Настай хүмүүс хойч үеийнхэнд үлгэр дуурайл болдог
Настай хүмүүс хойч үеийнхэнд үлгэр дуурайл болдог
«Бурхан, хөгширч, бууралтах үед минь ч намайг бүү орхиоч. Би Таны чадлыг үе удамд, Таны хүчийг ирээдүйн бүх хүнд тунхаглах хүртэл бүү орхиоч» (ДУУЛАЛ 71:18).
1, 2. Өндөр настай христианууд юуг ойлгох нь зүйтэй вэ? Одоо бид юу үзэх вэ?
БАРУУН АФРИКТ амьдардаг нэг христиан ахлагч өндөр настай, тослогдсон итгэл нэгтнээ эргэж, гэрт нь очжээ. Бие тэнхээ нь ямар байгааг асуусанд, «Гүйж харайж, үсэрч дэвхэрч чадаад л байна» гээд гүйх, үсрэх аядсанаа, «Нисэж л харин чадахгүй дээ» гэж хэлжээ. Чадах юм байвал дуртайяа хийдэг, чадахгүйгээ зүгээр л орхичихдог гэсэн үг болохыг нь ахлагч ойлгожээ. Одоо өөрөө ная гарсан тэр ахлагч өнөөх тослогдсон христианы алиа хошин зан, үнэнч байдлыг өнөөдөр ч дурсан санадаг гэнэ.
2 Христиан чанар хөгжүүлж чадсан өндөр настнууд бусдад мартагдашгүй сэтгэгдэл төрүүлдэг нь дээрх явдлаас харагдаж байна. Гэхдээ мэргэн ухаан, христиан зан чанар өтөл насыг дагаад өөрөө бий болчихдоггүй (Номлогчийн үгс 4:13). Библид: «Буурал толгой бол алдрын титэм юм. Үүнийг зөв шударга амьдрал дотор олдог» гэж байдаг (Сургаалт үгс 16:31). Өндөр настай христианууд үг хэл, үйл хэргээрээ бусдад ихээхэн нөлөөтэй байдгаа ойлгох нь зүйтэй. Настай хүмүүс хойч үеийнхэндээ хэчнээн их үлгэр дуурайл болдгийг харуулах хэдэн жишээ Библиэс үзье.
Одоо ч ач холбогдолтой итгэлийн жишээ
3. Ноа үнэнч байсан нь өнөөгийн бүх хүнд ямар ач тустай вэ?
3 Ноагийн итгэлтэй, үнэнч байсны ач тусыг эдүгээ бид ч хүртдэг. Тэрбээр хөвөгч авдар барин, авдарт оруулах амьтдыг цуглуулж, Бурхны мэдээг тунхаглан, хүмүүсийг сэрэмжлүүлж байхдаа бараг 600 настай байжээ (Эхлэл 7:6; 2 Петр 2:5). Ноа Бурхнаас эмээдэг байсан учраас Усан галавыг гэр бүлээрээ эсэн мэнд давж, өнөөгийн бүх хүний өвөг болсон. Тэрбээр хүн их урт насалдаг байх үед амьдарч байсан ч үхэн үхтэлээ Еховад үнэнч гэдгээ нотолж чадсан. Энэ нь эцэстээ их ач холбогдолтой байлаа. Тэгвэл Ноа үнэнч байснаа хэрхэн харуулсан бэ?
4. Бурхны орчин үеийн үйлчлэгчид Ноагийн ямар ямар чанарыг дуурайх нь зүйтэй вэ?
4 Нимрод «газар дэлхийг дүүргэ» хэмээсэн Еховагийн тушаалыг зөрчин, Бабелын цамхаг барьж эхлэхэд Ноа бараг 800 хүрч байв (Эхлэл 9:1; 11:1–9). Гэхдээ Ноа Нимродын эсэргүү явдалд оролцоогүй. Тийм учраас Ехова тэрслүү этгээдүүдийн хэлийг хутгалдуулан самууруулахдаа Ноагийнхыг хэвээр нь үлдээсэн бололтой. Ноа насан туршдаа, өндөр насалсан хойноо ч итгэлтэй, үнэнч байсан нь хөгшин залуу ялгаагүй, Бурхны бүх үйлчлэгчид үлгэр жишээ болдог (Еврей 11:7).
Гэрийнхэндээ сайнаар нөлөөлөх нь
5, 6. а) Абрахамыг 75 настай байхад Ехова ямар даалгавар өгсөн бэ? б) Абрахам тэр даалгаврыг хэрхэн хүлээн авсан бэ?
5 Өндөр настай хүмүүс гэрийнхнийхээ итгэлийг бэхжүүлж чаддаг нь Ноагийн дараа амьдарч байсан Абрахам Исаак Иаков нарын жишээнээс харагддаг. Ехова Абрахамыг 75 нас хүрч байхад нь: «Чи төрсөн нутгаа, төрөл садангаа, эцгийнхээ гэрийг орхиж, миний чамд зааж өгөх газар руу яв. Би чамайг аугаа их үндэстэн болгож, чамайг ерөөнө» гэж хэлжээ (Эхлэл 12:1, 2).
6 Та гэр орон, найз нөхөд, төрсөн нутгаа орхиод, гэр бүлийнхнийхээ амь насаар дэнчин тавиад, таньж мэдэхгүй газар руу явах боллоо гээд бод доо. Абрахам Еховагаас чухам тийм л даалгавар авчээ. Тэрбээр «ЭЗЭНий хэлсэн ёсоор явж», Канаан нутагт нүүдэллэн амьдарч, үлдсэн насаа харийн хүн мэт майханд өнгөрөөсөн (Эхлэл 12:4; Еврей 11:8, 9). Өөрийг нь «аугаа их үндэстэн» болгоно гэсэн амлалтыг Еховагаас авсан боловч үр удмаа өсөж олшрохыг үзэж амжилгүй насан эцэслэжээ. Эхнэр Сарагийн хамт, Амласан газар 25 жил амьдарсны эцэст л Исаак гэдэг ганц хүүтэй болсон билээ (Эхлэл 21:2, 5). Тэр хугацаанд Абрахам тэвчээр алдан, Ур хот руугаа буцаагүй. Итгэл, тэвчээрийн ямар сайхан жишээ вэ!
7. Абрахамын тэвчээр хүү Исаакт нь, цаашлаад хүн төрөлхтөнд ямар ач тустай байсан бэ?
7 Абрахамын тэвчээр хүү Исаакт нь их ач тустай байв. Бүх насаараа харийн хүн мэт явж, Канаан нутагт 180 жил суусан Исаак тэвчээртэй байсан нь Бурхны амлалтад итгэдэг байсных юм. Тийн бат итгэлтэй болоход нь хөгшин эцэг эх хоёр нь ихээхэн нөлөөлсөн бөгөөд хожим нь Ехова өөрөө түүнтэй ярьж итгэлийг нь бэхжүүлсэн (Эхлэл 26:2–5). Еховаг бүх хүн төрөлхтөнд ивээл авчрах «үрийг» Абрахамын удмаас гаргах амлалтаа биелүүлэхэд нь Исаакийн үнэнч байдал чухал үүрэг гүйцэтгэжээ. Олон зууны дараа «үрийн» гол хэсэг болох Есүс Христ өөрт нь итгэх бүх хүнд Бурхантай эвлэрч, мөнхийн амьтай болох замыг нээсэн (Галат 3:16; Иохан 3:16).
8. Иаков бат итгэлтэй хүн байсан нь юунаас харагддаг вэ? Итгэлтэй байсных нь ач тус юу вэ?
8 Исаак бас хүү Иаковаа бат итгэлтэй болоход нь тусалсан. Үүний үрээр Иаков нас өндөр болсон ч Бурханд үнэнч байжээ. Тэрбээр ивээл хүртэх гэж тэнгэр элчтэй шөнөжин барилдахдаа 97 настай байсан (Эхлэл 32:24–28). 147 насыг насалж, үхэхийнхээ өмнө хамаг хүчээ шавхан 12 хүүгээ нэгбүрчлэн ерөөсөн (Эхлэл 47:28). Эхлэл 49:1–28-д бичигдсэн тэрхүү зөгнөлийн утга бүхий ерөөл биелсэн бөгөөд одоо ч биелж байна.
9. Сүнслэгээр төлөвшсөн өндөр настнууд гэрийнхэндээ ямар нөлөө үзүүлдэг вэ?
9 Бурханд үнэнч үйлчилдэг өндөр настнууд гэрийнхэндээ сайнаар нөлөөлдөг нь тодорхой байна. Библийн удирдамж зааврыг дагахын зэрэгцээ өндөр настнуудын туршлага, тэвчээрийнх нь жишээнээс суралцах нь залуу хүнийг бат итгэлтэй болж өсөхөд ихээхэн ач холбогдолтой байдаг (Сургаалт үгс 22:6). Тиймээс, өндөр настнууд гэрийнхэндээ сайн жишээ үзүүлж чадна гэдгээ үргэлж ухамсарлах хэрэгтэй.
Итгэл нэгтнүүддээ сайнаар нөлөөлөх нь
10. Иосеф юу гэж «гэрээсэлсэн» бэ? Тэр «гэрээслэл» нь ямар ач тустай байсан бэ?
10 Настай хүмүүс бас итгэл нэгтнүүддээ сайн нөлөө үзүүлдэг. Иаковын хүү Иосеф өндөр настай болсон хойноо энгийн нэг хүсэлт гаргасан нь өөрөөс нь хойших үеийн Бурхны олон сая үйлчлэгчид ихээхэн ач тустай байлаа. 110 настай тэрбээр израильчуудыг Египетээс явахдаа ясыг нь авч явахыг «гэрээсэлсэн» (Еврей 11:22; Эхлэл 50:25). Иосефыг нас эцэслэснээс хойш израильчууд олон жил харгис боолчлолд нухлагдсан бөгөөд тэдний хувьд чөлөөлөгдөнө гэж итгэж найдах нэг үндэс нь чухамхүү тэр «гэрээслэл» байжээ.
11. Иошуа өндөр настай Мосетой хамт байсан нь ямар ач тустай байсан бэ?
11 Иосефын итгэлийн илрэл болсон тэр «гэрээслэлээс» урам авсан хүмүүсийн нэг бол Мосе юм. Тэрбээр 80 настайдаа Иосефын ясыг Египетийн нутгаас авч явах хүндтэй үүрэг хүлээжээ (Египетээс гарсан нь 13:19) Мосе өөрөөсөө олон насаар дүү Иошуатай тэр л үед танилцаа болов уу. Иошуа 40 жил Мосегийн туслах байжээ (Тооллого 11:28). Жишээ нь, Мосег Синаи уул өөд гарахад замынх нь талыг хамт туулж, гэрчлэлийн хоёр хавтан бариад буцаж ирэхэд нь тосож авдаг (Египетээс гарсан нь 24:12–18; 32:15–17). Иошуа өндөр настай Мосегоос ухаалаг зөвлөгөө авч, мэргэн ухаанд суралцаж байсан нь лавтай.
12. Иошуа амьдралынхаа туршид Израилийн ард түмэнд ямар ач тус хүргэсэн бэ?
12 Иошуа ч гэсэн амьдралынхаа туршид Израилийн ард түмний итгэлийг бэхжүүлж явсан. Шүүгчид 2:7-д: «Иошуаг амьд байх зуур болон ЭЗЭНий Израильд үйлдсэн бүх гайхамшгийг харсан ахлагчдыг амьд байх үед ард олон ЭЗЭНд үйлчлэв» гэж байдаг. Гэтэл Иошуа болон бусад ахлагчийг нас барснаас хойш израильчууд тууштай байж чадалгүй, жинхэнэ болон хуурамч шүтлэгийг хольж хутгаж эхэлжээ. Энэ явдал зөнч Самуелын үеийг хүртэл 300 жил үргэлжилсэн.
Самуел «зөвт байдлыг үйлдсэн» нь
13. Самуел хэрхэн «зөвт байдлыг үйлддэг» байсан бэ?
13 Самуелын хэд насалсныг Библид бичээгүй боловч «1 Самуел» номд тэмдэглэсэн бараг 102 жилийн үйл явдлын ихэнхийг тэрбээр нүдээр үзжээ. Еврей 11:32, 33-т шударга шүүгчид болон зөнчид «зөвт байдлыг үйлддэг байсан» гэж бичжээ. Үнэхээр ч Самуелын ачаар тэр үеийн зарим хүн нүгэлт үйл хэргээ орхиж, зарим нь нүглийн замд халтиран орохоос өөрсдийгөө сэргийлж чадсан (1 Самуел 7:2–4). Учир нь Самуел бол Еховад насаараа үнэнч явсан хүн юм (1 Самуел 12:2–5). Дуулгаваргүй явдлынх нь төлөө хааныг хүртэл айж хулчийлгүй хатуу зэмлэдэг байсан (1 Самуел 15:16–29). «Өтөлж, үс нь бууралтсан» тэрбээр бусдын төлөө залбирахын сайхан жишээ бас үзүүлжээ. «Та нарын төлөө залбирахгүйгээс болж ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэх нь надаас хол байг» гэж израильчуудад хэлж байжээ (1 Самуел 12:2, 23).
14, 15. Настай христианууд залбирах тухайд Самуелыг хэрхэн дуурайж болох вэ?
14 Өндөр настай христианууд итгэл нэгтнүүддээ сайнаар нөлөөлөхийн тулд юу хийж болохыг Самуелын жишээ харуулж байна. Өвчин хууч болон өөр бусад нөхцөл байдлаас шалтгаалахгүйгээр бусдынхаа төлөө залбирах боломж настай хүмүүст бий. Та бүхний залбирал хуралд үнэхээр ач тустай байдаг. Есүсийн асгаруулсан цусанд итгэн Еховагийн сайшаалыг хүлээж, олон жил тэвчээртэй үйлчлэн итгэлээ «шалгуулсан» хүмүүс бол та нар юм (Иаков 1:3; 1 Петр 1:7). «Зөвт хүний залбирал нь үр нөлөөтэй бөгөөд ихийг гүйцэлдүүлж чаддагийг» санаж яваарай (Иаков 5:16).
15 Хаанчлалын үйл хэргийг дэмжиж залбирдаг та бүхний залбирал үнэхээр их хэрэгтэй. Зарим христиан төвийг сахих байр сууриасаа болоод шоронд хоригдож байна. Зарим нь байгалийн гамшиг, дайн дажин, иргэний мөргөлдөөний хөлд нэрвэгдэж байна. Сорилт бэрхшээл, эсэргүүцэл хавчлагатай тулгарч байгаа хүмүүс танай хуралд ч байгаа байх (Матай 10:35, 36). Дэлгэрүүлэх ажлыг удирдаж, хурлуудыг харгалздаг хүмүүсийн төлөө ч бас байнга залбирах нь чухал (Ефес 6:18, 19; Колоссай 4:2, 3). Епафрыг дуурайн, итгэл нэгтнүүдийнхээ төлөө залбирдаг бол хэчнээн сайн бэ! (Колоссай 4:12).
Хойч үеийнхэнд заах нь
16, 17. Дуулал 71:18-д юу гэж зөгнөсөн байдаг вэ? Хэрхэн биелж байна вэ?
16 Дэлхий дээр мөнх амьдрах найдвартай «өөр хонинууд» тэнгэрийн дуудлагатай «өчүүхэн сүрэгт» багтах үнэнч христиануудтай нийлж нөхөрлөдгийнхөө ачаар шаардлагатай бүхнийг сурч мэдэж авдаг (Иохан 10:16, ШГ; Лук 12:32). Энэ тухай Дуулал 71:18-д: «Бурхан, хөгширч, бууралтах үед минь ч намайг бүү орхиоч. Би Таны чадлыг үе удамд, Таны хүчийг ирээдүйн бүх хүнд тунхаглах хүртэл бүү орхиоч» хэмээн зөгнөжээ. Сүнсээр тослогдсон христианууд хамтран зүтгэгч «өөр хонинуудаа» орхин, Есүс Христтэй нэгдэхээсээ өмнө тэднийг сургаж, улам бүр нэмэгдэж буй үүрэг хариуцлагаа хэрхэн биелүүлэхийг дуртайяа заадаг.
17 «Ирээдүйн бүх хүнийг» сургах тухай Дуулал 71:18-ын зөгнөл тослогдсон христиа- нуудаар заалгадаг «өөр хонинууд» дээр ч зарчмын хувьд биелж байна. «Өөр хонинуудын» дунд байгаа настай христианууд Еховагийн ард түмэнтэй нэгдэж буй шинэ хүмүүст Бурхны тухай тунхаглах завшаантай үүрэг хүлээдэг (Иоел 1:2, 3). «Өөр хонинууд» тослогдсон христиануудаар заалгахыг шагнал гэж үздэг бөгөөд Еховад үйлчлэхийг хүсдэг хэн бүхэнтэй Библийн мэдлэгээ хуваалцахыг эрмэлздэг (Илчлэлт 7:9, 10).
18, 19. а) Еховагийн өндөр настай үйлчлэгчид ямар ямар үйл явдлын гэрч болсон бэ? б) Настай христианууд юунд итгэлтэй байж болох вэ?
18 Тэнгэрийн болон дэлхийн найдвартай христиануудын дунд түүхэн чухал үйл явдлын гэрч болсон өндөр настнууд байдаг. «Бүтээлийн фото драм»-ыг үзсэн хүмүүсээс цөөхөн нь өнөөдөр амьд сэрүүн байна. Удирдах үүрэг хүлээж явсан бөгөөд 1918 онд шоронд орсон эрчүүдийг сайн мэдэх хүмүүс ч бий. Зарим нь «Харуулын цамхаг» нийгэмлэгийн радио станцаар нэвтрүүлэг цацахад оролцож явсан. Еховагийн Гэрчүүд шашин шүтэх эрх чөлөөнийхөө төлөө тэмцэн, дээд шүүхэд давж заалдан, ялалт байгуулж байсан тэр үеийг мэдэх хүн олон байгаа. Дарангуйлах дэглэмийн үед ч жинхэнэ шүтлэгийн төлөө бат зогсож байсан христианууд бидний дунд бий. Библийн үнэн аажмаар хэрхэн илчлэгдэхийг үзсэнээ настай христианууд ярьж чадна. Ийм хүмүүсийн арвин баялаг туршлагаас ач тус хүртэхийг Библи бидэнд уриалдаг (Дэд хууль 32:7)
19 Настай христиануудад ч бас хойч үеийнхэндээ сайхан жишээ үзүүлэхийг уриалсан байдаг (Тит 2:2–4). Тэвчээр, залбирал, зөвлөгөө тань бусдад ямар ач тус болж байгаа нь одоохондоо мэдэгдэхгүй байж болох юм. Ноа Абрахам Иосеф Мосе нар үнэнч байдал нь алсдаа ямар ач тус болохыг мэдэхгүй байсан ч итгэлтэй, үнэнч байхын үлгэр жишээг хойч үеийнхэндээ өв болгон үлдээсэн билээ. Та бүхний үлгэр дуурайл ч бас сайн нөлөө үзүүлнэ гэдэгт итгээрэй.
20. Энэ ертөнцийн төгсгөл хүртэл бат найдвартай байвал ямар ямар шагнал хүртэх вэ?
20 «Агуу их гай гамшгийг» эсэн мэнд даваад, эсвэл дахин амилаад «жинхэнэ аминд» хүрэхэд ямар сайхан байх бол оо! (Матай 24:21; 1 Тимот 6:19). Христийн Мянган жилийн засаглалын үед Ехова хөгшрөхийн зовлонг арилгана гээд бод доо. Бие махбод маань дордох бус, харин ч өдрөөс өдөрт улам сэргэж, илүү эрч хүчтэй болж, хараа, сонсгол сайжирч, өнгө зүс орно (Иов 33:25; Исаиа 35:5, 6). Бурхны шинэ ертөнцөд амьдрах шагнал авсан хүмүүс хэд ч насалсан мөнхөд залуугаараа байна (Исаиа 65:22б). Тиймээс бүгдээрээ энэ ертөнцийн төгсгөл хүртэл бат найдвартай байж, Еховад чин сэтгэлээсээ үргэлж үйлчилцгээе. Еховаг амласан бүхнээ биелүүлнэ гэдэгт, хүсэн хүлээж байснаас маань илүү ихийг хийнэ гэдэгт итгэлтэй байцгаая (Дуулал 37:4; 145:16).
Та юу гэж хариулах вэ?
• Нас өндөр болсон Ноа үнэнч байсан нь хүн төрөлхтөнд ямар ач тус болсон бэ?
• Абрахам Исаак Иаков нар итгэлтэй байсан нь үр удамд нь яаж нөлөөлсөн бэ?
• Иосеф Мосе Иошуа Самуел нар өндөр настай болсон хойноо израильчуудын итгэлийг хэрхэн бэхжүүлж байсан бэ?
• Өндөр настай христианууд хойч үеийнхэндээ ямар сүнслэг өв үлдээж болох вэ?
[Догол мөрийн асуулт]