Skip to content

Гарчиг руу орох

Тэнгэр элчүүд хүмүүст ямар нөлөө үзүүлдэг вэ?

Тэнгэр элчүүд хүмүүст ямар нөлөө үзүүлдэг вэ?

Тэнгэр элчүүд хүмүүст ямар нөлөө үзүүлдэг вэ?

«Үүний дараа агуу эрх мэдэлтэй өөр нэгэн тэнгэр элч тэнгэрээс буухыг би харав. [...] Тэр хүчит дуугаар хашхиран: „Агуу Вавилон нурлаа, нурлаа“ [гэв]» (ИЛЧЛЭЛТ 18:1, 2).

1, 2. Еховаг хүсэл тааллаа биелүүлэхэд нь тэнгэр элчүүд чухал үүрэг гүйцэтгэдэг нь хаанаас харагддаг вэ?

 ЕХОВА насан өндөр болсон элч Иоханыг Патм аралд цөлөгдөөд байхад нь ирээдүйд буюу «Эзний өдөр» болох сэтгэл хөдөлгөм үйл явдлыг гайхамшгаар үзүүлжээ. Тэрхүү өдөр нь Есүс Христийг 1914 онд хаан сэнтийд залрахад эхэлсэн бөгөөд Мянган жилийн засаглалынх нь төгсгөл хүртэл үргэлжлэх ажээ (Илчлэлт 1:10).

2 Ехова Бурхан ирээдүйн үйл явдлыг Иоханд хэрхэн үзүүлсэн бэ? Илчлэлт 1:1-д: «Удахгүй болох ёстой юмсыг Өөрийн боолуудад үзүүлэхийн тулд Бурхны Түүнд өгсөн Есүс Христийн илчлэлт. Тэр тэнгэр элчээ илгээж өөрийн боол Иоханд үүнийг мэдүүлжээ» гэж бичжээ. Ехова Есүсээр уламжлан, тэнгэр элчийн тусламжтайгаар тэр гайхалтай үйл явдлыг Иоханд мэдүүлсэн байна. Бас нэг удаа Иохан «агуу эрх мэдэлтэй өөр нэгэн тэнгэр элч тэнгэрээс буухыг» үзжээ. Тэр тэнгэр элч «хүчит дуугаар хашхиран: „Агуу Вавилон нурлаа, нурлаа“» гэж байлаа (Илчлэлт 18:1, 2). Тэрбээр Агуу Вавилон буюу хуурамч шашны тогтолцоо сөнөх тухай зарлан мэдэгдэх хүндтэй үүрэг гүйцэтгэж байжээ. Тэгэхлээр, Еховаг хүсэл тааллаа биелүүлэхэд нь тэнгэр элчүүд чухал үүрэг гүйцэтгэдэг нь тодорхой байна. Тэнгэр элчүүд чухам ямар үүрэг гүйцэтгэдэг, хүмүүст ямар нөлөө үзүүлдгийг дэлгэрэнгүй ярилцахаасаа өмнө гарал үүслийг нь авч үзье.

Тэнгэр элчүүд хэрхэн бий болсон бэ?

3. Тэнгэр элчүүдийн талаар олон хүн яаж буруу ойлгодог вэ?

3 Өнөөдөр олон сая хүн тэнгэр элч байдаг гэдэгт итгэдэг боловч ихэнх нь тэнгэр элчүүдийн тухай, гарал үүслийнх нь тухай буруу ойлгодог. Жишээ нь, Бурхан сайн хүнийг нас барахлаар дэргэдээ авч, тэнгэр элчээ болгодог гэж боддог хүмүүс бий. Тэгвэл Бурхны Үгэнд тэнгэр элчүүдийн гарал үүсэл, гүйцэтгэх үүргийн талаар чухам юу гэж бичсэн байдаг вэ?

4. Тэнгэр элчүүдийн гарал үүслийн талаар Библид юу гэж байдаг вэ?

4 Хамгийн их эрх мэдэл, хүч чадалтай тэргүүн тэнгэр элчийг Михаел гэдэг (Иуда 9). Библид: «Эзэн [Есүс Христ] өөрөө... тэргүүн тэнгэр элчийн дуутай тэнгэрээс бууж ирнэ» гэж бичжээ (1 Тесалоник 4:16, ШЕ). Энд Есүсийн дууг «тэргүүн тэнгэр элчийн дуу» гэжээ. Тэгэхлээр, тэргүүн тэнгэр элч Михаел гэдэг нь Есүс болж байна. Ехова энэ сүнсэн Хүүгээ хамгийн түрүүнд бүтээжээ (Илчлэлт 3:14). Хожим нь ууган Хүүгийнхээ оролцоотойгоор бусад тэнгэр элчийг бүтээсэн (Колоссай 1:15–17). Нэгэн удаа Ехова Иов гэдэг хүнээс: «Би газар дэлхийн суурийг тавихад чи хаана байв аа?» хэмээн асуугаад, «Хэрэв чамд ойлголт байгаа юм бол Надад хэлээч... Түүний булангийн чулууг хэн тавьсан юм бэ? Тэгэхэд өглөөний одод хамтдаа дуулцгааж, Бурхны бүх хөвгүүд баярлалдан уухайлсан» гэж хэлжээ. Бурхны хөвгүүд гэсэн нь тэнгэр элчүүдийг хэлсэн хэрэг ажээ (Иов 38:4, 6, 7). Тэгэхлээр, Бурхан хүмүүсийг бүтээхээсээ бүр өмнө тэнгэр элчүүдийг бүтээсэн нь тодорхой байна.

5. Бурхан тэнгэр элчүүдийг хэрхэн зохион байгуулсан бэ?

5 «Бурхан бол замбараагүй байдлын Бурхан бус, харин энх тайвны Бурхан» гэж 1 Коринт 14:33-т бий (МБОХ, 1996). Тийм ч учраас, Ехова сүнсэн хөвгүүдээ сераф, херуб, бусад тэнгэр элчийн гэсэн үндсэн гурван ангид хуваадаг. Сераф нь Бурхны сэнтийн дэргэд үйлчилж, ариун байдлыг нь тунхаглан, ард түмнийг нь сүнслэгээр цэвэр байлгадаг. Херуб нь Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг дэмжиж байдаг. Бусад тэнгэр элч Бурхны хүсэл тааллыг биелүүлэх үйлсэд оролцдог (Дуулал 103:20; Исаиа 6:1–3; Езекиел 10:3–5; Даниел 7:10). Тэгвэл, энэ сүнсэн бүтээлүүд хүмүүст ямар нөлөө үзүүлдэг вэ? (Илчлэлт 5:11).

Тэнгэр элчүүд ямар үүрэгтэй вэ?

6. Ехова херубуудад Еден цэцэрлэгт хамаатай ямар үүрэг өгсөн бэ?

6 Библид тэнгэр элчүүдийн талаар хамгийн анх Эхлэл 3:24-т шууд бичсэн байдаг. Тэнд: «Бурхан тэр хүнийг хөөж гаргаад, амийн мод руу хөтлөх замыг хамгаалуулахаар Еден цэцэрлэгийн зүүн талд херубууд болон зүг бүрд эргэлддэг галт илдийг байрлуулан тавьжээ» гэж бичжээ. Тэр херубууд Адам Ева хоёрыг диваажин гэрт нь буцааж оруулахгүй байх үүрэг авсан байв. Энэ бол хүн төрөлхтний түүхийн эхэнд болсон явдал юм. Тэр цагаас хойш тэнгэр элчүүд ямар үүрэг гүйцэтгэж ирсэн бэ?

7. «Тэнгэр элч» гэж орчуулсан еврей, грек үгийн утгыг үзвэл тэнгэр элчүүд ямар үүрэгтэй вэ?

7 Эх Библид тэнгэр элчүүдийн талаар 400-аад удаа гардаг. «Тэнгэр элч» гэж орчуулсан еврей, грек үг «зарлага» гэсэн утгатай ажээ. Тэгэхлээр, тэнгэр элчүүд Бурхан болон хүмүүсийн хооронд зуучийн үүрэг гүйцэтгэдэг байна. Энэ өгүүллийн эхэнд тэмдэглэснээр, Ехова тэнгэр элчээрээ Иоханд мэдээ хүргүүлсэн нь үүний нэг баталгаа юм.

8, 9. а) Тэнгэр элч Маноа болон түүний эхнэр дээр ямар зорилгоор ирсэн бэ? б) Эцэг эхчүүд Маноагаас юунд суралцаж болох вэ?

8 Тэнгэр элчүүд бас Бурхны дэлхий дэх үйлчлэгчдийг дэмжиж, урамшуулдаг. Израилийг шүүгчид захирч байх үед болсон нэг явдлыг үзье. Маноагийнх гэдэг айл үр хүүхэдтэй болохыг ихэд хүсдэг байв. Ехова тэнгэр элчээ илгээж, Маноагийн эхнэрт: «Чи жирэмсэлж хүү төрүүлэх болно. Тэр хөвгүүний тэргүүнд тонгорог хүргэж болохгүй. Учир нь тэр эхийн умайд байхаасаа Бурханд Назир хүн болох юм. Тэр Израилийг филистчүүдийн савраас аварч эхэлнэ» хэмээн хүүтэй болох гэж байгааг нь хэлүүлжээ (Шүүгчид 13:1–5).

9 Маноагийн эхнэр ч цаг нь болоход хүү төрүүлж, Самсон гэж нэрлэсэн бөгөөд тэр хүү хожмоо Библид гардаг алдартай хүмүүсийн нэг болжээ (Шүүгчид 13:24). Маноа хүүхдээ төрөхөд юу хийж, яаж хүмүүжүүлэх ёстойгоо заалгахаар тэнгэр элчийг дахин ирүүлэхийг гуйн залбирчээ. Тэгээд ирэхэд нь, «Хөвгүүний амьдралын хэв маяг болон үйлчлэл нь ямар байх вэ?» хэмээн асуудаг. Еховагийн тэнгэр элч эхнэрт нь өгсөн заавраа дахин хэлж өгдөг (Шүүгчид 13:6–14). Ийнхүү Маноаг дэмжиж урамшуулан, зорилгоо биелүүлжээ. Өнөө үед тэнгэр элчүүд Маноа дээр хүрч ирсэн шигээ хүмүүс дээр биечлэн очдоггүй. Гэсэн хэдий ч, эцэг эхчүүд үр хүүхдээ хүмүүжүүлэхдээ Маноаг дуурайн, Еховагаас заавар зөвлөгөө авах хэрэгтэй (Ефес 6:4).

10, 11. а) Елиша зарцтайгаа Арамын цэрэгт бүслэгдээд байхдаа яасан бэ? б) Энэ явдлыг эргэцүүлэн бодох нь бидэнд ямар ач холбогдолтой вэ?

10 Тэнгэр элчүүд Бурхны үйлчлэгчдийг дэмждэгийг харуулсан нэг гайхалтай явдал зөнч Елишагийн үед болжээ. Елиша Израилийн Дотан хэмээх хотод хэсэг байв. Нэг өдөр зарц нь эртлэн босоод, гадагш хартал хотыг морьд, тэрэгнүүд бүсэлсэн байлаа. Арамын хаан Елишаг бариулахаар хүчирхэг армиа явуулсан нь тэр ажээ. Елишагийн зарц айн сандрахдаа, «Аяа, эзэн минь! Бид яах билээ?» хэмээн дуу алдсан нь дайсны гарт оржээ гэж бодсоных бололтой. Гэвч Елиша: «Бүү айгтун. Учир нь бидэнтэй хамт байгчид нь тэдэнтэй хамт байгчдаас илүү олон юм» хэмээн хариулжээ. «Бидэнтэй хамт байгчид» гэж хэнийг хэлсэн бэ? (Хаадын дэд 6:11–16).

11 Тэнгэр элчүүд өөрийг нь дэмжихээр ирчихээд байгааг Елиша мэдэж байв. Харин зарц нь мэдэхгүй байлаа. Тиймд «Елиша залбиран: „Өө, ЭЗЭН, би залбирч байна, түүнд харуулахын тулд нүдийг нь нээгээч“ гэж хэлжээ. ЭЗЭН зарцын нүдийг нээж, тэр харав. ...Елишагийн бүхий л эргэн тойрон дахь уул нь галт морьд, тэргээр дүүрсэн байв» (Хаадын дэд 6:17). Ийнхүү, Елишагийн зарц тэнгэр элчүүдийг харжээ. Бидэнд ч бас итгэлийн мэлмий байвал, тэнгэр элчүүд Ехова Есүс хоёрын удирдлагаар Бурхны ард түмнийг дэмжиж, хамгаалдгийг харж чадна.

Тэнгэр элчүүд Мариа Есүс хоёрыг дэмжсэн нь

12. Габриел хэмээх тэнгэр элч Мариаг хэрхэн дэмжсэн бэ?

12 Мариа гэдэг иудей бүсгүйг тэнгэр элч дэмжжээ. Бурхны илгээсэн Габриел хэмээх тэнгэр элч: «Чи хэвлийдээ үртэй болж хүү төрүүлнэ. Түүнийг чи Есүс гэж нэрлэх болно» гэсэн мэдээг Мариад хүргэжээ. Энэ гайхмаар мэдээг дуулгахаасаа өмнө: «Мариа, бүү ай. Чи Бурхны ивээлийг олжээ» гэж хэлсэн аж (Лук 1:26, 27, 30, 31). Бүсгүй Бурхны ивээлийг олсноо мэдээд хэчнээн их урамшиж, зоригжсон бол оо!

13. Тэнгэр элчүүд Есүсийг хэрхэн дэмжиж байсан бэ?

13 Тэнгэр элчүүд бас Есүст дэмжлэг үзүүлсэн байдаг. Есүс цөлд байхдаа Сатанд гурван удаа соригдсон ч, сорилтыг амжилттай давжээ. «Тэгээд диавол Түүнийг орхиход тэнгэр элч нар ирж, Түүнд үйлчилж эхлэв» гэж Библид бичсэн байдаг (Матай 4:1–11). Бас үхэхийнхээ урьд шөнө тэнгэр элчийн дэмжлэгийг авчээ. Зовж шаналсан тэрбээр сөхрөн суугаад, «Эцэг минь, хэрэв Та хүсэж байгаа бол энэ аягыг Надаас зайлуулаач. Гэвч Миний хүсэл бус, харин Таны хүсэл биелэгдэг» гэж залбирчээ. «Тэгтэл тэнгэрээс тэнгэр элч Түүнд үзэгдэн, Түүнийг тэнхрүүлж байлаа» (Лук 22:42, 43). Тэгвэл биднийг яаж дэмждэг вэ?

Тэнгэр элчүүд Еховагийн орчин үеийн үйлчлэгчдийг дэмждэг

14. Сүүлийн жилүүдэд Еховагийн Гэрчүүд ямар хавчлагад өртсөн бэ? Сатаны довтолгоо амжилтад хүрсэн үү?

14 Еховагийн Гэрчүүдийн орчин үеийн түүхийг үзэхэд тэнгэр элчүүд дэмждэг нь тодоос тод харагддаг. Жишээ нь, Еховагийн ард түмэн дэлхийн ІІ дайны өмнө болон дайны үед (1939−1945) Герман, Зүүн Европын орнуудад нацизмын довтолгоог тэсэж гарсан билээ. Итали, Испани, Португали улсад католик-фашист дэглэмийн дор амьдарч байсан христианууд хавчлагад түүнээс ч удаан хугацаагаар өртөж байжээ. Хуучин Зөвлөлт Холбоот Улс болон социалист гэгдэх бусад оронд Еховагийн Гэрчүүдийг олон арван жил харгисаар эсэргүүцэж ирсэн. Африкийн зарим оронд ч Гэрчүүд хэчнээн их зовж байгааг дурдахгүй өнгөрөх аргагүй. * Хэдхэн жилийн өмнө Гүрж дэх итгэл нэгтнүүд маань харгис хавчлагатай тулгарч байлаа. Сатан Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагааг зогсоох гэж чадах бүхнээ хийдэг ч Бурхны ард түмэн эсэргүүцэл хавчлагыг даван туулаад, цэцэглэн хөгжиж байна. Энэ нь тэнгэр элчүүд тодорхой хэмжээгээр хамгаалдгийн ач юм (Дуулал 34:7; Даниел 3:28; 6:22).

15, 16. Тэнгэр элчүүд Еховагийн Гэрчүүдийн дэлгэрүүлэх ажлыг хэрхэн дэмждэг вэ?

15 Еховагийн Гэрчүүд Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээг дэлхий даяар дэлгэрүүлж, сонирхсон хүмүүст Библийн хичээл зааж, шавь бэлдэх даалгавартаа хариуцлагатай ханддаг (Матай 28:19, 20). Гэхдээ тэнгэр элчүүдийн дэмжлэггүйгээр даалгавраа биелүүлж чадахгүй гэдгээ сайн ойлгодог. Тиймээс ч, тэнгэр элчүүд өөрсдийг нь дэмждэгийг Илчлэлт 14:6, 7-оос уншаад, урам зориг авдаг. Тэнд: «Тэнгэрийн дундуур өөр нэгэн тэнгэр элч нисэж явахыг [Иохан] би харав. Газар дээр суугчид ба аливаа үндэстэн, овог, хэлтэн, ард түмэнд тунхаглах мөнхийн сайн мэдээ түүнд байна. Тэр чанга дуугаар: „Бурхнаас эмээгтүн. Түүнд алдрыг өргө. Яагаад гэвэл Түүний шүүх цаг ирчихээд байна. Тэнгэр ба газрыг, тэнгис ба усны ундаргуудыг бүтээсэн Түүнд мөргөцгөө“ гэлээ» гэж бичсэн байдаг.

16 Еховагийн Гэрчүүдийн дэлхий дахинд явуулж буй дэлгэрүүлэх ажлыг тэнгэр элчүүд дэмжиж, удирддаг нь дээрх үгнээс тодорхой харагдаж байна. Тэнгэр элчүүд чин сэтгэлтэй хүмүүсийг Гэрчүүдтэй уулзуулж, Гэрчүүдийг ч тийм хүмүүс рүү явуулдаг. Хэцүү байдалд ороод, сүнслэг тусламж хайж байгаа хүнтэй Еховагийн Гэрчүүд яг хэрэгтэй үед нь уулзсан тохиолдол тийм олон байдгийн учир энэ юм. Үүнийг санамсаргүй тохиолдол гэж үзэх аргагүй.

Ойрын ирээдүйд тэнгэр элчүүд онцгой чухал үүрэг гүйцэтгэнэ

17. Ганцхан тэнгэр элч ассиричуудыг яасан бэ?

17 Тэнгэр элчүүд Еховагийн үйлчлэгчдэд мэдээ хүргэж, дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ бас нэг чухал үүрэг гүйцэтгэдэг. Эрт цагт тэд Бурхны тушаалаар муу хүмүүсийг шийтгэдэг байсан. Жишээ нь, МЭӨ 8-р зууны үед Ассирийн хүчирхэг арми Иерусалим руу довтлохоор зэхэж байв. Тэгэхэд нь Ехова: «Би Өөрийнхөө төлөө болон Миний зарц Давидын төлөө энэ хотыг аврахын тулд түүнийг хамгаалах болно» гэж хэлсэн. Тэгээд цааш юу болсон талаар Библид: «Тэр шөнө нь ЭЗЭНий тэнгэр элч гарч ирээд, ассиричуудын хуаранд зуун наян таван мянган хүнийг цохив. Хүмүүс өглөө эрт босоод хартал, тэд бүгд үхэцгээсэн байжээ» гэж тэмдэглэжээ (Хаадын дэд 19:34, 35). Бүхэл бүтэн армийн хүчийг ганцхан тэнгэр элчийнхтэй харьцуулахад даанч хариугүй юм даа!

18, 19. Ойрын ирээдүйд тэнгэр элчүүд ямар үүрэг гүйцэтгэх вэ? Энэ нь хүн төрөлхтөнд ямар хамаатай вэ?

18 Ойрын ирээдүйд Бурхан ёс бус хүмүүсийг шийтгэхээр тэнгэр элчүүдээ илгээнэ. Тун удахгүй Есүс «тэнгэр элч нарынхаа хамт дүрэлзэх гал дотор» ирэх бөгөөд тэд «Бурхныг мэддэггүй ба бидний Эзэн Есүсийн сайн мэдээг дагадаггүй хүмүүсээс өшөө авах ажээ» (2 Тесалоник 1:7, 8). Энэ явдал бүх хүнд хамаатай. Дэлхий даяар тунхаглаж буй Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээг хүлээж авахгүй байгаа хүмүүс устгагдана. Харин Ехова Бурхныг, зөв шударгыг, төлөв байдлыг хайдаг хүмүүс л «ЭЗЭНий уурын өдөр... нуугдаж», эсэн мэнд үлдэнэ (Зефаниа 2:3).

19 Еховагийн хүчирхэг тэнгэр элчүүд Бурхны хүсэл тааллыг биелүүлж, биднийг дэмжин, урам зориг өгдөгт талархаад баршгүй. Гэвч Еховаг эсэргүүцэн босож, Сатаны талд орсон тэнгэр элчүүд байдгийг мартаж болохгүй. Жинхэнэ христианууд бид Сатан Диавол болон чөтгөрүүдийн хүчтэй нөлөөнөөс өөрсдийгөө хамгаалахын тулд ямар ямар алхам хийх хэрэгтэйг дараагийн өгүүллээр үзье.

[Зүүлт]

^ Еховагийн Гэрчүүд хэрхэн хавчигдаж байсан тухай дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл 1983 (Ангол), 1974 ба 1999 (Герман), 2006 (Замби), 1978 (Испани), 1982 (Итали), 1999 (Малави), 1996 (Мозамбик), 2004 (Молдав), 1994 (Польш), 1983 (Португали), 2002 (Украин), 2000 (Чех), 1972 (Чехословак), 1992 (Этиоп) оны «Еховагийн Гэрчүүдийн жил тутмын ном»-оос үзнэ үү (англи).

Давтъя

• Тэнгэр элчүүд хэрхэн бий болсон бэ?

• Эрт цагт тэнгэр элчүүд ямар үүрэг гүйцэтгэдэг байсан бэ?

• Өнөө үед тэнгэр элчүүдийн гүйцэтгэж буй үүргийн талаар Илчлэлт 14:6, 7-д юу гэж байдаг вэ?

• Тэнгэр элчүүд ойрын ирээдүйд ямар үүрэг гүйцэтгэх вэ?

[Догол мөрийн асуулт]