Skip to content

Гарчиг руу орох

Ариун сүнсний эсрэг нүгэл үйлдсэн гэж шаналдаг бол...

Ариун сүнсний эсрэг нүгэл үйлдсэн гэж шаналдаг бол...

Ариун сүнсний эсрэг нүгэл үйлдсэн гэж шаналдаг бол...

«Үхэлд хүргэх нүгэл гэж бий» (1 ИОХАН 5:16).

1, 2. Бурхны ариун сүнсний эсрэг нүгэл үйлдэх аюул үнэхээр байдаг нь юунаас харагддаг вэ?

 «ӨӨРИЙГӨӨ ариун сүнсний эсрэг нүгэл үйлдсэн гэж бодохлоор сэтгэл минь их шаналдаг». Германд амьдардаг нэг эмэгтэй Бурханд үйлчилж байсан хэр нь ийн бичжээ. Бурхны ариун сүнс буюу үйлдэх хүчний эсрэг нүгэл үйлдэж болдог л юм байх даа?

2 Еховагийн ариун сүнсний эсрэг нүгэл үйлдэх аюул үнэхээр байдаг. Есүс Христ: «Хүмүүсийн аливаа нүгэл хийгээд доромжлол нь уучлагдана. Харин Сүнсний эсрэг доромжлол уучлагдахгүй» гэж хэлжээ (Матай 12:31). «Хэрэв бид үнэний мэдлэгийг хүлээн авсны дараа санаатайгаар нүгэл үйлд[дэг бол] нүглийн төлөөх тахил цаашид үлдэхгүй. Харин шүүлт хийгээд эсэргүүцэгчдийг шатаах галын хилэнг айн чичирч хүлээх нь үлдэнэ» гэж бидэнд сэрэмжлүүлсэн байдаг (Еврей 10:26, 27). Бас элч Иохан: «Үхэлд хүргэх нүгэл гэж бий» хэмээжээ (1 Иохан 5:16). Тэгвэл ноцтой нүгэл үйлдсэн хүний нүгэл нь «үхэлд хүргэх» эсэхийг хэн тогтоодог вэ? Хүн өөрөө юү?

Гэмшвэл уучилна

3. Нүгэл үйлдсэндээ гүнээ харамсан гашуудах нь юуны шинж байж болох вэ?

3 Нүгэлтнүүдийг шүүж, эцсийн шийдвэр гаргах хамгийн дээд Шүүгч бол Ехова билээ. Ямагт үнэн шударгыг баримталдаг Ехова Бурхны өмнө хүн бүр хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээнэ (Эхлэл 18:25; Ром 14:12). Тухайн хүний уучилшгүй нүгэл үйлдсэн эсэхийг гагцхүү Ехова тогтоож, ариун сүнсээ авах эрхтэй (Дуулал 51:11). Нүгэл үйлдсэндээ гүнээ харамсан гашуудах нь жинхэнэ ёсоор гэмшиж байгаагийн шинж байж болох юм. Тэгвэл жинхэнэ гэмшил гэж юу вэ?

4. а) Жинхэнэ ёсоор гэмших гэж яахыг хэлдэг вэ? б) Дуулал 103:10–14 гэмшсэн хүнийг тайвшруулдаг гэж хэлэхийн учир юу вэ?

4 Жинхэнэ ёсоор гэмших гэдэг нь хийсэн болон хийхээр завдаж байсан хэргээ буруу байжээ гэдгийг ухааран ойлгож, харамсан гашуудаад, улмаар буруу замаасаа эргэхийг хэлдэг. Ноцтой нүгэл үйлдсэн хэдий ч жинхэнэ ёсоор гэмшсэнээ батлан, шаардлагатай алхмуудыг хийсэн хүнийг дуулалчийн үг тайвшруулдаг. Дуулалч: «Тэр [Ехова] бидний үйлдсэн нүглийн дагуу бидэнд хандаагүй, бидний гэм буруугийн дагуу бидэнд хариу өгөөгүй. Учир нь тэнгэр газрын дээгүүр өндөрт байдаг шиг Түүнээс эмээгчдэд Түүний хайр энэрэл агуу их юм. Өрнө дорноос хол байдаг шиг Тэр бидний алдаа зөрчлийг биднээс тийн холдуулсан. Эцэг хүн үр хүүхдээ өрөвддөгийн адил ЭЗЭН Өөрөөс нь эмээгчдийг өрөвддөг. Учир нь Тэр Өөрөө бидний хэрхэн бүтсэнийг мэддэг. Бид бол тоос шороо юм гэдгийг Тэр санаж байдаг» гэж бичжээ (Дуулал 103:10–14).

5, 6. 1 Иохан 3:19–22-ын гол санааг хэлж, утгыг тайлбарлана уу.

5 Бас элч Иохан: «Үүгээр бид үнэнийх болохоо мэдэж, Түүний өмнө... зүрх маань биднийг яллах ямар ч зүйлд [зүрхээ бататгах] ...болно. Учир нь Бурхан бидний зүрхнээс аугаа бөгөөд бүх юмыг мэддэг. Хайртууд минь, хэрэв зүрх маань биднийг яллахгүй бол бид Бурхны өмнө зоригтой байж, гуйсан болгоноо Түүнээс хүлээн авна. Учир нь бид түүний тушаалуудыг сахиж, Түүний мэлмийд тааламжтай зүйлсийг үйлддэг билээ» хэмээн бичсэн нь сэтгэл тайвшруулдаг (1 Иохан 3:19–22).

6 «Үнэнийх болохоо мэддэг» хүн итгэл нэгтнүүдээ хайрлаж, нүгэл үйлдэхийг зуршил болгодоггүй (Дуулал 119:11). Хэрэв ямар нэг шалтгаанаар зүрх маань биднийг яллаж байвал «Бурхан бидний зүрхнээс аугаа бөгөөд бүх юмыг мэддэг» гэдгийг санах нь зүйтэй. Ехова үйлчлэгчээ өршөөдгийн учир нь «чин сэтгэлээс ах дүүсээ хайрлаж», нүгэлтэйгээ тэмцэж, өөрийнх нь хүсэл тааллыг биелүүлэхийн төлөө хичээж мэрийдгийг нь хардагт байгаа юм (1 Петр 1:22). Еховад итгэж найдан, итгэл нэгтнүүдээ хайрлаж, санаатайгаар нүгэл үйлдэж зуршаагүй хүнийг «зүрх [нь] ...яллахгүй». Тийм хүн Бурханд «зоригтой» залбирдаг бөгөөд хууль тушаалыг нь сахидаг учир Бурхан залбиралд нь хариулдаг.

Сүнсний эсрэг нүгэл үйлдсэн хүмүүс

7. Нүгэл үйлдсэн хүнийг уучлах эсэх нь юунаас шалтгаалдаг вэ?

7 Бурхан ямар нүглийг уучилдаггүй вэ? Үүнийг мэдэхийн тулд Библиэс хэдэн жишээ үзье. Энэ тухай ярилцах нь ноцтой алдаа гаргасандаа гэмшсэн хэдий ч, одоо хэр нь шаналсаар яваа хүнийг тайвшруулна. Ехова нүгэлтнийг уучлах эсэх нь ямар нүгэл үйлдэв гэдгээс бус, гол нь ямар сэдлээр хийв, тухайн үед бэлэгдлийн зүрх нь ямар байв, хэр зэрэг дурлаж үйлдэв гэдгээс шалтгаалдаг.

8. Нэгдүгээр зууны иудейн шашны удирдагчид яаж ариун сүнсний эсрэг нүгэл үйлдсэн бэ?

8 Есүс Христийг хорсолтойгоор эсэргүүцдэг байсан І зууны иудейн шашны удирдагчид ариун сүнсний эсрэг нүгэл үйлджээ. Еховаг алдаршуулахын тулд олон гайхамшиг үйлдэж байсан Есүст ариун сүнс үйлчилж байгааг тэд харсан атлаа Сатан Диаволын хүчээр үйлдсэн гэж зүтгэдэг байв. Ингэж Бурхны ариун сүнсийг доромжилсон нь, Есүсийн хэлснээр, «энэ үед ч, ирэх үед ч уучлагдахгүй» нүгэл үйлдсэн хэрэг байлаа (Матай 12:22–32).

9. «Доромжлол» гэж орчуулсан үг ямар утгатай вэ? Есүс энэ талаар юу хэлсэн бэ?

9 Матай 12:31-д Есүсийн хэлсэн «доромжлол» гэдэг грек үг нь гүжир гүтгэлэг, хараал зүхэл, хорон үг гэсэн утгатай. Ариун сүнс Бурхных учир ариун сүнсийг доромжлох нь Еховаг доромжилж байгаа хэрэг юм. Санаатайгаар тийм үг хэлчихээд, гэмшдэггүй хүнийг Бурхан уучилдаггүй. Есүсийн хэлснийг үзвэл Бурхны ариун сүнсийг зориуд эсэргүүцдэг хүмүүсийн тухай ярьж байсан нь тодорхой харагддаг. Есүсийг Еховагийн сүнсээр гайхамшиг үйлддэг атал эсэргүүцэгчид нь тэр хүчийг Диаволынх гэсэн нь ариун сүнсийг доромжилсон хэрэг байсан юм. Тиймээс, Есүс: «Ариун Сүнсийг доромжлогч хэн ч хэзээ ч уучлагдахгүй бөгөөд мөнх нүглийн гэмтэн болно» гэжээ (Марк 3:20–29).

10. Есүс ямар учраас Иудасыг «мөхлийн хүү» гэсэн бэ?

10 Одоо, Искариотын Иудаст тохиолдсон явдлыг ярилцъя. Тэрбээр өөрт нь хариуцуулсан мөнгөний хүүдийнээс хулгай хийдэг өөдгүй хүн байв (Иохан 12:5, 6). Иудас шашны удирдагчидтай хамсан нийлж, 30 мөнгөн зоосны төлөө Есүсийг барьж өгөхөөр болжээ. Хэдийгээр, Есүсээс урвасныхаа дараа харамссан боловч санаатайгаар нүгэл үйлдсэндээ огт гэмшээгүй юм. Тиймээс дахин амилах эрхгүй. Есүс түүнийг «мөхлийн хүү» гэсэн нь ийм учиртай (Иохан 17:12; Матай 26:14–16).

Сүнсний эсрэг нүгэл үйлдээгүй хүмүүс

11–13. Давид хаан ямар нүгэл үйлдсэн бэ? Бурхан, Давид Батшеба хоёрт хэрхэн хандсан нь биднийг яаж тайвшруулдаг вэ?

11 Ноцтой нүгэл үйлдсэндээ гэмшиж, хурлын ахлагчдаас тусламж авсан хэр нь Бурхны хуулийг зөрчсөндөө шаналсаар явдаг хүн христиануудын дунд мэр сэр байдаг (Иаков 5:14). Хэрэв та тэгж шаналж яваа бол нүгэл үйлдсэн хэдий ч Бурхны өршөөлийг хүртсэн хүмүүсийн жишээ тус болох болов уу.

12 Давид хаан нэгэн удаа ноцтой нүгэл хийжээ. Тэрбээр Уриагийн эхнэр Батшеба гэдэг сайхан эмэгтэйн угаал үйлдэж байхыг дээвэр дээрээсээ хараад, ордондоо авчруулж, садарлан самуурчээ. Хожим нь Батшебаг хөл хүнд болсныг дуулаад, нүглээ халхлах гэж заль хэрэглэн, нөхөр Уриаг нь гэрт нь ирүүлдэг. Гэвч эхнэртэй нь ойртуулах гэсэн төлөвлөгөө нь бүтэлгүйтмэгц Уриаг хамгийн ширүүн тулалдааны тэргүүн эгнээнд явуулж, амийг нь хөнөөлгөжээ. Үүний дараа Батшеба Давидын эхнэр болж, хүүхдээ төрүүлсэн ч хүүхэд нь энддэг (2 Самуел 11:1–27).

13 Давид Батшеба хоёрын хэргийг Ехова биечлэн шийджээ. Давидыг уучилсан нь түүний гэмшсэнийг, түүнтэй Хаанчлалын гэрээ байгуулсан зэргээ тооцож үзсэнийх бололтой (2 Самуел 7:11–16; 12:7–14). Батшеба ч бас гэмшсэн байж таарна. Учир нь Бурхан түүнд Есүс Христийн элэнц эх болох завшаан олгосон (Матай 1:1, 6, 16). Тэгэхлээр, Ехова нүгэл үйлдсэн хүний гэмшсэн эсэхийг голлон анхаардаг нь тодорхой байна.

14. Манассед тохиолдсон явдлаас харахад Ехова хэр зэрэг ууч сэтгэлтэй Бурхан бэ?

14 Ехова хэр зэрэг ууч сэтгэлтэй Бурхан болохыг Иудагийн хаан Манассед тохиолдсон явдал харуулдаг. Тэрбээр Еховагийн өмнө бузар мууг үйлдэж, Баалд зориулан тахилын ширээнүүд босгож, «тэнгэрийн бүх эрхэст мөргөн, үйлчилж», түүгээр зогсохгүй, Еховагийн сүмийн хоёр хашаанд хуурамч бурхдад зориулан тахилын ширээнүүд хийжээ. Хөвгүүдээ «гал дундуур явуулан», спиритизмийн янз бүрийн хэлбэрийг өөгшүүлж, «Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий устгасан үндэстнүүдээс ч илүү бузар мууг» Иуда болон Иерусалимын оршин суугчдаар хийлгэсэн. Бурхны зөнчдийн анхааруулгыг ч үл тоомсорлосон. Эцэст нь, Манассе Ассирийн хаанд олзлогдчихоод байхдаа гэмшиж, Еховад даруухнаар залбирч байжээ. Тэгэхэд нь Бурхан түүнийг уучилж, «Иерусалим руу, өөрийнх нь хаант улс руу дахин авчирсанд» Манассе жинхэнэ шүтлэгийг дэмжих болжээ (Шастирын дэд 33:2–17).

15. Ехова «өгөөмрөөр уучилдгийг» элч Петрт тохиолдсон ямар явдал харуулдаг вэ?

15 Тэр явдлаас олон зууны дараа элч Петр Есүсийг үгүйсгэж, ноцтой нүгэл үйлджээ (Марк 14:30, 66–72). Гэхдээ Ехова түүнийг «өгөөмрөөр» уучилсан (Исаиа 55:7). Учир нь Петр жинхэнэ ёсоор гэмшсэн аж (Лук 22:62). 50 хоногийн дараа Пентекостын өдөр болоход Бурхан Есүсийн тухай гэрчлэх хосгүй завшааныг Петрт олгосон нь түүнийг уучилсны тодоос тод нотолгоо байлаа (Үйлс 2:14–36). Тэгвэл өнөөдөр чин сэтгэлээсээ гэмшсэн үйлчлэгчээ Бурхан уучлахгүй гэж үү? «ЭЗЭН, хэрэв Та гэм бурууг тэмдэглэвээс, өө, ЭЗЭН, хэн тэсвэрлэн зогсож чадах вэ? ...Танд уучлал байдаг билээ» гэж дуулалч бичсэн байдаг (Дуулал 130:3, 4).

Хэтэрхий их шаналахгүйн тулд

16. Бурхны өршөөлийг хүртэхийн тулд яах хэрэгтэй вэ?

16 Ариун сүнсний эсрэг нүгэл үйлдсэн гэж хэтэрхий их шаналахгүй байхад энэ өгүүллээр үзсэн жишээнүүд тус болно. Жинхэнэ ёсоор гэмшвэл Ехова уучилдгийг тэдгээр жишээ тодорхой харуулж байна. Бурханд чин сэтгэлээсээ шаргуу залбирах нь туйлын чухал. Нүгэл үйлдсэн хүн Еховагаас уучлал эрэн залбирахдаа Есүсийн золиосонд үндэслэн, өөрийнх нь төгс бусыг бодолцон, үнэнчээр үйлчилж байсныг нь санан, өршөөнгүй сэтгэлээр хандахыг хичээнгүйлэн гуйх хэрэгтэй. Еховаг нигүүлсэнгүй гэдгийг мэдэхлээрээ хүн Бурхны өршөөлийг хүртэнэ гэдэгтээ итгэлтэйгээр уучлал гуйж чаддаг (Ефес 1:7).

17. Нүгэл үйлдээд, сүнслэг тусламж авах шаардлагатай болсон хүн яах хэрэгтэй вэ?

17 Нүгэл үйлдсэнээсээ болоод сүнслэгээр суларсан хүн залбирч зүрхлэхгүй байвал яах вэ? «Тэр [хүн] чуулганы ахлагчдыг дуудаг. Тэд Эзний нэрээр түүнийг тосоор тосолж, түүний төлөө залбираг. Итгэлийн залбирал нь өвчтэй нэгнийг эдгээж, Эзэн тэр хүнийг босгоно. Хэрэв тэр нүгэл үйлдсэн бол тэдгээр нь уучлагдах болно» гэж шавь Иаков бичсэн байдаг (Иаков 5:14, 15).

18. Хурлаас хасагдсан хүн бүрийг уучилшгүй нүгэл үйлдсэн гэж үзэх ёсгүйн учир юу вэ?

18 Нүгэл үйлдсэндээ гэмшихгүй байж байгаад хурлаас хасагдсан хүн бүрийг уучилшгүй нүгэл үйлдсэн гэж үзэж болохгүй. Коринт хотын хурлаас хасагдсан нэгэн тослогдсон христианы талаар Паул: «Тийм хүнд олонхын зүгээс гарсан энэ шийтгэл хангалттай. Иймээс тэр хүнийг уй гашууд хэт автуулчихгүйн тулд харин ч та нар түүнийг уучилж, тайвшруулах нь дээр юм» гэж бичжээ (2 Коринт 2:6–8; 1 Коринт 5:1–5). Гэхдээ нүгэл үйлдсэн хүн сүнслэгээр сэргэхийн тулд христиан ахлагчдаас Библид үндэслэсэн тусламж авч, чин сэтгэлээсээ гэмшсэнээ батлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, «гэмшилд зохистой үр жимсийг бий болгох» ёстой (Лук 3:8).

19. «Итгэл дотор эрүүл байхад» юу туслах вэ?

19 Хүн өөрийгөө ариун сүнсний эсрэг нүгэл үйлдсэн гэж бодоход хүрдгийн учир юу байж болох вэ? Өөртөө хэтэрхий өндөр шаардлага тавьдгаас болоод, эсвэл эрүүл мэндийн байдал нь нөлөөлдөг байж болох юм. Тийм бол Бурханд залбирч, сайн амрах нь тустай байж магадгүй. Биднийг сэтгэлээр унагаж, Бурханд үйлчлэхийг маань болиулах гэсэн Сатанд бууж өгч хэрхэвч болохгүй. Ехова хорон муу хүнийг үхэхэд баярладаггүй юм бол, тэр тусмаа үйлчлэгчээ алдаад баярлана гэж үү? Тэгэхлээр, сүнсний эсрэг нүгэл үйлдсэн гэж шаналдаг бол «Дуулал» гэх мэтийн, хүний сэтгэлийг тайвшруулдаг ном уншиж, Бурхны Үгээр өөрийгөө тэжээгээрэй. Цуглаандаа тогтмол очиж, дэлгэрүүлэх ажилдаа байнга оролцож байгаарай. Тэгвэл «итгэл дотор эрүүл байж», уучилшгүй нүгэл үйлдсэн гэж түгшиж шаналахаа болино (Тит 2:2).

20. Ариун сүнсний эсрэг нүгэл үйлдээгүйгээ ойлгоход ямар ямар асуулт туслах вэ?

20 Ариун сүнсний эсрэг нүгэл үйлдсэн гэж шаналж байгаа хүн: «Би ариун сүнсийг үнэхээр доромжилсон уу? Чин сэтгэлээсээ гэмшсэн биз дээ? Бурхан уучилдаг гэдэгт итгэдэг үү? Би сүнслэг гэрлээс нүүр буруулдаг тэрслэгч мөн үү?» гэж өөрөөсөө асуух нь зүйтэй. Тэгээд Бурхны ариун сүнсийг ч доромжлоогүй, тэрслэгч ч болоогүйгээ ойлгох биз ээ. Тийм хүн чин сэтгэлээсээ гэмшсэн бөгөөд Еховаг уучилдаг гэдэгт итгэдэг байж таарна. Тэгэхлээр, тэр хүнийг Еховагийн ариун сүнсний эсрэг нүгэл үйлдээгүй гэж үзэж болно.

21. Дараагийн өгүүллээр ямар ямар асуулт авч үзэх вэ?

21 Ариун сүнсний эсрэг нүгэл үйлдээгүйгээ ойлгохлоор сэтгэл үнэхээр амардаг. Гэхдээ бид дор бүрнээ: «Би Бурхны ариун сүнсээр үнэхээр удирдуулдаг уу? Би ариун сүнсний үр жимсийг илэрхийлдэг үү?» гэх зэргийн асуултыг бодож үзэх нь зүйтэй. Дараагийн өгүүллээр ариун сүнсний тухай сэдвээ үргэлжлүүлэн, дээрх асуултуудыг ярилцъя.

Хариулна уу

• Бурхны ариун сүнсний эсрэг нүгэл үйлдэх аюул үнэхээр байдаг нь юунаас харагддаг вэ?

• Жинхэнэ ёсоор гэмших гэж яахыг хэлдэг вэ?

• Есүсийг дэлхийд байхад ямар хүмүүс ариун сүнсний эсрэг нүгэл үйлдсэн бэ?

• Уучилшгүй нүгэл үйлдсэн гэж шаналахгүйн тулд яах хэрэгтэй вэ?

[Догол мөрийн асуулт]