Skip to content

Гарчиг руу орох

Залуус аа, Бурхныг алдаршуулахын тулд сүнслэг зорилго тавигтун

Залуус аа, Бурхныг алдаршуулахын тулд сүнслэг зорилго тавигтун

Залуус аа, Бурхныг алдаршуулахын тулд сүнслэг зорилго тавигтун

«Өөрийгөө бурханлаг байдлын зорилгын төлөө дасгалжуул» (1 ТИМОТ 4:7, МБОХ, 2000).

1, 2. а) Паул Тимотыг яагаад магтсан бэ? б) Өнөөдөр христиан залуус бурханлаг байдлыг зорилгоо болгож, өөрсдийгөө хэрхэн дасгалжуулдаг вэ?

 «ТА НАРЫН төлөө үнэхээр санаа тавих адилхан санаатай [түүнээс] өөр хэн ч надад алга. ...Надтай хамт хүү нь эцэгтээ үйлчилдэг шиг [тэрбээр] сайн мэдээний төлөө үйлчилсэн» (Филиппой 2:20, 22). Элч Паул Филиппойн христиануудад бичсэн захидалдаа нэгэн хүнийг ийн магтжээ. Тэр нь өөрийнх нь хамтран зүтгэгч залуу Тимот байлаа. Паул өөрт нь ийнхүү итгэн найдаж, хайрлан хүндэлж байсан нь Тимотод хэчнээн сайхан байсан бол оо.

2 Бурхнаас эмээдэг Тимот шиг залуус Еховагийн ард түмний дунд үргэлж хүндтэй байрыг эзэлдэг (Дуулал 110:3). Өнөөдөр Бурхны байгууллагад эхлэгч, миссионер, сайн дурын барилгачин, бетелчнээр үйлчилж буй залуус олон байна. Бас янз бүрийн үүрэг хариуцлага хүлээхийн хажуугаар хурлын үйл хэрэгт идэвхтэй оролцдог залуусыг магтууштай. Тэд тэнгэрийн Эцэг Еховагаа алдаршуулахын тулд сүнслэг зорилго тавьж, түүндээ хүрээд, жинхэнэ ёсоор сэтгэл хангалуун явдаг. Тийм ээ, тэд «бурханлаг байдлыг» зорилгоо болгож, өөрсдийгөө дасгалжуулдаг (1 Тимот 4:7, 8, МБОХ, 2000).

3. Энэ өгүүллээр ямар ямар асуултыг ярилцах вэ?

3 Залуу хүн та өмнөө сүнслэг зорилго тавьж, түүндээ хүрэхийн төлөө тэмүүлдэг үү? Тэгвэл зорилгодоо хүрэхийн тулд хаанаас тусламж авч, урмаа сэргээх вэ? Эд хөрөнгөний хойноос хөөцөлддөг ертөнцөд уруу татагдахгүйн тулд яах вэ? Бурхныг алдаршуулахын тулд сүнслэг зорилго тавьж, түүнийхээ төлөө явбал ямар ямар ивээл хүртэх вэ? Тимотын амьдрал, үйл хэргийн тухай ярилцаж, эдгээр асуултын хариуг авцгаая.

Тимот гэж хэн бэ?

4. Тимотын христиан амьдралыг товч ярина уу.

4 Тимот Ромын эзэнт гүрний харьяа Галат муж дахь Лустр хэмээх жижиг хотод өсжээ. Тэрбээр МЭ 47 оны орчим Паулыг Лустрт дэлгэрүүлж явах тэр үед, өсвөр настай байхдаа христийн шашинтай амьдралаа холбосон бололтой. Тэгээд тун богинохон хугацаанд нутгийнхаа христиануудын хайр хүндэтгэлийг хүлээжээ. Паул хоёр жилийн дараа Лустрт дахин ирэхдээ Тимотын амжилтыг дуулаад, миссионерийн аялалдаа дагуулж явах болсон (Үйлс 14:5–20; 16:1–3). Тимот эрийн цээнд хүрээд, христиануудын итгэлийг бэхжүүлэх гэх мэтийн хариуцлагатай үүрэг хүлээх болжээ. Паул түүнд МЭ 65 оны орчим Ром дахь шоронгоос захидал бичиж байх үед тэрбээр Ефесийн хуралд ахлагчаар үйлчилж байв.

5. 2 Тимот 3:14, 15-д бичсэнээр, сүнслэг зорилго тавихад нь Тимотод ямар хоёр зүйл тусалсан бэ?

5 Тимот сүнслэг зорилго тавьж, түүнийхээ төлөө явдаг байсан нь харагдаж байна. Гэхдээ энэ замыг сонгоход нь юу тус болсон бэ? Паул Тимотод бичсэн хоёр дахь захидалдаа: «Чи хэнээс сурснаа мэдэж, юунд итгэсэн болон юу сурсан дотроо байнга бай. ...Ариун Бичээсүүдийг чи бага наснаасаа мэдэх болсон» хэмээн хоёр чухал зүйл тус болсныг дурдсан байдаг (2 Тимот 3:14, 15). Тимотыг сүнслэг зорилго тавихад нь бусад христиан ямар үүрэг гүйцэтгэснийг эхлээд үзэцгээе.

«Сайныг дагавал сарны гэрэл»

6. Тимотыг хэн, хэрхэн сургасан бэ? Тимот хэрхэн суралцсан бэ?

6 Тимот шашин шүтлэгийн хувьд хуваагдмал гэр бүлд өсжээ. Эцэг нь грек, эх Юник, эмэг эх Лой нь иудей гаралтай хүмүүс байв (Үйлс 16:1). Тимотыг бүр бага байхаас нь ээж, эмээ хоёр нь Бурхны тухай үнэнийг Еврей судраас заадаг байжээ. Христиан болсон хойноо ч хүүдээ христиан сургаал заасан байж таарна. Тимот ч зааж сургасан бүхнийг нь өөрийн болгохын төлөө хичээж мэрийдэг байсан нь лавтай. Паул: «Чиний доторх чин сэтгэлийн итгэлийн тухай дуртгалыг бодохдоо, анх чиний эмэг эх Лой, чиний эх Юник нарт байсан итгэл чамд ч бий гэдгийг би сайн мэдэж байна» хэмээн бичжээ (2 Тимот 1:5).

7. Олон залуус юугаараа азтай вэ? Энэ нь тэдэнд ямар ач тустай вэ?

7 Сүнслэг зорилго тавихын чухлыг ойлгодог Лой, Юник нар шиг эцэг эх, өвөө эмээтэй азтай залуус өнөөдөр ч олон бий. Жишээ болгон Самирагийн тухай ярилцъя. Тэрбээр хүүхэд байхаасаа эцэг эхтэйгээ сэтгэлээ уудлан ярилцдаг байснаа одоо ч санадаг аж. «Аав ээж хоёр минь намайг аливаа зүйлд Еховагийн үзэл бодлоор ханддаг, дэлгэрүүлэх ажлыг эн тэргүүнд тавьдаг болгож сургасан. Бүрэн цагийн үйлчлэгч болохыг үргэлж зөвлөдөг байсан» гэж Самира дурссан юм. Тэрбээр эцэг эхийнхээ үгэнд орсон бөгөөд одоо Бетелд үйлчилж байна. Эцэг эх тань сүнслэг зорилго тавихыг зөвлөдөг бол нухацтай бодож үзээрэй. Эцэг эхчүүд үр хүүхдээ сайн сайхан явуулахыг л хүсдэг (Сургаалт үгс 1:5).

8. Тимот төлөвшсөн христиануудтай дотно нөхөрлөөд ямар ач тус хүртсэн бэ?

8 Хурлынхаа төлөвшсөн христиануудтай дотносон нөхөрлөх нь ч бас чухал. Тимотыг өөрийнх нь болон 30-аад километрийн зайтай орших Икониумын хурлын ахлагчид үнэлдэг байжээ (Үйлс 16:1, 2). Тэрбээр идэвх санаачилга, эрч хүчээр дүүрэн Паултай дотно нөхөрлөдөг байсан (Филиппой 3:14). Тимот зөвлөгөөг дор нь хэрэгжүүлдэг, Бурхны үнэнч үйлчлэгчдийн жишээнээс хурдан суралцдаг хүн байсан нь Паулын захидлуудаас харагддаг (1 Коринт 4:17; 1 Тимот 4:6, 12–16). Паул: «Чи миний сургаал, төлөв байдал, зорилго, итгэл, уужим сэтгэл, хайр, тэвчээр[ийг дагасан]» гэж бичжээ (2 Тимот 3:10). Үнэхээр ч, Тимот Паулын жишээг дагадаг байсан. Та ч бас хурлынхаа төлөвшсөн христиануудтай дотно нөхөрлөвөл сүнслэг зорилгодоо хүрэхэд тань дөхөм болно (2 Тимот 2:20–22).

«Ариун Бичээсүүдийг» судлах нь

9. «Өөрийгөө бурханлаг байдлын зорилгын төлөө дасгалжуулахын» тулд найз нөхрөө зөв сонгохоос гадна өөр яах шаардлагатай вэ?

9 Найз нөхрөө зөв сонгоод л сүнслэг зорилгодоо хүрчихнэ гэвэл учир дутагдалтай. Тимот шиг «Ариун Бичээсүүдийг» хичээнгүйлэн судлах хэрэгтэй. Та юм уншиж судлах дургүй байж болох юм. Гэхдээ Тимот «өөрийгөө бурханлаг байдлын зорилгын төлөө дасгалжуулах» ёстой байсныг санаарай. Тамирчин хүн зорилгодоо хүрэхийн тулд олон сараар дасгал сургууль хийдэг шиг сүнслэг зорилгод хүрэхэд ч бас аливаа юмаа золиосолж, нөр их хөдөлмөрлөх шаардлагатай байдаг (1 Тимот 4:7, 8, 10). «Гэхдээ Библи судлах нь зорилгодоо хүрэхэд яаж туслах вэ?» гэсэн асуулт гарч магадгүй. Одоо энэ тухай үзэцгээе.

10, 11. Библи судалбал сүнслэг зорилгодоо хүрэх хүсэлтэй болдгийн учир юу вэ? Жишээ хэлнэ үү.

10 Нэгдүгээрт, Библи судалбал та зөв хүсэл эрмэлзэлтэй болно. Библид тэнгэрийн Эцгийн маань гайхамшигтай сайхан зан чанар, бидний сайн сайхны төлөө хийсэн хайрын агуу үйлсийг нь илчилж, үнэнч үйлчлэгчдээ хэрхэн ивээхийг нь бичсэн байдаг (Амос 3:7; Иохан 3:16; Ром 15:4). Еховагийн тухай мэдлэг тань нэмэгдэхийн хэрээр Еховаг улам хайрлаж, түүнд амь амьдралаа зориулах хүсэл тань бадрах болно.

11 Олон залуу христиан Библийг бие даан, тогтмол судалсны ачаар үнэнийг өөрийн болгосон гэж ярьдаг. Жишээ авъя. Адел христиан гэр бүлд өссөн боловч сүнслэг зорилго огт тавьж байгаагүй ажээ. «Эцэг эх минь намайг Хаанчлалын танхим руу авч явдаг ч би өөрөө бие дааж Библи судалдаггүй, цуглаан дээр анхааралтай сонсдоггүй байсан» гэж тэр ярьсан юм. Харин эгчийгээ баптисм хүртсэний дараа Библийн үнэнийг илүү нухацтай бодож эхэлжээ. Адел: «Би Библийг эхнээс нь уншиж эхэлсэн. Бага багаар уншаад, тэмдэглэл хөтөлдөг байсан. Тэр тэмдэглэл маань одоо ч байгаа. Тэгээд Библиэ жилийн дотор уншиж дуусгасан» гэж ярьжээ. Эцэст нь Адел Еховад өөрийгөө зориулах хүсэл эрмэлзэлтэй болсон аж. Хэдийгээр, бие муутай ч одоо эхлэгчээр үйлчилж байна.

12, 13. а) Библи судалсны ачаар залуу хүн яаж өөрчлөгддөг вэ? б) Бурхны Үг хүнийг мэргэн ухаантай болгодгийн жишээ хэлнэ үү.

12 Хоёрдугаарт, зан чанараа өөрчлөхөд Библи тусална. Паул Тимотод «Ариун Бичээсүүд» нь «заахад, зэмлэхэд, залруулахад, зөвт байдал дотор чиглүүлэхэд тустай. Энэ нь Бурхны хүн аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм» гэж бичсэн байдаг (2 Тимот 3:16, 17). Библиэс сурч мэдсэнээ байнга эргэцүүлэн бодож, зарчмыг нь хэрэгжүүлбэл Бурхны сүнс таны зан чанарыг өөрчилнө. Ингэснээр та христиан хүнд байх ёстой зан чанар хөгжүүлж, даруу, цөхрөлтгүй, хөдөлмөрч, итгэл нэгтнүүдээ жинхэнэ ёсоор хайрладаг хүн болно (Дуулал 77:12; 1 Тимот 4:15). Тимот ийм зан чанартай байсныхаа ачаар Паулд ч, хуралдаа ч хэрэгтэй хүн болж чаджээ (Филиппой 2:20–22).

13 Гуравдугаарт, Бурхны Үг бол мэргэн ухааны сан хөмрөг юм (Дуулал 1:1–3; 19:7; 2 Тимот 2:7; 3:15). Найз нөхдөө ухаалгаар сонгох, амралт чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх болон өөр бусад чухал шийдвэр гаргахад Библи тусална (Эхлэл 34:1, 2; Дуулал 119:37; 1 Коринт 7:36). Сүнслэг зорилгодоо хүрье гэвэл одоо ухаалаг шийдвэр гаргах нь амин чухал юм.

«Сайн тэмцлээр тэмц»

14. Сүнслэг зорилгын төлөө явахад яагаад амаргүй байдаг вэ?

14 Бурхныг алдаршуулахын тулд сүнслэг зорилгыг эн тэргүүнд тавих нь хамгийн ухаалаг хэрэг мөн боловч зорилгодоо хүрэхэд амаргүй. Жишээ нь та ажил сонгох боллоо. Дээд боловсрол, ашигтай албан тушаалыг жинхэнэ аз жаргал, амжилтын үндэс гэж боддог хамаатан садан, үе тэнгийнхэн, багш нар тань сайн санасандаа элдвээр ятгаж, шахалт үзүүлж болох юм (Ром 12:2). Еховагийн өгөх гэж буй «мөнх амийг барьж авахын» тулд Тимот шиг «итгэлийн сайн тэмцлээр тэмцэх» хэрэгтэй (1 Тимот 6:12; 2 Тимот 3:12).

15. Тимот ямар эсэргүүцэлтэй тулгарсан байж болох вэ?

15 Итгэгч бус гэрийнхэн тань таны шийдвэрийг дэмжихгүй бол сорилт бүр ч хүнд санагдах биз ээ. Тимотыг ч тэгж эсэргүүцдэг байсан байж магадгүй. Нэгэн бүтээлд бичсэнээр, Тимот «хөрөнгө чинээтэй, сэхээтэн айлын хүүхэд» байсан бололтой. Эцэг нь Тимотыг өндөр боловсролтой болгож, ажил хэргээ залгамжлуулахыг хүсэж байсан байж болох юм. * Хүүгээ мөнгө олох найдваргүй, аюул осол ихтэй миссионерийн ажил хийх болсныг мэдээд яасныг нь төсөөлөөд үзээрэй.

16. Эцэг нь эсэргүүцдэг нэг залуу бэрхшээлээ яаж давсан бэ?

16 Өнөөдөр залуу христиануудад үүнтэй адилхан бэрхшээл тулгардаг. Еховагийн Гэрчүүдийн байгууллагын нэг салбарт үйлчилдэг Мэтью: «Намайг эхлэгчээр үйлчилж эхлэхэд аав минь ихэд гонсойж билээ. Эхлэгчээр үйлчлэхийн хажуугаар амьдралаа залгуулахын тулд цэвэрлэгч болсныг минь хараад, олж авсан боловсролоо уландаа гишгэж байна гэж бодсон байх. Бүтэн өдрийн ажилд орсон бол хэчнээн өндөр цалин авах байсныг минь сануулж байгаад л зэмлэдэгсэн» гэж дурсжээ. Мэтью энэ сорилтыг хэрхэн давсан бол оо? «Би Библи унших хуваариа чанд баримталж, байнга залбирч, ялангуяа, уураа барихад хэцүү үед их залбирдаг байсан» гэж хэлжээ. Ийнхүү шийдэмгий байсан нь ч ач тусаа өгчээ. Яваандаа аавтайгаа сайн харьцаатай болж, Еховатай ч улам дотно болсон байна. «Ехова миний хэрэгцээг хангаж, урам хайрлаж, зөв шийдвэр гаргахад тусалдгийг би биеэрээ үзсэн. Хэрэв сүнслэг зорилго тавьж, үүнийхээ төлөө тууштай яваагүй бол энэ бүхнийг үзэхгүй байх байсан» гэж Мэтью ярьсан юм.

Сүнслэг зорилгоо эн тэргүүнд тавих нь

17. Бүрэн цагийн үйлчлэгч болохоор төлөвлөж буй залуусын урмыг зарим хүн яаж хугалж магадгүй вэ? (Матай 16:22).

17 Сүнслэг зорилгодоо хүрэхэд итгэл нэгтнүүд хүртэл далдуур саад болж болох юм. Тэд: «Заавал эхлэгч болох ямар хэрэгтэй юм бэ? Бусдын адил жирийн амьдарч, хажуугаар нь дэлгэрүүлээд байж болно шүү дээ. Цалин сайтай ажилд ороод, хүний гар харахааргүй амьдар» гэж ятгаж мэднэ. Ийм зөвлөгөө зөв юм шиг санагдаж болох ч, тэдний хэлснээр явбал өөрийгөө «бурханлаг байдлын зорилгын төлөө дасгалжуулж» чадна гэж үү?

18, 19. а) Сүнслэг зорилгоо эн тэргүүнд тавихын тулд яах хэрэгтэй вэ? б) Залуу христиан та Хаанчлалын төлөө өөрийгөө яаж золиосолж байна вэ?

18 Тимотын үед ч тийм бодолтой христианууд байсан бололтой (1 Тимот 6:17). Тимотыг сүнслэг зорилгоо эн тэргүүнд тавихад нь туслахын тулд Паул: «Ямар ч цэрэг цэрэгт татагчдаа таалагдахын тулд өдөр тутмын амьдралын хэрэгт хутгалддаггүй» гэж хэлжээ (2 Тимот 2:4). Дайтаж яваа цэрэг жирийн амьдралд анхаарлаа сарниулж болдоггүй. Даргын тушаалыг биелүүлэхэд үргэлж бэлэн байна уу, үгүй юү гэдгээс өөрийнх нь болон бусдын амь нас шалтгаална. Христийн цэрэг та ч бас нэг л зорилготой байх учиртай бөгөөд амь аврах ажилд өөрийгөө бүрэн зориулахад саад болдог эд хөрөнгөний хойноос хөөцөлдөх үзлээс зугтах шаардлагатай (Матай 6:24; 1 Тимот 4:16; 2 Тимот 4:2, 5).

19 Амар хялбар амьдрал хөөхийн оронд өөрийгөө золиослох сэтгэлгээтэй болоорой. «Христ Есүсийн цэрэг болохын хувьд амьдралын ая тухыг орхиход бэлэн байгаарай» (2 Тимот 2:3, «The English Bible in Basic English»). Тимот Паултай хамт үйлчилж явахдаа туйлын хэцүү нөхцөлд ч сэтгэл хангалуун байхын нууцад суралцжээ (Филиппой 4:11, 12; 1 Тимот 6:6–8). Та ч бас чадна. Та Хаанчлалын төлөө өөрийгөө золиослоход бэлэн байдаг уу?

Одоогийн ба ирээдүйн ивээл

20, 21. а) Сүнслэг зорилгын төлөө явбал ямар ямар ивээл хүртэх вэ? б) Та яахаар шийдсэн бэ?

20 Тимот Паултай бараг 15 жил хамтарч ажиллажээ. Сайн мэдээ Газрын дундад тэнгисийн хойт хэсгийн бараг бүх нутгаар тарж, шинэ шинэ хурал үүсэн байгуулагдахыг Тимот нүдээр үзсэн. Хэрэв тэрбээр христиан бололгүй, «жирийн» амьдрахаар шийдсэн бол утга учиртай, сэтгэл хангалуун амьдралыг үзэхгүй байх байсан. Та ч бас сүнслэг зорилгын төлөө явбал үнэлж баршгүй сүнслэг ивээл арвин ихээр хүртэх болно. Еховатай дотносож, итгэл нэгтнүүдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээнэ. Эд баялгийн хойноос явдаг хүн эцэст нь зовж шаналан, урам нь хугардаг бол, сүнслэг зорилго тавьдаг хүн өгөхийн жаргалыг жинхэнэ ёсоор эдэлнэ. Хамгийн гол нь, «жинхэнэ аминд хүрэх» буюу диваажин дэлхийд мөнх амьдарна (1 Тимот 6:9, 10, 17–19; Үйлс 20:35).

21 Хэрэв та өөрийгөө «бурханлаг байдлын зорилгын төлөө дасгалжуулж» хараахан эхлээгүй байгаа бол даруйхан эхлэхийг уриалж байна. Сүнслэг зорилгодоо хүрэхэд тань тусалж чадах христиануудтай дотно нөхөрлөж, тэднээс зөвлөгөө авч байгаарай. Бурхны Үгийг бие даан, тогтмол судлахыг эн тэргүүний зорилгоо болгоорой. Өнгө мөнгөнд дурлах ертөнцийн үзэлд яасан ч бүү автаарай. Хэрэв Бурхныг алдаршуулахын тулд сүнслэг зорилго тавивал «биднийг баясаж цэнгэх бүх зүйлээр элбэг хангадаг» Бурхан та нарыг одоо ч, ирээдүйд ч ивээхээ амласныг ямагт санаж яваарай (1 Тимот 6:17).

[Зүүлт]

^ Эртний Грекийн нийгэмд боловсролыг ихэд эрхэмлэдэг байжээ. Тимотын үед амьдарч байсан Плутарх гэдэг хүн: «Зохих боловсрол эзэмшинэ гэдэг бол сайн сайхан бүхний эх булаг, үндэс суурь юм... Боловсролтой болж байж л ёс суртахууны өндөр хэм хэмжээг сахиж, аз жаргалтай амьдарна гэж хэлэх байна... Бусад бүх юм үнэ цэнгүй, ач холбогдолгүй, анхаарал татахааргүй зүйл» гэж бичжээ («Moralia», І боть, «The Education of Children»).

Санаж байна уу?

• Залуус сүнслэг зорилгодоо хүрэхийн тулд хаанаас тусламж авч болох вэ?

• Библийг хичээнгүйлэн судлах нь яагаад амин чухал бэ?

• Өнгө мөнгөнд дурлах ертөнцийн үзэлд автахгүйн тулд залуус яах хэрэгтэй вэ?

• Сүнслэг зорилгын төлөө явбал ямар ямар ивээл хүртэх вэ?

[Догол мөрийн асуулт]