Skip to content

Гарчиг руу орох

Итгэлээ үйл хэргээр батлагтун

Итгэлээ үйл хэргээр батлагтун

Итгэлээ үйл хэргээр батлагтун

«Итгэл нь хэрэв үйлсгүй бол өөрөө үхмэл юм» (ИАКОВ 2:17).

1. Эртний христианууд итгэлээ үйл хэргээр батлахыг чухалд үздэг байсны учир юу вэ?

 ЭРТНИЙ христиануудын ихэнх нь итгэлээ үйл хэргээрээ батладаг байв. Шавь Иаков христиануудад: «Зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид бологтун» гэж уриалсны зэрэгцээ «сүнсгүй бие үхмэл байдгийн адил түүнчлэн үйлсгүй итгэл ч бас үхмэл» хэмээн бичжээ (Иаков 1:22; 2:26). Иаковыг ийн бичсэнээс хойш 35 орчим жилийн дараа ч олон христиан итгэлээ сайн үйл хэргээр баталдаг байв. Гэвч харамсалтай нь, зарим хүн энэ тал дээр доголдож байж. Смирна хотын христианууд Есүсээс магтаал сонссон бол Сардейн хурлын олон гишүүн зэмлэл хүлээжээ. Есүс тэдэнд: «Би чиний үйлсийг, чиний амьд гэдэг нэртэй боловч үхдэл гэдгийг чинь мэднэ» гэж хэлсэн (Илчлэлт 2:8–11; 3:1).

2. Христиан хүн итгэлийнхээ талаар юуг бодож үзэх нь зүйтэй вэ?

2 Есүс Сардейн христиануудад үнэнийг хайрлах анхны хайраа баталж, сүнслэгээр сонор сэрэмжтэй байхыг уриалсан нь хожим тэр үгийг нь унших бүх хүнд ач холбогдолтой байв (Илчлэлт 3:2, 3). Тиймээс бид дор бүрнээ: «Миний үйл хэрэг ямар билээ? Дэлгэрүүлэх ажил хийж, цуглаанд очихоос гадна, амьдралынхаа бүх хүрээнд итгэлээ батлахын тулд чадах бүхнээ хийдэг бил үү?» гэж бодож үзэх нь зүйтэй (Лук 16:10). Эдгээр асуултыг олон талаас нь ярилцаж болох боловч энэ өгүүллээр христиан хүн үдэшлэг уулзалт, хурим найр гэх мэтийн арга хэмжээг зохион байгуулахдаа яах нь зүйтэйг дэлгэрэнгүй авч үзье.

Үдэшлэг уулзалт

3. Үдэшлэг уулзалт зохион байгуулах болон тийм арга хэмжээнд очихыг Библи буруушаадаг уу? Тайлбарлана уу.

3 Итгэл нэгтнүүдтэйгээ уулзаж, үдэшлэгт очих сайхан байдаг. Ехова бол үйлчлэгчдээ жаргалтай байлгахыг хүсдэг «жаргалтай Бурхан» билээ (1 Тимот 1:11, ШЕ). Тэрбээр Соломон хааныг онгодоор хөтлөн: «Би тааламжтай байдлыг үнэлэв. Учир хэмээвээс наран доор идэж, ууж, хөгжилдөхөөс өөр сайн зүйл хүнд алга. [Хүний] амьдралын... турш дахь хөдөлмөрт энэ нь дагуул мэт байдаг ажээ» гэж бичүүлжээ (Номлогчийн үгс 3:1, 4, 13; 8:15). Халуун бүлээрээ хамтдаа цуглаад, сайхан хоол идэх юм уу итгэл нэгтнүүдийнхээ зохион байгуулж буй үдэшлэг уулзалтад очиход «тааламжтай» байдаг (Иов 1:4, 5, 18; Лук 10:38–42; 14:12–14).

4. Үдэшлэг уулзалт зохион байгуулахдаа ямар ямар зарчим баримтлах хэрэгтэй вэ?

4 Хэрэв та үдэшлэг уулзалт санаачлан, зохион байгуулж байгаа бол чухам юу хийхээ урьдаас сайтар бодох нь зүйтэй. Цөөхөн хүн урих байлаа ч төлөвлөх хэрэгтэй (Ром 12:13). «Дээрээс ирэгч мэргэн ухаанаар» удирдуулж, «бүх юмыг зохистой» байлгаарай (Иаков 3:17; 1 Коринт 14:40). Элч Паул: «Та нар идэж, уухдаа, эсвэл юу ч хийсэн Бурхны алдрын төлөө бүхнийг хий. ...Хэрэг төвөг бүү учруул [«бүдрэх зүйл бүү бологтун», МАБ]» гэж бичсэн байдаг (1 Коринт 10:31, 32). Тэгвэл чухам ямар ямар асуудлыг онцгой анхаарах хэрэгтэй вэ? Тэдгээрийг урьдаас сайтар бодож үзвэл та өөрөө ч, танай зочид ч итгэлээ үйл хэргээр баталж чадна (Ром 12:2).

Үдэшлэг уулзалт ямар байх вэ?

5. Зочдыг согтууруулах ундаагаар дайлах болон хөгжим сонсох эсэхээ нухацтай бодох хэрэгтэйн учир юу вэ?

5 Үдэшлэг уулзалт зохион байгуулахад зочдыг согтууруулах ундаагаар дайлах эсэхийг шийдэх хэрэг гардаг. Согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр сайхан үдэшлэг уулзалт зохиож болдог. Есүс олон хүнийг талх, загасаар хооллосон түүхтэй. Уг нь, гайхамшиг үйлдэж, тэднийг дарсаар дайлж чадах байсан ч тэгээгүй (Матай 14:14–21). Хэрэв зочдоо согтууруулах ундаагаар дайлахаар шийдсэн бол хэрсүү ухаалаг байж, тохируулж дайлаарай. Бас согтууруулах ундаа уудаггүй хүмүүсийг ч гэсэн тохирох ундаар дайлахаа бүү мартаарай (1 Тимот 3:2, 3, 8; 5:23; 1 Петр 4:3). «Хорт могой шиг хатгах» аюултай ундаа сархадаар хэнийг ч шахаж болохгүй нь тодорхой (Сургаалт үгс 23:29–32). Дуу дуулж, хөгжим сонсохоор шийдсэн бол яах вэ? Үгийг нь бодож үзээд, хэмнэлийг нь анхаараарай (Колоссай 3:8; Иаков 1:21). Хаанчлалын дуу дуулах юм уу аяыг нь сонсоход үдэшлэг уулзалт сайхан уур амьсгалтай болдог нь туршлагаас харагддаг (Ефес 5:19, 20). Бас ярилцаж буй хүмүүст саад болж, айл хөршийнхөө амгалан тайван байдлыг алдуулахгүйн тулд хөгжмийнхөө дууг сайн тохируулаарай (Матай 7:12).

6. Үдэшлэг уулзалтын үеэр зохион байгуулагч нь итгэлээ үйл хэргээр хэрхэн баталж болох вэ?

6 Христианууд үдэшлэг уулзалтын үеэр янз бүрийн сэдвээр яриа өрнүүлж, сонирхолтой материал чангаар уншиж, сүнслэг ач холбогдолтой сонин сайхан түүх ярилцдаг. Хэрэв яриа хөөрөө зохисгүй сэдэв рүү хазайвал зохион байгуулагч зөв сэдэв рүү аятайхан залах хэрэгтэй. Бас нэг л хүн ганцаараа яриад байвал эвийг нь олж байгаад бусад хүнийг ярианд татан оролцуулах нь зүйтэй. Тухайлбал, хүүхэд залуусын үзэл бодлыг асуух, хэний ч сонирхлыг татах сэдэв хөндөх гэх зэргээр яриа өрнүүлж болно шүү дээ. Тэгвэл хөгшин залуу хэний ч сэтгэлд нийцнэ. Үдэшлэг уулзалт зохион байгуулахдаа хэн бүхний ая тухыг бодолцож үздэг бол «ухаалаг байгааг» тань, итгэлээ амьдралынхаа бүх хүрээнд үйл хэргээр баталдгийг тань бүх хүн «мэддэг» болно (Филиппой 4:5, ШЕ).

Хурим найр

7. Хурим хийхдээ их бодож төлөвлөх хэрэгтэйн учир юу вэ?

7 Христиан хурим бол баяр хөөртэй сайхан үйл явдлын нэг мөн. Бурхны эртний үйлчлэгчид хурим хийдэг байсан бөгөөд Есүс шавь нарынхаа хамтаар хуримд очиж байсныг Библид бичсэн байдаг (Эхлэл 29:21, 22; Иохан 2:1, 2). Гэхдээ хурим найрыг Бурхны өмнө ёс төртэй хийхийн тулд их бодож төлөвлөж байж, дүн нуруутай хандах хэрэгтэй байдаг нь сүүлийн жилүүдэд ажиглагдаж байна. Христиан хүн хурим хийхдээ ч итгэлээ үйл хэргээр батлан харуулах боломжтой.

8, 9. 1 Иохан 2:16, 17-д бичсэн үг үнэн гэдэг нь олон хурим найраас хэрхэн ажиглагддаг вэ?

8 Бурхны хуулийг мэддэггүй юм уу тоодоггүй олон хүн хурим найр хийхдээ хүссэнээ хийж, дураараа аашилж болно гэж боддог. Европын нэг сэтгүүлд саяхан гэрлэсэн бүсгүйн үгийг нийтэлжээ. Тэр бүсгүй тансаг хуримынхаа тухай: «Бид дөрвөн морь хөллөсөн ёслолын сүйх тэргэнд сууж, араасаа 12 сүйх тэрэг дагуулж явсан. Бас нэг тэргэнд хөгжимчид хөгжим тоглож явсан. Дараа нь нижгэр зоог барьж, дуу хуураар бялхсан найр хийсэн. Үнэхээр тансаг байсан. Би ч мөрөөдлөө биелүүлж, хуримынхаа өдөр хатан хаан шиг л байсан» гэж хэлжээ.

9 Газар газрын зан үйл өөр өөр байж болох ч, дээрх эмэгтэйн үгийг бодож үзвэл «Ертөнцөд байгаа бүхэн, тухайлбал, махан биеийн хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардам бахдал нь Эцгээс бус, харин энэ ертөнцөөс ирдэг» гэж бичсэн элч Иоханы үг үнэн болох нь батлагддаг. Төлөвшсөн христиан хос яг л үлгэрт гардаг шиг тансаг хурим хийх гэж зүтгэхгүй нь лавтай. «Бурхны хүслийг үйлддэг нэгэн нь мөнхөд оршдог» гэдгийг тэд сайн ойлгодог (1 Иохан 2:16, 17).

10. а) Хурим найрын асуудалд яагаад ухаалаг хандаж, нухацтай бодох хэрэгтэй вэ? б) Зочин урихдаа юун тухай бодох хэрэгтэй вэ?

10 Христианууд хурим найрын асуудалд ухаалаг ханддаг бөгөөд Библи ч үүнд нь тусалдаг. Гэр бүл болж, хурим хийх нь чухал үйл явдал мөн боловч мөнх амьдрах найдвартай хүмүүсийн хувьд хамтын амьдралынх нь дөнгөж эхлэл гэдгийг тэд хүлээн зөвшөөрдөг. Бас заавал нижгэр найр хийх албагүйг ч ойлгодог. Хурим найр хийхээр шийдсэн бол зардлыг нь тооцож, бүх асуудлыг нухацтай бодох хэрэгтэй (Лук 14:28). Библийн зарчмаар, нөхөр хүн бол өрхийн тэргүүн (1 Коринт 11:3; Ефес 5:22, 23). Тиймээс сүйт залуу хурим найр зохион байгуулахад гол үүрэгтэй. Мэдээж, хэнийг урих, хэдэн хүн урих гэх зэргийн асуудлыг ирээдүйн гэргийтэйгээ хэлэлцэх нь зүйтэй. Зарим асуудлыг боломж бололцоогоо харгалзан шийдээрэй. Найз нөхөд, хамаатан саднаа бүгдийг нь урих нь ухаалаг биш юм уу боломжгүй байж болох юм. Тийм нөхцөлд, христианууд учир байдлыг тань ойлгохгүй, уурлаж гомдох вий гэж бүү санаа зовоорой (Номлогчийн үгс 7:9).

«Найрын ахлагч»

11. Найрын ахлагч ямар үүрэгтэй вэ?

11 Христиан хос хурим найраа ёс төртэй хийхийн тулд яах нь зүйтэй вэ? Есүсийн очсон хурим дээр «найрын ахлагч» буюу хариуцлагатай үүрэг хүлээсэн хүн байсан. Еховагийн Гэрчүүд үүнээс санаа авдаг болоод олон жил болж байна (Иохан 2:9, 10). Тэгэхлээр, сүйт залуу төлөвшсөн итгэл нэгтнээ хуримын зохион байгуулагчаар сонгох нь ухаалаг алхам юм. Найрын ахлагч сүйт залуугийн санал, хүсэлтийг харгалзан үзэж, хуримын өмнө болон хуримын үеэр бүх арга хэмжээг зохицуулах үүрэг хүлээнэ.

12. Зочдоо согтууруулах ундаагаар дайлахдаа сүйт залуу юуг анхаарах ёстой вэ?

12 Тавдугаар догол мөрд тэмдэглэснээр, зарим хос зочдоо согтууруулах ундаагаар дайлахгүй байхаар шийддэг. Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэвэл ямар ч сайхан үйл явдлыг гутаах аюултай тул үүнээс болгоомжилдог (Ром 13:13; 1 Коринт 5:11). Гэхдээ согтууруулах ундаагаар дайлахаар бол хэчнээн хэмжээгээр, хэрхэн дайлахаа сүйт залуу анхаарах ёстой. Есүсийн очсон хурим дээр зочдыг дарсаар дайлсан төдийгүй Есүс усыг сайн чанарын дарс болгон хувиргадаг. Найрын ахлагч Есүсийн өгсөн дарсны чанарыг гайхсандаа сүйт залууд: «Хүн бүр эхлээд сайн дарсаа гаргаад, хүмүүсийг согтсоны дараа муухнаа гаргадаг. Гэтэл чи сайн дарсаа одоо хүртэл хадгалсан байжээ» гэж хэлдэг (Иохан 2:10). Мэдээж, Есүс архидан согтуурахыг өөгшүүлээгүй, харин ч тийм явдлыг буруушаадаг (Лук 12:45, 46). Бас найрын ахлагчийн үгийг үзэхэд хурим найрын үер хүмүүс согтох явдал мэр сэр гардаг байжээ (Үйлс 2:15; 1 Тесалоник 5:7). Тиймээс, сүйт залуу, найрын ахлагчаар сонгогдсон христиан хоёрын хэн хэн нь зочдоо дайлахдаа «Дарсанд бүү согтуур. Ингэвэл дураараа дургих байдалд автагдана» гэсэн тодорхой тушаалыг сахих нь зүйтэй (Ефес 5:18; Сургаалт үгс 20:1; Хосеа 4:11).

13. Хөгжим сонсохоор шийдсэн бол юуг анхаарах хэрэгтэй вэ? Яагаад?

13 Дуу хуургүй хурим найр гэж хаана байх вэ. Гэхдээ хөгжмийнхөө дууг тохируулж, тайван сайхан яриа өрнүүлэх боломж бүрдүүлэх нь зүйтэй. Нэг христиан ахлагч: «Найр ид дундаа орж, зочид гийчид яриа хөөрөө болж, бүжиг наадам эхлэхэд заримдаа хөгжим чанга болдог. Эхлээд намуухан эгшиглэж байсан хөгжим чангарсаар дэргэдээ суугаа хүний яриаг ч сонсох аргагүй болдог. Уг нь, хурим найр бол итгэл нэгтнүүдтэйгээ ярьж хөөрөх бас нэг боломж шүү дээ. Гэтэл хөгжим чангалснаас болоод тийм боломжгүй болдог нь харамсалтай!» гэж хэлжээ. Сүйт залуу, найрын ахлагч хоёр энэ асуудлыг ч анхаарах хэрэгтэй. Дуу хөгжим сонсгох, дууг нь тохируулах ажлыг хөгжимчдөд даатгаад орхиж болохгүй. Паул: «Та нар үг ба үйлсээрээ юу ч хийсэн, ...бүгдийг Эзэн Есүсийн нэрээр хийгтүн» гэж бичсэн байдаг (Колоссай 3:17). Шинэ хос дуу хөгжим сонсгохдоо ч Есүсийн нэрийн төлөө бүхнийг хийснээ зочдодоо харуулж чадвал ямар сайн бэ!

14. Ямар хурим христиануудад сайхан сэтгэгдэл төрүүлдэг вэ?

14 Зохион байгуулалт сайтай хурим найр хэн бүхэнд сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Гэрлээд 30 жил болж байгаа Адам Эдита хоёр нэгэн хуримын тухай ингэж хэлсэн юм. «Христиан хүмүүсийн хурим гэдэг нь шууд л мэдрэгдэж байсан. Бид Еховаг магтан дуулж, хуримын эзэд ч зочдыг таатай сайхан хөгжөөж чадсан. Гэхдээ хөгжим бүжиг гол нь байгаагүй. Тэд үнэхээр Библийн зарчмын дагуу бүх хүний сэтгэлд нийцсэн, үлгэр жишээ, сайхан хурим хийсэн» гэж ярьжээ. Тэгэхлээр, хуримаа хийж буй хос, юу ч хийсэн, итгэлээ үйл хэргээр батлах боломжтой байх нь ээ.

Хуримын бэлэг

15. Бэлэг өгөхдөө ямар зөвлөгөө хэрэгжүүлэх нь ухаалаг вэ?

15 Гэрлэж буй хосод ах дүү, найз нөхөд нь бэлэг өгөх ёс түгээмэл байдаг. Хэрэв та бэлэг өгөхийг хүсэж байгаа бол яах нь зүйтэй вэ? «Амьдралын бардам бахдалын» тухай хэлсэн элч Иоханы үгийг санаарай. Иоханы хэлснээр, энэ нь «өнгөрөн одож буй ертөнцийнх» болохоос бус, итгэлээ үйл хэргээр баталдаг христиан хүний зан байж таарахгүй (1 Иохан 2:16, 17). Библийн энэ зүйлийг ойлгодог христиан хос бэлэг өгсөн хүн болгоныг зочдодоо зарлаж мэдэгдэнэ гэж үү? Македони болон Ахайн христианууд Иерусалим дахь итгэл нэгтнүүддээ хандив илгээхдээ нэрээ бичиж, жагсаалт гаргасан баримт байдаггүй (Ром 15:26). Ер нь, христианууд бэлэг өгөхдөө бусдын анхаарлыг татахгүйн тулд нэрээ зарлуулахыг хүсдэггүй. Тэд Матай 6:1–4-т бичсэн Есүсийн зөвлөгөөг хэрэгжүүлдэг.

16. Хурим хийж буй хос зочдыг гомдоож, таагүй сэтгэл төрүүлэхгүйн тулд юунаас зайлсхийх нь зүйтэй вэ?

16 Бэлэг өгсөн хүмүүсийг олонд зарлах нь зочдыг «өдөөн сөрөх» буюу өгсөн бэлгээр нь өрсөлдүүлж байгаагаас өөрцгүй хэрэг болно. Тиймээс, ухаалаг христианууд бэлэг өгөх боломжгүй нэгнээ ичээж зовоохгүйн тулд бэлэг өгсөн хүмүүсийг олонд зарлаж мэдэгддэггүй (Галат 5:26; 6:10). Хурим хийж буй хос хэн ямар бэлэг өгснийг мэдэж бололгүй яах вэ. Бэлэгт дагалдуулж өгсөн ил захидлаас өгсөн эзнийг нь мэдэж болно шүү дээ. Гэхдээ олны өмнө унших хэрэггүй. Хуримын бэлэг худалдан авах, өгөх, хүлээн авах зэрэг нь нэг талаас, хувийн хэрэг боловч нөгөө талаас, итгэлээ үйл хэргээр батладаг христиан хүн гэдгээ харуулах боломж юм. *

17. Итгэлээ үйл хэргээр батлахын тулд ямар зорилго тавих хэрэгтэй вэ?

17 Цэвэр ариун амьдарч, цуглаанд тогтмол очин, дэлгэрүүлэх ажил хийгээд л итгэлээ үйл хэргээр бүрэн дүүрэн баталчих хэрэг биш ээ. Амьдралынхаа бүх хүрээнд үйл хэргээрээ батлах хэрэгтэй. Тийм ээ, энэ өгүүлэлд ярилцсан асуудлаар ч гэсэн итгэлээ «гүйцэлдсэн» үйл хэргээр баталцгаая (Илчлэлт 3:2).

18. Христианууд хурим найр хийж, үдэшлэг уулзалт хийхдээ Иохан 13:17-г хэрхэн хэрэгжүүлдэг вэ?

18 Есүс үнэнч элч нартаа үлгэр жишээ үзүүлэн, хөлийг нь угааж, хар ажил хийснийхээ дараа: «Та нар эдгээрийг мэдэж, үйлдвэл ерөөлтэй» гэж хэлдэг (Иохан 13:4–17). Бидний амьдардаг газар зочныхоо хөлийг угаадаг ёс заншил байхгүй байж болох юм. Гэхдээ үдэшлэг уулзалт зохион байгуулах, хурим найр хийх гэх зэргийн арга хэмжээний үеэр ч хүмүүсийг хайрлан, бодолцож үздэг бол итгэлээ үйл хэргээр батлах боломжтой гэдгийг энэ өгүүллээр ярилцлаа. Тийм учраас, хурим найр хийхдээ ч, хурим найр, үдэшлэг уулзалтад зочилж очихдоо ч итгэлээ үйл хэргээр батлахыг хичээцгээе.

[Зүүлт]

^ «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2006 оны 10-р сарын 15-ны дугаарын 28-р хуудсанд байгаа «Гэрлэх ёслолоо баяр хөөртэй, ёс төртэй үйлдэгтүн» гарчигтай өгүүллээс энэ сэдвийг дэлгэрэнгүй үзнэ үү (англи).

Хариулна уу

• Үдэшлэг уулзалт зохион байгуулахдаа...

• хурим найр хийхдээ...

• хуримын бэлэг өгөх буюу авахдаа...

...итгэлээ үйл хэргээр хэрхэн баталж болох вэ?

[Догол мөрийн асуулт]