Skip to content

Гарчиг руу орох

Еховаг дуурайн, ариун юмыг эрхэмлэгтүн

Еховаг дуурайн, ариун юмыг эрхэмлэгтүн

Еховаг дуурайн, ариун юмыг эрхэмлэгтүн

«Садар самуун, эсвэл... сүсэггүй [«ариун юмыг эрхэмлэдэггүй», ШЕ] хүн болчихгүйн тулд сэрэмжил» (ЕВРЕЙ 12:15, 16).

1. Еховагийн үйлчлэгчид өнөөгийн нийгэмд давамгайлж буй ямар хандлагаас зайлсхийдэг вэ?

 ӨНӨӨГИЙН нийгэмд ариун нандин юм гэж байхаа бараг больжээ. Францын социологч Эдгар Моран: «Ёс суртахууны суурь болсон бурхан шүтээн, байгаль дэлхий, эх орон, түүх соёл, чин сэтгэл гэдэг ойлголт мөн чанараа алджээ. [...] Эдгээрийн үнэ цэнийг хүмүүс хүссэнээрээ тогтоодог болсон» гэж хэлжээ. Энэ бол «ертөнцийн сүнс» буюу «дуулгаваргүй хөвгүүд дотор ажиллаж буй сүнсний» илрэл юм (1 Коринт 2:12; Ефес 2:2). Гэхдээ Ехова Бурханд өөрсдийгөө зориулсан, хэмжээгүй эрх мэдэлд нь чин сэтгэлээсээ захирагддаг хүмүүс тийм эрээ цээргүй зан гаргадаггүй (Ром 12:1, 2). Еховаг шүтдэг хүмүүс ариун юмыг эрхэмлэх нь хэчнээн чухал болохыг ойлгодог. Тэгвэл чухам юуг ариун гэж үзэх ёстой вэ? Энэ өгүүллээр Бурхны бүх үйлчлэгчийн ариун гэж эрхэмлэвэл зохих таван зүйлийг авч үзнэ. Дараагийн өгүүллээр христиан цуглааныг ариун гэж үзэхийн учрыг ярилцана. Одоо, Библид «ариун» гэдэг үг чухам ямар утга илэрхийлдгийг үзье.

2, 3. а) Ехова ариун гэдгийг Библид хэрхэн онцлон тэмдэглэдэг вэ? б) Еховагийн үйлчлэгчид Бурхныхаа нэрийг ариун гэж үздэгээ хэрхэн харуулдаг вэ?

2 Эртний еврей хэлээр «ариун» гэдэг үг нь «тусгаар байх» гэсэн санаа илэрхийлдэг ажээ. Еховаг шүтэхтэй холбоотой зүйлийг ариун гэж үздэг бөгөөд тэдгээрийг өөр зорилгоор хэрэглэдэггүй. Ехова Бурхан туйлын ариун бөгөөд Библид түүнийг «Хамгийн ариун Нэгэн» гэдэг (Сургаалт үгс 9:10; 30:3, ШЕ). Эртний Израилийн тэргүүн тахилч нь «Ариун байдал Еховагийнх» гэсэн сийлбэр бүхий алтан пайз хадсан малгай өмсдөг байсан (Египетээс гарсан нь 28:36, 37, ШЕ). Херуб болон серафуудыг Еховагийн сэнтийн дэргэд зогсоод: «ЭЗЭН ариун, ариун, ариун» гэж тунхаглаж байгаагаар Библид бичсэн байдаг (Исаиа 6:2, 3; Илчлэлт 4:6–8). «Ариун» гэдэг үгийг давтан хэлсэн нь Еховагийн туйлын ариун болохыг харуулж байгаа юм. Ехова үнэхээр ариун бүхний Эх булаг билээ.

3 Еховагийн нэр нь бас ариун. Дуулалч: «Таны агуу, сүрдмээр нэрийг тэд магтан дуулаг. Тэр бол ариун» хэмээжээ (Дуулал 99:3). Есүсийн зааснаар, бид: «Тэнгэрт байгаа бидний Эцэг минь, Таны нэр ариунаар дуурсгагдаг» гэж залбирч байх учиртай. Есүсийн эх Мариа: «Сэтгэл минь Эзнийг [«Еховаг», ШЕ] дээдэлнэ. Учир нь Хүчит Нэгэн миний төлөө агуу үйлсийг хийв. Түүний нэр ариун билээ» гэж хэлж байсан (Матай 6:9; Лук 1:46, 49). Еховагийн үйлчлэгчид бид Бурхныхаа нэрийг ариун гэж үзэж, ариун нэрийг нь сэвтүүлэх алив бүхнээс зайлсхийдэг. Бас Еховаг дуурайн, ариун гэж үздэг зүйлийг нь эрхэмлэдэг (Амос 5:14, 15).

Есүсийг гүнээ хүндэтгэхийн учир

4. Ямар учраас Есүсийг «Ариун Нэгэн» гэдэг вэ?

4 Ариун Бурхан Еховагийн «цорын ганц Хүү» Есүс ариун бүтээл юм (Иохан 1:14; Колоссай 1:15; Еврей 1:1–3). Тийм ч учраас, Есүсийг «Бурхны Ариун Нэгэн» гэдэг (Иохан 6:69). Тэрбээр дэлхий дээр хүн болж төрөхдөө ч ариун байдлаа алдаагүй. Учир нь Мариа Есүсийг ариун сүнсний хүчээр төрүүлжээ. Тэнгэр элч Мариад: «Ариун Сүнс чам дээр ирнэ... ...Төрөх ариун нэгэн нь Бурхны Хүү гэж дуудагдах болно» гэж хэлдэг (Лук 1:35). Иерусалимд байсан христианууд Еховад залбирахдаа Есүсийг хоёр ч удаа «Таны ариун зарц» гэж хэлсэн байдаг (Үйлс 4:27, 30).

5. Есүс ямар ариун үүрэг биелүүлсэн бэ? Есүсийн цусыг «үнэт» гэж үзэхийн учир юу вэ?

5 Есүс ариун үүрэг биелүүлэхээр дэлхийд иржээ. Тэрбээр МЭ 29 онд Еховагийн агуу сүнслэг сүмийн Тэргүүн тахилчаар томилогдсон (Лук 3:21, 22; Еврей 7:26; Еврей 8:1, 2). Түүнээс гадна, амиа золиосолсон. Тэрбээр цусаа асгаруулан, «золиос» болж, нүгэлт хүмүүст аврагдах боломж олгосон билээ (Матай 20:28; Еврей 9:14). Тиймээс бид Есүсийн цусыг «үнэт», ариун гэж үздэг (1 Петр 1:19).

6. Бид Есүс Христийг хэрхэн үздэг вэ? Яагаад?

6 Хаан, Тэргүүн тахилч Есүс Христийг гүнээ хүндэтгэхийн учрыг элч Паул ийн тайлбарлажээ. Тэрбээр: «Бурхан [Хүүгээ] үлэмжийн дээдээр өргөмжилсөн бөгөөд аливаа нэрээс дээд нэрийг Түүнд соёрхов. Энэ нь Есүсийн нэрд тэнгэрт байгаа, газар дээр байгаа, газрын доор байгаа бүх юм өвдөг сөгдөж, мөн бүх хэл Бурхан Эцгийн алдрын төлөө Есүс Христ бол Эзэн гэж хүлээн зөвшөөрөх ёстойн учир ажээ» хэмээсэн байдаг (Филиппой 2:9–11). Бид өөрсдийн Удирдагч, эдүгээ захирч буй Хаан, христиан хурлын Тэргүүн Есүс Христэд дуртайяа захирагддаг бол Еховаг дуурайн, ариун юмыг эрхэмлэдгээ батлан харуулна (Матай 23:10; Колоссай 1:18).

7. Бид Христэд захирагддагаа хэрхэн харуулдаг вэ?

7 Эдүгээ Есүс зарим хүнээр дамжуулан дэлгэрүүлэх болон шавь бэлдэх ажлыг удирдан чиглүүлж байна. Тэднийг хүндэтгэх нь Есүст захирагддагаа харуулах нэг арга юм. Удирдах зөвлөлийг бүрдүүлдэг сүнсээр тослогдсон христианууд болон тэдний томилолтоор салбар, муж, дүүрэг, хурлуудад харгалзагчаар үйлчилдэг эрчүүдийг ариун үүрэг биелүүлдэг гэж үзэх учиртай. Тиймээс, Есүсийн тогтоосон энэ журмыг гүнээ хүндэтгэж, тэдэнд дуулгавартай байх хэрэгтэй (Еврей 13:7, 17).

Ариун ард түмэн

8, 9. а) Израильчууд ариун ард түмэн байсан гэдэг нь юу гэсэн үг вэ? б) Ариун юмыг эрхэмлэхийн чухлыг Ехова тэдэнд хэрхэн ойлгуулсан бэ?

8 Ехова Израилийн ард түмэнтэй гэрээ байгуулсан түүхтэй. Тэд Бурхантай ийм харьцаа тогтоосныхоо ачаар ариун буюу тусгаарлагдсан ард түмэн болж, Бурхны өмнө онцгой байр суурь эзлэх болжээ. Ехова израильчуудад: «Та нар Надад ариун хүмүүс байх ёстой. Учир нь ЭЗЭН Би ариун бөгөөд та нарыг Би Өөрийнх болгох гэж бусад улс үндэстнээс тусад нь тавьсан юм» гэж хэлсэн (Левит 19:2; 20:26).

9 Ехова израильчуудтай гэрээ байгуулсан даруйдаа ариун юмыг эрхэмлэхийн чухлыг тэдэнд ойлгуулжээ. Тухайлбал, Арван тушаал өгсөн Синаи ууланд израильчууд «хүрэх» ч ёсгүй байсан бөгөөд үүнийг зөрчвөл үхэх ялтай байсан. Өөрөөр хэлбэл, тэд Синаи уулыг ариун гэж үзэх учиртай байв (Египетээс гарсан нь 19:12, 23). Бас мөргөлийн асрыг бүх хэрэгслийнх нь хамтаар, мөн тахилчдыг ариун гэж эрхэмлэх ёстой байжээ (Египетээс гарсан нь 30:26–30). Тэгвэл христиан хурлын тухайд юу хэлж болох вэ?

10, 11. Тослогдсон христиануудын хурлыг ариун гэж үзэхийн учир юу вэ? «Өөр хонинууд» тослогдогсдыг ариун гэж үздэгээ хэрхэн харуулдаг вэ?

10 Ехова тослогдсон христиануудын хурлыг ариун гэж үздэг (1 Коринт 1:2). Тослогдогсод Еховагийн агуу сүнслэг сүм биш боловч тэднийг дэлхий дээр амьдарч буй тухай тухай үед нь бүхэлд нь ариун сүмтэй зүйрлэдэг. Энэ сүмд Ехова сүнсээрээ оршдог. Элч Паул: «[Христ Есүсийн] дотор бүх барилга хамтдаа нийцэн, Эзэн доторх [«Еховагийн төлөөх», ШЕ] ариун сүм болохоор өсөж байна. Та нар ч гэсэн Сүнс дотор Бурхны орших газар болохоор Христ дотор хамтдаа байгуулагдаж байна» гэж бичжээ (Ефес 2:21, 22; 1 Петр 2:5, 9).

11 Паул цааш нь: «Та нар өөрсдөө Бурхны сүм мөн бөгөөд Бурхны Сүнс та нарын дотор оршдог гэдгийг мэддэггүй юм уу? [...] ...Бурхны сүм бол ариун бөгөөд энэ нь та нар мөн» гэж тослогдсон христиануудад бичсэн байдаг (1 Коринт 3:16, 17). Ехова ариун сүнсээрээ тослогдогсдын дунд «оршиж», «алхдаг» (2 Коринт 6:16). «Итгэмжит, ухаалаг боолоо» цаг үргэлж удирддаг (Матай 24:45–47). Ариун сүмийг төлөөлдөг тослогдсон христиануудтай хамтран ажиллахыг «өөр хонинууд» завшаанд тооцож, өндөр үнэлдэг (Иохан 10:16, ШГ; Матай 25:37–40).

Христиан хүний эрхэмлэвэл зохих ариун зүйл

12. Христианууд юуг ариун гэж эрхэмлэвэл зохих вэ? Яагаад?

12 Тослогдсон христианууд болон тэдний хамтран зүтгэгчдийн хувьд эрхэмлэвэл зохих ариун зүйл олон байдаг. Бид Еховатай тогтоосон харьцаагаа ариун гэж үздэг (Шастирын дээд 28:9; Дуулал 36:7). Тиймээс, туйлын ариун нандин энэ харьцаагаа хөндлөнгийн хэнээр ч, юугаар ч солихгүй (Шастирын дэд 15:2; Иаков 4:7, 8). Ехова Бурхантай тогтоосон харьцаагаа бэхжүүлэхэд залбирал чухал үүрэгтэй. Зөнч Даниел залбирлыг ариун гэж үздэг байсан тул заншсан ёсоороо Бурхандаа залбирахын тулд амь насаараа дэнчин тавьж байв (Даниел 6:7–11). «Ариун хүмүүс» буюу тослогдсон христиануудын залбирлыг сүмд уугиулдаг байсан «утлагатай» зүйрлэжээ (Илчлэлт 5:8; 8:3, 4; Левит 16:12, 13). Энэ зүйрлэлийг бодож үзвэл, залбирал хэр зэрэг ариун болох нь тодорхой байна. Орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзэнтэй харьцана гэдэг юутай хосгүй завшаан бэ! Тиймээс, Бурханд залбирах завшаанаа ариун гэж үзэж, эрхэмлэх нь зүйтэй.

13. Бурхны үйлдэх хүчийг ариун гэж үзэхийн учир юу вэ? Тусламж дэмжлэгийг нь авч байхын тулд яах хэрэгтэй вэ?

13 Ариун сүнс бол тослогдсон христианууд болон тэдний хамтран зүтгэгчдийн эрхэмлэдэг бас нэг зүйл юм. Энэ нь Еховагийн үйлдэх хүч бөгөөд ариун Бурхан хүсэл тааллаа цаг ямагт энэ хүчээрээ биелүүлдэг учир үүнийг «Ариун Сүнс», «ариун байдлын Сүнс» гэж нэрлэдэг нь ч тохирчээ (Иохан 14:26; Ром 1:4). Ехова үйлчлэгчдээ сайн мэдээг дэлгэрүүлэхэд нь ариун сүнсээрээ тусалдаг (Үйлс 1:8; 4:31). Мөн өөрийг нь «дагагсад» болон «махан биеийн хүслээр» бус, «Сүнсээр явдаг» хүмүүст ариун сүнсээ өгдөг (Үйлс 5:32; Галат 5:16, 25; Ром 8:5–8). Энэ агуу хүчний ачаар христианууд «Сүнсний үр жимс» болсон олон сайхан чанарыг илэрхийлж, «биеэ ариунаар авч яван, Бурханд үнэнч байдлын үйлс хийдэг» (Галат 5:22, 23; 2 Петр 3:11, ШЕ). Бурхны үйлдэх хүчийг ариун гэж үздэг хүн үүнийг «гомдоож», тусламж дэмжлэгийг нь алдахгүйн тулд чадах бүхнээ хийнэ (Ефес 4:30).

14. Тослогдогсод ямар ариун үүрэг хүлээдэг вэ? «Өөр хонинууд» ямар үүрэгтэй вэ?

14 Ариун Бурхан Еховагийн нэрийг авч явна гэдэг завшаантай хэрэг бөгөөд Гэрч нь байх үүргээ бид ариун үүрэг гэж эрхэмлэдэг (Исаиа 43:10–12, 15). Ехова тослогдсон христиануудыг «шинэ гэрээний үйлчлэгчид байх чадвартай болгожээ» (2 Коринт 3:5, 6). Тиймээс, тэд «Хаанчлалын [тухай] сайн мэдээ» дэлгэрүүлж, «бүх үндэстнийг дагалдагч болгох» үүрэг хүлээдэг (Матай 24:14; 28:19, 20). Тэд энэ үүргээ үнэнчээр биелүүлдэг бөгөөд чин сэтгэлтэй олон сая хүн тэдний хүргэдэг мэдээг хүлээн авч байгаа нь тослогдогсдод: «Бид та нартай хамт явна. Учир нь Бурхан та нартай хамт байдаг гэж бид сонссон» гэж хэлж байгаатай утга нэг юм (Зехариа 8:23, ШЕ). «Өөр хонинууд» «бидний Бурхны үйлчлэгчид» болох тослогдсон христиануудад «тариаланч, усан үзэмчид» мэт үйлчлэн, дэлхий даяар үүргээ биелүүлэхэд нь ихээхэн тусламж үзүүлдэг (Исаиа 61:5, 6).

15. Элч Паул юуг ариун гэж эрхэмлэдэг байсан бэ? Бид бас тийн үздэгийн учир юу вэ?

15 Элч Паул дэлгэрүүлэх ажлыг ариун ажил гэж үздэг байв. Тэрбээр «Бурхны сайн мэдээний [«ариун ажил хийж», ШЕ] ...харь үндэстнүүдэд Христ Есүсийн үйлчлэгч болсон» тухайгаа бичсэн байдаг (Ром 15:16). Бас Коринт дахь итгэл нэгтнүүддээ илгээсэн захидалдаа «үйлчлэлээ» «эрдэнэтэй» зүйрлэжээ (2 Коринт 4:1, 7, МАБ). Бид сайн мэдээ дэлгэрүүлэхдээ «Бурхны ариун зарлигийг» түгээдэг (1 Петр 4:11, МАБ). Тиймээс, тослогдсон христианууд ч, «өөр хонинууд» ч дэлгэрүүлэх ажлаа ариун үүрэг гэж эрхэмлэдэг.

«Бурхнаас эмээж, ариун байдлыг төгс болгоё»

16. «Ариун юмыг эрхэмлэдэггүй хүн болохоос» хэрхэн сэрэмжлэх вэ?

16 Элч Паул итгэл нэгтнүүдээ «ариун юмыг эрхэмлэдэггүй хүн болохоос» (ШЕ) болгоомжлуулж: «Ариусгалыг мөшгөгтүн. ...Ямар ч гашуун үндэс урган хор учруулан, түүгээр олон хүн бузарлагдахгүйн тулд сэрэмжил» хэмээн захижээ (Еврей 12:14–16). Паул «гашуун үндэс» гэдгээр юм болгоноос өө хайдаг зарим христианыг хэлжээ. Тийм хүмүүс Еховаг дуурайлгүй, цэвэр ариун амьдрахын чухлыг үл тоомсорлож, гэр бүлийг ариун гэж үздэггүй байж мэднэ (1 Тесалоник 4:3–7; Еврей 13:4). Эсвэл «үнэнээс төөрөн одсон» хүмүүсийн тараадаг, ариун юмыг бузарладаг «хоосон үг яриа» буюу тэрслэгчдийн сургаалыг ярьж явдаг (2 Тимот 2:16–18).

17. Еховаг дуурайн, ариун юмыг эрхэмлэхийн тулд тослогдсон христианууд байнгын хүчин чармайлт гаргах ёстойн учир юу вэ?

17 Паул тослогдсон ах дүү нартаа: «Хайрт хүмүүс минь, ...өөрсдийгөө махан биеийн ба сүнсний бүх л бузар булайгаас цэвэрлэе. Ингэхдээ Бурхнаас эмээж, ариун байдлыг төгс болгоё» хэмээн бичжээ (2 Коринт 7:1). Тэгэхлээр, «тэнгэрлэг дуудлагыг хуваалцагч» тослогдсон христианууд амьдралынхаа бүх хүрээнд Еховаг дуурайн, ариун юмыг эрхэмлэдгээ батлан харуулахын тулд байнгын хүчин чармайлт гаргах учиртай байх нь ээ (Еврей 3:1). Элч Петр ч мөн сүнсээр төрсөн ах дүү нартаа: «Дуулгавартай хүүхдүүдийнхээ хувьд, мэдэхгүй байхад чинь та нарт байсан урьдын хүсэл тачаалдаа бүү нийцүүл. Харин та нарыг дуудсан Ариун Нэгний адил өөрсдийн бүх л зан байдалдаа бас ариун байгтун» гэж уриалжээ (1 Петр 1:14, 15).

18, 19. а) «Үй олон хүн» Еховаг дуурайн, ариун юмыг эрхэмлэдгээ хэрхэн харуулдаг вэ? б) Дараагийн өгүүллээр юуны тухай үзэх вэ?

18 «Үлэмж их зовлонг» эсэн мэнд давах «үй олон хүн» ч бас Еховаг дуурайн, ариун юмыг эрхэмлэдгээ батлах ёстой. «Илчлэлт» номд бичсэнээр, тэд Еховагийн сүнслэг сүмийн дэлхий дэх хашаанд «ариунаар үйлчилдэг» (ШЕ). Тэд «Хурганы цусаар дээлээ угааж, цагаан болгодог» гэдэг нь Есүсийн золих тахилд итгэдэг гэсэн үг юм (Илчлэлт 7:9, 14, 15). Үүний ачаар, Ехова тэднийг цэвэр ариунд тооцдог бөгөөд тэд ч «өөрсдийгөө махан биеийн ба сүнсний бүх л бузар булайгаас цэвэрлэж, Бурхнаас эмээж, ариун байдлыг төгс болгох» үүрэг хүлээдэг.

19 Тослогдсон христианууд болон тэдний хамтран зүтгэгчдийн амьдралд чухал үүрэгтэй нэг зүйл бол Еховаг шүтэж, Үгийг нь судлах зорилготой цуглаан юм. Ехова тийм цуглааныг ариун гэж үздэг. Еховаг дуурайн, цуглааныг ариун гэж үзэх ёстойн учир юу вэ? Цуглааныг эрхэмлэдгээ хэрхэн харуулах вэ? Эдгээр асуултын хариуг дараагийн өгүүллээс авъя.

Давтах асуулт

• Еховагийн үйлчлэгчид өнөөгийн нийгэмд давамгайлж буй ямар хандлагаас зайлсхийдэг вэ?

• Еховаг ариун бүхний Эх булаг гэхийн учир юу вэ?

• «Ариун Нэгэн» Христийг хүндэтгэдгээ хэрхэн харуулах вэ?

• Христиан хүний эрхэмлэвэл зохих ариун зүйлийг нэрлэнэ үү.

[Догол мөрийн асуулт]