Бусдыг хайрлагтун
Бусдыг хайрлагтун
«Хөршөө өөрийн адил хайрла» (МАТАЙ 22:39).
1. Бид Бурханд хайртайгаа яаж харуулдаг вэ?
ЕХОВА үйлчлэгчдээсээ юу шаарддаг вэ? Энэ асуултад Есүс товчхон хариулсан хэдий ч гүнзгий утгатай үг хэлжээ. Есүсийн хэлснээр, хамгийн чухал тушаал бол Еховаг бүх зүрх, сэтгэл, оюун ухаан, хүчээрээ хайрлах явдал ажээ (Матай 22:37; Марк 12:30). Бурханд хайртай хүн Бурхныхаа хайрыг даан, дуулгавартай байж, тушаалыг нь сахидаг бөгөөд хүсэл тааллыг нь биелүүлэхдээ төвөгшөөдөггүй, харин ч баярладаг тухай бид өмнөх өгүүллээр ярилцсан (Дуулал 40:8; 1 Иохан 5:2, 3).
2, 3. Хөршөө хайрлах тухай тушаалыг дэлгэрэнгүй авч үзэхийн учир юу вэ? Ямар ямар асуулт гарч ирж байна вэ?
2 Есүсийн хэлснээр, дараагийн чухал тушаал нь эхнийхтэй холбоотой бөгөөд «Хөршөө өөрийн адил хайрла» гэж байдаг (Матай 22:39). Энэ тушаалыг дэлгэрэнгүй авч үзэх нь бидэнд их ач холбогдолтой. Учир нь өнөөгийн нийгэм бусдыг хайрлаж мэддэггүй, хар амиа боддог хүмүүсээр дүүрэн болжээ. Элч Паул онгодоор хөтлүүлэн, «эцсийн өдрүүдийн» тухай бичихдээ хүмүүс бусдыгаа бус, зөвхөн өөрсдийгөө хайрладаг болж, эд мөнгөнд шунаж, зугаа цэнгэлд дурлахыг хэлжээ. Олон хүн «үл хайрлагч» буюу Библийн өөр нэг орчуулгад бичсэнээр «гэр бүлийнхнээ хайрлахаа болих» аж (2 Тимот 3:1–4). Есүс Христ: «Олон хүн... нэг нэгнээ тушааж, үзэн ядна. Олонх хүний хайр хөрнө» гэж зөгнөсөн байдаг (Матай 24:10, 12).
3 Гэхдээ Есүс бүх хүний хайр хөрнө гэж хэлээгүй. Еховагийн тушаал ёсоор, таалалд нь нийцүүлэн, бусдыг жинхэнэ ёсоор хайрладаг хүмүүс байсаар ирсэн бөгөөд байх ч болно. Тэд Еховаг үнэхээр хайрладаг учраас бусдад хандахдаа ч Еховаг дуурайхыг хичээдэг. Тэгвэл бидний хайрлах ёстой «хөрш» гэж чухам хэн бэ? Хөршөө хайрладгаа яаж харуулах вэ? Эдгээр чухал асуултын хариуг Библиэс авцгаая.
«Миний хөрш гэдэг чинь хэн бэ?»
4. «Левит» номын 19-р бүлэгт бичсэнээр, израильчууд хэнийг хайрлах ёстой байсан бэ?
4 Есүс өөртэй нь ярилцаж байсан фарисай хүнд: «Хөршөө өөрийн адил хайрла» гэдэг хоёр дахь чухал тушаалыг хэлэхдээ израильчуудад өгсөн нэгэн хуулиас иш татжээ. Энэ хуулийг Левит 19:18-д бичсэн байдаг. «Левит» номын 19-р бүлгийг үзвэл, израильчууд элэг нэгт израиль үндэстнээс өөр хүнийг ч «хөршөө» гэж үзэх ёстой байв. Энэ тухай 34-р зүйлд: «Та нартай хамт амьдрах харийн хүн нь та нарт, дунд чинь буй уугуул хүн мэт байх ёстой. Чи түүнийг өөрийн адил хайрла. Учир нь та нар Египетийн нутагт харийнхан байсан билээ» гэж байдаг. Тэгэхлээр, тэд израиль биш хүмүүсийг, ялангуяа Еховаг шүтдэг болсон өөр үндэстний хүмүүсийг хайрлах учиртай байжээ.
5. «Хөршөө хайрла» гэсэн тушаалыг иудейчүүд хэрхэн ойлгодог байсан бэ?
5 Гэвч Есүсийн үеийн шашны удирдагчид өөр бодолтой байлаа. Тэдний зарим нь «хөрш», «найз нөхөр» гэдэг үгээр зөвхөн иудейчүүдийг хэлдэг бөгөөд өөр үндэстний хүнийг үзэн ядах ёстой гэж сургаж байв. Еховаг шүтдэг хүн Еховаг шүтдэггүй хүнийг жигших учиртай гэж номлодог байжээ. «Ийм үзэл бусдыг үзэн ядах явдлыг хөөрөгдөж, түгэн дэлгэрэх таатай нөхцөлийг бүрдүүлжээ» гэж нэг бүтээлд бичжээ.
6. Хөршийг хайрлах тухай хэлэхдээ Есүс ямар хоёр зүйлийг онцолсон бэ?
6 Есүс Ууланд айлдсан номлолдоо энэ асуудлыг хөндөж, хэнийг хайрлах учиртайг улам тодорхой болгожээ. Тэрбээр: «„Хөршөө хайрла, дайснаа үзэн яд“ гэж хэлснийг та нар сонссон. Харин Би та нарт хэлье. Дайснуудаа хайрла, та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө залбир. Тэгснээрээ та нар тэнгэр дэх Эцгийнхээ хүүхдүүд болно. Учир нь Тэр Өөрийнхөө нарыг хорон муу болоод сайн хүмүүс дээр мандуулж, зөвт болоод зөвт бус хүмүүс дээр бороо оруулдаг юм» гэж хэлсэн (Матай 5:43–45). Есүс ийнхүү хэлэхдээ хоёр чухал зүйлийг онцолжээ. Нэгдүгээрт, Ехова сайн муу гэлгүй бүх хүнд өгөөмөр сэтгэл гаргаж, сайн үйл хийдэг. Хоёрдугаарт, бид Еховагийн жишээг дуурайх ёстой.
7. Самари хүний тухай ёгт үлгэр бидэнд ямар сургамжтай вэ?
7 Бас нэг удаа Мосегийн хуулийг гаргууд сайн мэддэг нэгэн хүн Есүсээс: «Миний хөрш гэдэг чинь хэн бэ?» гэж асуудаг. Тэгэхэд нь Есүс дээрэмчдэд зодуулж, хамаг юмаа алдсан иудей хүнтэй таарсан самари хүний тухай ёгт үлгэр ярьжээ. Иудейчүүд самаричуудыг жигшдэг байсан атал тэр самари хүн өнөөх иудей хүний шархыг боож, дэн буудалд авчран, биеийг нь тэнхэртэл тэнд байлгахаар болжээ. Энэ үлгэр бидэнд их сургамжтай. Бид хэнийг ч арьс өнгө, яс үндэс, шашин шүтлэгээр нь ялгаварлалгүй, бүх хүнийг хайрлах ёстой (Лук 10:25, 29, 30, 33–37).
Бусдыг хайрладгаа харуулагтун
8. «Левит» номын 19-р бүлэгт бичсэнээр, бусдыг хайрладаг хүн яах ёстой байсан бэ?
8 Бусдыг хайрлах нь Бурхныг хайрлахын адилаар үйл хэргээр илэрдэг. «Левит» номын 19-р бүлэгт бичсэн тушаал ёсоор Бурхны ард түмэн бусдыг өөрийн адил хайрлах учиртай байсныг бид ярилцлаа. Уг тушаалын хам сэдвийг ч гэсэн авч үзэх нь бас ач тустай. Энэ бүлгийг үзвэл, израильчууд ургац хураахдаа ядуус болон гадныханд үлдээх тушаалтай байсан бөгөөд хулгай хийх, хууран мэхлэх, хуурамчаар үйлдэх ёсгүй байсан нь харагддаг. Бас Израилийн шүүгчид хэнийг ч алаг үзэх учиргүй байв. Шаардлагатай үед, израильчууд бие биеэ зэмлэж болох байсан ч «зүрхэндээ бүү үзэн яд» гэсэн тодорхой тушаалтай байсан. Эдгээр болон өөр олон тушаалыг: «Хөршөө өөрийн адил хайрла» хэмээн нэгтгэн дүгнэсэн байлаа (Левит 19:9–11, 15, 17, 18).
9. Ямар учраас Ехова израильчуудыг бусад үндэстнээс тусгаар байхыг тушаасан бэ?
9 Израильчууд бусдыг хайрлах ёстой байсан ч хуурамч бурхад шүтдэг хүмүүстэй дотносон нөхөрлөх учиргүй байжээ. Тийм хүмүүстэй нөхөрлөх нь ямар уршиг тарьж, аюул авчрахыг Ехова сэрэмжлүүлсэн. Жишээ нь, Ехова израильчуудыг Канаан нутагт амьдардаг үндэстнүүдийг эзлэн авахынх нь өмнө: «Чи тэдэнтэй бүү гэрлэ. Охиноо ч тэдний хөвгүүнд бүү өг. Тэдний охиныг ч бэрээ бүү болго. Тэрээр хүүг чинь өөр бурхдыг шүтүүлэхийн тулд Миний араас холдуулан эргүүлнэ. Тэгвэл ЭЗЭНий уур хилэн та нарын эсрэг дүрэлзэх... болно» гэж хэлж байжээ (Дэд хууль 7:3, 4).
10. Юунаас сэрэмжлэх хэрэгтэй вэ?
10 Христианууд ч бас итгэл үнэмшлийг нь эвдэн бусниулж болзошгүй хүмүүстэй дотно харьцаа тогтоохоос сэрэмжилдэг (1 Коринт 15:33). «Үл итгэгч» буюу христиан биш хүмүүстэй хамт «нэг буулганд бүү орогтун» гэж Библи уриалдаг (2 Коринт 6:14). Түүнчлэн, «зөвхөн Эзэн дотор» гэр бүл болохыг зөвлөдөг (1 Коринт 7:39). Гэхдээ Еховаг шүтдэггүй хүмүүсийг бид хэзээ ч жигших учиргүй. Учир нь Христ нүгэлтнүүдийн төлөө үхсэн бөгөөд урьд нь муу юм хийж явсан боловч амьдралаа өөрчлөн, Бурхантай эвлэрсэн хүн олон байдаг шүү дээ (Ром 5:8; 1 Коринт 6:9–11).
11. Бурханд үйлчилдэггүй хүмүүсийг хайрлах хамгийн сайн арга юу вэ? Энэ аргыг хамгийн сайн гэж хэлэхийн учир юу вэ?
11 Бурханд үйлчилдэггүй хүмүүсийг хайрлах хамгийн сайн арга бол Еховаг дуурайх явдал юм. Хэдийгээр Ехова ёс бусыг тэвчдэггүй боловч бүх хүнд хайр энэрлээ үзүүлж, амьдралаа өөрчлөхөд нь туслан, ирээдүйд мөнх амьтай болох боломж олгодог (Езекиел 18:23). Бурхан «бүгдийг гэмшилд ирээсэй», «бүх хүнийг аврагдаасай, үнэний мэдлэг рүү ирээсэй гэж хүсдэг» (2 Петр 3:9; 1 Тимот 2:4). Тийм ч учраас, Есүс сайн мэдээ дэлгэрүүлэн, Библийн үнэнийг зааж, «бүх үндэстнийг дагалдагч болгох» даалгаврыг шавь нартаа өгсөн (Матай 28:19, 20). Энэ даалгаврыг биелүүлдэг бол Бурхныг, хүмүүсийг, тэр бүү хэл дайснаа хайрладгаа харуулна.
Итгэл нэгтнүүдээ хайрлагтун
12. Итгэл нэгтнүүдээ хайрлах талаар элч Иохан юу гэж бичсэн бэ?
12 Элч Паул: «Бүх хүнд, юуны түрүүнд итгэлийн гэр бүлийн гишүүдэд сайныг үйлдэцгээе» гэж бичжээ (Галат 6:10). «Итгэлийн гэр бүлийн гишүүд» буюу сүнслэг ах дүү нараа хайрлах нь христианууд бидний үүрэг юм. Энэ үүргээ биелүүлэх нь хэр зэрэг чухал бэ? «Ах дүүгээ үзэн яддаг нэг нь алуурчин мөн. Хэрэв хэн нэгэн нь: „Би Бурхныг хайрладаг“ гэж хэлчихээд, ах дүүгээ үзэн яддаг бол тэр хүн худалч. Учир нь харж байгаа ах дүүгээ хайрладаггүй нэгэн, хараагүй Бурхныг хайрлаж чадахгүй шүү дээ» гэж элч Иоханы бичсэнийг үзвэл дээрх асуултын хариу тодорхой болдог (1 Иохан 3:15; 4:20). Энэ үгийг уншсан хүн ах дүүгээ хайрлахгүй байж чадна гэж үү? Есүс Христ Сатан Диаволыг «алуурчин», «худалч» гэж хэлсэн (Иохан 8:44). Бид ингэж хэлүүлэхийг яасан ч хүсэхгүй!
13. Итгэл нэгтнүүдээ хайрладаг хүн яах ёстой вэ?
13 Жинхэнэ христианууд «бие биеэ хайрлахыг Бурхнаар заалгадаг» (1 Тесалоник 4:9). Бид «үг хэлээр бус, харин ажил үйлс, үнэнээр» хайрлах ёстой (1 Иохан 3:18). Хайр маань «хоёр нүүргүй» байх учиртай (Ром 12:9). Бусдыг хайрладаг хүн атаархаж, бардамнан сагсуурч, амиа боддоггүй. Харин ч бусдыг өрөвдөн энэрч, уучлан тэвчдэг (1 Коринт 13:4, 5; Ефес 4:32). Бас бусдад «хайраар үйлчилдэг» (Галат 5:13). Есүс шавь нартаа: «Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биеэ хайрлагтун» гэж хэлсэн байдаг (Иохан 13:34). Тиймээс, христиан хүн итгэл нэгтнүүдийнхээ төлөө амиа өгөхөд ч бэлэн байх учиртай.
14. Ханиа хайрладаг христиан хүн яадаг вэ?
14 Христиан гэр бүлд, ялангуяа нөхөр эхнэр хоёр бие биеэ хайрлах учиртай. Ефес 5:28-д элч Паул: «Нөхрүүд ч эхнэрүүдээ өөрийн бие адил хайрлах ёстой. Эхнэрээ хайрладаг хүн өөрийгөө хайрладаг» гэж бичсэн нь нөхөр эхнэр хоёрын харьцаа хэчнээн дотно байдгийг харуулдаг. Паул энэ сануулгаа 33-р зүйлд дахин бичсэн байдаг. Эхнэрээ хайрладаг хүн Малахийн үеийн израильчууд шиг ханийнхаа итгэлийг хэзээ ч эвдэхгүй (Малахи 2:14). Харин ч эхнэрээ эрхэмлэн нандигнаж, Христ шавь нараа хайрласны адилаар хайрладаг. Ханиа хайрладаг эхнэр ч «нөхрөө хүндэтгэдэг» (ШГ) (Ефес 5:25, 29–33).
15. Жинхэнэ христианууд бие биеэ хэрхэн хайрладгийг хараад зарим хүн яадаг вэ?
15 Есүс: «Хэрэв та нар бие биеэ хайрлах юм бол үүгээр чинь бүх хүн та нарыг Миний шавь нар мөн гэдгийг мэдэх болно» гэж хэлснийг үзвэл хайр жинхэнэ христиануудын онцлог шинж байдаг нь тодорхой (Иохан 13:35). Бие биеэ хэрхэн хайрладгийг маань хараад хүмүүс Ехова Бурханд маань татагддаг. Жишээ нь, Мозамбикт амьдардаг Гэрч айлд ийм явдал тохиолджээ. Тэд: «Өмнө нь ийм айхтар юм болж байгаагүй юм. Нэг өдөр үдийн алдад гэнэт хүчтэй салхи дэгдэж, ширүүн бороо цутгаж, мөндөр буух нь тэр. Хүчтэй салхи зэгсээр барьсан байшинг маань нурааж, төмөр дээврийг нь хүртэл хуу татаад явчихав. Тэгтэл итгэл нэгтнүүд маань ирж, бидэнд байшин барьж өгөхийг хараад манай хөршүүд их гайхаж билээ. Тэд: „Танай шашин үнэхээр сайн юм. Манай сүмийнхэн бидэнд хэзээ ч ингэж тусалж байгаагүй“ гэж хэлэхэд нь бид Библиэ нээн, Иохан 13:35-ыг уншуулсан. Одоо манай айл саахалтын олон хүн Еховагийн Гэрчүүдээр Библийн хичээл заалгаж байгаа» гэж бичжээ.
Хүн нэг бүрийг хайрлагтун
16. Хүн нэг бүрийг хайрлах, хүмүүсийг бүхэлд нь хайрлах хоёр ямар ялгаатай вэ?
16 Хүмүүсийг бүхэлд нь хайрлаж болдог боловч хүн нэг бүрийг хайрлахад их хэцүү байдаг. Зарим хүн буяны байгууллагад хандив өргөх нь бусдыг хайрлаж байгаа хэрэг гэж боддог. Гэхдээ хамт ажилладаг хэнэггүй хүнийг, хүйтэн хөндий харьцаатай хажуу айлын хүнийг, найз нэртэй боловч сэтгэлийг маань шархлуулсан хүнийг хайрладаг гэж хэлэхэд амархан байж болох ч, чин сэтгэлээсээ хайрлахад үнэндээ хэцүү шүү дээ.
17, 18. Есүс хүн нэг бүрд хайртайгаа хэрхэн харуулсан бэ? Зорилго нь юу байсан бэ?
17 Хүн нэг бүрийг хайрлахын тулд Бурхны зан чанарыг төгс дуурайдаг Есүсээс суралцах хэрэгтэй. Есүс «ертөнцийн нүглийг үүрэхийн» тулд дэлхийд ирсэн боловч өвдөж шаналсан эмэгтэй, уяман туссан эрэгтэй, чөтгөрт эзэмдүүлсэн охин гээд хүн нэг бүрд туслан, хайртайгаа харуулсан (Матай 9:20–22; Марк 1:40–42; 7:26, 29, 30; Иохан 1:29). Есүсийг дуурайн, эргэн тойрныхоо хүн бүрд сайн үйл хийдэг бол «хөршөө хайрладаг» гэсэн үг.
18 Гэхдээ бусдыг хайрлах нь Бурхныг хайрлахтай салшгүй холбоотой гэдгийг мартах учиргүй. Есүс ядууст тусалж, өвчтэй хүмүүсийг эдгээн, өлссөн нэгнийг хооллож, олон түмнийг сургаж байсны зорилго нь хүмүүсийг Бурхантай «эвлэрүүлэх» явдал байсан (2 Коринт 5:19). Тэрбээр Эцгээ төлөөлж байсан учир үйл хэрэг нь Эцгийг нь нэг бол алдаршуулна, үгүй бол гутаана гэдгийг сайн ойлгоод, Бурхны алдрын төлөө бүхнийг хийдэг байв (1 Коринт 10:31). Есүсийн жишээг дуурайх нь бусдыг чин сэтгэлээсээ хайрлахын зэрэгцээ ёс бус ертөнцөөс ангид байхад тусална.
«Хөршөө өөрийн адил хайрла»
19, 20. «Хөршөө өөрийн адил хайрлах» гэж юу гэсэн үг вэ?
19 Есүс: «Хөршөө өөрийн адил хайрла» гэж хэлсэн билээ. Өөрийгөө хайрлаж, өөртөө анхаарал тавих нь буруу биш ээ. Эс бөгөөс уг тушаалыг биелүүлж чадахгүйд хүрнэ. Гэхдээ үүнийг 2 Тимот 3:2-т элч Паулын бичсэн хүмүүс шиг хар амиа бодож, өөрийгөө л хайрлах гэж үзэж болохгүй. Үнэндээ бол, өөрийгөө хайрлах гэдэг нь өөрийгөө зохих ёсоор хүндэтгэх гэсэн үг юм. Энэ нь, Библи судлаач нэг эрдэмтний хэлснээр, «„Хорвоо дээр над шиг хүн байхгүй“ гэж, эсвэл „Би ч өчүүхэн амьтан юм даа“ гэж хэт туйлшралгүй, өөрийгөө хайрлах» явдал ажээ.
20 Хүмүүс намайг хүндэлж, сайн хандаасай гэж та лав хүсдэг байх. Тэгэхлээр, яг тэгж хүсдэг шигээ бусдад хандах хэрэгтэй. Тэгж байж, бусдыг өөрийн адил хайрлана гэсэн үг. Есүс: «Тиймээс та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүссэнээрээ л өөрсдөө ч тийнхүү тэдэнд ханд» гэж хэлсэн (Матай 7:12). Энэ нь та хүмүүсийг өөрт тань яаж ханддаг байгаасай гэж хүснэ, бусдад тэгж хандах ёстой гэсэн үг болохоос бус, урьдын явдлыг санаж, адилхан хариу барина гэсэн үг биш ээ. Гэхдээ зөвхөн гэр бүлийнхэн, найз нөхөд, итгэл нэгтнүүдээ л хайрлах нь учир дутагдалтай. Бүх хүнийг хайрлах ёстой гэдгийг ойлгуулахын тулд Есүс «хүмүүс» гэж хэлсэн бололтой.
21. Бусдыг хайрладаг хүн юу харуулдаг вэ?
21 Бусдыг хайрлах нь биднийг муу юм хийхээс хамгаалдаг. Элч Паул: «“Бүү завхайр, бүү ал, бүү хулгай хий, бүү шунахайр“ гэсэн тушаал болоод өөр ямар ч тушаал байна, энэ нь „Хөршөө өөрийн адил хайрла“ гэсэн үгийн дотор агуулагддаг юм. Хайр бол хөршдөө буруу зүйл үйлддэггүй» гэж бичсэн байдаг (Ром 13:9, 10). Хэрэв бид бусдыг хайрладаг бол тэдэнд сайныг үйлдэх арга хайх болно. Мөн хүнийг дүр төрхөөрөө бүтээсэн Ехова Бурхныг хайрладгаа харуулна (Эхлэл 1:26).
Хариулна уу
• Бид хэнийг, ямар учраас хайрлах ёстой вэ?
• Бурханд үйлчилдэггүй хүмүүсийг хайрладгаа яаж харуулах вэ?
• Итгэл нэгтнүүдээ хайрлах талаар Библид юу гэж бичсэн байдаг вэ?
• «Хөршөө өөрийн адил хайрлах» гэж юу гэсэн үг вэ?
[Догол мөрийн асуулт]