Еховагийн «сахилгажуулалтыг» үргэлж хүлээн авагтун
Еховагийн «сахилгажуулалтыг» үргэлж хүлээн авагтун
«ЭЗЭНий сахилгажуулалтыг бүү дургүйц» (СУРГААЛТ ҮГС 3:11).
1. Еховаг сахилга батын арга хэмжээ авахад яагаад дургүйцэх хэрэггүй вэ?
ЭРТНИЙ Израилийн хаан Соломон: «Хүү минь, ЭЗЭНий сахилгажуулалтыг бүү дургүйц, зэмлэлийг нь бүү огоор. Учир нь хүүгээ таалдаг эцэг хүний адил ЭЗЭН хайрладаг хүнээ зэмлэдэг юм шүү» хэмээн бичихдээ Еховаг сахилга батын арга хэмжээ авахад дургүйцэх хэрэггүйн учрыг тодорхой тайлбарлажээ (Сургаалт үгс 3:11, 12). Тэнгэрийн Эцэг маань бидэнд хайртай учраас сахилга батын арга хэмжээ авдаг.
2. «Сахилгажуулалт» гэж орчуулсан үг ямар утгатай вэ? Ехова биднийг яаж засаж залруулдаг вэ?
2 «Сахилгажуулалт» гэж орчуулсан үг шийтгэх, засах, заах, хүмүүжүүлэх гэсэн утгатай. Элч Паул: «Бүх сахилга нь тухайн үедээ баяр хөөртэй бус, харин уй гашуутай мэт санагдавч дараа нь энэ нь түүгээр сургагдсан хүмүүст зөвт байдлын амар амгалан бүхий үр жимсийг төрүүлж өгдөг» гэж бичжээ (Еврей 12:11). Хэрэв Ехова таныг сахилгажуулбал дургүйцэлгүй хүлээн аваарай. Ингэвэл зөв замаас хазайлгүй явж, ариун Бурхантайгаа улам дотно болно (Дуулал 99:5). Ехова биднийг итгэл нэгтнүүдээр маань, цуглаанаар, Библи болон «итгэмжит, ухаалаг нярав»-ын гаргасан ном хэвлэлийг судлах явцад засаж залруулдаг (Лук 12:42–44). Ийнхүү биднийг сул талаа олж хараад, засаж залруулахад тусалдагт нь талархууштай. Тэгвэл, ноцтой нүгэл үйлдсэн хүнд сахилга батын ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ гэсэн асуулт гарч ирж байна.
Зарим хүнийг хурлаас хасдагийн учир
3. Ямар хүнийг хурлаас хасдаг вэ?
3 Бурхны үйлчлэгчид Библи болон Библид үндэслэсэн ном хэвлэл судалдаг. Бас цуглаан, чуулган дээр Еховагийн хэм хэмжээнд суралцдаг. Ийнхүү Бурхны шаардлагыг мэдэж авсан атлаа ноцтой нүгэл үйлдээд, гэмшихгүй бол хурлаас хасдаг.
4, 5. Коринт дахь хуралд юу тохиолдсон бэ? Хурлаас хасагдсан хүний эрхийг сэргээхийг уриалсан нь ямар учиртай вэ?
4 МЭ І зууны Коринт хотын христиан хуралд юу болсныг үзье. Тэндхийн хурал «харь үндэстнүүдийн дунд хүртэл байдаггүй, садар самуун явдлыг» зүгээр өнгөрөөдөг байжээ. Тэдний дунд «эцгийнхээ эхнэртэй нөхөцдөг» хүн байв. Паул Коринтын христиануудад: «Тийм хүнийг махан биеийг нь сүйрүүлэхийн тулд Сатанд тушаа... Ингэснээр... сүнс... аврагдаж болох юм» хэмээн бичжээ (1 Коринт 5:1–5). «Сатанд тушаагдсан» буюу хурлаас хасагдсан хүн эргээд Диаволын ертөнцтэй нийлдэг байна (1 Иохан 5:19). Тэр хүнийг хурлаас хассаны ачаар бусад гишүүнийг уруу татагдахаас сэргийлж, хурлын «сүнсийг» «аврах» буюу нийт гишүүдийг Бурхны хэм хэмжээнд зөв ханддаг хэвээр нь үлдээж чаджээ (2 Тимот 4:22; 1 Коринт 5:11–13).
5 Гэтэл түүнээс хойш нэг их удалгүй, Паул Коринтын христиануудыг «Сатанд мэхлүүлж далимдуулахгүйн» тулд хурлаас хасагдсан хүний эрхийг сэргээхийг уриалжээ. Учир нь тэр хүн үйлдсэн нүгэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж, цэвэр ариун амьдардаг болсон аж (2 Коринт 2:8–11). Хэрэв Коринтын христианууд тэр хүнийг хуралдаа хүлээн авахаас татгалзвал Сатаны хүссэнээр, харгис хатуу сэтгэлтэй, уучилж өршөөхийг мэддэггүй хүмүүс болж, Сатанд мэхлүүлэх байв. Гэхдээ тэд тэр дор нь Паулын зөвлөгөөг дагаж, гэмшсэн хүнийг «уучилж, тайвшруулсан» бололтой (2 Коринт 2:5–7).
6. Гэмшдэггүй хүнийг хурлаас хасдаг нь ямар ач холбогдолтой вэ?
6 Хийсэн хэрэгтээ гэмшдэггүй хүнийг хурлаас хасахын ач холбогдол юу вэ? Еховагийн ариун нэр сэвтэж, ард түмнийх нь нэр хүнд унахаас сэргийлдэг (1 Петр 1:14–16). Мөн Бурхны тогтоосон хэм хэмжээг чанд сахиж, христиан хурлын цэвэр ариун байдлыг хадгалж байгаа хэрэг юм. Түүнээс гадна, гэмшдэггүй хүнийг хэчнээн ноцтой нүгэл үйлдсэнээ ухаарахад нь туслах зорилготой.
Гэмшихийн ач холбогдол
7. Давид нүглээ нуусан нь ямар уршигтай байсан бэ?
7 Ноцтой нүгэл үйлдсэн ихэнх хүн гэмшээд, хурлаас хасагдалгүй үлддэг. Гэхдээ чин сэтгэлээсээ гэмшинэ гэдэг амаргүй. Израилийн хаан Давидын зохиосон 32-р дууллыг үзвэл, тэрбээр үйлдсэн нүглээ хэсэг хугацаанд нууж байсан нь харагддаг. Энэ нь, Батшебатай завхайрсан явдал байсан бололтой. Гангийн халуунд ургамал ногоо хатдагийн адил, Давид нүгэл үйлдсэндээ шаналан, тамирдаж гүйцжээ. Бие, сэтгэлээрээ зовж байсан тэрбээр «алдаа зөрчлөө хүлээсэн» тул Бурхан «нүглийн бурууг нь уучилжээ» (Дуулал 32:3–5). Тийм ч учраас, «ЭЗЭНд гэмтэн гэж үл тооцогддог... хүн юутай ерөөлтэй вэ!» гэж дуулсан байдаг (Дуулал 32:1, 2). Тэрбээр Бурхны өршөөлийг хүртээд хэчнээн их баярласан бол оо!
8, 9. Хүн гэмшсэнээ хэрхэн харуулдаг вэ? Хурлаас хасагдсан хүн гэмших нь ямар ач холбогдолтой вэ?
8 Тэгэхлээр, нүгэл үйлдсэн хүн Бурхны өршөөлийг хүртье гэвэл гэмших ёстой байх нь ээ. Гэхдээ ичиж зовох юм уу хийсэн хэрэг нь илэрнэ гэж айх нь гэмшиж байгаа хэрэг биш юм. Чин сэтгэлээсээ гэмших гэдэг нь нүгэл үйлдсэндээ харамсан гашуудаж, үзэл бодлоо өөрчлөхийг хэлдэг. «Эмтэрсэн, гэмшдэг зүрхтэй» хүн «буруугаа засахыг» хичээдэг (Дуулал 51:17; 2 Коринт 7:11, МБН, 2003).
9 Христиан хурлын гишүүн байх эрхээ сэргээлгэхэд нэн чухал алхам бол гэмших юм. Хурлаас хасагдсан хүн эрхээ сэргээлгэхийн тулд цаг хугацаа өнгөрөхийг хүлээх биш, зүрх сэтгэлээ үндсээр нь өөрчлөхөөс гадна хэчнээн ноцтой нүгэл үйлдсэнээ, Бурхны нэрийг сэвтүүлж, хурлын нэр хүндийг унагаснаа ухамсарлах ёстой. Гэмшиж, Бурхнаас өршөөл гуйн шаргуу залбирч, Библийн хэм хэмжээг сахидаг болох шаардлагатай. Эрхээ сэргээлгэх хүсэлт гаргахаасаа урьдаар, гэмшсэнээ тодорхой харуулж, «гэмшилд дүйцэх үйлс» хийдэг болсон байх учиртай (Үйлс 26:20).
Нүглээ илчлэхийн учир
10, 11. Нүглээ илчлэх ёстойн учир юу вэ?
10 Нүгэл үйлдсэн зарим христиан: «Хэрэв би нүгэл үйлдсэнээ хүнд хэлчихвэл эвгүй асуулт асуух юм уу хурлаас хасчихаж магадгүй. Харин чимээгүй яваад байвал тийм муу юм болохгүй, бас хурлынхнаас хэн ч, хэзээ ч мэдэхгүй» гэж боддог. Гэхдээ тэгж бодох нь буруу. Яагаад?
11 Ехова бол «өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан ба энэрэл хайр, үнэнээр бялхам» бөгөөд «энэрэл хайрыг мянган үеийн турш хадгалж, гэмт хэрэг, гэм буруу, нүглийг уучилдаг». Гэхдээ үйлчлэгчдээ «зохистойгоор засдаг» (Египетээс гарсан нь 34:6, 7; Иеремиа 46:28). Ноцтой нүгэл үйлдчихсэн хүн түүнийгээ нуугаад Бурхны өршөөлийг хүртэж чадна гэж үү? Ехова хийсэн хэргийг нь мэдэж байгаа, тэгээд ч нүдээ аниад өнгөрөөхгүй шүү дээ (Сургаалт үгс 15:3; Хабаккук 1:13).
12, 13. Нүглээ нуух нь ямар аюултай вэ?
12 Ноцтой нүгэл үйлдсэн хүн нүглээ илчилбэл «сайн мөс чанарыг» дахин олж авдаг (1 Тимот 1:18–20). Харин нүглээ нуувал мөс чанар нь улам мэдрэмжгүй болж, эцэстээ илүү ноцтой нүгэл үйлдэх аюултай. Христиан хүн нүгэл үйлдлээ гэхэд энэ нь хэн нэг хүн, эсвэл хурлынхандаа муу юм хийсэн хэрэг. Хамгийн гол нь, Бурхандаа муу юм хийсэн гэсэн үг. Дуулалч: «ЭЗЭНий сэнтий тэнгэрт байна. Түүний мэлмий, Түүний зовхи хүний хөвгүүдийг шалгадаг юм. ЭЗЭН зөв шударга хийгээд хорон муу хүнийг шалгадаг» гэж дуулжээ (Дуулал 11:4, 5).
13 Цэвэр ариун христиан хуралд үлдэхийн тулд ноцтой нүглээ нуухыг оролддог хэнийг ч Ехова ивээхгүй (Иаков 4:6). Тиймээс та нүгэл үйлдсэн ч, зөв замаар явахыг хүсэж байгаа бол нүглээ шударгаар хэлэхээс бүү зовоорой. Эс тэгвэл, та хийсэн хэрэгтэйгээ төстэй хэрэг явдлын талаар унших юм уу сонсох бүрд мөс чанар тань шаналах болно. Ехова Саул хаанаас ариун сүнсээ авсан шиг, танаас бас авчихвал яана? (1 Самуел 16:14). Хэрэв тэгвэл, та илүү ноцтой нүгэл үйлдэж ч мэднэ.
Ахлагчдад итгэгтүн
14. Нүгэл үйлдсэн хүн Иаков 5:14, 15-д бичсэн зөвлөгөөг дагах ёстойн учир юу вэ?
14 Тэгвэл гэмшсэн хүн яах ёстой вэ? «Тэр нь [хурлын] ахлагчдыг дуудаг. Тэд [Еховагийн] нэрээр түүнийг тосоор тосолж, түүний төлөө залбираг. Итгэлийн залбирал нь өвчтэй нэгнийг эдгээж, [Ехова] тэр хүнийг босгоно» (Иаков 5:14, 15). Ахлагчдад хандах нь «гэмшилд зохистой үр жимс гаргах» нэг арга юм (Матай 3:8). Бурханд үнэнч, халамжит ахлагчид гэмшсэн хүний төлөө залбирч, Еховагийн нэрээр «түүнийг тосоор тосолно». Тэдний өгдөг Библид үндэслэсэн зөвлөгөө чин сэтгэлээсээ гэмшиж байгаа хүнийг өвчин намдаах тос адил тайвшруулна (Иеремиа 8:22).
15, 16. Езекиел 34:15, 16-д тэмдэглэгдсэн, Бурхны үзүүлсэн жишээг ахлагчид хэрхэн дуурайдаг вэ?
15 Агуу Хоньчин Ехова МЭӨ 537 онд израильчуудыг Вавилоны дарлалаас, 1919 онд сүнслэг Израилийг «агуу их Вавилоны» боолчлолоос чөлөөлж, гэмшсэн хүнийг хайрлан халамжилдгаа үлгэрлэн үзүүлсэн (Илчлэлт 17:3–5; Галат 6:16). Тийнхүү, «Би Өөрийн сүргийг тэжээж, Би тэднийг хотлуулна. Би гээгдсэнийг хайж, тараагдсаныг буцааж, гэмтсэнийг боох бөгөөд өвчтэйг нь тэнхрүүлэх болно» гэж амласнаа биелүүлжээ (Езекиел 34:15, 16).
16 Бэлэгдлийн хонио тэжээж, аюулгүй газар хотлуулж, гээгдсэнийг нь хайсан Еховагийн жишээгээр христиан хоньчид Бурхны сүргийг сүнслэгээр цатгалан, аюулгүй байлгах гэж мэрийдэг. Мөн ижлээсээ төөрсөн хонийг хайдаг. Тэд бусдын үг ярианаас, эсвэл өөрсдөөсөө болж «гэмтсэн» хүмүүсийг «боон», Еховаг дуурайдаг. Бурхан «өвчтэйг нь тэнхрүүлдэг» байсан шиг ахлагчид сүнслэгээр өвдсөн итгэл нэгтнүүддээ тусалдаг.
Ахлагчид хэрхэн тусалдаг нь
17. Ахлагчдаас сүнслэг тусламж заавал авах хэрэгтэйн учир юу вэ?
17 Ахлагчид нүгэл үйлдсэн итгэл нэгтнүүддээ туслахдаа тэдэнд «эмээнгүйгээр өршөөнгүй хандахыг» чин сэтгэлээсээ хичээдэг (Иуда 23). Садар самуун гэх мэт ноцтой нүгэл үйлдсэн хүн ч үнэн сэтгэлээсээ гэмшвэл ахлагчид түүнийг өрөвдөж, халамж анхаарал тавьж, сүнслэгээр эдгэрэхэд нь тусална. Элч Паул ахлагчдыг төлөөлж: «Бид та нарын итгэлийг захирдаггүй. Харин бид та нарын баяр баясгалангийн төлөө та нартай хамтран ажиллагч юм» гэж бичжээ (2 Коринт 1:24). Тийм учраас, ахлагчдаас ичиж зоволгүй сүнслэг тусламж аваарай.
18. Ахлагчид алдаж эндсэн итгэл нэгтэндээ хэрхэн ханддаг вэ?
18 Ноцтой нүгэл үйлдсэн хүн ахлагчдад итгэх хэрэгтэй. Учир нь тэдний гол үүрэг бол Бурхны хонин сүргийг хариулах явдал юм (1 Петр 5:1–4). Гэмтэж бэртээд, өвдөж шаналсандаа майлах хонио ямар хоньчин зодох билээ дээ? Үүнтэй адилаар, христиан хоньчид алдаж эндсэн итгэл нэгтнийхээ хийсэн хэрэгт ял оноох биш, харин ч болж өгвөл, тэднийг сүнслэгээр сэргээх зорилготой байдаг (Иаков 5:13–20). Ахлагчид нүгэл үйлдсэн хүнийг шударгаар шүүж, «сүргийг энэрэх» ёстой (Үйлс 20:29, 30; Исаиа 32:1, 2). Тэд «шударгыг үйлдэж, энэрлийг хайрлаж, өөрийн Бурхантай хамт даруухнаар алхах» учиртай (Мика 6:8). Ингэж байж, Еховагийн «бэлчээрийн хонин сүргийн» амь нас, христиан үйл хэрэгт хамаатай зөв шийдвэр гаргана (Дуулал 100:3).
19. Христиан ахлагчид нүгэл үйлдсэн хүнийг засахдаа яахыг хичээдэг вэ?
19 Ариун сүнсээр томилогддог христиан хоньчид энэхүү сүнсээр удирдуулахыг эрмэлздэг. «Хэрэв хүн ямар нэгэн буруу юманд эзэмдүүлсэн» бол тэд «түүнийг дөлгөөн байдлын сүнс дотор шинэчлэн засахыг» хичээдэг (Галат 6:1; Үйлс 20:28). Ахлагчид Бурхны хэм хэмжээг чанд баримтлахын зэрэгцээ тийм хүнийг дөлгөөхнөөр засдаг нь, эмч хүн өвчтөний хугарсан ясыг хэвэнд нь оруулахдаа нэмж өвтгөхгүйн тулд зөөлөн, эвтэйхэн хүрдэгтэй адил юм (Колоссай 3:12). Сүнслэг хоньчид нүгэл үйлдсэн хүний асуудлыг залбирч байгаад, Библид үндэслэн шийддэг тул гаргасан шийдвэр нь Бурхных гэсэн үг (Матай 18:18).
20. Хурлын гишүүн зэмлэл хүлээсэн тухай зарлалыг ямар нөхцөлд хэлэх нь зүйтэй вэ?
20 Хэрэв нүгэл үйлдсэн нь олонд илэрхий болсон юм уу гарцаагүй илрэхээр байвал хурлын нэр хүндийг хамгаалах үүднээс, мөн хурлын гишүүдэд мэдэгдэх зорилгоор зарлал хэлэх нь зүйтэй. Эрхзүйн хорооноос зэмлэл хүртсэн хүнийг гэмтэж бэртээд, эдгэртлээ хэвтрийн дэглэм сахиж байгаа хүнтэй зүйрлэж болно. Жишээлбэл, тийм хүн цуглаанд хариулах эрхгүй байдаг. Бас ахлагчид тухайн хүний сул талыг засаж, «итгэл... дотор эрүүл» болгохын тулд Библийн хичээл заалгах арга хэмжээ авч болдог (Тит 2:2). Энэ бүхэн хайр халамж тавьж буй хэрэг болохоос, ял шийтгэл оноож байгаа явдал биш юм.
21. Ахлагчид зарим асуудлыг хэрхэн шийддэг вэ?
21 Ахлагчид олон аргаар сүнслэг тусламж үзүүлдэг. Жишээ авъя. Урьд нь архи хэтрүүлж уудаг байсан Гэрч бусдын нүднээс далд, ганц хоёр удаа согттолоо уужээ. Эсвэл тамхичин байсан хүн ганцаараа байхдаа хуучин зуршилдаа дийлдээд, нэг хоёр удаа тамхи татчихжээ гэж бодъё. Тэр хүн Бурханд залбирч, өөрийг нь уучилсан гэдэгт итгэлтэй байж болох юм. Гэхдээ нүгэл үйлдэх зуршилтай болохоос сэргийлж, ахлагчаас тусламж хүсэх хэрэгтэй. Тиймэрхүү асуудлыг нэг юм уу хоёр ахлагч дангаараа шийдэж болох ч, тэргүүн харгалзагчид мэдэгдэх нь зүйтэй. Учир нь тухайн хүнтэй холбоотой бусад асуудлыг тэд мэдэхгүй байж болох юм.
Бурхны «сахилгажуулалтыг» үргэлж хүлээн авагтун
22, 23. Бурхны «сахилгажуулалтыг» яагаад үргэлж хүлээн авч байх хэрэгтэй вэ?
22 Бурхны сайшаалыг хүлээхийн тулд христиан хүн бүр сахилга батын арга хэмжээг нь хүлээн авдаг байх ёстой (1 Тимот 5:20). Библи болон Библид үндэслэсэн ном хэвлэл юм уу цуглаан, чуулганаас мэдэж авсан зөвлөгөөг хэрэгжүүлж, өөрийгөө засаж байгаарай. Еховагийн хүсэл тааллыг үргэлж биелүүлээрэй. Тэгсэн цагт Бурхны «сахилгажуулалт» таныг нүглээс хамгаалах бат бэх хэрэм адил байх болно.
23 «Сахилгажуулалтыг» нь хүлээн авдаг хүн Бурхны хайранд өөрийгөө сахиж чаддаг. Зарим христиан хурлаас хасагддаг нь үнэн. Гэхдээ та «зүрхээ хамгаалж», «мэргэн хүмүүсийн адилаар алхдаг» бол тэдний алдааг давтахгүй (Сургаалт үгс 4:23; Ефес 5:15). Харин хурлаас хасагдсан бол эрхээ сэргээлгэх алхам хийх хэрэгтэй. Бурхан баптисм хүртсэн бүх хүнийг өөрт нь үнэнч үйлчилж, «баяр хөөртэй зүрх сэтгэлтэй» байгаасай гэж хүсдэг (Дэд хууль 28:47). Сахилга батын арга хэмжээг хүлээн авч байсан цагтаа та ч бас Бурханд үүрд баяртай үйлчилж чадна (Дуулал 100:2).
Хариулна уу
• Зарим христиан ямар учраас хурлаас хасагддаг вэ?
• Чин сэтгэлээсээ гэмшинэ гэж яахыг хэлдэг вэ?
• Ноцтой нүглээ яагаад илчлэх хэрэгтэй вэ?
• Христиан ахлагчид гэмшсэн хүнд яаж тусалдаг вэ?
[Догол мөрийн асуулт]