«Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь»
«Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь»
«Хайртууд минь, ...мөнх аминд хүр[эхийн тулд] ...Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь» (ИУДА 20, 21).
1, 2. Бурхны хайранд өөрсдийгөө сахихын тулд яах хэрэгтэй вэ?
ЕХОВА хүн төрөлхтнийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгчээ. Ингэснээр Хүүд итгэгч хэн боловч мөнх амьтай болох аж (Иохан 3:16). Бурхныхаа хайр ивээлийг хүртэнэ гэдэг хэчнээн сайхан! Еховагийн үйлчлэгч та үүрд мөнхөд тэгж хайрлуулахыг хүсдэг нь лавтай.
2 Бурхныхаа хайрыг хүртэж, бас Бурхнаа хайрлаж явахын тулд хэрхэх ёстойг шавь Иуда тайлбарлажээ. Тэрбээр: «Та нар хамгийн ариун итгэл дээрээ өөрсдийгөө сүндэрлүүлж, Ариун Сүнсээр залбиран мөнх аминд хүргэх бидний Эзэн Есүс Христийн өршөөлийг хүлээн Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь» хэмээн бичжээ (Иуда 20, 21). Хэрэв бид Бурхны Үгийг судалж, сайн мэдээ дэлгэрүүлдэг бол «хамгийн ариун итгэл» буюу христиан сургаал дээр «өөрсдийгөө сүндэрлүүлж» чадна. Бурхны хайранд өөрсдийгөө сахихын тулд «Ариун Сүнсээр залбирах» буюу Еховагаас ариун сүнсний тусламж гуйх ёстой. Түүнчлэн, мөнх амийн шагнал хүртье гэвэл Есүс Христийн золиосонд итгэх учиртай (1 Иохан 4:10).
3. Зарим хүн яагаад Еховагийн Гэрч байхаа больдог вэ?
3 Зарим хүн христиан болдог ч, Бурхны хайранд өөрсдийгөө сахиж чаддаггүй. Учир нь тэд урьдын буруу зам руугаа буцаж, улмаар Гэрч байхаа больдог. Тэдний араас орохгүйн тулд яах вэ? Дараах зүйлийг эргэцүүлэн бодох нь нүглээс ангид байж, Бурхны хайранд өөрсдийгөө сахихад тустай.
Бурханд хайртайгаа харуулагтун
4. Бурханд дуулгавартай байх нь хэр зэрэг чухал бэ?
4 Бурханд хайртайгаа харуулъя гэвэл түүнд дуулгавартай байгаарай (Матай 22:37). «Бурхныг хайрлах нь Түүний тушаалуудыг сахих юм. Түүний тушаалууд нь хүнд дарамт биш билээ» (1 Иохан 5:3, АББН, 2004). Бурханд дуулгавартай байж сурвал хорхой хүргэм зүйлийг тэвчиж чадахын зэрэгцээ баяр хөөрөөр бялхана. «Хорон муу хүний зөвлөгөөг дагадаггүй, ...харин ...ЭЗЭНий хуульд баярладаг» хүнийг жаргалтай хүн гэж дуулалч бичжээ (Дуулал 1:1, 2).
5. Еховад хайртай хүн яадаг вэ?
5 Бурханд хайртай хүн ноцтой нүгэл үйлдэж, Бурхныхаа нэрийг гутаахгүй. Агур гэдэг хүн Еховад залбирч: «Надад оногдох хувь болох хүнсийг өгч хайрлаач. Учир нь би оногдох ёстойгоосоо илүүг хүртэж: „ЭЗЭН гэж хэн юм бэ?“ гээд, Танаас няцаж буцахгүй байхын тулд, эсвэл ядууран хулгай хийж, Бурхныхаа нэрийг бузарлахгүй байхын тулд билээ» хэмээжээ (Сургаалт үгс 30:1, 8, 9). Бурхныхаа нэрийг бүү сэвтүүлээрэй. Еховаг алдаршуулахын төлөө чадах бүхнээ хийгээрэй (Дуулал 86:12).
6. Санаатайгаар нүгэл үйлддэг хүн ямар үр дагавар амсдаг вэ?
6 Сорилтод унаж, нүгэл үйлдэхгүйн тулд тэнгэрийн Эцгээсээ тусламж гуйн, байнга залбираарай (Матай 6:13; Ром 12:12). Залбиралдаа саад тотгор учруулахгүйн тулд Бурхны зөвлөгөөг үргэлж дагаарай (1 Петр 3:7). Хэрэв та санаатайгаар нүгэл үйлдвэл үр дагавар нь гашуун байх болно. Юу гэвэл, Ехова гэмшдэггүй хүмүүсийн залбирлыг «нэвтрүүлэхгүйн тулд өөрийгөө үүлээр хучдаг» (Иеремиагийн гашуудал 3:42–44). Тиймээс, Бурханд залбирлаа сонсгоё гэвэл даруухан байж, муу юм хийхгүй байхад туслахыг гуйгаарай (2 Коринт 13:7).
Бурхны Хүүд хайртайгаа харуулагтун
7, 8. Есүсийн үгийг чанд сахих нь цэвэр ариун амьдрахад хэрхэн туслах вэ?
7 Есүс Христэд хайртай хүн тушаалыг нь биелүүлдэг учир нүглээс ангид байж чаддаг. Есүс: «Би Эцгийнхээ тушаалыг сахиж, Түүний хайр дотор байдгийн адил, та нар Миний тушаалыг сахивал Миний хайр дотор байх болно» гэж хэлжээ (Иохан 15:10). Бурхны хайранд өөрсдийгөө сахихын тулд бид Есүсийн үгийг дагах ёстой.
8 Есүсийн үгийг чанд сахивал цэвэр ариун амьдарч болдог. Израильчуудад өгсөн Бурхны Хуульд: «Чи бүү завхайр» гэсэн тушаал бий (Египетээс гарсан нь 20:14). Энэ тушаалын цаана одоо ч хуучраагүй нэг зарчим байдгийг Есүсийн хэлсэн үг харуулдаг. Есүс: «Эмэгтэй хүнийг тачаадан харах хүн бүр зүрхэндээ түүнтэй хэдийнээ завхайрсан хэрэг» гэж хэлжээ (Матай 5:27, 28). Элч Петрийн хэлснээр, І зууны христиануудын дунд «тогтворгүй сэтгэлтнүүдийг уруу татдаг», «нүд нь завхайрлаар дүүрэн» хүмүүс байжээ (2 Петр 2:14). Хэрэв та Ехова Есүс хоёрт хайртай бөгөөд дуулгавартай байж, тэдэнтэй тогтоосон дотно харьцаагаа эрхэмлэдэг бол тэр хүмүүсийн гаргасан алдааг давтаж, садар самуунд орооцолдохгүй.
Еховагийн сүнсээр удирдуулагтун
9. Санаатайгаар нүгэл үйлдэх нь ямар аюултай вэ?
9 Бурхны ариун сүнсийг гуйн залбирч, тэр сүнсээр удирдуулаарай (Лук 11:13; Галат 5:19–25). Санаатайгаар нүгэл үйлддэг хүнээс Бурхан сүнсээ авч болзошгүй. Батшебатай завхайрч, нүгэл үйлдсэн Давид Бурхнаас: «Өөрийн оршихуйгаас намайг бүү холдуулаач. Өөрийн Ариун Сүнсийг надаас бүү аваач» хэмээн гуйжээ (Дуулал 51:11). Гэтэл Саул хаан үйлдсэн нүглээ гэмшээгүйн улмаас Бурхны сүнсийг алдсан. Тэрбээр дур мэдэн шатаалт тахил өргөж, Амалекийн хааны амийг хэлтрүүлж, мал сүргийг нь устгалгүй орхисон нь нүгэл байлаа. Тийм учраас Ехова Саулаас ариун сүнсээ авчээ (1 Самуел 13:1–14; 15:1–35; 16:14–23).
10. Яагаад нүгэлт бодлоо зайлуулж байх хэрэгтэй вэ?
10 Нүгэлт бодлыг толгойноосоо зайлуулж байх хэрэгтэй. «Хэрэв бид үнэний мэдлэгийг хүлээн авсны дараа санаатайгаар нүгэл үйлдвэл нүглийн төлөөх тахил цаашид үлдэхгүй» гэж Паул бичсэн байдаг (Еврей 10:26—31). Христиан хүн санаатайгаар нүгэл үйлдэнэ гэдэг хэчнээн их эмгэнэл бэ!
Хүмүүсийг чин сэтгэлээсээ хайрлагтун
11, 12. Бусдыг хайрлаж, гэр бүлийн ариун холбоог эрхэмлэх нь садар самуун үйлдэхээс хэрхэн сэргийлдэг вэ?
11 «Хөршөө хайрладаг» хүн садар самуун үйлддэггүй (Матай 22:39). Бусдыг жинхэнэ ёсоор хайрладаг хүн зүрхээ хамгаалж, хүний ханийн сэтгэлийг өөртөө урвуулахгүй. Эс тэгвээс завхай явдалд орооцолдох аюултай (Сургаалт үгс 4:23; Иеремиа 4:14; 17:9, 10). Эхнэрээсээ өөр эмэгтэйг бодоогүй үнэнч Иовыг дуурайгаарай (Иов 31:1).
12 Бас гэр бүлийн ариун холбоог эрхэмлэдэг хүн ноцтой нүгэл үйлдэхгүй. Бурхан хүмүүсийг гэр бүл болж, бэлгийн харьцаанд ордгоор бүтээсэн нь өсгөн үржүүлэх зорилготой байв (Эхлэл 1:26–28). Бэлэг эрхтэн бол амь хэмээх ариун юмыг бий болгох үүрэгтэй эрхтэн гэдгийг бид мэддэг. Гэтэл садар самуун, шалиг завхай явдалд орооцолдох нь Бурханд дуулгаваргүй загнаж, бэлгийн харьцааны зорилгыг гажуудуулж, гэр бүлийн ариун холбоог үл хүндэтгэн, «өөрийнхөө биеийн эсрэг нүгэл үйлдэж байгаа» хэрэг юм (1 Коринт 6:18). Бурхан болон бусдыг хайрладаг, Еховад дуулгавартай хүн тийм ноцтой нүгэл үйлдэж, хурлаас хасагдах аюулаас ангид байдаг.
13. Завхай хүн «эд хөрөнгөө барж дуусдаг» гэж юу гэсэн үг вэ?
13 Ойр дотнын хүмүүсээ зовоохгүйн тулд нүгэлт хүслээ тэр дор нь дарж байх хэрэгтэй. Сургаалт үгс 29:3-т: «Садар эмстэй нөхцөгч эд хөрөнгөө барж дуусна» гэж бичжээ. Ханиа хуурчихаад гэмшдэггүй хүн «эд хөрөнгөө барж дуусах» буюу Бурхантай тогтоосон эрхэм харьцаагаа алдаж, гэр бүлээ эвдэн бусниулдаг. Тийм нөхцөлд эхнэр нь гэрлэлтээ цуцлуулах эрхтэй байдаг (Матай 19:9). Ер нь нөхөр, эхнэрийн хэнийх нь ч буруу бай, гэр бүл салахад гэм буруугүй хань, үр хүүхэд, мөн бусад хүн сэтгэлийн шархтай хоцордог. Садар завхай явдал эцэстээ ямар уршиг тарьдгийг ухамсарладаг хүн яасан ч тийм юм хийхгүй нь лавтай.
14. Сургаалт үгс 6:30–35 ямар сургамжтай вэ?
14 Завхай явдлын улмаас бусдад учрах хохирлыг төлөх аргагүй гэдгийг ойлгодог хүн ийм амиа бодсон аймшигт хэрэг хийхгүй. Сургаалт үгс 6:30–35-ыг үзвэл, өлсөхийн эрхээр хулгай хийдэг хүнийг хүмүүс жигшдэггүй. Гэтэл завхай явдалтан хар буруу санаа өвөрлөсөн байдаг тул хүмүүсийн жигшлийг төрүүлдэг. Тийм хүн «өөрийгөө хөнөөдөг». Хэрэв Мосегийн хууль хүчин төгөлдөр байсан бол тэрбээр үхэх ял авах байсан (Левит 20:10). Завхай хүн дур тачаалаа хангахыг л бодохоос бус бусдад ямар зовлон учруулж байгаагаа боддоггүй бөгөөд үүндээ гэмшихгүй бол Бурхны хайранд өөрийгөө сахиж чадахгүй. Христиан хурлыг цэвэр байлгахын тулд садар самуун явдалтныг хурлаас хасдаг.
Мөс чанараа цэвэр байлгагтун
15. Мөс чанараа «халуун төмрөөр тамгалуулбал» ямар аюултай вэ?
15 Мөс чанараа мэдрэг байлгахгүй бол Бурхны хайранд өөрсдийгөө сахиж чадахгүй. Бид өдрөөс өдөрт суларч байгаа энэ ертөнцийн ёс суртахууны хэм хэмжээг дагах учиргүй бөгөөд хэнтэй үерхэж нөхөрлөх, юу үзэж харах, уншиж сонирхох, чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөх зэргийг шийдэхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Паул: «Хожмын цагт зарим нь итгэлээ орхиж, мэхлэгч сүнснүүдэд болон чөтгөрүүдийн номлолд анхаарлаа хандуулна... Тэд мөс чанартаа халуун төмрөөр тамгалагдан хоёр нүүр гарган худал яр[ина]» гэж хэлжээ (1 Тимот 4:1, 2). «Халуун төмрөөр тамгалагдсан» мөс чанар түлэгдэж сорвижоод, мэдрэлгүй болсон арьстай адил юм. Тийм мөс чанартай болбол тэрс үзлээс хол явж, итгэл үнэмшлээс маань няцаах аюултай бүхнээс зайлсхийж чадахгүйд хүрнэ.
16. Мөс чанараа цэвэр байлгах нь яагаад амин чухал бэ?
16 Аврагдах эсэх маань цэвэр мөс чанартай байхаас шалтгаална (1 Петр 3:21). Бид «амьд Бурханд үйлчлэхийн» тулд Есүсийн асгаруулсан цусанд итгэж, «мөс чанараа үхсэн үйлсээс цэвэрлэсэн» билээ (Еврей 9:13, 14). Гэтэл санаатайгаар нүгэл үйлддэг бол мөс чанараа бузарлаж, Бурханд ариунаар үйлчлэх эрхгүй болно (Тит 1:15). Гэхдээ Еховагийн тусламжтайгаар мөс чанараа цэвэр байлгаж болдог.
Нүгэл үйлдэхгүйн тулд өөр яах вэ?
17. Еховаг бүрэн дагахын ач тус юу вэ?
17 Эртний Израильд амьдарч байсан Калебыг дуурайж, «ЭЗЭНийг бүрэн дагаарай» (Дэд хууль 1:34–36). Еховагийн шаардлагыг биелүүлж, «чөтгөрүүдийн ширээнээс» хэзээ ч, юу ч бүү аваарай (1 Коринт 10:21). Тэрс үзлээс зайлсхийгээрэй. Зөвхөн Еховагийн «ширээнээс» сүнслэг хоол хүртэж, үүнийгээ эрхэмлэдэг хүн хуурамч багш нар болон «муу сүнснүүдэд» хууртахгүй (Ефес 6:12, ШГ; Иуда 3, 4). Библи судлах, цуглаанд очих, дэлгэрүүлэх зэргээр сүнслэг зүйлийг эн тэргүүнд тавиарай. Еховаг бүрэн дагаж, «Эзний үйл хэрэгт үргэлж бялхдаг» хүн жаргалтай амьдардаг (1 Коринт 15:58).
18. Еховагаас эмээдэг хүн яадаг вэ?
18 «Айдас бүхий тааламжит үйлчлэлийг Бурханд өргөх» шийдвэр төгс байгаарай (Еврей 12:28). «Айдас» буюу Бурхнаас эмээх сэтгэлтэй хүн буруу хэрэг хийхгүй байхыг хичээдэг. Петр тослогдсон христиануудад: «Хэрэв та нар хүн бүрийг үйлсийнх нь дагуу ялгаварлалгүй шүүдэг Нэгнийг Эцэг гэж дууддаг юм бол, дэлхий дээр байх хугацаандаа эмээн, биеэ [зөв] авч яв» хэмээн зөвлөсөн байдаг. Бурхнаас эмээдэг хүн энэ зөвлөгөөг дагадаг (1 Петр 1:17).
19. Бурхны Үгнээс сурч мэдсэнээ ямар учраас үргэлж хэрэгжүүлж байх хэрэгтэй вэ?
19 Бурхны Үгнээс сурч мэдсэнээ байнга хэрэгжүүлж байгаарай. Ингэвэл та «сайн мууг ялгахад суралцсан» хүмүүсийн нэг болж, ноцтой нүгэл үйлдэхгүй байж чадна (Еврей 5:14). «Мэргэн» байхын тулд үг яриа, үйл хэргээ анхаарч, «бузар булай өдрүүдэд цагийг аварч», сонор сэрэмжтэй байгаарай. Еховагийн «хүсэл юу болохыг ухаарч», цаг үргэлж хүсэл тааллынх нь дагуу амьдраарай (Ефес 5:15–17; 2 Петр 3:17).
20. Яагаад шунаж болохгүй вэ?
20 Бас бусдын эд зүйлд өчүүхэн ч атугай шунаж болохгүй. Арван тушаалын нэг нь: «Чи хөршийнхөө гэр оронд бүү шунахайр. Чи хөршийнхөө эхнэр болон түүний зарц, түүний шивэгчин, түүний үхэр, түүний илжиг, хөршийнхөө юунд ч бүү шунахайр» гэж байдаг (Египетээс гарсан нь 20:17). Энэ тушаал гэр орон, авааль эхнэр, зарц шивэгчин, мал сүрэг гээд хүнд байгаа бүх юмыг хамгаалдаг байв. Хамгийн гол нь, хүнийг өөрийг нь хамгаалдаг байсан. Учир нь Есүсийн хэлснээр шунал хүнийг бузарладаг ажээ (Марк 7:20–23).
21, 22. Нүгэл үйлдэхгүйн тулд урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?
21 Хүсэл шуналдаа дийлдэж, нүгэл үйлдэхгүйн тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваарай. Шавь Иаков: «Хүсэл тачаалдаа автаж, уруу татагдах үедээ хүн бүр соригддог. Тэгээд хүсэл тачаал нь жирэмслээд нүглийг төрүүлдэг. Нүгэл нь биеллээ олохлоороо үхлийг авчирдаг» гэж бичжээ (Иаков 1:14, 15). Жишээ нь, өмнө нь архинд дуртай байсан хүн гэртээ согтууруулах ундаа байлгахгүй байх нь дээр болов уу. Хэрэв ажил дээр тань эсрэг хүйсийн хүн садар самуунд уруу татах гэвэл, нүгэл үйлдэхгүйн тулд өөр хэлтэст ажиллах юм уу, эсвэл ажлаа соливол ямар вэ? (Сургаалт үгс 6:23–28).
22 Нүгэл үйлдэх шалтаг хэзээ ч бүү гаргаарай. Жишээ нь, бусдад сээтэн хаях, завхай юм ургуулж бодох зэрэг нь садар самуун үйлдэх нэг шалтгаан болдог. Хуурсаар хуурсаар худалч, хумсалсаар хумсалсаар хулгайч болж, эцэс сүүлдээ мөс чанар нь ч өвдөхөө больдог. Тэрс үзэлд бага ч атугай хүлцэнгүй хандвал яваандаа тэрслэгч болох аюултай (2 Петр 2:1; Илчлэлт 21:8).
Нүгэл үйлдчихсэн бол...
23, 24. Шастирын дэд 6:29, 30 болон Сургаалт үгс 28:13 нүгэл үйлдсэн хүнийг яаж тайвшруулдаг вэ?
23 Энэ дэлхий дээр төгс хүн нэгээхэн ч үгүй билээ (Номлогчийн үгс 7:20). Гэхдээ ноцтой нүгэл үйлдсэн бол яах ч аргагүй гэсэн үг биш ээ. Тийм хүнийг Соломоны залбирал тайвшруулдаг. Еховагийн сүмийг нээх ёслол дээр тэрбээр: «Зовлон шаналал, өвчнөө ойлгоод, энэ өргөө рүү гараа сунгасан хэн нэгэн хүн, эсвэл Таны ард түмэн Израилийн ямар ч залбирал гуйлтыг Та Өөрийн орших газар болох тэнгэрээс сонсон, уучилж, зөвхөн Та хүний хөвгүүдийн зүрх сэтгэлийг мэдэх учраас.... хүн бүрд өөрийнх нь үйлдлийн дагуу өгөөрэй» гэж залбирсан байдаг (Шастирын дэд 6:29, 30).
24 Үүнээс үзвэл, Бурхан хүний зүрхийг хардаг бөгөөд чин сэтгэлээсээ гэмшиж байгаа хүнийг уучилдаг байна. Сургаалт үгс 28:13-т: «Гэм нүглээ нуун далдлагч хэзээ ч амжилтад хүрэхгүй. Харин гэм нүглээ хүлээн зөвшөөрч, тэдгээрийг мартдаг хүн хайр энэрлийг хүртэнэ» гэж бий. Бурхны хайр энэрлийг хүртэхийн тулд нүглээ гэмшиж, «хүлээн зөвшөөрөх» буюу илчилж, «мартах» буюу дахин давтахгүй байх хэрэгтэй. Бурхны хайранд өөрийгөө сахихад нь сүнслэгээр суларсан хүнд өөр юу туслах вэ?
Хариулна уу
• Бурхны хайранд өөрсдийгөө сахихын тулд яах хэрэгтэй вэ?
• Бурхан болон Христэд хайртай хүн нүглээс ангид байж чаддагийн учир юу вэ?
• Бусдыг чин сэтгэлээсээ хайрладаг хүн яагаад садар самуунаас зайлсхийдэг вэ?
• Нүгэл үйлдэхгүйн тулд яах хэрэгтэй вэ?
[Догол мөрийн асуулт]