Хайрын Бурхан Еховаг хайрлагтун
Хайрын Бурхан Еховаг хайрлагтун
«Бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзнээ хайрла» (МАТАЙ 22:37).
1, 2. Фарисайчууд ямар зорилгоор Есүсээс хамгийн чухал тушаалын талаар асуусан бэ?
ЕСҮСИЙН үеийн фарисайчууд Мосегийн хуулийн 600 гаруй тушаалаас аль нь хамгийн чухал бэ хэмээн ширүүн маргаж байсан бололтой. Тахил өргөх тухай тушаал уу? Уг нь, нүглээ уучлуулж, Бурханд талархлаа илэрхийлэхэд тахил чухал үүрэгтэй шүү дээ. Эсвэл хөвч хөндөх тухай тушаал юм болов уу? Энэ бол Еховагийн Абрахамтай байгуулсан гэрээний тэмдэг байсан учир бас л чухал асуудал байв (Эхлэл 17:9–13).
2 Гэтэл хуучинсаг үзэлтэй нэг хэсэг нь Бурхны өгсөн тушаал болгон чухал учир аль нэгийг нь ач холбогдол багатай мэт санагдах тушаалаас дээгүүр тавих ёсгүй гэж үзэж байв. Фарисайчууд энэ ээдрээтэй асуултыг Есүст тавихаар шийджээ. Тэд Есүсийн хэлэх үгийг өлгөн авч, нэр хүндийг нь унагах бодолтой байлаа. Тэгээд тэдний нэг нь: «Мосегийн хуулийн аль тушаал нь хамгийн чухал юм бэ?» гэж асуув (Матай 22:34–36, ШГ).
3. Есүс ямар тушаалыг хамгийн чухал гэж хэлсэн бэ?
3 Есүс уг асуултад хариулахдаа жинхэнэ шүтлэгийн мөн чанар байсаар ирсэн, цаашдаа ч байх нэгэн зүйлийг хэлсэн нь бидэнд ч их ач холбогдолтой. Тэрбээр Дэд хууль 6:5-ыг иш татан: «„Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзэн [«Еховаг», ШЕ] хайрла“. Энэ бол агуу нь бөгөөд хамгийн чухал тушаал мөн» хэмээжээ. Өнөөх фарисай хүн Есүсийг ганцхан тушаал хэлэх байх гэж бодож байтал Есүс Левит 19:18-ыг иш татан: «Удаахи нь „Чи хөршөө өөрийн адил хайрла“ гэсэнтэй адил юм» гэж бас нэгэн тушаал хэлдэг. Тэгээд Есүс энэ хоёр тушаал цэвэр шүтлэгийн цөм болдгийг хэлжээ. Гэхдээ Хуулийн тушаалуудыг чухал гэдгээр нь дугаарлан жагсаах шаардлагагүй болохыг харуулан: «Энэ хоёр тушаал дээр бүх Хууль болоод Эш үзүүлэгчид тулгуурладаг юм» хэмээн үгээ төгсгөжээ (Матай 22:37–40). Энэ өгүүллээр уг хоёр тушаалын хамгийн чухлыг нь авч үзье. Бурхныг хайрлах ёстойн учир юу вэ? Хайртайгаа яаж харуулах вэ? Яавал Бурханд илүү хайртай болох вэ? Эдгээр асуултын хариуг мэддэг бол Еховаг бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрлан, тааллыг нь олж чадна.
Еховаг шүтэхэд хайр чухал үүрэгтэй
4, 5. а) Есүсийн хариуг сонсоод фарисай огтхон ч гайхаагүй нь ямар учиртай вэ? б) Бурхан шатаалт тахил, өргөлөөс илүүгээр юуг үнэлдэг вэ?
4 Есүсийн хариуг сонсоод фарисай хүн огтхон ч гайхаж цочирдоогүй биз ээ. Учир нь, олон хүн Бурхныг чин сэтгэлээсээ хайрладаггүй байсан ч, Еховаг шүтэхэд хайр чухал үүрэгтэйг тэр мэддэг байв. Тэр үед синагогт Шемаг (еврей хэлээрх залбирал) чанга дуугаар уншдаг заншилтай байсан бөгөөд уг залбирлын нэг хэсэг нь Есүсийн иш татсан Дэд хууль 6:4–9 байжээ. Маркийн бичсэнээр, өнөөх фарисай Есүст: «Тийм ээ, Багш аа, Тэр бол Ганц бөгөөд Түүнээс өөр нэгэн байхгүй гэж Та үнэнээр айлдлаа. Түүнийг бүх зүрх, бүх оюун ухаан, бүх хүчээрээ хайрлаж, хөршөө өөр шигээ хайрлах нь бүх шатаалт тахил хийгээд өргөлүүдээс ч агуу их юм» гэж хэлжээ (Марк 12:32, 33).
5 Мосегийн хуулийн дагуу шатаалт тахил, өргөл өргөх нь хэдий чухал байсан ч Бурхныг болон бусдыг хайрлах нь илүү чухал байжээ. Бурхан үнэнч хайрын сэтгэлээр тахил болгон өргөсөн жижиг бор шувууг буруу сэтгэл өвөрлөн өргөсөн мянга мянган хуцнаас илүү үнэлдэг байв (Мика 6:6–8). Есүс Иерусалимын сүмд нэгэн ядуу бэлэвсэн эмэгтэйг ажиглаж байсныг Библид бичсэн байдаг. Эмэгтэй хоёр жижиг зэс зоос өргөсөн нь ганц бор шувуу ч авч хүрэхгүй мөнгө байв. Гэхдээ Еховаг гэсэн хайрын сэтгэлээр хандив өргөсөн тул илүүдлээсээ өгсөн баячуудын их хэмжээний мөнгөнөөс илүү үнэ цэнтэй байжээ (Марк 12:41–44). Үүнийг үзвэл, бид бэл бэнчингээсээ шалтгаалахгүй Еховад хайртайгаа харуулах бүрэн боломжтой байх нь ээ. Тэгээд ч Ехова хайрыг маань хамгийн их үнэлдэг!
6. Хайр чухал үүрэгтэйг онцлон Паул юу гэж бичсэн бэ?
6 Еховаг шүтэхэд хайр чухал үүрэгтэйг онцлон, элч Паул: «Хэрэв би хүний болон тэнгэр элчийн хэлээр ярьсан ч надад хайр байхгүй бол би нүргэлэх харанга, хангинах цан болох байсан. Хэрэв би эш үзүүлэх чадвартай, мөн бүх нууц болон бүх мэдлэгийг мэддэг байгаад, уулыг нүүлгэх бүрэн итгэлтэй байлаа ч, надад хайр байхгүй бол би юу ч биш. Хэрэв би бүх л өмч хөрөнгөө тараан өгч, өөрийн биеийг шатаахаар тушаасан ч надад хайр байхгүй бол энэ нь надад ямар ч ашиггүй юм» гэж бичжээ (1 Коринт 13:1–3). Тэгэхлээр, таалалд нь нийцүүлж Ехова Бурхныг шүтэхэд хайр чухал үүрэгтэй ажээ. Харин Еховад хайртайгаа хэрхэн харуулах вэ?
Еховад хайртайгаа харуулах нь
7, 8. Еховад хайртайгаа хэрхэн харуулах вэ?
7 Жинхэнэ хайр бол олон хүний боддог шиг жолоогоо алдсан янаг сэтгэл, эсвэл сэтгэлийн хөдлөл төдий зүйл биш ээ. Жинхэнэ хайр үйл хэргээр илэрдэг. Библид бичсэнээр, хайр бол «илүү давуу зам» бөгөөд бидний «мөшгөх» ёстой зүйл юм (1 Коринт 12:31; 14:1). Үг хэлээр төдийгүй «ажил үйлс, үнэнээр хайрлахыг» Библи христиануудад уриалдаг (1 Иохан 3:18).
8 Бурханд хайртай хүн хүсэл тааллыг нь биелүүлж, үг яриагаараа ч, үйл хэргээрээ ч эрх мэдлийг нь дэмжиж, зөвтгөхийг эрмэлздэг. Бас ёс бус «ертөнц болон ертөнцөд байгаа зүйлсийг» хайрладаггүй (1 Иохан 2:15, 16). Бузар мууг үзэн яддаг (Дуулал 97:10). Түүнээс гадна, бусдыг хайрлах учиртай бөгөөд бид энэ тухай дараагийн өгүүллээр үзнэ. Библид: «Бурхныг хайрлах нь Түүний тушаалуудыг сахих юм» гэж байдаг учир Бурханд хайртай хүн бас дуулгавартай байх ёстой ажээ (1 Иохан 5:3, АББН, 2004).
9. Есүс Бурханд хайртайгаа хэрхэн харуулсан бэ?
9 Бурхныг хайрлахын төгс жишээг Есүс үзүүлсэн билээ. Тэрбээр Эцэгтээ хайртай байсан тул тэнгэрийн гэрээ орхин, дэлхийд хүн болж ирээд, хийсэн үйлс, заасан сургаалаараа Эцгээ алдаршуулж, «үхэлд хүртэл дуулгавартай» байсан (Филиппой 2:8). Бурхандаа хайртайгаа батлан, дуулгавартай байсных нь ачаар үнэнч хүмүүс Бурхны өмнө «зөвт болох» боломжтой болсон. Элч Паул: «Ганц хүний [Адамын] дуулгаваргүй байдлаас болж олон хүн нүгэлтэн болгогдсоны адил, түүнчлэн, ганц Хүний [Есүс Христийн] дуулгавартай байдлаар олон хүн зөвт болгогдоно» гэж бичжээ (Ром 5:19).
10. Бурханд хайртайгаа харуулахын тулд дуулгавартай байх ёстойн учир юу вэ?
10 Есүсийг дуурайн, Бурханд дуулгавартай байвал бид ч бас хайртайгаа харуулна. Есүсийн дотнын шавь Иохан: «Түүний тушаалуудын дагуу явцгаая. Энэ бол хайр билээ» гэж бичсэн байдаг (2 Иохан 6). Еховад хайртай хүмүүс заавар зөвлөгөөг нь чин сэтгэлээсээ хүлээн авч, хүн өөрийгөө удирдах чадваргүй гэдгийг ойлгож, мэргэн ухаант Еховагаар удирдуулан, халамжит Бурхандаа захирагддаг (Иеремиа 10:23). Тэд, Бурхны хүсэл тааллыг биелүүлэхийг чин сэтгэлээсээ хүсэн, сайн мэдээг «дуртайяа хүлээн авсан» эртний Берой хотын «уужим сэтгэлтэй» хүмүүстэй адил юм (Үйлс 17:11). Бас Еховагийн хүсэл тааллыг сайн ойлгохын тулд Судрыг нягтлан үздэг бөгөөд үүнийхээ ачаар дуулгавартай байн, хайртайгаа харуулдаг.
11. Бүх зүрх, сэтгэл, оюун ухаан, хүчээрээ Бурхныг хайрлах гэж юу гэсэн үг вэ?
11 Бүх зүрх, сэтгэл, оюун ухаан, хүчээрээ Бурхныг хайрлах учиртайг Есүс хэлсэн (Марк 12:30). Бурхныг бүх зүрхээрээ хайрладаг хүн Еховад таалагдахыг чин сэтгэлээсээ хүсдэг. Яагаад гэвэл ийм хайр хүний оюун бодол, сэтгэл мэдрэмж, хүсэл эрмэлзлийг цогцоор нь багтаасан бэлэгдлийн зүрхээс ундран гардаг. Бид Бурхныхаа тухай юу ч мэддэггүй, сохроор үйлчилдэг хүмүүс биш ээ. Учир нь Еховагийн зан чанар, хэм хэмжээ, санаа зорилгыг таньж мэдсэн тул Бурхнаа бүх оюун ухаанаараа хайрладаг. Бурхныг бүх сэтгэлээрээ хайрладаг хүн Бурхандаа байгаа бүхнээ, амь амьдралаа зориулж, магтан алдаршуулахыг хүсдэг. Бүх хүч чадлаа мөн тэр үйлсэд зориулдаг.
Еховаг хайрлах ёстойн учир
12. Бурхан ямар учраас биднээр өөрийгөө хайрлуулахыг хүсдэг вэ?
12 Ехова биднийг зан чанарыг нь дуурайгаасай гэж хүсдэг. Энэ бол Бурхныг хайрлах ёстойн нэг шалтгаан юм. Хайрын эх булаг Ехова хүн төрөлхтнийг хайрлахын хамгийн гайхамшигтай жишээ үзүүлсэн. Элч Иохан онгодоор хөтлүүлэн: «Бурхан бол хайр билээ» гэж бичсэн (1 Иохан 4:8). Бурхан хүнийг дүр төрхөөрөө буюу хайрлах чадвартай бүтээсэн. Бас орчлонт ертөнцийг хайрын сэтгэлээр захирдаг. Үйлчлэгчид нь өөрийг нь хайрлаасай, шударга эрх мэдэлд нь чин сэтгэлээсээ захирагдаасай гэж хүсдэг. Үнэхээр, орчлонт ертөнцийн энх тайван, эв нэгдэлд хайр чухал үүрэгтэй.
13. а) Есүс ямар учраас иудейчүүдэд: «Өөрийн Бурхан Эзнийг хайрла» гэж хэлсэн бэ? б) Ехова биднээр хайрлуулахыг хүсдэг нь яагаад зүйн хэрэг вэ?
13 Бидний төлөө хийсэн бүхнийг нь эрхэмлэн үнэлэх нь Бурхныг хайрлах бас нэг шалтгаан юм. Есүс иудейчүүдэд: «Өөрийн Бурхан Эзнийг хайрла» хэмээжээ. Тэд таньж мэдэхгүй, хол хөндий байдаг ямар нэг бурхныг бус, өөрсдөд нь хайртайгаа харуулсан амьд Бурхныг хайрлах учиртай байв. Ехова тэднийг Египетээс чөлөөлж, Амласан газар аваачиж, харж хамгаалан, хайрлан халамжилж, тусалж дэмжин, хайрын үүднээс засаж залруулж байсан тул яахын аргагүй тэдний Бурхан байсан. Бас биднийг мөнх амьтай болгохын тулд Хүүгээ золиос болгон өгч, бидний Бурхан гэдгээ харуулсан билээ. Тийм ч учраас биднийг өөрийг нь хайрлаасай гэж хүсэх нь зүйн хэрэг. «Эхлээд [Бурхан] биднийг хайрласан» бөгөөд биднээр хайрлуулахыг хүсдэг учир бид түүнийг чин сэтгэлээсээ хайрладаг (1 Иохан 4:19).
14. Еховагийн хайрыг эцгийн хайртай зүйрлэхийн учир юу вэ?
14 Еховагийн хайрыг халамжит эцгийн үр хүүхдээ хайрлах сэтгэлтэй зүйрлэж болно. Эцэг эхчүүд төгс бус ч гэсэн, үр хүүхдээ гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүртэл хайрлан халамжилж, хамаг бүхнээ зориулдаг. Үр хүүхдээ аз жаргалтай амьдарч, сайн сайхан яваасай гэсэндээ сурган хүмүүжүүлж, тусалж дэмжин, засаж залруулдаг. Энэ бүхнийхээ хариуд юу хүсдэг вэ? Үр хүүхдээрээ хайрлуулж, захиж сургасныг нь биелүүлээсэй гэж хүсэн хүлээдэг. Үүнтэй адилаар, тэнгэрийн төгс Эцэг маань биднийг хийсэн бүхнийг нь үнэлж, өөрийг нь хайрлаасай гэж хүсдэг.
Яавал Бурханд илүү хайртай болох вэ?
15. Бурханд илүү хайртай болохын тулд, юуны түрүүнд, яах ёстой вэ?
15 Бид Бурхантай нүүр тулан уулзаж, дууг нь сонсож байгаагүй нь үнэн (Иохан 1:18). Гэхдээ тэрбээр биднийг өөртэй нь дотно харьцаа тогтоохыг уриалдаг (Иаков 4:8). Үүний тулд яах вэ? Ер нь, таньж мэдэхгүй хүнийг хайрлах амаргүй байдаг. Бурханд хайртай болохын тулд, юуны түрүүнд, сайн мэддэг болох хэрэгтэй. Ехова өөрийн Үг буюу Библийг өгсөн нь өөртэй нь танилцаасай гэж хүсдэгийнх юм. Тийм ч учраас Ехова байгууллагаараа дамжуулан, Библи тогтмол уншихыг уриалдаг. Библийн тусламжтайгаар бид Бурхны зан чанар, хэм хэмжээ, эрт цагт хүмүүстэй хэрхэн харьцдаг байсныг нь мэдэж авдаг. Энэ тухай уншиж, эргэцүүлэн бодвол Еховатай дотно танилцаж, илүү хайртай болно (Ром 15:4).
16. Есүсийн үйл хэргийг эргэцүүлэн бодох нь Еховад илүү хайртай болоход хэрхэн туслах вэ?
16 Ялангуяа Есүсийн амьдрал, үйл хэргийг эргэцүүлэн бодвол Еховад илүү хайртай болно. Есүс Эцгээ төгс дуурайдаг байсан тул «Намайг харсан хүн Эцгийг харсан» гэж итгэлтэй хэлсэн (Иохан 14:9). Нэгэн удаа Есүс бэлэвсэн эмэгтэйн ганц хүүг амилуулан, өрөвч сэтгэл гаргасан нь бидний сэтгэлийг хөдөлгөдөг (Лук 7:11–15). Дэлхий дээр амьдарч байсан хамгийн агуу хүн болох Бурхны Хүү шавь нарынхаа хөлийг даруухнаар угаасан гэж бодохлоор сэтгэл уярдаг (Иохан 13:3–5). Ямар ч хүнээс илүү ухаантай, агуу гэж бардамналгүй, бүх хүнд, хүүхэд багачуудад хүртэл нөхөрсөг ханддаг байсан нь сайхан санагддаг (Марк 10:13, 14). Энэ бүхнийг эргэцүүлэн боддог бол Петрийн хэлснээр, Есүсийг «хараагүй боловч Түүнийг хайрладаг» болно (1 Петр 1:8). Есүсийг хайрлах тусам, Еховад илүү хайртай болно.
17, 18. Еховад илүү хайртай болохын тулд юун тухай эргэцүүлэн бодох нь зүйтэй вэ?
17 Бурхан биднийг аз жаргалтай амьдруулах гэж байгаль дэлхийг үзэсгэлэнтэй сайхан бүтээж, төрөл бүрийн амттан шимттэн, сэтгэл зүрхийг хөгжөөх анд нөхөд гээд өөр олон сайхан зүйлийг харамгүй өгсөн. Энэ бүхнийг эргэцүүлэн бодох нь Бурханд илүү хайртай болох өөр нэг арга юм (Үйлс 14:17). Бурхныхаа тухай мэдэх тусам хайр, өгөөмөр сэтгэлийг нь улам бүр биширдэг. «Миний төлөө Бурхан юу хийсэн билээ?» гэж дор бүрнээ бодож үзээрэй. Үнэхээр Бурхныг хайрлахгүй байхын аргагүй байгаа биз?
18 Бурхны өгсөн олон сайхан бэлгийн нэг нь хүссэн үедээ залбирах завшаан юм. «Залбирлыг сонсдог Нэгэн» биднийг сонсох нь эргэлзээгүй (Дуулал 65:2). Ехова хайртай Хүүдээ хүмүүсийг захирч, шүүх эрх олгосон. Гэхдээ залбирлыг сонсох эрхийг хэнд ч, тэр бүү хэл, Хүүдээ ч өгөөгүй. Гагцхүү Ехова залбирлыг сонсдог. Ехова биднийг ийнхүү хайрлан халамжилж, санаа тавьдаг тул бид өөрийн эрхгүй түүнд татагддаг.
19. Еховад улам хайртай болоход ямар ямар амлалт нь тусалдаг вэ?
19 Түүнчлэн, ирээдүйд хүн төрөлхтний төлөө юу хийхийг нь бодохлоор Еховад улам ч хайртай болдог. Бурхан өвчин эмгэг, уй гашуу, үхэл хагацлыг арилгахаа амласан билээ (Илчлэлт 21:3, 4). Хүмүүс төгс болох цагт хэн ч сэтгэлээр унаж, урам хугаран, зовж зүдрэхгүй. Бас өлсөж цангаж, ядуугийн зовлон үзэж, дайны хөлд нэрвэгдэхгүй (Дуулал 46:9; 72:16). Дэлхий диваажин болон хувирна (Лук 23:43). Ехова энэ бүхнийг хийх албагүй боловч хүн төрөлхтөнд хайртай учир энэ бүх ивээлээ хүртээнэ.
20. Еховаг хайрлахын ач тусын талаар Мосе юу гэж хэлсэн бэ?
20 Бурхнаа хайрлаж, илүү хайртай болох хүндтэй шалтгаан үнэхээр олон байна. Та Бурхныхаа удирдлагыг дуртайяа хүлээн авч, Бурхнаа улам илүү хайрлаж явахыг хүсдэг үү? Мосегийн үгийг бодож үзээрэй. Тэрбээр Еховаг хайрлаж, тэр хайраа хөргөхгүй байхын ач тусыг ойлгон, израильчуудад хандан ийн хэлжээ. «Чи болон чиний үр удам амьдрахын тулд амийг сонгож, ЭЗЭН Бурхнаа хайрлан, Түүний үгийг дуулгавартай дагаж, Түүнээс зуурч бай. Тэр бол чиний амь амьдрал, чиний амьдрах хугацаа юм» (Дэд хууль 30:19, 20).
Санаж байна уу?
• Еховаг хайрлах нь ямар учраас чухал бэ?
• Бурханд хайртайгаа яаж харуулах вэ?
• Еховаг хайрлах ямар ямар шалтгаан байдаг вэ?
• Яавал Бурханд илүү хайртай болох вэ?
[Догол мөрийн асуулт]