Skip to content

Гарчиг руу орох

Хурал христиануудыг босгон байгуулдаг

Хурал христиануудыг босгон байгуулдаг

Хурал христиануудыг босгон байгуулдаг

«Чуулган [«хурал», ШЕ] босгон байгуулагдаж, амар тайван байлаа» (ҮЙЛС 9:31).

1. «Бурхны хурлын» талаар ямар ямар асуулт урган гарч болох вэ?

 МЭ 33 оны Пентекостын өдөр Ехова Христийн шавь нарын бүлгийг «Бурхны Израиль» буюу шинэ үндэстэн болсныг хүлээн зөвшөөрчээ (Галат 6:16). Сүнсээр тослогдсон тэдгээр христианыг бас «Бурхны чуулган [«хурал», ШЕ]» гэж Библид бичсэн байдаг (1 Коринт 11:22). Тэгвэл Бурхны хурал болно гэдэг нь юу гэсэн үг байсан бэ? Ямар зохион байгуулалттай байсан бэ? Гишүүд нь хаана байхаас үл хамаарч, үйл ажиллагаагаа хэрхэн явуулах байсан бэ? Бидний амьдралд ямар үүрэгтэй вэ?

2, 3. Хурал зохион байгуулалттай байх талаар Есүс юу хэлсэн бэ?

2 Есүс тослогдсон дагалдагчдаас нь бүрдэх хурал бий болохыг зөгнөн: «Энэ хадан дээр Би Өөрийн чуулганыг [«хурлыг», ШЕ] босгох бөгөөд түүнийг Үхэгсдийн орны хаалга дийлэхгүй» хэмээн элч Петрт хэлж байсныг өмнөх өгүүллээр үзсэн билээ (Матай 16:18). Элч нартайгаа хамт байхдаа тэрбээр удахгүй үүсэн байгуулагдах хурал тодорхой үйл ажиллагаа явуулдаг, зохион байгуулалттай байхыг ч бас хэлж өгчээ.

3 Зарим хүн хуралд удирдах үүрэг хүлээх бөгөөд ингэхдээ хурлынхаа гишүүдэд үйлчлэх учиртайг Есүс үгээрээ, үйлсээрээ зааж сургасан. Тэрбээр: «Харь үндэстнүүдийн захирагчид гэж тооцогдсон хүмүүс ард олноо ноёрхдог. Ихэс дээдэс нь тэднийг эрхэндээ байлгадгийг та нар мэднэ. Харин та нарын дунд тийм юм байж болохгүй. Хэн та нарын дунд агуу болохыг хүснэ, тэр хүн та нарын зарц болог. Мөн хэн та нарын дунд тэргүүнд байхыг хүснэ, тэр хүн бүгдийн боол болог» гэж хэлжээ (Марк 10:42–44). «Бурхны хурал» эмх замбараагүй, тархай бутархай биш, харин ч зохион байгуулалттай, гишүүд нь бие биетэйгээ нягт хамтран ажилладаг байх ёстой аж.

4, 5. Хуралд удирдамж заавар хэрэгтэйг юунаас мэдэж болох вэ?

4 «Бурхны хурлын» ирээдүйн Тэргүүн болох Есүс өөрөөс нь суралцсан хүмүүс болон элч нар нь хуралд онцгой үүрэг хүлээх учиртайг хэлж байжээ. Ямар үүрэг вэ? Гол нь, хурлын гишүүдэд Еховагийн тухай зааж сургах явдал байв. Дахин амилсан Есүс хэдэн элчтэйгээ байхдаа Петрээс: «Иоханы хүү Симон оо, чи Намайг ...хайрладаг уу?» гэж асуухад нь Петр: «Тийм ээ, Эзэн. Миний Танд хайртайг Та мэднэ» гэж хариулдаг. Есүс түүнд үүрэг өгч: «Миний хургануудыг тэжээ... Миний хоньдыг хариул... Миний хоньдыг тэжээ» гэжээ (Иохан 21:15–17). Энэ бол туйлын хариуцлагатай даалгавар байлаа.

5 Хурлын гишүүдийг хоттой хоньтой зүйрлэсэн нь Есүсийн хэлсэн үгнээс харагдаж байна. Хонь малд өвс тэжээл, зөв арчилгаа маллагаа хэрэгтэй байдаг шиг христиануудад сүнслэг хоол тэжээл, зохих анхаарал халамж шаардлагатай. Түүнчлэн, Есүсийн тушааснаар бүх дагалдагч нь Бурхны тухай зааж, шавь бэлдэх ёстой учраас Христийн хонины тоонд шинээр орж байгаа бүх хүн энэхүү тушаалыг биелүүлэхийн тулд суралцах хэрэгтэй (Матай 28:19, 20).

6. Шинэ тутам байгуулагдсан «Бурхны хуралд» зохион байгуулалтын ямар ямар арга хэмжээ авч байсан бэ?

6 «Бурхны хурал» байгуулагдсан цагаас гишүүд нь заавар зөвлөгөө авч, урмаа сэргээхийн тулд тогтмол цугладаг байв. «Тэд байнга элч нарын сургаалыг сонсож, бас нөхөрлөж, талх хувааж, залбирцгааж байлаа» (Үйлс 2:42, 46, 47). Бас шаардлага хангасан хэдэн хүнийг томилж, ахуйн асуудал хариуцуулсан тухай өөр нэг чухал баримт бий. Тэр хүмүүсийг олон жил суралцсан, ур чадвар сайтай гэдгээр нь бус, «Сүнс болон мэргэн ухаанаар дүүрэн» учраас сонгожээ. Тэдний нэг болох Стефаныг «итгэл ба Ариун Сүнсээр дүүрэн» хүн гэж бичсэн байдаг. Ийнхүү хурал зохион байгуулалттай байсны дүнд «Бурхны үг түгэн тархсаар Иерусалим дахь дагалдагчдын тоо үлэмж ихээр үргэлжлэн нэмэгдсээр байсан» (Үйлс 6:1–7).

Бурхны томилсон эрчүүд

7, 8. а) Иерусалим дахь элч нар болон ахлагчид тухайн үедээ ямар үүрэг гүйцэтгэдэг байсан бэ? б) Хурлуудаар дамжуулж удирдамж заавар өгснөөр ямар үр дүнд хүрсэн бэ?

7 Зөвхөн элч нар зохион байгуулалтын арга хэмжээ авдаг байсан юм биш ээ. Нэг удаа Паул нөхдийнхөө хамт Сирийн Антиохт буцаж очжээ. «Тэд хүрч ирээд, чуулганыг [«хурлыг», ШЕ] цуглуулж, Бурхан өөрсөдтэй нь хамт юу хийснийг... ярьж өглөө» гэж Үйлс 14:27-д бичсэн байдаг. Тэднийг тэндхийн хуралд байхад иудей бус христиануудын хөвчийг хөндөх хэрэгтэй юү, үгүй юү гэдэг асуудал гарч иржээ. Энэ асуудлыг шийдэхийн тулд Паул Барнаб хоёрыг тухайн үедээ удирдах зөвлөлийн үүрэг гүйцэтгэж байсан «Иерусалим дахь элч нар, ахлагчид руу» илгээсэн байна (Үйлс 15:1–3).

8 «Энэ асуудлыг хэлэлцэхээр элч нар болон ахлагчид хамтдаа цугларахад» Есүсийн дүү Иаков элч биш байсан ч, христиан ахлагчийн хувьд хурлыг удирдан явуулжээ (Үйлс 15:6). Тэд асуудлыг нухацтай хэлэлцээд, ариун сүнсний тусламжтайгаар Судрын дагуу шийдвэр гаргаж, үүнийгээ орон нутгийн хурлуудад захидлаар мэдэгдсэн (Үйлс 15:22–32). Хурлын гишүүд уг шийдвэрийг зөвшөөрч, хэрэгжүүлснийхээ ачаар «босгон байгуулагдаж», урамшсан. Библид: «Чуулгануудын [«хурлуудын», ШЕ] итгэл тийнхүү бэхжиж, өдөр бүр итгэгчдийн тоо нэмэгдсээр байв» гэж бичжээ (Үйлс 16:5).

9. Библид бичсэнээр, шаардлага хангасан христиан эрчүүд ямар үүрэг хүлээдэг вэ?

9 Орон нутгийн тэр хурлууд өдөр тутмын үйл хэргээ хэрхэн явуулж байсан бэ? Крет арлын хурлуудыг жишээ болгон авъя. Тэр нутгийн ихэнх хүн муу нэртэй байсан боловч зарим нь өөрчлөгдөн, жинхэнэ христиан болжээ (Тит 1:10–12; 2:2, 3). Тэд удирдах зөвлөл байрлаж байсан Иерусалимаас хол, өөр өөр хотод амьдарч байв. Гэхдээ энэ нь том саад биш байлаа. Учир нь, бусад газрын нэгэн адил, Крет дэх хурал бүрд Библийн шаардлага хангасан эрчүүдийг харгалзагч буюу ахлагчаар томилсон байв. Тэд «эрүүл сургаалаар ухуулах болон эсэргүүцэгч хүмүүсийн алдааг ойлгуулах [«үгийг дагахгүй байгаа хүмүүсийг зэмлэх», ШЕ]» үүрэг хүлээдэг байжээ (Тит 1:5–9; 1 Тимот 3:1–7). Тэднээс гадна, сүнслэгээр төлөвшсөн, Библийн шаардлага хангасан зарим хүнийг хуралд туслуулах зорилгоор туслах үйлчлэгч болгон томилсон байсан (1 Тимот 3:8–10, 12, 13).

10. Матай 18:15–17-д бичсэнээр, хоёр хүний дунд гарсан зөрчлийг хэрхэн шийдвэрлэдэг байсан бэ?

10 Хурал ийм зохион байгуулалттай байхыг Есүс хэлж байсан. Матай 18:15–17-д тэмдэглэгдсэн түүний үгийг саная. Нэг христиан нөгөөдөө муу юм хийснээс болж тэдний хооронд зөрчил гарч болох аж. Тэгвэл, гомдолтой нэг нь нөгөө дээрээ очоод, ганцаарчлан уулзаж, «зэмлэх» ёстой байв. Учраа ололцож чадахгүй бол хэрэг явдлыг мэддэг нэг юм уу хоёр хүнээс тусламж авч болох байлаа. Тэглээ гээд нэмэргүй бол яах вэ? Есүс: «Хэрэв тэр тэднийг сонсохоос татгалзвал чуулгандхуралд», ШЕ] хэл. Хэрэв чуулганыгхурлыг», ШЕ] хүртэл сонсохоос татгалзвал тэр чиний хувьд харь үндэстэн болоод татвар хураагч мэт байг» гэж хэлжээ. Тэр үед иудейчүүд Бурхны хурал байсан учраас Есүсийн хэлсэн энэ үг юуны түрүүнд иудейчүүдэд хамаатай байлаа. * Харин христиан хурал үүсэн бий болоход уг заавар хуралд хэрэгжих учиртай байв. Энэ нь христиан хүн бүрийг удирдан, босгон байгуулахын тулд Бурхны ард түмний хурал зохион байгуулалттай байхыг харуулсан бас нэг баримт юм.

11. Төвөгтэй асуудлыг шийдэхэд ахлагчид ямар үүрэгтэй байсан бэ?

11 Хурлын гишүүдийн хооронд гарсан маргаантай асуудал юм уу нүгэл үйлдсэн хүний хэргийг ахлагчид хурлын өмнөөс шийддэг нь зүй ёсны хэрэг байв. Энэ нь Тит 1:9-д бичсэн, ахлагчдад тавьдаг шаардлагын нэг юм. Тэр үеийн орон нутгийн хурлын ахлагчид хурлуудад гарсан «дутагдлыг засуулахаар» Паулын илгээсэн Титийн адил төгс бус хүмүүс байсан нь мэдээж (Тит 1:4, 5, ШЕ). Өнөө үед ахлагчаар томилогдох гэж байгаа хүмүүс Бурханд бат итгэлтэй, чин үнэнчээ баталсан байх ёстой байдаг. Тиймээс хурлын гишүүд ахлагчдад захирагдаж, заавар зөвлөгөөнд нь итгэх бүрэн үндэстэй.

12. Ахлагчид хуралд ямар үүрэг хүлээдэг вэ?

12 Паул Ефесийн хурлын ахлагчдад: «Бурхан Өөрийн [Хүүгийн] цусаар Өөртөө худалдаж авсан Бурхны чуулганыг [«хурлыг», ШЕ] хариулуулахаар Ариун Сүнс та нарыг харгалзагч болгосон бөгөөд та нар өөртөө болон бүх сүрэгт анхаарал тавь» гэж бичжээ (Үйлс 20:28). Өнөөдөр ч гэсэн ахлагчид «Бурхны чуулганыг [«хурлыг», ШЕ] хариулахаар» томилогддог. Тэд сүргийг ноёлох бус хайраар хариулах учиртай (1 Петр 5:2, 3). Ахлагчид «бүх сүргийг» босгон байгуулж, тэдэнд туслахыг хичээх ёстой.

Хуралтай нягт холбоотой байгтун

13. Заримдаа хурал дотор юу гардаг вэ? Яагаад?

13 Ахлагчид болон хурлын гишүүд бүгдээрээ төгс бус учраас бие биеэ буруу ойлгох гэх мэт таагүй явдал хааяа гардаг. Ийм явдал нэгдүгээр зуунд элч нарыг байхад ч гарч байсан (Филиппой 4:2, 3). Ахлагч юм уу өөр хэн нэг хүн бүдүүлэг, хатуу ширүүн харьцах, эсвэл үнэн худал нь мэдэгдэхгүй юм хэлж магадгүй. Эсвэл Библийн зарчим зөрчсөн хэрэг гараад байхад ахлагчид мэдсээр байж асуудлыг шийдэхгүй байх шиг санагдаж болох юм. Гэтэл ахлагчид бидний мэдэхгүй баримтад түшиглэн, Библийн дагуу уг асуудлыг шийдсэн ч юм уу, шийдэж байж болох шүү дээ. За яах вэ, бидний бодож байсан зөв байлаа гэж бодъё. Гэхдээ, Еховагийн анхаарч халамжилж байсан Коринт хотын хуралд хүртэл ноцтой дутагдал гарч байсныг санацгаая. Яваандаа, Ехова тэр асуудлыг шийдэж, хатуу арга хэмжээ авсан байдаг (1 Коринт 5:1, 5, 9–11). «Хэрэв би тэр үед Коринтын хуралд байсан бол Еховаг арга хэмжээ автал яах байсан бол оо?» гэж өөрсдөөсөө асууцгаая.

14, 15. Зарим хүн яагаад Есүсийг дагахаа больсон бэ? Энэ нь бидэнд ямар сургамжтай вэ?

14 Хуралд гарч болох бас нэг асуудлыг авч үзье. Библийн ямар нэг сургаалыг ойлгож, хүлээн зөвшөөрч чаддаггүй хүн байлаа гэж бодъё. Тэр хүн Бурхны Үг Библийг судалж, хурлаар дамжиж ирдэг ном хэвлэл уншиж, төлөвшсөн итгэл нэгтнүүдээсээ, тэр байтугай ахлагчдаас асууж лавласан байж болох юм. Тэгсэн ч гэсэн хэвээрээ байвал яах вэ? Иймэрхүү явдал Есүсийг нас барахаас жил шахмын өмнө болж байжээ. Есүс өөрийгөө «амийн талх» гээд, хүн мөнх амьдрахын тулд «Хүний Хүүгийн махыг идэж, цусыг нь уух» хэрэгтэй гэж хэлэхэд зарим шавь нь ихэд цочирджээ. Энэ үгийн утгыг тайлбарлуулах юм уу, цаг нь болохоор Ехова ойлгуулна гэж итгэж хүлээхийн оронд олон шавь нь «[Есүстэй] хамт явахаа» больсон (Иохан 6:35, 41–66). Хэрэв бид тэр үед байсан бол яах байсан бол?

15 Орчин үед зарим хүн хурлаас тусдаа, бие даан Бурханд үйлчлэхээр шийддэг. Тэд гомдсондоо, буруу гэж бодож байсан зүйлийг нь засаж залруулаагүйгээс, эсвэл зарим нэг сургаалыг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа учраас ийм шийдвэр гаргалаа гэж хэлж болох юм. Ингэх нь хэр ухаалаг хэрэг вэ? Христиан хүн бүр Бурхантай хувийн харьцаатай байх ёстой нь үнэн хэдий ч, Ехова элч нарын үетэй адил өнөөдөр ч бас дэлхий дахины христиан хурлаар дамжуулан хүсэл тааллаа биелүүлж байгааг нь үгүйсгэж болохгүй. Түүнээс гадна, нэгдүгээр зуунд Ехова хурлын гишүүдэд туслах зорилгоор Библийн шаардлага хангасан эрчүүдийг ахлагч болон туслах үйлчлэгчээр томилж, орон нутгийн хурлуудаар дамжуулан хүсэл тааллаа биелүүлж, тэдгээрийг ивээдэг байсан. Өнөөдөр ч бас адилхан.

16. Хурлыг орхимоор санагдвал юун тухай бодох хэрэгтэй вэ?

16 Христиан хүн Бурхантай хувийн харьцаа тогтоогоод л бүх юм болчихно гэж боддог бол Бурхны авсан арга хэмжээ буюу дэлхий дахины христиан хурал болон орон нутгийнхаа хурлыг үл тоомсорлож байгаатай адил юм. Бурхныг бие даан шүтэх юм уу цөөн хэдэн хүнтэй л харьцаж болдог юм бол хуралд ахлагч, туслах үйлчлэгчдийг томилохын хэрэг юу байх билээ? Паул Колоссайн хуралд бичсэн захидлаа Лаодикийн хуралд бас уншуулахыг захиж, «[Христ] дотор бат үндэслэгдэн, байгуулагдахыг» уриалсан нь сонирхолтой. Тэгэхлээр, хурлаас ангид байдаг хүмүүс бус, хуралтай нягт холбоотой хүмүүс л энэ захидлын ач тусыг хүртэх байв (Колоссай 2:6, 7; 4:16).

Үнэний багана ба суурь

17. 1 Тимот 3:15-д хурлын тухай юу хэлдэг вэ?

17 Элч Паул хурлын ахлагчаар үйлчилдэг Тимотод бичсэн эхний захидалдаа орон нутгийн хурлууд дахь ахлагчид болон туслах үйлчлэгчдийн хангавал зохих шаардлагыг тоочин бичсэнийхээ дараа «амьд Бурхны чуулган [«хурал», ШЕ]»-ыг «үнэний багана ба суурь» хэмээсэн байдаг (1 Тимот 3:15). Нэгдүгээр зуунд, тослогдсон христиануудын хурал бүхэлдээ тийм багана болж байсан. Христиан хүн бүр үнэнийг, гол нь, хурлаараа дамжуулж мэдэж авдаг байлаа. Хурал бол Библийн үнэнийг заадаг, хамгаалдаг газар бөгөөд тэнд л христианууд босгон байгуулагдаж чадах байв.

18. Цуглаан ямар учраас чухал бэ?

18 Дэлхий дахины христиан хурал ч бас Бурхны гэр бүл бөгөөд «үнэний багана ба суурь» юм. Хурлынхаа цуглаануудад тогтмол очиж, оролцож байсан цагт л босгон байгуулагдаж, Бурхантай тогтоосон харьцаагаа бэхжүүлж, хүсэл тааллыг нь биелүүлж сурна. Паул цуглаан дээр хэлж ярьдаг зүйлийг анхаардаг байсан нь Коринт хотын христиан хуралд бичсэн захидлаас нь харагддаг. Цуглаан дээр ярьдаг зүйл ирсэн хүмүүсийг «байгуулахаар» тодорхой, ойлгомжтой байгаасай гэж хүсдэгээ тэрбээр бичжээ (1 Коринт 14:12, 17–19). Ехова Бурхан орон нутгийн хурлуудад зохион байгуулалтын арга хэмжээ авч, дэмжлэг туслалцаа үзүүлдэг гэдгийг ойлгодог бол бид ч бас босгон байгуулагдана.

19. Та яагаад хурлаа эрхэмлэдэг вэ?

19 Христианууд бид босгон байгуулагдъя гэвэл хуралтай нягт хамтран ажиллах хэрэгтэй. Бурхан үйлчлэгчдээ хурлын тусламжтайгаар хуурамч сургаалаас хамгаалдаг нь нэгэнт батлагдсан бөгөөд Мессиагийн Хаанчлалын тухай сайн мэдээг дэлхий даяар тунхаглуулдаг билээ. Тэгэхлээр, христиан хурал Бурхны хүсэл тааллыг биелүүлэх үйлсэд чухал үүрэг гүйцэтгэдэг нь тодорхой байна (Ефес 3:9, 10).

[Зүүлт]

^ Есүс «хуралд хэлэх» тухай заавар өгсөн нь, Библи судлаач Альберт Барнзын хэлснээр, «тийм асуудлыг шийдэх эрхтэй хүмүүс буюу сүмийн төлөөлөгчдөд хэлэх гэсэн утгатай» байж болох ажээ. Иудейн синагогт хувь хүмүүсийн хооронд гардаг иймэрхүү асуудлыг шийддэг ахлагчдын хороо байжээ.

Санаж байна уу?

• Бурхан христиан хурлын тусламжтайгаар хүсэл тааллаа биелүүлдэг гэж үзэхийн учир юу вэ?

• Ахлагчид төгс бус ч гэсэн, хуралд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

• Та хуралдаа хэрхэн босгон байгуулагддаг вэ?

[Догол мөрийн асуулт]