн талаар залбирдаг байж болох юм. Гэхдээ, юуны түрүүнд, Еховагийн хүсэл сонирхолд нийцсэн зүйлийг залбирах учиртай. Энэ тухайд Даниел сайхан жишээ үзүүлсэн байдаг. Израильчууд нүгэл үйлдсэнийхээ уршгийг амсаж, шийтгэл хүлээгээд байх үед Даниел Еховагаас өршөөл гуйж: «Бурхан минь ээ, Өөрийнхөө [«нэрийн», ШЕ] төлөө хийх үйлээ бүү хойшлуулаач» хэмээн залбирчээ (Даниел 9:15–19). Бид ч бас Еховагийн нэр ариусаж, хүсэл таалал нь биелэх талаар голлон залбирдаг уу?

10. Хувийн асуудлаар залбирах нь буруу биш гэдгийг хаанаас мэдэж болох вэ?

10 Мэдээж, бид хувийн асуудлынхаа талаар залбирах нь буруу биш ээ. Жишээлбэл, дуулалч шиг, Библийн гүнзгий сургаалыг улам сайн ойлгох талаар залбирч болно. Дуулалч: «Би Таны хуулийг мөрдөж, бүхий л зүрхээрээ түүнийг сахин биелүүлэхийн тулд надад ухаарлыг хайрлаач» гэж залбирсан байдаг (Дуулал 119:33, 34; Колоссай 1:9, 10). Есүс «Өөрийг нь үхлээс аварч чадах Нэгэнд... залбирал болоод гуйлтуудаа өргөсөн» (Еврей 5:7). Ийнхүү тэрбээр, аюул тулгарах юм уу сорилтод орсон үедээ хүч гуйх нь чухал болохыг харуулжээ. Есүс шавь нартаа хэрхэн залбирахыг зааж өгөхдөө нүглээ уучлуулах, өдөр тутмын хоол хүнс гуйх зэрэг хувийн асуудлаа хэлж болохыг ч бас дурдсан.

11. Сорилтод бууж өгөхгүй байхад залбирал хэрхэн туслах вэ?

11 Есүсийн жишээ болгон хэлсэн залбиралд: «Биднийг сорилтод бүү оруулаач, харин бузар муугаас гэтэлгээч» гэсэн гуйлт байдаг (Матай 6:9–13). Дараа нь Есүс: «Соригдохгүйн тулд сэргэг бай, залбир» хэмээн зөвлөжээ (Матай 26:41). Сорилт юм уу хорхой хүргэм зүйлтэй тулгарахад залбирал туйлын чухал. Ажил, сургууль дээр Библийн зарчмыг зөрчүүлэх зүйл гарч болох юм. Гэрч биш хүмүүс христиан хүнд тохирохгүй байж болзошгүй үйл хэрэгт оролцохыг урьж мэдэх юм. Бүр Библийн зарчимтай зөрчилдсөн юм хийлгэх гэж ч магадгүй. Есүсийн зөвлөснөөр, сорилт тулгарахаас өмнө ч, тулгарсан үед ч бууж өгөхгүй байхад туслахыг гуйж залбираарай.

12. Ямар ямар бэрхшээл тулгарахад залбирах шаардлагатай байдаг вэ? Бид юунд итгэлтэй байж болох вэ?

12 Өнөө үед Бурхны үйлчлэгчдийн амьдралд янз бүрийн дарамт шахалт, сэтгэл зовоосон зүйл гарч ирдэг. Өвчин хууч, сэтгэлийн шаналлаас болж олон хүн зовдог. Хүчирхийллээр дүүрсэн энэ ертөнц бидэнд амар заяа үзүүлнэ гэж үгүй. Мөнгө төгрөгний гачаал бүр ч нэрмээс болдог. Иймэрхүү асуудлаа өөрт нь мэдүүлдэг үйлчлэгчдээ Ехова чих тавин сонсдог нь хэчнээн тайвширмаар вэ! Дуулал 102:17-д Еховагийн тухай: «Тэрбээр үгээгүйчүүдийн залбирлыг хүлээн авч, тэдний залбирлыг жигшдэггүй» гэж бичсэн байдаг.

13. а) Хувийн ямар ямар асуудлаар залбирах нь тохиромжтой вэ? б) Тийн залбирсан жишээ татна уу.

13 Үнэндээ, христиан үйл хэрэг болон Еховатай тогтоосон харьцаанд хамаатай ямар ч асуудлаар залбирах нь зүйтэй (1 Иохан 5:14). Хэрэв та гэрлэхээр, ажилд орохоор шийдсэн бол, эсвэл илүү үр дүнтэй дэлгэрүүлмээр байвал энэ тухайгаа Еховад хэлж, удирдлага заавар гуйхаасаа бүү зовоорой. Филиппинд амьдардаг нэг Гэрч бүсгүй бүрэн цагийн үйлчлэгч болохыг хүсдэг байжээ. Гэвч өөрийгөө аваад явчих эрхэлсэн ажилгүй байв. «Нэгэн бямба гаригийн өглөө, би эхлэгч болмоор байгаагаа хэлж, тодорхой залбирсан юм. Тэгээд тэр өдөр дэлгэрүүлж яваад, нэг охинд ном өглөө. Гэтэл нөгөө охин: „Та даваа гаригийн өглөө манай сургууль дээр заавал очоорой“ гэдэг юм байна. Би: „Яах гэж?“ гэж асуулаа. Тэдний сургуульд сул орон тоо байгааг тэр охин надад хэлсэн юм. Хэлснээр нь очоод, тэр дороо л ажилд орсон. Энэ бүхэн нүд ирмэхийн зуурт л болж билээ» гэж тэр бүсгүй ярьсан юм. Дэлхийн өнцөг булан бүрд амьдардаг олон Гэрчид үүнтэй төстэй явдал тохиолдсон байдаг. Тиймээс, санаж хүссэн зүйлээ Бурханд хэлж залбирахаасаа санаа бүү зовоорой!

Нүгэл үйлдсэн бол яах вэ?

14, 15. а) Нүгэл үйлдсэн байлаа ч, яагаад залбирахаа больж болохгүй вэ? б) Нүгэл үйлдсэн хүн сүнслэгээр эдгэрэхийн тулд ганцаарчлан залбирахаас гадна өөр яах хэрэгтэй вэ?

14 Нүгэл үйлдсэн хүнд залбирал яаж туслах вэ? Зарим хүн нүгэл үйлдсэндээ санаа зовоод, залбирахаа больдог. Гэвч энэ нь ухаалаг алхам яавч биш. Жишээ авъя. Онгоцны нисгэгчид замаасаа төөрвөл нислэгийг удирдах газартай холбоо барьж, тусламж хүсэж таарна. Гэтэл төөрсөндөө ичиж зовоод, холбоо барихгүй бол яах вэ? Онгоц сүйрч болзошгүй! Үүнтэй адил, нүгэл үйлдчихээд Бурханд залбирахаасаа зовоод байвал улам л хэцүү болно. Нүглээсээ болоод Еховатай ярихаа больж хэрхэвч болохгүй. Бурхан харин ч, ноцтой нүгэл үйлдсэн хүмүүсийг өөрт нь залбираасай гэж хүсдэг юм шүү дээ. Зөнч Исаиа нүгэл үйлдсэн хүмүүст Еховаг дуудахыг уриалж: «Учир нь Тэр өгөөмрөөр уучилна» гэж хэлсэн байдаг (Исаиа 55:6, 7). Мэдээж, Еховагийн ивээлийг хүртэхийн тулд эхлээд нүгэл үйлдэхээ больж, чин сэтгэлээсээ гэмшин, зүрхээ зөөлөн болгох хэрэгтэй (Дуулал 119:58; Даниел 9:13).

15 Есүсийн шавь Иаков залбирлын чухлыг онцолж, сүнслэг тусламж хэрэгтэй хүний талаар: «Тэр нь чуулганы ахлагчдыг дуудаг. Тэд... түүний төлөө залбираг. ...Эзэн [«Ехова», ШЕ] тэр хүнийг босгоно» гэж бичжээ (Иаков 5:14, 15). Нүгэл үйлдсэн хүн Еховад залбирч, нүглээ наманчлах учиртай. Мөн өөрийнх нь төлөө залбирч өгөхийг ахлагчдаас гуйж болно. Энэ нь Еховатай тогтоосон харьцаагаа сэргээж, сүнслэгээр эдгэрэхэд тустай.

Ехова залбиралд яаж хариулдаг вэ?

16, 17. а) Ехова залбиралд маань яаж хариулдаг вэ? б) Залбирал, дэлгэрүүлэх ажил хоёр хоорондоо нягт холбоотой байдгийг ямар ямар жишээ харуулдаг вэ?

16 Бурхан бидний залбиралд яаж хариулдаг вэ? Залбирсан даруйд тодорхой хариулах үе байдаг (Хаадын дэд 20:1–6). Харин зарим залбирлын хариу удаж байж ирдгийн дээр, шууд ойлгоход амаргүй байдаг. Есүсийн ярьсан ёгт үлгэрт гардаг бэлэвсэн эмэгтэй шүүгч рүү байнга очдог байсны адил, Бурханд дахин дахин залбирах хэрэг гарч болох юм (Лук 18:1–8). Гэхдээ бид хүсэл тааллынх нь дагуу залбирвал Ехова: «Битгий надад төвөг удаад бай» гэж хэзээ ч хэлэхгүй гэдэгт итгэлтэй байж болно (Лук 11:5–9).

17 Еховагийн ард түмэн залбирлын хариу шууд ирж байсан олон тохиолдлыг мэддэг. Ялангуяа, дэлгэрүүлэх ажил хийж явахад ийм явдал их гардаг. Жишээ нь, Филиппинд амьдардаг хоёр Гэрч алс бөглүү нутагт Нийгэмлэгийн ном хэвлэл тарааж яваад, нэг эмэгтэйд танилцуулга өгтөл, түүний нүдийг нулимс бүрхээд иржээ. Тэрбээр: «Би урьд шөнө Бурханд залбирч, Библи зааж өгөх хүн явуулаач гэж гуйсан юм. Би залбирлынхаа хариуг авлаа гэж бодож байна» гэж хэлжээ. Тэр эмэгтэй тун удалгүй цуглаанд очдог болсон байна. Өөр жишээ үзье. Зүүн өмнөд Азийн өөр нэг оронд амьдардаг Гэрч харуул хамгаалалттай орон сууцанд дэлгэрүүлэх гэтэл нэг л сандраад байжээ. Тэгэхлээр нь Еховад залбирч зоригжоод, байр руу орсон байна. Тэгээд нэг айлын хонхыг дартал залуухан эмэгтэй гарч ирж. Гэрчийг ирсэн зорилгоо хэлсэнд өнөөх эмэгтэй уйлж гарчээ. Еховагийн Гэрчүүдийг хайж байсан, тэднийг олоход туслаач гэж залбирч байснаа тэр эмэгтэй ярьсан байна. Түүнд Еховагийн Гэрчүүдтэй холбоо тогтооход нь мөнөөх Гэрч дуртайяа тусалжээ.

18. а) Залбирлынхаа хариуг авсан бол бид яах ёстой вэ? б) Залбирах боломж бүрийг алдалгүй ашигладаг бол юунд итгэлтэй байж болох вэ?

18 Залбирна гэдэг бол үнэхээр хосгүй завшаан мөн. Ехова бидний залбирлыг сонсож, хариулахад бэлэн байдаг (Исаиа 30:18, 19). Харин бид Ехова залбиралд маань яаж хариулж байгааг ажигладаг байх хэрэгтэй. Залбирлын хариу заавал бидний хүссэнээр ирэхгүй байж мэднэ. Гэхдээ л, Бурхнаас тусламж авсан бол талархаж, магтан алдаршуулахаа хэзээ ч мартаж болохгүй (1 Тесалоник 5:18). Түүнээс гадна, «Аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл» хэмээн Паулын зөвлөснийг үргэлж санаж яваарай. Бурхантай ярилцах боломж бүрийг алдалгүй ашиглаарай. Тэгвэл, залбирлынхаа хариуг авдаг байсан хүмүүсийн талаар Паулын: «Бүх оюун ухаанаас дээгүүрх Бурхны амар тайван нь... зүрх, бодлыг тань хамгаална» гэж хэлсэн үг үнэн болохыг биеэрээ үзнэ (Филиппой 4:6, 7).

Хариулна уу

• Залбирал ямар байж болох вэ?

• Яаж залбирах ёстой вэ?

• Юуны тухай залбирч болох вэ?

• Нүгэл үйлдсэн үед залбирал ямар ач холбогдолтой вэ?

[Догол мөрийн асуулт]