Skip to content

Гарчиг руу орох

«Сайнаар мууг дийлэгтүн»

«Сайнаар мууг дийлэгтүн»

«Сайнаар мууг дийлэгтүн»

«Мууд үл дийлдэн, харин сайнаар мууг дийлэгтүн» (РОМ 12:21, МАБ).

1.«Мууг дийлж» чадна гэдэгтээ итгэлтэй байхын учир юу вэ?

 ЖИНХЭНЭ шүтлэгийг хүчтэй эсэргүүцдэг хүмүүст дийлдэхгүй байх арга бий юү? Биднийг Сатаны ертөнц рүү буцааж оруулах аюултай элдэв муу нөлөөнд автахгүй байх боломж байна уу? Байлгүй яах вэ. Ингэж хэлэхийн учрыг элч Паулын Ромын христиануудад бичсэн захидлаас олж болно. Тэрбээр: «Мууд үл дийлдэн, харин сайнаар мууг дийлэгтүн» хэмээн бичжээ (Ром 12:21, МАБ). Хэрэв бид Еховад итгэж найдан, ертөнцөд дийлдэхгүй байх шийдвэр төгс байвал энэ ертөнцийн муу муухай бүхэн биднийг дийлж чадахгүй. Түүнээс гадна, «дийлэх» гэж орчуулсан грек үйл үг байнга дийлж байх гэсэн нарийн утгатай. Тэгэхлээр, бузар муугийн эсрэг сүнслэг тэмцлийг байнга явуулдаг бол бузар мууг ялж чадна гэсэн үг. Сонор сэрэмжээ алдан, тэмцлээ зогсоосон хүмүүс л ёс бус ертөнц болон ертөнцийн бузар муу захирагч Сатан Диаволд ялагдана (1 Иохан 5:19).

2. Нехемиагийн амьдралд тохиолдсон зарим явдлыг үзэхийн учир юу вэ?

2 Ром 12:21-д бичсэн Паулын үг үнэн болохыг түүнээс 500-аад жилийн өмнө Иерусалимд амьдарч байсан, Бурхны үнэнч үйлчлэгч Нехемиа баталсан. Тэрбээр ёс бус хүмүүсийн эсэргүүцлийг давж гарсан төдийгүй, мууг сайнаар дийлж чадсан юм. Нехемиад ямар ямар бэрхшээл тулгарсан бэ? Юуны ачаар бэрхшээлээ давж чадсан бэ? Нехемиагийн жишээ бидэнд ямар ач холбогдолтой вэ? Эдгээр асуултад хариулахын тулд Нехемиагийн амьдралд тохиолдсон зарим явдлыг авч үзье. *

3. Нехемиа ямар орчин нөхцөлд амьдарч байсан бэ? Ямар том амжилт гаргасан бэ?

3 Нехемиа Персийн хаан Артаксерксийн ордонд үйлчилдэг байжээ. Хэдийгээр, Ехова Бурхныг шүтдэггүй хүмүүсийн дунд амьдарч байсан ч тухайн үеийнхээ нийгмийн ёс бус «явдалд» «нийцээгүй» юм (Ром 12:2). Иуда нутагт тусламж шаардлагатай болоход тэрбээр тав тухтай амьдралаа золиослон, аян замын хүнд бэрхийг туулан Иерусалимд хүрч, хотын хэрмийг сэргээн барих нүсэр ажлыг эхлүүлжээ. Нехемиа Иерусалимын амбан захирагч байсан хэр нь энгийн ардуудтай гар нийлэн, өдөр бүр «үүр цайхаас мичид гарах хүртэл» борви бохисхийлгүй ажилладаг байв. Үүний дүнд хоёрхон сарын дотор хэрмийг барьж дуусгажээ! (Нехемиа 4:21; 6:15). Эсэргүүцэгчид янз бүрийн саад тотгор учруулж байсан боловч барилгын ажлаа ийм богино хугацаанд дуусгасан нь үнэхээр том амжилт байлаа. Нехемиаг хэн, ямар зорилгоор эсэргүүцэж байсан бэ?

4. Нехемиаг эсэргүүцэгчид ямар зорилготой байсан бэ?

4 Гол эсэргүүцэгчид нь Иуда орчмын нутагт амьдардаг Санбаллат Тобиа Гешем нарын нөлөө бүхий хүмүүс байсан. Нехемиа «Израилийн хөвгүүдийн сайн сайхныг хайн ирсэн нь» Бурхны ард түмэнд дайсагнаж байсан Санбаллат нарт «тун тааламжгүй байв» (Нехемиа 2:10, 19). Тэд Нехемиагийн удирдан явуулж байсан барилгын ажлыг зогсоохыг оролдож, тэр бүү хэл, хорон муу төлөвлөгөө боловсруулжээ. Нехемиа «мууд дийлдэн», тэдний арганд орох болов уу?

«Ихэд догшрон уурсав»

5, 6. а) Иудейчүүдийг хэрэм босгож эхлэхэд дайснууд нь яасан бэ? б) Нехемиа эсэргүүцэгчдээсээ яагаад айгаагүй вэ?

5 Нехемиаг эр зориг гарган, «Иерусалимын хэрмийг дахин босгоцгооё» гэж уриалахад нь ард олон ч дэмжиж, «Дахин барьцгаая» гэжээ. Нехемиа: «Тэд ийнхүү гараа сайн үйлд зориулав. [Гэвч эсэргүүцэгчид] биднийг шоолон жигшиж, „Та нар юу гээчийг хийж байна вэ? Та нар хааны эсрэг самуун үүсгэж байна уу?“ гэв» хэмээн бичсэн байдаг. Ийнхүү доромжлуулж, гүтгүүлсэн ч айж хулчийгаагүй. Харин ч, эсэргүүцэгчдэдээ: «Тэнгэрийн Бурхан бидэнд амжилт өгнө. Тиймээс Түүний зарц нар болох бид босоцгоон барих болно» гэжээ (Нехемиа 2:17–20). Нехемиа «сайн үйлээ» зогсоохгүй байхаар хатуу шийдсэн байв.

6 Гол эсэргүүцэгчдийн нэг Санбаллат «ихэд догшрон уурсаж», «Эдгээр дорой иудейчүүд юу хийж байна вэ? [...] Тэд овоорсон шорооноос... чулуунуудыг сэргээж чадна гэж үү?» хэмээн тохуурхаж, газар дор ортол нь муулжээ. Тобиа ч бас элэг доог хийн, «Дээгүүр нь хэрэв үнэг харайвал чулуун хэрмийг нь нураачихна» гэж басамжилсан (Нехемиа 4:1–3). Тэгэхэд нь Нехемиа яасан бол?

7. Эсэргүүцэгчид нь дооглон тохуурхахад Нехемиа яасан бэ?

7 Нехемиа эсэргүүцэгчдийнхээ дооглон тохуурхахыг огтхон ч тоогоогүй. Бурхны тушаалыг дагаж, тэднээс хариугаа авах гэж зүтгээгүй (Левит 19:18). Харин ч, хэрэг явдлыг Еховад даатгаж, «Бурхан минь, сонсооч, бид хэрхэн жигшигдэнэ вэ? Тэдний зүхлийг өөрсдийнх нь толгой дээр буулгаач» гэж залбирсан (Нехемиа 4:4). Тэрбээр, «Өшөө авалт нь Минийх. ...Би хариугаа авна» гэж хэлсэн Еховагийн үгэнд итгэж байв (Дэд хууль 32:35). Түүнчлэн, зорилгоосоо хазайлгүй, нутаг нэгтнүүдийнхээ хамт «хэрмийг барьсаар» байсан тул «бүх хэрэм өндрийнхөө хагаст хүрчээ. Учир нь ард түмэн ажиллах зүрхтэй байв» (Нехемиа 4:6). Ийнхүү жинхэнэ шүтлэгт дайсагнасан хүмүүсийн төлөвлөгөө нуран унажээ! Тэгвэл, Нехемиагийн жишээ бидэнд ямар ач холбогдолтой вэ?

8. а) Эсэргүүцэгчид гүтгэн доромжилбол Нехемиаг яаж дуурайж болох вэ? б) Бусадтай тооцоо бодохгүй байх нь ухаалаг хэрэг болдгийг харуулах бодит жишээ хэлнэ үү.

8 Биднийг дооглож тохуурхдаг, гүтгэж доромжилдог хүн ажил сургууль дээр, тэр байтугай, гэр оронд маань байж болох юм. Гэхдээ «дуугүй бай» гэсэн Библийн зөвлөгөөг дагах нь ихэнх тохиолдолд тийм гүтгэлгийг няцаах хамгийн сайн арга болдог (Номлогчийн үгс 3:1, 7). Тиймээс бид Нехемиаг дуурайн хорон үг хэлж, хариугаа авдаггүй (Ром 12:17). «Би буцааж төлнө» гэж хэлсэнд нь итгэдгээ харуулж Бурхандаа залбирдаг (Ром 12:19; 1 Петр 2:19, 20). Ингэж бид, зайлшгүй хийх ёстой ажил буюу Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлж, шавь бэлдэх ажлаас маань хөндийрүүлэх гэсэн эсэргүүцэгчдэдээ дийлддэггүй (Матай 24:14; 28:19, 20). Бид эсэргүүцлээс айлгүй, дэлгэрүүлэх ажилд оролцох бүрдээ Нехемиа шиг үнэнч гэдгээ харуулдаг.

«Бид та нарыг ална»

9. Нехемиагийн дайснууд хэрхэн эсэргүүцсэн бэ? Нехемиа яасан бэ?

9 Нехемиагийн үед жинхэнэ шүтлэгийг эсэргүүцэж байсан дайснууд «хэрмийн засвар үргэлжилж» байгааг сонсоод, «Иерусалимын эсрэг байлдахаар» болжээ. Иудейчүүдийн хувьд байдал тун хүнд болох нь тэр. Хойт талд нь самаричууд, зүүн талд нь аммончууд, урд талд нь арабууд, баруун талд нь ашдодчууд байсан тул Иерусалим бүслэгдэж, барилгын ажил хийж байсан хүмүүс урхинд оржээ гэж бодогдохоор байв. Тэр үед хэрхсэн тухайгаа Нехемиа: «Бид өөрсдийн Бурханд залбирсан» гэж бичжээ. Дайснууд нь: «[Та нарыг] алж, ажлыг [чинь] зогсооно» хэмээн сүрдүүлж байлаа. Тэгэхэд нь Нехемиа барилгачдыг «сэлэм, жад, нумтай нь байрлуулж», хотыг хамгаалах үүрэг өгсөн. Хүний нүдээр харвал, цөөхөн тооны иудейчүүд давуу хүчтэй дайснаа дийлэх аргагүй мэт байсан ч Нехемиа: «Бүү айцгаагтун. Аугаа, аймшигт ЭЗЭНийг санагтун!» гэж зоригжуулжээ (Нехемиа 4:7–9, 11, 13, 14).

10. а) Байдал гэнэт өөрөөр эргэж, дайснууд довтлохоо больсны учир юу вэ? б) Нехемиа ямар ямар арга хэмжээ авсан бэ?

10 Байдал гэнэт өөрөөр эргэж, дайснууд довтлохоо больжээ. Учир нь, Нехемиагийн бичсэнээр, «Бурхан [тэдний төлөвлөгөөг] тасалдуулсан». Гэхдээ дайснууд нь аюул занал учруулахаа болилоо гэсэн үг биш байсныг Нехемиа ойлгож байлаа. Тийм учраас, нөхцөл байдлаа тооцож үзээд ажлынхаа арга барилыг өөрчилжээ. Тэр үеэс эхлэн барилгачид «ажил хийж байхдаа нэг гараараа ачаагаа авч, нөгөө гартаа зэвсгээ барьж байв». Бас дайсан довтлоход түгшүүр зарлах «бүрээчинг» томилсон. Хамгийн гол нь, «Бидний Бурхан бидний төлөө тулалдана» гэж ард олныг зоригжуулжээ (Нехемиа 4:15–20). Урам зориг орж, дайсантай тэмцэхэд бэлэн болсон барилгачид ажлаа хийсээр байв. Энэ явдал бидэнд ямар сургамжтай вэ?

11. Хаанчлалын үйл хэргийг хориглосон улс оронд амьдардаг жинхэнэ христианууд юуны ачаар мууг дийлдэг вэ? Тэд мууг сайнаар яаж дийлдэг вэ?

11 Жинхэнэ христианууд ч бас эсэргүүцэлтэй тулгардаг. Зарим оронд жинхэнэ шүтлэгийг улангасан эсэргүүцдэг хүмүүс давуу хүчтэй дайсан мэт байдаг. Хүний нүдээр харвал, тийм улс оронд байдаг итгэл нэгтнүүд маань амархан дийлдмээр. Гэсэн ч тэд «Бурхан [өөрсдийнх нь] төлөө тулалдана» гэдэгт итгэдэг. Итгэл үнэмшлийнхээ төлөө хавчигддаг хүмүүс Еховаг залбиралд нь хариулж, хүчирхэг дайснуудынх нь төлөвлөгөөг «тасалдуулахыг» нэг бус удаа үзсэн байдаг. Хаанчлалын үйл хэргийг хориглосон орнуудад ч христианууд сайн мэдээ дэлгэрүүлэх ажлаа зогсоохгүй байх арга олдог. Иерусалимын хэрмийг барьж байсан хүмүүс нөхцөл байдлаа тооцож үзээд ажлынхаа арга барилыг өөрчилсөн шиг Еховагийн Гэрчүүд эсэргүүцэгчдийн довтолгоонд өртөхлөөрөө дэлгэрүүлэх аргаа өөрчилдөг. Гэхдээ зэвсэг хэрэглэхгүй нь ойлгомжтой (2 Коринт 10:4). Дайснууд нь хүч хэрэглэнэ гэж сүрдүүлж байсан ч дэлгэрүүлэхээ больдоггүй (1 Петр 4:16). Харин ч эр зориг гарган «сайнаар мууг дийлсээр» байдаг.

«Ирнэ үү! ...Бүгдээрээ уулзацгаая!»

12, 13. а) Нехемиаг эсэргүүцэгчид ямар арга хэрэглэсэн бэ? б) Нехемиа дайснуудтайгаа уулзахаас яагаад татгалзсан бэ?

12 Нехемиагийн дайснууд шууд довтолгоо нь бүтэлгүй болсныг ойлгоод, аргаа улам нарийсгажээ. Тэгээд гурван төлөвлөгөө боловсруулсан. Ямар ямар төлөвлөгөө вэ?

13 Эхлээд, тэд Нехемиаг мэхлэхийг оролдож, «Ирнэ үү! Оногийн талд... бүгдээрээ уулзацгаая!» гэж хэлдэг. Оногийн тал нь Иерусалим Самари хоёрын дунд байжээ. Өөрөөр хэлбэл, дайснууд нь Нехемиад хоёр хотын дунд уулзаж, асуудлаа шийдэх санал тавьжээ. Нехемиа: «Зөв ч юм уу. Дайтсанаас ярилцсан нь дээр биз дээ» гэж бодож болох л байсан. Гэвч тэгээгүй. Үүнийхээ учрыг тайлбарлан, «Тэд надад хор хүргэхээр төлөвлөж байсан» гэж бичсэн байдаг. Нехемиа тэдний хар санаа өвөрлөж байгааг гадарлаж байсан учраас хуурталгүй, «Очиж чадахгүй. Би үүнийг орхиж, та нар руу очих хооронд энэ ажлыг зогсоох хэрэг юу байна вэ?» гэсэн хариуг дөрвөн удаа өгчээ. Ингээд Нехемиагийн анхаарлыг сарниулах гэсэн дайснуудын оролдлого талаар болжээ. Нехемиа ч барилгын ажилдаа хамаг анхаарлаа төвлөрүүлсээр байв (Нехемиа 6:1–4).

14. Дайснууд нь гүтгэхэд Нехемиа яасан бэ?

14 Дараа нь, дайснууд нь Нехемиаг Артаксеркс хааны эсрэг «бослого гаргахаар төлөвлөж байна» гэж гүтгэн, худал цуурхал тараахыг оролдсон. Тэд: «Хамтдаа зөвлөлдье» хэмээн дахин ятгасанд Нехемиа хар санаа өвөрлөж байгааг нь мэдэж байсан учир уулзахаас бас л татгалзжээ. Тэрбээр: «„Тэд ажилдаа мохож, ажил нь гүйцэд хийгдэхгүй“ хэмээн бодож, биднийг айлгахыг хичээж байв» гэж бичжээ. Энэ удаад Нехемиа дайснуудынхаа гүтгэлгийг няцаан, «[Та нарын] хэлж буй шиг тийм зүйлс огт болоогүй. Харин [та нар] эдгээрийг санаанаасаа зохиож байна» гэж хариулжээ. Түүнчлэн, Еховагаас тусламж гуйж, «Миний гарыг тэнхрүүлээч» гэж залбирчээ. Тэрбээр Еховагийн тусламжтайгаар дайснуудынхаа хорон муу төлөвлөгөөг нурааж, хэрэм барих ажлаа амжилттай хийнэ гэдэгтээ итгэлтэй байсан (Нехемиа 6:5–9).

15. Шемаиа Нехемиаг юу гэж ятгасан бэ? Нехемиа ятгалгад нь яагаад автаагүй вэ?

15 Сүүлд нь, дайснууд нь Нехемиагаар Бурхны Хуулийг зөрчүүлэхийн тулд Шемаиа гэгч израиль хүнийг урвуулан авч, гар хөлөө болгосон. Шемаиа Нехемиад: «Бурхны өргөөнд, сүм дотор уулзацгаая. Сүмийн хаалгануудыг нь хаа. Учир нь тэд чамайг алах гэж байна» хэмээн сэрэмжлүүлээд, сүмд нуугдаж амиа аврахыг ятгасан. Нехемиа тахилч биш учир Бурхны өргөөнд нуугдвал нүгэл болох байв. Тэрбээр амиа аврахын төлөө Бурхны Хуулийг зөрчих болов уу? «Над шиг хүн сүмд ороод, амьд үлдэнэ гэж үү? Би орохгүй» гэж хариулжээ (ШЕ). Нехемиа ямар учраас энэ урхинд ороогүй вэ? Шемаиа хэдийгээр израиль хүн мөн боловч Бурхны илгээсэн хүн биш гэдгийг Нехемиа мэдэж байлаа. Тэгээд ч «Бурхан үнэхээр түүнийг илгээсэн» бол тэр хүн Бурхны Хуулийг зөрчүүлэх зөвлөгөөг хэзээ ч өгөхгүй байх байсан. Ийнхүү Нехемиа хорон муу эсэргүүцэгчдэдээ бас л дийлдээгүй. Энэ явдлын дараахан: «Хэрэм нь тавин хоёр хоногийн дотор, Елул сарын хорин таванд баригдаж гүйцлээ» гэж бичжээ (Нехемиа 6:10–15; Тооллого 1:51; 18:7).

16. а) Хуурамч найз нөхөд, худал гүтгэгчид, эсвэл итгэл нэгтний дүр эсгэдэг хүмүүст бид хэрхэн хандах ёстой вэ? б) Та итгэл үнэмшлээсээ няцахгүй гэдгээ ажил, сургууль, гэр орондоо байхдаа хэрхэн харуулдаг вэ?

16 Нехемиагийн адилаар бид ч бас хуурамч найз нөхөд, худал гүтгэгчид, эсвэл итгэл нэгтний дүр эсгэдэг хүмүүсийн зүгээс эсэргүүцэлтэй тулгардаг. Дайснууд нь Нехемиагийн анхаарлыг сарниулахыг оролдож байсан шиг, зарим хүн биднийг Еховад тодорхой хэмжээгээр үйлчлэхийн хажуугаар бусдын адил эд хөрөнгөө арвижуулах, тушаал дэвших, зугаацаж цэнгэх гэх мэтийн сүнслэг бус зүйлээр хөөцөлдөхийг ятгадаг. Гэхдээ бид Бурхны Хаанчлалыг тэргүүн зэрэгт тавьдаг учраас тэдний ятгалгад автдаггүй (Матай 6:33; Лук 9:57–62). Түүнээс гадна, эсэргүүцэгчид биднийг гүтгэдэг. Нехемиаг хааны эсрэг бослого гаргахаар санаархаж байна гэж хилсээр буруутгасан шиг, зарим оронд Еховагийн Гэрчүүдийг улсын аюулгүй байдалд аюул занал учруулдаг гэж буруушаадаг. Заримдаа гүтгэлгийг няцааж, ор үндэсгүй болохыг нь шүүхээр шийдвэрлүүлдэг. Гэхдээ эцсийн үр дүн нь ямар ч бай, бид Еховаг хүсэл таалалдаа нийцүүлж тухайн асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй залбирдаг. Түүнээс гадна, өөрсдийгөө Еховагийн үйлчлэгч гэдэг хүмүүс биднийг эсэргүүцэж болох юм. Элэг нэгтэн нь Нехемиаг Еховагийн Хуулийг зөрчин, амиа аврахыг ятгасан шиг, Гэрч байж байгаад тэрслэгч болсон хүмүүс биднийг ямар нэг байдлаар Бурхнаас урвуулахыг оролддог. Гэхдээ бид Бурхны хууль тушаалыг зөрчиж биш, биелүүлж байж л аврагдана гэдгээ мэддэг учраас тэрслэгчдийн үгийг дагадаггүй! (Матай 24:24). Еховагийн тусламжтайгаар бид ямар ч мууг дийлж чадна.

Мууг сөрөн сайн мэдээ тунхаглах нь

17, 18. а) Сатан болон түүний хамсаатнуудын зорилго юу вэ? б) Та юунд шийдвэр төгс байдаг вэ? Яагаад?

17 Бурхны Үгэнд Христийн тослогдсон ах дүү нарын тухай: «Тэд [Сатаныг] ...өөрсдийн гэрчлэлийн үгээр ялжээ» гэж бичсэн байдаг (Илчлэлт 12:11). Тэгэхлээр, муу бүхний эх булаг Сатаныг дийлэх нь Хаанчлалын тухай сайн мэдээг гэрчлэх буюу дэлгэрүүлэхтэй шууд холбоотой ажээ. Сатан тослогдсон үлдэгсэд болон «үй олон хүний» аль алиныг эсэргүүцэж, хайр найргүй довтолдогт гайхах зүйлгүй (Илчлэлт 7:9; 12:17).

18 Хүмүүс биднийг газар дор ортол муулах, хүч хэрэглэнэ гэж сүрдүүлэх, эсвэл өөр нарийн аргаар эсэргүүцэж болохыг ярилцлаа. Аль нь ч байлаа гэсэн, Сатан дэлгэрүүлэх ажлыг маань зогсоох гэсэн ганц л зорилготой. Гэхдээ Бурхны ард түмэн Нехемиа шиг «сайнаар мууг дийлэх» шийдвэр төгс байдаг учир Сатаны зорилго нурах болно. Еховаг боллоо гэж хэлтэл сайн мэдээг тунхагласаар байвал мууг сайнаар дийлнэ! (Марк 13:10; Ром 8:31; Филиппой 1:27, 28).

[Зүүлт]

^ Эдгээр явдлын талаар Нехемиа 1:1–4; 2:1–6, 9–20; 4:1–23; 6:1–15-аас уншина уу.

Санаж байна уу?

• Эрт цагт Бурхны үйлчлэгчид ямар эсэргүүцэлтэй тулгарч байсан бэ? Өнөөдөр ямар эсэргүүцэлтэй тулгардаг вэ?

• Нехемиагийн дайснуудын гол зорилго юу байсан бэ? Бурхны орчин үеийн үйлчлэгчдэд дайсагнадаг хүмүүс ямар зорилготой вэ?

• Бид мууг сайнаар яаж дийлдэг вэ?

[Догол мөрийн асуулт]

[Хавсралт/9-р хуудасны зураг]

«Нехемиа» номоос авах сургамж

Эсэргүүцэгчид Бурхны үйлчлэгчдийг...

• дооглон тохуурхаж,

• сүрдүүлж,

• хууран мэхлэхийг оролддог.

Биднийг мэхлэхийг оролддог хүмүүс бол...

• хуурамч найз нөхөд,

• худал гүтгэгчид,

• итгэл нэгтний дүр эсгэгчид юм.

Бурхны үйлчлэгчид...

• Бурхнаас авсан даалгавраа биелүүлж байж мууг дийлдэг.