Skip to content

Гарчиг руу орох

Эхнэрүүд ээ, нөхрөө гүн хүндэтгэгтүн

Эхнэрүүд ээ, нөхрөө гүн хүндэтгэгтүн

Эхнэрүүд ээ, нөхрөө гүн хүндэтгэгтүн

«Эхнэрүүд ээ, Эзэнд захирагддаг шиг нөхрүүддээ захирагд» (ЕФЕС 5:22).

1. Нөхрөө хүндэтгэхэд эхнэрүүдэд яагаад амаргүй байдаг вэ?

 ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН үеэр сүйт бүсгүй нөхрөө гүн хүндэтгэж байхаа амлан, тангараг өргөдөг ёс олон оронд бий. Гэвч, нөхрийнхөө харьцаа, хандлагаас болоод амласан ёсоороо амьдрахад эхнэрүүдэд амаргүй байдаг. Уг нь хамгийн анхны гэр бүлийн эхлэл сайхан тавигдсан түүхтэй. Бурхан анхны хүн Адамаас нэг хавирга авч, эмэгтэй хүн бүтээгээд, тэднийг гэр бүл болгожээ. Тэгэхэд нь Адам хөөрөн баярлаж: «Энэ бол яснаас минь авсан яс, махнаас минь тасалсан мах» хэмээн дуу алдсан байдаг (Эхлэл 2:20–23).

2. Эмэгтэйчүүдийн эрхийн талаарх ойлголт сүүлийн жилүүдэд хэрхэн өөрчлөгдсөн бэ?

2 Гэтэл, 1960-аад оны эхээр АНУ-д эмэгтэйчүүд эрчүүдэд захирагдахыг эсэргүүцэн тэмцэж, тэгш эрхийн төлөө хөдөлгөөн өрнүүлжээ. Тухайн үеийн статистик мэдээгээр, гэр бүлээ хаяж явсан хүмүүсийг хүйсээр нь ангилж үзэхэд 300 эрэгтэй, 1 эмэгтэй гэсэн харьцаатай байсан бол, 1960-аад оны эцэс гэхэд эмэгтэйчүүдийн тоо 3 дахин өсжээ. Ингээд эмэгтэйчүүд илүү чөлөөтэй болж, эрчүүдийн адил хараал хэлж, архи ууж, тамхи татан, садар самуун амьдрах боломж бүрджээ. Тэглээ гээд жаргасан уу? Үгүй. Зарим оронд гэр бүл болж буй хүмүүсийн бараг тэн хагас нь салдаг байна. Эмэгтэйчүүд гэр бүлдээ илүү эрх мэдэлтэй болох гэж зүтгээд сайн үр дүнд хүрсэн үү, эсвэл сөрөг үр дагавар авчрав уу? (2 Тимот 3:1–5).

3. Эмэгтэйчүүд гэр бүлд илүү эрх мэдэлтэй болох гэж зүтгэдэг болсны гол шалтгаан юу вэ?

3 Эмэгтэйчүүд гэр бүлийн асуудалд ийн хандах болсон нь юунаас үүдэлтэй вэ? Бурхны эсрэг боссон тэнгэр элч буюу «диавол ба Сатан гэгддэг эртний могой» анхны эмэгтэй Еваг хуурснаас хэрэг манджээ (Илчлэлт 12:9; 1 Тимот 2:13, 14). Тийнхүү хуурахдаа Бурхны заавар зөвлөгөөг гажуудуулсан. Жишээ нь, хүмүүс гэр бүл болбол эрх чөлөө нь хаагдаж боогддог гэсэн ойлголт төрүүлдэг. Ертөнцийг мэдэлдээ байлгадаг тэр этгээд, Бурхан хүйсээр ялгаварласан, хоцрогдсон зөвлөгөө өгдөг гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр ухуулдаг (2 Коринт 4:3, 4). Гэхдээ гэр бүлд эмэгтэй хүний хүлээдэг үүргийн талаар Бурхан юу гэж хэлдгийг уужуу ухаанаар шинжилж үзвэл, харин ч ухаалаг, тустай зөвлөгөө өгдгийг ойлгоно.

Гэрлэх хүмүүст сануулах нь

4, 5. а) Эмэгтэй хүн ирээдүйн ханиа сонгохдоо туйлын нухацтай хандах ёстойн учир юу вэ? б) Гэрлэхээсээ өмнө юуг бодож үзэх хэрэгтэй вэ?

4 Гэр бүлээ сайн сайхан авч яваа хүмүүс ч Диаволын мэдэлд байгаа ертөнцөд «зовлонтой» болно гэсэн сануулга Библид бий. Хэдийгээр, Бурхан гэр бүлийг санаачилсан ч, гэрлэх гэж байгаа хүмүүст хэрсүү ухаалаг байхыг зөвлөдөг. Нөхөр нь нас бараад, дахин гэрлэхэд саадгүй болсон эмэгтэйн тухай элч Паул: «Тэр эмэгтэй байгаагаараа үлдвэл илүү жаргалтай байна» хэмээн Бурхнаар удирдуулан бичжээ. Бас Есүс, ганц бие байхыг «хүлээн зөвшөөрч чадах» хүнд тэр хэвээрээ үлдэхийг зөвлөсөн байдаг. Харин гэрлэхээр шийдвэл «Эзэн дотор» буюу Бурханд өөрийгөө зориулж, баптисм хүртсэн хүнтэй гэрлэх ёстой (1 Коринт 7:28, 36–40; Матай 19:10–12).

5 Эмэгтэй хүн ирээдүйн ханиа сонгохдоо туйлын нухацтай хандах ёстой. Учир нь, «Гэрлэсэн эмэгтэй... нөхөртэйгөө хуулиар холбогддог» гэж Библид бичсэн байдаг. Гагцхүү, нөхөр нь нас барсан юм уу, эсвэл садар самуун үйлдээд салсан тохиолдолд эмэгтэй нөхрийнхөө «хуулиас чөлөөлөгдөнө» (Ром 7:2, 3). Анхны харцаар дурлаад, сэтгэлтэй болж болох ч, аз жаргалтай гэр бүлийн амьдрал зохиох аргагүй. Тиймээс гэрлэх гэж байгаа эмэгтэй: «Би энэ хүний „хуулийг“ сахиж чадах уу?» гэдэг асуултыг өөртөө тавих нь зүйтэй. Үүнийг гэрлэснийхээ дараа биш, гэрлэхээсээ өмнө бодож үзээрэй.

6. Ихэнх эмэгтэйчүүд ямар шийдвэр гаргах эрхтэй вэ? Ингэхдээ яагаад ул суурьтай хандах хэрэгтэй вэ?

6 Өнөөдөр олон оронд эмэгтэй хүн ирээдүйн ханиа өөрөө сонгох эрх эдэлдэг. Гэхдээ хань ижилтэй болж, хайр халамж үзэхийг үнэхээр их хүсэн тэмүүлж байгаа үед ханиа зөв сонгоно гэдэг хамгийн хэцүү байж болох юм. Нэгэн зохиолч: «Ер нь, хүн аливаад шунан тэмүүлэхлээрээ, жишээ нь, гэрлэх гэж яарах юм уу ууланд авирах гэж зүтгэхдээ заавал болж бүтнэ гэж сохроор найдаад, зөвхөн сэтгэлдээ нийцсэн үг л сонсохыг хүсдэг» хэмээн бичжээ. Уулчин хүн ухаалаг бус шийдвэр гаргавал амиа алдаж болдогтой адил гэр бүл болохдоо гоомой алхам хийвэл амьдралаа үрнэ.

7. Ирээдүйн ханиа зөв сонгоход ямар зөвлөгөө туслах вэ?

7 Өөрийг нь гэргийгээ болгох хүсэлт гаргасан хүний „хуулийг“ сахина гэж чухам юу гэсэн үг болохыг эмэгтэй хүн сайтар эргэцүүлж бодох учиртай. Нэг энэтхэг охин: «Эцэг эхчүүд залуус биднийг бодвол хашир туршлагатай хүмүүс болохлоор аливаад ул суурьтай ханддаг. [...] Хэрэв би хэнтэй ч зөвлөхгүй бол нөхөр болох хүнээ буруу сонгох байх» гэж хэлжээ. Тийм ээ, эцэг эх болон бусад хүнээс тусламж авах нь чухал юм. Нэгэн туршлагатай зөвлөгч, ирээдүйн ханийнхаа эцэг эхтэй танилцаж, эцэг эх болон гэрийнхэнтэйгээ яаж харьцдагийг нь сайн ажиглахыг залуучуудад зөвлөсөн байдаг.

Есүс Бурханд захирагдахын жишээ үзүүлсэн нь

8, 9. а) Есүс Бурханд захирагдахыг юу гэж үздэг байсан бэ? б) Захирагдах нь ямар ач тустай вэ?

8 Нөхөртөө захирагдана гэдэг зарим эмэгтэйд амаргүй байдаг. Гэсэн ч, Эцэгтээ захирагдах үүргээ нэр төрийн хэрэг гэж үздэг байсан Есүсийг дуурайх нь зүйтэй. Тэрбээр зовлон амсаж, тэр байтугай, шонд хадуулж, тарчилж үхэх ёстой болсон хэдий ч, Еховад захирагдахдаа баяртай байжээ (Лук 22:41–44; Еврей 5:7, 8; 12:3). Библид: «Эр хүн бол эмэгтэй хүний тэргүүн, Бурхан бол Христийн тэргүүн» гэж бичсэн байдаг учир эмэгтэйчүүд Есүсийн жишээг дуурайх хэрэгтэй (1 Коринт 11:3). Гэхдээ эмэгтэй хүн гэрлэхлээрээ л эрэгтэй хүнд захирагдах ёстой болдог юм биш ээ.

9 Эмэгтэй хүн гэрлэсэн ч бай, үгүй ч бай, христиан хуралд хариуцлагатай үүрэг хүлээдэг эрчүүдэд захирагдах ёстой (1 Тимот 2:12, 13; Еврей 13:17). Энэ тушаалыг биелүүлдэг эмэгтэйчүүд Еховагийн байгууллагад тогтоосон журмыг сахихад нь тэнгэр элчүүдэд ч үлгэр жишээ болдог (1 Коринт 11:8–10). Түүнчлэн, нас тогтсон, туршлагатай эхнэрүүд залуу эмэгтэйчүүдэд «нөхөртөө захирагдахыг» зааж зөвлөхийн зэрэгцээ өөрсдөө үлгэр жишээ үзүүлдэг (Тит 2:3–5).

10. Есүс Бурханд захирагдахын жишээ хэрхэн үзүүлсэн бэ?

10 Бурханд захирагдах нь хэчнээн чухал болохыг Есүс ойлгодог байсан. Нэг удаа, тэрбээр төр засгийн эрх мэдэлд захирагдаж, татвар төлөх хэрэгтэйг элч Петрт сануулаад, татварт төлөх мөнгийг гайхамшгаар гаргаж өгөхөд нь Петр өөрийнхөө болон Есүсийн өмнөөс татвар төлсөн. Хожим нь Петр: «Эзний төлөө өөрсдийгөө аливаа хүний ёсонд захируул» гэж бичжээ (1 Петр 2:13, МБОХ 2000; Матай 17:24–27). Есүс Бурханд захирагдахын хамгийн гайхамшигтай жишээг үзүүлэн, «Өөрийгөө хоосолж, боолын дүрийг авч, хүнтэй адил болжээ. Хүн төрхийг олсон Тэрбээр үхэлд... дуулгавартай байснаараа Өөрийгөө даруу болгожээ» (Филиппой 2:5–8).

11. Нөхөр нь итгэгч бус байсан ч эхнэр нь ямар учраас захирагдах ёстой вэ?

11 Эрх мэдэлтнүүдийг харгис хатуу, шударга бус хандахад ч христианууд захирагдах учиртайг элч Петр тайлбарлан: «Та нар энэхүү зорилгын төлөө дуудагдсан билээ. Яагаад гэвэл та нарыг Өөрийнхөө мөрөөр дагуулахын тулд та нарт үлгэр дуурайлыг үлдээн, Христ та нарын төлөө зовлон эдэлсэн» гэж бичжээ (1 Петр 2:21). Бурханд захирагдахын тулд Есүс хүмүүсээс болж хэчнээн их зовлон туулж, хүнд бэрхийг тэвчих хэрэгтэй болсныг нь Петр бичээд, итгэгч бус нөхөртэй эхнэрүүдэд хандан: «Та нар нөхөртөө захирагд. Ингэх нь нөхрүүдийн чинь зарим нь үгийг дагахгүй байгаа ч гэсэн, тэд эхнэрүүдийнхээ үггүйгээр, биеэ авч явах байдлаар аврагдана. Тэд та нарын журамт байдал болоод эелдэг зан байдлыг чинь ажиглана шүү дээ» гэж уриалжээ (1 Петр 3:1, 2).

12. Есүс Бурханд захирагддаг байсны ач тус юу байсан бэ?

12 Хэл амаар доромжлуулчихаад дуугүй байхыг хүмүүс сул дорой, арчаагүйн шинж гэх байх. Гэхдээ Есүс тэгж үздэггүй байсан. «Тэр зүхэгдэж байхдаа, хариуд нь зүхээгүй. Тэр зовон тарчилж байхдаа заналхийлээгүй» гэж Петр бичсэн байдаг (1 Петр 2:23). Есүсийн зовж үхэхийг харсан зарим хүн, тухайлбал, хажууд нь шонд хадуулсан дээрэмчин болон ялтнуудыг харгалзаж байсан зуутын дарга гэх зэрэг хүмүүс Есүсийг Бурхны Хүү гэдэгт итгэсэн (Матай 27:38–44, 54; Марк 15:39; Лук 23:39–43). Үүнтэй адилаар, итгэгч бус нөхрүүд, тэр битгий хэл, эхнэрээ үг хэлээр доромжилж, аашилж загнадаг нөхрүүд ч эхнэрээ өөрт нь захирагдаж байгааг хараад «аврагдах» буюу христиан болж болохыг Петр хэлсэн байжээ. Петрийн үг үнэн гэдэг нь өнөөдөр ч харагддаг.

Нөхөртөө захирагдахын ач тус

13, 14. Итгэгч биш нөхөртөө захирагдахын ач тусыг жишээгээр хэлнэ үү.

13 Гэр бүлтэй эмэгтэйчүүд Гэрч болж, христиан ёсоор биеэ авч явдаг болсны ачаар нөхрүүдээ итгэгч болгосон жишээ олон байдаг. Саяхан болсон мужийн чуулган дээр нэг Гэрч эр эхнэрийнхээ тухай: «Би эхнэртээ их өөдгүй зан гаргадаг байсан хүн. Тэгсэн ч гэсэн, эхнэр минь намайг их хүндэлнэ, дорд үзнэ гэж ер байхгүй. Шашиндаа оруулах гэж хүчилдэггүй байсан. Намайг хайр халамжаар хэзээ ч дутаагаагүй. Эхнэр маань чуулганд явахаасаа өмнө надад хоол хийж, гэрийнхээ бүх ажлыг амжуулчихдаг байж билээ. Эхнэрийнхээ байр байдлыг ажиглаад би Библи сонирхдог болсон юм. Тэгээд л одоо Гэрч болчихоод байж байна даа!» хэмээн ярьжээ. Тийм ээ, энэ хүнийг эхнэр нь «үггүйгээр аварчээ».

14 Петрийн бичсэнээр, эхнэр хүний үг яриа биш, үйл хэрэг сайн үр дүнд хүргэдэг. Библийн үнэнийг таньж мэдээд, цуглаанд очдог болохоор шийдсэн Агнес гэдэг эмэгтэйн жишээ үүнийг баталдаг. Нэг удаа итгэгч бус нөхрийгөө: «Агнес, чи тэр хаалгаар гардаг л юм бол, битгий буцаж ирээрэй!» гэж хашгирахад нь, нөхрийнхөө хэлсэн тэр хаалгаар биш, арынхаа хаалгаар гарч явжээ. Дараа нь дахиад цуглаандаа явах гэтэл, «Хэрвээ чи одоо явах юм бол ахиж намайг харахгүй шүү» гэж нөхөр нь сүрдүүлжээ. Цуглаанаас ирэхэд нь үнэхээр явчихсан байв. Гурван хоногийн дараа нөхрийгөө эргэж ирэхэд нь, «Би чамд хоол хийгээд тавьчихсан. Иднэ биз дээ?» гэж эелдэгхэн асуужээ. Агнес Еховад үнэнч байх шийдвэрээсээ өчүүхэн төдий ч ухраагүй юм. Нөхөр нь яваандаа Гэрчүүдээр Библийн хичээл заалгадаг болж, өөрийгөө Бурханд зориулсан бөгөөд хожим нь хуралд олон үүрэг хариуцлага хүлээдэг болжээ.

15. Христиан эхнэрүүдийн «чимэг» юу вэ?

15 Дээрх жишээнд гарсан эхнэрүүд элч Петрийн зөвлөгөөг хэрэгжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, тэд өөрсдийгөө «үс сүлжилт, хувцаслалтаар» бус, «Бурхны өмнө асар үнэтэй» «дөлгөөн ба даруу сэтгэлийн мөхөшгүй чанараар чимэглэсэн» ажээ. Нөхрөө гүнээ хүндэтгэдэг, «дөлгөөн ба даруу» зантай христиан эхнэр нөхөртэйгөө харьцахдаа захирч зандчих юм уу өдөж, янзыг нь үздэггүй (1 Петр 3:3, 4).

Эхнэр хүний дуурайвал зохих жишээ

16. Сара христиан эхнэрүүдэд ямар жишээ үлдээсэн бэ?

16 «Урьд цагт Бурханд найдвараа тавьсан ариун эмэгтэйчүүд ч нөхрүүддээ захирагдан өөрсдийгөө гоёдог байв» гэж Петр бичжээ (1 Петр 3:5). Тэр эмэгтэйчүүд Еховагийн заавар зөвлөгөөг даган, тааллыг нь олбол гэр бүлээ жаргалтай байлгаж, мөнх амийн шагнал хүртэнэ гэдгээ ойлгодог байсан. Петр Абрахамын үзэсгэлэнт эхнэр Сараг дурдаж, «Абрахамыг „эзэн“ гэж дуудан, дуулгавартай дагасан» гэж бичсэн байдаг. Сара Бурхны тушаалаар харийн нутаг руу явах болсон нөхрөө дэмжин, хамт явахаар болсон. Тэрбээр тохь тухтай амьдралаа орхиж, амь насаараа хүртэл дэнчин тавьсан (Эхлэл 12:1, 10–13). Петр эр зоригийн жишээ үзүүлсэн Сараг магтаад, эхнэрүүдэд: «Хэрэв та нар ямар ч аюулаас айхгүйгээр зөвийг үйлдвэл, тэр эмэгтэйн хүүхдүүд болно» гэж хэлжээ (1 Петр 3:6).

17. Петр эхнэрүүдэд «Бурханд найдвараа тавьсан ариун эмэгтэйчүүдийг» жишээ болгон бичихдээ Абигаилыг ч бас дурдсан гэж хэлж болохын учир юу вэ?

17 «Бурханд найдвараа тавьсан» өөр нэг зоригт эмэгтэй бол Абигаил юм. Петр «ариун эмэгтэйчүүд» гэж бичихдээ түүнийг ч бас хэлсэн болов уу. Саруул ухаантай тэр бүсгүйн нөхөр Набал зөрүүд, муухай зантай хүн байжээ. Өөдгүй, харамч зан гаргасан Набалыг Давид болон түүний дайчид гэр бүлээр нь хүйс тэмтрэхээр шийдсэн байлаа. Абигаил гэр бүлээ аврахын тулд хоол хүнс бэлдэн, илжгэнд ачаад, Давид болон түүний дайчидтай уулзахаар замд гарчээ. Абигаил Давидыг хармагцаа илжигнээсээ буун, хөлд нь сөхрөн унаж, гоомой алхам хийхгүй байхыг хичээнгүйлэн гуйв. Тэгэхэд Давидын сэтгэл хөдөлж, «Өнөөдөр чамайг надтай уулзуулахаар явуулсан Израилийн Бурхан ЭЗЭН магтагдах болтугай. Мөн чиний саруул ухаан магтагдах болтугай» хэмээн хэлжээ (1 Самуел 25:2–33).

18. Өөр хүн сэтгэлийг нь татахыг оролдвол эхнэрүүд хэнийг дуурайх ёстой вэ? Яагаад?

18 Христиан эхнэрүүдэд сайхан жишээ үлдээсэн бас нэг хүн бол залуу бүсгүй Шуламмит юм. Эрх мэдэл, хөрөнгө чинээтэй нэгэн хаан Шуламмитын сэтгэлийг татах гэж оролдсон ч, бүсгүй гэрлэхээр амласан жирийн хоньчин залуугаасаа сэтгэлээ хувиргалгүй, үнэнч үлджээ. Бүсгүй сүйт залуудаа хайраа илчлэн: «Зүрхэндээ намайг тамга мэт, гар дээрээ намайг тамга мэт тавь. Учир нь хайр бол үхэл мэт хүчтэй... Их ус хайрыг унтрааж үл чадна. Гол ч түүнийг хальж үл чадна» гэж хэлжээ (Соломоны дуун 8:6, 7). Гэрлэх гэж байгаа эмэгтэйчүүд Шуламмитыг дуурайн, ирээдүйн ханьдаа үнэнч байж, нөхрөө гүн хүндэтгэж байх учиртай.

Эхнэрүүдийн дагах ёстой өөр зөвлөгөө

19, 20. а) Эхнэрүүд нөхөртөө захирагдах ёстойн учир юу вэ? б) Эхнэрүүд ямар жишээг дуурайвал зохих вэ?

19 Эцэст нь, энэ өгүүллийн үндэс болсон зүйлийн хам сэдвийг үзье. Ефес 5:22-т: «Эхнэрүүд ээ, Эзэнд захирагддаг шиг нөхрүүддээ захирагд» гэж байдаг. Нөхөртөө захирагдах хэрэгтэйн учрыг дараагийн зүйлд: «Христ чуулганы толгой [«хурлын тэргүүн», ШЕ] байдгийн адил нөхөр нь эхнэрийнхээ толгой юм» гэж тайлбарлажээ. Тиймээс, эхнэрүүдэд: «Чуулган [«хурал», ШЕ] Христэд захирагддагийн адил, түүнчлэн, эхнэрүүд нөхрүүддээ бүх талаар захирагд» хэмээн уриалжээ (Ефес 5:23, 24, 33).

20 Энэ тушаалыг сахин биелүүлэхийн тулд эхнэрүүд Христийн тослогдсон дагалдагчдын хурлын тухай уншиж судлан, жишээг нь даган дуурайх хэрэгтэй. Христиан эхнэрүүд ээ, 2 Коринт 11:23–28-ыг уншаад, тэр хурлын нэг гишүүн болох элч Паул тэргүүн Есүс Христдээ үнэнч байхын тулд ямар ямар сорилтыг тэвчсэнийг нь эргэцүүлж бодоорой. Ер нь, христиан эхнэрүүд гэлгүй, хурлын гишүүд бүгдээрээ Паулыг дуурайн, Есүст үнэнчээр захирагдах хэрэгтэй. Эхнэрүүдийн тухайд Христэд захирагддагаа харуулах нэг арга бол нөхөртөө захирагдах явдал юм.

21. Нөхөртөө үргэлж захирагддаг байхын тулд юу ойлгох хэрэгтэй вэ?

21 Өнөөгийн нийгэмд нөхөртөө захирагдах дуртай эмэгтэй тэр бүр олон байдаггүй. Харин ухаалаг эхнэр нөхөртөө захирагдахын ач тусыг ойлгоно. Жишээ нь, Бурхны хууль, зарчмыг зөрчихгүйгээр итгэгч бус нөхөртөө бүх талаар захирагдаад байвал эцэст нь «нөхрөө аварна». Энэ бол яахын аргагүй ивээл юм (1 Коринт 7:13, 16). Түүнээс гадна, нөхөртөө захирагддаг эмэгтэй Еховагийн тааллыг олдогтоо тайван амгалан, сэтгэл дүүрэн байж, Бурхны хайртай Хүүг дуурайсныхаа төлөө их шагнал хүртэнэ.

Санаж байна уу?

• Эхнэр хүнд нөхрөө хүндлэхэд яагаад хэцүү байж болох вэ?

• Ирээдүйн ханиа сонгохдоо нухацтай хандах хэрэгтэйн учир юу вэ?

• Есүс эхнэрүүдэд яаж үлгэр дуурайл болдог вэ? Есүсийг дуурайхын ач тус юу вэ?

[Догол мөрийн асуулт]