Зовлон удахгүй дуусна!
Зовлон удахгүй дуусна!
«Тэр бол Хад, Түүний үйлс нь төгс» (ДЭД ХУУЛЬ 32:4).
1, 2. а) Та мөнх амьдрах найдвараа ямар учраас эрхэмлэдэг вэ? б) Сайхан ирээдүй амласан Бурханд итгэхэд нь олон хүнд юу саад болдог вэ?
ТА өөрийгөө диваажинд амьдарч байгаагаар төсөөлөн бодох дуртай юу? Үзэсгэлэнт цэнхэр гаригаа тоо томшгүй олон зүйлийн амьтан, ургамалтай нь шинжлэн судалж байна гэж төсөөлдөг үү? Эсвэл дэлхийгээ арчлан тордох үйлсэд гар бие оролцож, тэр аяар нь цэцэрлэгт хүрээлэн лугаа адил болгоход хэчнээн сайхан байх бол гэж боддог уу? Аль эсвэл өнөөгийн эх захгүй амьдралд түүртэн, цаг заваа зориулж чадаагүй урлаг соёл, уран барилга, дуу хөгжим болон өөр бусад зүйлд хүч, авьяасаа сорьж байгаагаар ч төсөөлдөг байж болох юм. Юутай ч, Еховагийн анх санаж зорьж байсан тэр мөнхийн амь буюу Библид бичсэнээр «жинхэнэ аминд» хүрэх найдвараа та лав эрхэмлэдэг биз ээ (1 Тимот 6:19).
2 Сайхан ирээдүйн тухай Библиэс олж мэдсэнээ бусадтай хуваалцана гэдэг бидний хувьд үнэхээр сайхан, завшаантай хэрэг мөн. Гэвч биднийг ирээдүйн тухай ярихад үл ойшоох хүн олон байдаг нь тоогүй. Тэд үүнийг гэнэн хүмүүсийн хоосон зүүд, бүтэшгүй мөрөөдөл гэж үздэг. Муу муухай явдал гаарснаас болж, хүмүүсийг диваажинд мөнх амьдруулахаа амласан Бурханд итгэхэд бүр ч хэцүү байдаг. Төгс хүчтэй, хайрын сэтгэлтэй Бурхан гэж байдаг юм бол энэ ертөнцөд ёс бус явдал, зовлон зүдүүр байгааг юу гэж ойлгох вэ? Ёс бус явдлыг хүлцдэг Бурхан гэж байх ёсгүй. Байдаг юм гэхэд, хүч чадалгүй, хүмүүст санаа тавьдаггүй Бурхан юм байна гэж үздэг. Зарим хүнд ийм үзэл илүү үнэмшилтэй санагддаг. Сатан үнэхээр хүмүүсийн бодол санааг сохлохдоо гаргууд ажээ (2 Коринт 4:4).
3. Ямар асуултын хариуг олоход нь бид хүмүүст тусалж чадах вэ? Тийнхүү туслах боломжтойн учир юу вэ?
3 Сатанд мэхлүүлж, энэ ертөнцийн мэргэн ухаанд төөрөлдсөн хүмүүст туслах хосгүй боломж Еховагийн Гэрчүүд бидэнд олдсон билээ (1 Коринт 1:20; 3:19). Ихэнх хүн Бурхны амлалтад итгэж чаддаггүйн учрыг бид ойлгодог. Тэд, ерөөсөө л, Еховаг мэддэггүй. Нэрийг нь, нэрийнх нь утга учрыг мэддэггүй. Зан чанарынх нь талаар, амласандаа хүрдэг Бурхан гэдгийг нь мэдэх төдий, эсвэл бүр юу ч сонсож дуулаагүй байдаг. Харин бид тэр бүхнийг мэддэг азтай хүмүүс. Тийм учраас, «оюун ухаандаа харанхуй болсон» хүмүүст «Бурхан ямар учраас муу муухай явдал, зовлон зүдүүрийг хүлцэн зөвшөөрдөг вэ?» гэх зэргийн хамгийн ярвигтай асуултын хариуг олоход нь хэрхэн туслахаа үе үе эргэцүүлэн боддог байх хэрэгтэй (Ефес 4:18). Одоо эхлээд, тийм хүмүүст сэтгэлд нь хүрсэн хариу өгөхийн тулд яах ёстойг ярилцъя. Дараа нь, Ехова ёс бус явдалд хэрхэн ханддагаас ямар ямар зан чанар нь харагддагийг авч үзье.
Сэтгэлд хүрсэн хариу өгөх нь
4, 5. Бурхан зовлон зүдүүрийг хүлцэн зөвшөөрдгийн учрыг асуусан хүнд хариу өгөхөөсөө өмнө эхлээд яах хэрэгтэй вэ? Тайлбарлана уу.
4 Бурхан зовлон зүдүүрийг хүлцэн зөвшөөрдгийн учрыг асуусан хүнд юу гэж хариулах вэ? Еден цэцэрлэгт болсон үйл явдлаас эхлээд бүгдийг нэгд нэгэнгүй ярьж, тайлбарлаж болно л доо. Зарим үед ингэх нь ч дээр байж магадгүй. Гэхдээ анхаарч үзүүштэй юм бас бий. Юу гэвэл, заримдаа тийм ярианы үндсийг тавих хэрэгтэй байдаг (Сургаалт үгс 25:11; Колоссай 4:6). Дээрх асуултад дэлгэрэнгүй хариулахаасаа өмнө сэтгэлд нь хүрэх гурван алхам хийх хэрэгтэйг Библид үндэслэн ярилцъя.
5 Дэлхий даяар муу муухай явдал өргөн тархсаныг хараад ихэд эмзэглэн шаналж явдаг хүн, нэг бол өөрөө, эсвэл дотнын хүн нь тийм явдалд өртсөн байдаг. Тэгэхлээр, эхний алхам бол тэр хүнийг ойлгож, чин сэтгэлээсээ өрөвдөх явдал юм. Элч Паул христиануудад: «Уйлж буй хүмүүстэй хамт уйл» хэмээн зөвлөсөн байдаг (Ром 12:15). Өрөвч, «энэрэнгүй» байвал тухайн хүний сэтгэл зүрхийг хөндөж болох юм (1 Петр 3:8). Өөрт нь санаа тавьж байгааг ойлгосон хүн бидний хэлэх үгийг дуртайяа сонсох биз ээ.
6, 7. Чин сэтгэлийн асуулт асуусан хүнийг сайшаах хэрэгтэйн учир юу вэ?
6 Дараа нь, тийм асуулт тавьсных нь төлөө сайшаах нь зүйтэй. Яагаад гэвэл, зарим хүн ингэж асууснаасаа болоод Бурханд итгэдэггүй, Бурхныг хүндэлдэггүй гэж зэмлүүлдэг. Лам хуврагууд ч тэгж зэмлэсэн байж мэднэ. Гэтэл тэдний хэлсэн шиг Бурханд итгэдэггүй, Бурхныг хүндэлдэггүй хүн гэсэн үг биш шүү дээ. Ингэж асууж байсан Бурханд итгэдэг хүмүүс ч эрт цагт байжээ. Жишээ нь, дуулалч Давид: «ЭЗЭН, Та яагаад тэртээ хол зогсдог вэ? Бэрх цагт Та яагаад нуугддаг вэ?» гэж асуусан (Дуулал 10:1). Бас Хабаккук зөнч: «ЭЗЭН, би хэдий болтол тусламж хүсэн дуудаж, Та хэдий болтол сонсохгүй байх юм бэ? Би Тань руу „Хүчирхийлэл!“ хэмээн ориловч, Та аврахгүй юм. Ямар учраас Та надад гэм бурууг үзүүлж, юунд бузар мууг харуулна вэ? Тийм ээ, сүйрэл болон хүчирхийлэл миний өмнө байж, эвдрэлцэл гарч, тэмцэл өрнөж байна» хэмээжээ (Хабаккук 1:2, 3).
7 Бурхан өөрийг нь дээдлэн хүндэлдэг, бат итгэлтэй энэ хоёр хүнийг ийм асуулт тавилаа гэж зэмлэсэн үү? Үгүй ээ. Харин ч, чин сэтгэлийнх нь асуултыг Үгэндээ бичүүлэн үлдээжээ. Өнөө үед, муу муухай явдал гаарч байгаад эмзэглэж, учрыг нь сонирхож явдаг хүн, үнэн хэрэгтээ, сүнслэгээр өлссөн байж болох юм. Тэдний мэдэхийг хүссэн хариу зөвхөн Библид байдаг. Есүс тийм хүмүүсийг магтаж, «Сүнслэг хэрэгцээгээ мэдэрдэг хүмүүс жаргалтай» гэж хэлсэн байдаг (Матай 5:3, ШЕ). Есүсийн амласан ёсоор жаргалтай болоход нь хүмүүст тусална гэдэг ямар их завшаан бэ!
8. Хүмүүс ямар сургаалаас болоод Бурхныг зовлон зүдүүрийн хариуцлагыг хүлээх ёстой гэж үздэг болсон бэ? Тийм хүмүүст яаж туслах вэ?
8 Гуравдугаарт, ертөнцөд ёс бус явдал газар авсны хариуцлагыг Бурхан хүлээхгүй гэдгийг ойлгуулах шаардлага гарч болох юм. Шашны зарим урсгал Бурхан дэлхийг захирдаг бөгөөд хүмүүсийн заяа төөргийг их эртнээс, маш нарийн зурчихсан байдаг, хүн төрөлхтнийг зовоодгийнх нь шалтгааныг хэн ч мэдэх аргагүй гэж номлодог. Энэ бүхэн Бурхныг гутаан доромжилж, ёс бус явдал, зовлон зүдүүрийн буруутан болгосон хуурамч сургаал юм. Тиймээс хүмүүсийн буруу ойлголтыг залруулахын тулд Бурхны Үгийг ашиглах хэрэгтэй болно (2 Тимот 3:16). Өнөөгийн завхран гажуудсан тогтолцооны захирагч нь Ехова биш, Сатан Диавол юм (1 Иохан 5:19). Ехова оюун ухаант бүтээлүүдийнхээ заяа төөргийг зурдаггүй, харин сайн муу, зөв бурууг өөрсдөө сонгох боломж, эрх чөлөө өгдөг (Дэд хууль 30:19). Тэрбээр ёс бус явдлын эх булаг огтхон ч биш. Харин ч, ёс бусыг үзэн ядаж, шударга бус явдлын улмаас зовж буй хүмүүст санаа тавьдаг (Иов 34:10; Сургаалт үгс 6:16–19; 1 Петр 5:7).
9. Ехова Бурхан зовлонг байлгаад байдгийн учрыг хүмүүст ойлгуулах үүднээс «итгэмжит, ухаалаг боол» ямар ямар гарын авлага гаргасан бэ?
9 Ийнхүү үндсийг нь тавьчихвал Бурхан зовлон зүдүүрийг хүлцэн зөвшөөрдгийн учрыг тайлбарлахад хүн дуртайяа сонсох биз ээ. «Итгэмжит, ухаалаг боол» та бүхэнд туслах үүднээс олон ном хэвлэл гаргасан билээ (Матай 24:45–47). Тухайлбал, 2005 онд болсон «Бурханд дуулгавартай байгтун» гэсэн сэдэвтэй мужийн чуулганаар «Зовлон удахгүй дуусна!» гэдэг танилцуулга гарсныг зарласан. Хэрэв танай хэлээр байгаа бол уншиж танилцаарай. Мөн 157 хэлээр хэвлэгдээд буй «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номын бүтэн нэг бүлэгт энэхүү чухал асуултад дэлгэрэнгүй хариулсан байгаа. Эдгээр гарын авлагад, Еден цэцэрлэгт Ехова Бурхны хэмжээгүй эрх мэдэлд хамаатай маргаантай асуудал хэрхэн дэгдсэн, Ехова уг асуудлыг чухам ямар учраас, яаж шийдсэнийг Библид үндэслэн дэлгэрэнгүй тайлбарласан тул бүрэн дүүрэн ашиглаарай. Энэ сэдвээр яривал сонсож байгаа хүндээ хамгийн чухал мэдлэг буюу Ехова Бурхны тухай, гайхам зан чанарынх нь тухай мэдлэг олж авах боломжийг нээж байгаа хэрэг гэдгийг бүү мартаарай.
Еховагийн зан чанарт хүний анхаарлыг хандуулах нь
10. Бурхан зовлон зүдүүрийг хүлцэн зөвшөөрдгийн учрыг ойлгоход олон хүнд яагаад хэцүү байдаг вэ? Тийм хүмүүст юу мэдүүлэх хэрэгтэй вэ?
10 Ехова хүн төрөлхтөнд Сатаны эрхшээлд байж, өөрсдийгөө захирахыг нь зөвшөөрсний учрыг хүмүүст ойлгуулахдаа Еховагийн зан чанарт анхаарлыг нь хандуулаарай. Ер нь, хүмүүс Бурхныг хүчтэй гэж мэддэг. Төгс хүчит Бурхан гэж хэлж ярихыг дуулсан байдаг. Гэхдээ төгс хүчээ ашиглаад шударга бус явдал, зовлон зүдүүрийг эцэс болгохгүй байгаагийнх нь учрыг ойлгож чаддаггүй. Үүний шалтгаан нь Бурхныг төгс хүчтэйгээс гадна, ариун, шударга, мэргэн ухаантай, хайрын сэтгэлтэй гэдгийг мэддэггүйд байгаа юм. Ехова эдгээр чанараа харилцан зохицолтой, төгс байдлаар илэрхийлдэг. Библид: «Түүний үйлс нь төгс» гэж бичсэн байдаг (Дэд хууль 32:4). Бурхан зовлон зүдүүрийг хүлцэн зөвшөөрдгийн учрыг ойлгуулахын тулд Бурхны зан чанарт анхаарлыг нь яаж хандуулах вэ? Хэдэн жишээ үзье.
11, 12. а) Нүгэл үйлдсэн Адам Ева хоёрыг уучлах аргагүй байсны учир юу вэ? б) Ехова нүглийг яагаад мөнхөд байлгахгүй вэ?
11 Ехова Адам Ева хоёрыг зүгээр л уучилчихаж болоогүй юм уу? Уучлах ямар ч боломж байгаагүй. Адам Ева хоёр төгс хүн байсан бөгөөд Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг үл хэрэгсэж, Сатанд захирагдахаар зориуд шийдсэн. Тэгэхлээр, гэмшээгүйд нь гайхах хэрэггүй юм. Гэхдээ хүн дээрх асуултыг тавьж байгаа нь, үнэндээ, Еховаг шаардлагаа зөөлрүүлээд, нүгэл болон самуун явдлыг яагаад тэвчиж болоогүй юм бэ гэж асуусантай адил юм. Уг асуултын хариу Еховагийн мөн чанарт амин чухал үүрэгтэй ариун байдалтай нь салшгүй холбоотой.
12 Ехова туйлын ариун Бурхан болохыг Библид олон зуун удаа онцолсон байдаг. Даанч, өнөөгийн бузар булай ертөнцөд цөөхөн хүн л Еховагийн энэ чанарыг ойлгодог. Ехова бол аливаа нүглээс ангид, цэвэр, ариун Бурхан юм (Исаиа 6:3; 59:2). Тийм ч учраас нүглийг цайруулах арга хэмжээ авсан билээ. Бурхан нүглийг мөнхөд байлгаад байхгүй. Эс тэгвэл бид ирээдүйн найдваргүй байх байсан (Сургаалт үгс 14:12). Цаг нь болохлоор, Ехова бүх бүтээлээ дахин ариун болгоно. Энэ бол Ариун Нэгний хүсэл таалал учир биелэх нь зайлшгүй.
13, 14. Ехова Еденд самуун дэгдээсэн этгээдүүдийг устгаагүй нь ямар учиртай вэ?
13 Ехова самуун дэгдээсэн этгээдүүдийг устгачихаад, бүхнийг шинээр эхэлж болоогүй юм уу? Уг нь, Ехова тэгэх хүчтэй. Тэгээд ч тун удахгүй төгс хүчээрээ муу муухай бүхнийг устгана. «Тэгвэл яагаад орчлонт ертөнцөд гуравхан нүгэлтэн байхад нь устгаж болоогүй юм бэ? Тэгсэн бол нүгэл ингэж тархаж, хүмүүс одоогийнх шиг зовохгүй байсан юм биш үү?» гэж зарим хүн асууж магад. Ехова яагаад тэгээгүй юм бол? Дэд хууль 32:4-т: «Түүний бүх зам мөр нь шударга» гэж байдаг. Ехова шударга ёсыг дээд зэргээр эрхэмлэж, бүр «хайрладаг» (Дуулал 37:28). Тийм учраас Еден цэцэрлэгт самуун дэгдээсэн этгээдүүдийг устгаагүй юм.
14 Сатан самуун дэгдээхдээ, Бурхан хэмжээгүй эрх мэдэлтэй байх нь зөв үү гэдэг асуудлыг хөндөж тавьжээ. Ехова шударга учир энэ асуудалд шударга хариу өгөх шаардлагатай болсон. Самуун этгээдүүдийг дор нь устгасан бол тэдэнд тохирсон шийтгэл болж, Бурхан бүхнээс хүчтэй гэдэг нь батлагдах байсан. Гэхдээ энэ нь Сатаны босгосон асуудалд шударга хариу болж чадахгүй байх байв. Учир нь энэ асуудал Бурхан хүчтэй юү гэдэгтэй холбоогүй байсан. Түүнээс гадна, Ехова Адам Ева хоёрыг үр хүүхэдтэй, өнөр өтгөн болгож, дэлхий болон дэлхий дээрх амьд бүхнийг захируулах санаа зорилготойгоо хэлчихсэн байсан (Эхлэл 1:28). Хэрэв Адам Ева хоёрыг устгасан бол хүн төрөлхтний талаарх энэ санаа зорилго нь утгагүй болох байв. Шударга Бурхан Ехова санаа зорилгоо заавал биелүүлдэг учир ийм явдал болохыг хэзээ ч зөвшөөрөхгүй (Исаиа 55:10, 11).
15, 16. Еденд дэгдсэн маргаантай асуудлыг өөрөөр «шийдэх» саналтай хүнд юуг ойлгуулах нь зүйтэй вэ?
15 Маргаантай асуудлыг Еховагаас илүү ухаалгаар шийдчих нэгэн орчлонт ертөнцөд байгаагүй юм уу? Зарим хүн Еденд дэгдсэн асуудлыг өөрөөр «шийдэх» санал гаргадаг. Гэтэл энэ нь Еховагийнхаас илүү мэргэн арга олж чадна гэсэнтэй адилхан биш гэж үү? Тэд сайн санасандаа ингэж хэлдэг байх л даа. Гэхдээ л аливаа асуудлыг Ехова шиг сайн ойлгож чадахгүй, бас Бурхан шиг бишрэм мэргэн ухаантай биш шүү дээ. Элч Паул Ромын христиануудад бичсэн захидалдаа Бурхны мэргэн ухааныг, тэр дундаа, Мессиагийн Хаанчлалын тусламжтайгаар үнэнч хүмүүсийг нүгэл, үхлээс ангижруулж, нэрээ ариусгах Еховагийн санаа зорилгын талаарх «нууцыг» нэлээд гүнзгий тайлбарласан байдаг. Ийм агуу санаа зорилготой Бурхны мэргэн ухааны талаар тэрбээр ямар бодолтой байсан нь захидлынх нь төгсгөлөөс харагддаг. Паул: «Цорын ганц мэргэн Бурханд, Есүс Христээр алдар нь үүрд мөнх байх болтугай. Амен» хэмээн бичжээ (Ром 11:25; 16:25–27).
16 Паул Еховаг орчлонт ертөнц дэх «цорын ганц мэргэн Бурхан» буюу дээдийн дээд мэргэн ухаантай Нэгэн гэдгийг ойлгодог байсан. Шалихгүй асуудлыг хүртэл шийдэх аргаа олж чаддаггүй төгс бус хүн Сатаны дэгдээсэн, Бурхны эрх мэдэлд хамаатай асуудлыг ухаалгаар шийдэж чадна гэж үү? Тиймээс «зүрхээрээ мэргэн» Бурхныг бидний адил бишрэн хүндэлдэг болоход нь хүмүүст туслах хэрэгтэй (Иов 9:4). Еховагийн мэргэн ухааныг хэдийчинээ сайн ойлгоно, аливаа асуудлыг хамгийн зөв шийдвэрлэж чадна гэдэгт нь төдийчинээ итгэдэг болно (Сургаалт үгс 3:5, 6).
Еховагийн гол чанар ямар үүрэгтэйг ойлгох нь
17. Бурхан зовлон зүдүүрийг хүлцэн зөвшөөрдөгт эмзэглэж явдаг хүнд Еховагийн хайрыг сайн ойлгуулбал ямар ач тустай вэ?
17 «Бурхан бол хайр билээ» (1 Иохан 4:8). Бурхны хайр бол ёс бус явдлаас болж сэтгэл нь эмзэглэдэг хүмүүсийг тайвшруулдаг, хамгийн сэтгэл татам, гол чанар нь юм. Бүтээлийг нь мөхөлд хүргэдэг нүглийн аймшигт хор уршгийг арилгахаар авсан Еховагийн бүх арга хэмжээ хайранд нь үндэслэдэг. Адам Евагийн нүгэлт үр удамд өөртэй нь дотно харьцаа тогтоож, тааллыг нь олох боломж олгож, найдвар өгсөн нь хайрын илрэл байсан. Хайрынхаа эрхээр Хүүгээ хүн төрөлхтний төлөө золиос болгон өгч, нүглээ бүрмөсөн уучлуулан, төгс, мөнх амьтай болох замыг нь нээж өгсөн (Иохан 3:16). Мөн хайрандаа хөтлөгдөн, хүн төрөлхтөнд Сатаныг эсэргүүцэж, өөрт нь захирагдах боломж аль болох олныг өгч, тэвчээртэй хандсан билээ (2 Петр 3:9).
18. Бид юу мэддэг азтай хүмүүс вэ? Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?
18 Нэгэн сүмийн пастор террорист халдлагад өртөж, амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэхээр цугласан олонд: «Бурхан муу муухай явдал, зовлон зүдүүрийг байлгаад байдгийн учрыг бид мэдэхгүй юм» гэж хэлжээ. Харамсалтай байгаа биз? Харин бидэнд тэр шалтгааныг ойлгож мэдэх завшаан олджээ (Дэд хууль 29:29). Ехова мэргэн ухаантай, хайрын сэтгэлтэй, шударга Бурхан учраас тун удахгүй бүх зовлонг арилгана гэдгийг бид мэддэг. Өөрөө ч тийнхүү амласан байдаг (Илчлэлт 21:3, 4). Харин өнөөг хүртэл нас барсан хүмүүс яах бол? Ехова Еденд дэгдсэн маргаантай асуудлыг шийдэхдээ тэднийг анхаарлынхаа гадна ямар ч найдваргүй орхисон уу? Үгүй. Хайрандаа хөтлөгдсөн Бурхан маань тэдний төлөө ч бас арга хэмжээ авсан. Энэ бол тэднийг амилуулах явдал юм. Дараагийн өгүүллээр энэ тухай ярилцъя.
Та юу гэж хариулах вэ?
• Бурхан зовлонүзүдүүрийг хүлцэн зөвшөөрдгийн учрыг асуудаг хүнд юу гэж хэлэх вэ?
• Ехова Еденд дэгдсэн маргаантай асуудлыг шийдэхдээ ариун байдал болон шударга чанараа хэрхэн харуулсан бэ?
• Ехова хайраа хэрхэн илэрхийлдгийг сайн ойлгоход нь хүмүүст туслах хэрэгтэйн учир юу вэ?
[Догол мөрийн асуулт]