Skip to content

Гарчиг руу орох

Халамжит хоньчдод даруухнаар захирагдагтун

Халамжит хоньчдод даруухнаар захирагдагтун

Халамжит хоньчдод даруухнаар захирагдагтун

«Удирдагчдаа дагаж, тэдэнд захирагдагтун» (ЕВРЕЙ 13:17).

1, 2. Ехова Есүс хоёр халамжит Хоньчид болох нь Библийн аль зүйлээс харагддаг вэ?

 ЕХОВА БУРХАН болон түүний Хүү Есүс Христ бол халамжит Хоньчид юм. «Эзэн БУРХАН хүч чадалтайгаар ирж, мутраараа Өөрийнхөө төлөө захирна. [...] Тэр хоньчин мэт сүргээ хариулж, Өөрийн мутарт хургануудаа цуглуулан цээжиндээ тэврээд, хургатай хонийг алгуур хөтөлнө» хэмээн Исаиа зөгнөсөн байдаг (Исаиа 40:10, 11).

2 МЭӨ 537 онд иудейчүүдийн үлдэгсэд эх нутагтаа эргэн ирснээр энэ зөгнөл анх биелжээ (Шастирын дэд 36:22, 23). Бас, 1919 онд Их Кореш Есүс Христ тослогдсон үлдэгсдийг «агуу Вавилоноос» чөлөөлөхөд дахин биелсэн (Илчлэлт 18:2; Исаиа 44:28). Есүс бол хоньдыг хайрын сэтгэлээр захирч, цуглуулж, хариулах Еховагийн «мутар» юм. Есүс өөрийгөө: «Би бол сайн хоньчин. Би өөрийнхөө хонинуудыг танина. Тэд ч намайг танина» гэж хэлсэн байдаг (Иохан 10:14, ШГ).

3. Хоньдыг нь яаж хариулж байгааг Ехова анхаарч байдаг нь юунаас харагддаг вэ?

3 «Хоньчин» Ехова ард түмнээ хайрлан халамжилдгийг Исаиа 40:10, 11-д бичсэн зөгнөл онцлон харуулдаг (Дуулал 23:1–6). Есүс ч бас дэлхийд байхдаа шавь нараа болон ард олныг хайрлан халамжилдаг байсан (Матай 11:28–30; Марк 6:34). Израилийн хатуу сэтгэлтэй хоньчид буюу удирдагчдыг хоньдоо зөнд нь хаяж, дарлан мөлжихөд Ехова Есүс хоёр харамсаж байжээ (Езекиел 34:2–10; Матай 23:3, 4, 15). Ехова: «Би Өөрийн сүргийг аварч, тэд олз болохгүй. Би нэг хонь, нөгөө хонины хоорондхыг шүүх болно. Дараа нь Би тэдний дээр нэг хоньчинг буюу Өөрийн зарц Давидыг томилж, тэрбээр тэднийг тэжээх болно. Тэр өөрөө тэднийг тэжээж, тэдний хоньчин болно» хэмээн амлажээ (Езекиел 34:22, 23). Ехова Бурхан сүнсээр тослогдсон христианууд болон «өөр хонинуудаас» бүрддэг дэлхий дэх бүх үйлчлэгчээ төгсгөлийн энэ цаг үед хариулуулахаар Их Давид Есүс Христийг «нэг хоньчноор» томилсон (Иохан 10:16, ШГ).

Христиан хуралд өгсөн Бурхны бэлэг

4, 5. а) Ехова дэлхий дэх үйлчлэгчдэдээ ямар бэлэг өгсөн бэ? б) Есүс хуралдаа ямар бэлэг өгсөн бэ?

4 Ехова дэлхий дэх үйлчлэгчдээ хариулуулахаар Есүс Христийг «нэг хоньчноор» томилсон нь христиан хуралд өгсөн үнэтэй бэлэг юм. Исаиа 55:4-т: «Би түүнийг хүмүүсийн гэрч, хүмүүсийн [«үндэстнүүдийн», ШЕ] удирдагч, жанжин болгоно» хэмээн энэхүү тэнгэрийн Удирдагчийг бэлэг болгон өгөхийг нь зөгнөжээ. Ехова тослогдсон христианууд болон «үй олон хүнийг» бүх үндэстэн, овог, ард түмэн, хэлтнээс цуглуулдаг (Илчлэлт 5:9, 10; 7:9). Тэд Есүс Христ гэдэг «нэг хоньчинтой», «нэг сүрэг» буюу дэлхий дахины христиан хурлыг бүрдүүлдэг.

5 Есүс ч бас дэлхий дэх хуралдаа үнэтэй бэлэг өгчээ. Тэрбээр үнэнч эрчүүдийг туслах хоньчноор томилсон. Тэд Ехова Есүс хоёрыг дуурайн, сүргийг хайрын сэтгэлээр хариулдаг. Элч Паул Ефесийн христиануудад бичсэн захидалдаа энэ бэлгийн тухай дурдсан байдаг. Тэрбээр: «„Өндөрт дээш гарахдаа, тэр олон хоригдол олзлов. Тэр хүмүүст [«хүн», ШЕ] бэлгүүд өгсөн“... Заримыг нь элч, заримыг нь эш үзүүлэгч, заримыг нь сайн мэдээг тунхаглагч, заримыг нь хоньчин ба багш болгожээ. Эдгээр нь ариун хүмүүсийг үйлчлэлийн ажилд бэлтгэж, Христийн биеийг байгуулахын тулд юм» хэмээн бичжээ (Ефес 4:8, 11, 12).

6. Тослогдсон ахлагчдыг Илчлэлт 1:16, 20-д хэрхэн дүрсэлсэн байдаг вэ? Өөр хонинуудаас томилогдсон ахлагчдын тухайд юу хэлж болох вэ?

6 «Хүн бэлгүүд» гэдэг нь харгалзагч буюу ахлагчид юм. Тэднийг Ехова Есүс хоёр ариун сүнсээр томилж, сүргийг хайрын сэтгэлээр хариулах үүрэг хүлээлгэдэг (Үйлс 20:28, 29). І зууны ахлагчид бүгдээрээ сүнсээр тослогдсон христианууд байв. Тослогдсон христиануудын хурал дахь ахлагчдын зөвлөлийн гишүүдийг Илчлэлт 1:16, 20-д Христийн баруун мутар дахь «од» буюу «тэнгэр элчүүдээр» бэлэгдсэн нь Христийн хяналтад байдгийг харуулдаг. Төгсгөлийн энэ цагт дэлхий дэх тослогдсон ахлагчид улам цөөрч, хурлын ахлагчдын дийлэнхийг өөр хонинууд бүрдүүлж байна. Тэднийг ч бас Удирдах зөвлөлийн төлөөлөгчид ариун сүнсний удирдлагаар томилдог учир Сайн Хоньчин Есүс Христийн баруун мутарт (буюу хяналтад) байдаг гэж хэлж болно (Исаиа 61:5, 6). Ахлагчид хурлын Тэргүүн Христэд захирагддаг тул бид тэдэнтэй бүх талаар хамтран ажиллах учиртай (Колоссай 1:18).

Хоньчдод дуулгавартай байж, захирагдагтун

7. Элч Паул ямар зөвлөгөө өгсөн бэ?

7 Тэнгэрийн Хоньчид болох Ехова Есүс хоёр биднийг хуралд хариуцлагатай үүрэг хүлээлгэсэн туслах хоньчдод нь дуулгавартай байж, захирагдаасай гэж хүсдэг (1 Петр 5:5). Элч Паул: «Та нарт Бурхны үгийг ярьж, та нарыг тэргүүлж явсан хүмүүсийг сана. Тэдний биеэ хэрхэн авч явсны үр дүнг санаж, итгэлийг нь дуурай. Удирдагчдадаа... [«дуулгавартай байж», ШЕ], захирагдагтун. Учир нь тэд тооцоо хийгчид адил та нарын сэтгэлийг сэрэмжлэн харгалзаж байдаг. Тэд үүнийг санаа алдалгүйгээр, баяртайгаар хийг. Эс бөгөөс та нарт ямар ч ашиг болохгүй» хэмээн онгодоор хөтлүүлэн бичжээ (Еврей 13:7, 17).

8. Паул бидэнд юу санахыг уриалсан бэ? «Дуулгавартай байх» гэдэг нь юу гэсэн үг вэ?

8 Ахлагчдын биеэ зөв зохистой авч явдгийг «санах» буюу анхааралтай ажиглаж, итгэлийн жишээг нь дуурайхыг Паул уриалсан байна. Бас тэдэнд дуулгавартай байж, захирагдахыг зөвлөжээ. Библи судлаач эрдэмтэн Ричард Франсын тайлбарласнаар, «дуулгавартай байх» гэж орчуулсан грек үг нь «гүнзгий утгатай бөгөөд үгчилбэл „итгэх“ гэсэн утга илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, [ахлагчдад] итгэж, удирдлага зааврыг нь дуртайяа хүлээн авахыг хэлдэг» ажээ. Бид Библид бичсэнийг мөрдлөг болгодог учраас л ахлагчдад дуулгавартай байдаг юм биш ээ. Хаанчлалын үйл хэргийг эн тэргүүнд тавьж, бидний сайн сайхны төлөө сэтгэл зүрхээ зориулдагт нь итгэдэг учраас дуулгавартай байдаг. Ахлагчдын удирдлага зааврыг дуртайяа хүлээн авбал үнэхээр жаргалтай амьдарна.

9. Ахлагчдад дуулгавартай байхаас гадна «захирагдах» хэрэгтэйн учир юу вэ?

9 Гэтэл ахлагчдын өгсөн заавар зөвлөгөө зөв, сайн эсэхэд эргэлзэж байвал яах вэ? Ийм л үед захирагдах хэрэгтэй. Ер нь учир байдлыг мэдээд, гаргасан шийдвэртэй нь санал нэг байгаа үед дуулгавартай байх амархан. Гэхдээ нарийн учрыг ойлгохгүй байлаа ч удирдлага зааврыг нь хүлээн авч байгаа бол жинхэнэ ёсоор захирагдаж байгаа хэрэг юм. Хожим нь элч болсон Петр тийн захирагдахын үлгэр жишээ үзүүлсэн (Лук 5:4, 5).

Ахлагчидтай дуртайяа хамтран ажиллах дөрвөн шалтгаан

10, 11. Ахлагчид І зуунд итгэл нэгтнүүддээ «Бурхны үгийг» хэрхэн «ярьдаг» байсан бэ? Өнөөдөр яаж «ярьдаг» вэ?

10 Дээр иш татсан Еврей 13:7, 17-д элч Паул христиан ахлагчдад дуулгавартай байж, захирагдах дөрвөн шалтгааныг хэлсэн байдаг. Тэд «Бурхны үгийг ярьдаг» нь эхний шалтгаан юм. Есүс «ариун хүмүүсийг засаж залруулахын тулд» «хүн бэлгүүдийг» өгсөн билээ (Ефес 4:11, 12, ШЕ). Тэрбээр І зууны христиануудын үзэл бодол, үйл хэргийг үнэнч ахлагчдын тусламжтайгаар засаж залруулдаг байсан. Тэдний зарим нь Бурхны онгодоор хөтлүүлэн, хурлуудад захидал бичдэг байжээ. Ариун сүнсээр томилогдсон тэр туслах хоньчид Есүсийн удирдлагаар эртний христиануудыг удирдан чиглүүлж, итгэлийг нь бэхжүүлдэг байв (1 Коринт 16:15–18; 2 Тимот 2:2; Тит 1:5).

11 Өнөөдөр Есүс биднийг «итгэмжит, ухаалаг боолыг» төлөөлдөг Удирдах зөвлөл болон ахлагчдаар дамжуулан удирддаг (Матай 24:45). Бид «Ахлах Хоньчин» Есүс Христийг хүндэлдэг учраас Паулын: «Дунд чинь ажилладаг ба Эзний дотор та нарыг удирдаж, заавар өгдөг хүмүүсийг хүндэл» гэсэн зөвлөгөөг дагадаг (1 Петр 5:4; 1 Тесалоник 5:12; 1 Тимот 5:17).

12. Ахлагчид биднийг яаж «сэрэмжлэн харгалзаж байдаг» вэ?

12 Христиан ахлагчид биднийг «сэрэмжлэн харгалзаж байдаг». Энэ бол тэдэнтэй хамтран ажиллах ёстойн хоёр дахь шалтгаан юм. Хэрэв биднийг сүнслэг байдалдаа аюул учруулж болзошгүй юм боддог, хийдэг болсныг ахлагчид анзаарвал засаж залруулах зорилгоор тохирсон зөвлөгөөг тухай бүрд нь өгдөг (Галат 6:1). «Сэрэмжлэн харгалзаж байх» гэж орчуулсан грек үг нь «унтахгүй байх» гэсэн үндсэн утгатай. Нэгэн Библи судлаач эрдэмтний тэмдэглэснээр, «хоньчин хүний байнга сэргэг байхыг» энэ үгээр хэлдэг байна. Ахлагчид сүнслэгээр сэргэг байдаг. Бас бидэнд сэтгэл зовсондоо унтах нойроо ч хасдаг байж магадгүй. Ингээд бодохлоор, «хоньдын Хоньчин» Есүс Христийг дуурайн, хоньдоо хайрлан халамжилдаг туслах хоньчидтой дуртайяа хамтран ажиллах хүсэл өөрийн эрхгүй төрж байгаа биз? (Еврей 13:20).

13. Ахлагчид болон христианууд бүгдээрээ хэнд, ямар тайлан өгөх вэ?

13 Ахлагчид бол биднийг сэрэмжлэн харгалзаж, бидний «төлөө Бурхны өмнө хариуцлага хүлээх хүмүүс» учир тэдэнтэй дуртайяа хамтран ажиллах ёстой (Еврей 13:17, ШГ). Энэ бол гурав дахь шалтгаан юм. Ахлагчид тэнгэрийн Хоньчин Ехова Есүс хоёрт захирагддаг туслах хоньчид гэдгээ ойлгодог (Езекиел 34:22–24). Ехова бол «Өөрийн [Хүүгийн] цусаар... худалдаж авсан» хоньдынхоо Эзэн нь бөгөөд сүргийг нь «энэрэн» хариулж байгаа эсэхээр нь ахлагчидтай хариуцлага тооцдог (Үйлс 20:28, 29). Ер нь бид бүгдээрээ удирдлага зааврыг нь биелүүлсэн эсэхээ Бурханд тайлагнана (Ром 14:10–12). Түүнчлэн, ахлагчдад дуулгавартай байх нь хурлын Тэргүүн Христэд захирагддагийн баталгаа болно (Колоссай 2:19).

14. Ахлагчид юунаас болоод «санаа алддаг» вэ? Дуулгаваргүй хүмүүс ямар үр дагавар амсах вэ?

14 Христиан ахлагчдад даруухнаар захирагдах дөрөв дэх шалтгааныг Паул: «Тэд үүнийг санаа алдалгүйгээр, баяртайгаар хийг. Эс бөгөөс та нарт ямар ч ашиг болохгүй [«та нар хохирол амсана», ШЕ]» гэж бичжээ (Еврей 13:17). Христиан ахлагчид хуралд зааж сургах, хоньдыг хариулах, дэлгэрүүлэх ажилд манлайлан оролцох, ар гэрээ авч явах, хуралд хамаатай асуудлыг шийдвэрлэх гэх зэргийн хариуцлагатай үүрэг хүлээж, хүнд ачаа үүрдэг (2 Коринт 11:28, 29). Хэрэв тэдэнд дуулгавартай байж, хамтран ажиллахгүй бол ачаан дээр нь ачаа нэмнэ. Ингэвэл тэд «санаа алдана». Түүнээс гадна, Еховад таалагдахгүйн зэрэгцээ бид өөрсдөө хохирно. Харин зохих ёсоор хүндэтгэж, хамтран ажиллавал ахлагчид хариуцлагатай үүргээ баяртайгаар биелүүлнэ. Үүний дүнд, хурлын эв нэгдэл бэхжиж, дэлгэрүүлэх ажилдаа бүгдээрээ баяр хөөртэй оролцоно (Ром 15:5, 6).

Захирагддагаа харуулах нь

15. Ахлагчдад дуулгавартай байж, захирагддагаа яаж харуулах вэ?

15 Ахлагчидтай яаж хамтран ажиллах вэ? Жишээ нь, ахлагчид хурлынхаа нутаг дэвсгэрийн онцлогт тохируулж дэлгэрүүлэх ажлын цуглааны өдөр, цагийг өөрчиллөө гэхэд шинэ арга хэмжээг дэмжиж, цагийн хуваариа өөрчлөхийг хичээгээрэй. Ингэвэл, бодож байгаагүй их ивээл хүртэж болох шүү дээ. Үйлчлэлийн харгалзагч танай ном судлалын хэсэгт эргэлт хийвэл, тэр 7 хоногт дэлгэрүүлэх ажилд аль болох идэвхтэй оролцоорой. Теократ үйлчлэлийн сургуулийн даалгавар авбал, биелүүлэхийг хичээгээрэй. Ном судлалын хэсгийн тань харгалзагч Хаанчлалын танхим цэвэрлэх ээлж болсныг зарлавал, хөгшин залуу гэлтгүй чадлынхаа хэрээр оролцож, хэсгийн харгалзагчаа дэмжиж байгаагаа харуулаарай. Ехова Есүс хоёрын томилолтоор сүргийг нь хариулах үүрэг хүлээсэн эрчүүдэд захирагддагаа энэ мэт олон аргаар харуулж болно.

16. Ахлагч боолын ангийн удирдлага зааврыг мөрдөхгүй байлаа ч бид дуулгавартай байх ёстойн учир юу вэ?

16 Заримдаа, ахлагч итгэмжит боолын анги болон Удирдах зөвлөлийн зааврыг мөрдөхгүй байж мэдэх юм. Энэ хэвээрээ яваад байвал бидний «Хоньчин болон Харгалзагч» Ехова тэр хүнтэй хариуцлага тооцно (1 Петр 2:25). Харин бид ахлагчийн алдаа дутагдлаар шалтаглан дуулгаваргүй загнаж хэрхэвч болохгүй. Ехова зөрүүд, тэрслүү хүмүүсийг ивээдэггүй (Тооллого 12:1, 2, 9–11).

Ахлагчидтай хамтран ажилладаг хүмүүсийг Ехова ивээдэг

17. Ахлагчдад хэрхэн хандах ёстой вэ?

17 Ахлагчаар томилогдсон эрчүүд төгс бус ч гэсэн Ехова Бурхан тэдэнд ариун сүнсээ өгч, ард түмнээ хариулуулдаг. Христиан хүн бүрд Бурхны хүч хэрэгтэй байдаг шиг ахлагчдад «хэрээс хэтэрсэн хүч» хэрэгтэй бөгөөд энэ нь тэднийх биш, «Бурхных» юм (2 Коринт 4:7, ШЕ). Тиймд, бид үнэнч ахлагчдаар хийлгэдэг бүхнийх нь төлөө Еховад талархаж, тэдэнтэй дуртайяа хамтран ажиллах ёстой.

18. Ахлагчдад захирагддаг бол яаж байна гэсэн үг вэ?

18 Энэхүү эцсийн өдрүүдэд сүргийг нь хариулах хоньчид ямар байх ёстойг Ехова Иеремиа 3:15-д бичүүлжээ. Тэнд: «Та нарыг мэдлэг, оюун ухаанаар тэжээх, Миний Өөрийн зүрхийг дагадаг хоньчдыг Би та нарт өгнө» гэсэн байдаг. Христиан ахлагчид тийм л хоньчин байх гэж мэрийдэг. Еховагийн хоньдыг сургаж, хамгаалдаг ахлагчдыг үнэхээр магтууштай. Тэдний нөр их хөдөлмөрийг үнэлдгээ харуулж дуртайяа хамтран ажиллаж, дуулгавартай байн, захирагдацгаая. Ингэвэл тэнгэрийн Хоньчин Ехова болон Есүс Христэд талархаж байна гэсэн үг.

Давтах асуулт

• Ехова Есүс хоёр халамжит Хоньчид гэдгээ хэрхэн баталдаг вэ?

• Хоньчдод дуулгавартай байхаас гадна захирагдах хэрэгтэйн учир юу вэ?

• Ахлагчдад захирагддагаа ямар ямар аргаар харуулж болох вэ?

[Догол мөрийн асуулт]