Skip to content

Гарчиг руу орох

Нас барагсад дахин амилна гэдэгт та итгэдэг үү?

Нас барагсад дахин амилна гэдэгт та итгэдэг үү?

Нас барагсад дахин амилна гэдэгт та итгэдэг үү?

«Зөвт ба хилэнцэт хүмүүсийн хэн хэн нь амилна» (ҮЙЛС 24:15).

1. Яагаад үхлээс зугтах аргагүй мэт санагддаг вэ?

 «ХОРВОО дээр үхэл татвар хоёроос зугтаж чадах хүн нэг ч үгүй». 1789 онд Америкийн төрийн зүтгэлтэн Бенжамин Франклины ийнхүү хэлснийг олон хүн тун оносон үг гэж боддог. Гэхдээ хүмүүс арга саам хайж байгаад татвараас зайлсхийж чаддаг. Харин үхлээс бол яаж ч хичээгээд зугтах аргагүй мэт. Бүгд л эцэстээ үхдэг. Цадахаа эс мэдэх Үхэгсдийн орон буюу хүн төрөлхтний нийтийн булш хайртай дотнын хүмүүсийг маань авч одсоор байдаг (Сургаалт үгс 27:20). Гэсэн ч найдвар бий.

2, 3. а) Үхлийг олонхын боддог шиг зугтах аргагүй юм биш гэж үзэхийн учир юу вэ? б) Энэ өгүүллээр юу үзэх вэ?

2 Нас барагсад дахин амилна гэсэн баттай найдварыг Еховагийн Үг бидэнд өгдөг. Энэ бол зүгээр нэг мөрөөдөл биш бөгөөд энэ найдварыг бодитой болгоход нь Еховад хэн ч, юу ч саад хийж чадахгүй. Зарим хүний хувьд үхэл бол олонхын боддог шиг зугтах аргагүй юм биш ээ. Учир нь тоолж баршгүй «үй олон хүн» удахгүй болох «үлэмж их зовлонг» эсэн мэнд давна гэж Библид бичсэн байдаг (Илчлэлт 7:9, 10, 14). Тэд үхэл гэдгийг үзэлгүй, мөнх амьдрах ирээдүйтэй. Тэгэхлээр, тэдний хувьд үхлээс зугтах боломж байна гэсэн үг. Түүнээс гадна, үхэл эцэстээ устгагдана (1 Коринт 15:26).

3 Бид элч Паул шиг, нас барагсад амилна гэдэгт бат итгэх хэрэгтэй. Тэрбээр: «Зөвт ба хилэнцэт хүмүүсийн хэн хэн нь амилна» гэж хэлжээ (Үйлс 24:15). Энэ өгүүллээр, нас барагсад амилна гэдэгт итгэх ямар баталгаа байна вэ, дахин амилах найдварын ачаар хэрхэн тайвширч болох вэ, энэхүү найдвар бидний амьдралд ямар ач холбогдолтой вэ гэсэн гурван асуултыг авч үзье.

Нас барагсад амилна гэдэгт итгэх ямар баталгаа байна вэ?

4. Нас барагсдыг дахин амилуулах явдал Еховагийн санаа зорилгод чухал байр эзэлдгийн учир юу вэ?

4 Нас барагсад амилна гэдэгт итгэх хэд хэдэн баталгаа байдаг. Нас барагсдыг амилуулах явдал Еховагийн санаа зорилгод чухал байр эзэлдэг нь хамгийн гол баталгаа юм. Сатан хүн төрөлхтнийг нүгэл рүү түлхэж, улмаар нүглийн үр дагавар болох үхлээс зугтах аргагүй болгосон. Тийм ч учраас Есүс Сатаныг «эхнээсээ алуурчин байсан» гэж хэлсэн байдаг (Иохан 8:44). Гэхдээ Ехова «эмэгтэй» буюу эхнэртэй зүйрлэм тэнгэрийн байгууллагаасаа «эртний могой» Сатаны толгойг няцалж, устгах «үр» (ШЕ) гаргахаа амласан (Эхлэл 3:1–6, 15; Илчлэлт 12:9, 10; 20:10). Үрийн талаарх Еховагийн санаа зорилго бага багаар илчлэгдэх явцад тэр Үр Сатаныг устгахаас гадна, өөр үүрэг хүлээх нь тодорхой болжээ. Библид: «Диаволын үйлсийг устгахын тулд Бурхны Хүү энэ зорилгын төлөө үзэгджээ» гэж бичсэн байдаг (1 Иохан 3:8). Адамаас өвлөж авсан нүглийн улмаас хүн үхдэг болсон нь Сатаны нэг гол «үйлс» юм. Ехова үүнийг Есүсээр устгуулах санаа зорилготой. Энэ зорилгоо биелүүлэхэд нь Есүсийн золиос болон нас барагсдыг дахин амилуулах явдал чухал үүрэгтэй (Үйлс 2:22–24; Ром 6:23).

5. Ехова нас барагсдыг амилуулж, нэрээ алдаршуулна гэхийн учир юу вэ?

5 Ехова ариун нэрээ алдаршуулна. Сатан Бурхны нэрийг гутааж, худлаа ярьсан. Бурхны хориглосон жимснээс идвэл «ерөөсөө үхэхгүй» гэж Адам Ева хоёрыг хуурсан (Эхлэл 2:16, 17; 3:4). Тэр цагаас хойш Сатан, хүнийг үхэхэд үлдэж хоцроод үргэлжлэн амьдардаг сүнс байдаг гэх мэтийн хуурамч сургаал тараан, худал ярьсаар байна. Гэхдээ Ехова нас барагсдыг дахин амилуулж, Сатан худалч гэдгийг илчилнэ. Тэгэхэд ганцхан Ехова хүнийг амьдруулдаг, амилуулдаг Нэгэн мөн гэдэг нь эгнэгт батлагдана.

6, 7. Ехова нас барагсдыг дахин амилуулах хүсэлтэй нь юунаас харагддаг вэ?

6 Ехова нас барагсдыг амилуулах гэж тэмүүлдэг. Энэ нь Библиэс тодорхой харагддаг. Жишээлбэл, үнэнч хүн Иов Бурхны онгодоор хөтлүүлэн: «Хэрэв хүн үхвэл тэрбээр амилах уу? Өөрийн зовлон бэрхшээлийн бүх өдрүүдэд өөрчлөлт ирэх хүртэл [«албадлагын ажлынхаа бүх өдөр чөлөөлөгдтөлөө», ШЕ] би хүлээнэ. Та дуудах бөгөөд би Танд хариулах болно. Та Өөрийн мутрын бүтээл рүү тэмүүлэх болно» хэмээн бичсэн байдаг (Иов 14:14, 15). Энэ юу гэсэн үг вэ?

7 Иов үхсэнийхээ дараа хэсэг хугацаанд хүлээх ёстойгоо мэдэж байв. Энэ үеэ чөлөөлөгдтөлөө хүлээхээс өөр аргагүй «албадлагын ажилтай» зүйрлэжээ. Түүний хувьд чөлөөлөгдөх нь гарцаагүй байсан. Тэрбээр чөлөөлөгдөнө гэдгээ өөрөө ч мэддэг байв. Учир нь, үнэнч үйлчлэгчээ дахин харах гэж «тэмүүлдэг» Еховагийн сэтгэлийг ойлгодог байсан. Бурхан бүх зөвт хүнийг амилуулахыг туйлын их хүсдэг. Түүнээс гадна, диваажин дэлхийд мөнх амьдрах боломжийг өөр хүмүүст ч бас өгнө (Лук 23:43; Иохан 5:28, 29). Бурхан энэ зорилгоо биелүүлэхийг хүсдэг учир хэн ч түүнд саад хийж чадахгүй!

8. Нас барагсад амилна гэж найдах ямар баталгааг Ехова өгсөн бэ?

8 Есүс дахин амилсан нь нас барагсад амилна гэж найдах баталгаа болдог. Паул Афинд цугласан олонд: «[Бурхан] Өөрийнхөө томилсон нэгэн Хүнээр дамжуулж ертөнцийг шударгаар шүүх өдрөө... тогтоосон агаад тэр Хүнийг үхэгсдээс амилуулснаар үүнийгээ бүх хүнд нотолсон ажгуу» гэжээ (Үйлс 17:31). Паулын ингэж хэлэхийг сонсоод зарим хүн доог тохуу хийжээ. Харин зарим хүн итгэгч болсон нь дахин амилах найдвар баталгаатай байсныг анхаарч үзсэнийх болов уу. Ехова Есүсийг хүчирхэг сүнсэн бодгаль болгон амилуулж, хамгийн агуу гайхамшиг үйлджээ (1 Петр 3:18). Дахин амилсан Есүс хүн болохын өмнөх үеэсээ бүх талаар илүү агуу сүнсэн бодгаль болсон. Еховагийн дараа орох эрх мэдэлтэй, үхэшгүй мөнхийн амьтай тэрбээр Эцгийнхээ өгөх гайхамшигтай даалгавруудыг биелүүлэх боломжтой болжээ. Тиймээс Ехова Есүсийн оролцоотойгоор хүмүүсийг тэнгэрт ч, газар дээр ч дахин амилуулах юм. Есүс: «Би бол амилалт ба амь мөн» гэж хэлсэн байдаг (Иохан 5:25; 11:25). Ехова Хүүгээ амилуулсан нь нас барагсад дахин амилна гэж найдах баталгааг бүх үнэнч үйлчлэгчдээ өгсөн хэрэг байв.

9. Нас барагсад гарцаагүй амилна гэдгийг Библийн түүх хэрхэн баталдаг вэ?

9 Нас барагсад дахин амилсныг Библид бичсэн байдаг бөгөөд энэ явдлыг нүдээр үзсэн хүмүүс байсан. Дэлхий дээр хүнийг амилуулсан найман тохиолдлыг Библид дэлгэрэнгүй бичсэн байдаг. Энэ гайхамшигт явдлуудыг нууцаар биш, голдуу олны өмнө үйлджээ. Жишээ нь, Есүс, үхээд дөрөв хоносон Лазарыг гашуудсан олны нүдэн дээр амилуулсан. Тэдний дунд Лазарын төрөл төрөгсөд, найз нөхөд, хөрш саахалтынхан байсан нь лавтай. Есүсийг Бурхан илгээснийг нотлох энэ явдлыг дайснууд нь хүртэл үгүйсгэж чадаагүй тул Есүсийг төдийгүй Лазарыг алахаар төлөвлөжээ (Иохан 11:17–44, 53; 12:9–11). Тийм ээ, нас барагсад дахин амилна гэдэгт итгэх баримт бидэнд байна. Бурхан биднийг тайвшруулж, итгэлийг маань бэхжүүлэх зорилгоор эрт цагт хүмүүсийг дахин амилуулж байснаа Библид ийнхүү бичүүлжээ.

Дахин амилах найдварын ачаар тайвшрах нь

10. Нас барагсад дахин амилсан тухай Библийн түүхээс тайвшрал авахын тулд яах хэрэгтэй вэ?

10 Ойр дотнынх нь хүн нас барахад хэн ч тайвшрахыг хүсдэг. Библид тэмдэглэн үлдээсэн, дахин амилсан тохиолдлууд тайвшрах нэг үндэс болдог. Тэдгээр явдлыг уншиж, эргэцүүлэн бодож, дотроо төсөөлбөл нас барагсад дахин амилна гэдэгт улам бат итгэнэ (Ром 15:4). Библид бичигдсэн тэдгээр тохиолдол бол зүгээр нэг үлгэр домог биш ээ. Тодорхой газар орон, цаг үед амьдарч байсан, бидэн шиг бодит хүмүүст тохиолдсон үнэн түүх юм. Нас барсан хүн дахин амилсан тухай Библид бичсэн эхний түүхийг жишээ болгон товч ярилцъя.

11, 12. а) Зарефатын бэлэвсэн эмэгтэйд ямар золгүй явдал тохиолдсон бэ? Эхэндээ эмэгтэй яасан бэ? б) Ехова зөнч Елиагаар бэлэвсэн эмэгтэйн төлөө юу хийлгэсэн бэ?

11 Ган болж, өлсгөлөн нүүрлэн, олон хүн амиа алдсан хэцүү цаг байлаа. Зарефат хотын нэгэн бэлэвсэн эмэгтэй Еховагийн зөнч Елиаг байшингийнхаа дээд давхрын өрөөнд хэдэн долоо хонуулжээ. Энэ хугацаанд Ехова энэ даруу эмэгтэйг итгэлийнх нь төлөө шагнаж, хүүтэйгээ ганцхан удаа өл залгаад, өлбөрч үхдэгийн даваан дээр тулж очоод байхад нь Елиагаар гайхамшиг үйлдүүлэн, тэднийг гурил, тосоор тасралтгүй хангаж байлаа. Гэтэл золгүй явдал болж, эмэгтэйн хүү гэнэт өвдөн, удалгүй амьсгал хураажээ. Хөөрхий эх хэчнээн их шаналаа бол! Түшиж тулах хань ижилгүй, ядарч зүдэрч явтал ганц хүүгээ алдчих нь энэ. Хагацал зовлон үзэж, гашуудсандаа зөнч Елиаг ч, Ехова Бурхныг ч буруутгаж орхив!

12 Тэгэхэд нь зөнч өөрийг нь буруутгалаа гэж эмэгтэйг зэмлэлгүй, харин ч «Надад хүүгээ өгөөч» гэлээ. Үхсэн хүүхдийг дээд давхрын өрөөнд оруулаад, амилуулахын тулд дахин дахин залбирав. Эцэст нь Ехова гайхамшиг үйлджээ. Хүүг амьсгалж эхлэхэд Елиа ямар их баярласан бол оо! Хүү амилж, нүдээ нээлээ. Елиа хүүг эхэд нь аваачиж өгөөд, «Хар. Хүү чинь амьд байна» гэв. Эмэгтэй үгээр илэрхийлэхийн аргагүй баярлаж, «Одоо л би таныг Бурхны хүн гэдгийг мэдэж, таны аманд буй ЭЗЭНий үг үнэн болохыг ойлголоо» хэмээн дуу алджээ (Хаадын дээд 17:8–24). Ийнхүү эмэгтэй Ехова Бурханд ч, Бурхны зөнчид ч урьдынхаасаа улам бат итгэх болжээ.

13. Зөнч Елиа бэлэвсэн эмэгтэйн хүүг амилуулсан түүх өнөөдөр биднийг яагаад тайвшруулдаг вэ?

13 Ийм үйл явдлыг эргэцүүлэн бодохлоор хэн боловч тайвшрах нь лавтай. Ехова бидний дайсан болсон үхлийг ялах хүчтэй гэдэг нь тодорхой. Нас барагсад ирээдүйд амилах тэр цагт хэчнээн олон хүн Зарефатын бэлэвсэн эмэгтэй шиг баярлах бол оо! Есүс Еховагийн удирдлагаар нас барагсдыг дэлхий даяар амилуулахад тэнгэрт ч бас агуу их хөөр баясал болно (Иохан 5:28, 29). Бараг хүн болгон үхэл хагацал үзсэн байдаг. Ехова нас барагсдыг дахин амилуулах чадвартай бөгөөд амилуулна гэж бодохлоор хэчнээн тайвшрам бэ!

Нас барагсад дахин амилна гэдэгт итгэхийн ач тус

14. Нас барагсад дахин амилна гэдэгт итгэх нь одоо ямар ач тустай вэ?

14 Нас барагсад дахин амилна гэдэгт итгэх нь одоо ямар ач тустай вэ? Ийм найдвартай хүн бэрхшээл, сорилт, хавчлага, аюул тулгарах цагт сэтгэлийн тэнхээтэй байдаг. Хэрэв бид үхэхээс айсандаа, аюулгүй тайван амьдруулна гэсэн хоосон үгэнд үнэмшин, Бурханд үнэнч байхаа боливол Сатаныг баярлуулна. Сатан Еховад: «Өөрт байгаа бүхнээ хүн амийнхаа төлөө өгдөг юм» гэж хэлснийг битгий мартаарай (Иов 2:4). Сатан энэ үгээрээ бид бүгдийг, тэр дундаа, таныг гутаан доромжилжээ. Амь насанд тань аюул тулгарах цагт та Бурханд үйлчлэхээ болихгүй биз дээ? Нас барагсад дахин амилах тухай эргэцүүлэн боддог бол тэнгэрийн Эцгийнхээ хүсэл тааллыг ямагт биелүүлэх шийдвэр улам батажна.

15. Аюул тулгарах цагт Матай 10:28-д бичигдсэн Есүсийн үг биднийг хэрхэн тайвшруулах вэ?

15 Есүс: «Биеийг хөнөөх хүмүүсээс бүү ай. Учир нь тэд амийг хөнөөж үл чадна. Харин бие болоод амийг хоёуланг нь гехеннад устгаж чадах нэгнээс айгтун» хэмээн хэлжээ (Матай 10:28, ШЕ). Сатан болон түүний гар хөл болсон хүмүүсээс айх хэрэггүй. Тэд бидэнд хор хүргэж, эсвэл бүр амь насыг маань хөнөөж ч мэдэх юм. Гэхдээ хэчнээн муу юм хийгээд биднийг үүрд хохироож чадахгүй. Ехова үнэнч үйлчлэгчдэдээ учирсан ямар ч хор хохирлыг арилгаж чадна, арилгах ч болно. Тэр байтугай, үйлчлэгчдээ амилуулна. Бидний айн эмээж, хүндэлж биширвэл зохих нэгэн бол ганцхан Ехова билээ. Учир нь тэрбээр ганцаараа амь хийгээд ирээдүйн бүх найдварыг үгүй хийж, бие болоод амийг гехеннад устгах чадалтай. Гэхдээ Ехова бидний хэнийг ч устгахыг хүсдэггүй нь сайхан (2 Петр 3:9). Бурхны үйлчлэгчид бид аюулгүй байна гэдэгтээ дахин амилах найдварын ачаар хэзээд итгэлтэй байж болно. Бид л үнэнч байвал мөнх амьтай болох нь гарцаагүй бөгөөд Сатан болон түүний хамсаатнууд яаж ч чадахгүй (Дуулал 118:6; Еврей 13:6).

16. Нас барагсад дахин амилна гэж итгэдэг бол амьдралдаа эн тэргүүнд тавих зүйлээ шийдэхдээ юуг анхаарах вэ?

16 Хэрэв бид нас барагсад дахин амилна гэж үнэхээр итгэдэг бол амьдралд өөрөөр ханддаг болно. «Амьдрах ч бай, үхэх ч бай бид Эзнийх» билээ (Ром 14:7, 8). Тиймээс амьдралдаа эн тэргүүнд тавих зүйлийг шийдэхдээ, «Энэ үеийн явдалд бүү нийцэгтүн. Харин зүрх сэтгэлээ шинэчилснээр өөрчлөгдөж Бурхны хүсэл юу болохыг, тухайлбал, сайн, тааламжит, төгс төгөлдөр хүслийг батлагтун» хэмээсэн Паулын зөвлөгөөг хэрэгжүүлдэг (Ром 12:2). Олон хүн амьдралыг богинохон гэж үздэг учир хүссэн бүхнээ хийж, хувиа хичээсэн зорилгоо биелүүлж, махан биеийн хүсэл тачаалаа хангахын төлөө ухаан жолоогүй явдаг. Тэд амьдралаас таашаал авах гэж хөөцөлдсөөр цөхөрсөн байдаг. Ямар нэг шашин шүтдэг байлаа ч тэр нь мэдээж Бурхны «төгс төгөлдөр хүсэлтэй» нийцдэггүй.

17, 18. а) Хүний амьдрал богинохон гэдгийг Бурхны Үгэнд хэрхэн дүрсэлсэн байдаг вэ? Гэхдээ Бурхны хүсэл юу вэ? б) Еховаг өдөр бүр алдаршуулах хүсэл төрдгийн учир юу вэ?

17 Хүний амьдрал богинохон гэдэг нь үнэн. Амьдрал 70, 80-хан жил үргэлжилж, «удалгүй... өнгөрч, бид нисэн оддог» (Дуулал 90:10). Хүн бол «өвс ногоо», «өнгөрч буй сүүдэр», «амьсгал» мэт түр зуур амьдардаг (Дуулал 103:15; 144:3, 4). Гэвч Бурхан биднийг эхний хэдэн арван жилд нь өсөж торнин, ухаан сууж, туршлага хуримтлуулан, дараагийн хэдэн арван жилийн дотор өтөлж хөгшрөн, өвчин хуучид баригдаад, эцэст нь үхэх жамтайгаар бүтээгээгүй. Ехова бүх хүнийг мөнх амьдрах хүсэлтэй бүтээсэн. «Тэр тэдний зүрхэнд үүрд мөнхийг байгуулсан» гэж Библид бичсэн байдаг (Номлогчийн үгс 3:11). Тэгвэл Ехова бидэнд тийм хүсэл өгчихөөд, тэр хүслийг маань биелүүлдэггүй харгис Бурхан гэж үү? Үгүй ээ. «Бурхан бол хайр билээ» (1 Иохан 4:8). Тэрбээр нас барсан хүмүүсийг мөнх амьдруулахын тулд амилуулна.

18 Дахин амилах найдварын ачаар бид ирээдүйдээ санаа зовдоггүй. Чаддаг бүхнээ одоо л амжиж хийх гэж хамаг хүчээ барж, ухаан жолоогүй явах хэрэггүй. Мөхөж буй ертөнцийг «бүрэн дүүрнээр» ашиглах гэж зүтгэх шаардлагагүй (1 Коринт 7:29–31; 1 Иохан 2:17). Ехова Бурхандаа үнэнч л байсан цагт Бурхнаа алдаршуулж, жаргалтай амьдрах мөнхийн ирээдүй өмнө маань байна. Бид үүнийг мэддэгээрээ жинхэнэ найдваргүй хүмүүсээс ялгаатай. Тэгэхлээр, нас барагсад дахин амилна гэдэг найдварыг маань бодитой болгох Ехова Бурхнаа өдөр бүр бүх хүчээрээ алдаршуулцгаая!

Хариулна уу

• Нас барагсад амилна гэдэгт хэр зэрэг итгэлтэй байх хэрэгтэй вэ?

• Нас барагсад дахин амилна гэдэгт итгэх ямар ямар баталгаа байдаг вэ?

• Дахин амилах найдварын ачаар хэрхэн тайвширч болох вэ?

• Нас барагсад дахин амилна гэдэгт итгэх нь одоо ямар ач тустай вэ?

[Догол мөрийн асуулт]