Библийн сургаалыг дагахад нь хүмүүст туслагтун
Библийн сургаалыг дагахад нь хүмүүст туслагтун
«Сайн хөрсөн дээр унасан үр нь үгийг сонсоод шударга, зөв сэтгэл зүрхэндээ нандигнаж, тэвчээртэйгээр үр жимсээ өгөгчид юм» (ЛУК 8:15).
1, 2. а) «Библийн сургаал» номыг ямар зорилгоор гаргасан бэ? б) Сүүлийн жилүүдэд Ехова шавь бэлдэх ажил хийж байгаа ард түмнийхээ хичээл зүтгэлийг хэрхэн ивээж байна вэ?
«ЭНЭ үнэхээр сайн ном шүү! Надаар Библийн хичээл заалгадаг хүмүүст ч, надад ч их таалагддаг. Энэ номоор айлын үүдэнд зогсож байгаад л Библийн хичээл эхэлж болдог» гэж эхлэгчээр үйлчилдэг нэг Гэрч «Библийн сургаалыг зөв ойлгох нь» * номын тухай хэлжээ. Мөн, нас өндөр болсон нэгэн дэлгэрүүлэгч: «Би 50 жил эрч хүчтэй дэлгэрүүлэхдээ янз бүрийн гарын авлага ашиглаж, олон ч хүнд Еховаг мэддэг болоход нь тусалсан. Гэхдээ энэ ном арай л өөр санагддаг юм. Жишээ, зураг чимэглэлийг нь сонирхохгүй байхын аргагүй» гэж хэлсэн. Олон дэлгэрүүлэгч дээрх үгтэй санал нийлдэг. Библи судлахад зориулсан энэхүү гарын авлага нь Есүсийн: «Явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. ...Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа» хэмээн тушаасныг биелүүлэхэд туслах зорилготой (Матай 28:19, 20).
2 Зургаан сая зургаан зуун мянган Гэрч нь Есүсийн тушаалыг дуулгавартай биелүүлж байгааг хараад Ехова баярладаг (Сургаалт үгс 27:11). Хичээл зүтгэлийг нь ч ивээдэг. Тухайлбал, 2005 онд Еховагийн Гэрчүүд дэлхийн 235 оронд сайн мэдээ дэлгэрүүлж, дунджаар 6061500 Библийн хичээл заажээ. Үүний дүнд, олон хүн Бурхны үгийг сонсоод «хүний үг бус, харин үнэхээр байгаагаар нь буюу... Бурхны үг хэмээн хүлээн авсан» (1 Тесалоник 2:13). Сүүлийн хоёр жилийн хугацаанд хагас сая илүү хүн амьдралаа Еховагийн хэм хэмжээнд нийцүүлэн өөрчилж, Бурханд өөрсдийгөө зориулжээ.
3. Энэ өгүүллээр ямар гурван асуулт авч үзэх вэ?
3 Хэрэв та Библийн хичээл зааж байгаа бол баярладаг биз дээ? Бурхны үгийг сонсоод «сэтгэл зүрхэндээ нандигнаж, тэвчээртэйгээр үр жимсээ өгдөг» «шударга, зөв» хүн өнөөдөр ч олон байна (Лук 8:11–15). Тиймээс, шавь бэлдэх ажилдаа «Библийн сургаал» номыг хэрхэн ашиглаж болохыг ярилцъя. Энэ өгүүллээр бид: 1) Библийн хичээл яаж эхлэх вэ? 2) Библийн хичээлийг яаж үр өгөөжтэй заах вэ? 3) Суралцагчаа Библийн мэдлэгтэй болгоод зогсохгүй, Библийн багш болоход нь яаж туслах вэ гэсэн гурван асуултыг авч үзнэ.
Библийн хичээл яаж эхлэх вэ?
4. Зарим хүн Библийн хичээл хийхээс яагаад халширдаг вэ? Тийм хүнд яаж туслах вэ?
4 Ганцхан харайгаад голын нөгөө эрэг дээр гар гэхэд ухасхийн харайх хүн гарахгүй биз ээ. Харин тэр гол дотор олон чулууг ойр ойрхон эгнүүлээд тавьчихсан байвал гатлах байх. Энэ жишээг дэлгэрүүлэх ажилтай холбож бодъё. Завгүй хүн Библи судлахын тулд заавал их цаг, хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэж бодоод, хичээл хийхээс халшраад байж мэдэх юм. Тийм хүнд яаж туслах вэ? Олон юм нуршилгүй, хэдэн удаа товчхон ярилцах хэрэгтэй. Яваандаа, «Библийн сургаал» номын тусламжтайгаар Библийн хичээлийг тогтмол хийдэг болж болох юм. Хэрэв дэлгэрүүлэгч урьдаар өөрөө сайн бэлдвэл тухайн хүнтэй уулзах болгондоо Еховатай танилцахад нь алхам алхмаар тусалж чадна.
5. Хэрэв «Библийн сургаал» ном таны мэддэг хэлээр байгаа бол унших хэрэгтэйн учир юу вэ?
5 Хүмүүст «Библийн сургаал» номын ач тусыг хүргэе гэвэл дэлгэрүүлэгч өөрөө номтойгоо сайн танилцсан байх ёстой. Нэгэн Гэрч хос амралтаараа, «Библийн сургаал» номыг авч яваад, наран шарлагын газар уншиж байжээ. Тэгтэл тэнд, жуулчдад бараа зарж байсан нэг эмэгтэй уг номын нэрийг анзаарчээ. Тэрбээр хэдхэн цагийн өмнө Бурханд залбирч, Библийг зөв ойлгодог болмоор байгаагаа хэлж байснаа өнөөх хосод ярьжээ. Тэд ч эмэгтэйд номоосоо нэгийг өгсөн байна. Хэрэв «Библийн сургаал» ном таны мэддэг хэлээр байгаа бол та цаг гаргаж байгаад номоо уншсан уу? (Ефес 5:15, 16).
6, 7. «Библийн сургаал» номоор хичээл хэрхэн эхэлж болох вэ?
6 Дэлгэрүүлж явахдаа энэ номын 4, 5-р хуудсанд байгаа зураг, Библийн зүйлүүд, 6-р хуудсанд байгаа асуултуудад үндэслэн яриа өрнүүлж болно. Жишээ нь, «Өнөөдөр хүн төрөлхтөнд тулгараад байгаа олон бэрхшээлийг шийдвэрлэх найдвартай арга зам юу байна вэ?» гэж асуугаад, ярилцагч хүнийхээ юу хэлэхийг анхааралтай сонссоны дараа 2 Тимот 3:16, 17-г уншиж өгөөд, хүн төрөлхтний бэрхшээлийг шийдвэрлэх найдвартай аргыг Библид бичсэн байдгийг хэлж болно. Тэгээд 4, 5-р хуудсан дахь зургийг үзүүлж, «Хүний амьдралд тохиолддог эдгээр зовлон бэрхшээлийн алинд нь таны сэтгэл хамгийн их эмзэглэдэг вэ?» гэж асууж болно. Хариулсных нь дараа номоо бариулж байгаад, тухайн асуудалтай холбоотой зүйлийг Библиэс уншиж өгөх нь зүйтэй. Дараа нь 6-р хуудсыг уншиж өгөөд, «Энэ хуудасны доод хэсэгт дурдсан зургаан асуултын алиных нь хариуг мэдмээр байна вэ?» гэж асууж болно. Сонгохлоор нь, тэр асуултын хариулт байгаа бүлгийг үзүүлээд, номоо өгвөл зүгээр. Тэгээд тэр асуултаа ярилцахын тулд дахин хэзээ уулзахаа болзох хэрэгтэй.
7 Энэ зааврын дагуу хүнтэй ярилцахад ердөө л 5 минут орно. Гэхдээ ийм бага хугацаанд тухайн хүний сэтгэлийг юу зовоодгийг мэдэж, Библийн хоёр ч зүйлийг уншиж өгөөд, бүр дахин уулзахаар тохирч амждаг. Сайн юм сонсдохоо больсон өнөө үед ийм яриаг чин сэтгэлтэй хүн шимтэн сонирхож, нэг хэсэгтээ л мартахгүй байх. Үүний дүнд зав багатай хүн ч тантай цөөн хором ярилцахаасаа дургүйцэхгүй биз ээ. Та ч бас тэр хүнийг «амь руу хөтөлдөг... зам» дээр гарах дараагийн алхам хийхэд нь тус болж чадна (Матай 7:14). Яваандаа тэр хүн Библийг илүү сонирхдог болохын хэрээр хичээл хийх цагаа уртасгаж болох юм. Үүний тулд ярилцаж байгаа хүндээ тухтай сууж байгаад, хичээлээ тавтай хийх санал тавих нь зүйтэй.
Библийн хичээлийг яаж үр өгөөжтэй заах вэ?
8, 9. а) Тулгарч болзошгүй сорилтыг тэвчихэд нь суралцагчдаа яаж туслах вэ? б) Итгэл бэхжүүлэхэд шаардлагатай, галд тэсвэртэй материалыг хаанаас авах вэ?
8 Хүн Библийн сургаалыг дагадаг болоод ирэхийн цагт сүнслэгээр өсөхөд нь саад болох зүйл гарч ирж болох юм. «Христ Есүс дотор бурханлаг амьдрахыг хүсэгч бүх хүн хавчигдах болно» гэж элч Паул хэлсэн байдаг (2 Тимот 3:12). Паул тэр саад тотгорыг чанар муутай барилгын материалыг юу ч үлдээлгүй шатаадаг атлаа алт, мөнгө, үнэт чулуу гэх мэтийн материалыг яаж ч чаддаггүй галтай зүйрлэжээ (1 Коринт 3:10–13; 1 Петр 1:6, 7). Тулгарч болзошгүй сорилтыг тэвчихэд шаардлагатай зан чанарыг хөгжүүлэхэд нь суралцагчдаа туслахын тулд галд тэсвэртэй материалаар барих буюу итгэлийг нь бэхжүүлэх хэрэгтэй.
9 Дуулалч, Еховагийн «үгийг» «шавар зууханд тунгаагдаж, долоо дахин цэвэршүүлэгдсэн мөнгөтэй» зүйрлэсэн (Дуулал 12:6). Итгэл бэхжүүлэхэд шаардлагатай бүх материал Библид байдаг (Дуулал 19:7–11; Сургаалт үгс 2:1–6). Библийн хичээлийг үр өгөөжтэй заахад «Библийн сургаал» ном тусална.
10. Хичээл хийхдээ Библийн зүйлүүдэд суралцагчийнхаа анхаарлыг хэрхэн хандуулах вэ?
10 Хичээлийн явцад, үзэж буй бүлэгт заасан Библийн зүйлүүдэд суралцагчийнхаа анхаарлыг хандуулах хэрэгтэй. Тухайн сэдэвтэй холбоотой Библийн гол зүйлүүдийг ойлгож, амьдралдаа хэрэгжүүлэхэд нь туслах зорилгоор асуулт тавивал сайн. Гэхдээ юу хийх ёстойг нь зааж зааварлана гэсэн үг биш. Есүсийн жишээнээс ихийг сурч болно. Нэгэн удаа Есүс Мосегийн хуулийг сайн мэддэг хүнтэй ярилцахдаа, «Хуульд юу гэж бичигдсэн байдаг билээ? Чи хэрхэн уншдаг вэ?» гэж асуудаг. Өнөөх хүнийг Судраас иш татан хариулахад нь Есүс тэр хэлсэн зүйл нь өөрт нь ямар хамаатайг ойлгуулсан. Бас мэдлэгээ амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхийг нь ойлгуулахын тулд жишээ татсан байдаг (Лук 10:25–37). «Библийн сургаал» номд энгийн жишээ олон байдаг. Библийн зарчмыг амьдралдаа хэрэгжүүлж сурахад нь туслахдаа тэдгээр жишээг ашиглаж болно.
11. Нэг удаагийн хичээлээр хэдэн догол мөр үзэх хэрэгтэй вэ?
11 Есүс ойлгоход хэцүү санааг энгийн тайлбарладаг байсан шиг, шинэ номд Библийн сургаалыг энгийн тайлбарладаг (Матай 7:28, 29). Есүсийг дуурайн, хичээлээ энгийн, ойлгомжтой, тодорхой заах нь зүйтэй. Тухайн сэдэв, бүлгийг хурдан үзэж дуусгах гэж яарах хэрэггүй. Харин нэг удаагийн хичээлээр хэдэн догол мөр үзэхээ шийдэхдээ суралцагчийнхаа онцлогийг харгалзан үзэх шаардлагатай. Есүс шавь нарынхаа хэр хэмжээг мэддэг байсан бөгөөд нэг дор хэтэрхий их юм зааж залхаадаггүй байсан (Иохан 16:12).
12. Хавсралтыг хэрхэн ашиглах вэ?
12 «Библийн сургаал» номд 14 сэдвийг гүнзгий тайлбарласан хавсралт бий. Суралцагчийнхаа хэрэгцээ шаардлагад тохируулан хавсралтыг үр өгөөжтэй ашиглах хэрэгтэй. Жишээ нь, суралцагч тодорхой нэг сэдвийг ойлгож чадахгүй байх юм уу тэр талаар асуулт тавивал тухайн сэдвийг хавсралтаас бие даан дэлгэрэнгүй үзэхийг зөвлөж болно. Эсвэл хамт уншиж ярилцах шаардлага ч гарч болох юм. Хавсралтад байгаа «Хүн үхэшгүй мөнхийн сүнстэй юү?», «„Агуу их Вавилон“ гэж юу вэ?» гэх мэтийн чухал сэдвийг суралцагчтайгаа хамт үзсэн нь дээр. Хавсралтын сэдвүүдийг дэлгэрүүлэгч өөрөө эхлээд сайтар уншиж судалж байгаад оновчтой асуулт тавьж, ярилцах хэрэгтэй.
13. Итгэл бэхжихэд залбирал ямар үүрэгтэй вэ?
13 Дуулал 127:1-д: «ЭЗЭН гэрийг барьж байгуулахаас нааш түүнийг байгуулагчид дэмий хөдөлмөрлөдөг юм» гэж байдаг. Тиймээс, дэлгэрүүлэгч Библийн хичээлд бэлдэхдээ Еховагаас тусламж гуйн залбирах нь зүйтэй. Хэрэв багш нь хичээлийн эхэн болон төгсгөлд Еховад дотночлон залбирдаг бол суралцагч нь Бурхантай дотно харьцаа тогтоож болдгийг ойлгоно. Библийг ойлгох мэргэн ухаан, мэдлэгээ хэрэгжүүлэх хүч гуйж залбирахыг суралцагчдаа зөвлөх нь зүйтэй (Иаков 1:5). Суралцагч ингэж залбирдаг болбол сорилтыг тэвчих хүчтэй болж, итгэлээ бэхжүүлж, сүнслэгээр өснө.
Суралцагчаа Библийн багш болоход нь яаж туслах вэ?
14. Суралцагч яах хэрэгтэй вэ?
14 Суралцагч маань Есүсийн тушаасан «бүгдийг» сахин биелүүлэхийг хүсдэг бол Библийн мэдлэг эзэмшээд зогсохгүй, өөрөө багш болох учиртай (Матай 28:19, 20; Үйлс 1:6–8). Багш болоход нь яаж туслах вэ?
15. Суралцагчдаа цуглаанд очдог болохыг зөвлөж байх хэрэгтэйн учир юу вэ?
15 Эхний хичээлээс л суралцагчаа цуглаанд урих нь зүйтэй. Цуглаан дээр Библийг заах арга барилд сургадгийг суралцагчдаа ярьж өгөх хэрэгтэй. Хичээлийнхээ дараа цөөн хэдэн минут гаргаж байгаад, цуглаан, чуулгануудаас ямар ач тустай юм сурч болдгийг ярьж болно. Бас өөрөө ямар ач тус хүртсэнээ суралцагчийнхаа сэтгэлийг хөдөлтөл ярьж өгвөл сайн (Еврей 10:24, 25). Суралцагч цуглаанд тогтмол очдог болбол Библийн багш болоход нэг алхам ойртож байгаа хэрэг.
16, 17. Суралцагч өмнөө ямар ямар зорилго тавьж болох вэ?
16 Хүрч болох зорилго тавихад нь суралцагчдаа тусалбал сайн. Жишээлбэл, Библиэс сурч мэдэж байгаа бүхнээ найз нөхөд, хамаатан садандаа ярих, Библийг эхнээс нь дуустал уншихыг зөвлөх хэрэгтэй. Суралцагч Библийг тогтмол уншиж хэвшвэл баптисм хүртсэнийх нь дараа ч ач тустай байна. Түүнээс гадна, үзэж байгаа сэдвийнхээ гол гол асуултын хариуг батлах Библийн зүйлээс ганцыг ч гэсэн цээжлэхийг зөвлөж болно. Суралцагч маань эдгээр зөвлөгөөг хэрэгжүүлбэл «ичих явдалгүй ажилчин, үнэний үгийг зөв заагч» болж чадна (2 Тимот 2:15).
17 Итгэл үнэмшлийнх нь талаар хүмүүсийг асуухад Библийн зүйлийг цээжээр юм уу өөрийнхөө үгээр өөрчлөн найруулж хэлэх биш, харин утгыг нь тайлбарлан ярьж чаддаг болговол сайн. Хамаатан садан юм уу ажлын газрынх нь хүнийг итгэл үнэмшлийнх нь талаар асуухад хариулж байгаагаар сургууль хийлгэж болно. Тэгээд, яавал «дөлгөөн байдлаар болон хүндэтгэлтэйгээр» хариулж болдгийг зааж өгөх хэрэгтэй (1 Петр 3:15).
18. Баптисм хүртээгүй дэлгэрүүлэгч болох шаардлага хангадаг суралцагчдаа яаж туслах вэ?
18 Суралцагч яваандаа дэлгэрүүлэх ажилд оролцох шаардлага хангаж болох юм. Элч Паул дэлгэрүүлэх ажлыг «эрдэнэтэй» зүйрлэсэн байдаг. Суралцагч хүн ч гэсэн энэ ажилд оролцохыг нэр төрийн хэрэг гэж үзэх ёстой (2 Коринт 4:1, 7, МАБ). Хэрэв ахлагчид суралцагчийг баптисм хүртээгүй дэлгэрүүлэгч болох шаардлага хангасан гэж үзвэл багш нь суралцагчтайгаа хамт энгийн оршил бэлдэж, дэлгэрүүлэх ажилд дагуулж явах хэрэгтэй. Тогтмол хамт дэлгэрүүлэхийн зэрэгцээ давтан уулзалтад хэрхэн бэлдэж, үүнийгээ яаж үр өгөөжтэй хийхийг заах хэрэгтэй. Библийн багш өөрөө үлгэр жишээ үзүүлбэл суралцагч их зүйлийг мэдэж авна (Лук 6:40).
«Өөрийгөө болон сонсогчийнхоо хэн хэнийг нь аврагтун»
19, 20. Бид ямар зорилго тавих хэрэгтэй вэ? Яагаад?
19 «Үнэний мэдлэгтэй» болоход нь хүнд тусална гэдэг тийм ч амар юм биш (1 Тимот 2:4). Гэхдээ хүнийг Библийн сургаалыг дагадаг болоход нь тусалбал юутай ч зүйрлэшгүй баяр баясгалан эдэлдэг (1 Тесалоник 2:19, 20). Дэлхий дахинд явагдаж буй Библийн үнэнийг заах ажилд оролцож, «Бурхны хамтран зүтгэгч» байна гэдэг үнэхээрийн нэр төрийн хэрэг юм! (1 Коринт 3:9).
20 Ехова тун удахгүй Есүс Христ болон хүчирхэг тэнгэр элчүүдийнхээ тусламжтайгаар, «Бурхныг мэддэггүй ба бидний Эзэн Есүсийн сайн мэдээг дагадаггүй» хүмүүстэй хариуцлага тооцно (2 Тесалоник 1:6–8). Тэгэхлээр, олон хүний амь нас дээсэн дөрөөн дээр байна гэсэн үг. Ийм үед ядаж нэг Библийн хичээлтэй болох зорилго тавивал ямар вэ? Энэ ажилд оролцвол «өөрийгөө болон сонсогчийнхоо хэн хэнийг нь аврах» завшаан олдож байгаа нь тэр ээ (1 Тимот 4:16). Библийн сургаалыг дагахад нь хүмүүст туслах явдал одоо хэзээ хэзээнээс илүү чухал болоод байна!
[Зүүлт]
^ Еховагийн Гэрчүүдийн хэвлэл. Товчилсон нэр нь «Библийн сургаал».
Давтах асуулт
• «Библийн сургаал» номыг ямар зорилгоор гаргасан бэ?
• Библийн хичээл эхлэх ямар арга байна вэ?
• Библийн хичээлийг яаж үр өгөөжтэй заах вэ?
• Суралцагчаа Библийн багш болоход нь яаж туслах вэ?
[Догол мөрийн асуулт]