Skip to content

Гарчиг руу орох

«Хэнд ч хэзээ ч бузар мууг бузар муугаар бүү хариул»

«Хэнд ч хэзээ ч бузар мууг бузар муугаар бүү хариул»

«Хэнд ч хэзээ ч бузар мууг бузар муугаар бүү хариул»

«Хэнд ч хэзээ ч бузар мууг бузар муугаар бүү хариул. Бүх хүний өмнө юу нь зөв болохыг л харгалзан үзэж бай» (РОМ 12:17).

1. Олон хүн ямар хандлагатай вэ?

 ХҮҮХДИЙГ түлхэхлээр эргүүлээд түлхчихдэг. Хариутай бол бариутай гэсэн ийм хандлага зөвхөн хүүхдэд байдаг юм биш ээ. Томчууд ч бас тийм авир гаргаж, гомдоосон нэгнээсээ хариугаа авах гэдэг нь харамсалтай. Ихэнх нь шууд түлхэж нудраад байхгүй байх л даа. Гэхдээ хариугаа авахын тулд нарийн арга хэрэглэдэг. Жишээ нь, гомдоосон хүнийхээ талаар хов жив тараах ч юм уу амжилт гаргахад нь саад болох арга саам хайдаг. Ямар ч арга хэрэглэсэн, хариугаа авах гэсэн ганцхан зорилго өвөрлөсөн байдаг.

2. а) Жинхэнэ христианууд хариу авах хандлагад автдаггүйн учир юу вэ? б) Ямар ямар асуултыг авч үзэх вэ? Мөн Библийн ямар номын хэддүгээр бүлгийг ярилцах вэ?

2 Хэдийгээр, хариугаа авах хандлага түгээмэл байдаг ч жинхэнэ христианууд тийм хандлагад автдаггүй. Тэд элч Паулын: «Хэнд ч хэзээ ч бузар мууг бузар муугаар бүү хариул» хэмээсэн зөвлөгөөг дагахыг хичээдэг (Ром 12:17). Ямар учраас энэ зөвлөгөөг чанд баримтлах хэрэгтэй вэ? Ямар ямар хүнээс хариу авч болохгүй вэ? Бусадтай тооцоо бодохгүй байх нь ямар ач тустай вэ? Эдгээр асуултад хариулахын тулд дээр иш татсан зүйлийг хам сэдэвтэй нь ярилцъя. Мөн, хариугаа авахгүй байх нь зөв хэрэг бөгөөд бусдыг хайрлаж байгаагийн, бас даруу зангийн илрэл болдгийг «Ром» номын 12-р бүлгээс нэг нэгээр нь үзье.

«Иймд... та нараас хичээнгүйлэн гуйя»

3, 4. а) Паул «Ром» номын 12-р бүлгээс эхлэн юуны тухай бичсэн байдаг вэ? «Иймд» гэдэг үгийг ямар зорилгоор хэрэглэсэн бэ? б) Бурхныг энэрлээ үзүүлсэнд нь Ромын христианууд яах ёстой байсан бэ?

3 Паул «Ром» номын 12-р бүлгээс эхлээд христиан хүний амьдралд чухал үүрэгтэй, хоорондоо уялдаа бүхий дөрвөн зүйлийг бичсэн байдаг. Эдгээр нь Ехова Бурхан, итгэл нэгтнүүд, итгэгч бус хүмүүс болон төр засгийн эрх мэдэлтнүүдтэй харьцах явдал юм. Паул: «Иймд ах дүү нар аа, ...Бурхны өршөөлөөр [«энэрлээр», ШЕ] та нараас хичээнгүйлэн гуйя» гэж хэлэхдээ, хариу авах гэх мэтийн буруу хандлагатай тэмцэх чухал шалтгаан байдгийг харуулжээ (Ром 12:1). «Иймд» гэдэг үгийг «дээр хэлснийг бодож үзээд» гэсэн утгаар хэрэглэснийг анхааръя. Өөрөөр хэлбэл, Паул: «Дээр хэлснийг минь бодож үзээд, одоо юу хэлэхийг минь хийхийг хичээнгүйлэн гуйж байна» гэж хэлсэнтэй адил юм. Тэгвэл, Паул Ромын христиануудад өмнө нь юу гэж хэлсэн бэ?

4 Паул захидлынхаа эхний 11 бүлэгт Израилийн ард түмний алдсан, иудейчүүд болон иудей биш хүмүүсийн аль алинд олдсон, Бурхны Хаанчлалын бүрэлдэхүүнд багтаж, Христтэй хамт захирах хосгүй завшааныг дурдсан байдаг (Ром 11:13–36). Ийм үнэтэй боломж гагцхүү «Бурхны энэрлээр» олджээ. Бурхныг ийнхүү агуу их энэрэл үзүүлсэнд нь тэр христианууд яах ёстой байсан бол? Сэтгэл зүрхнийхээ угаас талархсандаа «өөрсдийн биеийг Бурханд тааламжит амьд, ариун тахил болгон өргөх» учиртай байсныг нь Паул хэлжээ (Ром 12:1). Яавал өөрийгөө Бурханд «тахил» болгосонтой адил болох байсан бэ?

5. а) Яавал өөрийгөө Бурханд «тахил» болгосонтой адил болох вэ? б) Христианууд амьдралдаа ямар зарчим баримтлах ёстой вэ?

5 Паул цааш нь: «Энэ үеийн явдалд бүү нийцэгтүн. Харин зүрх сэтгэлээ [«бодол санаагаа», ШЕ] шинэчилснээр өөрчлөгдөж, Бурхны хүсэл юу болохыг, тухайлбал, сайн, тааламжит, төгс төгөлдөр хүслийг батлагтун» хэмээн бичжээ (Ром 12:2). Христианууд ертөнцөд давамгайлж буй хандлагад үзэл бодлоо нийцүүлэхийн оронд Христийнх шиг бодолтой болох шаардлагатай байсан (1 Коринт 2:16; Филиппой 2:5). Энэ бол жинхэнэ христиан бүрийн өдөр тутмын амьдралдаа баримтлах ёстой зарчим юм.

6. Бид Ром 12:1, 2-ын үндсэн дээр бусдаас хариу авдаггүйн учир юу вэ?

6 Ром 12:1, 2-т бичсэн Паулын үг бидэнд ямар ач тустай вэ? Бурхан бидэнд хэчнээн их энэрэл үзүүлснийг бодож үзвэл Еховад өөрийгөө «тахил болгон өргөх» нь зөв хэрэг юм. Ромын тослогдсон христиануудын адилаар бид Бурхныг энэрлээ үзүүлсэнд нь, мөн өдөр бүр олон аргаар үзүүлж байдагт нь гүнээ талархдаг. Иймд, талархах сэтгэлдээ хөтлөгдөн Бурханд хамаг хүч чадал, авьяас чадвар, байгаа бүхнээрээ үйлчлэхийг хүсдэг. Ингэж хүсдэг учир ертөнцийнх шиг биш, Христийнх шиг бодолтой байхын тулд чадах бүхнээ хийхийг хичээдэг. Христийнх шиг бодолтой байх нь итгэл нэгтнүүд болон итгэгч бус хүмүүстэй зөв харьцахад тус болдог (Галат 5:25). Жишээ нь, Христийнх шиг бодолтой хүн бусадтай тооцоо боддоггүй (1 Петр 2:21–23). Энэ бүхнээс үзэхэд, бусдаас хариу авдаггүй маань зөв хэрэг юм.

«Хайр тань хоёр нүүргүй байг»

7. «Ром» номын 12-р бүлэгт ямар хайрын тухай бичсэн байдаг вэ?

7 «Бузар мууг бузар муугаар хариулдаггүй» маань зөв хэрэг төдийгүй бусдыг хайрлаж байгаагийн илрэл юм. Элч Паул хайрын тухай юу гэж хэлснийг харъя. Тэрбээр «Ром» номд Бурхан болон Христийн хайрын тухай хэлэхдээ «хайр» буюу грекээр агапи гэдэг үгийг нэг биш удаа хэрэглэсэн байдаг (Ром 5:5, 8; 8:35, 39). Гэхдээ 12-р бүлэгт хүнийг хайрлах тухай хэлэхдээ энэ үгээ дахин хэрэглэжээ. Сүнслэг бэлэг янз бүр байдаг бөгөөд тэр үед зарим хүнд тийм бэлэг байсныг дурдсаныхаа дараа христиан хүн болгоны хөгжүүлбэл зохих нэг чанарыг онцолж, «Хайр тань хоёр нүүргүй байг» хэмээн бичжээ (Ром 12:4–9). Бусдыг хайрлах нь жинхэнэ христиануудын гол шинж юм (Марк 12:28–31). Хүмүүсийг чин сэтгэлээсээ хайрладаг эсэхээ магадлахыг Паул бидэнд уриалсан байна.

8. Бусдыг чин сэтгэлээсээ хайрладгаа хэрхэн харуулж болох вэ?

8 Цааш нь Паул бусдыг чин сэтгэлээсээ хайрладгаа хэрхэн харуулж болохыг тайлбарлан, «Бузар мууг жигш, сайнаас зуурч ав» гэж бичжээ (Ром 12:9). «Жигших», «зуурч авах» гэдэг бол үнэхээр хүчтэй үг юм. «Жигших» гэдэг үгийг «туйлын их үзэн ядах» гэж орчуулж болдог. Бид муу муухай явдлын үр урхгийг төдийгүй, муу явдлыг үзэн ядах ёстой (Дуулал 97:10). «Зуурч авах» гэж орчуулсан грек үйл үгийг үгчилбэл «наалдах» гэсэн утгатай ажээ. Бусдыг жинхэнэ ёсоор хайрладаг христиан хүн сайн юманд бат «наалдсан» буюу сайн үйлс хийхийг амьдралынхаа салшгүй хэсэг болгосон байдаг.

9. Паул юуг олон удаа уриалсан байдаг вэ?

9 Хүмүүсийг хайрладгаа харуулах нэг өвөрмөц аргыг Паул олонтаа дурдсан байдаг. Тэрбээр: «Та нарыг хавчигч хүмүүсийг ерөө. Ерөө, харин бүү хараа», «Хэнд ч хэзээ ч бузар мууг бузар муугаар бүү хариул», «Хайртууд минь, хэзээ ч өөрийн өшөө хонзонг бүү ав», «Бузар муугаар бүү дийл, харин бузар мууг сайнаар дийлэгтүн» гэж уриалжээ (Ром 12:14, 17–19, 21). Итгэгч бус, тэр байтугай, эсэргүүцэгч хүмүүстэй хэрхэн харьцах ёстойг Паулын үг тодорхой харуулдаг.

«Та нарыг хавчигч хүмүүсийг ерөө»

10. Хавчигчдаа ерөөх нэг арга юу вэ?

10 «Та нарыг хавчигч хүмүүсийг ерөө» хэмээсэн Паулын уриалгыг яаж хэрэгжүүлэх вэ? (Ром 12:14). Есүс дагалдагчдадаа: «Дайснуудаа хайрла, та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө залбир» гэж хэлсэн байдаг (Матай 5:44; Лук 6:27, 28). Тэгэхлээр, хавчигчдаа ерөөх нэг арга бол тэдний төлөө залбирах явдал ажээ. Өөрөөр хэлбэл, мэдэхгүйгээсээ болж биднийг эсэргүүцэж байгаа хүмүүсийн нүдийг нээж, үнэнийг ойлгуулахыг Бурхнаас гуйна гэсэн үг (2 Коринт 4:4). Хавчигчдынхаа төлөө Бурханд залбирна гэхлээр этгээд хачин санагдаж болох юм. Гэхдээ бодол санаагаа Христийнх шиг болгох тусам дайснуудаа илүү их хайрлаж чадна (Лук 23:34). Тийн хайрлавал ямар үр дүнд хүрэх вэ?

11. а) Стефаны жишээ бидэнд ямар сургамжтай вэ? б) Паулд тохиолдсон явдлыг үзвэл, хавчигч хүн хэрхэн өөрчлөгдөж болох вэ?

11 Хавчигчдынхаа төлөө залбирсан хүн бол Стефан бөгөөд Бурхан залбиралд нь хариулжээ. Христиан хурлыг эсэргүүцэгчид МЭ 33 оны Пентекостын өдрийн дараахан Стефаныг барьж аваад, Иерусалимаас чирч гарган, тал талаас нь чулуу шидэж алжээ. Стефан үхэхийнхээ өмнө тэдний төлөө залбирч, «Энэ нүглийн төлөө тэдэнд шийтгэл бүү оноогооч» хэмээн хашгирчээ (Үйлс 7:58–8:1). Тэр хүмүүсийн нэг бол Стефаныг хөнөөхийг нүдээрээ үзэж, дэмжин сайшааж байсан Саул юм. Хожим нь, дахин амилсан Есүс Саултай ярилцжээ. Урьд нь хавчигч байсан энэ хүн Христийн дагалдагч болж, элч Паул нэрээр алдаршин, «Ром» номыг бичжээ (Үйлс 26:12–18). Стефаны залбирсан ёсоор Ехова Паулыг уучилж, христиануудыг хавчиж явсан нүгэлт хэргийг нь өршөөсөн (1 Тимот 1:12–16). Тэгэхлээр, «Та нарыг хавчигч хүмүүсийг ерөө» хэмээн Паулын уриалсны учир тодорхой болж байна. Хавчигч хүн ч яваандаа Бурхны үйлчлэгч болж болдгийг тэрбээр биеэрээ үзсэн. Өнөө үед ч бас зарим хавчигч Еховагийн үйлчлэгчдийн эвтэй найртай харьцааны ачаар Гэрч болдог.

«Бүх хүнтэй эвтэй байгтун»

12. Ром 12:17-ийн зөвлөгөө Ром 12:9-ийн зөвлөгөөтэй ямар холбоотой вэ?

12 Паул цааш нь итгэл нэгтнүүд ба бусад хүнтэй хэрхэн харьцах хэрэгтэйг зөвлөж, «Хэнд ч хэзээ ч бузар мууг бузар муугаар бүү хариул» гэж бичжээ. Энэ нь «Бузар мууг жигш» хэмээн өмнө нь хэлснээс нь урган гарсан үг байлаа. Бусдаас хариугаа авахын тулд муу юм хийдэг хүн бузар мууг үнэхээр жигшдэг байж таарах уу? Тийм хүний хайрыг «хоёр нүүргүй» гэж хэлэх аргагүй. Дараа нь Паул: «Бүх хүний өмнө юу нь зөв болохыг л харгалзан үзэж бай» гэжээ (Ром 12:9, 17). Энэ зөвлөгөөг яаж хэрэгжүүлэх вэ?

13. Христианууд бид «бүх хүний өмнө» биеэ хэрхэн авч явах хэрэгтэй вэ?

13 Урьд нь Паул Коринт хотын христиануудад бичсэн захидалдаа Есүсийн элч нарт тулгарч байсан хавчлага эсэргүүцлийн тухай дурдсан байдаг. Тэрбээр: «Бид ертөнцөд, тэнгэр элч нарт ч, хүмүүст ч үзмэр болжээ. [...] Биднийг зүхэхэд нь ерөөж, хавчихад нь тэвчиж, гүтгэхэд нь тайтгаруулахыг бид хичээдэг» гэжээ (1 Коринт 4:9–13). Өнөөдөр ч гэсэн жинхэнэ христианууд энэ ертөнцийн хүмүүст үзмэр болдог. Бидэнтэй шударга бус харьцаж байхад ч сайн үйл хийгээд байвал орчин тойрны маань хүмүүс үүнийг ажиглаад, Хаанчлалын тухай сайн мэдээнд нааштай ханддаг болж болох юм (1 Петр 2:12).

14. Хүнтэй эвтэй байхын тулд яах хэрэгтэй вэ?

14 Хүнтэй эвтэй байхын тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй. Паул итгэл нэгтнүүддээ: «Хэрэв боломжтой бол, та нараас шалтгаалж байгаа бол бүх хүнтэй эвтэй байгтун» гэж хэлжээ (Ром 12:18). «Боломжтой бол», «та нараас шалтгаалж байгаа бол» гэж бичсэн нь бүх хүнтэй үргэлж эвтэй найртай байх тэр бүр амаргүйг харуулдаг. Бид хүнтэй л эвтэй байвал боллоо гээд Бурхныхаа тушаалыг зөрчихгүй нь ойлгомжтой (Матай 10:34–36; Еврей 12:14). Гэхдээ Библийн зарчмыг зөрчихгүйгээр «бүх хүнтэй» эвтэй байхын тулд чадах бүхнээ хийдэг.

«Хэзээ ч өөрийн өшөө хонзонг бүү ав»

15. Ром 12:19-д хариу авахгүй байх ямар шалтгааныг бичсэн байдаг вэ?

15 Мөн, бусадтай тооцоо бодохгүй байх нь даруу зангийн илрэл болдог. Элч Паул: «Хайртууд минь, хэзээ ч өөрийн өшөө хонзонг бүү ав. Харин Бурхны уур хилэнд зай гарга. Учир нь „Өшөө авалт нь Минийх, Би буцааж төлнө“ гэж Эзэн [«Ехова», ШЕ] айлдав» хэмээн бичжээ (Ром 12:19). Хэрэв христиан хүн өшөө авахыг оролдвол биеэ тоож, Бурхны үүргийг өөртөө авч байна гэсэн үг (Матай 7:1). Түүнээс гадна, өөрөө өшөө авна гэдэг бол «Би буцааж төлнө» гэсэн Еховагийн үгэнд итгэхгүй байгаагийн шинж юм. Харин жинхэнэ христианууд Еховаг «сонгосон хүмүүсээ... өмгөөлнө» гэдэгт итгэдэг (Лук 18:7, 8; 2 Тесалоник 1:6–8). Тэд хэрэг явдлыг Еховад даруухнаар даатгадаг (Иеремиа 30:23, 24; Ром 1:18).

16, 17. а) Хүний толгой дээр «галтай нүүрс овоолох» гэж юу гэсэн үг вэ? б) Сайн үйлсийн ачаар итгэгч бус хүний хатуу сэтгэл хайлсан түүхийг ярина уу.

16 Өшөө авбал дайсны сэтгэл улам хатуурна. Харин сайхан сэтгэлээр хандвал сэтгэл зүрх нь уярна. Ромын христиануудад Паулын юу гэж бичсэнийг авч үзье. «Дайсан чинь өлссөн бол түүнийг хоолло. Хэрэв тэр цангасан бол түүнд уух юм өг. Учир нь чи ингэснээрээ түүний толгой дээр галтай нүүрс овоолж байгаа хэрэг» гэжээ (Ром 12:20; Сургаалт үгс 25:21, 22). Үүнийг юу гэж ойлгох вэ?

17 «[Дайсны] толгой дээр галтай нүүрс овоолох» гэдэг хэллэг металл хайлуулах эртний аргаас үүсжээ. Жишээ нь, төмрийн хүдрийг зууханд хийж хайлуулахдаа, доор нь нүүрс дэвсэхээс гадна, бас дээр нь овоолдог байжээ. Дээр нь нүүрс шатаахад халуун нэмэгдэж, улмаар төмөр нь хайлж, хольц шаараасаа цэвэршдэг байна. Үүнтэй адилаар, эсэргүүцэгч этгээдэд сайн үйл хийхэд хатуу сэтгэл нь «хайлж», сайн чанар нь тодрон гарч болох юм (Хаадын дэд 6:14–23). Үнэхээр ч тийм байдаг. Өөрсдийнх нь төлөө хийсэн Еховагийн үйлчлэгчдийн сайн үйлсэд сэтгэл татагдаж, Гэрч болсон хүмүүс христиан хуралд цөөнгүй бий.

Христианууд хариугаа авдаггүйн учир

18. Хариугаа авахгүй байх нь яагаад зөв хэрэг бөгөөд бусдыг хайрлаж байгаагийн, бас даруу зангийн илрэл бэ?

18 «Ром» номын 12-р бүлгийг товч ярилцаад, «хэнд ч хэзээ ч бузар мууг бузар муугаар хариулахгүй» байх гурван чухал шалтгааныг мэдэж авлаа. Нэгдүгээрт, хариу авахгүй байх нь зөв хэрэг юм. Бурхан бидэнд хэчнээн их энэрэл үзүүлснийг бодож үзвэл Еховад өөрийгөө «тахил болгон өргөж», бүх тушаалыг нь, тэр дундаа, дайснаа хайрла гэсэн тушаалыг нь дуулгавартай биелүүлэх нь зөв бөгөөд ухаалаг ажээ. Хоёрдугаарт, «бузар мууг бузар муугаар хариулахгүй» байх нь бусдыг хайрлаж байгаагийн илрэл. Тооцоо бодохгүй байж, эв эеийг сахих нь ширүүн эсэргүүцэгчдийг хүртэл хайрлаж, тэднийг Еховагийн үйлчлэгч болоход нь тусална гэж найддагийнх юм. Гуравдугаарт, хариугаа авахгүй байх нь даруу зангийн илрэл мөн. Харин өшөө авбал биеэ тоосонтой адил болно. Учир нь Ехова: «Өшөө авалт нь Минийх» гэж хэлсэн байдаг. Бас Сургаалт үгс 11:2-т: «Бардам зан нэр хугална. Даруу зан болбоос мэргэн ухаан» гэж бий. Хэрэг явдлыг Еховад даатгах нь даруу байгаагийн шинж юм.

19. Дараагийн өгүүллээр ямар ямар асуултыг ярилцах вэ?

19 Христиан хүн бусадтай хэрхэн харьцах ёстойг ийнхүү бичсэнийхээ эцэст Паул: «Мууд үл дийлдэн, харин сайнаар мууг дийлэгтүн» хэмээн уриалжээ (Ром 12:21, МАБ). Тэгвэл бидэнд саад тотгор учруулдаг «муу» гэж юу вэ? Тэр «мууг» яаж дийлэх вэ? Эдгээр болон бусад асуултыг дараагийн өгүүллээр ярилцъя.

Хариулна уу

«Ром» номын 12-р бүлэгт ямар зөвлөгөөг олон дахин өгсөн байдаг вэ?

• Бид яагаад бусадтай тооцоо боддоггүй вэ?

• «Бузар мууг бузар муугаар хариулахгүй» байх нь өөрсдөд маань болон бусдад ямар ач тустай вэ?

[Догол мөрийн асуулт]

[5-р хуудасны хавсралт]

«Ром» номын 12-р бүлэгт христиануудын...

• Ехова Бурхантай...

• итгэл нэгтнүүдтэй...

• итгэгч бус хүмүүстэй...

...хэрхэн харьцах тухай бичсэн байдаг