Skip to content

Гарчиг руу орох

«Сэтгэл дүүрэн баярла»

«Сэтгэл дүүрэн баярла»

«Сэтгэл дүүрэн баярла»

«Тэр баярыг... ЭЗЭН Бурхныхаа өмнө... тэмдэглэ. ...Сэтгэл дүүрэн баярла» (ДЭД ХУУЛЬ 16:15).

1. а) Сатан ямар хоёр асуудал хөндсөн бэ? б) Ехова Адам Ева хоёрыг самуун дэгдээсний дараа юу гэж зөгнөсөн бэ?

 САТАН Адам Ева хоёрыг Бүтээгчийн эсрэг турхирч, маш чухал хоёр асуудал босгожээ. Эхлээд, Еховаг худалч гэж гүтгэн, бүтээлүүдээ шударга бусаар захирдаг гэж хэлсэн. Дараа нь, хүмүүсийг зөвхөн ашиг харж Бурханд үйлчилдэг гэж мэтгэжээ. Хоёр дахь асуудал Иовын үед бүр тодорхой болсон (Эхлэл 3:1–6; Иов 1:9, 10; 2:4, 5). Ехова тэр даруй арга хэмжээ авч, Адам Ева хоёрыг бүр Еден цэцэрлэгт байхад уг хоёр маргаантай асуудлыг яаж шийдвэрлэхээ зөгнөн хэлсэн. Бурхны зөгнөснөөр, «үр» (ШЕ) бий болж, өсгийгөө няцлуулаад, дараа нь Сатаны толгойг няцлах байв (Эхлэл 3:15).

2. Эхлэл 3:15-д бичигдсэн зөгнөлийг заавал биелүүлнэ гэдгээ Ехова хэрхэн илчилж байсан бэ?

2 Эхлэл 3:15-д бичсэн зөгнөл хэрхэн биелэхийг Ехова аажим аажмаар илчилсэн нь заавал биелүүлэхээ баталсан хэрэг байлаа. Жишээ нь, амласан «үр» Абрахамын удмаас гарна гэдгийг хэлсэн (Эхлэл 22:15–18). Абрахамын ач хүү Иаковаас Израилийн 12 овог гарсан. Тэр 12 овгийг МЭӨ 1513 онд бүхэл бүтэн үндэстэн болоход Ехова хуулиа өгчээ. Уг хуульд жил бүр олон баяр тэмдэглэх тухай заалт оруулсан. Элч Паул тэр баяруудыг «ирж буй юмсын сүүдэр» гэжээ (Колоссай 2:16, 17; Еврей 10:1). Тэдгээр баяр наадам нь Үрийн талаарх Еховагийн санаа зорилго хэрхэн биелэхийг бэлэгддэг байсан бөгөөд израильчууд ихэд баяр хөөр болон тэмдэглэдэг байжээ. Энэ талаар ярилцаад, Еховагийн амлалтад итгэх итгэлээ бэхжүүлцгээе.

Үр бий болсон нь

3. Еховагийн зөгнөсөн Үр хэн байсан бэ? Өсгийгөө хэрхэн няцлуулсан бэ?

3 Еховаг анхны зөгнөлөө хэлснээс хойш 4000 гаруй жилийн дараа Үр бий болжээ. Тэр нь Есүс байв (Галат 3:16). Есүс төгс хүн байсан бөгөөд үхэн үхтэлээ Еховад үнэнч байж, Сатан худалч болохыг баталсан. Түүнээс гадна, нүгэлгүй байсан учраас золиос болгон өгсөн амь нь их үнэтэй байв. Золиосолсон амийнх нь ачаар, Адам Ева хоёрын үр удмаас гарсан Бурханд үнэнч хүмүүс нүгэл, үхлийн боолчлолоос чөлөөлөгдөх үүд хаалга нээгдсэн. Амласан «үр» буюу Есүс шонд хадуулж үхсэн нь «өсгийгөө няцлуулсан» хэрэг байлаа (Еврей 9:11–14).

4. Дээгүүр өнгөрөх баярын хурга юуны үлгэр загвар байсан бэ?

4 Есүс МЭ 33 оны нисан сарын 14-нд амиа алдсан билээ. * Бүр МЭӨ 1513 оны нисан сарын 14-нд Еховагийн тэнгэр элч египетчүүдийн ууган хүүхэд, ууган төл бүрийн амийг хөнөөж, израильчуудынхыг амьд үлдээхэд хурганы цус чухал үүрэгтэй байсныг израиль айл болгон санан дурсаж, жил бүрийн яг энэ өдөр Дээгүүр өнгөрөх баярыг тэмдэглэн, согоггүй хурганы мах иддэг байв (Египетээс гарсан нь 12:1–14). Баярын хурга нь Есүсийн үлгэр загвар байсныг элч Паул: «Бидний Дээгүүр өнгөрөх баярын хурга болох Христ... тахил болсон юм» хэмээн бичжээ (1 Коринт 5:7). Хурганы цус хүмүүсийн аминд орсны адил, Есүсийн асгаруулсан цус олон хүнд аврагдах боломж олгодог (Иохан 3:16, 36).

«Нойрсогсдоос анхны үр жимс»

5, 6. а) Есүс хэзээ амилсан бэ? Есүсийн амилахыг ямар үйл явдал бэлэгдэн харуулж байсан бэ? б) Есүс дахин амилсан нь Эхлэл 3:15-ын зөгнөл биелэхэд ямар ач холбогдолтой байсан бэ?

5 Есүс золиос болгон өгсөн амийнхаа үнэ цэнг Эцэгтээ өргөн барихын тулд, үхээд гурав дахь өдөртөө дахин амилсан (Еврей 9:24). Ийнхүү амилахыг нь израильчуудын тэмдэглэдэг байсан бас нэг баяр харуулдаг. Исгээгүй талхны баяр гэх тэр баяр нисан сарын 15-нд эхэлдэг бөгөөд 16-нд нь ард олон үр тарианаас түрүүлж хураадаг арвайн ургацынхаа анхны үр жимсний багцыг Еховад өргөхөөр авчирдаг байв (Левит 23:6–14). МЭ 33 оны яг тэр өдөр Ехова Есүсийг үхэшгүй мөнхийн сүнсэн биетэй болгон амилуулсан билээ. Тийнхүү «итгэмжит бөгөөд үнэн Гэрчийг» нь бүрмөсөн дуугүй болгох гэсэн Сатаны хорон санаат оролдлогыг таслан зогсоосон юм (1 Петр 3:18; Илчлэлт 3:14).

6 Есүс «нойрсогсдоос анхны үр жимс» болсон (1 Коринт 15:20). Өмнө нь амилж байсан хүмүүс эргээд үхэцгээсэн бол Есүс амилаад, дахин үхээгүй. Харин ч, тэнгэрт очиж, Эцгийнхээ баруун гар талд суун, Хаан болохоо хүлээсэн (Дуулал 110:1; Үйлс 2:32, 33; Еврей 10:12, 13). Хаан болсноосоо хойш Эхлэл 3:15-ын зөгнөлийг биелүүлж, Бурхны гол дайсан Сатаны толгойг бүрмөсөн няцлан, үр хүүхдийг нь устгах эрх мэдэлтэй болсон (Илчлэлт 11:15, 18; 20:1–3, 10).

Есүс ганцаараа Абрахамын «үр» биш

7. Долоо хоногуудын баяр гэж ямар баяр байсан бэ?

7 Еден цэцэрлэгт амласан «үр» нь Есүс бөгөөд Ехова түүгээр «Диаволын үйлсийг устгуулах» юм (1 Иохан 3:8). Гэхдээ Абрахамд: «Чиний үрсийг [«үрийг», (ШЕ)] тэнгэрийн одод, далайн эргийн элс мэт асар олон болгоно» гэж хэлснээс нь үзвэл, тэр «үр» ганц хүн биш байх ажээ (Эхлэл 22:17). «Үрийг» Есүсээс гадна өөр хүмүүс бүрдүүлэхийг израильчуудын хийдэг байсан бас нэгэн баяр харуулдаг. Тэр нь нисан сарын 16-наас эхэлж тоолоод 50 дахь өдөр нь тэмдэглэдэг Долоо хоногуудын баяр юм. Мосегийн хуульд тэр баярын тухай: «Долоо дахь амралтын өдрийн дараах өдрийг хүртэл та нар тавин хоногийг тоолох бөгөөд тэгээд та нар ЭЗЭНд шинэ идээн өргөлийг авчир. Амьдрах газраасаа та нар даллах өргөлд зориулан ефагийн аравны хоёроор хийгдсэн хоёр талхыг авчрах болно. Тэдгээр нь ЭЗЭНд анхны үр жимс болгон хөрөнгөтэй жигнэгдсэн сайн гурилынх байх ёстой» гэж бичсэн байдаг * (Левит 23:16, 17, 20).

8. МЭ 33 оны Пентекостын өдөр ямар онцгой үйл явдал болсон бэ?

8 Есүсийн үед Долоо хоногуудын баярыг Пентекостын («тавь дахь» гэсэн утгатай грек үг) өдөр гэж нэрлэдэг болсон байлаа. МЭ 33 оны Пентекостын өдөр Агуу их Тэргүүн тахилч болох дахин амилсан Есүс Христ Иерусалимд цуглаад байсан 120 шавь дээрээ ариун сүнс асгажээ. Ийнхүү тэд Бурхны тослогдсон хөвгүүд, Христийн ах дүү нар болцгоосон (Ром 8:15–17). «Бурхны Израиль» хэмээх шинэ үндэстэн ингэж үүссэн түүхтэй (Галат 6:16). Анх цөөн хүнтэй эхэлж байсан энэ үндэстэн томорсоор, эцэстээ 144000 хүнээс бүрдэх байв (Илчлэлт 7:1–4).

9, 10. Пентекостын өдөр өргөдөг хоёр талх тослогдсон христиануудыг хэрхэн бэлэгддэг байсан бэ?

9 Пентекостын өдрөөр Еховагийн өмнө далладаг байсан хоёр талх тослогдсон христиануудыг бүхэлд нь төлөөлдөг. Тэр хоёр талхыг хөрөнгөөр исгэдэг байсан нь тослогдсон христианууд төрөлхийн нүгэлтэй байхыг харуулдаг. Гэлээ ч гэсэн, тэд Есүсийн золиосонд үндэслэж, Еховатай дотно харьцаа тогтоож болох аж (Ром 5:1, 2). Тэгвэл талх хоёр ширхэг байдаг нь ямар учиртай вэ? Бурхан тослогдсон хөвгүүдээ хоёр бүлэг хүнээс сонгон авахыг зааж байсан бололтой. Эхний бүлэг хүн нь иудей үндэстэн, хоёр дахь нь өөр үндэстнүүд юм (Галат 3:26–29; Ефес 2:13–18).

10 Пентекостын өдөр өргөдөг байсан хоёр талхыг улаан буудайн ургацын анхны үр жимсээр хийдэг байжээ. Үүнээс үүдээд, сүнсээр төрсөн христиануудыг Бурхны «бүтээлүүдийн анхны үр жимс» гэж нэрлэдэг (Иаков 1:18). Тослогдогсод бол Есүсийн асгаруулсан цусанд үндэслэн нүглээ уучлуулах эхний хүмүүс юм. Тийм учраас, тэд үхэшгүй мөнхийн амьтай болж, Христтэй хамт дэлхийг захирна (1 Коринт 15:53; Филиппой 3:20, 21; Илчлэлт 20:6). Ийнхүү Бурхны тэнгэр дэх хөвгүүд болсон тэд тун удахгүй үндэстнүүдийг «төмөр таягаар захирах» бөгөөд «хөл доор[оо] Сатаны... бяцлагдахыг» үзнэ (Илчлэлт 2:26, 27; Ром 16:20). Элч Иохан: «Тэд бол Хургыг хаашаа ч явсан, Түүнийг дагадаг хүмүүс. Тэднийг Бурхан болон Хурганы төлөөх анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас худалдан авсан ажээ» хэмээн бичжээ (Илчлэлт 14:4).

Авралыг бэлэгддэг өдөр

11, 12. а) Эвлэрүүллийн өдрөөр юу хийдэг байсан бэ? б) Бух болон ухнаар тахил өргөх нь израильчуудад ямар ач холбогдолтой байсан бэ?

11 Етаним (сүүлд тишри болсон) * сарын 10-нд израильчууд бас нэг баяр тэмдэглэдэг байв. Энэ нь Есүсийн золиосны ач тусыг хэн, хэрхэн хүртэхийг харуулдаг байжээ. Тэр өдөр бүх ард түмэн Эвлэрүүллийн өдрийг тэмдэглэхээр цуглаж, нүглийнхээ төлөө тахил өргөдөг байсан (Левит 16:29, 30).

12 Эвлэрүүллийн өдөр тэргүүн тахилч бух нядалж цуснаас нь аваад, Ариунаас ариун газар орж, гэрээний авдрын өмнө долоон удаа цацан, бусдыг төлөөлж Еховад өргөдөг байв. Энэ зан үйлийг өөрийнхөө болон «гэрийнхээ» (ШЕ) буюу бусад тахилч, левичүүдийн нүглийн төлөө хийдэг байжээ. Дараа нь хоёр ухна авч, нэгийг нь «ард олны» нүглийн төлөөх тахил болгон нядалж, цусыг нь гэрээний авдрын өмнө цацаад, эцэст нь хоёр дахь ухнын толгой дээр хоёр гараа тавьж, Израилийн хөвгүүдийн өмнөөс бүх гэм нүглийг нь наминчлан, бэлэгдлийн утгаар ухнад бүх ард олны нүглийг үүрүүлж, зэлүүд газар руу явуулдаг байжээ (Левит 16:3–16, 21, 22).

13. Есүсийн гүйцэтгэдэг үүргийг Эвлэрүүллийн өдөр хэрхэн харуулдаг байсан бэ?

13 Агуу их Тэргүүн тахилч Есүсийн асгаруулсан цусны үнэ цэн хүн төрөлхтний нүглийг уучлах үндэс болсныг Эвлэрүүллийн өдрөөр хийдэг байсан зан үйл харуулдаг. Ехова Есүсийн цусны ач тусыг эхний ээлжинд «сүнслэг гэр» (ШЕ) буюу тослогдсон 144000 христианд хүртээн, тэднийг зөвт хэмээн тунхагладаг. Үүний ачаар тэд Бурхны өмнө цэвэр болдог (1 Петр 2:5; 1 Коринт 6:11). Эвлэрүүллийн өдөр бухыг тахил болгон өргөдөг байсан нь энэ явдлын үлгэр загвар ажээ. Ийнхүү, тослогдсон христиануудад тэнгэрийн өвийг авах зам нээгджээ. Христэд итгэдэг өөр олон сая хүн Есүсийн асгаруулсан цусны ач тусыг дараагийн ээлжинд хүртдэг. Израилийн тэргүүн тахилч ухныг тахил болгон өргөдөг байсан нь энэ арга хэмжээг бэлэгддэг. Тэр хүмүүс Адам Ева хоёрын алдсан өв болох мөнх амийг хүртэж, дэлхий дээр амьдрах юм (Дуулал 37:10, 11). Үлдсэн ухна Израилийн ард түмний нүглийг үүрэн зэлүүд газар руу явдаг байсны адил Есүс асгаруулсан цусныхаа үндсэн дээр хүн төрөлхтний нүглийг «тээдэг» (Исаиа 53:4, 5).

Еховагийн өмнө баярлах нь

14, 15. Майхан баярын үеэр израильчууд юу хийдэг байсан бэ? Энэ нь израильчуудад юу сануулдаг байсан бэ?

14 Израильчууд Эвлэрүүллийн өдрийн дараа хамгийн их хөл хөөртэй болдог Майхан баярыг тэмдэглэдэг байжээ (Левит 23:34–43). Майхан баяр етаним сарын 15-наас 21-ний хооронд үргэлжилж, 22-ны өдөр «ариун цугларалтаар» өндөрлөдөг байсан уламжлалтай. Энэ баяраар израильчууд ургац хураах ажил дууссаныг тэмдэглэж, Еховад өгөөмөр сэтгэлийнх нь төлөө талархдаг байсан. Ехова ард түмэндээ: «ЭЗЭН Бурхан чинь чиний хийж бүтээсэн бүх зүйл, чиний гараар бүтсэн аливаа ажил үйлсийг ивээх учир чи сэтгэл дүүрэн баярлах болно» хэмээн айлджээ (Дэд хууль 16:15). Израильчууд хотол олноороо сайхан баярладаг байсан нь лавтай.

15 Баярын үеэр ард түмэн 7 хоног майханд суудаг байв. Ийнхүү, нэгэн цагт цөлөөр тэнүүчилж, майханд амьдардаг байснаа эргэн дурсаж, тэнгэрийн Эцгийнхээ хайр халамжийг эргэцүүлэн боддог байжээ (Дэд хууль 8:15, 16). Бас баян, ядуу бүх хүнийг майханд түр суулгадаг нь баярын үеэр хүн бүр тэгш эрхтэй болдгийг ойлгуулдаг байсан (Нехемиа 8:14–16).

16. Майхан баяр юуны үлгэр загвар байсан бэ?

16 Майхан баяр нь басхүү ургацын баяр байсан ба Есүс Христэд итгэдэг хүмүүсийг цуглуулах ажлын үлгэр загвар байв. Есүсийн 120 шавь «ариун тахилчид» болохоор сүнсээр тослогдсон МЭ 33 оны Пентекостын өдөр уг ажил эхэлжээ. Израильчууд майханд түр суудаг байсан шиг, тэнгэрт амьдрах найдвартай тослогдогсод энэхүү ёс бус ертөнцөд «түр хугацаагаар» амьдарч байна (1 Петр 2:5, 11). Тослогдсон христиануудыг цуглуулах энэ ажил 144000-ын үлдсэн хэсгийг сонгочихоод байгаа өнөөгийн «эцсийн өдрүүдэд» дуусна (2 Тимот 3:1).

17, 18. а) Тослогдсон христиануудаас гадна өөр хүмүүс Есүсийн золиосны ач тусыг хүртэхийг хаанаас мэдэж болох вэ? б) Орчин үед хэн бэлэгдлийн Майхан баярын ач тусыг хүртэж байна вэ? Уг баяр хэзээ оргилдоо хүрэх вэ?

17 Майхан баяраар израильчууд 70 бухаар тахил өргөдөг байсан нь анхаарал татдаг (Тооллого 29:12–34). 70-ын тоо нь Усан галавын дараа Ноагийн удмын 70 овгоос үүссэн одоогийн хүн төрөлхтнийг бэлэгддэг. * Тэгэхлээр, хүн төрөлхтний дотроос бүх үнэнч хүн Есүсийн золиосны ач тусыг хүртэхийг дээрх зан үйлээр бэлэгддэг ажээ (Эхлэл 10:1–29). Тийм учраас, өнөө үед Ехова тослогдсон христиануудаас гадна, Есүст итгэдэг, диваажин дэлхийд мөнх амьдрах найдвартай бүх үндэстний хүмүүсийг цуглуулж байгаа юм.

18 Ехова цуглуулах ажлаа орчин үед хэрхэн хийхээ элч Иоханд ер бусаар үзүүлжээ. Иохан эхлээд, 144000-ын сүүлчийн гишүүдийг тамгалах тухай сонсож, дараа нь, Ехова Есүс хоёрын өмнө «гартаа далдуу модны найлзуур барин» зогсох, «хэн ч тоолж чадамгүй» «үй олон хүнийг» харсан. Тэр хүмүүс «үлэмж их зовлонгоос гарч», шинэ ертөнцөд орох ажээ. Тэд ч бас өнөөгийн ертөнцөд түр хугацаагаар амьдарч байгаа бөгөөд «Хурга [өөрсдийг нь] хариулж, амийн усны булгууд руу хөтлөх» цагийг итгэлтэйгээр хүлээж байдаг. Тэр үед «Бурхан тэдний нүднээс урсах нулимс бүрийг арчих болно» (Илчлэлт 7:1–10, 14–17). Есүсийн Мянган жилийн засаглалын дараа бэлэгдлийн Майхан баяр оргилдоо хүрэхэд «үй олон хүн» болон дахин амилаад үнэнч үлдсэн хүмүүс мөнх амийг хүртэнэ (Илчлэлт 20:5).

19. Израильчуудын тэмдэглэдэг байсан баяр наадмын утга учрыг бодож үзэх нь бидэнд ямар ач тустай вэ?

19 Эртний израильчуудын баяр наадам ямар утгатайг эргэцүүлэн бодохлоор бид ч бас «сэтгэл дүүрэн баярладаг». Ехова Еден цэцэрлэгт хэлсэн зөгнөлөө хэрхэн биелэхийг бага багаар илчилж байсныг авч үзэх нь бидэнд сонирхолтой бөгөөд уг зөгнөл алхам алхмаар биелж байгааг харахад сэтгэл догдолмоор. Еховагийн амласан Үр хэдийнээ бий болж, өсгийгөө няцлуулчихаад, одоо тэнгэрийн Хаан болоод байгаа билээ. Бас, 144000-ын ихэнх нь үхэн үхтэлээ үнэнч байснаа баталчихаад байгаа. Тэгвэл одоо юу дутуу вэ? Эхлэл 3:15-д бичсэн зөгнөл хэзээ бүрэн биелэх вэ? Энэ талаар дараагийн өгүүллээр үзье.

[Зүүлт]

^ Нисан сар аргын тооллын 3-р сарын дунд үеэс 4-р сарын дунд үе хүртэл үргэлжилдэг.

^ Тэр үед тахилч хөрөнгөөр исгэж хийсэн хоёр талхыг өөд нь өргөөд далладаг байжээ. Энэ үйлдэл нь Еховад өргөл өргөж байгаа хэрэг байв (Еховагийн Гэрчүүдийн эрхлэн гаргасан «Судрыг ойлгох нь» нэвтэрхий толийн 2-р ботийн 528-р хуудсыг үзнэ үү [англи].)

^ Етаним буюу тишри сар нь аргын тооллын 9-р сарын дунд үеэс 10-р сарын дунд үе хүртэл үргэлжилдэг.

^ Ер нь 70 гэдэг тоо 7, 10 хэмээх хоёр тооны үржвэр бөгөөд 7 нь тэнгэр дэх юмсын, 10 нь газар дахь юмсын төгс байдлын бэлэгдэл болдог.

Тайлбарлана уу

• Дээгүүр өнгөрөх баярын хурга юуны үлгэр загвар байсан бэ?

• Пентекостын өдөр юуг бэлэгддэг байсан бэ?

• Хүмүүс Есүсийн золиосны ач тусыг хүртэхийг Эвлэрүүллийн өдөр хэрхэн харуулдаг байсан бэ?

• Христиануудыг цуглуулах ажлыг Майхан баяр хэрхэн бэлэгдэн харуулдаг байсан бэ?

[Догол мөрийн асуулт]