Skip to content

Гарчиг руу орох

Еховагийн өдрийг хүлээнгээ сорилтыг тэвчигтүн

Еховагийн өдрийг хүлээнгээ сорилтыг тэвчигтүн

Еховагийн өдрийг хүлээнгээ сорилтыг тэвчигтүн

«Итгэл дээрээ... тэвчээрийг... хамтатга» (2 ПЕТР 1:5–7).

1, 2. Тэвчээртэй байх гэж яахыг хэлэх вэ? Христианууд тэвчээртэй байх хэрэгтэйн учир юу вэ?

 ЕХОВАГИЙН агуу өдөр тун ойрхон байна (Иоел 1:15; Зефаниа 1:14). Бурханд үргэлж үнэнч байхаар хатуу шийдсэн христианууд бид Еховагийн хэмжээгүй эрх мэдлээ зөвтгөх цагийг тэсэн ядан хүлээдэг. Гэхдээ ийн хүлээж байхдаа итгэл үнэмшлээсээ болж үзэн ядалт, доромжлол, хавчлага, тэр бүү хэл, үхэлтэй нүүр тулж болох юм (Матай 5:10–12; 10:22; Илчлэлт 2:10). Тийм учраас, бид тэвчээртэй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, аливаад хатуужилтай, юмыг тэсвэрлэн хүлцэж өнгөрүүлдэг байх ёстой. Элч Петр: «Итгэл дээрээ... тэвчээрийг... хамтатга» гэж уриалжээ (2 Петр 1:5–7). «Эцсээ хүртэл тэвчсэн нь аврагдах болно» гэж Есүс хэлсэн учир тэвчээр зайлшгүй хэрэгтэй (Матай 24:13).

2 Бас өвчин зовлон тусаж, үхэл хагацал амсаж, өөр янз бүрийн сорилтод ордог. Тийм үед итгэл маань суларвал Сатан хэчнээн их баярлах бол оо! (Лук 22:31, 32). Гэхдээ Еховагийн тусламжтайгаар ямар ч сорилтыг давж болдог (1 Петр 5:6–11). Еховагийн өдрийг бат итгэлтэй хүлээнгээ сорилтыг тэвчиж болдгийг харуулах хэдэн жишээ үзье.

Өвдөж зовлоо ч Бурханд үнэнч үйлчилсээр

3, 4. Өвдөж зовлоо ч Еховад үнэнч үйлчилж болдгийг харуулах жишээ хэлнэ үү.

3 Ехова үйлчлэгчдээ өвдөж зовоход нь ер бусын аргаар эдгээдэггүй ч, өвчнөө тэвчих хүч өгдөг (Дуулал 41:1–3). Шарон гэдэг христиан эмэгтэй: «Би мэдээ орохын л тэргэнцэртэй байсан. Төрөлхийн тархины саа өвчтэй учраас хүүхэд насны баяр баясгалан гэж юу байдгийг ч мэдэхгүй өнгөрсөн» гэж ярьсан юм. Тэрбээр Ехова Бурхны тухай, хүмүүс алсдаа цоо эрүүл болох тухай мэдээд ирээдүйгээ гэрэл гэгээтэй харах болжээ. Хэдийгээр, жирийн хүнтэй адил хэлж ярьж, хөдөлж явж чаддаггүй ч гэсэн баяр хөөртэй дэлгэрүүлдэг байна. 15 шахам жилийн өмнө тэрбээр: «Бие минь улам л дордох биз. Харин Бурханд итгэх итгэл, Бурхантай тогтоосон харьцаа бол миний хувьд амь тариа л гэсэн үг. Еховагийн ард түмний дунд байж, Бурхныхаа тусламж дэмжлэгийг үргэлж авдагтаа би хязгааргүй баярладаг» хэмээн ярьжээ.

4 Элч Паул Тесалоникийн христиануудад «гутарсан хүмүүсийг тайвшруулахыг» уриалсан байдаг (1 Тесалоник 5:14, ШЕ). Удаан хугацаагаар сэтгэлээр унах гэх зэрэг нь сэтгэл гутрах өвчний шалтгаан болдог. Шарон: «Би өөрийгөө хэнд ч хэрэггүй, арчаагүй амьтан гэж бодсоор яваад... эцэст нь хүнд хэлбэрийн сэтгэл гутрах өвчнөөр гурван жил шаналсан юм. [...] Хурлын маань ахлагчид намайг тайвшруулж, зөвлөгөө өгдөг байсан. [...] Би „Харуулын цамхаг“ сэтгүүлээс сэтгэл гутрах өвчний тухай дэлгэрэнгүй мэдэж аваад Ехова Бурхны хайрыг мэдэрсэн. Бурхан ард түмнийхээ санаа сэтгэлийг үнэхээр ойлгож, анхааран халамжилдаг юм билээ» гэж 1993 онд бичжээ (1 Петр 5:6, 7). Шарон Еховагийн агуу өдрийг хүлээнгээ одоо ч үнэнч үйлчилж байна.

5. Сэтгэлийн хямралыг давж болдгийг харуулах жишээ хэлнэ үү.

5 Зарим христиан урьдын явдлаас болоод сэтгэлийн хямралд орсон байдаг. Жишээ нь, Харли гэдэг хүн дэлхийн ІІ дайны үеэр ширүүн тулалдаанд оролцож явжээ. Үүний уршгаар хар дарж зүүдлэн, тайван унтаж чадахаа больжээ. Тэрбээр нойрон дундаа: «Хүүе, цаана чинь...» гэж хашгираад цочин сэрэхэд хамаг бие нь усан хулгана болтлоо хөлөрсөн байдаг байв. Гэхдээ Харли Бурхны тогтоосон хэм хэмжээний дагуу амьдардаг болж, яваандаа, хар дарж зүүдлэх нь багассан байна.

6. Нэг христиан өвчинтэйгөө яаж тэмцдэг байсан бэ?

6 Үечилсэн солиорол гэдэг өвчтэй нэг христианд айлаар дэлгэрүүлэх маш хэцүү байжээ. Гэхдээ энэ ажлыг хийвэл өөрийгөө болон сайн мэдээг хүлээн авч байгаа хүмүүсийг аварна гэдгийг ойлгодог учраас шантраагүй аж (1 Тимот 4:16). Заримдаа айлын хонх даръя ч гэсэн өөрийгөө албадаж чаддаггүй байжээ. Гэхдээ тэрбээр: «Сэтгэлээ барьж байгаад дараагийн айлд дэлгэрүүлэхийг хичээдэг байлаа. Дэлгэрүүлэх ажилд тогтмол оролцдог учраас сүнслэгээр харьцангуй эрүүл байж чаддаг» гэж ярьжээ. Бас цуглаанд явахад амаргүй байсан ч итгэл нэгтнүүдтэйгээ уулзахын чухлыг ойлгодог байв. Тийм ч учраас цуглаанд очихын тулд ихээхэн хүчин чармайлт гаргадаг байжээ (Еврей 10:24, 25).

7. Олны өмнө үг хэлэх юм уу цуглаанд очихоос айдаг христианууд өвчнөө тэвчдэг нь юунаас харагддаг вэ?

7 Христиануудын дунд «айдас» гэдэг өвчтэй хүмүүс байдаг. Ийм өвчтэй хүн ямар нэг орчин юм уу аливаа зүйлээс тодорхой шалтгаангүйгээр хэт их айдаг. Тухайлбал, олны өмнө үг хэлэх, эсвэл цуглаанд очихоос айдаг байж болох юм. Тэдний хувьд цуглаан дээр хариулах, Теократ үйлчлэлийн сургуульд даалгавар биелүүлэх хэчнээн хэцүү байдаг бол оо! Гэлээ ч гэсэн, өвчинтэйгөө тэмцэж, цуглаанд очиж, оролцдог нь бидэнд их урам зориг нэмдэг юм.

8. Сэтгэлийн хямралыг давах онцгой үр дүнтэй арга юу вэ?

8 Сэтгэлийн хямралд орсон хүн ажил амралтаа зохицуулж, сайн унтаж амарвал тустай байж болох юм. Бас эмнэлгийн тусламж авах нь зүйтэй болов уу. Гэхдээ Бурханд найдан залбирдаг байх нь онцгой үр дүнтэй. Дуулал 55:22-т: «Ачаагаа ЭЗЭНд даатга, Тэр чамайг өмгөөлнө. Зөв шударгыг ганхахыг Тэр хэзээ ч зөвшөөрөхгүй» гэж байдаг. Тиймээс, Еховад «бүх зүрхээрээ... итгэдэг» байх хэрэгтэй (Сургаалт үгс 3:5, 6).

Үхэл хагацал тохиолдлоо ч Бурханд үнэнч үйлчилсээр

9–11. а) Дотнын хүнээ алдсан үед уй гашуугаа тайлахад юу туслах вэ? б) Үхэл хагацал тохиолдоход Аннагийн жишээ яаж тус болох вэ?

9 Хүмүүс дотнын хүнээ алдахлаараа их эмгэнэн гашууддаг. Библид бичсэнээр, Абрахам хайртай эхнэр Сарагаа нас барахад гашуудан уйлж байсан (Эхлэл 23:2). Төгс хүн Есүс хүртэл найз Лазарыгаа нас барахад «уйлсан» (Иохан 11:35). Тэгэхлээр, дотнын хүнээсээ хагацаад эмгэнэн гашуудах нь зүйн хэрэг юм. Гэхдээ христианууд нас барагсад дахин амилна гэдэгт итгэдэг (Үйлс 24:15). Тийм учраас, «ямар ч найдваргүй бусад хүмүүсийн адил гашууддаггүй» (1 Тесалоник 4:13).

10 Үхэл хагацал тохиолдсон үед уй гашуугаа тайлахад юу туслах вэ? Холын аянд яваа найзыгаа эргээд ирнэ гэж бодохлоор сэтгэл тайтгардаг шиг Еховад үнэнч явсан итгэл нэгтээ амилна гэж бодвол сэтгэл уужран тайтгарч болох юм (Номлогчийн үгс 7:1).

11 «Бүх тайвшралын Бурханд» бүрэн дүүрэн итгэх нь уй гашуугаа тайлахад тусална (2 Коринт 1:3, 4). Нэгдүгээр зуунд амьдарч байсан Анна гэдэг бэлэвсэн эмэгтэйн жишээг эргэцүүлэн бодвол бас тустай. Гэрлээд долоон жилийн дараа бэлэвсэрч үлдсэн тэрбээр 84 хүрсэн хойноо ч сүмд ирж, Еховад үнэнч үйлчилсээр байв (Лук 2:36–38). Тийнхүү амьдарсныхаа ачаар Анна уй гашуу, ганцаардлаа ялж чадсан нь эргэлзээгүй. Христиан үйл хэрэг, тэр дундаа, Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд тогтмол оролцвол уй гашуугаа тайлж чадна.

Янз бүрийн сорилтыг тэвчих нь

12. Зарим христиан, гэр бүлд гардаг ямар сорилтыг тэвчихээс өөр аргагүй болдог вэ?

12 Зарим христиан, гэр бүлд гардаг сорилтыг тэвчихээс өөр аргагүй болдог. Жишээ нь, эхнэр нөхрийн аль нэг нь садар самуун үйлдлээ гэж бодъё. Ийм явдал гашуун үр дагавар авчирдаг. Гэм буруугүй хань нь сэтгэл санааны цочролд орж, гомдож гутарснаас болоод нойр нь хулжиж, уйлж унждаг болж болох юм. Өдөр тутам хийдэг аар саар ажилдаа түүртэж, буруу зөрүү хийх юм уу осол эндэгдэлд ч орж мэднэ. Хоол унднаас гарч, турж эцэн, сэтгэлийн хямралд орж болзошгүй. Түүнчлэн, христиан үйл хэрэгт оролцох нь төвөгтэй санагдаж магадгүй. Энэ явдал үр хүүхдэд нь ч хүндээр тусах нь лавтай.

13, 14. а) Сүмийг нээх ёслолын үеэр Соломоны залбирснаас юу ойлгож болох вэ? б) Ариун сүнс гуйж залбирахын учир юу вэ?

13 Энэ мэтийн сорилттой тулгарахад нь Ехова үйлчлэгчдэдээ хэрэгтэй бүхнээр нь тусалдаг (Дуулал 94:19). Иерусалимын сүмийг нээх ёслолын үеэр Соломон хааны залбирснаас үзэхэд, Бурхан ард түмнийхээ залбирлыг хүлээн авдаг нь харагддаг. Соломон: «Хүн бүр зүрх сэтгэлийнхээ цөхрөлийг мэдэж, гараа энэ өргөө рүү сунган залбирсан ямар ч хүн, эсвэл Таны бүх ард түмэн Израилийн аливаа залбирал, хүсэлтийг Та тэнгэр дэх Өөрийн орших газартаа сонсон, уучилж өршөөгөөрэй. Зөвхөн Та л хүний хөвгүүд нэг бүрийн зүрх сэтгэлийг мэдэх учир тус тусынх нь үйлийн дагуу хүн бүрд тохируулан өгөөрэй. Ингэснээр өвөг дээдэст маань Таны өгсөн энэ газарт тэд амьдран суух бүх хугацаанд тэд Танаас эмээх болно» гэж залбирчээ (Хаадын дээд 8:38–40).

14 Ариун сүнс гуйн залбирч байх нь онцгой ач холбогдолтой (Матай 7:7–11). Сүнсний үр жимсийг баяр баясгалан, амар тайван гэх зэрэг чанар бүрдүүлдэг (Галат 5:22, 23). Залбирлынхаа хариуд тэнгэрийн Эцгээсээ ариун сүнс авахад уй гашуу баяр баясгалангаар солигдож, түгшсэн сэтгэл амар тайван болдог.

15. Сэтгэлийн зовлонгоо нимгэлэхэд Библийн ямар ямар зүйл тус болох вэ?

15 Амьдралын хүнд дарамтаас болж хүн сэтгэлийн их зовлонтой болдог. Зовлонгоо бага ч гэсэн нимгэлэхийн тулд Есүсийн: «Амийнхаа төлөө юу идэх билээ, юу уух билээ гэж бүү санаа зов. Биеийнхээ төлөө юу өмсөх билээ гэж ч бүү санаа зов. [...] Харин эхлээд... хаанчлал болон [Бурхны] зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно» гэж хэлснийг санаж явбал тустай байх болов уу (Матай 6:25, 33, 34). Ехова «[бидний] төлөө санаа тавьдаг» учир «бүх зовнилоо Түүнд үүрүүлэхийг» элч Петр бидэнд уриалжээ (1 Петр 5:6, 7). Бэрхшээлийг шийдэхийн тулд өөрсдөө хүчин чармайлт гаргах нь зүйтэй. Гэхдээ чадах бүхнээ хийсний эцэст санаа зовж сууснаас энэ тухайгаа залбирвал илүү тустай. Дуулалч: «Өөрийн замыг ЭЗЭНд даатга, мөн Түүнд итгэж найд. Тэгвэл Тэр биелүүлж өгнө» гэж дуулжээ (Дуулал 37:5).

16, 17. а) Сэтгэлийн зовлонгоос бүрмөсөн ангид байх аргагүйн учир юу вэ? б) Филиппой 4:6, 7-гийн зөвлөгөөг хэрэгжүүлбэл юу мэдрэх вэ?

16 Элч Паул: «Юунд ч бүү санаа зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл. Бүх оюун ухаанаас дээгүүрх Бурхны амар тайван нь Христ Есүс дотор та нарын зүрх сэтгэл, санаа бодлыг хамгаална» гэж бичжээ (Филиппой 4:6, 7). Адамын төгс бус үр удам бид сэтгэлийн зовлонгоос бүрмөсөн ангид байх аргагүй (Ром 5:12). Бурхнаас эмээдэг Исаак Ребека хоёрт, хүү Есавынх нь хит эхнэрүүд «сэтгэлийн зовлон болж» байсан (Эхлэл 26:34, 35). Тимот Трофим нарын христианууд өвчин эмгэгийн улмаас зовж шаналдаг байсан биз ээ (1 Тимот 5:23; 2 Тимот 4:20). Паул итгэл нэгтнүүдийнхээ төлөө санаа зовдог байсан (2 Коринт 11:28). Гэсэн ч Ехова өөрийг нь хайрладаг хүмүүсийн залбирлыг сонсоход хэзээд бэлэн байдаг (Дуулал 65:2).

17 Бид Еховагийн өдрийг хүлээнгээ «амар тайвны Бурхны» дэмжлэгийг авч, тайвширдаг (Филиппой 4:9). Ехова Бурхан «өрөвч, нигүүлсэнгүй», «сайн, ...уучлахад бэлэн» бөгөөд биднийг «тоос шороо юм гэдгийг... санаж байдаг» (Египетээс гарсан нь 34:6; Дуулал 86:5; 103:13, 14). Тийм учраас, «хүсэлтээ Бурханд мэдүүлж» байцгаая. Тэгвэл «Бурхны амар тайван» буюу хүний оюун ухаанаас хэтэрсэн, тайлбарлахын аргагүй тийм тайван байдлыг мэдэрнэ.

18. Иов 42:5-д бичсэнээр, яавал Бурхныг «хардаг» болох вэ?

18 Хүн залбирлынхаа хариуг авахлаараа Бурхан өөртэй нь хамт байгааг ойлгодог. Иов сорилтыг давсныхаа дараа Еховад хандан, «Би Таны тухай чихээрээ сонслоо. Харин одоо миний нүд Таныг хардаг» гэж хэлжээ (Иов 42:5). Итгэлийн «нүд» байвал, бидний сайн сайхны төлөө Еховагийн юу хийснийг эргэцүүлэн бодож, улам сайн ойлгоод, талархах сэтгэл маань лавширч, Бурхнаа урьдынхаасаа илүү тод «хардаг» болно. Ингэвэл зүрх сэтгэл, санаа бодол маань амар тайвнаар дүүрнэ.

19. Еховад «бүх зовнилоо үүрүүлдэг» бол ямар ач тустай вэ?

19 Хэрэв бид Еховад «бүх зовнилоо үүрүүлдэг» бол сорилтыг давж чадна. Учир нь Бурхны өгдөг амар тайван зүрх сэтгэл, санаа бодлыг маань хамгаалдаг. Өөрөөр хэлбэл, дотор хүн маань сэтгэлийн зовлон, айдас түгшүүрээс ангижирна. Бас ухаан санаа уужирч, сандарч мэгдэхгүй.

20, 21. а) Хүнд сорилтод орохдоо ч тайван байж болдгийг Стефанд тохиолдсон явдал хэрхэн харуулдаг вэ? б) Сорилтыг тайван давж чадсан орчин үеийн Гэрчүүдийн жишээ хэлнэ үү.

20 Есүсийн шавь Стефан итгэл үнэмшлээсээ болж хүнд сорилтод орохдоо ч тайван байсан. Эцсийн үгээ хэлэхийнх нь өмнө Стефаны «царай тэнгэр элчийн царай лугаа адил» болохыг Дээд шүүхийн гишүүд бүгд харжээ (Үйлс 6:15). Өөрөөр хэлбэл, тэнгэр элч шиг тайван байсан нь нүүр царайнаас нь харагдаж байв. Тэрбээр шүүгчдийг Есүсийн үхэлд буруутай байсныг илчлэхэд «тэдний хорсол буцалж, шүдээ хавирч байлаа». «Харин Ариун Сүнсээр дүүрсэн Стефан тэнгэр өөд ширтэн Бурхны баруун талд зогсож буй Есүсийг харав». Тэгээд үзсэн зүйлдээ зоригжиж, үхэн үхтэлээ үнэнч байжээ (Үйлс 7:52–60). Бид Стефан шиг ер бусын зүйл үздэггүй ч, хавчигдах үедээ Бурхны өгдөг амар тайвныг мэдэрдэг.

21 Дэлхийн ІІ дайны үед нацистуудын гарт амь үрэгдсэн зарим христианы хэлсэн үгийг үзье. Нэг Гэрч шүүх хурал дээр юу болсныг: «Надад цаазаар авах ял оноолоо. Шүүхийн шийдвэрийг сонсоод би Эзний хэлсэн, „Үхэл хүртэл итгэмжтэй бай“ гэх мэтийн хэдэн үгийг хэлсэн. Тэгээд л шүүх хурал дууссан. Одоо та нар минь битгий санаа зовоорой. Миний хэчнээн тайван байгааг та нар лав төсөөлөхгүй дээ» хэмээн бичжээ. Цаазаар авахуулах ял авсан өөр нэг залуу христиан эцэг эхдээ: «Шөнө дунд өнгөрч байна. Шийдвэрээ өөрчлөхөд одоо ч оройтоогүй байна. Гэхдээ би Эзнээсээ урваад цаашид жаргалтай амьдарч чадна гэж үү? Үгүй, яасан ч чадахгүй! Үхэх гэж байгаа ч гэсэн тайван, жаргалтай байгаад минь итгээрэй» гэж бичсэн байдаг. Энэ бүхнээс үзэхэд, Ехова үнэнч үйлчлэгчдээ дэмждэг нь илэрхий байна.

Та ч бас тэвчиж чадна!

22, 23. Еховагийн өдрийг хүлээнгээ сорилтыг тэвчдэг бол юунд итгэлтэй байж болох вэ?

22 Дээр ярилцсан шиг сорилтод хүн болгон орохгүй байж болох юм. Гэхдээ «Эмэгтэйгээс төрдөг хүн амьдралаар богино бөгөөд бэрхшээлээр дүүрэн ажгуу» гэж Бурхнаас эмээдэг Иов гэдэг хүний хэлсэн нь үнэн юм (Иов 14:1). Христиан эцэг эхчүүд үр хүүхдээ Библийн сургаалын дагуу хүмүүжүүлэх гэж хэрэндээ хичээдэг. Та ч гэсэн тэдний нэг байх. Үр хүүхэд тань сургууль дээрээ сорилтод орсон ч Еховагийн талд бат зогсож, өндөр хэм хэмжээг нь чанд баримтлан, тэвчээртэй байдагт нь баярладаг биз ээ. Зарим христиан ажил дээрээ сорилт бэрхшээлтэй тулгардаг байж болох юм. Гэвч Ехова «өдөр бүр бидний ачааг үүрдэг» учир та бид бүх сорилтыг давж чадна (Дуулал 68:19).

23 Та өөрийгөө бусдаас онцгойрох юмгүй жирийн л нэг христиан гэж үздэг байж магадгүй. Гэхдээ Ехова нэрийнх нь төлөөх үйл хэрэг болон хайрыг тань хэзээ ч мартахгүй гэдгийг санаж яваарай (Еврей 6:10). Та Еховагийн тусламжтайгаар ямар ч сорилтыг тэвчиж, үнэнч үлдэж чадна. Хүсэл тааллыг нь биелүүлэхэд туслахыг гуйн залбирч, залбирлынхаа дагуу амьдраарай. Тэгвэл Еховагийн өдрийг хүлээнгээ сорилтыг тэвчиж, Бурхныхаа ивээл, дэмжлэгийг хүртэнэ гэдэгтээ итгэлтэй байж болно.

Давтах асуулт

• Христианууд тэвчээртэй байх хэрэгтэйн учир юу вэ?

• Өвчин зовлон, үхэл хагацал гэх мэтийн сорилтыг давахад юу туслах вэ?

• Сорилтыг тэвчихэд залбирал хэрхэн тусалдаг вэ?

• Еховагийн өдрийг хүлээнгээ сорилтыг тэвчиж болдог гэхийн учир юу вэ?

[Догол мөрийн асуулт]