Ехова Бурхандаа үргэлж талархагтун
Ехова Бурхандаа үргэлж талархагтун
«Өө, Бурхан, ...Таны бодлууд хэчнээн нандин бэ! Тэдний нийлбэр хэчнээн их вэ!» (ДУУЛАЛ 139:17).
1, 2. Бурхны Үгийг яагаад үнэлж эрхэмлэх ёстой вэ? Дуулалч Бурхны Үгийг үнэлж эрхэмлэдгээ хэрхэн илэрхийлсэн бэ?
ИЕРУСАЛИМ дахь Еховагийн сүмийг сэргээн засварлаж байх үеэр тэргүүн тахилч Хилкиа «Мосегоор дамжуулан өгсөн ЭЗЭНий хуулийн номыг» олжээ. Тэр нь 800-аад жилийн өмнөх гар бичмэл байлаа. Ийм ховор номын эх олдоно гэж хэний ч санаанд ороогүй биз ээ. Бурхнаас сүсэглэн эмээдэг Иосиа хаан уг номыг авчирсан даруйд нь гүүш Шафанаар чанга уншуулсан нь Бурхны Үгийг ихэд дээдлэн эрхэмлэдэг байсныг илтгэдэг (Шастирын дэд 34:14–18).
2 Өнөөдөр Бурхны Үг Библи олон тэрбум хүний хүртээл болжээ. Гэхдээ, үнэ цэн нь алдагдаж, ач холбогдол нь буураагүй. Учир нь, Төгс хүчит Бурхны өгсөн, хэзээ ч үл хуучрах, ач тустай заавар зөвлөгөө бичигдсэн байдаг (2 Тимот 3:16). Дуулалч Давид: «Өө, Бурхан, ...Таны бодлууд хэчнээн нандин бэ! Тэдний нийлбэр хэчнээн их вэ!» хэмээн Бурхны Үгийг үнэлж эрхэмлэдэг тухайгаа бичсэн байдаг (Дуулал 139:17).
3. Давид сүнслэгээр төлөвшсөн хүн байсан нь юунаас харагддаг вэ?
3 Давид Еховад үргэлж талархаж, бичүүлсэн Үг, тогтоосон журмыг нь ямагт дээдлэн эрхэмлэдэг байсан нь түүний зохиосон олон сайхан дуунаас харагддаг. Тухайлбал, Дуулал 27:4-т: «Би эрэн хайх ёстой нэг л зүйлийг ЭЗЭНээс гуйсан. Энэ нь ЭЗЭНий гоо сайхныг харж, Түүний сүмд бясалгахын тулд би насан туршдаа ЭЗЭНий өргөөнд суухыг гуйсан» хэмээн бичсэн байдаг. «Бясалгах» гэж орчуулсан еврей үг тунгаан бодох, анхааралтай үзэх, таалан, бахдан, бишрэн харах гэсэн утгатай ажээ. Давид Бурхантай тогтоосон харьцаагаа гүн гүнзгий эргэцүүлэн боддог, итгэлийг нь бэхжүүлэх зорилгоор авдаг арга хэмжээ болгоныг нь эрхэмлэж, сүнслэг хоолыг шимтэн хүртдэг, сүнслэгээр төлөвшсөн хүн байсан. Тэгэхлээр, Давид бол бидний хувьд дуурайвал зохих жишээ юм (Дуулал 19:7–11).
Библийн сургаалыг зөв ойлгох завшаанаа эрхэмлэгтүн
4. Есүс ямар учраас «Ариун Сүнс дотор үлэмжээр баярласан» бэ?
4 Библийг зөв ойлгохын тулд их ухаантай, өндөр боловсролтой байх албагүй. Ехова эрдэм чадалдаа эрддэг бардам хүнд бус, харин даруу, чин сэтгэлтэй, «сүнслэг хэрэгцээгээ мэдэрдэг» хүнд нигүүлслээ үзүүлж, Библийн үнэнийг ойлгуулдаг (Матай 5:3, ШЕ; 1 Иохан 5:20). Есүс төгс бус зарим хүний нэр тэнгэрт бичигдэж байгааг эргэцүүлж бодоод, «Ариун Сүнс дотор үлэмжээр баярлаж: „Тэнгэр газрын Эзэн, Эцэг Таныгаа Би магтъя. Та эдгээр зүйлсийг мэргэн хүмүүс, ухаантнаас нуун далдалж, балчир хүүхдүүдэд илчилсэн“» хэмээн хэлжээ (Лук 10:17–21).
5. Есүсийн шавь нар Бурхны Хаанчлалын тухай үнэнийг мэдэх завшаанаа эрхэмлэх ёстой байсны учир юу вэ?
5 Есүс чин сэтгэлээсээ тийн залбирсны дараа шавь нартаа хандан: «Та нарын харж буй зүйлсийг харагч нүд ерөөлтэй. Би та нарт хэлье. Та нарын харж байгаа зүйлсийг олон эш үзүүлэгч болон хаад харахыг хүссэн авч хараагүй, мөн та нарын сонсож байгаа зүйлсийг сонсохыг хүссэн авч сонсоогүй юм» гэж хэлжээ. Энэ нь, Бурхны тусламжтайгаар Хаанчлалын тухай үнэнийг ойлгож мэдсэнээ завшаан гэж үзэн, эрхэмлэж байхыг үнэнч дагалдагчдадаа уриалсан хэрэг байлаа. Бурхан Хаанчлалын тухай үнэнийг эртний үйлчлэгчдэдээ ч, Есүсийн үед амьдарч байсан «мэргэн хүмүүс, ухаантнуудад» ч илчлээгүй юм (Лук 10:23, 24).
6, 7. а) Бурхны тухай үнэнийг эрхэмлэн үнэлэх ямар шалтгаан байдаг вэ? б) Жинхэнэ шашин хуурамч шашнаас юугаараа ялгаатай вэ?
6 Бурхны тухай үнэнийг мэдэх завшаанаа үнэлэх шалтгаан бидэнд бий. «Итгэмжит, ухаалаг боолын» тусламжтайгаар Еховагийн ард түмэн илүү өргөн мэдлэгтэй болоод байна (Матай 24:45; Даниел 12:10). Төгсгөлийн цаг үеийн талаар зөнч Даниел: «Олон хүн нааш цааш яван, мэдлэг өсөн нэмэгдэнэ» гэж бичсэн байдаг (Даниел 12:4). Өнөөдөр Бурхны тухай мэдлэг «өсөн нэмэгдэж», Ехова үйлчлэгчдээ сүнслэгээр элбэг хангалуун байлгадаг гэдэгтэй та санал нийлэх биз ээ.
7 Бурхны ард түмэн сүнслэгээр хөгжин цэцэглэж байхад, Агуу их Вавилонд сүнслэг өлсгөлөн болж байгаа нь нэгэнт илэрхий болжээ. Тиймд, хуурамч шашны улмаас цөхөрч, бухимдсан олон хүн жинхэнэ шашин руу ирж байна. Тэд бол Агуу их Вавилоны «нүглүүдэд хамтрагч болж», «түүний гамшгийг хүлээж авахыг» хүсээгүй, хонь шиг хүмүүс юм. Ехова болон түүний үйлчлэгчид тийм хүмүүсийг жинхэнэ христиануудтай нэгдэхийг уриалдаг (Илчлэлт 18:2–4; 22:17).
Талархуу сэтгэлтэй хүмүүс Еховаг шүтэхээр цугладаг
8, 9. Хаггаи 2:7-ийн зөгнөл өнөөдөр хэрхэн биелж байна вэ?
8 Ехова сүнслэг сүмийнхээ тухай: «Би бүх үндэстнийг сэгсэрнэ. Тэд бүх үндэстний эд баялагтай хамт [«бүх үндэстнээс үнэтэй нь наашаа», ШЕ] ирнэ. Би энэ өргөөг цог жавхлангаар дүүргэх болно» хэмээн хэлжээ (Хаггаи 2:7). Энэхүү зөгнөл Хаггаин үед, Бурхны ард түмнийг нутагтаа буцан ирж, Иерусалим дахь сүмийг сэргээн босгоход биелжээ. Харин өнөө үед хоёр дахь удаагаа биелж байгаа нь агуу их сүнслэг сүмд хамаатай юм.
9 Бурхныг «сүнс ба үнэнээр» шүтэхийг эрмэлздэг олон сая хүн бэлэгдлийн сүмд хэдийн цуглачихаад байгаа бөгөөд жил бүр «бүх үндэстнээс үнэтэй нь» хэдэн зуун мянгаараа нэмэгдэж байна (Иохан 4:23, 24, МБОХ, 1996). Жишээлбэл, Еховагийн Гэрчүүдийн 2006 оны үйлчлэлийн жилийн тайлангаас үзэхэд, 248 327 хүн Еховад өөрийгөө зориулснаа олон нийтэд харуулж баптисм хүртжээ. Энэ нь, өдөрт дунджаар 680 хүн Еховагийн Гэрч болдог гэсэн үг! Тэд Библийн үнэнийг эрхэмлэн, Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэхийг хүсдэг нь Бурхан тэднийг өөртөө татсаны баталгаа юм (Иохан 6:44, 65).
10, 11. Библийн үнэнийг үнэлж эрхэмлэдэг болсон нэг хосын жишээг хэлнэ үү.
10 Чин сэтгэлтэй энэ хүмүүсийн олонх нь «зөв шударга ба хорон муугийн хоорондхыг, Бурханд үйлчилдэг нэгэн ба Түүнд үйлчилдэггүй нэгний хоорондхыг» олж харсан учраас Библийн үнэнийг хүлээн авдаг (Малахи 3:18). Нэгэн гэр бүлийн хос Уэйн Виржиниа хоёрын жишээг авч үзье. Тэр хоёр сүмд их удаан явсан ч, олон асуултынхаа хариуг тэндээс олж чадаагүй ажээ. Дайныг үзэн яддаг байсан тул лам хуврагуудын цэрэг, зэвсэг адислахыг хараад учраа олохгүй гайхаж цөхсөн байв. Виржиниа сүмийн харьяа сургуульд нэлээд хэдэн жил багшилсан ч нас ахих тусам сүмийнх нь хүмүүс тэднийг үл тоомсорлох болжээ. «Бид хоёрыг эргэж тойрч, итгэлийг маань бэхжүүлдэг хүн нэг ч байгаагүй. Сүмийнхэн, гол нь биднээс мөнгө авахаа л боддог байсан. Бүх юм утгагүй санагддаг байлаа» гэж тэр хоёр ярьсан юм. Тэдний сүм ижил хүйстэнтэйгээ явалдах асуудалд хүлцэнгүй ханддаг болсонд Уэйн Виржиниа хоёр бүр ч цөхөрчээ.
11 Тэр үеэр эхлээд зээ нь, дараа нь охин нь Еховагийн Гэрч болсон байна. Анхандаа, Уэйн Виржиниа хоёр дургүй байсан ч, яваандаа бодлоо өөрчилж, Библийн хичээл заалгах болжээ. «Гуравхан сарын дотор сурч мэдсэн зүйл маань 70 гаруй жилийн хугацаанд олж мэдсэнтэй харьцуулшгүй их байсан юм. Бид Бурхны нэр Ехова гэдгийг хэзээ ч сонсож байгаагүй, Хаанчлалын тухай юу ч мэддэггүй, дэлхийг диваажин болно гэж бодож ч байгаагүй юм шүү дээ» гэж Уэйн ярьсан юм. Чин сэтгэлтэй энэ хос, удалгүй, Еховагийн Гэрчүүдийн цуглаанд очдог болж, сүүлдээ дэлгэрүүлэх ажилд оролцож эхэлжээ. «Бид хүн болгонд Бурхны тухай үнэнийг ярихыг хүсдэг» гэж Виржиниа хэлсэн юм. 2005 онд баптисм хүртэхдээ аль аль нь 80 гарчихсан байв. «Жинхэнэ христиануудыг ингэж нэг олдог байжээ!» гэж тэд бахдан өгүүлжээ.
«Аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгддэг»
12. Ехова үйлчлэгчдэдээ хэрхэн тусалдаг вэ? Бурхны тусламжийн ач тусыг бүрэн дүүрэн хүртье гэвэл яах ёстой вэ?
12 Хүсэл тааллыг нь биелүүлэхэд Ехова үйлчлэгчдэдээ ямагт тусалдаг. Жишээ нь, Ноад хөвөгч авдар барих нарийн, тодорхой заавар өгч, эхнээсээ зөв барихад нь тусалсан. Ноа ч даалгавраа амжилттай биелүүлсэн. Учир нь, «тийнхүү үйлдэж, Бурхны өөрт нь тушаасан бүхнийг ёсоор гүйцэтгэжээ» (Эхлэл 6:14–22). Өнөөдөр ч бас Ехова хүсэл тааллыг нь биелүүлэхээр мэрийж яваа үйлчлэгчдэдээ шаардлагатай бүхнийг өгдөг. Бидний гол ажил бол Бурхны тогтоосон Хаанчлалын тухай сайн мэдээг тунхаглаж, чин сэтгэлтэй хүмүүсийг Есүс Христийн шавь болоход нь туслах явдал юм. Ажлаа амжилттай хийх эсэх маань Ноа шиг дуулгавартай байхаас шалтгаална. Бид Еховагийн Үг ба байгууллагаараа өгдөг удирдлага зааврыг дуулгавартай дагах ёстой (Матай 24:14; 28:19, 20).
13. Ехова биднийг хэрхэн сургадаг вэ?
13 Аливаа ажлыг сайн хийхийн тулд гол багажаа гаргууд эзэмших хэрэгтэй байдаг шиг Еховагийн даалгасан ажлыг амжилттай хийхийн тулд Библийг «зөв зааж» сурах ёстой. Библи бол «заахад, зэмлэхэд, залруулахад, зөвт байдал дотор чиглүүлэхэд тустай» бөгөөд «Бурхны хүнийг аливаа сайн үйлд бүрэн бэлтгэдэг» ном билээ (2 Тимот 2:15; 3:16, 17). Ехова биднийг І зууны христиануудын нэгэн адил хурлаар дамжуулан сургадаг. Еховагийн Гэрчүүдийн 99 770 хурал дэлгэрүүлэх ажлаа хийхэд маань туслах зорилгоор 7 хоног бүр Теократ үйлчлэлийн сургууль болон Үйлчлэх цуглаан зохион явуулдаг. Та үүнд талархдаг уу? Эдгээр цуглаанд тогтмол очин, сурч мэдсэнээ амьдралдаа хэрэгжүүлдэг үү? (Еврей 10:24, 25).
14. Еховагийн үйлчлэгчид Бурханд үйлчлэх завшаанаа эрхэмлэдгээ хэрхэн харуулдаг вэ? (11, 12-р хуудсан дахь тайлан үзнэ үү.)
14 Олон сая дэлгэрүүлэгч ажилдаа мэрийдэг нь Ехова өөрсдийг нь сургадагт талархдагаа харуулж байгаа хэрэг юм. Жишээлбэл, 2006 онд 6 741 444 хүн 6 286 618 хичээл зааж, дэлгэрүүлэх ажилд нийтдээ 1 333 966 199 цаг зарцуулжээ. 2006 оны дэлхий дахины тайлантай товч танилцахад ийм байна. Та цаг зав гаргаж байгаад, уг тайланг дэлгэрэнгүй үзээрэй. І зууны христианууд дэлгэрүүлэх ажлын тайланг шимтэн сонирхож, ажил нь хэрхэн өргөжин тэлж байсныг мэдээд, урамшиж байсан шиг та ч гэсэн урам авна гэдэгт итгэлтэй байна (Үйлс 1:15; 2:5–11, 41, 47; 4:4; 6:7).
15. Еховад чин сэтгэлээсээ үйлчилж байгаа хүн юуг санах нь зүйтэй вэ?
15 Үйлчлэгчид нь Еховаг тийнхүү жил бүр идэвхтэй магтан алдаршуулдаг нь Бурхнаа мэдэж, гэрчлэх завшаанаа өндөр үнэлдгийнх юм (Исаиа 43:10). Өндөр настай, өвчин хуучтай, тахир дутуу итгэл нэгтнүүдийн маань өргөдөг магтаалын тахилыг бэлэвсэн эмэгтэйн өргөсөн хоёр зэс зоостой зүйрлэж болно. Гэхдээ чин сэтгэлээсээ, чадах чинээгээрээ үйлчилж байгаа хүн бүхнийг Ехова Есүс хоёр өндөр үнэлдгийг бүү мартаарай (Лук 21:1–4; Галат 6:4).
16. Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд Бурхны байгууллага бидэнд ямар ямар гарын авлага өгсөн бэ?
16 Ехова биднийг байгууллагаараа дамжуулан сургадгийн зэрэгцээ ажилд маань хэрэг болох олон сайхан гарын авлагаар хангадаг. Тухайлбал, сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд хэвлэн гаргасан «Мөнхийн амь руу хүргэх үнэн», «Диваажин дэлхийд мөнх амьдрагтун», «Мөнхийн амь руу хөтлөх мэдлэг», «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номыг нэрлэж болно. Еховад талархдаг хүмүүс эдгээр гарын авлагыг дэлгэрүүлэх ажилдаа өргөн хэрэглэдэг.
«Библийн сургаал» номын тухай
17, 18. Нэг дүүргийн харгалзагч «Библийн сургаал» номын талаар юу гэж хэлсэн бэ?
17 19 бүлэгтэй, зарим чухал сэдвийг дэлгэрэнгүй тайлбарласан хавсралт бүхий, энгийн, ойлгомжтой бичсэн «Библийн сургаалыг зөв ойлгох нь» ном дэлгэрүүлэх ажилд тустай гарын авлага юм. «Бурхны хуулийн дагуу амьдрагтун» гэсэн гарчигтай 12-р бүлгийг жишээ болгон авч үзье. Ер нь хүмүүс Бурхантай анд нөхөр болох боломж байдгийг мэддэггүй. Харин энэ бүлгээс яавал Бурхны анд нөхөр болж болохыг мэдэж авна (Иаков ). Библи судлахад зориулсан энэхүү гарын авлагын талаар зарим хүний юу гэж хэлснийг сонирхъё. 2:23
18 Австралид үйлчилдэг нэг дүүргийн харгалзагч: «Ярилцаж байгаа хүнийхээ анхаарлыг татаж, яриа өрнүүлэхэд „Библийн сургаал“ ном их тусалдаг. Олон дэлгэрүүлэгч урьдынх шигээ өөртөө итгэлтэй, баяр хөөртэй дэлгэрүүлдэг болсон нь шинэ номыг хэрэглэхэд хялбар байгаагийн ач юм. Зарим хүн энэ номыг бүр „алтан ном“ гэдэг гээч!» гэж хэлсэн байна.
19–21. «Библийн сургаал» ном ямар ач тустай вэ? Жишээ хэлнэ үү.
19 Гайана улсад амьдардаг Гэрч, нэг эмэгтэйтэй үүдэнд нь ярилцжээ. «Бурхан л таныг явуулж дээ» гэж өнөөх эмэгтэй хэлсэн байна. Хамт амьдардаг байсан эрэгтэй нь түүнийг хоёр хүүхэдтэй нь хаяж яваад удаагүй байжээ. Гэрч, тэр эмэгтэйд «Библийн сургаал» номын 1-р бүлгээс «Бурхан шударга бус явдлыг хэрхэн үздэг вэ?» гэсэн жижиг гарчигтай догол мөрийг уншиж өгчээ. «Миний уншихыг сонсоод эмэгтэйн сэтгэл их хөдөлж, бүр, цааш яваад, уйлж билээ» гэж тэр Гэрч хэлсэн юм. Эмэгтэй Еховагийн Гэрчүүдээр Библийн хичээл заалгадаг болж, сүнслэгээр өсөж байна.
20 Испанид амьдардаг Хосе гэгч хүн автын ослоор эхнэрээ алджээ. Тайвшрахын тулд мансууруулах бодис хэрэглэж, сүүлдээ сэтгэл зүйчид хандсан ч нэмэр болоогүй аж. «Бурхан эхнэрийг минь яагаад үхүүлэв?» гэдэг асуулт Хосег зовоосоор байлаа. Нэг удаа хамт ажилладаг Франческ гэдэг хүнтэй танилцжээ. Франческ «Библийн сургаал» номын «Бурхан зовлон зүдүүрийг яагаад хүлцэн зөвшөөрдөг вэ?» гэсэн гарчигтай 11-р бүлгийг үзүүлж, ярилцжээ. Энэ асуултын хариуг Библиэс мэдээд, бас уг бүлэгт гардаг багш сурагч хоёрын тухай жишээг уншаад Хосе ихийг боджээ. Тэрбээр Библийн хичээл заалгадаг болж, дүүргийн чуулганд очиж үзсэн гэнэ. Одоо Еховагийн Гэрчүүдийн цуглаанд очдог болсон байна.
21 Польшийн бизнесмен, 40 настай Роман гэдэг эрэгтэй Библийг ихэд хүндэтгэдэг байжээ. Гэсэн ч, ажил ихтэй, зав зай муутай байсан тул Библийн хичээл заалгаад олигтой амжилт гаргасангүй. Харин мужийн чуулганд очиж, «Библийн сургаал» ном авснаас хойш, хичээлдээ ул суурьтай ханддаг болжээ. Тэрбээр: «Бодоод байхад, Библийн сургаал миний хувьд эвлүүлдэг тоглоомыг тараагаад тавьчихсан юм шиг л байж дээ. Харин одоо бол энэ номын ачаар, эвлүүлээд тавьчихсан тоглоом шиг ойлгомжтой болсон» гэж хэлжээ. Одоо Роман Библийн хичээлээ тогтмол хийж, сүнслэгээр өсөж байна.
Еховад үргэлж талархагтун
22, 23. Сайхан ирээдүйнхээ төлөө Бурханд талархдагаа хэрхэн харуулж болох вэ?
22 Бурхан Есүсийн асгаруулсан цусанд үндэслэн, үнэнч үйлчлэгчдээ «мөнхөд аврахаа» (ШЕ) амласан. Энэ цагийг жинхэнэ христианууд тэсэн ядан хүлээж байдгийг «Аврал ойрхон байна!» мужийн чуулганаар ярилцсан билээ. Энэ гайхамшигтай ирээдүйнхээ төлөө Бурханд талархдагаа харуулах хамгийн сайн арга бол өөрийгөө үргэлж «үхсэн үйлсээс цэвэрлэн, амьд Бурханд үйлчлэх» явдал юм (Еврей 9:12, 14).
23 Өнөөдөр ихэнх хүн зөвхөн өөрийнхөө төлөө амьдарч байхад, Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлдэг 6 сая гаруй хүн өөрийгөө золиослох сэтгэлгээ илэрхийлж, Бурхандаа үнэнч, тэвчээртэй үйлчилдэг нь орчин үеийн нэгэн гайхамшиг гэлтэй. Бас энэ нь Бурханд үйлчлэх завшаанаа чин сэтгэлээсээ үнэлж эрхэмлэдгийн баталгаа юм. Еховагийн ард түмэн «нөр их хөдөлмөрөө» «Эзэн дотор хоосон зүйл биш» гэдэгт итгэдэг. Ах дүү нар аа, Еховад үргэлж талархаж явцгаая! (1 Коринт 15:58; Дуулал 110:3).
Хариулна уу
• Бурханд талархаж, авдаг бүх арга хэмжээг нь эрхэмлэхийн тулд дуулалчийн жишээнээс юунд суралцаж болох вэ?
• Хаггаи 2:7 өнөөдөр хэрхэн биелж байна вэ?
• Үр өгөөжтэй үйлчлэхэд нь Ехова ард түмэндээ яаж тусалдаг вэ?
• Еховагийн хийж байгаа бүхний төлөө талархдагаа хэрхэн харуулж болох вэ?
[Догол мөрийн асуулт]