Ехова шударга ёсыг тогтооно
Ехова шударга ёсыг тогтооно
«Өөрт нь хандан өдөр шөнөгүй хашхирах сонгосон хүмүүсээ Бурхан өмгөөлөхгүй гэж үү?» (ЛУК 18:7).
1. Ямар христианууд бидэнд урам хайрладаг вэ? Яагаад?
БУРХАНД олон жил үнэнч үйлчилж байгаа христианууд Еховагийн Гэрчүүдийн дунд цөөнгүй бий. Та тийм хүнийг мэдэх үү? Олон жилийн өмнө баптисм хүртсэн, барагтаа л бол цуглаан тасалдаггүй настай эгч таны санаанд буух байх. Эсвэл, дэлгэрүүлэх ажилд долоо хоног бүр оролцсоор хэдэн арван жилийн нүүрийг үзэж буй буурал ахыг та бодож байж болох юм. Еховад олон жил үнэнчээр үйлчилж байгаа энэ хүмүүсийн олонх нь Хармагедоныг өдийд аль хэдийнээ болоод өнгөрчихсөн байна гэж бодож байсан. Гэвч, шударга бус ертөнц өнөөдрийг хүртэл байсаар байгаа бөгөөд тэд ч Еховагийн амлалтад итгэж, «эцсээ хүртэл тэвчсээр» байна (Матай 24:13). Тэд бат итгэлээрээ итгэл нэгтнүүддээ урам хайрладаг билээ (Дуулал 147:11).
2. Бид юунд харамсдаг вэ?
2 Гэтэл олон жил үнэнч үйлчилсэн зарим Гэрч аажим аажмаар Еховад итгэхээ больж, христиан хурлыг орхих явдал мэр сэр гардаг. Хамтдаа мөр зэрэгцэн үйлчилж байсан итгэл нэгт нөхөд маань ийнхүү Еховагаас нүүр буруулж оддог нь дэндүү харамсалтай бөгөөд бид «төөрсөн хонь» нэг бүрийг сүрэгтээ буцаж ирээсэй гэж чин сэтгэлээсээ хүсдэг (Дуулал 119:176; Ром 15:1). Зарим хүн үнэнч хэвээрээ байхад, зарим нь итгэл үнэмшлээсээ няцдаг. Үүнээс үүдээд: «Олон Гэрч юуны ачаар Еховагийн амлалтад бат итгэлтэй хэвээрээ байж чаддаг вэ? Еховагийн агуу өдөр ойрхон байна гэдэгт бат итгэхийн тулд бид дор бүрнээ яах ёстой вэ?» гэсэн асуулт гарч ирдэг (Зефаниа 1:14). Одоо, «Лук» номд гардаг нэг жишээг авч үзье.
Бидэнд хамаатай сэрэмжлүүлэг
3. Бэлэвсэн эмэгтэй, шүүгч хоёрын тухай жишээ хэнд онцгой ач тустай вэ? Яагаад?
3 «Лук» номын 18-р бүлэгт Есүсийн ярьсан бэлэвсэн эмэгтэй, шүүгч хоёрын тухай нэг жишээ байдаг. Энэ жишээ өмнөх өгүүлэлд үзсэн шаргуу хүний жишээтэй төстэй (Лук 11:5–13). Гэхдээ хам сэдвийг нь үзвэл бэлэвсэн эмэгтэй, шүүгч хоёрын тухай жишээ «Хүний Хүүг» Хаан болоод «ирсний» дараах үед амьдарч байгаа хүмүүст онцгой хамаатай ажээ. Энэ үе нь 1914 оноос эхэлсэн (Лук 18:8). *
4.Есүс «Лук» номын 18-р бүлэгт гардаг жишээг хэлэхээсээ өмнө юун тухай ярьсан бэ?
4 Есүс энэ жишээг хэлэхээсээ өмнө, залран байх үеийнх нь нотолгоо «тэнгэрийн нэг хаяанаас нөгөө хаяа хүртэл цахих цахилгаан шиг» олон түмэнд тодорхой харагдана гэдгийг хэлжээ (Лук 17:24, ШГ; 21:10, 29–33). Гэлээ ч гэсэн, «төгсгөлийн» цаг үед амьдарч байгаа ихэнх хүн тэрхүү нотолгоог үл тоомсорлох аж (Даниел 12:4). Тэд Еховагийн өгсөн сэрэмжлүүлгийг хүлээн аваагүй Ноа, Лотын үеийнхэнтэй адил юм. Эрт цагийн тэр хүмүүс «хөнөөгдөх» өдрөө хүртэл «идэж, ууцгааж, худалдаж, худалдан авч, тариалж, барьж байгуулцгааж» байв (Лук 17:26–29). Өөрөөр хэлбэл, өдөр тутмын явдал суудалд хэт автан, сэрэмжлүүлгийг «анхаарахгүй» явсаар, эцэст нь амь насаа алдсан (Матай 24:39, ШЕ). Өнөөдөр ч бас ихэнх хүн өдөр тутмын амьдралдаа түүртэн, ёс бус ертөнцийн төгсгөл ойрхон байгаагийн нотолгоог олж хардаггүй (Лук 17:30).
5. а) Есүс хэнд санаа зовж байсан бэ? Яагаад? б) Зарим христиан юунаас болоод итгэл үнэмшлээсээ ухардаг вэ?
5 Есүс дагалдагчдаа ч бас Сатаны ертөнцийн нөлөөнд автаж, тэр байтугай, орхисон юмаа авахаар «буцах» вий гэхээс санаа нь зовж байсан нь лав (Лук 17:22, 31). Үнэхээр ч, зарим дагалдагчид нь тийм юм тохиолдсон. Тэд ёс бус ертөнцийг устгах Еховагийн товлосон цагийг олон жил хүлээсэн ч, бодож явсан цагт нь Хармагедон болоогүй учраас идэвхээ сулруулж, Еховагийн шүүх өдөр ойрхон байгаад итгэхээ больсон байдаг. Дэлгэрүүлэх ажилд идэвхгүй болж, амьдралын аахар шаахар явдалд аажим аажмаар дөнгөлөгдөн, сүнслэг үйл хэргээ завсардуулдаг (Лук 8:11, 13, 14). Тэгээд эцэст нь, орхисон юмаа авахаар «буцдаг» нь даанч харамсмаар!
«Байнга залбирах» ёстойн учир
6–8. а) Бэлэвсэн эмэгтэй, шүүгч хоёрын тухай жишээг товч ярина уу. б) Есүс энэ жишээг хэлснийхээ дараа юу гэж дүгнэсэн бэ?
6 Еховагийн амлалтад итгэх итгэлээ алдахгүйн тулд яах хэрэгтэй вэ? (Еврей 3:14). Есүс шавь нараа Сатаны ёс бус ертөнц рүү буцах вий хэмээн сэрэмжлүүлснийхээ дараа энэ асуултад хариулжээ.
7 «Сэтгэл алдрахгүйгээр байнга залбирах ёстойг [шавь нартаа] ойлгуулахын тулд» Есүс нэг жишээ хэлснийг Лук бичжээ. «Нэгэн хотод Бурхнаас эмээдэггүй, хүмүүсийг ч хүндэлдэггүй шүүгч байжээ. Тэр хотод нэгэн бэлэвсэн эмэгтэй байв. Тэр эмэгтэй шүүгч рүү ирж, түүнд: „Арцалдагчаас минь намайг өмгөөлөөч“ гэдэг байлаа. Шүүгч туслахыг удтал хүсээгүй боловч дараа нь өөртөө: „Хэдийгээр би Бурхнаас эмээдэггүй, хүмүүсийг хүндэлдэггүй боловч энэ эмэгтэй амар заяаг минь үзүүлэхгүй нь. Түүнийг өмгөөлөхөөс, эс тэгвэл тэр ирж үргэлж намайг залхаах вий“ гэжээ».
8 Есүс энэ түүхийг ярьсныхаа дараа дүгнэлт хийж: «Шударга бус шүүгчийн юу хэлснийг сонс. Өөрт нь хандан өдөр шөнөгүй хашхирах өөрийн сонгосон хүмүүсээ Бурхан өмгөөлөхгүй гэж үү? Тэр тэднийг удтал хойшлуулна гэж үү? Би та нарт хэлье. Тэр даруйд Бурхан тэднийг өмгөөлөх болно. Харин Хүний Хүү ирэхдээ, газар дээр итгэл олох болов уу?» гэжээ (Лук 18:1–8).
«Намайг өмгөөлөөч»
9. Бэлэвсэн эмэгтэй, шүүгч хоёрын тухай жишээний гол санаа юу вэ?
9 Жишээнд гардаг баатрууд болон Есүсийн хэлсэн үг жишээний гол санааг тодорхой харуулдаг. Эмэгтэй: «Намайг өмгөөлөөч» гэж гуйсаар байсан тул шүүгч: «Түүнийг өмгөөлөхөөс» гэдэг. Есүс: «Сонгосон хүмүүсээ Бурхан өмгөөлөхгүй гэж үү? Тэр даруйд Бурхан тэднийг өмгөөлөх болно» хэмээн хэлэхдээ шударга ёсыг тогтоохыг нь онцолжээ (Лук 18:3, 5, 7, 8). Тэгвэл, Ехова чухам хэзээ шударга ёсыг тогтоох вэ?
10. а) МЭ І зуунд Ехова шударга ёсыг тогтооход юу болсон бэ? б) Бурхан орчин үеийн ард түмнийхээ төлөө шударга ёсыг хэзээ, яаж тогтоох вэ?
10 Иерусалим сүмтэйгээ устгагдсан МЭ 70 онд Ехова шударга ёсыг тогтоосон. Тэр үеийг Есүс «өшөө авалтын өдрүүд» гэж нэрлэжээ (Лук 21:22). Харин орчин үед Ехова «агуу өдрөөрөө» ард түмнийхээ төлөө шударга ёсыг тогтооно (Зефаниа 1:14; Матай 24:21). Өөрийнх нь үйлчлэгчдийг «зовоогчдод зовлонгоор хариулах» бөгөөд Есүс Христ «Бурхныг мэддэггүй ба бидний Эзэн Есүсийн сайн мэдээг дагадаггүй хүмүүсээс өшөө авах ажээ» (2 Тесалоник 1:6–8; Ром 12:19).
11. Ехова ард түмнээ «тэр даруйд өмгөөлнө» гэдгийг юу гэж ойлгох вэ?
11 Тэгвэл, Ехова ард түмнээ «тэр даруйд өмгөөлнө» гэдгийг юу гэж ойлгох вэ? Ехова хүмүүст тэвчээртэй ханддаг ч, товлосон цаг нь болоход шударга ёсыг нэн даруй тогтооно гэдгийг Бурхны Үг харуулдаг (Лук 18:7, 8; 2 Петр 3:9, 10). Ноагийн үед Ехова Усан галав юүлүүлж, ёс бус хүмүүсийг тэр дор нь устгасан. Бас Лотын өдрүүдэд тэнгэрээс гал буулгаж, муу хүмүүсийг хөнөөсөн. «Хүний Хүү илчлэгдэх өдөр ч мөн тийм байх болно» гэж Есүс хэлсэн байдаг (Лук 17:27–30). Өөрөөр хэлбэл, ирээдүйд ч муу хүмүүс дээр «сүйрэл нь гэнэт ирнэ» (1 Тесалоник 5:2, 3). Тэгэхлээр, Ехова шударга ёсыг баримтлан, Сатаны ертөнцийг устгах өдрөө нэг өдрөөр ч хойшлуулахгүй гэдэгт бүрэн итгэлтэй байж болно.
«Сонгосон хүмүүсээ Бурхан өмгөөлнө»
12, 13. а) Бэлэвсэн эмэгтэй, шүүгч хоёрын тухай жишээ бидэнд ямар сургамжтай вэ? б) Ехова бидний залбирлыг сонсож, шударга ёсыг тогтооно гэдэгт яагаад итгэлтэй байж болох вэ?
12 Бэлэвсэн эмэгтэй, шүүгч хоёрын тухай жишээнээс өөр ямар сургамж авч болох вэ? Есүс тэр жишээний утгыг тайлбарлаж: «Шударга бус шүүгчийн юу хэлснийг сонс. ...Өөрийн сонгосон хүмүүсээ Бурхан өмгөөлөхгүй гэж үү?» хэмээжээ. Ингэхдээ Еховаг шүүгчтэй адилтган, үйлчлэгчдэдээ тэр шүүгч шиг ханддаг гэж хэлэх гээгүй нь ойлгомжтой. Харин ч шавь нартаа Еховагийн тухай илүү сайн мэдүүлэхийн тулд Бурхан шүүгч хоёрын ялгааг тод гаргаж өгсөн. Одоо зарим ялгааг авч үзье.
13 Есүсийн жишээнд гардаг шүүгч «шударга бус» бол, Бурхан «шударга шүүгч» юм (Дуулал 7:11; 33:5). Шүүгч бэлэвсэн эмэгтэйг хүн гэж тоогоогүй бол, Ехова хүн нэг бүрийг анхаардаг (Шастирын дэд 6:29, 30). Шүүгч эмэгтэйд тусалъя гэсэн бодолгүй байхад, Ехова үйлчлэгчдэдээ туслахыг хүсэхээр барахгүй туслах боломжийг хайж байдаг (Исаиа 30:18, 19). Эндээс бид юу мэдэж авав аа? Хэрэв шударга бус шүүгч бэлэвсэн эмэгтэйн хүсэлтийг биелүүлж түүнийг өмгөөлсөн бол, тэр тусмаа шударга Бурхан Ехова ард түмнийхээ залбирлыг сонсож, тэднийг өмгөөлөх буюу шударга ёсыг тогтоох нь дамжиггүй! (Сургаалт үгс 15:29).
14. Бурхны шүүх өдөр ирнэ гэдэгт итгэлтэй байх ёстойн учир юу вэ?
14 Тиймээс, Бурхны шүүх өдөр ирнэ гэдэгт итгэхээ боливол их том алдлаа гэсэн үг. Учир нь тийм хүмүүс Еховаг амлалтаа биелүүлнэ гэдэгт эргэлзэж байгаагаас өөрцгүй юм. Бурхан амлалтаа биелүүлж чадах уу, үгүй юү гэж асуух эрх хэнд ч байхгүй (Иов 9:12). Тэрэнд орвол, «Би итгэлээ алдахгүй байж чадах уу?» гэдгээ хүн бүхэн дор бүрнээ бодож үзэх нь зүйтэй. Учир нь Есүс бэлэвсэн эмэгтэй, шүүгч хоёрын тухай жишээгээ төгсгөхдөө нэг чухал асуулт тавьсан байдаг. Одоо энэ тухай ярилцъя.
Есүс «газар дээр итгэл олох болов уу?»
15. а) Есүс ямар асуултыг, ямар зорилгоор тавьсан бэ? б) Хүн бүр юу гэж бодох ёстой вэ?
15 Есүс: «Хүний Хүү ирэхдээ, газар дээр итгэл олох болов уу?» хэмээн асуусан нь сонирхол татдаг (Лук 18:8). «Итгэл» гэж хэлэхдээ жишээнд гардаг бэлэвсэн эмэгтэйнх шиг бат итгэлийг хэлжээ. Тэрбээр энэ асуултдаа өөрөө хариулаагүй. Шавь нартаа итгэлийнх нь тухай бодуулах гэж ийнхүү асуужээ. «Итгэл минь суларсаар, орхисон юм руугаа буцчих юм биш биз? Эсвэл бэлэвсэн эмэгтэйнх шиг бат итгэлтэй байж чадаж байна уу?» гэдгээ тэд бодох ёстой байлаа. Өнөөдөр ч гэсэн бид дор бүрнээ, «„Хүний Хүү“ миний итгэлийг хэр зэрэг бат бэх гэж үздэг бол?» гэж бодох хэрэгтэй.
16. Бэлэвсэн эмэгтэй итгэлээ хэрхэн харуулсан бэ?
16 Еховагийн өмгөөлөх хүмүүсийн тоонд багтахын тулд жишээнд гарсан бэлэвсэн эмэгтэйг дуурайх хэрэгтэй. Эмэгтэй итгэлээ яаж харуулсан билээ? Шүүгч дээр байнга очиж: «Намайг өмгөөлөөч» гэж гуйдаг байсан. Бэлэвсэн эмэгтэй шударга шийдвэр гаргуулж өгөхийг шударга бус хүнээс гуйхдаа цөхрөөгүй. Бурхны үйлчлэгчид бид ч бас Ехова шударга ёсыг тогтооно гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй. Тэр байтугай, бодож байснаасаа удаан хүлээх хэрэгтэй болсон ч эргэлзэх учиргүй. Бас Еховад «хандан өдөр шөнөгүй хашхирах» буюу цөхрөлтгүй залбиран, амлалтад нь итгэдгээ харуулах шаардлагатай (Лук 18:7). Хэрэв христиан хүн шударга ёсыг тогтоогооч гэж залбирахаа боливол Еховаг үйлчлэгчдийнхээ сайн сайхны төлөө арга хэмжээ авна гэдэгт итгэхээ байсны шинж юм.
17. Цөхрөлтгүй залбирч, Еховагийн шүүх өдөр ирнэ гэдэгт эргэлзэхгүй байх ямар ямар шалтгаан байна вэ?
17 Хэрэв бид бэлэвсэн эмэгтэйн нөхцөл байдлыг бодож үзвэл цөхрөлтгүй залбирах хэрэгтэйн өөр шалтгааныг мэдэж авна. Одоо, тэр эмэгтэйн нөхцөл биднийхээс юугаараа ялгаатайг үзье. Бэлэвсэн эмэгтэйд шүүгчтэй дахин дахин уулзахыг ятгаж, дэмждэг хүн байгаагүй бол, бидэнд «үргэлж залбирч байхыг» уриалдаг Бурхны Үг байдаг (Ром 12:12, ШГ). Эмэгтэйд заргаа авна гэсэн баталгаа байгаагүй. Харин бидэнд Ехова шударга ёсыг тогтоохоо амлаж, зөнчөөрөө: «Энэ нь түр саатаж байгаа боловч түүнийг хүлээгтүн. Учир нь энэ нь хоцролгүй заавал ирнэ» гэсэн баталгаа өгүүлсэн (Хабаккук 2:3; Дуулал 97:10). Бас, эмэгтэйг заргаа авахад нь тусалж дэмжчих хүн байгаагүй. Тэгвэл бидэнд «Бурхны баруун талд байдаг, бидний төлөө зуучлан гуйдаг» агуу туслагч Есүс байна (Ром 8:34; ). Бэлэвсэн эмэгтэй аргагүй байдалд байсан хэр нь, шүүгч өөрийг нь өмгөөлнө гэж найдан, дахин дахин явж байсан юм бол, тэр тусмаа бид Еховагийн шүүх өдөр ирнэ гэдэгт эргэлзэхгүй байх ёстой биз дээ? Еврей 7:25
18. Итгэлээ бэхжүүлж, Еховагаар өмгөөлүүлэхэд залбирал ямар үүрэгтэй вэ?
18 Залбирал итгэл хоёр нягт холбоотой бөгөөд цөхрөлтгүй залбирвал итгэлийг маань эвдэн бусниулах алив бүхнийг эсэргүүцэж болдгийг бэлэвсэн эмэгтэй, шүүгч хоёрын тухай жишээ тодорхой харуулж байна. Ор нэр төдий залбирдаг бол итгэлээ бэхжүүлж чадахгүй нь ойлгомжтой (Матай 6:7, 8). Харин жинхэнэ ёсоор итгэлээ бэхжүүлж, Бурхантай тогтоосон харьцаагаа зузаатгая гэвэл амь амьдрал маань Бурхнаас шалтгаална гэдгийг ухамсарлаж, чин сэтгэлээсээ залбирдаг байх хэрэгтэй. Итгэлгүйгээр аврагдахгүй учир Есүс шавь нартаа «сэтгэл алдрахгүйгээр байнга залбирахыг» уриалсан (Лук 18:1). Үнэндээ бол, биднийг залбирсан ч, залбираагүй ч Еховагийн агуу өдөр ирэх нь зайлшгүй. Харин бид Бурханд цөхрөлтгүй залбирч, бат итгэлтэй байх эсэхээс дор бүрнээ Еховагаар өмгөөлүүлж, Хармагедоныг эсэн мэнд давах эсэх маань шууд шалтгаална.
19. Бурхан шударга ёсыг тогтооно гэдэгт итгэдгээ бид хэрхэн баталдаг вэ?
19 Есүс: «Хүний Хүү ирэхдээ, газар дээр итгэл олох болов уу?» гэж асуусан билээ. Өнөөдөр Еховад үнэнчээр үйлчилдэг олон сая хүн бэлэвсэн эмэгтэйнх шиг бат итгэлтэй гэдгээ залбирал, тэвчээр, шаргуу зангаараа батлан харуулж, Есүсийн асуултад «тийм» гэж хариулдаг. Тийм ээ, Сатаны ертөнц бидэнд цаг ямагт шударга бус ханддаг ч гэсэн, Бурхан сонгосон хүмүүсийнхээ төлөө шударга ёсыг тогтооно гэдэгт бид огтхон ч эргэлздэггүй.
[Зүүлт]
^ Энэ жишээний ач холбогдлыг илүү сайн ойлгохын тулд Лук 17:22–33-ыг уншина уу. Лук 17:22, 24, 30-д «Хүний Хүүгийн» тухай юу гэж бичсэн байдгийг үзвэл Лук 18:8-д гардаг асуултын учир тодорхой болно.
Санаж байна уу?
• Ямар учраас зарим христиан Еховагийн амлалтад итгэхээ больдог вэ?
• Еховагийн шүүх өдөр ирнэ гэдэгт бат итгэхийн учир юу вэ?
• Цөхрөлтгүй залбирах ямар ямар шалтгаан байдаг вэ?
• Цөхрөлтгүй залбирах нь итгэлээ алдахгүй байхад хэрхэн тусалдаг вэ?
[Догол мөрийн асуулт]