Skip to content

Гарчиг руу орох

«Сүнсээр явагтун»

«Сүнсээр явагтун»

«Сүнсээр явагтун»

«Сүнсээр яв, тэгвэл та нар махан биеийн хүслээ гүйцэлдүүлэхгүй» (ГАЛАТ 5:16).

1. Ариун сүнсний эсрэг нүгэл үйлдсэн гэж шаналахгүйн тулд яах хэрэгтэй вэ?

 ЕХОВАГИЙН ариун сүнсний эсрэг нүгэл үйлдсэн гэж шаналахгүйн тулд элч Паулын, «Сүнсээр яв, тэгвэл та нар махан биеийн хүслээ гүйцэлдүүлэхгүй» гэж хэлснийг дагах хэрэгтэй (Галат 5:16). Хэрэв бид «сүнсээр явах» буюу Бурхны үйлдэх хүчээр удирдуулбал махан биеийн буруу хүсэлдээ автахгүй (Ром 8:2–10).

2, 3. Сүнсээр явдаг хүн ямар ямар ач тус хүртэх вэ?

2 «Сүнсээр явдаг» хүн ямар ач тус хүртэх вэ? Ариун сүнсний нөлөөгөөр Еховад дуулгавартай байх хүсэлтэй болно. Дэлгэрүүлэхдээ, хурлынхаа гишүүдтэй харьцахдаа, гэртээ байхдаа, өөр хаана ч явсан Бурхныхаа зан чанарыг дуурайна. Хань ижил, үр хүүхэд, итгэл нэгтнүүд болон бусад хүнтэй харьцахдаа ч сүнсээр удирдуулдгаа харуулна.

3 «Бурхны хүслийн дагуу сүнс дотор» амьдарвал нүглийг тэвчиж чадна (1 Петр 4:1–6). Сүнсээр удирдуулдаг хүн уучилшгүй нүгэл хэзээ ч үйлдэхгүй. Тэгвэл өөр ямар ач тус хүртэх вэ?

Бурхан болон Христтэй дотно харьцаатай байх нь

4, 5. Сүнсээр явдаг бол Есүсийн талаар ямар үзэлтэй байх вэ?

4 Ариун сүнсээр удирдуулдаг бол Ехова Бурхан болон Есүс Христтэй үргэлж дотно харьцаатай байж чадна. Паул Коринт дахь итгэл нэгтнүүддээ сүнслэг бэлгүүдийн талаар бичихдээ, «Хэн ч Бурхны Сүнсээр „Есүс хараагдсан“ гэж ярихгүй бөгөөд Ариун Сүнсээр бус бол өөр хэн ч „Есүс бол Эзэн“ гэж хэлж чадахгүй гэдгийг би [хиймэл шүтээн шүтдэг байсан] та нарт мэдэгдье» гэжээ (1 Коринт 12:1–3). Гагцхүү Сатан л хүмүүсийг өдөөн хатгаж, Есүсийг хараах хүсэл төрүүлдэг. Харин ариун сүнсээр явдаг христианууд бид, Ехова Есүсийг амилуулан, бусад бүх бүтээлээс дээгүүр өргөмжилсөн гэдэгт эргэлздэггүй (Филиппой 2:5–11). Бид Христийн золих тахилд итгэдэг бөгөөд Есүсийг Бурхны томилсон Эзэн хэмээн хүлээн зөвшөөрдөг.

5 Өөрийгөө христиан гэдэг мөртлөө Есүсийг махан биеэр ирснийг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс МЭ І зуунд байв (2 Иохан 7–11). Тэдний буруу үзлээс болж зарим хүн Мессиа Есүсийн тухай үнэн сургаалыг үгүйсгэх болжээ (Марк 1:9–11; Иохан 1:1, 14) Ариун сүнсээр явбал тиймэрхүү тэрс үзлийн урхинд орохгүй. Библийн сургаал, Еховагийн үзэл бодлыг чанд баримталж байсан цагт л Бурхны нигүүлслийг хүртэж, «үнэн дотор явсаар» байх болно (3 Иохан 3, 4). Тиймээс тэнгэрийн Эцэгтэйгээ дотно харьцаатай байхын тулд аливаа тэрс үзэлд огт автахгүй байцгаая.

6. Сүнсээр явдаг хүмүүс Бурхны үйлдэх хүчний тусламжтайгаар ямар ямар чанар илэрхийлдэг вэ?

6 Паул шүтээн шүтэх явдал болон тэрс үзлийг завхайрал, тачаангуй байдал гэх зэргийн «махан биеийн үйлсэд» тооцжээ. Тэрбээр: «Христ Есүст хамаатай хүмүүс махан биеэ бузар хүсэл тачаалынх нь хамт загалмайд цовдолсон ажээ. Хэрэв бид Сүнс дотор амьд байгаа юм бол, мөн Сүнс дотор явцгаая» гэж бичсэн байдаг (Галат 5:19–21, 24, 25). «Сүнс дотор амьд байдаг», «сүнс дотор явдаг» хүмүүс Бурхны үйлдэх хүчний тусламжтайгаар ямар ямар чанар илэрхийлдэг вэ? «Сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал [«итгэл», ШЕ], дөлгөөн зан, өөрийгөө захирах байдал нь юм» гэж Паул бичжээ (Галат 5:22, 23). Сүнсний үр жимсийг бүрдүүлдэг эдгээр чанарыг нэгбүрчлэн авч үзье.

«Бие биеэ хайрлагтун»

7. Хайр гэж юу вэ? Хайр ямар онцлогтой вэ?

7 Сүнсний үр жимсийг бүрдүүлдэг хайр гэдэг чанар бол зүрхний угаас гардаг бөгөөд амин хувиа бодолгүйгээр бусдад санаа тавин дотночлох сэтгэл юм. Еховагийн хамгийн гол чанар нь хайр учраас «Бурхан бол хайр билээ» гэж Библид бичсэн байдаг. Бурхан болон түүний Хүүгийн хүн төрөлхтнийг гэсэн агуу хайрыг Есүсийн золих тахил тодорхой харуулдаг (1 Иохан 4:8; Иохан 3:16; 15:13; Ром 5:8). Христийн дагалдагчид бид бие биеэ хайрладгаараа бусдаас ялгардаг (Иохан 13:34, 35). Тэгээд ч Бурхан «бие биеэ хайрлахыг» тушаасан (1 Иохан 3:23). Паулын бичсэнээр, тийм хайр тэвчээртэй, энэрэнгүй, атаархдаггүй, бардам зан гаргадаггүй, зохисгүй авирладаггүй. Бас хувийн ашиг сонирхлыг хайдаггүй, уурладаггүй, муутай тооцоо хийдэггүй, шударга бус явдалд баярладаггүй, харин үнэнд баярладаг. Хайр бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг. Хайр хэзээ ч дуусдаггүй (1 Коринт 13:4–8).

8. Итгэл нэгтнүүдээ хайрлах ёстойн учир юу вэ?

8 Ариун сүнсэнд дуртайяа хөтлөгдөн хайрыг хөгжүүлбэл Бурхантай болон бусадтай харьцахдаа энэ чанарыг илэрхийлж чадна (Матай 22:37–39). Элч Иохан: «Ах дүүгээ үзэн яддаг нэг нь алуурчин мөн. Ямар ч алуурчны дотор мөнх амь байдаггүйг та нар мэднэ» гэж бичсэн байдаг (1 Иохан 3:14, 15). Эртний Израильд, хүнийг үзэн ядсандаа бус, санамсаргүйгээр амийг нь хороосон хүн л хоргодох хотод очих эрхтэй байсан (Дэд хууль 19:4, 11–13). Ариун сүнсээр удирдуулдаг хүн Бурхнаа, итгэл нэгтнүүдээ, мөн бусдыг хайрлана.

«ЭЗЭНий баяр баясгалан бол та нарын хүч чадал»

9, 10. Баяр баясгалан гэж юу вэ? Баяр баясгалантай байх ямар ямар үндэс байдаг вэ?

9 Баяр баясгалан бол аз жаргалын салшгүй хэсэг мөн. Ехова «жаргалтай» Бурхан билээ (1 Тимот 1:11, ШЕ; Дуулал 104:31). Бурхны Хүү Эцгийнхээ хүсэл тааллыг биелүүлэхдээ баяртай байдаг (Дуулал 40:8; Еврей 10:7–9). «ЭЗЭНий баяр баясгалан бол [бидний] хүч чадал юм» (Нехемиа 8:10).

10 Бурхныхаа хүсэл тааллыг биелүүлдэг бид саад тотгор, уйтгар гуниг, эсэргүүцэл хавчлагатай цагт ч Еховагийн өгдөг баяр баясгалангийн ачаар сэтгэл дүүрэн байдаг. «Бурхны [тухай] мэдлэгтэй» хүн үнэхээр жаргалтай! (Сургаалт үгс 2:1–5). Библийн сургаалыг үнэн зөв мэдэж, Бурханд болон Есүсийн золих тахилд итгэснийхээ ачаар Еховатай дотно харьцаа тогтоосондоо баярладаг (1 Иохан 2:1, 2). Олон үндэстний жинхэнэ христиан ахан дүүсийн барилдлагад багтдаг маань баяр баясгалантай байх бас нэг үндэс мөн (Зефаниа 3:9). Түүнчлэн, Хаанчлалд найддагтаа, сайн мэдээ тунхаглах агуу завшаантайдаа баярлан баясдаг (Матай 6:9, 10; 24:14). Бас мөнх амьдрах ирээдүйтэй (Иохан 17:3). Ийм гайхамшигтай найдвартай учир «сэтгэл дүүрэн баярладаг» (Дэд хууль 16:15).

Амар тайван, тэвчээртэй байгтун

11, 12. а) Сүнсний үр жимсний хэсэг болсон амар тайвныг хөгжүүлсэн хүн ямар байдаг вэ? б) Бурхны өгдөг амар тайван бидэнд ямар ач холбогдолтой вэ?

11 Сүнсний үр жимсний хэсэг болсон амар тайвныг хөгжүүлбэл түгшүүр зовнилоос ангижирч, амар амгалан болно. Тэнгэрийн Эцэг маань «амар амгалангийн Бурхан» бөгөөд «Өөрийн хүмүүсийг амар амгалангаар ерөөнө» гэдэгт нь бид итгэдэг (Дуулал 29:11; 1 Коринт 14:33). Есүс шавь нартаа: «Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Би Өөрийн амар амгаланг та нарт өгнө» хэмээсэн (Иохан 14:27). Энэ нь дагалдагчдад нь ямар ач тустай байсан бэ?

12 Есүс тийнхүү амар амгаланг өгсөн учраас шавь нарынх нь зүрх сэтгэл, оюун ухаан тайвширч, аливаа айдас түгшүүрээс ангижирсан. Есүсийн амласан ариун сүнсийг аваад бүр ч их тайвширсан (Иохан 14:26). Бид ариун сүнсээр удирдуулахын зэрэгцээ залбирлынхаа хариуг авахлаараа юутай ч харьцуулшгүй «Бурхны амар тайвныг» мэдэрч, зүрх сэтгэл, санаа бодол маань амар амгалан болдог (Филиппой 4:6, 7). Түүнээс гадна, Еховагийн сүнсний тусламжтайгаар итгэл нэгтнүүд болон бусадтай эв найртай харьцаж, тайван амгалан байдаг (Ром 12:18; 1 Тесалоник 5:13).

13, 14. Сүнсний үр жимсний хэсэг болсон тэвчээр гэж юу вэ? Ямар учраас тэвчээртэй байх хэрэгтэй вэ?

13 Хүмүүстэй эв найртай харьцаж, тайван амгалан байхад тэвчээр хэрэгтэй. Тэвчээртэй байх гэдэг нь нөхцөл байдал сайжирна гэдэгт итгэн, шударга бус явдал буюу доромжлолыг тэвчихийг хэлнэ. Ехова тэвчээртэй Бурхан билээ (Ром 9:22–24). Есүс ч бас Эцэг шигээ тэвчээртэй. «Мөнх амийн төлөө Өөрт нь итгэх хүмүүст үлгэр дуурайл болгон Есүс Христ төгс тэвчээрээ эхлээд надад харуулахын тулд би өршөөлийг олж авсан юм» гэж Паулын бичсэнийг үзвэл Есүсийн «төгс тэвчээр» бидэнд ач тустай. Есүс тэвчээртэй байсны ачаар бид өршөөл хүртэж, христиан болсон билээ (1 Тимот 1:16).

14 Тэвчээртэй хүн бусдыг өөрт нь муу юм хийж, бодлогогүй үг хэлэхэд зүгээр өнгөрөөж чаддаг. Паул итгэл нэгтнүүддээ «бүх хүнд тэвчээртэйгээр хандахыг» уриалсан байдаг (1 Тесалоник 5:14). Бид бол алдаа гаргадаг, төгс бус хүмүүс. Тиймээс алдаа гаргахад маань тэвчээртэй байгаасай, төгс бусыг маань харгалзан үзээсэй гэж хүсдэг. Тэгэхлээр, «баяр хөөртэйгөөр... тэвчээрт хүрэхийг» зорьцгооё (Колоссай 1:9–12).

Энэрэнгүй, сайхан сэтгэлтэй байгтун

15. Энэрэнгүй байна гэж яахыг хэлдэг вэ? Энэрэнгүй сэтгэлийн жишээ хэлнэ үү.

15 Энэрэнгүй хүн нөхрийн ёсоор тустай үг хэлэн, сайн үйлс хийж санаа тавьдаг. Ехова Есүс хоёр энэрэнгүй сэтгэлтэй (Ром 2:4; 1 Петр 2:3). Бурхны үйлчлэгч, Христийн дагалдагч хүн энэрэнгүй байх ёстой (Мика 6:8; Колоссай 3:12). Бурханд үйлчилдэггүй хүмүүс хүртэл бусдад «маш их элэгсэг [«энэрэнгүй», ШЕ] хандаж» чаддаг (Үйлс 28:2). Тэгвэл «сүнсээр явдаг» хүмүүс илүү энэрэнгүй байхгүй гэж үү?

16. Ямар ямар үед энэрэнгүй байх нь зүйтэй вэ?

16 Бусдыг хорон үг хэлж, бодлогогүй юм хийхэд өөрийн эрхгүй уур хүрдэг. Гэхдээ тийм үед ч энэрэнгүй байх хэрэгтэй. Паул: «Уурласан ч, нүгэл бүү үйлд. Та нарын уур хилэн дээр нар бүү жаргаг. Диаволд байр бүү өг. Бурхан та нарыг Христ дотор уучилсны адил бие биеэ уучлан, нэг нэгнээ энэрэн, уян зөөлөн сэтгэлээр ханд» хэмээн зөвлөсөн байдаг (Ефес 4:26, 27, 32). Ялангуяа, сорилтод орсон хүмүүст энэрэнгүй хандах нь туйлын чухал. Гэхдээ христиан ахлагч «сайн, зөвт байдал ба үнэний» замаас хазайх аюулд орчихоод байгаа итгэл нэгтнийхээ сэтгэлийг нь зовоохгүй гэсэндээ Библид үндэслэсэн зөвлөгөө өгөхгүй байх нь энэрэнгүй хандаж байгаа хэрэг биш ээ (Ефес 5:9).

17, 18. Сайхан сэтгэл гэж юу вэ? Сайхан сэтгэлтэй байх нь хэр зэрэг чухал бэ?

17 Сайхан сэтгэл гэдэг нь сайныг үйлдэх буюу тустай зүйл хийх эерэг сайн чанар юм. Ехова бол төгс сайн билээ (Дуулал 25:8; 31:19). Есүс ч гэсэн сайныг үйлддэг, сайхан сэтгэлтэй хүн байв. Гэхдээ өөрийг нь «Сайн Багш» гэж дуудахад «Сайн» гэж цоллуулахыг хүсээгүй юм (Марк 10:17, 18). Учир нь бусдад сайныг үйлдэхийн хамгийн төгс жишээг Бурхан үзүүлдэг гэдгийг мэддэг байсан.

18 Бид төрөлхийн нүгэлтэйгээсээ болоод тэр бүр сайныг үйлдэж чаддаггүй (Ром 5:12). Гэхдээ сайныг үйлдэхийг зааж өгөөч гэж Бурхнаас гуйж залбирдаг бол сайхан сэтгэл гаргаж сурна. Паул Ромын итгэл нэгтнүүддээ: «Ах дүү нар минь, та нарын хувьд гэвэл та нар өөрсдөө аливаа сайн сайхнаар дүүрэн, бүхий л мэдлэгээр дүүргэгдсэн... гэдэгт би итгэсэн юм» хэмээсэн байдаг (Ром 15:14). Христиан ахлагч «сайнд дуртай» байх ёстой (Тит 1:7, 8). Бурхны сүнсээр удирдуулбал сайхан сэтгэлээрээ хүмүүст танигдах бөгөөд сайн үйлсийн маань төлөө Бурхан биднийг «санана» (Нехемиа 5:19; 13:31).

«Чин үнэнч итгэл»

19. Еврей 11:1-д бичсэнээр итгэл гэж юу вэ?

19 Сүнсний үр жимсний бас нэг хэсэг болох итгэл бол «бидний найддаг зүйлсийн бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн» (Еврей 11:1). Бурханд жинхэнэ ёсоор итгэдэг бол бүх амлалтыг нь аль хэдийн биелчихсэн мэт үзнэ. Жинхэнэ итгэлийг харагдахгүй зүйлсийн хөдөлшгүй баталгаатай зүйрлэсэн байна. Жишээ нь, Бүтээгч хэдий харагдахгүй ч оршин байдгийг нь батлах хөдөлшгүй баталгаа нь бүтээл юм. Хэрэв бид сүнсээр явдаг бол Еврей 11:1-д бичсэн шиг тийм итгэлтэй байж чадна.

20. «Биднийг тун амархан урхиддаг нүгэл» гэж юу вэ? Ийм нүгэл болон махан биеийн үйлсээс хэрхэн зайлсхийж болох вэ?

20 Итгэлгүй байдал бол «биднийг тун амархан урхиддаг нүгэл» юм (Еврей 12:1). Итгэлийг эвдэн бусниулах аюултай махан биеийн үйлс, эд хөрөнгөний хойноос хөөцөлдөх явдал, хуурамч сургаал номлолоос зайлсхийхийн тулд Бурхны сүнсэнд найдах хэрэгтэй (Колоссай 2:8; 1 Тимот 6:9, 10; 2 Тимот 4:3–5). Ариун сүнс Еховагийн орчин үеийн үйлчлэгчдэд эртний үйлчлэгчдийнхтэй адил бат итгэлийг бий болгодог (Еврей 11:2–40). «Чин үнэнч итгэлтэй» бол бусдын итгэлийг бэхжүүлнэ (1 Тимот 1:5; Еврей 13:7).

Дөлгөөн байж, өөрийгөө захирах нь

21, 22. Дөлгөөн байна гэж яахыг хэлдэг вэ? Ямар учраас дөлгөөн байх ёстой вэ?

21 Дөлгөөн байна гэдэг нь тогтуун зөөлөн, төлөв түвшин байхыг хэлдэг. Ехова бол дөлгөөн зантай Бурхан. Ингэж үзэх үндэс нь, түүний зан чанарыг төгс дуурайдаг Есүс дөлгөөн хүн байсанд байгаа юм (Матай 11:28–30; Иохан 1:18; 5:19). Тэгвэл Бурхны үйлчлэгчид бид яах ёстой вэ?

22 «Бүх хүнд» «дөлгөөн» хандах ёстой (Тит 3:2). Дэлгэрүүлэх ажилд оролцохдоо дөлгөөн байх хэрэгтэй. Хуралд үүрэг хариуцлага хүлээдэг хүмүүс алдаж эндсэн итгэл нэгтнээ «дөлгөөн байдлын сүнс дотор» засах учиртай (Галат 6:1). Хүн нэг бүр «төлөв даруу, ...дөлгөөн» байсан цагт эв нэгдэлтэй, амар тайван байна (Ефес 4:1–3). Үргэлж сүнсээр явж, өөрийгөө захирдаг бол дөлгөөн байж чадна.

23, 24. Өөрийгөө захирна гэж яахыг хэлдэг вэ? Өөрийгөө захирч сурах нь бидэнд ямар ач тустай вэ?

23 Өөрийгөө захирах буюу биеэ барина гэдэг нь бодол санаа, үг яриа, үйл хөдлөлөө хянана гэсэн үг. Ехова Иерусалимыг эзлэн түрэмгийлсэн вавилончуудтай харьцахдаа «биеэ барьж» байсан (Исаиа 42:14). Хүү нь ч бас зовж шаналж байхдаа биеэ барьж, бидэнд «үлгэр дуурайллыг үлдээсэн» билээ. Түүнчлэн элч Петр «мэдлэг дээрээ өөрийгөө захирах байдлыг... хамтатгахыг» итгэл нэгтнүүддээ зөвлөжээ (1 Петр 2:21–23; 2 Петр 1:5–8).

24 Христиан ахлагчид биеэ барьдаг байх ёстой (Тит 1:7, 8). Хэрэв хүн ариун сүнсээр удирдуулдаг бол биеэ барьж чадна. Үүний ачаар, садар самуун явдал, зохисгүй үг яриа гээд Еховагийн дургүйг хүргэж болзошгүй аливаа бүхнээс зайлсхийж чадна. Ариун сүнсэнд дуртайяа хөтлөгдөн өөрийгөө захирч сурсан эсэх нь үг яриа, биеэ авч явах байдлаас шууд харагддаг.

Сүнсээр явагтун

25, 26. Сүнсээр явах нь одоо ч, ирээдүйд ч ямар ач тустай вэ?

25 Хэрэв бид сүнсээр явдаг бол Хаанчлалын тухай сайн мэдээг идэвх зүтгэлтэй тунхаглана (Үйлс 18:24–26). Эргэн тойрныхондоо, ялангуяа, Еховаг хайрладаг хүмүүст таатай сэтгэгдэл төрүүлнэ. Бас итгэл нэгтнүүдээ сүнслэгээр бэхжүүлнэ (Филиппой 2:1–4). Христиан хүн болгон үүнийг хүсдэггүй гэж үү?

26 Сатаны мэдэлд байгаа энэ ертөнцөд сүнсээр явах амаргүй (1 Иохан 5:19). Гэлээ ч гэсэн, олон сая хүн Бурхны үйлдэх хүчээр удирдуулан амьдарч байна. Хэрэв бид Еховад хамаг зүрхээрээ итгэн найддаг бол одоо жаргалтай амьдрах бөгөөд ариун сүнсээ өгдөг халамжит Бурхны замаар үүрд мөнх алхах ирээдүй өмнө маань бий (Дуулал 128:1; Сургаалт үгс 3:5, 6).

Та юу гэж хариулах вэ?

• «Сүнсээр явах» нь Ехова Есүс хоёртой тогтоосон харьцаанд ямар ач холбогдолтой вэ?

• Ариун сүнсний үр жимсний хэсгүүдийг нэрлэнэ үү.

• Бурхны сүнсний үр жимсийг бүрдүүлдэг зарим чанарыг хэрхэн илэрхийлж болох вэ?

• Сүнсээр явах нь одоо ч, ирээдүйд ч ямар ач тустай вэ?

[Догол мөрийн асуулт]