Skip to content

Гарчиг руу орох

Ехова Дуулгавартай Хүнийг Үнэлдэг

Ехова Дуулгавартай Хүнийг Үнэлдэг

Ехова дуулгавартай хүнийг үнэлдэг

«Хүү минь, мэргэн байж, зүрхийг минь баярлуул» (СУРГААЛТ ҮГС 27:11).

1. Орчин үед ихэнх хүн ямар хандлагатай болсон бэ?

 ОРЧИН ҮЕД ихэнх хүн хэнээс ч хараат бус амьдарч, дуулгаваргүй байх хандлагатай болжээ. Элч Паул Ефесийн христиануудад: «Та нар урьд нь нүгэл, хилэнц дотор энэ ертөнцийн заншлын дагуу агаарын хүчний ноёрхогч буюу эдүгээ дуулгаваргүй хөвгүүд дотор ажиллаж буй сүнсийг дагаж явсан» хэмээн бичсэн байдаг нь үүний учрыг олоход тусалдаг (Ефес 2:1, 2). «Агаарын хүчний ноёрхогч» Сатан Диавол «сүнс» буюу өнөөгийн хүмүүсийн дунд давамгайлж буй дуулгаваргүй байх хандлагыг өөгшүүлдэг. МЭ І зуунд ч энэ сүнсийг хөөрөгдөж байсан бөгөөд дэлхийн І дайны үед тэнгэрээс хаягдсанаасаа хойш улам бүр дэвэргэж байна (Илчлэлт 12:9).

2, 3. Еховад дуулгавартай байхын учир юу вэ?

2 Харин христианууд бидний хувьд Ехова бол чин сэтгэлээсээ дуулгавартай байхыг шаардах зүй ёсны эрхтэй Нэгэн гарцаагүй мөн билээ. Учир нь тэрбээр Бүтээгч, амийг Тэтгэгч, халамжтай Эзэн, Аврагч юм (Дуулал 148:5, 6; Үйлс 4:24; Колоссай 1:13; Илчлэлт 4:11). Мосегийн үеийн израильчууд Еховаг амь Өгөгч, боолчлолоос Чөлөөлөгч гэдгийг мэддэг байв. Тиймээс Мосе: «Та нар ЭЗЭН Бурхныхаа тушаасныг ёсчлон биелүүлэхдээ хянуур бай» гэж хэлжээ (Дэд хууль 5:32). Ехова тэднээс дуулгавартай байхыг шаардах бүрэн эрхтэй байлаа. Гэвч удалгүй тэд Бурханд дуулгаваргүй болжээ.

3 Орчлонт ертөнцийг Бүтээгчид дуулгавартай байх нь хэр чухал бэ? Нэгэн цагт Бурхан Саул хаанд: «Дуулгавартай дагах нь тахил өргөхөөс илүү» хэмээн зөнч Самуелаар хэлүүлсэн байдаг (1 Самуел 15:22, 23). Тийн хэлүүлсний учир юу вэ?

«Дуулгавартай дагах нь тахил өргөхөөс илүү» гэж хэлэхийн учир

4. Бид яавал Еховад үнэтэй зүйл өгч байгаа хэрэг болох вэ?

4 Ехова бүх зүйлийг бүтээсэн учир бидэнд байгаа бүхэн түүнийх юм. Гэхдээ бид ч гэсэн нэгэн үнэтэй зүйлийг Еховад өгч чадна. Сургаалт үгс 27:11-д: «Хүү минь, мэргэн байж, зүрхийг минь баярлуул. Энэ нь намайг муулагчид хариу барьж чадахын тулд юм» гэж бичсэн байдаг. Бурханд дуулгавартай байх нь үнэтэй зүйл өгч байгаатай адил юм. Сорилтод орвол Бурханд үнэнч үлдэх хүн байхгүй гэж Сатан Диавол хэлсэн. Хэдийгээр нөхцөл байдал, амьдрал ахуй маань өөр өөр боловч бид дор бүрнээ Бурхандаа дуулгавартай байвал Сатаны тэр хорон гүтгэлгийг няцааж чадна. Энэ бол үнэхээр завшаантай хэрэг!

5. Дуулгаваргүй байвал Еховад ямар санагддагийг жишээгээр тайлбарлана уу.

5 Ямар шийдвэр гаргахыг маань Бурхан ямагт харж байдаг. Хэрэв дуулгаваргүй загнаж, ухаалаг бус шийдвэр гаргавал Бурхны сэтгэл өвддөг (Дуулал 78:40, 41). Жишээ нь, чихрийн шижин өвчтэй хүн өөрийнх нь тусын тулд өгсөн эмчийн зөвлөгөөг дагаж, хоолны дэглэм сахихын оронд эрүүл мэнддээ тусгүй юм идээд байвал эмчид ямар санагдах нь ойлгомжтой. Үүнтэй адилаар, заавар зөвлөгөөг нь зөрчдөг хүн эцэстээ ямар үр дагавар амсдагийг Ехова мэддэг учир дуулгаваргүй байвал сэтгэл нь өвддөг.

6. Бурханд дуулгавартай байхад юу туслах вэ?

6 Христиан хүн яавал Еховад дуулгавартай байх вэ? Соломон хааныг дуурайж, Еховагаас «дуулгавартай зүрх» (ШЕ) гуйх нь зүйтэй. Соломон элэг нэгт израильчуудаа шүүхдээ «сайн мууг ухааран ялгах чадвартай» байхын тулд тийм зүрхтэй болгож өгөхийг хүсжээ (Хаадын дээд 3:9). Дуулгаваргүй байдал газар авсан өнөөгийн нийгэмд сайн мууг ухааран ялгах чадвартай байя гэвэл «дуулгавартай зүрх» зайлшгүй хэрэгтэй. Библи, Библи судлахад зориулсан гарын авлага, цуглаан, халамжит ахлагчид биднийг «дуулгавартай зүрхтэй» болоход тусалдаг. Харин бид Еховагийн хайрын сэтгэлээс авдаг эдгээр арга хэмжээний ач тусыг бүрэн дүүрэн хүртдэг үү?

7. Ехова дуулгавартай байхыг тахил өргөхөөс илүүгээр үнэлдгийн учир юу вэ?

7 Дуулгавартай байх нь амьтнаар тахил өргөхөөс илүү чухал байдгийг Ехова эртний ард түмэндээ ойлгуулсан байдаг (Сургаалт үгс 21:3, 27; Хосеа 6:6; Матай 12:7). Тэгвэл, амьтнаар тахил өргөхийг Ехова өөрөө тушаасан атлаа яагаад дуулгавартай байдлыг тахилаас илүүгээр үнэлдэг юм бэ гэсэн асуулт урган гарч байна. Үүнийг ойлгохын тулд, хүн Еховад ямар сэтгэлээр тахил өргөх ёстой байсныг бодъё. Бурханд таалагдах гэж үү, эсвэл ердөө л зан үйл учраас тэр үү? Бурханд таалагдахыг чин сэтгэлээсээ хүсдэг хүн бүх тушаалыг нь сахиж, дуулгавартай байх нь лавтай. Тэгэхлээр, бидний зүгээс Бурханд өгөх хамгийн үнэтэй зүйл бол тахил биш, дуулгавартай байдал юм.

Сургамжтай жишээ

8. Саул, хаан ширээгээ алдахад хүрсний учир юу вэ?

8 Дуулгавартай байх нь туйлын чухал гэдгийг Саул хааны түүх харуулдаг. Тэрбээр анх хаан болохдоо «өөрийгөө өчүүхэн хэмээн санадаг» даруу хүн байв. Гэтэл яваандаа бардам зантай, мунхаг бодолтой болсноос буруу шийдвэр гаргадаг болжээ (1 Самуел 10:21, 22; 15:17). Нэгэн удаа Саул филистчүүдтэй тулалдах болдог. Гэхдээ зөнч Самуелыг хүлээж байгаад, ирэхлээр нь тахил өргүүлж, цаашид юу хийхээ заалгах ёстой байв. Гэтэл Самуел бодож байсан шиг нь хурдан ирэлгүй саатаж, цэргүүд нь тарж эхэлжээ. Ингээд Саул «шатаалт тахил өргөсөнд» Ехова үүнийг нь таалсангүй. Сүүлд нь Самуелыг ирэхэд Саул хаан «ЭЗЭНий тааллыг гуйхын» тулд «аргагүй шатаалт тахил өргөсөн» нь зөнчийг саатсанаас болсон хэрэг гэж хэлэн дуулгаваргүй явдлаа хаацайлав. Уг нь, өөрийг нь ирж, тахил өргөтөл хүлээхийг Самуел тушаасан байсан. Гэтэл Саул тахил өргөхийг тэр тушаалд захирагдахаас илүү чухал гэж үзжээ. Самуел түүнд: «Та мунхаг хэрэг үйлдэв. Та Бурхан ЭЗЭНийхээ танд тушаасан тушаалыг сахисангүй» гэжээ. Ийнхүү Саул Еховад дуулгаваргүй байсныхаа гайгаар хаан ширээгээ алдахад хүрчээ (1 Самуел 10:8; 13:5–13).

9. Бурханд дуулгаваргүй байх нь Саулын гэм биш зан байсан нь юунаас харагддаг вэ?

9 Саул алдаанаасаа сургамж авсан болов уу? Үгүй. Энэ явдлаас хойш Ехова Саулд амалекчуудыг устгахыг тушаажээ. Амалекчууд урьд нь израильчуудыг Египетээс гарч явах замд нь ямар ч шалтгаангүйгээр довтолсон ажээ. Саул тэдний үхэр малаас нэгийг ч үлдээлгүй устгах учиртай байлаа. Тэрбээр Еховагийн тушаалыг сахиж, «Хавилагаас... Шурын хязгаар хүртэл амалекчуудыг бут цохив». Ялалт байгуулсандаа хөөрсөн хаан Самуелыг ирж уулзахад нь: «ЭЗЭН таныг ивээх болтугай! Би ЭЗЭНий тушаалыг сахилаа» хэмээжээ. Гэвч Саул болон түүний цэргүүд тов тодорхой тушаал авчихсан байсан хэр нь Агаг хааныг ч, «хамгийн сайн хонь, үхэр, тарган тугал, хурга ба сайн бүхнийг» нь ч амьд үлдээжээ. Дуулгаваргүй хаан дахиад л биеэ өмөөрөн: «Хүмүүс хонь, үхрийн хамгийн сайныг үлдээсэн нь таны Бурхан ЭЗЭНд тахил өргөхийн тулд юм» гэжээ (1 Самуел 15:1–15).

10. Саул ямар сургамж аваагүй вэ?

10 Тэгэхэд нь Самуел: «ЭЗЭНий дуу хоолойг дуулгавартай дагах нь ЭЗЭНд шатаалт тахил, өргөлүүдийг өргөж баярлуулахаас илүү бус уу? Харагтун, дуулгавартай дагах нь тахил өргөхөөс илүү, сонсож дагах нь хуцын өөхнөөс илүү» гэж хэлсэн (1 Самуел 15:22). Ехова амалекчуудын үхэр малыг устгахыг тушаасан байтал Саул тийм малаар тахил өргөнө гэж яаж бодсон юм бол оо!

Дуулгавартай байдгаа амьдралынхаа бүх хүрээнд харуулагтун

11, 12. а) Ехова үнэнч үйлчлэгчдийнхээ хичээл зүтгэлийг юу гэж үздэг вэ? б) Зарим хүн өөрийгөө яаж хуурдаг вэ?

11 Үйлчлэгчид нь хавчлагатай тулгарсан ч үнэнч байж, Хаанчлалын тухай сайн мэдээг нь үл хайхарсан ч дэлгэрүүлэх ажлаа хийн, амьдрал нь хүнд хэцүү байсан ч цуглаанд ирдэг нь Еховад сайхан санагддаг. Дуулгавартай байдгаа христиан үйл хэргээр харуулдаг хүн Ехова Бурхныхаа зүрхийг баярлуулдаг. Өөрт нь үйлчлэхийн тулд хайрын үүднээс хичээл зүтгэл гаргадгийг маань Ехова үнэлдэг. Бидний хичээл зүтгэлийг хүн ойшоохгүй байж болох ч, Бурхан үргэлж анхаарч, санаж байдаг (Матай 6:4).

12 Гэхдээ Бурханд илүү их таалагдъя гэвэл дуулгавартай байдгаа амьдралынхаа бүх хүрээнд харуулах ёстой. Амьдралынхаа тодорхой нэг хүрээнд Бурхны хууль тушаалыг биелүүлдэг бол зарим тушаалыг нь зөрчиж болно гэж бодох нь өөрийгөө хуурч байгаа хэрэг юм. Жишээ нь, христиан үйл хэрэгт оролцож байгаа цагт садар самуун гэх мэтийн ноцтой нүгэл үйлддэгийнхээ төлөө шийтгүүлэхгүй гэж боддог хүн байдаг. Ямар том эндүүрэл бэ! (Галат 6:7, 8).

13. Гэртээ байхад үнэнч байдаг эсэх маань хэрхэн соригдож болох вэ?

13 Тиймээс бид өөрсдөөсөө: «Би өдөр тутмын үйл хэргээрээ, тэр байтугай, хувийн чанартай асуудлаар Еховад дуулгавартай байдгаа харуулдаг уу?» гэж асуух хэрэгтэй. Есүс: «Хэн маш бага юманд итгэмжтэй байна, тэр нь их юманд ч мөн итгэмжтэй байдаг. Хэн бага юманд шударга бус байна, тэр нь их юманд ч мөн шударга бус байдаг» гэж хэлсэн (Лук 16:10). Бусдын нүднээс далд, «гэр дотроо» байхдаа «үнэнч зүрхээр явдаг» уу? (Дуулал 101:2). Гэртээ байхад ч үнэнч байдаг эсэх маань соригдож болох юм. Бараг айл болгон компьютертэй болсон өнөө үед ганц товчлуур дараад л христиан хүнд зохисгүй зүйлийг гэртээ үзэх боломж бүрджээ. Гэтэл хэдхэн жилийн өмнө тийм юм үзэж сонирхохын тулд заавал тусгай газар зориглон очих хэрэгтэй байсан. «Эмэгтэй хүнийг тачаадан харах хүн бүр зүрхэндээ түүнтэй хэдийнээ завхайрсан хэрэг юм» гэж Есүсийн хэлснийг та анхаардаг уу? Садар самууныг сурталчилсан зүйлээс харц буруулдаг уу? (Матай 5:28; Иов 31:1, 9, 10; Дуулал 119:37; Сургаалт үгс 6:24, 25; Ефес 5:3–5). Тэгвэл хүчирхийллийг сурталчилсан телевизийн нэвтрүүлгийг яадаг вэ? Та Бурхныг дуурайн, «хүчирхийлэлд дурлагчийг үзэн яддаг» уу? (Дуулал 11:5). Эсвэл ганцаараа байхдаа согтууруулах ундаа хэтрүүлэн уувал ямар вэ? Библи архидан согтуурахыг буруушаадгийн зэрэгцээ «дарсыг ихээр» ууж зуршихаас сэрэмжлүүлдэг (Тит 2:3, ШЕ; Лук 21:34, 35; 1 Тимот 3:3).

14. Бурханд дуулгавартай байдгаа мөнгөтэй харьцахдаа хэрхэн харуулах вэ?

14 Анхаарал болгоомжтой байвал зохих өөр нэг асуудал бол мөнгөтэй харьцах явдал юм. Жишээ нь, бусдыг луйвардсанаас өөрцгүй аргаар хурдан баяжих бизнес эрхлэх санал тавихад хүлээн авах байсан уу? Татвар төлөхгүйн тулд орлогоо нуун дарагдуулах зэргээр хууль бус арга хайдаг уу? Эсвэл «Бүгдэд өгөх ёстойгоо өг. Татвар авах ёстой хүнд татвараа... төл» гэсэн тушаалыг шударгаар биелүүлдэг үү? (Ром 13:7).

Хайрын сэтгэлээс дуулгавартай байх нь

15. Та ямар учраас Еховагийн тушаалыг дуулгавартай сахидаг вэ?

15 Бурхны хууль тушаалыг дуулгавартай сахивал ивээл хүртдэг. Жишээ нь, тамхи татахгүй, садар самуун үйлдэхгүй, цус хэрэглэхгүй бол элдэв өвчин тусахгүй. Түүнээс гадна, амьдралынхаа бусад хүрээнд ч Библийн сургаалыг баримталдаг бол гэр бүлийн амьдрал, мөнгө төгрөгний асуудал, хүмүүстэй харьцахад ач тус хүртэнэ (Исаиа 48:17). Ийм мэдэгдэхүйц ач тус бол Бурхны хуулийг амьдралд хэрэгжүүлж болдгийн баталгаа бөгөөд ивээл юм. Гэхдээ Еховад дуулгавартай байдгийн маань гол шалтгаан нь түүнд хайртайнх билээ. Бид ашиг хонжоо харж Бурханд үйлчилдэггүй (Иов 1:9–11; 2:4, 5). Хэнд дуулгавартай байхаа сонгох эрх чөлөөг Бурхан хүмүүст өгсөн. Бид Бурхнаа баярлуулж, зөв юм хийхийг хүсдэг учир Еховад дуулгавартай байхаар шийдсэн билээ (Ром 6:16, 17; 1 Иохан 5:3).

16, 17. а) Хайрын сэтгэлээс Еховад дуулгавартай байхын жишээг Есүс хэрхэн үлдээсэн бэ? б) Есүсийг хэрхэн дуурайж болох вэ?

16 Хайрын сэтгэлээс Еховад дуулгавартай байхын төгс жишээг Есүс үлдээжээ (Иохан 8:28, 29). Тэрбээр дэлхийд байхдаа «зовсон зүйлсээсээ дуулгавартай байдалд суралцсан» (Еврей 5:8, 9). Яаж? «Үхэлд... төдийгүй загалмайн үхэлд... хүртэл дуулгавартай байснаараа Өөрийгөө даруу болгожээ» (Филиппой 2:7, 8). Есүс Бурханд дуулгавартайгаа тэнгэрт байхдаа баталчихсан байсан хэдий ч дэлхийд ирсэн хойноо дуулгавартай гэдгээ батлахын тулд хүнд сорилтод орсон. Ийнхүү сүнслэг ах дүү нарынхаа төлөө, бас дуулгавартай бусад хүний төлөө үйлчлэх Тэргүүн тахилч болох бэлтгэлээ бүх талаар сайтар хангажээ (Еврей 4:15; 1 Иохан 2:1, 2).

17 Бид ч гэсэн Есүсийн жишээгээр Еховад дуулгавартай байж, хүсэл тааллыг нь амьдралынхаа эн тэргүүнд тавих хэрэгтэй (1 Петр 2:21). Бурхны хууль тушаалыг зөрчүүлэх гэсэн дарамт шахалт, сорилт бэрхшээлийн үед ч хайрын үүднээс тушаалыг нь биелүүлдэг бол сэтгэл хангалуун болно (Ром 7:18–20). Төгс бус боловч христиан хуралд хариуцлагатай үүрэг хүлээдэг хүмүүсийн удирдамж зааврыг дуртайяа биелүүлэх нь ч бас Еховад дуулгавартай байгаа хэрэг юм (Еврей 13:17). Хувийн чанартай асуудлаар ч тушаалыг нь дуулгавартай биелүүлдэг хүнийг Ехова өндөр үнэлдэг.

18, 19. Бурханд чин сэтгэлээсээ дуулгавартай байх нь ямар ач тустай вэ?

18 Еховад дуулгавартай байж, үнэнч байдлаа хадгалахын тулд хавчлагыг тэвчих үе байдаг (Үйлс 5:29). Түүнчлэн, сайн мэдээ дэлгэрүүлж, шавь бэлдэх тушаалыг дуулгавартай биелүүлье гэвэл энэ ертөнцийн төгсгөл хүртэл тэвчээртэй байх хэрэгтэй (Матай 24:13, 14; 28:19, 20). Итгэл нэгтнүүдтэйгээ тогтмол уулзаж байхын тулд ертөнцийн зүгээс учруулдаг хүнд дарамтыг тэвчих хэрэгтэй болдог. Өөрт нь дуулгавартай байхын тулд ямар их хүчин чармайлт гаргадгийг маань Ехова сайн ойлгодог. Гэхдээ бүрэн дүүрэн дуулгавартай байхын тулд нүгэлт махан биетэйгээ тэмцэж, сайныг хайрлах хайраа хөгжүүлэхийн зэрэгцээ муугаас зайлсхийх шаардлагатай (Ром 12:9)

19 Хайр болон талархах сэтгэлээр үйлчлэхэд Ехова «Өөрийг нь хайгч хүмүүст... Шагнагч... болдог» (Еврей 11:6). Бурханд үйлчлэхийн тулд «тахил өргөх» буюу өөрийгөө золиослох шаардлага гардаг бөгөөд энэ нь ч Еховад таалагддаг, хэрэгтэй зүйл мөн. Гэхдээ хайрын сэтгэлээс бүрэн дүүрэн дуулгавартай байдаг бол Еховаг хамгийн ихээр баярлуулна (Сургаалт үгс 3:1, 2).

Та юу гэж хариулах вэ?

• Бид яавал Еховад үнэтэй зүйл өгч байгаа хэрэг болох вэ?

• Саул ямар ямар алдаа гаргасан бэ?

• Дуулгавартай байх нь тахил өргөхөөс илүү чухал гэж үздэгээ хэрхэн харуулах вэ?

• Та ямар учраас Еховад дуулгавартай байдаг вэ?

[Догол мөрийн асуулт]