Skip to content

Гарчиг руу орох

Бурхны үгээр удирдуулагтун

Бурхны үгээр удирдуулагтун

Бурхны үгээр удирдуулагтун

«Таны үг бол миний хөл дэх дэнлүү, миний зам дахь гэрэл юм» (ДУУЛАЛ 119:105).

1, 2. Ихэнх хүн жинхэнэ амар тайван, аз жаргалд хүрэх замыг олж чаддаггүйн учир юу вэ?

 ХҮНЭЭР зам заалгаж байсан үе танд бий юү? Зорьсон газраа дөхөөд ирчихсэн хэр нь салаа замын алинаар нь явахаа мэдэхээ байчих үе байдаг. Эсвэл бүр төөрөөд, зүгээ өөрчлөх ч хэрэг гардаг. Аль нь ч байлаа гэсэн, зам мэдэх хүнээс асуух нь дээр биз дээ? Зорьсон газраа хүрэхэд тийм л хүн тусалж чадна.

2 Төгс бус хүн төрөлхтөн Бурхны тусламжгүйгээр замаа олох гэж олон мянган жил оролдсоор ирсэн. Гэвч Бурхнаар удирдуулалгүй яваад бүрмөсөн төөрчээ. Тэд жинхэнэ амар тайван, аз жаргалд хүрэх замыг олж чадаагүй. Ямар учраас тэр вэ? 2500 гаруй жилийн тэртээ зөнч Иеремиа: «Алхаж байгаа хүн ч алхаагаа чиглүүлэх мэдэлгүй» гэж бичсэн байдаг (Иеремиа 10:23, ШЕ). Зохих тусламж авахгүйгээр дур мэдэн «алхаагаа чиглүүлэх» гэж оролддог хэн боловч амжилтад хүрдэггүй. Тийм ээ, хүн төрөлхтөнд удирдлага заавар зайлшгүй хэрэгтэй.

3. Ехова Бурхныг хүн төрөлхтөнд хамгийн сайн удирдлага заавар өгч чадах нэгэн гэж хэлж болохын учир юу вэ? Ехова юу гэж амладаг вэ?

3 Хүн төрөлхтөнд хамгийн сайн удирдлага заавар өгч чадах нэгэн бол Ехова Бурхан юм. Учир нь тэрбээр хүн хэрхэн бүтсэнийг хэнээс ч илүү мэддэг. Бас ямар учраас замаасаа хазайж, төөрснийг, зөв замаа олоход юу хэрэгтэйг хамгийн сайн мэддэг. Түүнээс гадна, Бүтээгчийн хувьд, бидэнд юу сайн болохыг үргэлж мэдэж байдаг (Исаиа 48:17). Тиймээс, «Би чиний явах ёстой замд чамд зааварлан зааж өгнө. Би чамайг ширтэн, чамд зөвлөнө» гэж амласанд нь бүрэн итгэх үндэс бий (Дуулал 32:8). Тэгэхлээр, Ехова биднийг хамгийн сайн удирдана гэдэгт эргэлзэх хэрэггүй. Харин чухам яаж удирддаг вэ?

4, 5. Бурхны үг сургаал биднийг хэрхэн удирддаг вэ?

4 Дуулалч: «Таны үг бол миний хөл дэх дэнлүү, миний зам дахь гэрэл юм» хэмээн залбирчээ (Дуулал 119:105). Библид бичигдсэн Еховагийн үг, сануулга амьдралд тохиолдох саад бэрхшээлийг даван туулахад тусалдаг. Библийг уншиж, удирдлага болговол «„Энэ бол зам. Үүгээр алхагтун“ гэсэн үгийг та нарын чих сонсоно» гэсэн үг үнэн болохыг биеэрээ үзнэ (Исаиа 30:21).

5 Дуулал 119:105-д Бурхны Үг бидний амьдралд хоорондоо харилцан уялдаатай хоёр чухал үүрэг гүйцэтгэдгийг онцлон тэмдэглэсэн байдаг. Нэгдүгээрт, өдөр тутмын амьдралд тохиолдох бэрхшээлийг ухаалгаар шийдэж, ертөнцийн урхи зангаас зайлсхийхэд Библийн зарчмууд тус болдог нь хөл дэх дэнлүү болж байгаа хэрэг юм. Хоёрдугаарт, Бурхны сануулга замыг маань гэрэлтүүлж, диваажин дэлхийд мөнх амьдрах найдвартайгаа тохирсон шийдвэр гаргахад тусалдаг. Өмнөх зам маань тод харагддаг бол бид аливаа үйл хэргийн үр дагаврыг буюу сайн муу аль нь болохыг ялган харж чадна (Ром 14:21; 1 Тимот 6:9; Илчлэлт 22:12). Бурхны үг сургаал бидний хөлд хэрхэн дэнлүү болж, замыг маань яаж гэрэлтүүлдгийг илүү дэлгэрэнгүй авч үзье.

«Миний хөл дэх дэнлүү»

6. Ямар үед Бурхны үг сургаал бидний хөл дэх дэнлүү болдог вэ?

6 Бид өдөр бүр л шийдвэр гаргадаг. Заримдаа маш энгийн зүйлийг шийддэг бол, зарим үед цэвэр ариун, үнэнч шударга байх, төвийг сахих гэх зэргийн христиан хүний хувьд туйлын нухацтай хандах шаардлагатай асуудалтай тулгардаг. Тиймэрхүү сорилтыг давахын тулд «мэдрэмжээ» «дадлагажуулан», «сайн мууг ялгахад суралцах» ёстой (Еврей 5:14). Библийг нарийн мэддэг, зарчмуудыг нь сайн ойлгодог болбол мөс чанараа сургаж, Еховад таалагддаг шийдвэр гаргаж чаддаг болно (Сургаалт үгс 3:21).

7. Христиан хүн итгэгч бус ажлынхантайгаа дотносон нөхөрлөх ямар нөхцөл байж болохыг жишээгээр хэлнэ үү.

7 Та Еховаг баярлуулахыг чин сэтгэлээсээ хичээдэг үү? (Сургаалт үгс 27:11). Тийм бол сайн хэрэг. Нэг жишээ авъя. Ажлын газрынхан тань тэмцээн үзэхийг урьж, тасалбар өгчээ. Тэд тантай гар нийлэн ажилладаг бөгөөд амралт чөлөөт цагаараа ч дотносон нөхөрлөхийг хүсжээ. Та ч тэднийг аятайхан хүмүүс гэж үздэг, тэд ч зарим талаараа үнэхээр сайн хүмүүс байж болох юм. Яавал дээр вэ? Урилгыг нь хүлээгээд авчихвал буруудчих болов уу? Энэ асуудлыг зөв шийдэхэд Бурхны Үг хэрхэн туслах вэ?

8. Найз нөхдөө сонгохдоо Библийн ямар ямар зарчмыг сайн бодож үзэх хэрэгтэй вэ?

8 Библиэс хэдэн зарчим үзье. «Муу нөхөр сайн зуршлуудыг эвддэг» хэмээсэн 1 Коринт 15:33-ын зарчим хамгийн түрүүнд толгойд буух байх. Энэ зарчмыг хэрэгжүүлнэ гэдэг нь итгэгч бус хүмүүсээс дөлж зугтана гэсэн үг үү? Библиэс үзвэл тэгэх хэрэггүй. Дээрх зарчмыг бичсэн элч Паул өөрөө ч «бүх хүнд», тэр дундаа, итгэгч бус хүмүүст санаа тавьдаг байсан (1 Коринт 9:22). Бид христиан үүргээ биелүүлэхийн тулд итгэл үнэмшлийг маань хуваалцдаггүй хүмүүст ч анхаарал халамж тавих учиртай (Ром 10:13–15). Гэтэл тусламж шаардлагатай хүмүүсээс дөлөөд байвал «бүх хүнд сайныг үйлд» гэсэн зөвлөгөөг яаж хэрэгжүүлэх билээ? (Галат 6:10).

9. Ажлын газрынхантайгаа харьцахдаа дүн нуруу алдахгүй байхад Библийн ямар зөвлөгөө туслах вэ?

9 Гэхдээ ажлын газрын хүнтэй нөхөрсөг харьцах, дотно нөхөрлөх гэдэг хоорондоо эрс ялгаатай. Үүнийг ойлгохын тулд Библийн өөр нэг зарчмыг авч үзье. Элч Паул христиануудад: «Үл итгэгчдийн хамт нэг буулганд бүү орогтун» хэмээн анхааруулсан байдаг (2 Коринт 6:14). Энэ нь итгэгч бус хүмүүстэй хэтэрхий дотно харьцаатай байхаас зайлсхийнэ гэсэн үг юм. Тэгвэл яахыг дотно харьцах гэх вэ? Ийм асуудал тулгарахад ч Бурхны Үг Библи удирдлага болдог.

10. а) Есүс найз нөхдөө хэрхэн сонгодог байсан бэ? б) Найз нөхдөө зөв сонгоход ямар ямар асуултыг бодож үзэх хэрэгтэй вэ?

10 Хүн төрөлхтнийг бүтээгдсэн цагаас нь хайрлаж байсан Есүсийг жишээ болгон авч үзье (Сургаалт үгс 8:31). Тэрбээр дэлхийд байхдаа дагалдагчидтайгаа дотно харьцаатай байсан (Иохан 13:1). Тэр байтугай, шүтлэгийн асуудлаар төөрөлдөж явсан хүнийг ч «хайрлаж» байв (Марк 10:17–22). Гэхдээ хүнтэй дотносон нөхөрлөхдөө тодорхой зарчим баримталдаг байсан. Юу гэвэл, Эцгийнх нь хүсэл тааллыг биелүүлэх чин сэтгэлгүй хүмүүстэй анд нөхөд болдоггүй байсан бөгөөд нэгэн удаа: «Хэрэв та нар Миний тушаасныг хийвэл, та нар Миний нөхөд мөн» гэж хэлжээ (Иохан 15:14). Та ажлын газрынхаа зарим нэг хүнтэй санаа нийлдэг байж болох юм. Гэхдээ, «Энэ хүн Есүсийн тушаалыг биелүүлэхийг хүсдэг бил үү? Еховаг танин мэдэж, түүнийг Есүсийн тушааснаар шүтэхийг хүсдэг үү? Христиан хүнийхтэй адил ёс суртахууны хэм хэмжээг баримталдаг бил үү?» гэж бодож үзээрэй (Матай 4:10). Тэр хүнтэй ярилцаж, өөрөө Библийн хэм хэмжээг баримталдаг бол дээрх асуултуудын хариу тодорхой болно.

11. Бурхны үг сургаал ямар үед хөл дэх дэнлүү байж болдгийг жишээгээр хэлнэ үү.

11 Өөр олон асуудлыг шийдэхэд Бурхны үг сургаал хөл дэх дэнлүү болдог. Жишээ нь, ажилгүй байсан христианд ажил олджээ гэж бодъё. Гэтэл тэр ажилд орвол их цаг, хүч зарцуулахаас гадна, зарим цуглаанаа тасалж, христиан үйл хэргээ завсардуулах байв (Дуулал 37:25). Өөр нэг христиан Библийн зарчимтай илт зөрчилддөг зүйлийг үзэх гэж ихэд хорхойсдог болсон байж болох юм (Ефес 4:17–19). Гурав дахь нь итгэл нэгтнүүдийнхээ төгс бус байдлаас болж, юм л бол, гомддог байв (Колоссай 3:13). Ийм үед Бурхны Үгийг хөл дэх дэнлүүгээ болгох учиртай. Библийн зарчмыг хэрэгжүүлбэл ямар ч бэрхшээлийг давж чадна. Бурхны Үг «заахад, зэмлэхэд, залруулахад, зөвт байдал дотор чиглүүлэхэд тустай» (2 Тимот 3:16).

«Миний зам дахь гэрэл»

12. Бурхны үг сургаал яаж бидний зам дахь гэрэл болдог вэ?

12 Дуулал 119:105-д Бурхны үг сануулгыг бас өмнөх замыг маань гэрэлтүүлдэг гэрэл гэсэн байдаг. Өнөөдөр дэлхий дахинд болж байгаа үйл явдлын учир шалтгаан хийгээд энэ бүхэн юугаар төгсөхийг Библи хэлж өгдөг учраас ирээдүй маань тодорхой харагддаг. Бид эд юмсын тогтолцооны «эцсийн өдрүүдэд» амьдарч байгаагаа ойлгодог (2 Тимот 3:1–5). Ирээдүйн тухай мэдлэг маань өнөөгийн амьдралд чухал ач холбогдолтой. Элч Петр: «Хэрэв энэ бүхэн тийн устгагдах аваас ариун байдал ба сүсэглэл дотор та нар ямар төрлийн хүмүүс байх ёстой вэ? Бурхны өдрийн ирэхийг хүлээж, түргэлүүл» гэж бичжээ (2 Петр 3:11, 12).

13. Ямар цаг үед амьдарч байгаагаа ойлгох нь үзэл бодол, үйл хэрэгт маань хэрхэн нөлөөлдөг вэ?

13 «Ертөнц хийгээд түүний хүсэл тачаал нь өнгөрнө» гэдэгт итгэдгээ бид үзэл бодол, үйл хэргээрээ харуулах учиртай (1 Иохан 2:17). Ирээдүйгээ бодож, ухаалаг шийдвэр гаргахад Библийн зарчим тусалдаг. Жишээ нь, Есүс: «Эхлээд Түүний хаанчлал болон Түүний зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно» гэж хэлсэн байдаг (Матай 6:33). Өнөөдөр христиан залуус Есүсийн үгэнд итгэдгээ харуулж бүрэн цагаар үйлчилдэг нь үнэхээр сайшаалтай. Бас зарим Гэрч дэлгэрүүлэгч шаардлагатай нутаг руу бүр гэр бүлээрээ сайн дураараа нүүдэг.

14. Нэг христиан гэр бүл дэлгэрүүлэх ажлаа хэрхэн өргөжүүлсэн бэ?

14 Дөрвөн ам бүлтэй нэгэн христиан айлын жишээг авч үзье. Тэд АНУ-аас Доминикан улс руу нүүж, 50 000 оршин суугчтай хотын нэг хуралд үйлчилдэг болжээ. 130-аад дэлгэрүүлэгчтэй тэр хуралд 2006 оны дөрөвдүгээр сарын 12-нд Христийн үхлийг дурсах цуглаанд 1 300 орчим хүн хүрэлцэн ирсэн байна! Тэнд «тариа боловсорч, ургац хураахад бэлхэн байгаа» тул 5-хан сарын дотор аав, ээж, хүү, охин дөрөв нийтдээ гучин хичээлтэй болжээ (Иохан 4:35, ШГ). Аав нь: «Энэ хуралд туслахаар гаднаас ирсэн 30 дэлгэрүүлэгч бий. 20-иод нь АНУ-аас, бусад нь Багамын арлууд, Канад, Итали, Шинэ Зеланд, Испаниас ирсэн. Дэлгэрүүлэх ажилд оролцох ирмүүн хүсэлтэй ирсэн тэд нутгийн Гэрчүүдэд эрч хүч, урам зориг нэмсэн» гэж хэлсэн юм.

15. Та Хаанчлалын үйл хэргийг амьдралынхаа эн тэргүүнд тавиад ямар ивээл хүртсэн бэ?

15 Дэлгэрүүлэгч шаардлагатай нутагт очих боломж хүн болгонд байхгүй нь ойлгомжтой. Гэвч тийм боломжтой, эсвэл амьдрал ахуйгаа өөрчлөөд нүүж чадах хүмүүс дэлгэрүүлэх ажлаа өргөжүүлбэл их ивээл хүртэх нь дамжиггүй. Гэхдээ христиан хүн хаана ч байсан, Ехова Бурхандаа бүх хүчээрээ үйлчилдэг бол баяр хөөртэй байдаг. Хаанчлалын үйл хэргийг амьдралынхаа эн тэргүүнд тавьдаг хүний төлөө Ехова «ивээлийг хальтал асгахаа» амласан билээ (Малахи 3:10).

Еховагаар удирдуулахын ач тус

16. Бурхны үг сургаалаар удирдуулбал ямар ач тустай вэ?

16 Еховагийн үг сургаал хоорондоо харилцан уялдаатай хоёр аргаар биднийг удирддагийг үзлээ. Шийдвэр гаргах үед зөв удирдлага заавар өгч, хөл дэх дэнлүү болдог. Мөн ирээдүйд юу болохыг тодорхой хэлж, зам дахь гэрэл болдог. Энэ нь Петрийн: «Та нар оюун санаагаа үйлдэлд бэлтгэж, эрүүл ухаантай байж, Есүс Христийн илчлэлт дээр та нарт өгөгдөх нигүүлсэлд найдвараа бүрэн тавь» хэмээн зөвлөсний дагуу явахад тус болно (1 Петр 1:13).

17. Библи судлах нь Бурхнаар удирдуулахад хэрхэн туслах вэ?

17 Ехова удирдлага заавар өгдөг нь тодорхой боллоо. Харин та тэр удирдлага зааврыг дагах уу гэдэг асуулт гарч ирж байна. Ехова яаж удирддагийг ойлгохын тулд Библийг өдөр бүр уншиж, уншсанаа эргэцүүлж, Еховагийн үзэл бодлыг ойлгохыг хичээж, сурч мэдсэнээ янз бүрийн нөхцөлд хэрхэн хэрэгжүүлэхээ бодож байгаарай (1 Тимот 4:15). Тэгээд сайн бодож байгаад шийдвэр гаргаж байгаарай.

18. Библиэр удирдуулбал ямар ямар ивээл хүртэх вэ?

18 Бид өөрсдөө л хүсвэл Библийн зарчмууд биднийг гэгээрүүлж, ямар замаар явахаа шийдэхэд туслах удирдлага заавар болно. Еховагийн үг сургаал «гэнэнийг ухаантай» болгодог гэдэгт бид итгэдэг (Дуулал 19:7). Библиэр удирдуулбал цэвэр мөс чанартай байж, Еховад таалагдахын баяр хөөрийг эдэлнэ (1 Тимот 1:18, 19). Бурхны үг сургаалаар өдөр бүр удирдуулдаг бол эцэст нь мөнхийн амиар шагнуулна (Иохан 17:3).

Санаж байна уу?

• Ехова Бурхнаар удирдуулах нь ямар учраас чухал бэ?

• Бурхны үг сургаал хэрхэн бидний хөл дэх дэнлүү болдог вэ?

• Бурхны үг сургаал хэрхэн бидний зам дахь гэрэл болдог вэ?

• Библи судлах нь Бурхнаар удирдуулахад хэрхэн туслах вэ?

[Догол мөрийн асуулт]