Библийн сургаалыг заагтун
Библийн сургаалыг заагтун
«Бүх үндэстнийг дагалдагч болгогтун. ...Тэдэнд заа» (МАТАЙ 28:19, 20).
1. Библи хэр зэрэг өргөн тархсан ном бэ?
ЕХОВАГИЙН ҮГ буюу Библи хамгийн эртний, хамгийн түгээмэл номын тоонд ордог. Библийг бүтнээр нь болон хэсэгчлэн 2300 гаруй хэлээр орчуулсны ачаар дэлхийн хүн амын 90 гаруй хувь нь эх хэлээрээ унших боломжтой болжээ.
2, 3. а) Библийн сургаалын талаар хүмүүс яагаад санал зөрдөг вэ? б) Ямар гурван асуултыг авч үзэх вэ?
2 Библийг өдөр бүр уншдаг сая сая хүн бий. Олон удаа эхнээс нь дуустал уншсан хүн ч байдаг. Шашны хэдэн мянган урсгал Библид үндэслэсэн сургаал заадаг гэдэг ч, Библийн сургаалын талаар санал зөрдөг. Нэг урсгалынхан хүртэл санал нийлдэггүй нь зөрөлдөөнийг улам хурцатгадаг. Зарим хүн Библийг Бурхан зохиосон гэдэгт итгэдэггүй бөгөөд бичигдсэн зүйлийг нь үнэн зөв, ашиг тустай гэж үздэггүй. Бас олон оронд тангараг өргөх, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө амлах гэх зэрэгт л хэрэглэхээс өөр ач холбогдолгүй, ёслолын чанартай ном гэж үзэх нь олонтаа.
3 Гэтэл үнэндээ, Библи бол Бурхны зохиосон ном бөгөөд хүний амьдралд ач тустай (Еврей 4:12). Еховагийн Гэрчүүд бид хүмүүст Библийн сургаалыг зөв ойлгуулахыг хүсдэг. «Явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. ...Тэдэнд заа» хэмээн Есүс Христийн даалгасныг баяр хөөртэй биелүүлдэг (Матай 28:19, 20). Дэлгэрүүлж явахад шашны урсгалуудын хоорондох санал зөрөлдөөнөөс болж итгэл алдарсан чин сэтгэлтэй хүмүүс тааралддаг. Тэд, хүнийг бүтээсэн, жинхэнэ Бурхныг үнэн зөвөөр нь танин мэдэж, амьдралын утга учрыг ойлгохыг хүсдэг. Одоо олон хүний сонирхож явдаг гурван асуултыг ярилцъя. 1-рт, «Бурхан хүмүүст санаа тавьдаг уу?», 2-рт, «Амьдралын утга учир юу вэ?», 3-рт, «Үхсэн хүн яадаг вэ?» Асуулт тус бүрийг ярилцахдаа шашны удирдагчдын заадаг сургаалыг Библийн сургаалтай харьцуулж үзье.
Бурхан хүмүүст санаа тавьдаг уу?
4, 5. Хүмүүс Бурхныг хатуу сэтгэлтэй гэж үздэг болсны шалтгаан нь юу вэ?
4 Эхний асуултыг ярилцъя. Бурхан хүмүүст санаа тавьдаг уу? «Үгүй» гэж хариулах хүн олон байдаг нь тоогүй. Хаашаа ч харсан дайн дажин, харгис явдал, гай зовлон байгаа нь ингэж бодох нэг шалтгаан болдог. «Бурхан хүмүүст үнэхээр санаа тавьдаг байсан бол ийм муухай явдлыг заавал таслан зогсоох байсан шүү дээ» гэж тэд боддог.
5 Бас нэг шалтгаан нь, лам хуврагуудаас болж Бурхныг хатуу сэтгэлтэй, хүйтэн хөндий гэж үздэг болсонд байгаа юм. Золгүй явдал болоход лам хуврагууд голдуу юу гэж хэлдэг вэ? Жишээ нь, автын ослоор бага насны хоёр хүүхдээ алдсан эмэгтэйд сүмийнх нь лам: «Бурхан л тэгж хүсэж дээ. Хоёр хүүхэд чинь Бурханд хэрэгтэй байсан учраас өөр дээрээ авсан байна» гэж хэлжээ. Лам хуврагууд иймэрхүү яриагаараа, үнэн хэрэгтээ, Бурхныг муу муухай явдалд буруутгадаг. Гэвч Иаков 1:13-т: «Хэн нь ч соригдохдоо: „Бурхан намайг сорьж байна“ гэж бүү яриг. Учир нь Бурхан бузар муугаар соригддоггүй бөгөөд хэнийг ч Өөрөө сорьдоггүй» гэдэг. Ехова Бурхан хүмүүст хэзээ ч муу юм хийдэггүй. Харин ч, «хорон мууг үйлдэх нь Бурхнаас... хол бай[даг]» (Иов 34:10).
6. Муу муухай явдал, зовлон зүдгүүрийн цаана хэн байдаг вэ?
6 Тэгвэл хүмүүс яагаад ингэж их зовдог юм бэ? Нэгдүгээрт, ихэнх хүн Бурханд захирагдаж, зөв шударга хууль зарчмыг нь дагахыг хүсдэггүй. Үүний гайгаар өөрсдөө ч мэдэлгүй Бурхны дайсан Сатан Диаволын эрхэнд ордог. Учир нь, «бүх ертөнц нь муу нэгний [буюу Сатаны] дотор байдаг» (1 Иохан 5:19). Тийм ээ, энэ ертөнцийн захирагч нь Сатан юм. Тэгэхлээр, муу муухай явдал гардгийн учир олдлоо. Сатан хайрлах сэтгэлгүй, харгис мэхлэгч учраас ертөнц захирагчийнхаа зан чанарыг дуурайх нь аргагүй юм. Хүмүүс яагаад ингэж их зовж байгаа нь ойлгомжтой байна!
7. Ямар ямар шалтгааны улмаас хүн зовдог вэ?
7 Зовлон зүдгүүрийн бас нэг шалтгаан нь хүний төгс бус байдал юм. Нүгэлт хүн эрх мэдэлд шунадгийн уршгаар бие биетэйгээ сөргөлдөн дайтаж, нэг нэгнээ дарлан мөлжиж, зовлон зүдгүүрийг бий болгодог. Номлогчийн үгс 8:9-д: «[Хүмүүс] бусдыг хорлох замаар эрх мэдлээ хэрэгжүүлдэг» гэж тун онож хэлжээ. Гурав дахь шалтгаан нь «цаг үе хийгээд санамсаргүй тохиолдол» юм (Номлогчийн үгс 9:11, ШЕ). Ихэнхдээ хүмүүс байх ёсгүй газраа, цагаа олоогүй байж таараад гай гамшигт өртдөг.
8, 9. Ехова үнэхээр санаа тавьдгийн баталгааг хэлнэ үү.
8 Ехова зовлон зүдгүүр учруулдаггүй гэдгийг мэдэхлээр сэтгэл уужирдаг. Гэхдээ, Бурхан амьдралд маань тохиолдож байгаа бүхнийг харж, бидэнд үнэхээр санаа тавьдаг уу? Тавьдаг гэдгийг нь бид мэддэг. Учир нь, хүн төрөлхтөнд буруу замаар явахыг нь зөвшөөрсөн шалтгаанаа Бурхан хайрын сэтгэлдээ хөтлөгдөн Библиэр хэлж өгдөг. Тэр шалтгаан нь Еден цэцэрлэгт дэгдсэн асуудалтай холбоотой. Сатан Бурхны захирах эрхийн талаар маргаан дэгдээж, Бурханд үнэнч хүн нэг ч байхгүй гэж мэтгэсэн билээ. Төгс хүчит Бүтээгчийн хувьд Ехова тайлан тавих албагүй ч, бидэнд санаа тавьдаг учраас л энэ бүхнийг хэлж өгдөг.
9 Бурхан хүмүүст санаа тавьдгийг батлах дараагийн баримтыг авч үзье. Ноагийн үед дэлхий муу муухай явдлаар дүүрэхэд Ехова «сэтгэл зүрхэндээ гашууджээ» (Эхлэл 6:5, 6). Бурхны зан чанар одоо ч өөрчлөгдөөгүй (Малахи 3:6). Тэрбээр шударга бус явдал, зовлон зүдгүүрийг жигшдэг. Хүн хүнээ захирсны уршгийг ч, Диаволын тарьсан гай гамшгийг ч тун удахгүй арилгана гэж Библид бичсэн байдаг. Хүмүүст санаа тавьдгийнх нь баттай баримт энэ биш гэж үү?
10. Ехова юуг чин сэтгэлээсээ хүсдэг вэ?
10 Бурхан л тэгж хүсдэг учраас хүмүүс зовдог гэж лам хуврагууд тайлбарлан, Бурхны тухай үнэнийг гажуудуулдаг. Гэтэл Библийн сургаалаар, Ехова зовлон зүдгүүрийг эцэс болгохыг чин сэтгэлээсээ хүсдэг. Элч Петр: «Тэр та нарын төлөө санаа тавьдаг» гэж хэлжээ (1 Петр 5:7, АББН, 2004).
Амьдралын утга учир юу вэ?
11. Зарим шашин амьдралын утга учрын талаар юу гэж номлодог вэ?
11 Олон хүний мэдэхийг хүсэж явдаг хоёр дахь асуултыг ярилцъя. Амьдралын утга учир юу вэ? Зарим шашны номлолоор, хүмүүс дэлхийд ердөө л үдлээд морддог бөгөөд өөр хаа нэгтээ жинхэнэ ёсоор амьдардаг аж. Зарим нь Бурхан дэлхийг устгана гэж номлодог. Тэгж сургадгийн улмаас хүмүүс амьд яваа дээрээ амьдралаас аль болох ихийг авах хэрэгтэй гэсэн үзэлтэй болдог. Тэгвэл Библид амьдралын утга учрын тухай юу гэж сургадаг вэ?
12–14. Библийн сургаалаар, Бурхан дэлхий болон хүн төрөлхтний талаар ямар санаа зорилготой вэ?
12 Бурхан дэлхий болон хүн төрөлхтний талаар гайхамшигтай санаа зорилготой. Тэрбээр дэлхийг «хоосноор бүтээгээгүй», харин «хүмүүсийг оршин суулгахын тулд бүтээсэн билээ» (Исаиа 45:18). Мөн, «үүрд мөнхөд гуйвуулж дайвуулахгүйн тулд... газар дэлхийг суурин дээр нь тогтоон тавьсан» (Дуулал 104:5). Бурхан хүн төрөлхтний талаар анх ямар зорилготой байсныг мэдвэл амьдралын утга учрыг ойлгоход дөхөм болно.
13 Ехова дэлхийг бүтээж, хүний амьдралд хэрэгтэй бүхнийг бий болгосны эцэст бүх зүйл «нэн сайхан» байсан тухай «Эхлэл» номын 1, 2-р бүлэгт бичсэн байдаг (Эхлэл 1:31). Бурхан анхны хос Адам Ева хоёрыг Еден гэдэг сайхан цэцэрлэгт амьдруулан, хоол ундаар элбэг дэлбэг хангаж, «өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэн, газрыг эзэмшихийг» тушаасан байна. Тэд төгс үр хүүхэдтэй болж, диваажин гэрээ дэлхий даяар өргөжүүлэн тэлж, ан амьтдыг арчлан маллах учиртай байлаа (Эхлэл 1:26–28).
14 Ехова хүмүүсийг төгс болгож, диваажин дэлхийд мөнх амьдруулахыг хүсдэг. Библид: «Зөв шударга хүн газар нутгийг өвлөж, түүнд мөнхөд оршин суух болно» гэж байдаг (Дуулал 37:29). Тийм ээ, Библийн сургаалаар, Бурхан хүмүүсийг диваажин дэлхийд мөнх амьдруулах санаа зорилготой.
Үхсэн хүн яадаг вэ?
15. Ихэнх шашин үхлийн талаар юу гэж заадаг вэ?
15 Одоо, олон хүний анхаарлыг татдаг гурав дахь асуултыг ярилцъя. Үхсэн хүн яадаг вэ? Ихэнх шашин хүнийг үхсэний дараа амьд үлддэг ямар нэг юм байдаг гэж сургадаг. Шашны зарим урсгал Бурхан муу хүмүүсийг тамд үүрд зовоож шийтгэдэг гэсэн сургаалыг одоо ч заадаг. Энэ үнэн үү? Библид үхлийн тухай юу гэж сургадаг вэ?
16, 17. Библийн сургаалаар, үхсэн хүн яадаг вэ?
16 Библид: «Амьд байгсад нь үхнэ гэдгээ мэддэг байтал, үхэгсэд юу ч мэддэггүй аж. Цаашдаа тэдэнд шагнал ч байхгүй болдог. ...[Тэдэнд] мэргэн ухаан, ...бодох, сэтгэх гэдэг нь байхгүй» гэж бичжээ. Үхсэн хүн сонсох, харах, ярих, мэдрэх, бодох ямар ч чадваргүй байдаг байна. Юу ч хийхгүй учраас ямар ч шагнал авахгүй нь ойлгомжтой. «Тэдний хайр, хорсол, атаа жөтөө хэдийнээ мөхжээ» гэсэн нь ямар ч сэтгэлийн хөдөлгөөн илэрхийлэх чадваргүй гэсэн үг (Номлогчийн үгс 9:5, 6, 10).
17 Библид үхлийн талаар их энгийн, тодорхой тайлбарладаг. Үхнэ гэдэг бол оршин байхаа болино гэсэн үг. Хүнийг үхэхэд амьд үлддэг зүйл огт байхгүй учраас хойд насанд итгэдэг хүмүүсийн ярьдаг шиг дахин төрдөг ямар нэг юм хүнд байдаггүй. Үүнийг жишээгээр тайлбарлая. Хүний амийг лааны дөлтэй зүйрлэж болно. Лааг унтраахад дөл нь бөхөж, унтардаг болохоос бус, өөр хаа нэгтээ очоод асаад байдаггүй шүү дээ.
18. Үхлийн тухай үнэнийг мэдсэн хүн юу ойлгодог вэ?
18 Энгийн ч гэсэн энэ чухал сургаал хүний амьдралд ямар ач холбогдолтойг бодож үзье. Үхлийн тухай үнэнийг мэдэхлээр, нас барагсад амьд хүмүүст ямар ч хор хүргэдэггүйг ойлгож, тэднээс айхаа больдог. Бас нас барсан хүн юу ч сонсож, харж, ярьж, мэдэрч, боддоггүй учраас тамд тэвчихийн аргагүйгээр зовж тарчилдаггүй юм байна гэдгийг шууд ойлгоно. Библийн сургаалаар, Бурхны ой санаанд байгаа хүмүүс дахин амилна. Сайхан ирээдүй байгаа биз? (Иохан 5:28, 29).
Шинэ гарын авлага
19, 20. Христианууд бид ямар үүрэгтэй вэ? Библийн хичээл хийхэд зориулсан ямар гарын авлага гарсан бэ?
19 Хүмүүсийн сонирхдог олон асуултын гурвыг нь л ярилцлаа. Асуулт тус бүрд Библи энгийн, тодорхой хариулт өгдөг нь харагдаж байна. Библийн сургаалыг зөв ойлгохыг хүсдэг хүмүүст үнэнийг зааж өгнө гэдэг сайхан хэрэг! Өөр олон чухал асуултын хариуг чин сэтгэлтэй хүмүүс сонирхож явдаг. Эдгээр асуултын хариуг олоход нь христианууд бид туслах үүрэгтэй.
20 Библийн сургаалыг энгийн, тодорхой заахын зэрэгцээ хүний сэтгэл зүрхэнд хүргэнэ гэдэг амаргүй ажил юм. Энэ ажилд маань тус болох үүднээс «итгэмжит, ухаалаг боол» нэг ном гаргасан билээ (Матай 24:45–47). «Библийн сургаалыг зөв ойлгох нь» гэдэг нэртэй энэ ном Библийн хичээл хийхэд сайн гарын авлага болдог.
21, 22. «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номын зарим онцлогийг хэлнэ үү.
21 2005 онд болсон «Бурханд дуулгавартай байгтун» сэдэвтэй мужийн чуулганаар зарласан энэхүү ном нь нэлээд хэдэн онцлогтой. Тухайлбал, эхний таван хуудсан дахь оршил Библийн хичээл эхлэхэд тусална. Тэнд дүрсэлсэн зураг болон Библиэс иш татсан зүйлүүдэд үндэслэн яриа өрнүүлэхэд амархан байх болно. Бас 7-р хуудсан дахь хавсралт Библийн бүлэг, зүйлийг яаж олохыг ярилцаж байгаа хүндээ тайлбарлахад тусална.
22 Энэ ном энгийн, тодорхой, бас хэний ч сэтгэлд хүрэхээр найруулгатай. Суралцагч хүнд юм бодуулах жишээ олныг татсан. Бүлэг бүрийн эхэнд тухайн сэдвийн гол гол асуултыг бичсэн бөгөөд төгсгөлд нь «Библийн сургаал» гэсэн хавсралт оруулж, эхэнд гарсан асуултын хариуг бичсэн байгаа. Уг номд хавсаргасан олон сайхан зураг, тэдгээрийн тайлбар болон жишээ суралцагчид шинэ санааг ойлгоход нь тус болох биз ээ. Номын үндсэн бүлгүүдийг их энгийн бичсэн. Номын төгсгөлд 14 чухал сэдвийг гүнзгий тайлбарласан хавсралт оруулсан.
23. «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номоор хичээлийг үр өгөөжтэй заахын тулд яах хэрэгтэй вэ?
23 Боловсролын түвшин, шашин шүтлэг харилцан адилгүй хүмүүст Библийн хичээл заахад энэ ном тусална. Библийн ямар ч мэдлэггүй хүнд хичээл заахдаа нэг бүлгийг хуваагаад үзэж болно. Тухайн сэдэв, бүлгийг хурдан үзэж дуусах нь чухал биш, суралцагчийнхаа зүрхэнд хүргэх нь хамгийн чухал юм. Хэрэв суралцагч номд байгаа жишээг ойлгохгүй бол дэлгэрэнгүй тайлбарлах юм уу өөр жишээ татсан нь дээр. Дэлгэрүүлэгч эхлээд өөрөө сайн бэлдэж, номоо үр өгөөжтэй ашиглахын тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй. «Үнэний үгийг зөв заая» гэвэл Бурхнаас тусламж гуйн залбирах нь зүйтэй (2 Тимот 2:15).
Хосгүй завшаанаа эрхэмлэгтүн
24, 25. Ехова ард түмэндээ ямар завшаан олгодог вэ?
24 Еховагийн ард түмэн бид хосгүй завшаантай хүмүүс билээ. Нэгдүгээрт, Бурхны тухай үнэнийг мэддэг болсон. Есүс: «Тэнгэр газрын Эзэн, Эцэг минь ээ, Таныгаа Би магтъя. Та эдгээр зүйлсийг ухаант хүмүүс, мэргэдээс нууцалж балчир хүүхдүүдэд илчилсэн билээ» хэмээн хэлсэн байдаг. Тийм ээ, Бурхан санаа зорилгоо бардам хүмүүсээс нууцалж, даруу хүмүүст илчилдэг (Матай 11:25). Орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзэн Еховад үйлчилдэг даруу хүмүүсийн тоонд багтана гэдэг хэн хүнд олдохгүй завшаан билээ. Энэ завшаанаа ямагт эрхэмлэж явъя!
25 Хоёрдугаарт, Еховагийн тухай үнэнийг бусдад заах даалгавар авсан маань завшаан юм. Лам хуврагууд Бурхны тухай үнэнийг гажуудуулж, хүмүүст буруу ойлгуулсны улмаас олон хүн Еховаг хатуу сэтгэлтэй, хүйтэн хөндий Бурхан гэж үздэг болсон. Тэгвэл та энэ буруу ойлголтыг засаж залруулж, газар газрын чин сэтгэлтэй хүмүүст Бурхны тухай үнэнийг мэдүүлэхийг хүсдэг үү? Хүсдэг бол сайн мэдээг идэвх зүтгэлтэй дэлгэрүүлж, Библийн сургаалыг зааж, Бурханд дуулгавартай байдгаа харуулах хэрэгтэй. Үнэнийг эрж хайдаг хүмүүст Библийн сургаалыг зөв ойлгоход нь тусалцгаая.
Хариулна уу
• Бурхан хүмүүст санаа тавьдгийг бид хаанаас мэддэг вэ?
• Амьдралын утга учир юу вэ?
• Үхсэн хүн яадаг вэ?
• «Библийн сургаалыг зөв ойлгох нь» ном ямар ямар онцлогтой вэ?
[Догол мөрийн асуулт]