Skip to content

Гарчиг руу орох

Христиан хурал Еховаг магтдаг

Христиан хурал Еховаг магтдаг

Христиан хурал Еховаг магтдаг

«Таны нэрийг Би Өөрийн ах дүү нарт тунхаглана, чуулганы [«хурлын», ШЕ] дунд Таныг Би магтана» (ЕВРЕЙ 2:12).

1, 2. Христиан хурал ямар ач тустай вэ? Хурлын гол зорилго юу вэ?

 БҮХИЙ Л түүхийн туршид хүмүүс гэр бүлээрээ халуун дотно харьцаж, амгалан тайван аж төрөхийг эрмэлзсээр ирсэн. Библид бичсэнээр, өөр нэгэн өвөрмөц гэр бүл байдаг. Тэр гэр бүлийн олон сая гишүүн бие биетэйгээ халуун дотно харьцаж, амгалан тайван аж төрдөг. Энэ бол христиан хурал юм. Та гэр бүлтэй ч бай, үгүй ч бай, Еховагийн өгдөг христиан хурлын ач тусыг үнэлэх хэрэгтэй. Хэрэв та Еховагийн Гэрчүүдийн хуралд нэгдсэн бол нөхөрсөг дотно харьцаа, аюулгүй тайван байдлыг биеэрээ мэдэрч байгаа нь лавтай.

2 Хурал гэдэг нь аль нэг талаараа ижил төстэй, нэг төрлийн спорт сонирхдог, эсвэл адилхан хоббитой хүмүүсийг хамтад нь цуглуулдаг клуб юм уу холбоо гэх мэтийн нийгмийн бүлэг биш юм. Христиан хурлын гол зорилго бол Ехова Бурхныг магтан алдаршуулахад чиглэдэг. Бүр эрт дээр үеэс ийм зорилготой байсныг Библид тодорхой бичсэн байдаг. Дуулал 35:18-д: «Би Танд их чуулганд [«хуралд», ШЕ] талархал өргөнө. Би Таныг хүчит олон түмний дунд магтах болно» хэмээн бичжээ. Мөн, Дуулал 107:31, 32-т: «Хайр энэрлийнх нь төлөө... ЭЗЭНд талархагтун! Тэднээр бас ард түмнүүдийн цуглаанд [«хуралд», ШЕ] Түүнийг өргөмжлүүл» хэмээсэн уриалга бий.

3. Паулын хэлснээр, хурлын өөр нэг үүрэг юу вэ?

3 Элч Паул: «Үнэний багана ба суурь болсон амьд Бурхны чуулган [«хурал», ШЕ] болох Бурхны гэр бүл» гэж бичихдээ христиан хурлын бас нэг зорилгыг онцолжээ (1 Тимот 3:15). Паул ямар хурлын тухай хэлсэн бэ? Ер нь, Библид «хурал» гэдэг үгээр юу юуг хэлдэг вэ? Бидний одоогийн болон ирээдүйн амьдралд хурал ямар үүрэгтэй вэ? Эдгээр асуултын хариуг мэдэхээс өмнө, эхлээд Бурхны Үгэнд «хурал» гэдэг үгийг хэрхэн хэрэглэдгийг үзэцгээе.

4. Еврей Сударт «хурал» гэдэг үгийг голдуу ямар утгаар хэрэглэсэн байдаг вэ?

4 «Шинэ ертөнцийн орчуулга»-д их төлөв «хурал» гэж орчуулдаг еврей үгийн язгуур нь «цуглуулах», «чуулах» гэсэн утгатай (Дэд хууль 4:10; 9:10). Библийн зарим орчуулгад энэ үгийг хам сэдвээс нь шалтгаалж «цугласан олон», «олон үндэстэн», «чуулган» гэх мэтээр орчуулсан байдаг. Дуулалч тэнгэр элчүүдийн тухай бичихдээ «хурал» гэж хэлсэн. Муу хүмүүсийн бүлгийг ч бас энэ үгээр хэлж болдог аж (Дуулал 26:5; 89:5–7, ШЕ). Гэхдээ Еврей Сударт голдуу израильчуудад хамааруулж хэрэглэсэн байдаг. Израильчууд «Еховагийн хурал», «жинхэнэ Бурхны хурал» байхаар дуудагдсан буюу сонгогдсон байв (Тооллого 20:4, ШЕ; Нехемиа 13:1, ШЕ; Иошуа 8:35; 1 Самуел 17:47; Мика 2:5).

5. Ямар грек үгийг голдуу «хурал» гэж орчуулдаг вэ? Энэ үгээр юуг хэлдэг вэ?

5 Дээрх еврей үгтэй утга дүйдэг екклесиа хэмээх грек үг нь «гадагш», «дуудах» гэсэн хоёр үгнээс үүсжээ. Энэ үгээр шашны бус зорилгоор цугласан хүмүүсийг хэлж болдог аж. Жишээ нь, Ефес хотод Деметр гэгч хүн «цугларсан олныг» Паулын эсрэг үймээн самуунд турхирсан тухай бичихэд уг үгийг хэрэглэжээ (Үйлс 19:32, 39, 41). Гэхдээ Библид, гол нь, христиан хурлыг екклесиа гэдэг үгээр хэлсэн байдаг. Зарим орчуулгад энэ үгийг «сүм» гэж хөрвүүлсэн байдаг ч, Библийн нэг тольд: «„Шинэ Гэрээ“-нд гардаг [„екклесиа“ гэдэг үгээр] христиануудын шүтлэг мөргөл хийхээр цугладаг байшинг огт хэлдэггүй» гэж тайлбарлажээ («The Imperial Bible-Dictionary»). Гэхдээ Грек Сударт «хурал» гэдэг үгээр наад зах нь дөрвөн өөр зүйлийг хэлсэн байдаг нь сонирхолтой.

Тослогдсон христиануудын хурал

6. Давид Есүс хоёр «хурлын дунд» яадаг байсан бэ?

6 Элч Паул Дуулал 22:22-т бичсэн Давидын үгийг Есүст хамааруулан, «Таны нэрийг Би Өөрийн ах дүү нарт тунхаглана, чуулганы [«хурлын», ШЕ] дунд Таныг Би магтан дуулна» гээд, «Тиймээс Бурханд хамаарах юмсад өршөөнгүй, итгэмжит Тэргүүн Тахилч болж хүмүүсийн нүглийн төлөөх эвлэрүүллийг хийхийн тулд Тэр [Есүс] бүх талаараа Өөрийн ах дүү нартай төстэй болгогдох ёстой байв» хэмээн бичжээ (Еврей 2:12, 17). Эрт цагт Давид цугласан олны дунд Бурхныг магтдаг байсан (Дуулал 40:9). Тэгвэл, Паул Есүсийг «хурлын дунд» Бурхныг магтсан тухай бичихдээ ямар «хурлыг» хэлсэн юм бол оо?

7. Христиан Грек Сударт «хурал» гэдэг үгээр, гол нь, юуг хэлсэн бэ?

7 Еврей 2:12, 17-д нэг чухал санаа байдаг. Есүс ах дүү нартаа Бурхны нэрийг тунхагладаг байсан тэр хурлынхаа гишүүн байсан нь харагддаг. Есүсийн «ах дүү нар» гэж хэн бэ? Тэд бол «Абрахамын үр» бөгөөд Христийн, сүнсээр тослогдсон ах дүү нар, «тэнгэрлэг дуудлагыг хуваалцагчид» юм (Еврей 2:16–3:1; Матай 25:40). Тэгэхлээр, Христиан Грек Сударт «хурал» гэдэг үгээр, гол нь, Христийн тослогдсон дагалдагчдын бүлгийг хэлдэг байна. Энэ тослогдсон 144000 хүн «тэнгэрт бүртгэгдсэн анх төрөгсдийн» хурлыг бүрдүүлдэг (Еврей 12:23).

8. Есүс христиан хурал үүсэн байгуулагдах тухай юу гэж хэлсэн бэ?

8 Христиан «хурал» үүсэн байгуулагдах тухай Есүс хэлсэн байдаг. Тэрбээр нас барахаасаа жил орчмын өмнө элч Петрт: «Чи бол Петр. Энэ хадан дээр Би Өөрийн чуулганыг [«хурлыг», ШЕ] босгох бөгөөд түүнийг Үхэгсдийн орны хаалга дийлэхгүй» гэж хэлжээ (Матай 16:18). Тэр «хад» нь Есүс гэдгийг Петр Паул хоёрын аль аль нь ойлгодог байсан. Петрийн бичсэнээр, Христ хэмээх хадан дээрх сүнслэг байшингийн «амьд чулуу» болсон хүмүүс нь Бурхны «давуу чанаруудыг тунхагладаг» «эзэмшлийнх нь ард түмэн» юм (1 Петр 2:4–9; Дуулал 118:22; Исаиа 8:14; 1 Коринт 10:1–4).

9. Бурхны хурал хэзээ үүсэн байгуулагдсан бэ?

9 Тэгвэл Бурхны «эзэмшлийн ард түмэн» хэзээ христиан хурал болсон бэ? МЭ 33 оны Пентекостын өдөр Иерусалимд цугласан Есүсийн шавь нар дээр Бурхны ариун сүнс асгарахад христиан хурал үүсэн байгуулагджээ. Тэр өдөртөө Петр Еховаг шүтдэг иудей болон бусад үндэстний хүмүүст Есүсийн үхлийн тухай сэтгэл хөдөлгөм үг хэлжээ. Петрийн үгэнд сэтгэл нь хөдөлсөн олон хүн гэмшиж, баптисм хүртсэн. Библид бичсэнээр, гурван мянган хүн баптисм хүртэж, шинэ тутам үүсэн байгуулагдсан хурлын гишүүн болж, Бурхны хурал өргөжин тэлсээр байжээ (Үйлс 2:1–4, 14, 37–47). Учир нь, израиль үндэстэн Еховагийн хурал байхаа больж, оронд нь, «Бурхны [сүнслэг] Израилийг» бүрдүүлдэг тослогдсон христианууд «Бурхны хурал» болсныг ойлгосон иудей ба бусад үндэстний хүмүүсийн тоо улам нэмэгдэж байлаа (Галат 6:16; Үйлс 20:28, ШЕ).

10. Есүс Бурхны хуралд ямар байр суурь эзэлдэг вэ?

10 Библид «Христ болон чуулган [«хурал», ШЕ]» гэх мэтээр бичиж, Есүсийг тослогдогсдоос ялгаатай болохыг нь харуулдаг. Есүс бол сүнсээр тослогдсон христиануудын хурлын Тэргүүн юм. Бурхан Есүсийг хурлын «төлөө бүх юмсын дээрх Тэргүүн болгожээ» гэж Паул бичсэн (Ефес 1:22, 23; 5:23, 32; Колоссай 1:18, 24). Өнөөдөр энэ хурлын тослогдсон гишүүдээс цөөхөн хүн дэлхий дээр үлджээ. Гэхдээ, Тэргүүн Есүс Христ нь тэднийг хайрладаг. Ефес 5:25-д: «Христ чуулганыг [«хурлыг», ШЕ] хайрлаад түүний төлөө Өөрийгөө өгсөн» гэж бий. Тослогдсон христианууд Тэргүүнээ дуурайн, Бурхны «нэрийг хүлээн зөвшөөрдөг уруулын үр жимс буюу магтаалын тахилыг» идэвх зүтгэлтэй өргөдөг учраас Есүс тэднийг хайрладаг (Еврей 13:15).

«Хурал» гэдэг үгээр өөр зүйлийг хэлэх нь

11. Христиан Грек Сударт «хурал» гэдэг үгээр өөр юуг хэлдэг вэ?

11 Заримдаа Библид «хурал» гэдэг үгээр тослогдсон 144000 христианаас бүрдсэн «Бурхны хурлаас» гадна, өөр зүйлийг илүү явцуу утгаар хэлдэг. Жишээлбэл, Паул хэсэг христианд: «Иудейчүүдэд ч, грекчүүдэд ч, Бурхны чуулганд [«хуралд», ШЕ] ч хэрэг төвөг бүү учруул» хэмээн бичжээ (1 Коринт 10:32). Хэрэв христиан хүн биеэ зохисгүй авч явсан бол «хэрэг төвөг учруулах» буюу зарим хүнийг бүдрүүлэх байсан нь ойлгомжтой. Гэхдээ энэ нь, бүх грек, иудей, эсвэл бүр өнөөдрийг хүртэлх тослогдсон христиануудыг бүгдийг нь бүдрүүлэх байсан хэрэг үү? Тийм биш ээ. Энэ зүйлд «Бурхны хурал» гэдэг үгээр тодорхой нэг цаг үед амьдарч байсан бүх христианыг хэлсэн бололтой. Тэгээд ч бид хурлыг Бурхан удирдаж, дэмжиж, ивээдэг тухай ярихдаа нэгэн цаг үед амьдарч байгаа бүх христианыг хэлдэг. Бас Бурхны хурал доторх баяр хөөр, амар тайвны тухай ярихдаа бүх христиан ах дүүгийн барилдлагыг хэлдэг шүү дээ.

12. Библид «хурал» гэдэг үгээр хэлсэн гурав дахь зүйл юу вэ?

12 Библид «хурал» гэдэг үгээр хэлсэн гурав дахь зүйл юу вэ? Нэг газарт амьдарч байгаа бүх христианыг хэлдэг. Үйлс 9:31-д: «Бүх Иудей, Галил, Самари даяар чуулган [«хурал», ШЕ] ...амар тайван байлаа» гэж бичжээ. Иудей, Галил, Самарийн өргөн уудам нутагт христиануудын бүлэг олон байсан боловч бүгдийг нь нэгтгээд, «хурал» гэж ганц тоогоор хэлжээ. Бас МЭ 33 оны Пентекостын өдөр болон түүнээс хойхно баптисм хүртсэн хүмүүсийн тоог бодож үзвэл Иерусалим хавийн нутагт байнга цугладаг бүлэг нэгээр тогтохгүй байсан биз ээ (Үйлс 2:41, 46, 47; 4:4; 6:1, 7). Өөр нэг баримт авч үзье. І Херод Агрийп хаан МЭ 44 онд насан эцэслэтлээ Иудей мужийг захирч байжээ. Тэр үед буюу МЭ 50 оны орчим Иудейд олон хурал байсныг 1 Тесалоник 2:14 тодорхой харуулдаг. Тэгэхлээр, Херод «хорлох зорилгоор чуулганы [«хурлын», ШЕ] зарим хүнийг баривчилж» байсан гэж бичсэнийг үзвэл, Иерусалимд христиануудын бүлэг олон байсан нь илэрхий (Үйлс 12:1).

13. Библид «хурал» гэдэг үгээр хэлсэн дөрөв дэх зүйл юу вэ?

13 «Хурал» гэдэг үгээр хэлсэн дөрөв дэх зүйл нь бүр явцуу хүрээнд хамаатай бөгөөд энэ утгаар нь нэлээд өргөн хэрэглэдэг. Энэ нь айлын гэр гэх мэт газар цугладаг орон нутгийн хурлыг хэлдэг. Паул «Галат дахь хурлууд» гэж бичсэн нь Ромын Галат мужид тийм хурал олон байсныг гэрчилдэг. Тэрбээр Галат дахь хурлууд гэж олон тоогоор хоёр удаа бичихдээ Антиох, Дерб, Лустр, Икониум хот дахь хурлуудыг бас хэлсэн хэрэг байжээ. Тэр хурлууд тодорхой шаардлага хангасан харгалзагч буюу ахлагчидтай байсан (1 Коринт 16:1, ШЕ; Галат 1:2; Үйлс 14:19–23). Библид бичсэн эдгээр баримтаас харахад, Галат дахь бүх хурал үнэхээр «Бурхны хурлууд» байжээ (1 Коринт 11:16, ШЕ; 2 Тесалоник 1:4, ШЕ).

14. Библийн зарим зүйлд хэрэглэсэн «хурал» гэдэг үгийг үзэхэд ямар дүгнэлт хийж болох вэ?

14 Айлд цуглаанаа явуулдаг жижиг бүлэг бас байжээ. Тийм жижиг бүлгийг ч «хурал» гэж нэрлэдэг байсан. Жишээ нь, Акул Приска хоёр болон Нумфа, Филемон нарын гэрт цугладаг байсан хурлуудын тухай Библид бичсэн байдаг шүү дээ (Ром 16:3–5; Колоссай 4:15; Филемон 2). Энэ нь айлын гэрт цуглаанаа тогтмол явуулдаг өнөөгийн жижиг хурлуудад урам өгдөг. Ехова І зуунд тийм жижиг бүлгүүдийг хуралд тооцдог байсан шигээ өнөөдөр ч бас тийнхүү үзэж, ариун сүнсээрээ ивээдэг.

Хурлууд Еховаг алдаршуулдаг

15. Нэгдүгээр зууны зарим хурлын гишүүд ариун сүнсний хүчээр ямар чадвартай болсон бэ?

15 Дуулал 22:22-т бичсэн зөгнөл биелж, Есүс Еховаг хурлын дунд магтдаг байсныг бид дээр ярилцсан (Еврей 2:12). Үнэнч дагалдагчид нь ч бас Бурхныг магтах учиртай байв. Нэгдүгээр зууны христианууд ариун сүнсээр тослогдож, Бурхны хөвгүүд, Христийн ах дүү нар болоход зарим нь ер бусын чадвартай болсон. Өөрөөр хэлбэл, ариун сүнсний гайхамшигт бэлэг авчээ. Жишээ нь, зарим христиан мэргэн ухаан юм уу мэдлэгийн үгийг хэлэх, эдгээх юм уу эш үзүүлэх, тэр байтугай, мэдэхгүй хэлээрээ ярих чадвартай болсон (1 Коринт 12:4–11).

16. Сүнсний гайхамшигт бэлгийн нэг зорилго юу байсан бэ?

16 Хэлээр ярих талаар Паул: «Би сүнсээр магтаалын дуу дуулж, ухаанаараа ч дуулна» гэж хэлжээ (1 Коринт 14:15, ШГ). Тэрбээр хэлэх үгээ бусдад ойлгуулж, тэднийг сургахын чухлыг ойлгодог байсан. Паулын гол зорилго бол хуралд Еховаг магтах явдал байжээ. Паул сүнсний бэлэг авсан итгэл нэгтнүүддээ хурлынхаа «босгон байгуулалтын төлөө тэдгээрийн бялхалтыг эрж хайхыг» уриалсан байдаг (1 Коринт 14:4, 5, 12, 23). Христианууд тус тусынхаа хуралд Бурхныг магтах боломжтойг тэрбээр мэдэж байсан учир хурлуудыг анхаарч, сонирхож байжээ.

17. Орон нутгийн хурлуудын тухайд бид юунд итгэлтэй байж болох вэ?

17 Ехова хурлаа ашиглаж, дэмжсээр байна. Дэлхий дэх тослогдсон христиануудын бүлгийг ивээдгийнх нь нэг илрэл бол өнөөдөр ард түмэн нь сүнслэгээр элбэг дэлбэг хооллож байгаа явдал юм (Лук 12:42). Түүнээс гадна, Бурхан дэлхий дахины ах дүүгийн барилдлагыг бүхэлд нь ивээж байна. Бас орон нутгийн хурлуудыг ивээдэг. Хурал дотор бид Бүтээгчээ үйл хэргээрээ болон бусдын итгэлийг бэхжүүлэх хариултаараа магтдаг. Тэнд бид Библийн боловсрол эзэмшиж, сүнслэг сургалтад хамрагддагийнхаа ачаар, хаана ч, хэзээ ч Бурхнаа магтан алдаршуулж чадна.

18, 19. Чин сэтгэлтэй христианууд яахыг хүсдэг вэ?

18 Элч Паул Македонийн Филиппой хот дахь хурлын христиануудад «Бурхны магтаал болоод алдрын төлөө Есүс Христээр ирэх зөвт байдлын үр жимсээр дүүрэн байхыг» уриалжээ. Энэ нь, Есүст итгэх итгэл, ирээдүйн сайхан найдварынхаа тухай христиан хурлын гишүүн биш хүмүүст ярихыг хэлсэн хэрэг ажээ (Филиппой 1:9–11; 3:8–11). Бас, «[Есүсээр] дамжуулан Бурханд Түүний нэрийг хүлээн зөвшөөрдөг [«бүх нийтэд тунхагладаг», ШЕ] уруулын үр жимс буюу магтаалын тахилыг үргэлж өргөцгөөе» гэж итгэл нэгтнүүддээ уриалсан (Еврей 13:15).

19 Та Есүс шиг, «хурлын дунд» Бурхныг магтахдаа баярладаг уу? Еховаг мэддэггүй, магтдаггүй хүмүүст Бурхнаа уруулаараа магтах дуртай юу? (Еврей 2:12, ШЕ; Ром 15:9–11) Энэ асуултад хэрхэн хариулах нь, Бурхны хүсэл тааллыг биелүүлэх үйлсэд танай хурал ямар үүрэг гүйцэтгэдгийг та юу гэж ойлгодгоос тодорхой хэмжээгээр шалтгаална. Ехова орон нутгийн хурлуудаар дамжуулан санаа зорилгоо хэрхэн биелүүлж, тэр хурлуудыг хэрхэн удирддаг, хурал бидний амьдралд ямар үүрэгтэйг дараагийн өгүүллээр ярилцъя.

Санаж байна уу?

• Тослогдсон христиануудаас бүрддэг «Бурхны хурал» хэрхэн үүссэн бэ?

• Библид «хурал» гэдэг үгээр өөр ямар гурван зүйлийг хэлдэг вэ?

• Давид, Есүс болон І зууны христианууд хурлын дунд яадаг байсан бэ? Тэднийг яаж дуурайх вэ?

[Догол мөрийн асуулт]