Хүүхдүүд ээ, эцэг эхдээ дуулгавартай байгтун
Хүүхдүүд ээ, эцэг эхдээ дуулгавартай байгтун
«Хүүхдүүд ээ, Эзэн дотор эцэг эхээ дага. Учир нь энэ бол зөв юм» (ЕФЕС 6:1).
1. Дуулгавартай байхын ач тус юу вэ?
АЛИВАА сануулгыг дуулгавартай дагасныхаа ачаар амиа аварсан хүн байхад, дуулгаваргүйгээсээ болж амиа алдсан хүн ч бий. Хүмүүс бид олон зүйлээс сануулга авдаг. Жишээлбэл, тэнгэрт өтгөн хар үүл хуралдаж, хүчтэй салхи салхилан, цахилгаан цахилж, мөндөр орж эхлэх нь аянга буухын дохио, сануулга болдог. Энэ сануулгыг дуулгавартай дагасан хүн аянганд цохиулж амиа алдахгүйн тулд аюулгүй газар хайх нь лавтай.
2. Хүүхдийг яагаад аюулаас сэрэмжлүүлж байх хэрэгтэй вэ? Хүүхдүүд яагаад эцэг эхдээ дуулгавартай байх ёстой вэ?
2 Ер нь, хүүхдийг алив аюулаас анхааруулж сэрэмжлүүлж байх хэрэгтэй. Энэ бол эцэг эхчүүдийн үүрэг юм. Хүүхдүүд та нар, «Зуухнаас хол бай. Түлэгдэнэ шүү», «Гол уснаас холуур яваарай. Аюултай шүү», «Зам гарахдаа хоёр тийшээ сайн харж яваарай» гэж аав ээжийнхээ захисныг санаж байгаа байх. Харамсалтай нь, зарим хүүхэд аав ээжийнхээ үгэнд ороогүйгээс гэмтэж бэртэн, тэр байтугай, амь насаа алддаг. «Эцэг эхээ дагах» нь «зөв» бөгөөд ухаалаг хэрэг юм (Сургаалт үгс 8:33). Бас Эзэн Есүс Христэд «таалагдана» гэж Библид бичсэн байдаг. Тэгээд ч, эцэг эхдээ дуулгавартай байхыг Бурхан тушаадаг (Колоссай 3:20; 1 Коринт 8:6).
Дуулгавартай байх нь үүрдийн ач тустай
3. Ихэнх хүний хувьд «жинхэнэ амь» гэж юу вэ? Хүүхдүүд яавал жинхэнэ амьтай болох вэ?
3 Аав ээждээ дуулгавартай хүүхэд «одоогийн амиа» хамгаалаад зогсохгүй, «ирэх амь» буюу «жинхэнэ амьтай» болох найдвартай (1 Тимот 4:8; 6:19). Ихэнх хүний хувьд жинхэнэ амь гэдэг бол тушаалыг нь үнэнчээр биелүүлдэг хүмүүст Бурхны амласан шинэ ертөнц дэх мөнх амьдрал юм. Бурхны өгсөн нэг гол тушаал: «„Эцэг эхээ хүндэл“. Энэ нь амлалт бүхий эхний тушаал бөгөөд „Энэ нь чамд сайн бөгөөд чи дэлхий дээр урт наслах болно“» гэж байдаг. Тиймээс эцэг эхдээ дуулгавартай хүүхэд жаргалтай амьдарч, ирээдүй нь баталгаатай байж, диваажин дэлхийд мөнх амьдрах найдвартай болно (Ефес 6:2, 3).
4. Хүүхдүүд Бурхныг яаж хүндэлж болох вэ? Үүний ач тус юу вэ?
4 Эцэг эхдээ дуулгавартай байвал тэднийг хүндэлж байна гэсэн үг. Бас тэдэнд дуулгавартай байхыг тушаасан Бурхнаа хүндэлж байгаа хэрэг юм. Энэ нь эргээд та нарт тустай. Библид: «Би бол чиний Бурхан ЭЗЭН мөн. Би чамд тустайг сургадаг» гэж байдаг (Исаиа 48:17; 1 Иохан 5:3). Эцэг эхдээ дуулгавартай байвал тэд баярлаж, та нарын сайн сайхны төлөө бүхнээ зориулна (Сургаалт үгс 23:22–25). Хамгийн гол нь, тэнгэрийн Эцэг тань баярлаж, та нарыг арвин ихээр ивээнэ. Өөрт нь «үргэлж... тааламжтай зүйлсийг үйлддэг» Есүсийг Ехова хэрхэн хамгаалж, ивээж байсныг үзье (Иохан 8:29).
Ажилч хичээнгүй Есүс
5. Есүсийг ажилч хичээнгүй хүүхэд байсан гэж үзэх ямар үндэс шалтгаан байна вэ?
5 Есүс Мариа гэдэг эмэгтэйн анхны хүүхэд байв. Хойт эцэг Иосеф нь мужаан байсан тул Есүс ч мужааны эрдэмд суралцжээ (Матай 13:55; Марк 6:3; Лук 1:26–31). Та нарын бодлоор, Есүс ажлаа хэр зэрэг сайн хийдэг мужаан байсан бол оо? Дэлхийд ирэхээсээ өмнө «[Бурхны] хажууд уран дархан мэт байж, Түүний өдөр тутмын баяр бахдал байсан» тухайгаа Есүс өөрөө хэлсэн байдаг. Ажилч хичээнгүй Хүүгээ Бурхан таашаадаг байжээ. Тэгэхлээр, хүүхэд байхдаа ч ажилч хичээнгүй байж, сайн мужаан болох гэж уйгагүй мэрийдэг байсан биз ээ (Сургаалт үгс 8:30, МБОХ, 2000; Колоссай 1:15, 16).
6. а) Есүс бага байхдаа гэрийн ажилд тусалдаг байсан гэж яагаад хэлж болох вэ? б) Хүүхдүүд Есүсийг яаж дуурайж болох вэ?
6 Эрт цагт хүүхэд багачууд тоглож нааддаг байсан тухай Библид тэмдэглэсэн байдаг. Есүс бага байхдаа тэдний л адил тоглодог байсан биз ээ (Зехариа 8:5; Матай 11:16, 17). Гэхдээ олон хүүхэдтэй, тарчиг амьдралтай айлын том хүүхэд байсан тул эцэг Иосефоор мужааны эрдэм заалгахын зэрэгцээ гэрийнхээ ажилд тусалдаг байсан. Том болсон хойноо Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлж, шавь бэлдэх ажилд бүхнээ зориулж, амьдралын ая тухыг бодолгүй явжээ (Лук 9:58; Иохан 5:17). Хүүхдүүд ээ, Есүсийг яаж дуурайж болох вэ? Та нар аав ээжийнхээ үгэнд орж, гэрээ цэвэрлэх ч юм уу өөр ямар нэг ажил хийдэг үү? Бас цуглаанд явж, дэлгэрүүлэх ажилд оролцдог уу? Есүс та нарын оронд байсан бол яах байсныг бодоод үзээрэй.
Есүс Библийг сайтар судалж, чадварлаг заадаг байсан
7. а) Есүсийг 12 настай байхад Дээгүүр өнгөрөх баярт оролцохоор хэн хэн явсан байж болох вэ? б) Хүмүүсийг харих замдаа гарахад Есүс хаана байсан бэ? Яагаад тэнд байсан бэ?
7 Израиль эрэгтэй хүн бүр Еховад мөргөл үйлдэхээр жил бүр болдог гурван баяраар сүмд очих тушаалтай байжээ (Дэд хууль 16:16). Есүсийг 12 настай байхад Иосеф Дээгүүр өнгөрөх баярт оролцохоор Иерусалим руу явахдаа бүх хүүхдээ аваад, гэр бүлээрээ явсан бололтой. Бас Зебедеенхэн тэдэнтэй хамт явсан байж болох юм. Зебедеен эхнэр Саломе Мариагийн хамаатан бөгөөд тэдний хөвгүүд болох Иаков Иохан нар хожмоо Есүсийн элч болжээ * (Матай 4:20, 21; 13:54–56; 27:56; Марк 15:40; Иохан 19:25). Харих замдаа Иосеф Мариа хоёр Есүсийг хамаатнуудтайгаа яваа биз гэж бодсон ч юм уу, байхгүй байгааг нь эхэндээ анзаараагүй аж. Тэгээд гурван хоногийн дараа сүмд «багш нарын дунд суугаад тэднийг сонсож, мөн тэднээс асууж байхад нь» олжээ (Лук 2:44–46).
8. Есүс сүмд юу хийж байсан бэ? Хүмүүс яагаад гайхсан бэ?
8 Есүс шашны багш нартай ярилцахдаа хүүхдийн сониуч зангаар, эсвэл шинэ юм мэдэх гэж асуулт тавьж байсан хэрэг биш байлаа. «Асуух» гэж орчуулсан грек үг нь шүүх хурал дээр байцаах, ухаж асуух гэсэн утга илэрхийлж болдог ажээ. Есүс насаар бага байсан хэдий ч өндөр боловсролтой багш нарыг хүртэл Библийн мэдлэгээрээ гайхшруулжээ. «Түүний ухаан болон хариултууд нь Түүнийг сонссон бүхний гайхлыг төрүүлж байв» гэж Библид бичсэн байдаг (Лук 2:47).
9. Хүүхдүүд Библийн мэдлэг эзэмшихдээ Есүсийг хэрхэн дуурайх вэ?
9 Ямар учраас Есүс хүүхэд байсан мөртлөө туршлагатай багш нарыг хүртэл Библийн мэдлэгээрээ гайхшруулж чадав аа? Бурхнаас эмээдэг эцэг эх нь түүнд багаас нь Бурхны хуулийг заадаг байсан нь лавтай (Египетээс гарсан нь 12:24–27; Дэд хууль 6:6–9; Матай 1:18–20). Иосеф Есүсийг синагог руу авч яван, Судраас уншиж ярилцахыг сонсгодог байсан биз ээ. Та нар ч бас Библийн хичээл зааж, цуглаанд авч явдаг эцэг эхтэй азтай хүүхдүүд биш гэж үү? Та нар Есүсийг дуурайж, эцэг эхийнхээ хөдөлмөрийг үнэлдэг үү? Сурч мэдсэнээ Есүс шиг бусадтай хуваалцдаг уу?
Есүс дуулгавартай хүүхэд байсан
10. а) Эцэг эх нь Есүсийг хаанаас олохоо мэдэх ёстой байсны учир юу вэ? б) Есүс хүүхдүүдэд ямар сайхан жишээ үлдээсэн бэ?
10 Мариа Иосеф хоёр гурван хоногийн дараа Есүсийг сүмд байхад нь олоод сая л нэг санаа нь амарсан биз ээ. Гэхдээ эцэг эх нь өөрийг нь хаана байгааг мэдээгүйд Есүс гайхжээ. Мариа Иосеф хоёр хүүгээ жирийн хүүхэд биш гэдгийг мэддэг байсан. Бас ирээдүйд хүн төрөлхтнийг Аврагч, Бурхны томилох Хаан болох учиртайг нь ч нарийн сайн биш юм аа гэхэд, тодорхой хэмжээгээр мэддэг байв (Матай 1:21; Лук 1:32–35; 2:11). Тиймд Есүс: «Та нар юунд Намайг хайсан юм бэ? Эцгийнхээ гэрт байх ёстойг минь та нар мэдсэнгүй гэж үү?» хэмээн асуусан ажээ. Гэлээ ч, эцэг эхээ даган, Назар дахь гэртээ харьсан. Библид: «Тэр... тэдний үгэнд [«үргэлж», ШЕ] дуулгавартай байв» гэж бичжээ. «Энэ бүхнийг нь Түүний эх зүрх сэтгэлдээ нандигнан хадгалсан юм» (Лук 2:48–51).
11. Дуулгавартай байсан Есүсийн жишээ ямар сургамжтай вэ?
11 Есүсийг дуурайж, эцэг эхдээ үргэлж дуулгавартай байх амархан байдаг уу, эсвэл эцэг эх тань хоцрогдсон хүмүүс шиг санагдаж, та нар цаг үеэ тэднээс илүү мэддэг гэж боддог уу? Гар утас, компьютер гэх зэргийн орчин үеийн техник хэрэгслийг яаж ажиллуулахыг та нар эцэг эхээсээ илүү мэддэг байж болно оо. Гэхдээ, «ухаан болон хариултуудаараа» багш нарыг гайхшруулж байсан Есүсийг бод л доо. Мэдлэгээрээ Есүс хэнийг ч дагуулахгүй гэдэгтэй та нар санал нийлэх байх. Гэсэн хэдий ч, тэрбээр эцэг эхдээ дуулгавартай байсан. Энэ нь эцэг эхийнх нь гаргасан бүх шийдвэр санаанд нь нийцэж байсан гэсэн үг биш. Тэгсэн хэрнээ «үргэлж», өсвөр настай байхдаа ч «дуулгавартай байжээ». Есүсийн жишээ та нарт ямар сургамжтай вэ? (Дэд хууль 5:16, 29).
Дуулгавартай байх амаргүй
12. Дуулгавартай байвал амиа аварч болно гэж хэлэхийн учир юу вэ?
12 Дуулгавартай байх тэр бүр амаргүй байдгийг хэдэн жилийн өмнө болсон нэг явдал харуулдаг. Жон гэдэг хүү сургуулийнхаа хоёр охинтой зам гарах болжээ. Тэр зам нь зургаан эгнээтэй хурдны зам байв. Хоёр охин шууд гүйж гарахаар шийджээ. Харин Жон гүүрэн гарцаар гарахаар болов. Тэгтэл охид: «Жон оо, хамт гаръя л даа, нааш ир» гэжээ. Жоныг тээнэгэлзэн хэсэг зогссонд нэг нь: «Чи ямар хулчгар юм бэ!» хэмээн дооглов. Хэдийгээр Жон айгаагүй ч, «Би ээжийнхээ үгэнд орохгүй бол болохгүй» гэж хариулаад, гүүрэн гарц өөд өгсжээ. Гэтэл хэдхэн хормын дараа машины тооромслон чахрах дуу гарахыг сонсоод, доош хартал өнөөх охид машинд дайруулсан байлаа. Нэг нь газар дээрээ нас барж, нөгөө нь хүнд гэмтэн, хөлөө тайруулжээ. Ээж нь гарцаар гарахыг үргэлж захидаг байсан ч, тэд үгэнд нь ороогүй аж. Хожим нь охидын ээж Жоны ээжид: «Хоёр охин маань танай хүү шиг дуулгавартай байсан бол хаанаас ингэх вэ!» гэж харамсан хэлжээ (Ефес 6:1).
13. а) Яагаад эцэг эхдээ дуулгавартай байх ёстой вэ? б) Эцэг эхийнхээ үгэнд ямар үед орохгүй байх нь зөв бэ?
13 Бурхан хүүхдүүдэд «эцэг эхээ дагахыг» тушаадгийн учир юу вэ? Эцэг эхийнхээ үгэнд ордог хүүхэд Бурханд дуулгавартай байдаг гэсэн үг. Түүнээс гадна, эцэг эх тань та нараас илүү туршлагатай шүү дээ. Жишээ нь, Жоны ээж дээрх явдлаас таван жилийн өмнө найз эмэгтэй нь хүүхдээ яг тэр зам дээр автын ослоор алдсаныг мэдэж байжээ. Эцэг эхийн үгэнд орох тэр бүр амаргүй байдаг нь үнэн. Гэхдээ Бурхан хүүхдүүдээс дуулгавартай байхыг шаарддаг. Нөгөөтэйгүүр, эцэг эх чинь юм уу өөр хэн нэг нь та нараар худал хэлүүлж, хулгай хийлгэх гэх мэтээр Бурхны хуулийг зөрчүүлэх гэвэл та нар «хүнийг дагахаасаа илүү Бурхныг дагах» ёстой. Тийм ч учраас, Библид «Эзэн дотор эцэг эхээ дага» гэж бичсэн байдаг юм. Өөрөөр хэлбэл, эцэг эхийн чинь шаардлага Бурхныхтай зөрчилдөхгүй л бол тэдэнд үргэлж дуулгавартай байх ёстой гэсэн үг (Үйлс 5:29).
14. Төгс хүн биднээс илүү дуулгавартай байдгийн учир юу вэ? Гэхдээ төгс хүн ч гэсэн яагаад дуулгавартай байж сурах хэрэгтэй вэ?
14 «Хэрвээ би „бузартаагүй агаад нүгэлтнүүдээс тусгаарлагдсан“ Есүс шиг төгс байсан бол аав ээжийн үгэнд ороход амархан байх байсан юм» гэж чи боддог уу? (Еврей 7:26). Төгс хүн муу юм хийх хандлагагүй учир төгс бус биднээс илүү дуулгавартай байдаг нь үнэн (Эхлэл 8:21; Дуулал 51:5). Гэхдээ Есүс хүртэл дуулгавартай байж сурах хэрэгтэй байсан. Библид: «[Есүс] Хүү нь байсан хэрнээ зовсон зүйлсээсээ дуулгавартай байдалд суралцсан» гэж бичжээ (Еврей 5:8). Тэнгэрт байхдаа хэзээ ч амсаж үзээгүй зовлонг дэлхийд ирээд амссан нь Есүсийг дуулгавартай байж сурахад нь хэрхэн тусалсан бэ?
15, 16. Есүс яаж дуулгавартай байж сурсан бэ?
15 Ехова Иосеф Мариа хоёрыг удирдан Есүсийг бага байхад нь амь насыг нь хамгаалдаг байв (Матай 2:7–23). Гэвч эцэст нь түүнийг гайхамшгаар хамгаалахаа больжээ. Библид Есүсийг «чанга хашхиран, нулимсаараа залбирал болоод гуйлтуудаа өргөсөн» гэж бичсэн байдгийг үзвэл тэрбээр бие, сэтгэлээрээ асар их зовж байжээ (Еврей 5:7). Есүсийн амьдралд хэзээ ийм юм болсон бэ?
16 Есүсийн дэлхий дэх амьдралынх нь эцсийн мөчид Сатан үнэнч байдлыг нь эвдэн бусниулах гэж хамаг чадлаараа оролдоход энэ явдал болжээ. Гэмт хэрэгтэн адил үхэж байгаа нь Эцгийнх нь нэрийг сэвтүүлэх вий гэж туйлын их шаналсандаа Есүс «маш шаргуу залбирч байлаа. Түүний хөлс цусны дусал мэт газарт дусалж байв». Үүнээс хойш хэдхэн цагийн дараа шонд хадуулан, тэсэхийн аргагүй зовж тарчлан байхдаа уйлан, «чанга хашхирч» байжээ (Лук 22:42–44; Марк 15:34). Ийнхүү, тэрбээр «зовсон зүйлсээсээ дуулгавартай» байж суран, Эцгээ баярлуулсан. Дуулгавартай байхын тулд хэчнээн их зовдгийг маань хараад Есүс биднийг ойлгож, өрөвддөг (Сургаалт үгс 27:11; Еврей 2:18; 4:15).
Дуулгавартай байж сурах нь
17. Шийтгэлийг юу гэж үзэх ёстой вэ?
17 Эцэг эхчүүд үр хүүхдээ хайрлаж, сайн сайхан яваасай гэсэндээ заримдаа шийтгэдэг. «Эцэг нь сахилгажуулдаггүй хүү хаа байна?» гэж Библид бичсэн байдаг. Тэгэхлээр, та нарт хайртай учраас л цаг зав гаргаад, засаж залруулж байгаа хэрэг юм. Ехова ч гэсэн та нарт хайртай учраас засаж залруулдаг. «Бүх сахилгажуулалт нь тухайн үедээ баяр хөөртэй бус, харин уй гашуутай мэт санагдавч дараа нь энэ нь түүгээр сургагдсан хүмүүст зөвт байдлын амар амгалан бүхий үр жимсийг төрүүлж өгдөг» (Еврей 12:7–11).
18. а) Эцэг эхчүүд хүүхдээ юуны үндсэн дээр шийтгэдэг вэ? б) Хайрын үндсэн дээр шийтгэх нь хүүхдэд ямар ач тустай вэ?
18 Мэргэн ухаанаараа Есүсээс магтаал хүлээсэн эртний Израилийн нэгэн хаан, хүүхдийг хайрын үндсэн дээр шийтгэхийн чухлыг онцлон тэмдэглэж: «Саваанаас хэлтрүүлэгч нь хүүгээ үл хайрлагч юм. Харин хүмүүжүүлэхдээ хичээнгүй нэгэн хүүгээ хайрладаг хүн мөн» гэж бичжээ. Эцэг эхчүүд үр хүүхдээ хайрын үндсэн дээр шийтгэж байвал амийг нь ч аварч болдгийг Соломон хаан хэлсэн хэрэг байжээ (Сургаалт үгс 13:24; 23:13, 14, ШЕ; Матай 12:42). Бага байхдаа цуглаан дээр биеэ зөв авч яваагүйгээсээ болж, гэртээ хариад аавдаа шийтгүүлдэг байснаа нэг христиан эмэгтэй дурсжээ. Аав нь хайртайдаа л тийн шийтгэдэг байсны ачаар зөв хүмүүжилтэй болж өссөнөө тэр эмэгтэй талархан ярьжээ.
19. Эцэг эхдээ дуулгавартай байх хамгийн гол шалтгаан юу вэ?
19 Аав ээж чинь та нарыг хайрласандаа цаг заваа зориулж, сайн сайхан явуулах гэж сахилга батын арга хэмжээ авдаг. Үүнд нь баярлах хэрэгтэй. Хүүхдүүд та нар Эзэн Есүс Христээ дуурайн, эцэг эхдээ дуулгавартай байгаарай. Хамгийн гол нь, тэнгэрийн Эцэг Ехова Бурхан тушаасан учраас тэднийхээ үгэнд орж байгаарай. Ингэвэл та нарт ач тустай, «сайн бөгөөд [та нар] дэлхий дээр урт наслах болно» (Ефес 6:2, 3).
[Зүүлт]
^ Еховагийн Гэрчүүдийн гаргасан «Судрыг ойлгох нь» нэвтэрхий толийн 2-р боть, 841-р хуудсыг үзнэ үү (англи).
Хариулна уу
• Хүүхдүүд эцэг эхдээ дуулгавартай байвал ямар ач тус хүртэх вэ?
• Есүс бага байхдаа эцэг эхдээ дуулгавартай байхын жишээг хэрхэн үзүүлсэн бэ?
• Есүс яаж дуулгавартай байж сурсан бэ?
[Догол мөрийн асуулт]