Skip to content

Гарчиг руу орох

Еховагаас эмээж, жаргалтай амьдрагтун

Еховагаас эмээж, жаргалтай амьдрагтун

Еховагаас эмээж, жаргалтай амьдрагтун

«Түүний ариун хүмүүс ээ, та нар ЭЗЭНээс эмээгтүн. Түүнээс эмээгчдэд юу ч дутагддаггүй» (ДУУЛАЛ 34:9).

1, 2. а) Христ шашны урсгалууд Бурхнаас эмээх тухайд ямар өөр өөр үзэлтэй вэ? б) Энэ өгүүллээр ямар ямар асуултын хариуг мэдэж авах вэ?

 ХРИСТ ШАШНЫ зарим урсгал Бурхан нүгэлтнүүдийг галт тамд мөнхөд зовоож шийтгэдэг гэсэн хуурамч сургаалд үндэслэж, Бурхнаас айхыг хүмүүст заадаг. Гэтэл энэ нь хайр, шударга ёсны Бурхны тухай Библийн сургаалтай эрс зөрчилддөг (Эхлэл 3:19; Дэд хууль 32:4; Ром 6:23; 1 Иохан 4:8). Нөгөө талаар, Бурхнаас айж эмээх тухай огт заадаггүй урсгалууд ч бий. Тэдний номлодгоор бол, Бурхан хүнийг юу ч хийж явсан, толгойг нь илээд өнгөрөөдөг, хүлцэнгүй Нэгэн ажээ. Энэ ч бас Библийн сургаалтай огт таардаггүй (Галат 5:19–21).

2 Үнэндээ, Библид «Бурхнаас эмээгтүн» гэсэн уриалга байдаг (Илчлэлт 14:7). Үүнээс үүдээд, «Хайрын Бурхан биднийг яагаад өөрөөс нь эмээгээсэй гэж хүсдэг вэ? Бурхнаас эмээнэ гэж яахыг хэлдэг вэ? Бурхнаас эмээх нь ямар ач тустай вэ?» гэсэн асуулт урган гардаг. 34-р дууллыг үргэлжлүүлэн ярилцангаа эдгээр асуултын хариуг мэдэж авцгаая.

Бурхнаас эмээхийн учир

3. а) Бурхнаас эмээх тушаалыг та юу гэж үздэг вэ? б) Еховагаас эмээдэг хүмүүс яагаад жаргалтай байдаг вэ?

3 Ехова орчлонт ертөнцийн Хэмжээгүй эрхт Эзэн, бүхнийг Бүтээгч тул түүнээс эмээвэл зохино (1 Петр 2:17). Гэхдээ Бурхнаас эмээнэ гэдэг нь Бурхныг харгис хэрцгий нэгэн гэж ухаангүй айх гэсэн үг биш юм. Төгс хүчит Еховаг сүсэглэн биширч, түүнд таалагдахгүй байх вий гэхээс эмээнэ гэсэн үг. Бурхнаас эмээдэг хүн сэтгэлийн дарамтад орж, айдаст автах биш, харин ч өөрийгөө хүндэтгэж, сэтгэл тэнэгэр явдаг. «Жаргалтай Бурхан» Ехова хүмүүсийг жаргалтай амьдруулахыг хүсдэг (1 Тимот 1:11, ШЕ). Жаргалтай амьдаръя гэвэл Бурхны шаардлагыг хангах ёстой. Үүний тулд олон хүн амьдралаа өөрчлөх хэрэгтэй болдог. Ийм алхам хийж байгаа хүн бүхэн дуулалч Давидын бичсэн, «ЭЗЭН сайн гэдгийг амсаж үз. Түүний дотор хоргоддог хүн юутай ерөөлтэй [«жаргалтай», ШЕ] вэ! Түүний ариун хүмүүс ээ, та нар ЭЗЭНээс эмээгтүн. Түүнээс эмээгчдэд юу ч дутагддаггүй» гэсэн үг үнэн болохыг биеэрээ үздэг (Дуулал 34:8, 9). Еховагаас эмээдэг хүмүүс Бурхантайгаа дотно харьцаатай байдаг учраас жинхэнэ үнэт зүйлээр дутдаггүй.

4. Давид Есүс хоёр юун тухай батлан хэлсэн бэ?

4 Давид нөхдөө «ариун хүмүүс» хэмээн хүндлэн дуудсан байгааг анхааръя. Тэд Бурхны ариун ард түмний нэгээхэн хэсэг байсан. Бас Давидыг дагахын тулд амь насаараа дэнчин тавьж байв. Саул хаанаас зугтаж явахад нь ч Ехова тусалж, хэрэгцээг нь хангана гэдэгт Давид итгэлтэй байсан учраас, «Залуу арслан ч гачигдан өлсөж байдаг. Харин ЭЗЭНийг хайгчид ямар ч сайн юмаар гачигдахгүй» хэмээн бичжээ (Дуулал 34:10). Есүс бас тийнхүү батлан хэлсэн байдаг (Матай 6:33).

5. а) Есүсийн дагалдагчдын ихэнх нь ямар хүмүүс байсан бэ? б) Есүс ямар зөвлөгөө өгсөн бэ?

5 Есүсийн сургаалыг сонсогчдын ихэнх нь нийгмийн доод давхаргын, гачигдал зовлонтой хүмүүс байв. Есүс тэднийг «өрөвджээ. Учир нь тэд хоньчингүй хонин сүрэг мэт тарж, туйлдсан байлаа» (Матай 9:36). Тийм ядуу дорой хүмүүс Есүсийг дагахын тулд эр зориг гаргаж, хүнээс биш, Еховагаас эмээж сурах хэрэгтэй байв. Есүс: «Биеийг хөнөөгсдөөс бүү ай. Хөнөөсний дараа тэд яаж ч чадахгүй. Харин хэнээс айж эмээвэл зохихыг та нарт сануулъя. Хөнөөсний дараа тамд [грекээр гехенна] хаях эрх мэдэлтэй Нэгнээс айж эмээгтүн. Тийм ээ, Би та нарт хэлье, Түүнээс айгтун. Таван бор шувуу хоёрхон ассараар худалдагддаггүй гэж үү? Гэсэн хэдий ч тэдний нэг нь ч Бурхны өмнө мартагдахгүй. Үнэндээ толгой дээрх үс бүр чинь тоологдсон. Бүү ай. Та нар үй олон бор шувуунаас ч эрхэм үнэтэй» хэмээн хэлжээ (Лук 12:4–7).

6. а) Христианууд Есүсийн хэлсэн ямар үгнээс сэтгэлийн тэнхээ авдаг вэ? б) Есүс яагаад Бурхнаас эмээхийн хамгийн сайн жишээ болдог вэ?

6 Еховагаас эмээдэг хүмүүсийг Бурханд үйлчлэхийг нь болиулах гэж дайснууд нь дарамталдаг. Тийм үед Есүсийн: «Хүмүүсийн өмнө Намайг хүлээн зөвшөөрөгч аливаа хүнийг Хүний Хүү Бурхны тэнгэр элч нарын өмнө хүлээн зөвшөөрөх болно. Харин хүмүүсийн өмнө Намайг үгүйсгэгч хүн нь Бурхны тэнгэр элч нарын өмнө үгүйсгэгдэнэ» хэмээн хэлснийг санах нь зүйтэй (Лук 12:8, 9). Энэ үг бүх христианд, ялангуяа, шүтэх эрх чөлөөг нь хааж боосон улс оронд амьдарч буй христиануудад сэтгэлийн тэнхээ өгдөг. Тийм хүмүүс хянуур болгоомжтой байж, цуглаан дээр, дэлгэрүүлэх ажил хийхдээ Еховаг магтан алдаршуулдаг (Үйлс 5:29). Есүс «Бурхнаас эмээхийн» хамгийн сайн жишээ үлдээсэн (Еврей 5:7, ШЕ). Бурхны Үгэнд түүний тухай: «ЭЗЭНээс эмээхүйн... сүнс Түүн дээр оршино. Түүний таалал нь ЭЗЭНээс эмээхүйд оршино» гэж зөгнөжээ (Исаиа 11:2, 3). Тэгэхлээр, Бурхнаас эмээх нь хэчнээн ач тустай байдгийг Есүс хамгийн сайн зааж чадна.

7. а) Христианууд Дуулал 34:11-д бичсэн уриалгыг хэрхэн хүлээн авдаг вэ? б) Эцэг эхчүүд Давидын жишээг хэрхэн дуурайж болох вэ?

7 Давид: «Хүүхдүүд ээ, та нар ирж, намайг сонс. Би та нарт ЭЗЭНээс эмээхийг зааж өгье» хэмээн уриалсан байдаг. Есүсийн жишээг дагаж, сургаалыг нь баримталдаг бүх хүн үүнтэй адилхан уриалгыг хүлээн авдаг (Дуулал 34:11). Хүмүүс нь Давидыг удирдагчаа гэж хүндэлдэг байсан учраас Давид тэднийгээ «хүүхдүүд» хэмээн дуудсан нь сонин содон зүйл биш байв. Давид тэднийг эв нэгдэлтэй байж, Бурхны сайшаалыг хүлээгээсэй гэсэндээ Бурхнаас эмээж сурахад нь тусалдаг байсан. Христиан эцэг эхчүүд Давидаас суралцууштай! Ехова эцэг эхчүүдэд үр хүүхдээ «Эзний дэг журам болон сургамж дотор хүмүүжүүлэх» эрх мэдэл олгодог (Ефес 6:4). Хүүхдүүддээ Библийн хичээл тогтмол зааж, өдөр бүр сүнслэг яриа өрнүүлдэг бол үр хүүхдээ Еховагаас эмээн, жаргалтай амьдрахад нь тусална (Дэд хууль 6:6, 7).

Бурхнаас эмээдгээ үйл хэргээр харуулах нь

8, 9. а) Бурхнаас эмээх гэж хүсэн тэмүүлэхийн учир юу вэ? б) Хэлээ хамгаална гэж яахыг хэлэх вэ?

8 Еховагаас эмээх нь жаргалтай амьдрахад саад болдог юм биш гэдгийг дээр ярилцсан. Давид: «Амийг хүсэмжилдэг бөгөөд сайныг харахаар урт наслахыг хайрлагч хэн бэ?» хэмээн асуужээ (Дуулал 34:12). Тэгэхлээр, «урт насалж», «сайныг харъя» гэвэл Еховагаас эмээх нь амин чухал ажээ. Гэхдээ Бурхнаас эмээдэг гэж хэлэх амархан ч, үйл хэргээрээ батлах хэцүү. Бурхнаас эмээдгээ үйл хэргээр батлахын тулд Давидын юу гэж бичсэнийг үзье.

9 «Өөрийн хэлийг хорон муугаас, өөрийн уруулыг худал хэлэхээс сахин хамгаал» (Дуулал 34:13). Элч Петр христиануудад бие биеэ ахан дүүгийн ёсоор хайрлахыг зөвлөөд, 34-р дууллын энэ хэсгийг иш татсан байдаг (1 Петр 3:8–12). Хорон муугаас хэлээ хамгаална гэдэг нь хов жив тараахгүй, харин үргэлж «бусдыг босгон байгуулахын тулд зөвхөн тустай үг хэлэхийг» эрмэлзэнэ гэсэн үг. Бас эр зоригтой байж, үнэнийг ярихыг хэлнэ (Ефес 4:25, 29, 31; Иаков 5:16).

10. а) Бузар муугаас сална гэж яахыг хэлдэг вэ? б) Яаж сайныг үйлдэх вэ?

10 «Бузар муугаас салж, сайныг үйлд. Амар тайвныг хайж, түүнийг мөрдөн мөшгө» (Дуулал 34:14). Бид садар самуун үйлдэх, порно материал үзэх, хулгай хийх, мэргэ төлөг буулгах, хүч хэрэглэх, архидан согтуурах, мансууруулах бодист донтох гэх зэрэг Бурхны жигшдэг үйл хэргээс зайлсхийдэг. Амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ ч ийм жигшүүрт үйл хэргийг өөгшүүлдэг алив бүхнээс хол байдаг (Ефес 5:10–12). Бид цаг заваа сайн үйлд зориулдаг. Хамгийн сайн үйл бол хүмүүсийг аврагдахад нь туслан, Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлж, шавь бэлдэх ажилд тогтмол оролцох явдал юм (Матай 24:14; 28:19, 20). Бас цуглаанд бэлдэн, идэвхтэй оролцож, Хаанчлалын үйл хэрэгт хандив өргөхийн зэрэгцээ цуглааны танхимаа ариг гамтай эдэлж, ядарч яваа нэгэндээ тус дэм болох нь сайныг үйлдэж байгаа хэрэг юм.

11. а) Давид «амар тайвныг хайж, түүнийг мөрдөн мөшгөдөг» хүн байснаа үйл хэргээрээ хэрхэн харуулсан бэ? б) Хурал дотроо «амар тайвныг мөрдөн мөшгөхийн» тулд яах хэрэгтэй вэ?

11 Амар тайвныг мөрдөн мөшгөхийн сайхан жишээг Давид үзүүлжээ. Саул хааныг хөнөөх боломж хоёр ч удаа гарсан боловч Давид хүний амь хөнөөхийг цээрлэсэн. Хожим нь, Саул хаантай хүндэтгэлтэй харьцаж, эв эеэ олохыг хичээж байсан (1 Самуел 24:8–11; 26:17–20). Тэгвэл, христиан хурлын амар тайван байдалд аюул учирвал яах вэ? «Амар тайвныг хайж, түүнийг мөрдөн мөшгөх» хэрэгтэй. Тиймээс, христиан хүн итгэл нэгтэнтэйгээ таарамжгүй байвал Есүсийн зөвлөснөөр, «эхлээд ах дүүтэйгээ эвлэрэх» учиртай. Дараа нь, жинхэнэ шүтлэгт хамаатай бусад үйл хэрэгт оролцож болно (Матай 5:23, 24; Ефес 4:26).

Бурхнаас эмээхийн шагнал

12, 13. а) Бурхнаас эмээдэг хүмүүс ямар ач тус хүртдэг вэ? б) Бурхны үйлчлэгчид удахгүй ямар шагнал хүртэх вэ?

12 «ЭЗЭНий мэлмий зөв шударга хүн рүү чиглэсэн байдаг бөгөөд Түүний сонор тэдний хашхирахыг чагнадаг» (Дуулал 34:15). Энэ үг үнэн гэдгийг Давидын түүх баталдаг. Еховаг хамт байдаг гэж бодохлоор бид баяр хөөртэй, сэтгэл амар байдаг. Дааж давшгүй зовлон амсах үед ч хэрэгтэй бүхнийг маань өгнө гэдэгт итгэдэг. Библид зөгнөснөөр, Бурхны бүх үйлчлэгч удахгүй Магогийн Гогийн довтолгоонд өртөж, «ЭЗЭНий аймшигт өдрийг» үзнэ (Иоел 2:11, 31; Езекиел 38:14–18, 21–23). Тэр үед юу ч тулгарсан, Давидын: «Тэднийг хашхирахад ЭЗЭН сонсож, бүх саад бэрхшээлээс нь тэднийг авардаг» хэмээсэн үг үнэн болох нь батлагдана (Дуулал 34:17).

13 Еховагийн нэрээ алдаршуулах цагийг үзэх юутай сайхан байх бол оо! Тэр цагт бид Бурхнаа улам илүү биширч, харин Бурхныг эсэргүүцэгчид гутамшигтайгаар устгагдана. «ЭЗЭНий нүүр царай бузрыг үйлдэгчдийн эсрэг байдаг нь тэдний тухай дурсгалыг ч дэлхийгээс арилгахын тулд юм» (Дуулал 34:16). Еховагийн аврахыг үзэж, шинэ ертөнцөд амьдарна гэдэг хэчнээн том шагнал бэ!

Зовлонг тэвчихэд Еховагийн амлалт тусалдаг

14. Зовлонг тэвчихэд Библийн ямар зүйл туслах вэ?

14 Шинэ ертөнцөд амьдрах тэр цаг иртэл завхран гажуудсан, дайсагнасан ертөнцөд Еховад дуулгавартай байхын тулд тэвчээртэй байх хэрэгтэй болдог. Бурхнаас эмээх сэтгэл дуулгавартай байж сурахад ихээхэн тусалдаг. Өнөөгийн хэцүү цагт Еховагийн зарим үйлчлэгч тэвчихийн аргагүй зовлон амссанаас болж зүрх нь эмтэрч, сэтгэлийн дарамтад ордог. Гэхдээ Еховад найддаг хүн Бурхныхаа тусламжтайгаар зовлонг тэвчиж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байдаг. Давид: «ЭЗЭН эмтэрсэн зүрхтэй хүнд ойртон байдаг бөгөөд сүнсээрээ гэмшигчдийг [«сэтгэлийн дарамттай хүмүүсийг», ШЕ] авардаг» хэмээн бичсэн нь тэднийг тайвшруулдаг (Дуулал 34:18). Бас, «Зөв шударга хүний зовлон зүдгүүр их байдаг, харин ЭЗЭН түүнийг тэр бүгдээс нь авардаг» гэж бичсэнийг уншаад урамшдаг (Дуулал 34:19). Хэчнээн их зовлон зүдгүүр учирсан ч Ехова биднийг аврах хүчтэй.

15, 16. а) Давид 34-р дууллыг зохиосныхоо дараахан ямар хэрэг явдлын тухай сонссон бэ? б) Сорилтыг тэвчихэд Еховагийн ямар ямар амлалт туслах вэ?

15 Давид 34-р дууллыг зохиосныхоо дараахан Саул хаан Ноб хотын ард иргэд болон ихэнх тахилчийг хөнөөснийг сонсжээ. Өөрийг нь Нобт очсоноос л болоод Саул ийм аймшигт хэрэг хийлээ гэж бодохоос сэтгэл нь хэчнээн их шаналж байсан бол оо! (1 Самуел 22:13, 18–21). Тэгээд Еховад залбирч, тэр «зөвт» хүмүүс ирээдүйд амилна гэж бодоод тайвширсан биз ээ (Үйлс 24:15).

16 Дахин амилах найдвар бидэнд ч бас зовлонг тэвчихэд тусалдаг. Дайснууд маань бидэнд үүрдийн хор хүргэж чадахгүй (Матай 10:28). Давид ч бас тийн итгэдэг байсан нь, «Тэр [зөв шударга хүний] бүх ясыг хамгаалдаг. Тэднээс нэг нь ч хугараагүй юм» гэж бичсэнээс нь харагддаг (Дуулал 34:20). Энэ үг анх Есүс дээр биелсэн. Есүс тарчилж үхсэн боловч нэг ч яс нь хугараагүй юм (Иохан 19:36). Дуулал 34:20-д бичсэн зөгнөл тослогдсон христианууд болон тэдний хамтран зүтгэгч «өөр хонинуудад» ямар ч сорилт тулгарсан, «нэг ч яс нь хугарахгүй», өөрөөр хэлбэл, үүрдийн хохирол амсахгүй гэсэн баталгаа өгдөг (Иохан 10:16, ШГ).

17. Еховагийн ард түмнийг эсэргүүцэгчдийг юу хүлээж байна вэ?

17 Харин хорон муу хүмүүсийг өөр ирээдүй хүлээж байна. Тун удахгүй тэд юу тарьснаа хураана. «Бузар муу байдал хорон муу хүнийг ална. Зөв шударга хүнийг үзэн ядагчид буруушаагдана» (Дуулал 34:21). Бурхны ард түмнийг эсэргүүцдэг бүх хүн хамгийн аймшигтай зовлон үзэж, Есүс Христийг илчлэгдэхэд «мөнх сүйрлийн төлөөсийг төлнө» (2 Тесалоник 1:9).

18. «Үй олон хүн» «аврагдсан» гэдэг нь юу гэсэн үг вэ? Тэднийг ямар ирээдүй хүлээж байна вэ?

18 Давид дууллынхаа төгсгөлд: «ЭЗЭН Өөрийн зарц нарыг... авардаг бөгөөд Түүний дотор хоргоддог хэн нь ч буруушаагдахгүй» гэж батлан бичсэн байдаг (Дуулал 34:22). 40 жил хаан ширээнд суусныхаа эцэст тэрбээр: «[Бурхан] Миний амьдралыг бүх зовлонгоос аварсан» гэж хэлжээ (Хаадын дээд 1:29). Давидын адилаар, Еховагаас эмээдэг хүмүүс өнгөрснөө дурсан, нүглээс болж «буруушаагдахаа» больж, бүх зовлонгоос аврагдсандаа хөөрөн баярлах цаг ойрхон байна. Тослогдсон христиануудын ихэнх нь тэнгэрийн шагналаа авчихаад байгаа. Харин бүх үндэстнээс цуглаж буй «үй олон хүн» дэлхий дээр үлдсэн Есүсийн ах дүү нартай хамт Бурханд үйлчилдгийн үрээр Еховад цэвэр ариун гэж тооцогддог. Энэ нь аврагдсантай адил юм. Учир нь, тэд Есүсийн асгаруулсан цус нүгэл, үхлээс аврах хүчтэй гэдэгт итгэдэг. Христ удахгүй болох Мянган жилийн засаглалынхаа үед золиосныхоо ач тусыг тэдэнд бүрэн дүүрэн хүртээж, төгс болгоно (Илчлэлт 7:9, 14, 17; 21:3–5).

19. «Үй олон хүн» юунд шийдвэр төгс байдаг вэ?

19 Бурхан «үй олон хүнд» ямар учраас тийм шагнал хүртээх вэ? Тэд Бурхнаас эмээдэг буюу түүнийг сүсэглэн биширч, дуулгавартай үйлчлэхээр эргэлт буцалтгүй шийдсэн учраас тэр юм. Еховагаас эмээдэг хүн одоо жаргалтай амьдарч, ирээдүйд «жинхэнэ аминд хүрэх» буюу Бурхны амласан шинэ ертөнцөд мөнх амьдарна (1 Тимот 6:12, 18, 19; Илчлэлт 15:3, 4).

Санаж байна уу?

• Бурхнаас эмээх ёстойн учир юу вэ? Бурхнаас эмээнэ гэж яахыг хэлдэг вэ?

• Бурхнаас эмээх сэтгэл амьдралд яаж нөлөөлдөг вэ?

• Бурхнаас эмээхийн шагнал юу вэ?

• Зовлонг тэвчихэд Бурхны ямар ямар амлалт тусалдаг вэ?

[Догол мөрийн асуулт]