Skip to content

Гарчиг руу орох

Еховагийн Нэрийг Өргөмжилцгөөе!

Еховагийн Нэрийг Өргөмжилцгөөе!

Еховагийн нэрийг өргөмжилцгөөе!

«Надтай хамт ЭЗЭНийг дээдэлж, хамтдаа Түүний нэрийг өргөмжилцгөөе» (ДУУЛАЛ 34:3).

1. Есүс ямар жишээ үлдээсэн бэ?

 МАНАЙ ЭРИНИЙ 33 оны нисан сарын 14-ний үдэш Иерусалимд нэгэн байшингийн дээд давхрын өрөөнд Есүс элч нартайгаа хамт байхдаа Еховаг магтан дуулжээ (Матай 26:30). Сүүлчийн удаа элч нартайгаа магтуу дуулсан нь энэ байлаа. Есүс баптисм хүртсэн цагаасаа эхлэн үхэн үхтэлээ Эцгээ магтан алдаршуулж, нэрийг нь идэвх зүтгэлтэй тунхаглаж байсан тул цуглаанаа дуугаар дуусгасан нь ч зөв байв (Матай 4:10; 6:9; 22:37, 38; Иохан 12:28; 17:6). Тэрбээр дуулалчийн нэгэн адил, «Надтай хамт ЭЗЭНийг дээдэлж, хамтдаа Түүний нэрийг өргөмжилцгөөе» хэмээн хүмүүсийг уриалан дууддаг байсан (Дуулал 34:3). Ийнхүү бидэнд сайхан жишээ үлдээжээ.

2, 3. а) 34-р дуулал зөгнөл гэдгийг бид хаанаас мэддэг вэ? б) Энэ болон дараагийн өгүүллээс юу мэдэж авах вэ?

2 Есүстэй хамт магтуу дуулж байсан элч Иохан хэдэн цагийн дараа Багшийгаа хоёр гэмт хэрэгтний хамт шонд хадуулан, тарчилж үхэхийг үзжээ. Шонд хадуулсан хүмүүсийг хурдан үхүүлэхийн тулд Ромын цэргүүд хоёр гэмт хэрэгтний хөлийг хугалжээ. Гэхдээ, Иоханы бичсэнээс үзвэл, Есүс аль хэдийн амьсгал хураасан байсан тул хөлийг нь хугалалгүй орхисон байна. Энэ нь 34-р дууллын, «[Түүний яснаас] нэг нь ч хугараагүй» хэмээсэн зөгнөл биелсэн хэрэг байсныг Иохан тайлбарлажээ (Иохан 19:32–36; Дуулал 34:20).

3 34-р дуулалд христианууд бидний сонирхлыг татах өөр олон зүйл бий. Давид юунаас болж энэ дууллаа бичсэн бэ? Уг дуулал биднийг сүнслэгээр хэрхэн бэхжүүлэх вэ? Эдгээр асуултын хариуг энэ болон дараагийн өгүүллээс мэдэж авцгаая.

Давид Саулаас зугтсан нь

4. а) Давидыг Израилийн ирээдүйн хаан болгон тосолсон нь ямар учиртай вэ? б) Саул Давидыг яагаад «ихэд хайрладаг» болсон бэ?

4 Давидыг бага залуу байхад Израилийн хаан нь Саул байв. Харамсалтай нь, Саул дуулгаваргүй загнаж, Еховагийн сайшаалыг хүлээхээ больжээ. Тийм учраас, зөнч Самуел түүнд: «ЭЗЭН өнөөдөр танаас Израилийн хаанчлалыг таслан авч, түүнийг танаас илүү сайн, таны хөршид өгөв» гэж хэлжээ (1 Самуел 15:28). Хожим нь Ехова Иессийн отгон хүү Давидыг Израилийн ирээдүйн хаан болгон тослуулахаар Самуелыг явуулав. Тэр үед Саул хаан Бурхны сүнсийг алдаж, сэтгэл санаа нь тавгүйтдэг болсон байлаа. Тиймээс, сэтгэлийг нь тайвшруулахын тулд авьяаслаг хөгжимчин Давидыг хаанд үйлчлүүлэхээр Гибеад аваачсан аж. Саул Давидын хөгжимдөхийг сонсоод тайвширдаг байсан тул түүнийг «ихэд хайрладаг» болжээ (1 Самуел 16:11, 13, 21, 23).

5. Саул зангаа хувиргасны учир юу вэ? Давид ямар аргагүй байдалд орсон бэ?

5 Ехова Давидыг ивээж байгаа нь улам тодорхой болж байлаа. Давид Филистийн аварга биет цэрэг Голиатыг ялж, хожим нь дайтах ур чадвараараа израильчуудын хүндэтгэлийг хүлээсэн нь Еховагийн ивээл байв. Амжилтад нь атаархсан Саул сүүлдээ түүнийг үзэн ядах болов. Хоёр ч удаа, Давидыг босоо ятга тоглож байхад нь жадаа шиддэг ч, Давид тухай бүрд нь бултаж амждаг. Амийг нь хөнөөхийг гурав дахь удаагаа оролдоход нь Израилийн ирээдүйн хаан амиа авран зугтах хэрэгтэйгээ ухаардаг. Саул өөрийг нь барьж авч, алахыг удаа дараа оролдох болсноос Давид эцэстээ харийн нутагт амь хоргодохоор сэтгэл шулууджээ (1 Самуел 18:11; 19:9, 10).

6. Саул Нобын оршин суугчдыг устгах тушаал буулгасны учир юу вэ?

6 Давид Саулаас зугтаж явахдаа мөргөлийн асар байдаг Ноб хэмээх хотод хэсэг саатсан нь хүмүүстэйгээ хамт амарч, хүчээ сэлбэх гэснийх бололтой. Тэргүүн тахилч тэдэнд хоол хүнс болон Голиатын илдийг өгчээ. Саул үүнийг дуулаад уурлан хилэгнэж, хотын бүх оршин суугч, түүний дотор 85 тахилчийг хөнөөв (1 Самуел 21:1, 2; 22:12, 13, 18, 19; Матай 12:3, 4).

Үхлээс дахин зугтсан нь

7. Гатад орогнох нь Давидад ямар учраас аюултай байсан бэ?

7 Давид зугтан явсаар, Нобоос баруун тийш 40 орчим километрт орших Филистийн нутаг руу орж, Голиатын төрсөн хот Гатад очин, Ахиш хаанаас орогнол хүсжээ. Саул өөрийг нь мөрдөж мөшгөж явсаар хамгийн сүүлд энэ хотод ирнэ гэж тооцоолж байсан болов уу. Гэтэл удалгүй Гатын хааны зарц нар Давидыг таньжээ. Давид илчлэгдсэнээ мэдээд, «Гатын хаан Ахишаас ихэд эмээв» (1 Самуел 21:10–12).

8. а) 56-р дууллыг үзвэл, Давид Гатад байхдаа юунд итгэлтэй байсан бэ? б) Давид яаж арайхийн амь гарсан бэ?

8 Давид филистчүүдийн гарт оржээ. Энэ л үедээ, Еховад хандан: «Миний нулимсыг тулмандаа хийгээч» гэсэн сэтгэлийн үгтэй дуугаа зохиогоо болов уу (Дуулал 56:8; мөн уг дууллын өмнөх үгийг үзнэ үү). Ехова зовлон шаналлыг нь мартахгүй, харин ч өөрийг нь хайрлан халамжилж, авран хамгаална гэдэгт итгэдгээ энэ дуугаараа илэрхийлжээ. Тэрбээр Ахиш хааныг мэхлэх арга сэдэн, «галзуу солиотой» хүний дүр эсгэхэд нь хаан, галзуу хүн авчирлаа гэж зарц нараа загнажээ. Давидын сэдсэн арга бүтэлтэй болсон нь Ехова тусалсны баталгаа юм. Ийнхүү Давид арайхийн амь гарч, хотоос явжээ (1 Самуел 21:13–15).

9, 10. Давид 34-р дууллыг ямар учраас зохиосон бэ? Уг дууллыг зохиохдоо хэнийг бодож байсан байж болох вэ?

9 Давидын хүмүүс Гатад хамт очсон уу, эсвэл түүнийг хамгаалахаар Гаттай хөрш зэргэлдээ Израилийн тосгодод үлдсэн үү гэдгийг Библид бичээгүй. Юутай ч, Давид тэдэнтэй баяр хөөр болон уулзаж, Ехова өөрийг нь яаж дахин аварсныг ярьсан байж таарна. Давид энэ явдалд үндэслэн 34-р дууллыг зохиосон нь уг дууллын өмнөх үгнээс харагддаг. Өөрийг нь аварсан Еховаг магтаж, ард түмнээ хамгаалдаг Бурхан хэмээн өргөмжлөхийг нөхдөдөө уриалсан тухай эхний долоон зүйлд бичжээ (Дуулал 34:3, 4, 7).

10 Давид хүмүүстэйгээ Гатаас зүүн тийш 15 орчим километрт, Израилийн уулархаг нутагт орших Адулламын агуйд орогнов. Саул хааныг төр барьж байгаад дургүйцэж бухимдсан израильчууд ирж, тэдэнтэй нийлжээ (1 Самуел 22:1, 2). Давид «Дуулал» номын 34-р бүлгийн 8−22-р зүйлд бичсэн үгийг зохиохдоо тэр хүмүүсийг бодож байсан бололтой. Эдгээр зүйл бидэнд ч чухал ач холбогдолтой бөгөөд энэ сайхан дууллыг дэлгэрэнгүй авч үзвэл үнэхээр тустай.

Таны туйлын хүсэл Давидынхтай адилхан уу?

11, 12. Еховаг үргэлж магтан алдаршуулах ямар ямар шалтгаан байдаг вэ?

11 «Би ЭЗЭНийг цаг үргэлж магтана. Түүнийг магтах нь миний аманд үргэлж байх болно» (Дуулал 34:1). Давид толгой хоргодох орон гэргүй явж байхдаа юм юмаар гачигдаж дутагдаж байсан байж таарна. Гэсэн ч амьдралаа яаж залгуулах билээ гэж хэт санаа зовж, Еховаг магтан алдаршуулах зорилгоосоо ухраагүйг дээрх үг харуулдаг. Бид ч бас сорилттой тулгарахдаа Давидыг дуурайх ёстой. Ажил сургууль дээр байхдаа ч, итгэл нэгтнүүдтэйгээ харьцахдаа ч, дэлгэрүүлж явахдаа ч Еховаг магтан алдаршуулах нь бидний туйлын хүсэл байх учиртай. Еховаг магтах тоо томшгүй шалтгаан бий. Жишээлбэл, Еховагийн гайхамшигтай бүтээлийг судалж шинжилж, биширч бахдаад баршгүй. Орчин үед Ехова дэлхий дэх байгууллагыг нь бүрдүүлдэг төгс бус боловч үнэнч хүмүүсийг оролцуулан, агуу үйл хэрэг хийж байгааг бодож үзье. Үнэхээр, Бурхны бүтээл, үйл хэргийг ертөнцийнхний шүтээн болсон хүмүүсийн үйл хэрэгтэй харьцуулшгүй! «Өө, ЭЗЭН, бурхдын дунд Тань шиг хэн ч үгүй, Таных шиг үйлс ч байхгүй» хэмээн бичсэн Давидтай та санал нийлэх биз ээ (Дуулал 86:8).

12 Хосгүй гайхамшигтай үйл хэргийг нь бодохлоор бидэнд ч бас Давидын адилаар, Еховаг ямагт магтан алдаршуулах хүсэл төрдөг. Түүнээс гадна, эдүгээ Давидын удмаас гарсан Есүс Христ Бурхны Хаанчлалын Хаан болон захирч байгаа билээ (Илчлэлт 11:15). Энэ нь, ёс бус ертөнцийн төгсгөл ойртож, зургаан тэрбум гаруй хүний амь нас хутганы ирэн дээр ирчихээд байна гэсэн үг. Тэдэнд Бурхны Хаанчлалын тухай мэдээ дэлгэрүүлж, Хаанчлал хүн төрөлхтний төлөө юу хийхийг хэлж, Еховаг магтан алдаршуулахад туслах нь хэзээ хэзээнээс илүү чухал болоод байна. Тийм ээ, бүх боломжоо дайчлан, цаг байгаа дээр нь «сайн мэдээг» хүлээж авахыг хүмүүст уриалцгаая. Энэ ажил амьдралын маань эн тэргүүнд байх учиртай (Матай 24:14).

13. а) Давид хэнээр сайрхдаг байсан бэ? Үүний ачаар ямар хүмүүс Бурханд татагдсан бэ? б) Даруу хүмүүс юуны ачаар христиан хуралтай нэгдэж байна вэ?

13 «Миний сэтгэл ЭЗЭНээр сайрхана. Даруу хүн үүнийг сонсон баярлана» (Дуулал 34:2). Давид өөрөөрөө сайрхдаггүй байв. Жишээ нь, Гатын хааныг мэхэлж чадсандаа онгирч сагсууралгүй, Ехова л хамгаалж, зугтахад нь тусалсан гэдгийг ойлгож байсан (Сургаалт үгс 21:1). Тийм ч учраас, Еховагаар сайрхаж байжээ. Үүнийх нь ачаар даруу хүмүүс Еховад татагддаг байсан. Есүс ч бас Эцгийнхээ нэрийг өргөмжлөн, Еховагаас суралцахад бэлэн бөгөөд даруу хүмүүсийг Бурханд ойртоход нь тусалсан. Эдүгээ бүх үндэстний даруу хүмүүс Есүс Тэргүүнтэй тослогдсон христиануудын хуралтай нэгдэж байна (Колоссай 1:18). Тэд Еховагийн үйлчлэгчдээс Бурхны нэрийг мэдэж, ариун сүнсний тусламжтайгаар Библийг ойлгоод, «зүрх нь нээгддэг» (Иохан 6:44; Үйлс 16:14).

Цуглаан итгэл бэхжүүлдэг

14. а) Дуулал 34:3-ыг үзэхэд, Давид яадаг байсан бэ? б) Есүс итгэл нэгтнүүдтэйгээ цуглах тухайд ямар жишээ үлдээсэн бэ?

14 «Надтай хамт ЭЗЭНийг дээдэлж, хамтдаа Түүний нэрийг өргөмжилцгөөе» (Дуулал 34:3). Эндээс харахад, Давид нөхдөдөө Бурхны нэрийг хамтдаа өргөмжлөхийг халуун дотноор уриалдаг байжээ. Их Давид Есүс Христ ч мөн адил, Еховаг олон түмэнд магтан алдаршуулах дуртай байсан бөгөөд нутгийнхаа синагогт ч, баяр наадмын үеэр Иерусалимын сүмд ч, дагалдагчидтайгаа хамт байхдаа ч Эцгийнхээ нэрийг өргөмжилдөг байв (Лук 2:49; 4:16–19; 10:21; Иохан 18:20). Еховагийн «өдөр ойртож буйг харах тусам» итгэл нэгтнүүдтэйгээ цуглан, Есүсийн жишээгээр, Ехова Бурхнаа магтан алдаршуулна гэдэг юутай хосгүй завшаан бэ! (Еврей 10:24, 25).

15. а) Давидад тохиолдсон явдал нөхдөд нь ямар ач тустай байсан бэ? б) Цуглаан ямар ач тустай вэ?

15 «Би ЭЗЭНийг хайсан бөгөөд Тэр надад хариулж, бүх айдсаас минь намайг аварсан» (Дуулал 34:4). Давид өөрт тохиолдсон явдлаас үүдэн энэ зүйлийг бичсэн. Тийм ч учраас, «Энэ ядуу хүн хашхирахад ЭЗЭН түүнийг сонсож, бүх саад бэрхшээлээс нь түүнийг аварсан» гэж цааш нь бичжээ (Дуулал 34:6). Еховагийн тусламжтайгаар хүнд сорилтыг хэрхэн давснаа ярьж, бие биеэ урамшуулах олон сайхан боломж итгэл нэгтнүүдтэйгээ уулзахад гардаг. Давидын үг нөхдийнх нь итгэлийг бэхжүүлж байсан шиг бидний яриа ч бас христиан ах дүүсийн маань итгэлийг бэхжүүлнэ. Давидын нөхөд «[Еховаг] хараад гэрэлтэх болсон бөгөөд тэдний нүүр царай дахин ичгүүрт ороогүй» (Дуулал 34:5). Тэд Саул хаанаас зугтаж яваагаа ичгүүрт хэрэг гэж үзээгүй. Ехова Давидад тусалдаг гэдэгт итгэн, нүүр царай нь «гэрэлтэж» байжээ. Үүнтэй адилаар, Библи судалж эхлээд удаагүй байгаа хүмүүс ч, Еховад олон жил үйлчилж байгаа христианууд ч Еховаг дэмжинэ гэж харж байдаг. Еховагийн тусламжийг биеэрээ үзсэн учраас үнэнч үлдэхээр хатуу шийдсэнийг нь илтгэн, нүүр царай нь «гэрэлтэж» байдаг.

Тэнгэр элчийн тусламжийг үнэлэгтүн

16. Ехова ард түмнээ тэнгэр элчүүдээрээ хэрхэн хамгаалуулдаг вэ?

16 «ЭЗЭНий тэнгэр элч Түүнээс эмээгчдийн эргэн тойронд байж, тэднийг авардаг» (Дуулал 34:7). Давид Еховаг ганцхан өөрийг нь хамгаалдаг гэж бодож байгаагүй. Ехова Израилийн ирээдүйн хаанаар тосолсон хүнээ хамгаалах нь зүйн хэрэг байсан. Гэхдээ эрх мэдэлтэй, эгэл дорд аль нь ч бай, Ехова бүх үнэнч үйлчлэгчээ тэнгэр элчүүдээрээ хамгаалуулдаг гэдгийг Давид мэддэг байсан. Орчин үеийн христианууд ч бас Еховагийн хэрхэн хамгаалдгийг биеэрээ үздэг. Нацистын Герман, Ангол, Малави, Мозамбик болон өөр олон оронд эрх мэдэлтнүүд Еховагийн Гэрчүүдийг газрын хөрснөөс арчихыг оролдож байв. Гэхдээ тэдний оролдлого талаар болж, харин ч Еховагийн ард түмэн цэцэглэн хөгжиж, Бурхныхаа нэрийг хамтдаа өргөмжилсөөр байна. Учир нь Ехова ард түмнээ үнэнч тэнгэр элчүүдээрээ хамгаалуулж, удирдан чиглүүлдэг (Еврей 1:14).

17. Тэнгэр элчүүд бидэнд хэрхэн тусалдаг вэ?

17 Түүнээс гадна, тэнгэр элчүүд бусдыг бүдрүүлж болзошгүй хүмүүсийг Еховагийн ард түмний дундаас зайлуулахын тулд нөхцөл байдлыг удирддаг (Матай 13:41; 18:6, 10). Хэдийгээр, бид тухай бүрд нь мэддэггүй ч, тэнгэр элчүүд Бурханд үйлчлэхэд маань саад болох зүйлийг арилгаж, Еховатай тогтоосон харьцааг маань эвдэн бусниулах бүхнээс хамгаалдаг. Хамгийн гол нь, бүх хүнд «мөнхийн сайн мэдээ» тунхаглахад, ялангуяа, дэлгэрүүлэхэд аюултай газар нутагт үүргээ амжилттай биелүүлэхэд тусалдаг (Илчлэлт 14:6). Тэнгэр элчүүд хэрхэн тусалдгийг Еховагийн Гэрчүүдийн Библид үндэслэн гаргадаг ном хэвлэлээс жишээ баримтаар мэдэж болно. * Тийм жишээ баримт үнэхээр олон байдаг учраас санамсаргүй тохиолдол гэж үзэх аргагүй юм.

18. а) Тэнгэр элчүүдээр туслуулъя гэвэл яах хэрэгтэй вэ? б) Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

18 Тэнгэр элчүүдээр үргэлж удирдуулж, хамгаалуулъя гэвэл эсэргүүцэлтэй тулгарсан ч, Еховагийн нэрийг өргөмжилж байх ёстой. Тэнгэр элчүүд зөвхөн Еховагаас «эмээгчдийн эргэн тойронд» байдгийг санаж яваарай. Еховагаас эмээх гэж юу гэсэн үг вэ? Яавал Бурхнаас эмээдэг болох вэ? Хайрын Бурхан өөрөөс нь эмээхийг яагаад биднээс хүсдэг вэ? Дараагийн өгүүллээр эдгээр асуултад хариулъя.

[Зүүлт]

^ «Еховагийн Гэрчүүд Бурхны Хаанчлалыг тунхагладаг» номын 550-р хуудас, «Еховагийн Гэрчүүдийн жил тутмын ном − 2005» номын 53, 54-р хуудас, «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2000 оны 3-р сарын 1-ний дугаарын 5, 6-р хуудас, 1991 оны 1-р сарын 1-ний дугаарын 27-р хуудас, мөн оны 2-р сарын 15-ны дугаарын 26-р хуудсыг тус тус үзнэ үү (англи).

Хариулна уу

• Давид залуу байхдаа ямар ямар сорилтыг давсан бэ?

• Давидыг дуурайдаг хүний туйлын хүсэл юу байх ёстой вэ?

• Цуглаан ямар ач тустай вэ?

• Еховагийн тэнгэр элчүүд бидэнд яаж тусалдаг вэ?

[Догол мөрийн асуулт]