«Анхны амилалт» аль хэдийн эхэлсэн
«Анхны амилалт» аль хэдийн эхэлсэн
«Христийн дотор үхэгсэд эхлээд амилах болно» (1 ТЕСАЛОНИК 4:16).
1, 2. а) Нас барсан хүмүүст ямар ирээдүй байгаа вэ? б) Нас барагсад дахин амилна гэдэгт та яагаад итгэдэг вэ? (Зүүлтийг үзнэ үү.)
«АМЬД байгсад нь үхнэ гэдгээ мэддэг». Адамыг нүгэл үйлдсэн цагаас хүн төрөлхтөн энэ үгийн үнэнийг биеэрээ үзэж байна. Хүмүүс эцэстээ заавал үхнэ гэдгээ мэддэг бөгөөд «Хүн үхээд яадаг вэ?» гэж олон хүн бодож явдаг. Энэ асуултад Библи дараах хариултыг өгдөг. Нас барагсдад «мэргэн ухаан, ажил үйлс, бодох сэтгэх гэдэг нь байхгүй» (Номлогчийн үгс 9:5, 10).
2 Тэгвэл, нас барсан хүмүүст ирээдүй бий юү? Хэрэв хүн төрөлхтний талаарх Бурхны анхны санаа зорилго биелэх учиртай юм бол нас барсан хүмүүст ч ирээдүй байх ёстой. Түүхийн туршид Бурхны үнэнч үйлчлэгчид Еховагийн амласан «үр» (ШЕ) Сатаныг устгаж, тарьсан гай гамшгийг нь арилгана гэдэгт итгэсээр ирсэн (Эхлэл 3:15). Тэдний ихэнх нь хэдийнээ нас барцгаасан. Тийм учраас, Ехова амлалтаа яаж биелүүлэхийг үзэхийн тулд дахин амилах шаардлагатай (Еврей 11:13). Гэхдээ нас барагсад амилна гэж үү? Амилна. Учир нь элч Паул: «Зөвт ба хилэнцэт хүмүүсийн хэн хэн нь амилна» гэж хэлсэн (Үйлс 24:15). Паул өөрөө ч нэг удаа Юутух гэдэг залууг амилуулсан бөгөөд тэр нь гурван давхраас унаад, «нас барсан байжээ». Энэ бол Библид тэмдэглэгдсэн, нас барсан хүн дахин амилсан есөн тохиолдлын сүүлчийнх нь юм (Үйлс 20:7–12). *
3. Иохан 5:28, 29-д бичсэн Есүсийн үг танд ямар санагддаг вэ? Яагаад?
3 Дахин амилсан есөн хүний түүх Паулын үгэнд итгэх үндэс болохын зэрэгцээ, «Булшинд байгчид бүгдээрээ [Есүсийн] дууг сонсон, гарч ирэх цаг ирж байна» гэсэн Есүсийн амлалтад улам бат итгүүлдэг (Иохан 5:28, 29). Энэ амлалт бидний сэтгэлийг дулаацуулдаг. Ялангуяа, хайртай дотнын хүмүүсээсээ хагацсан олон сая хүнийг үнэхээр тайвшруулдаг.
4, 5. Есүс, тослогдсон христианууд болон бусад хүн дахин амилах тухай Библид юу гэж бичсэн байдаг вэ? Энэ өгүүллээр ямар ямар асуултад хариулах вэ?
4 Ирээдүйд Бурхны Хаанчлал дэлхий дээр энх тайвныг тогтоох цагт нас барагсдын ихэнх нь амилна (Дуулал 37:10, 11, 29; Исаиа 11:6–9; 35:5, 6; 65:21). Гэхдээ үүнээс урьтаж өөр хүмүүс амилах ёстой байсан. Эхлээд, Есүс Христ бидний төлөө золиосныхоо үнэ цэнг Бурханд өргөн барихаар амилах байв. Энэ үйл явдал МЭ 33 онд болсон билээ.
5 Дараа нь, «Бурхны Израиль» буюу тослогдсон христианууд Хаан Есүс Христтэй «үргэлж хамт байхын» тулд тэнгэрт амилах ёстой (Галат 6:16; 1 Тесалоник 4:17). Үүнийг «анхны амилалт» гэдэг (Илчлэлт 20:6). «Анхны амилалт» дуусахад диваажин дэлхийд мөнх амьдрах найдвартай олон сая хүн амилна. Тийм учраас, бид тэнгэрийн найдвартай ч бай, дэлхийн найдвартай ч бай, «анхны амилалтын» талаар шимтэн сонирхдог. «Анхны амилалт» гэж чухам юу вэ? Хэзээ эхэлж, хэр удаан үргэлжлэх вэ?
«Тэд ямар төрлийн биетэй вэ?»
6, 7. а) Тослогдсон христианууд тэнгэрийн шагналаа авахаасаа өмнө яах вэ? б) Бурхан тэднийг ямар биетэй болгож амилуулах вэ?
6 Паул Коринт хотын христиануудад илгээсэн эхний захидалдаа «анхны амилалтын» тухай сонирхолтой асуулт хөндсөн байдаг. «Үхэгсэд яаж амилуулагддаг вэ? Тэд ямар төрлийн биетэй ирэх вэ?» гэж асуугаад, «Чиний тарьдаг нь хэрэв үхэхгүй бол амилахгүй. [...] Харин Бурхан Өөрийн хүссэнчлэн түүнд бие өгдөг. [...] ...Тэнгэрлэг биесийн алдар өөр, газрын биесийн алдар өөр юм» гэж хариулжээ (1 Коринт 15:35–40).
7 Паулын хэлснийг үзвэл, ариун сүнсээр тослогдсон христианууд тэнгэрийн шагналаа авахаасаа өмнө үхэх ёстой ажээ. Үхэхэд нь «газрын биес» нь «тоос шороондоо буцаж очно» (Эхлэл 3:19). Бурхан тэднийг тэнгэрт амьдрахад тохирсон биетэй болгон, товлосон цагтаа дахин амилуулна (1 Иохан 3:2). Бас тэдэнд үхэшгүй мөнхийн амь өгнө. Гэхдээ энэ бол зарим хүний итгэдгээр, хүнийг төрөхөд бие дотор нь байж байдаг «үхэшгүй мөнхийн сүнс» биш юм. Паул: «Энэ үхлийн бие нь үхэшгүйг өмсөх ёстой» гэж бичжээ. Үхэшгүй мөнхийн амь бол Бурхны бэлэг бөгөөд «анхны амилалтад багтах хүн» үүнийг «өмсөх» учиртай (1 Коринт 15:50, 53; Эхлэл 2:7; 2 Коринт 5:1, 2, 8).
8. Бурхан 144000 хүнийг олон шашнаас биш, зөвхөн Есүсийн шавь нарын дундаас сонгодгийг бид хаанаас мэддэг вэ?
8 «Анхны амилалтад» 144000 хүн л багтана. Ехова Есүсийг амилуулсныхаа дараахан буюу МЭ 33 оны Пентекостын өдөр тэднийг сонгож эхэлжээ. Тэдний «духан дээр [Есүсийн] нэр ба Эцгийнх нь нэр бичээстэй» байдаг (Илчлэлт 14:1, 3). Тэгэхлээр, Ехова тэр хүмүүсийг олон шашнаас бус, зөвхөн Христийн дагалдагчдын дундаас сонгожээ. Тэд бүгдээрээ Есүсийн Эцэг Еховагийн нэрийг бахархалтайгаар авч явдаг. Ехова тэднийг дахин амилуулаад тодорхой даалгавар өгнө. Тэд тэнгэрт, Бурхны дэргэд үйлчлэх найдвартайдаа сэтгэл догдлон баярлаж явдаг.
«Анхны амилалт» аль хэдийн эхэлчихсэн үү?
9. Илчлэлт 12:7; 17:14-ийг үзвэл, «анхны амилалт» хэзээ эхэлж, хэр удаан үргэлжлэх вэ?
9 «Анхны амилалт» хэзээ эхэлж, хэр удаан үргэлжлэх вэ? Аль хэдийн эхэлснийг нотлох хөдөлшгүй нотолгоо байна. Жишээ болгон, «Илчлэлт» номын хоёр бүлгийг харьцуулж үзье. Эхлээд, 12-р бүлгийг анхааръя. Тэнд, хаан ширээнд залраад удаагүй Есүс Христийг ариун тэнгэр элчүүдийнхээ хамтаар Сатан болон чөтгөрүүдтэй дайтаж байгаагаар дүрсэлсэн байдаг (Илчлэлт 12:7–9). Энэ дайн 1914 онд эхэлснийг «Харуулын цамхаг» сэтгүүлд олон удаа тайлбарласан билээ. * Гэхдээ, тэнгэрт болсон уг дайнд тослогдсон христианууд Есүстэй хамт оролцсон тухай «Илчлэлт» номд огт дурдаагүйг анхаараарай. Одоо, «Илчлэлт» номын 17-р бүлгийг үзье. Тэнд, «агуу их Вавилоныг» устгасны дараа Хурга үндэстнүүдийг ялах тухай бичсэн байдаг. Бас «Түүнтэй хамт байгчид нь дуудагдсан, сонгогдсон, итгэмжит хүмүүс юм» гэж бичжээ (Илчлэлт 17:5, 14). «Дуудагдсан, сонгогдсон, итгэмжит» тэр хүмүүс Есүстэй хамтран Сатаны ертөнцийг бүрмөсөн устгахын тулд тэнгэрт аль хэдийн амилсан байх ёстой. Тэгэхлээр, Хармагедоноос өмнө нас барсан тослогдогсод 1914 оноос Хармагедон хүртэлх хугацаанд дахин амилж эхэлсэн гэж үзэх нь ухаалаг юм.
10, 11. а) «24 ахлагч» хэнийг бэлэгддэг вэ? Тэдний нэг нь Иоханд юуны тухай тайлбарласан бэ? б) Үүнээс ямар дүгнэлт хийж болох вэ?
10 «Анхны амилалт» яг хэзээ эхэлснийг илүү нарийн мэдэх арга байна уу? Илчлэлт 7:9–15 нэг сонирхолтой учгийг тайлдаг. Тэнд элч Иохан «хэн ч... тоолж чадамгүй» «үй олон хүнийг» үзсэнээ бичсэн байдаг. Тэр «үй олон хүн» чухам хэн болохыг Иоханд «24 ахлагчийн» нэг нь тайлбарлаж өгдөг. Тэр «24 ахлагч» нь Христтэй хамт өв залгамжлахаар тэнгэрт амилсан 144000 хүнийг бэлэгддэг * (Лук 22:28–30; Илчлэлт 4:4). Иохан өөрөө тэнгэрийн найдвартай ч үзэгдэлд ахлагчтай ярилцаж байгаагаар гардаг нь тэнгэрийн шагналаа хараахан аваагүй байгаа тослогдогсдыг төлөөлж байгаа хэрэг.
11 Тэгвэл, 24 ахлагчийн нэг нь Иоханд «үй олон хүн» хэн болохыг тайлбарлаж байгаагаас юу гэж дүгнэж болох вэ? 24 ахлагчаар төлөөлүүлдэг, тэнгэрт амилсан тослогдогсод Библийн үнэнийг дэлхийд амьдарч байгаа тослогдогсдод дамжуулдаг бололтой. Тэгж дүгнэхийн учир юу вэ? Дэлхий дээр байсан тослогдсон христианууд «үй олон хүн» чухам хэн болохыг 1935 онд зөв ойлгодог болсон. Энэ чухал мэдээллийг 24 ахлагчийн нэг нь дамжуулсан юм бол тэрбээр 1935 он гэхэд тэнгэрт амилчихсан байх учиртай. Ингээд бодохлоор, «анхны амилалт» 1914-өөс 1935 оны хооронд эхэлсэн байна. Тэгвэл яг хэдэн онд эхэлснийг нь тодорхойлох арга бий юү?
12. «Анхны амилалт» 1918 оны хавар эхэлсэн байж магадгүй гэсэн таамаглалыг тайлбарлана уу.
12 Холбоотой байж магадгүй үйл явдлуудыг Библиэс үзэх нь «анхны амилалт» яг хэдэн онд эхэлснийг тодорхойлоход дөхөм болох биз ээ. Есүс Христ ирээдүйн тэнгэрийн Хаан болохын тулд МЭ 29 оны намар тослогдон, гурван жил хагасын дараа буюу МЭ 33 оны хавар хүчирхэг сүнсэн биетэй болон амилсан билээ. Эндээс нэг сонирхолтой таамаглал гарч болох мэт. Есүс 1914 оны намар Хаан болсон юм бол, «анхны амилалт» үүнээс гурван жил хагасын дараа буюу 1918 оны хавар эхэлсэн гэж үзэж болохоор. Хэдийгээр, Библиэр яг таг батлах боломжгүй ч, энэ нь Есүсийг тэнгэрийн хаан ширээнд заларсны дараахан «анхны амилалт» эхэлснийг харуулах Библийн бусад зүйлтэй зөрчилдөөд байдаггүй.
13. Христийг тэнгэрийн хаан ширээнд заларсны дараахан «анхны амилалт» эхэлснийг 1 Тесалоник 4:15–17 хэрхэн харуулдаг вэ?
13 Жишээ болгон Библийн нэг зүйлийг авч үзье. Элч Паул: «Амьд хийгээд Эзнийг иртэл үлдсэн бид нойрссон хүмүүсийн өмнө нь орохгүй. Учир нь Эзэн Өөрөө тушаалын үгтэй, тэргүүн тэнгэр элчийн дуу ба Бурхны бүрээн дуунаар тэнгэрээс бууж ирнэ. Тэгээд Христийн дотор үхэгсэд эхлээд амилах болно. Дараа нь амьд хийгээд үлдсэн бид тэдэнтэй хамт агаар мандалд Эзэнтэй уулзахаар үүлэн дотор өргөгдөж, тийнхүү Эзэнтэй үргэлж хамт байх болно» хэмээн бичжээ (1 Тесалоник 4:15–17). «Эзнийг иртэл» гэж орчуулсан грек үг нь «Эзний залран байх үе хүртэл» гэсэн утгатай. Тийм учраас, Есүсийг тэнгэрийн хаан ширээнд залрахаас өмнө нас барсан тослогдогсод Христийн залран байх үед амьд яваа тослогдогсдоос түрүүлж тэнгэрт амилсан ажээ. Тэгэхлээр, Есүсийг тэнгэрийн хаан ширээнд заларсны дараахан «анхны амилалт» эхлээд, «залран байх үеийнх нь турш» (ШЕ) үргэлжлэх учиртай байх нь ээ (1 Коринт 15:23). Өөрөөр хэлбэл, тослогдсон христианууд тодорхой хугацааны туршид амилахаас бус, бүгд нэг зэрэг амилахгүй ажээ.
«Тэдэнд тус бүрд нь цагаан дээл өгсөн байв»
14. а) «Илчлэлт» номын 6-р бүлэгт бичсэн зөгнөл хэзээнээс биелж байгаа вэ? б) Илчлэлт 6:9-д бичсэнээр, Иохан юу харсан бэ?
14 «Илчлэлт» номын 6-р бүлгээс бас нэг нотолгоог авч үзье. Тэнд Есүсийг морь унаад, ялалт байгуулж байгаа Хаанаар дүрсэлсэн байдаг (Илчлэлт 6:2). Мөн өргөн олныг хамарсан дайн гарч, их өлсгөлөн газар авч, үхлийн аюултай тахал хүн төрөлхтнийг нэрвэснийг дүрсэлжээ (Илчлэлт 6:4–6, 8). Зөгнөсөн эдгээр үйл явдал 1914 оноос хойших дэлхийн нөхцөл байдалтай яв цав тохирдог. «Илчлэлт» номын 6-р бүлэгт бас нэг чухал үйл явдлыг зөгнөжээ. Тэнд нэг «тахилын ширээ» гардаг нь сонирхол татдаг. Уг ширээний доор «Бурхны үг болон өөрсдийн сахисан гэрчлэлээс болж алагдсан хүмүүсийн сэтгэлүүд» байх ажээ (Илчлэлт 6:9). «Сэтгэлүүд» гэж орчуулсан грек үг «амь» гэсэн утгатай. Левит 17:11-д: «Махан биеийн амь нь цусанд байдаг» гэж бий. Тэгэхлээр, сайн мэдээг эр зоригтой, хичээл зүтгэлтэй дэлгэрүүлсний улмаас амиа алдсан Есүсийн үнэнч шавь нарын цус тэр ширээний доор байжээ.
15, 16. Илчлэлт 6:10, 11 «анхны амилалтад» ямар хамаатай вэ?
15 Итгэл үнэмшлийнхээ төлөө амиа алдсан тэр христиануудын цус Абелын цус шиг шударга ёсыг шаардан «хашхирч» байлаа (Эхлэл 4:10). Юу гэж хашхирсан бэ? «Чанга дуугаар: „Ариун ба үнэн Эзэн, Та хэдий хүртэл шүүхгүй, газар дээр нутаглагчдаас бидний цусны өшөөг авахгүй байх юм бэ?“» гэсэн. Дараа нь юу болсон бэ? «Тэдэнд тус бүрд нь цагаан дээл өгсөн байв. Өөрсөдтэй нь адил алагдах ёстой хамтран зүтгэгчид болон ах дүүсийнх нь тоо гүйцэх хүртэл дахиж түр зуур амрах ёстой гэж тэдэнд хэлсэн ажээ» (Илчлэлт 6:10, 11).
16 Цагаан дээлийг тахилын ширээн доорх «цусанд» өгсөн хэрэг үү? Мэдээж, үгүй. Цусаа бэлэгдлийн утгаар тахилын ширээн дээр асгаруулсан буюу Есүсийн нэрийн төлөө амиа тахил болгон өгөөд, сүнсэн биетэй болж дахин амилсан хүмүүст өгсөн. Үүнийг бид хаанаас мэддэг вэ? «Илчлэлт» номд: «Энэ мэт ялагч нь цагаан хувцас өмсөнө. Би түүний нэрийг амийн номоос баллахгүй» гэж бичсэн байдаг. Бас «цагаан хувцас өмссөн, толгойдоо алтан титэмтэй хорин дөрвөн ахлагчийг» санацгаая (Илчлэлт 3:5; 4:4). Тэгэхлээр, тахилын ширээн доорх цусаар төлөөлүүлсэн, нас барсан тослогдогсод дайн, өлсгөлөн, тахал дэгдэн дэлхийг сүйтгэсний дараа тэнгэрт амилж, бэлэгдлийн утгаар цагаан дээл өмссөн хэрэг.
17. Цагаан дээл өмссөн тослогдогсод «амрах» ёстой гэдэг нь юу гэсэн үг вэ?
17 Тэнгэрт амилаад удаагүй байгаа тослогдогсод Илчлэлт 6:11-д бичсэнээр «амрах» буюу Бурхны өшөө авах өдрийг тэвчээртэй хүлээх ёстой. Тэдний «хамтран зүтгэгчид» болох тэнгэрийн шагналаа хараахан аваагүй байгаа тослогдсон христианууд сорилтод орж, үнэнчээ батлах учиртай. Бурхны шүүх өдөр ирэхэд «амралт» дуусах юм (Илчлэлт 7:3). Тэр үед тэнгэрт амилсан тослогдогсод Эзэн Есүс Христтэй хамт ёс бус бүхнийг, тэр дундаа, гэмгүй христиануудын цусыг урсгасан хүмүүсийг устгана (2 Тесалоник 1:7–10).
Бидэнд хамаатайн учир
18, 19. а) «Анхны амилалт» аль хэдийн эхэлсэн гэдэгт та ямар учраас итгэдэг вэ? б) Энэ өгүүллийг судалсны дараа танд ямар санагдаж байна вэ?
18 «Анхны амилалт» яг хэдэн онд эхэлсэн нь тодорхойгүй ч, Христийн залран байх үед эхэлж, хэсэг хугацаанд үргэлжлэхийг Бурхны Үг бидэнд хэлж өгдөг. Эхний ээлжинд Христийг хаан ширээнд залрахаас өмнө нас барсан тослогдогсод амилсан. Христийн залран байх үед үнэнч тослогдогсод үхээд, «нүд ирмэхийн зуур» хүчирхэг сүнсэн биетэй болон амилдаг (1 Коринт 15:52). Одоо амьд байгаа тослогдогсод бүгдээрээ Хармагедоны өмнө нас бараад, тэнгэрийн шагналаа авах уу? Үүнийг бид тодорхой хэлж мэдэхгүй. Гэхдээ Бурхны товлосон цагт 144000-уулаа тэнгэрийн Сион уулан дээр зогсоно гэдгийг бид мэднэ.
19 Бас тэдний ихэнх нь Христтэй аль хэдийн нэгдчихээд байгаа бөгөөд цөөнх нь дэлхийд амьдарч байна. Бурхны шүүх өдөр хурдан ойртож байгаагийн тодоос тод баталгаа биш гэж үү? Удахгүй Сатаны ертөнц тэр чигээрээ устана. Сатан ч өөрөө ёроолгүй гүнд хаягдана. Дараа нь Ехова нас барагсдыг диваажин дэлхийд амилуулна. Бурханд үнэнч бүх хүн Есүсийн золиосонд үндэслэн, Адамын алдсан төгс байдалд эргэж очно. Эхлэл 3:15-д бичсэн Еховагийн зөгнөл гайхамшигтайгаар биелж буй өнөө үед амьдарч байгаа маань бид бүхэнд завшаан юм.
[Зүүлт]
^ Хаадын дээд 17:21–23; Хаадын дэд 4:32–37; 13:21; Марк 5:35, 41–43; Лук 7:11–17; 24:34; Иохан 11:43–45; Үйлс 9:36–42-оос дахин амилсан бусад найман хүний тухай үзнэ үү.
^ Тэр дайн 1914 онд эхэлснийг батлах Библийн баримтыг Еховагийн Гэрчүүдийн эрхлэн гаргасан «Мөнхийн амь уруу хөтлөх мэдлэг» номын 95−97-р хуудсан дахь «Есүс засаглалаа хэзээ эхлэх вэ?» гэсэн хэсгээс үзнэ үү.
^ «24 ахлагч» тэнгэрт амилсан тослогдсон христиануудыг бэлэгддэг тухай дэлгэрэнгүй тайлбарыг Еховагийн Гэрчүүдийн эрхлэн гаргасан «Илчлэлт. Оргил үе нь ойрхон байна!» номын 77-р хуудаснаас үзнэ үү (англи).
Тайлбарлана уу
«Анхны амилалтын» хэзээ эхлэх, хэр удаан үргэлжлэхийг тодорхойлоход дараах Библийн зүйлүүд хэрхэн туслах вэ?
• 1 Коринт 15:23; 1 Тесалоник 4:15–17
[Догол мөрийн асуулт]