Хөгширсөн ч сүнслэг жимс гаргадаг
Хөгширсөн ч сүнслэг жимс гаргадаг
«ЭЗЭНий өргөөнд суулгагдсан тэд... хөгширсөн ч жимс гаргана» (ДУУЛАЛ 92:13, 14).
1, 2. а) Нас хөгшрөхийг, ер нь, яаж дүрсэлдэг вэ? б) Библид бичсэнээр, Ехова Адамаас удамшсан нүглийн үр дагаврыг яах вэ?
ХӨГШРӨХ гэдэг үгийг сонсоод та юу боддог вэ? Арьс үрчлээтэж, сонсгол муудан, хөл гар сулрах гэж боддог уу? Эсвэл, Номлогчийн үгс 12:1–7-д нэгд нэгэнгүй, тун оновчтой дүрсэлсэн «хүнд өдрүүд» буюу өтөл насны өөр аль нэг шинжийг санадаг уу? Гэхдээ энэ бүлэгт бичсэнээр хүн өтөлж хөгширдөг нь Адамаас дамжиж ирсэн нүглийн үр дагавар болохоос бус, Бүтээгч Бурхан Еховагийн анхнаасаа санаж сэдсэн юм биш гэдгийг бүү мартаарай (Ром 5:12).
2 Хүн амьд л байгаа цагт нас нэмэх нь зүйн хэрэг учир өндөр наслах нь муу юм биш ээ. Тэгээд ч амьд бүхэн өсөж торниж, хөгжиж боловсрох жамтай. Зургаан мянган жил ноёлж буй нүгэл, төгс бус байдлын үр урхаг ул болон үлдэж, дуулгавартай бүх хүн Бурхны анх санаж зорьж байснаар, өтөлж хөгширч, үхэж хагацахын зовлон үзэхгүй, жаргалтай сайхан амьдрах цаг ойрхон байна (Эхлэл 1:28; Илчлэлт 21:4, 5). Тэр цагт «„Би өвчтэй байна“ гэж нэг ч оршин суугч өгүүлэхгүй» (Исаиа 33:24). Хөгшин хүмүүс «залуугийнхаа хүч тэнхээтэй өдрүүдэд буцаж очин», «махан бие нь залуу үеийнхээсээ ч илүү сэргэг болно» (Иов 33:25). Харин тэр болтол, Адамаас удамшин дамжсан нүглийн үр дагаврыг тэвчихээс өөр аргагүй. Гэлээ ч Бурханд үйлчилдэг өндөр настай хүмүүсийг азтай гэж хэлж болно.
3. Христианууд «хөгширсөн ч жимс гаргана» гэж юу гэсэн үг вэ?
3 «ЭЗЭНий өргөөнд суулгагдсан тэд... хөгширсөн ч жимс гаргана» гэж Бурхны Үгэнд байдаг (Дуулал 92:13, 14). Бие махбод нь сулран доройтдог ч Бурхны үнэнч үйлчлэгчид сүнслэгээр амжилт гарган, цэцэглэн хөгжиж, өсөж дэвшиж байдгийг дуулалч уран яруу дүрсэлжээ. Энэ үг нь үнэн болохыг эрт цагийн болон орчин үеийн олон хүний жишээ баталдаг.
«Сүмийг хэзээ ч орхисонгүй»
4. Өндөр настай зөнч Анна Бурханд үнэнчээ хэрхэн харуулсан бэ? Ямар шагнал хүртсэн бэ?
4 Зөнч Аннаг жишээ болгон ярилцъя. 84 настай энэ эмэгтэйг «мацаг барилт болон залбирлаар өдөр шөнөгүй үйлчлэн, сүмийг хэзээ ч орхисонгүй» гэж Библид бичсэн байдаг. Эцэг нь Леви биш, «Ашер овгийн» хүн байсан тул Анна сүмд амьдрах эрхгүй байв. Өдөр бүр сүмд очиж, өглөөний шатаалт тахил өргөх цагаас үдшийн шатаалт тахил өргөх цаг хүртэл сүмд өнжих нь настай хүнд амаргүй л байсан болов уу. Тэрбээр Бурханд үнэнч байсныхаа төлөө асар их ивээл хүртжээ. Иосеф Мариа хоёрыг Мосегийн хуулийн дагуу нялх Есүсийг Еховад өргөхөөр сүмд ирэхэд нь Анна тэдэнтэй таарч, Есүсийг харах хувь тохиосон. Тэгээд «Бурханд талархал өргөөд, Иерусалимын золилтыг хүлээж байсан бүхэнд Түүний тухай... ярьж» эхэлсэн (Лук 2:22–24, 36–38; Тооллого 18:6, 7).
5, 6. Өндөр настай христианууд зөнч Аннаг хэрхэн дуурайдаг вэ?
5 Өнөөдөр ч гэсэн өндөр настай олон христиан Аннаг дуурайн цуглаанд тогтмол очиж, жинхэнэ шүтлэг түгэн дэлгэрээсэй хэмээн шаргуу залбиран, сайн мэдээ дэлгэрүүлэх оргилуун хүсэлтэй явдаг. Эхнэрийнхээ хамт цуглаанд тогтмол очдог 80 гарсан нэг христиан: «Бид цуглаанд явсаар байгаад бүр сурчихсан юм. Цуглаантай үед цуглаан дээрээ л байхыг боддог. Бурхны ард түмэн хаана байна, бид ч бас тэнд байна. Тэнд л тайван байдаг юм» гэж хэлжээ. Ямар сайхан жишээ вэ! (Еврей 10:24, 25).
6 «Сүнслэг үйл хэрэгт оролцох боломж олдвол чадлынхаа хэрээр оролц». Энэ бол ная гарч яваа Жин гэдэг бэлэвсэн эмэгтэйн уриа юм. Тэрбээр: «Хэцүү үе гаралгүй яах вэ. Гэхдээ би хавь ойрынхоо хүмүүсийг зовоохыг ерөөсөө боддоггүй» гэж хэлжээ. Жин сүнслэг арга хэмжээнд оролцож, урмаа сэргээхээр гадаадын орнуудаар аялах дуртай. Саяхан нэгэн улсад жуулчилж явахдаа хамт яваа хүмүүстээ: «Дахиж үзвэрийн газраар явах сонирхол алга. Би дэлгэрүүлмээр байна!» гэж хэлж орхисноо ярьж билээ. Жин очсон газрынхаа хэлийг мэдэхгүй ч зарим хүний анхаарлыг сайн мэдээнд хандуулж чаджээ. Түүнээс гадна, тусламж шаардлагатай хуралд хэдэн жил үйлчилжээ. Энэ хугацаанд гадаад хэл үзсэн бөгөөд цуглаандаа очихын тулд нэг цаг явж хүрдэг байжээ.
Ухаанаа үргэлж саруул байлгагтун
7. Нас дээр гарсан Мосе, Бурхантай тогтоосон харьцаагаа зузаатгахыг эрмэлздэгээ хэрхэн илэрхийлсэн бэ?
7 Нас ахихын хэрээр туршлага суудаг (Иов 12:12). Гэхдээ өндөр настай л бол сүнслэгээр төлөвшсөн гэх аргагүй. Тиймээс Бурхны үнэнч үйлчлэгчид урьд нь олж авсан мэдлэгтээ сэтгэл ханалгүй, нас ахилаа ч «мэдлэгээ арвижуулсаар» байдаг (Сургаалт үгс 9:9). Мосе Еховагаас даалгавар авахдаа 80 настай байсан (Египетээс гарсан нь 7:7). «Бидний амьдралын өдөр хоногууд далан жил юм. ...Хүч чадалтай бол наян жил» гэж бичсэнээс нь үзэхэд тэр үед хэрийн хүн Мосе шиг урт насалдаггүй байсан бололтой (Дуулал 90:10). Гэсэн ч Мосе сурч боловсрох нас нь өнгөрсөн гэж хэзээ ч бодож байгаагүй. Бурханд хэдэн арван жил үйлчилж, хариуцлагатай олон үүрэг биелүүлж явсан тэрбээр: «Өөрийнхөө замуудыг надад мэдүүлээч, би Таныг мэдье» гэж Еховагаас гуйсан байдаг (Египетээс гарсан нь 33:13). Мосе Еховатай тогтоосон харьцаагаа зузаатгахыг үргэлж эрмэлздэг байжээ.
8. Даниел 90 орчим настайдаа юуны ачаар ухаан саруул байсан бэ? Үр дүн нь юу байсан бэ?
8 Зөнч Даниел 90 орчим настайдаа Бурхны Үгийг нямбай судалдгийнхаа ачаар ухаан саруул байсан. «Номоос» мэдсэн зүйл нь Даниелд Еховаг «хайхаар Түүн рүү хичээнгүйлэн хандах» хүсэл төрүүлжээ. Тэр «ном» нь «Левит», «Исаиа», «Иеремиа», «Хосеа», «Амос» зэрэг номууд байсан бололтой (Даниел 9:1–3). Ехова залбиралд нь хариулж, Мессиагийн ирэх тухай, мөн цэвэр шүтлэгийн ирээдүйн тухай хэлж өгчээ (Даниел 9:20–27).
9, 10. Зарим хүн юуны ачаар ухаан саруул байдаг вэ?
9 Өнөөдөр ч мөн адил, настай христианууд Мосе Даниел нарыг дуурайн, сүнслэг зүйлийг чадлынхаа хэрээр анхаардаг бол ухаан саруул байж чадна. Тийм хүмүүс олон бий. Жишээ нь, 80 гарч яваа христиан ахлагч Уорт «итгэмжит, ухаалаг боолын» өгдөг сүнслэг хоолыг цаг алдалгүй хүртэж байхыг боддог ажээ (Матай 24:45). Тэрбээр: «Би үнэнийг туйлын их үнэлдэг. Үнэний гэрэл улам бүр тодрохыг үзэж байгаадаа их баярладаг» гэж ярьсан юм (Сургаалт үгс 4:18). Бас 60 гаруй жил бүрэн цагаар үйлчилж байгаа Фред итгэл нэгтнүүдтэйгээ Библийн холбогдолтой яриа өрнүүлэхлээрээ сүнслэгээр сэргэдгээ хэлсэн байна. Тэрбээр: «Би Библиэс уншсан зүйлээ байнга эргэцүүлэн бодохыг хичээдэг. Библийн зарчмыг амьдралдаа хэрэгжүүлэх боломж бололцоог өдөр бүр олж, сурч мэдсэн зүйлээ „эрүүл үгсийн жишээтэй“ уялдуулан бодохлоор хэсэг тус бүр нь өөр өөрийн байрандаа тодрон харагдах нэг бүтэн дүр зураг санаанд минь буудаг юм» гэж хэлжээ (2 Тимот 1:13).
10 Өндөр настай хүмүүс ч шинийг сурах, хэцүү зүйлийг ойлгох чадвартай. 60, 70, бүр 80 гарчихаад бичиг үсэгт тайлагддаг, гадаад хэл сурдаг хүмүүс бий. Зарим Гэрч гадаадын хүмүүст сайн мэдээ дэлгэрүүлэх зорилгоор хэл сурдаг (Марк 13:10). Жишээ нь, Харри эхнэрийнхээ хамт, нутагт нь амьдардаг португали хэлтэй хүмүүст дэлгэрүүлэхээр шийдэхдээ 60 хол давсан байлаа. Тэрбээр: «Нас ахихын хэрээр юм бүхэн амаргүй болдог нь яах аргагүй үнэн» гэж хэлжээ. Гэхдээ тэд цөхрөлтгүй оролдсоны хүчинд португали хэлээр Библийн хичээл заадаг болжээ. Бас Харри мужийн чуулганд португали хэлээр илтгэл тавьдаг болсоор олон жилийн нүүрийг үзэж байна.
11. Амжилт гаргасан ахмад христиануудын тухай ярьж байгаа маань ямар учиртай вэ?
11 Настай хүн бүр гадаад хэл гэх мэтийг сурч чадахгүй нь үнэн. Хэл сурах гэх зэргээр амжилт гаргасан ахмад христиануудын тухай яриад байгаа маань өндөр настай Гэрчүүд бүгдээрээ тэдэн шиг зорилго тавих ёстой гэж хэлэх гэсэн хэрэг биш юм шүү. Харин элч Паулын еврей итгэл нэгтнүүддээ хэлсэн нэгэн санааг онцлох гэсэн юм. Паул: «Тэдний [үнэнч ахлагчдын] биеэ хэрхэн авч явсны үр дүнг санаж, итгэлийг нь дуурай» хэмээжээ (Еврей 13:7). Идэвх зүтгэлтэй итгэл нэгтнүүдийнхээ жишээг эргэцүүлэн бодохлоор Бурханд үйлчлэх чин хүсэлтэй ахмад христиануудын бат итгэлийг дуурайх хүсэл өөрийн эрхгүй төрдөг. 87 настай Харри: «Би Еховагийн байгууллагад аль болох их хувь нэмэр оруулж, үлдсэн амьдралаа ухаалаг өнгөрүүлэхийг хүсдэг» гэж идэвх зүтгэлтэй үйлчилдгийнхээ учрыг хэлжээ. Бас дээр ярьсан Фред: «Еховад хамгийн үр бүтээлтэй үйлчлэх аргаа олоод, тэр замаасаа хазайлгүй зүтгээд байх хэрэгтэй» гэж хэлсэн бөгөөд өөрөө ч Бетелд үйлчилж, оногдсон ажилдаа сэтгэл хангалуун явдаг байна.
Ахуй байдал өөрчлөгдөж, нас өндөр болсон ч үнэнч
12, 13. Нас өндөр болсон ч Барзиллаи Бурханд үнэнч гэдгээ хэрхэн харуулсан бэ?
12 Нас хөгшрөхөд залуугийнх шигээ биш болсноо ойлгож, үүнтэй эвлэрэхэд амаргүй байдаг. Гэхдээ тийм үед ч Бурханд үнэнч байж болдог. Гилеад хүн Барзиллаи бол үүний нэг тод жишээ юм. 80 настай тэрбээр Абсаломын гаргасан бослогын үеэр Давид хааныг цэргүүдтэй нь найрсгаар зочилж, хоол хүнс, орон байраар хангаж байжээ. Хааныг Иерусалим руу буцахаар Иордан голыг гатлах болоход Барзиллаи, хааныг бараа бологсдынх нь хамт үдэж мордуулдаг. Давид Барзиллаиг ордондоо байлгах саналаа хэлэхэд нь тэрбээр: «Би одоо наян настай болов. [...] Юу идэж, уухаа би амталж үзэж чадна гэж үү? Дуучин эрс, эмсийн хоолойг сонсож чадна гэж үү? [...] ...Таны зарц Кимхам энд байна. Тэр миний эзэн хаантай хамт гатлан яваг. Та түүний хувьд тааллынхаа дагуу болтугай!» гэжээ (2 Самуел 17:27–29; 19:31–40).
13 Өндөр настай болсон ч Барзиллаи Еховагийн томилсон хааныг дэмжихийн төлөө чадах бүхнээ хийсэн. Амтлах, сонсох мэдрэхүй нь урьдынх шигээ биш гэдгийг мэддэг ч унтууцаж цухалдаагүй. Амин хувиа бодож, хааны хишиг хүртэх гэж шуналгүй, Кимхамыг өөрийнхөө оронд явуулахаар болж, ямар хүн болохоо харуулсан. Өнөөдөр ч гэсэн нас өндөр болсон олон христиан Барзиллаин адил хувиа бодолгүй, өгөөмөр сэтгэл гаргадаг. «Ийм тахилууд Бурханд тааламжтай» байдгийг ойлгон, жинхэнэ шүтлэгийг чадах чинээгээрээ дэмждэг үнэнч хүмүүс бидний дунд байдаг нь үнэхээр бахархалтай (Еврей 13:16).
14. Давид «хөгширтлөө» гэдэг үг оруулсан нь Дуулал 37:23–25-д бичсэн үгийг нь илүү жинтэй болгодог гэж хэлэхийн учир юу вэ?
14 Амьдралынх нь туршид ахуй байдал нь олон удаа өөрчлөгдөж байсан ч Ехова үнэнч үйлчлэгчдэдээ санаа тавьдгийг Давид биеэрээ үзсэн. Бидний мэдэх 37-р дуулал бол Давидын туршлагадаа үндэслэн, насныхаа эцэст зохиосон нэг дуу нь юм. Давидыг босоо ятга тоглон: «Хүний алхмууд ЭЗЭНээр тогтоогддог бөгөөд түүний замд Тэр баярладаг. Тэрбээр бүдрэвч, газар хөсөр унахгүй. Учир нь ЭЗЭН Өөрийн гараар түүнийг түшдэг. Би залуугаасаа хөгширтлөө зөв шударга хүн хаягдахыг, үр удам нь талх гуйж байхыг үзээгүй» гэж ихэд бодлогошрон, бат итгэлтэйгээр дуулж байна гээд төсөөл дөө (Дуулал 37:23–25). «Хөгширтлөө» гэж хэлсэн нь насан туршдаа Еховагийн хайр халамжийг хүртэж байсныг нь баталдаг. Бас Еховад бат итгэдэг байсныг нь харуулж, улмаар Дуулал 37:23–25-д бичсэн үгийг илүү жинтэй болгодог.
15. Ахуй байдал өөрчлөгдөж, нас өндөр болсон ч үнэнч байхын сайхан жишээг элч Иохан хэрхэн үзүүлсэн бэ?
15 Ахуй байдал өөрчлөгдөж, нас өндөр болсон ч Бурханд үнэнч байж болдгийн өөр нэг жишээ бол элч Иохан юм. Тэрбээр Бурханд 70 орчим жил үйлчилснийхээ эцэст Патм аралд цөлөгдсөн нь «Бурхны үг болон Есүсийн мэдүүлсэн үнэнийг тунхагласнаас» болсон хэрэг байв (Илчлэлт 1:9, ШГ). Гэсэн ч үйл хэргээ зогсоогоогүй. Харин ч Библийн бүх номоо амьдралынхаа сүүлийн жилүүдэд бичсэн байдаг. Тэрбээр Патмд байхдаа Бурхны онгодоор хөтлүүлэн, ирээдүйд болох гайхам үйл явдлыг үзээд, нямбайлан тэмдэглэн авсан нь одоогийн «Илчлэлт» ном ажээ (Илчлэлт 1:1, 2). Иоханыг Ромын эзэн хаан Нервагийн үед цөллөгөөс сулласан гэдэг. Суллагдсаныхаа дараа, МЭ 98 оны орчим 90−100 настай байхдаа өөрийнх нь нэрээр нэрлэсэн Евангелийн ном болон гурван захидлаа бичжээ.
Тэвчээрийг тань Ехова мартахгүй
16. Өндөр насны улмаас юм ярихад ч хэцүү болбол Еховад үнэнч гэдгээ хэрхэн харуулж болох вэ?
16 Нас өтлөхлөөр хүний биед янз бүрийн өөрчлөлт гардаг. Тухайлбал, зарим хүний хувьд юм ярихад ч хэцүү болдог. Гэсэн ч тэд Бурхны хайр, нигүүлслийг хүртэж байснаа дурсан санаж, Еховад талархаж явдаг. Талархлаа үг хэлээр илэрхийлж чаддаггүй ч, зүрх сэтгэлдээ: «Таны хуулийг би ямар их хайрладаг вэ! Тэр нь бүхий л өдөржингөө миний бясалгал байдаг» гэж хэлдэг (Дуулал 119:97). Ехова ч «нэрийг нь үнэлдэг [тэр] хүмүүсийг» мэддэг бөгөөд хуулийг нь үл тоомсорлодог ихэнх хүнээс өөр байгааг нь үнэлдэг (Малахи 3:16; Дуулал 10:4). Зүрх сэтгэлдээ хэлдэг үгийг маань Ехова таалдаг гэж бодохлоор хэчнээн тайвшрам бэ! (Шастирын дээд 28:9; Дуулал 19:14).
17. Еховад олон жил үйлчилж байгаа хүмүүс ямар хосгүй чанар хөгжүүлсэн байдаг вэ?
17 Бас нэг зүйлийг дурдахгүй өнгөрөх аргагүй. Өндөр настай христианууд Еховад олон жил үнэнч үйлчилснийхээ ачаар нэг хосгүй чанарыг хөгжүүлсэн байдаг. Энэ бол тэвчээр юм. Тийм тэвчээрийг Ехова мартахгүй. Есүс: «Та нар өөрсдийн тэвчээрээр амиа олж авна» гэж хэлсэн билээ (Лук 21:19). Тэвчиж байж л мөнхийн амьтай болно. «Бурхны хүслийг биелүүлж», үнэнч гэдгээ амьдралынхаа хэв маягаар баталдаг хүн Бурхны «амласан юмыг» (ШГ) хүртэнэ гэж найдаж болно (Еврей 10:36).
18. а) Ехова өндөр настай үйлчлэгчдийнхээ юуг нь үнэлдэг вэ? б) Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?
18 Ехова үйлчлэгчдийнхээ чин сэтгэлийг үнэлдэг болохоос бус, ихийг хийв үү, багыг хийв үү гэж хардаггүй. Нас ахихын хэрээр «гаднах хүн маань» яаж ч байсан, «доторх хүнээ» шинэчилж болдог (2 Коринт 4:16). Ехова та бүхний урьд нь хийсэн үйл хэргийг ч үнэлдэг, нэрийнх нь төлөө одоо хийж байгаа үйлсийг тань ч үнэлдэг (Еврей 6:10). Дараагийн өгүүллээр, Бурханд үнэнч байх нь ямар ач холбогдолтойг ярилцъя.
Та юу гэж хариулах вэ?
• Зөнч Анна өнөөгийн өндөр настай христиануудад ямар үлгэр дуурайл үзүүлсэн бэ?
• Амжилт гаргахад өндөр нас саад болдоггүйн учир юу вэ?
• Өндөр настай христианууд Еховад үргэлж үнэнч байхын тулд яах ёстой вэ?
• Өндөр настай үйлчлэгчдийнхээ үйл хэргийг Ехова юу гэж үздэг вэ?
[Догол мөрийн асуулт]