Skip to content

Гарчиг руу орох

Чөтгөрүүдийг яаж эсэргүүцэх вэ?

Чөтгөрүүдийг яаж эсэргүүцэх вэ?

Чөтгөрүүдийг яаж эсэргүүцэх вэ?

«Эрх мэдэл бүхий байр сууриа сахилгүй, харин ч орон байраа орхин одсон тэнгэр элч нарыг [Бурхан] агуу их өдрийн шүүлт болтол мөнхөд хүлээстэй нь харанхуйд хорьжээ» (ИУДА 6).

1, 2. Сатан Диавол болон чөтгөрүүдийн тухай ямар ямар асуулт урган гарч байна вэ?

 «ЭРҮҮЛ ухаантай, сонор сэрэмжтэй бай. Та нарын өрсөлдөгч болох диавол нь хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт гэтэн явдаг» хэмээн элч Петр анхааруулжээ (1 Петр 5:8). Элч Паул: «Та нарыг чөтгөрүүдийн хамсаатан болоосой гэж би хүсдэггүй. Та нар Эзний аяганаас болон чөтгөрүүдийн аяганаас зэрэг ууж чадахгүй. Та нар Эзний ширээг болон чөтгөрүүдийн ширээг зэрэг хуваалцаж чадахгүй» гэж хэлсэн байдаг (1 Коринт 10:20, 21).

2 Тэгвэл Сатан Диавол, чөтгөрүүд гэж чухам хэн бэ? Тэд хэзээ, яаж бий болсон бэ? Бурхан тэднийг бүтээсэн үү? Тэд хүмүүст хэр зэрэг хүчтэй нөлөө үзүүлдэг вэ? Тэднээс өөрсдийгөө яаж хамгаалах вэ?

Сатан болон чөтгөрүүд хэрхэн бий болсон бэ?

3. Нэг тэнгэр элч яаж Сатан Диавол болсон бэ?

3 Еден цэцэрлэгт хүний түүх эхлэхэд нэгэн тэнгэр элч Бурханд тэрсэлжээ. Учир нь Еховагийн тэнгэрийн байгууллагад хүлээсэн үүрэгтээ сэтгэл ханаагүй аж. Тэр тэнгэр элч Адам Ева хоёрыг жинхэнэ Бурхнаас урвуулж, өөрийгөө шүтүүлэх арга саам хайж эхэлжээ. Ингээд анхны хосыг нүгэлт зам руу түлхэж, Бурханд тэрсэлснээр Сатан Диавол болсон түүхтэй. Яваандаа, өөр тэнгэр элчүүд бас Сатаны талд оржээ. Чухам яаж? (Эхлэл 3:1–6; Ром 5:12; Илчлэлт 12:9).

4. Усан галав болохоос өмнө зарим тэнгэр элч ямар муу юм хийсэн бэ?

4 Ноагийн үед Усан галав болохоос өмнө зарим тэнгэр элч эмэгтэйчүүдийг хараад, зүй бусаар сонирхох болсныг Библид бичсэн байдаг. «Бурхны [тэнгэрийн] хөвгүүд» буруу зорилго өвөрлөн «хүний охидын гоо үзэсгэлэнг үзээд, тэднээс сонгосон болгоноо эхнэр болгов» гэж бичжээ. Энэ гаж явдлын улмаас нефилим гэдэг эрлийз хүүхдүүд төрөх болсон (Эхлэл 6:2–4). Бурханд дуулгаваргүй загнасан тэнгэр элчүүд ийнхүү Сатаны хамсаатан болжээ.

5. Усан галаваар тэрслүү тэнгэр элчүүд яасан бэ?

5 Усан галав болоход нефилим болон тэдний ээжүүд үхжээ. Харин тэрслүү тэнгэр элчүүд арга буюу хүн биеэ орхиж, тэнгэрт буцаж очсон боловч урьдын «байр сууриа» дахин олж авч чадалгүй, сүнслэг «харанхуйд» хоригдсон аж (Иуда 6).

6. Чөтгөрүүд хүн төрөлхтнийг хэрхэн мэхэлдэг вэ?

6 Муу тэнгэр элчүүд «байр сууриа» алдсанаасаа хойш Сатантай хамсан нийлж, тэрс үйл хэрэгт нь оролцсоор иржээ. Тэд хүний биед хувирах боломжгүй болсон ч хүмүүст муу нөлөө үзүүлсээр байна. Жишээлбэл, бэлгийн гаж харьцааг өөгшүүлдэг. Бас хүн төрөлхтнийг хууран мэхлэхийн тулд тарни шившлэг, мэргэ төлөг зэргийг өөш болгон ашигладаг (Дэд хууль 18:10–13; Шастирын дэд 33:6). Ирээдүйд Ехова Сатан болон муу тэнгэр элчүүдийг «мөнх галд» хаях буюу бүрмөсөн устгана (Матай 25:41). Харин тэр болтол бид тэднийг эсэргүүцэн, Еховагийн талд бат зогсох хэрэгтэй. Үүний тулд Сатан ямар эрх мэдэл, хүч чадалтай вэ, Сатан болон чөтгөрүүдийг яаж амжилттай эсэргүүцэх вэ гэдэг асуултыг авч үзэх нь зүйтэй.

Сатаны эрх мэдэл, хүч чадлын тухай

7. Сатан энэ ертөнцөд ямар эрх мэдэл, хүч чадалтай вэ?

7 Сатан бүхий л түүхийн туршид Еховаг гүтгэсээр ирсэн (Сургаалт үгс 27:11). Тэрбээр ихэнх хүнийг эрхэндээ оруулсан бөгөөд 1 Иохан 5:19-д: «Бүх ертөнц нь муу нэгний дотор [буюу Диаволын мэдэлд] байдаг» гэж бичжээ. Тийм ч учраас Диавол Есүсийг сорихдоо «дэлхийн бүх хаанчлалын» «эзэмшил болон тэдгээрийн сүр хүчийг» өгье гэж ам бардам хэлсэн (Лук 4:5–7). Элч Паул: «Хэрэв бидний сайн мэдээ нууцлагдсан бол энэ нь мөхөж буй хүмүүсийн хувьд нууцлагдсан хэрэг. Энэ үеийн бурхан [Сатан] үл итгэгчдийн бодол санааг сохолсон учраас тэд Бурхны дүр болох Христийн алдрын сайн мэдээний гэрлийг үзэж чадахгүй болжээ» хэмээн бичжээ (2 Коринт 4:3, 4). Сатан «худалч бөгөөд худал хуурмагийн эцэг» боловч өөрийгөө «гэрлийн тэнгэр элч» мэтээр харагдуулдаг (Иохан 8:44; 2 Коринт 11:14). Тэрбээр ертөнцийн удирдагчид болон тэднийг дэмжигчдийн бодол санааг сохлох хүч чадал, арга зальтай. Худал суртал ухуулга тарааж, хуурамч шашны сургаал номлон, хүн төрөлхтнийг мэхэлдэг.

8. Сатаны хүч нөлөөний тухай Библид юу гэж бичсэн байдаг вэ?

8 Сатаны эрх мэдэл, хүч нөлөөг харуулах нэг жишээ үзье. 2500-аад жилийн өмнө Ехова зөнч Даниелыг зоригжуулахаар тэнгэр элчээ илгээжээ. Тэр тэнгэр элч «Персийн хаант улсын жонон» буюу чөтгөрийн эсэргүүцэлтэй тулгарч, «тэргүүн жононгуудын нэг болох Михаелыг» туслахаар иртэл, 21 хоног саатсан тухайгаа Даниелд ярьдаг. Бас «Грекийн жонон» буюу өөр нэг чөтгөрийн тухай хэлжээ (Даниел 10:12, 13, 20). Түүнээс гадна, Илчлэлт 13:1, 2-т Сатаныг улс төрийн тогтолцоог бэлэгддэг араатанд «өөрийн хүч ба сэнтий, асар их эрх мэдлийг өгч» байгаа «луугаар» дүрсэлдэг.

9. Христианууд хэнтэй тэмцэж байгаа вэ?

9 Тиймээс, элч Паулын: «Бид хүнтэй байлддаггүй. Бид энэ дэлхийн харанхуйн эрх баригчид, захирагчид, эрх мэдэлтнүүд, тэнгэрт байгаа муу сүнснүүдтэй байлддаг» гэж бичсэн нь гайхах зүйл биш ээ (Ефес 6:12, ШГ). Сатан Диаволын удирдлагад байдаг муу сүнснүүд өнөөдөр ч гэсэн улс төрийн удирдагчид болон ихэнх хүнд далдуур нөлөөлж, хүн алах, алан хядлага үйлдэх, бүр аймаглан устгах гэх зэргийн ухаан санаанд багтамгүй аймшигт хэрэг хийлгэж байна. Ийм хүчтэй нөлөөлдөг муу сүнснүүдийг хэрхэн эсэргүүцэж болохыг үзье.

Сатан болон чөтгөрүүдээс өөрсдийгөө хамгаалах нь

10, 11. Сатан болон түүний талд орсон муу тэнгэр элчүүдийг яаж эсэргүүцэх вэ?

10 Хэчнээн хүчтэй, ухаантай байлаа гээд бид Сатан болон чөтгөрүүдийг өөрийн хүчээр эсэргүүцэж чадахгүй. Паул: «Эзэн дотор ба Түүний чадлын агуу хүч дотор бэхжигтүн» гэж зөвлөжээ. Сатан болон чөтгөрүүдээс өөрийгөө хамгаалахад Бурхны тусламж хэрэгтэй гэсэн үг юм. Паул цааш нь: «Та нар диаволын заль мэхний эсрэг бат зогсох чадвартай байхын тулд Бурхны бүрэн хуяг дуулгыг өмс. ...Бузар муу өдөрт эсэргүүцэн бат зогсох чадвартай байхын тулд Бурхны бүрэн зэвсгийг ав» хэмээн бичжээ (Ефес 6:10, 11, 13).

11 Паул итгэл нэгтнүүддээ «бүрэн хуяг дуулга өмсөж», «бүрэн зэвсэг авахыг» уриалсан. Чөтгөрүүдийн довтолгоог эсэргүүцье гэвэл няхуур нямбай байн, хуяг дуулга, зэр зэвсгээ бүрэн бүтэн байлгах ёстойг «бүрэн» гэдэг үгээр онцолжээ. Тэгвэл христианууд бидний хувьд чөтгөрүүдийг эсэргүүцэхэд зайлшгүй хэрэг болдог сүнслэг хуяг дуулга, зэр зэвсэг гэдэгт юу юу ордог вэ?

Яавал «бат зогсох» вэ?

12. Христианууд «үнэнийг бүслэхийн» тулд яах хэрэгтэй вэ?

12 Паул: «Бат зогс. Ингэхдээ та нар бэлхүүсээрээ үнэнийг бүсэлж, зөвт байдлын хуягийг өмс» гэжээ (Ефес 6:14). Энд бүс бүсэлж, хуяг өмсөх тухай дурдсан байна. Ромын цэрэг ташаа, цавь, хэвлийн доод хэсгээ хамгаалж, мөн хүнд илд зүүхийн тулд тусгай бүс чанга гэгч нь бүсэлдэг байв. Үүн шиг, бид ч бас Библийн үнэнээр биеэ ороон, чанга бүслэх буюу үнэний дагуу амьдрах шаардлагатай. Та Библийг өдөр бүр уншдаг уу? Гэр бүлтэй бол хамтдаа уншдаг уу? «Итгэмжит, ухаалаг боолын» гаргасан сүүлийн үеийн тайлбарыг цаг тухайд нь уншиж амждаг уу? (Матай 24:45). Хэрэв тэгдэг бол Паулын зөвлөгөөг хэрэгжүүлэх гэж мэрийж байна гэсэн үг. Түүнээс гадна, бидэнд заавар зөвлөгөө өгч, сүнслэгээр бэхжүүлэх зорилгоор хийсэн видео кинонууд бий. Библийн үнэнийг чанга бүсэлж байх нь ухаалаг шийдвэр гаргахад тусалж, буруу замаар явахаас хамгаалдаг.

13. Бэлэгдлийн зүрхээ яаж хамгаалах вэ?

13 Эрт үед цэргүүд цээж, зүрх болон бусад чухал эрхтнээ хамгаалж хуяг өмсдөг байжээ. Христиан хүн бас бэлэгдлийн зүрх буюу дотор хүнээ хамгаалахын тулд Бурхны «зөвт байдлыг» хайрлаж, зөв шударга хэм хэмжээг нь чанд сахидаг байх хэрэгтэй. Бурхны Үгийг үргэлж эрхэмлэн үнэлж байхад сүнслэг хуяг тусална. «Мууг үзэн ядаж, сайныг хайрлах» тусам «бүх бузар замаас хөлөө татдаг» (Амос 5:15; Дуулал 119:101).

14. «Амар тайвны сайн мэдээний бэлэн байдлыг хөлдөө өмсөнө» гэж яахыг хэлдэг вэ?

14 Ромын цэргүүд олон зуун километр замыг явган туулж, эзэнт гүрнийхээ нутгийг хөндлөн гулд дайран өнгөрөхдөө хөлд эвтэйхэн, эдэлгээ даадаг гутал өмсдөг байжээ. Тэгвэл христиануудын хувьд «амар тайвны сайн мэдээний бэлэн байдлыг хөлдөө өмсөх» гэдэг үг ямар утгатай вэ? (Ефес 6:15). Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээг дэлгэрүүлэх боломж бүрийг ашиглахад үргэлж бэлэн байна гэсэн үг (Ром 10:13–15). Дэлгэрүүлэх, шавь бэлдэх ажилд идэвхтэй оролцож, завгүй байх нь Сатаны «заль мэхнээс» өөрийгөө хамгаалж байгаа хэрэг юм (Ефес 6:11).

15. а) «Итгэлийн бамбай» чухал гэдэг нь юунаас харагддаг вэ? б) Итгэлийг эвдэн бусниулах аюултай «галт сум» гэж юу вэ?

15 Паул цааш нь: «Энэ бүгд дээр муу нэгний бүх галт сумыг унтрааж чадах итгэлийн бамбай [ав]» гэж бичжээ (Ефес 6:16). «Энэ бүгд дээр» гэснийг зарим орчуулгад «хамгийн гол нь» хэмээн орчуулсан байдаг. Үүнээс үзвэл, «итгэлийн бамбай» хэчнээн чухал болох нь харагддаг. Итгэл маань бат бэх байх ёстой бөгөөд чухам тийм итгэл биднийг Сатаны «галт сумаас» бамбай адил хамгаалдаг. «Галт сум» гэдэг нь өнөө үед юу байж болох вэ? Итгэлийг маань сулруулахын тулд бидний дайснууд болон тэрслэгчдийн түгээн дэлгэрүүлдэг худал хуурмаг, доромжлол, хагас дутуу үнэн бол нэвт сүлбэх сумтай адил юм. Бас эдийн шуналтай болгож, харсан болгоноо худалдан авах хүслийг хөөрөгдөж, баян тансаг амьдралаараа бардамнан сайрхдаг хүмүүстэй өрсөлдөх үзлийг дэвэргэх гэсэн алив зүйлийг «галт сум» гэж хэлж болно. Тийм хүмүүс байгаагаасаа илүү том, илүү сайхан байшин, хамгийн сүүлийн үеийн машин авах юм уу үнэт эдлэл, ганган хээнцэр хувцсаараа гайхуулдаг байж болох юм. Эргэн тойрны маань хүмүүс яаж ч амьдардаг бай, бид эдгээр «галт сумыг» буцааж ойлгох тийм бат итгэлтэй байх ёстой. Яавал тийм итгэлтэй болж, итгэлээ улам батжуулах вэ? (1 Петр 3:3–5; 1 Иохан 2:15–17).

16. Бат итгэлтэй болоход юу туслах вэ?

16 Библийг бие даан, тогтмол судалж, шаргуу залбирвал Бурхантай улам дотно харьцаатай болно. Итгэлээ бэхжүүлэхэд туслахыг Еховагаас гуйж, гуйсныхаа дагуу шаардлагатай алхам хийх нь зүйтэй. Жишээлбэл, 7 хоног тутам болдог «Харуулын цамхаг» судлалын цуглаанд оролцох зорилго тавин, сайн бэлдэх хэрэгтэй. Хэрэв Библи болон Библид үндэслэсэн ном хэвлэлийг судалдаг бол итгэл батажна (Еврей 10:38, 39; 11:6).

17. «Авралын дуулга» өмсөх гэж яахыг хэлэх вэ?

17 Паул сүнслэг хуяг дуулга, зэр зэвсгийг тоочин бичихдээ: «Авралын дуулгыг болон Сүнсний сэлэм буюу Бурхны үгийг ав» хэмээн зөвлөжээ (Ефес 6:17). Дуулга бол сэтгэн бодож, шийдвэр гаргадаг гол эрхтэн болох толгой, тархийг хамгаалдаг эд юм. Үүнтэй адил, «авралын дуулга» буюу христиан найдвар бидний бодол санааг хамгаалдаг (1 Тесалоник 5:8). Ертөнцийнхөнтэй ижил зорилго өвөрлөж, эд баялагтай болохыг л бодож санахын оронд, Есүс шиг, Бурхны өгсөн найдварт хамаг анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй (Еврей 12:2).

18. Библи тогтмол унших ёстойн учир юу вэ?

18 Сатан болон чөтгөрүүдийн нөлөөнөөс хамгаалах бас нэг зэвсэг бол «Бурхны үг» буюу Библи юм. Библийг тогтмол уншиж байх ёстойн нэг учир үүнд оршино. Бурхны Үгийг сайн мэддэг хүн Сатаны худал хуурмаг хийгээд чөтгөрүүдийн суртал ухуулга, тэрслэгчдийн гүтгэлгээс өөрийгөө хамгаалж чаддаг.

«Цаг үргэлж залбир»

19, 20. а) Сатан болон чөтгөрүүдийг ямар ирээдүй хүлээж байна вэ? б) Сүнслэгээр хүчтэй байхад юу туслах вэ?

19 Сатан, чөтгөрүүд болон өнөөгийн ёс бус ертөнцийн нөлөөнөөс ангижрах цаг ойрхон байна. Сатан «өөрт нь богинохон хугацаа байгааг» мэддэг учир уурлаж хорссондоо, «Бурхны хуулиудыг болон Есүсийн гэрчлэлийг сахидаг» хүмүүстэй дайтдаг (Илчлэлт 12:12, 17). Тэгэхлээр, Сатан болон чөтгөрүүдийг эсэргүүцэх нь амин чухал юм.

20 Бурхны бүрэн хуяг дуулгыг өмсөж, зэр зэвсэг авахыг зөвлөсөнд талархах хэрэгтэй. Паул тийн зөвлөснийхөө эцэст: «Сүнс дотор цаг үргэлж аливаа залбирал ба гуйлтаараа залбир. Үүний тулд бүх ариун хүмүүсийн төлөөх цөхрөлтгүй бүх оролдлого, гуйлтаараа сэргэг бай» гэж хэлжээ (Ефес 6:18). Залбирал бидэнд сүнслэг хүч өгч, сэргэг байхад тусалдаг. Сатан болон чөтгөрүүдийг эсэргүүцэхийн тулд Паулын зөвлөгөөг хэрэгжүүлж, цаг үргэлж залбирцгаая.

Давтъя

• Сатан болон чөтгөрүүд хэрхэн бий болсон бэ?

• Диавол ямар эрх мэдэл, хүч чадалтай вэ?

• Сатан болон чөтгөрүүдээс өөрсдийгөө яаж хамгаалах вэ?

• «Бурхны бүрэн хуяг дуулгыг өмсөж», «бүрэн зэвсгийг авахын» тулд яах хэрэгтэй вэ?

[Догол мөрийн асуулт]