Ехова шударга ёсыг хайрладаг
Ехова шударга ёсыг хайрладаг
«ЭЗЭН Би шударга ёсыг хайрладаг» (ИСАИА 61:8).
1, 2. а) «Шударга» байх, «шударга бус» байх гэж яахыг хэлдэг вэ? б) Ехова Бурхан болон түүний шударга чанарын талаар Библид юу гэж байдаг вэ?
ШУДАРГА байх гэдэг нь чигч үнэнч, алаг үздэггүй байх, ёс суртахууны хувьд зөв, сайн юм хийхийг хэлдэг. Харин шударга бус байх гэдэг нь зүй бус юм хийх, хар буруу санах, гэмгүй хүнд хор хөнөөл учруулахыг хэлнэ.
2 3500 жилийн тэртээ Мосе гэгч хүн орчлонт ертөнцийн Хэмжээгүй эрхт Эзэн Еховагийн тухай: «Түүний бүх зам мөр нь шударга. Итгэмжит Бурханд худал хуурмаг үгүй» хэмээн бичжээ (Дэд хууль 32:4). Түүнээс долоон зууны дараа Бурхан зөнч Исаиад онгод оруулж: «ЭЗЭН Би шударга ёсыг хайрладаг» гэж бичүүлжээ (Исаиа 61:8). Хожим I зуунд элч Паул: «Бурханд шударга бус юм байдаг уу? Бүү ийм байх болтугай!» хэмээн бичсэн байдаг (Ром 9:14). Мөн тэр үед элч Петр: «Бурхан бол нүүр тал хардаггүй бөгөөд Түүнээс эмээгч, зөвийг үйлдэгч алив үндэстний хүн Түүнд таалагддаг» гэжээ (Үйлс 10:34, 35). Тийм ээ, Ехова «шударга ёсыг хайрладаг» (Дуулал 37:28; Малахи 3:6).
Шударга бус явдал давамгайлж байна
3. Шударга бус явдал юунаас үүдэлтэй вэ?
3 Өнөөгийн нийгэмд шударга ёс гэж үгүй болжээ. Хүмүүс ажил, сургууль дээрээ, эрхтэн дархтнуудын зүгээс, тэр байтугай, гэр бүлийнхээ хүрээнд шударга бус явдлын золиос болдог. Гэхдээ энэ бол шинэ содон үзэгдэл биш ээ. Сатан Диавол болсон тэрслүү сүнсэн бүтээлийн хатгалгаар анхны хүмүүс самуун дэгдээж, Бурхны хуулийг зөрчсөнөөр шударга бус явдлын эхлэл тавигдсан түүхтэй. Адам Ева Сатан гурав Еховагийн өгсөн гайхамшигтай бэлэг болох сонгох эрх чөлөөг буруу эдэлсэн нь үнэхээр шударга ёсонд нийцээгүй хэрэг байлаа. Тэд ийм буруу хэрэг хийж, хүн төрөлхтөнд асар их гай зовлон тарьж, үхэл хагацал авчиржээ (Эхлэл 3:1–6; Ром 5:12; Еврей 2:14).
4. Хүний нийгэмд шударга бус явдал гараад хэр удаж байна вэ?
4 Еденд самуун дэгдсэнээс хойших 6000 жилийн хугацаанд шударга бус явдал хүний нийгэмд гарсаар байна. Сатан энэ ертөнцийн бурхан учир ингэх нь ч аргагүй юм (2 Коринт 4:4). Сатан бол худалч бөгөөд худал хуурмагийн эцэг, Еховаг гүтгэдэг, эсэргүүцдэг нэгэн мөн (Иохан 8:44). Тэрбээр үргэлж аймшигтай шударга бус хэрэг үйлддэг. Жишээ нь, Ноагийн үеийн Усан галаваас өмнө «дэлхий дээрх хүмүүсийн бузар гэм нь үлэмж их, бас тэдний сэтгэл санаа, хүсэл бодол бүхэн нь ямагт муухай болсны» нэг шалтгаан нь Сатаны хорон муу нөлөө байжээ (Эхлэл 6:5). Тийм байдал Есүсийн үед ч газар авсан байв. Тэрбээр: «Өдөр бүрийн зовлон тухайн өдөртөө хангалттай» гэсэн нь хүмүүс шударга бус явдал гэх мэтээс болж өдөр бүр зовдгийг хэлсэн хэрэг ажээ (Матай 6:34). Тэгэхлээр, Библид: «Өнөөг хүртэл бүх бүтээл нь хамтдаа ёолон, хамтдаа төрөх зовлонг эдэлдэг» гэж бичсэн нь тун оножээ (Ром 8:22).
5. Өнөө үед шударга бус явдал урьдынхаас их болсон нь ямар учиртай вэ?
5 Хүний түүхийн аль ч үед шударга бус явдлыг дагуулсан муу муухай явдал тасраагүй. Одоо байдал улам дордож байна. Учир нь олон арван жил үргэлжилж байгаа ёс бус ертөнцийн «эцсийн өдрүүдийн» төгсгөл ойртож, «хэцүү цаг» иржээ. Библид зөгнөснөөр, өнөөгийн хүмүүс «өөрсдийгөө хайрлагчид, мөнгийг хайрлагчид, сагсуурагчид, их зантай, доромжлогчид, ... үл талархагч, ариун бус, үл хайрлагч, эвлэршгүй, гүжирдэгчид, биеэ хянадаггүй, хэрцгий, сайныг үзэн ядагчид, тэрслэгчид, бодлогогүй, биеэ тоодог» болсон (2 Тимот 3:1–5). Энэ мэтийн муу зан чанар аливаа шударга бус явдалд хүргэдэг.
6, 7. Орчин үед хүн төрөлхтөн ямар ямар шударга бус явдлаас болж зовж байна вэ?
6 Өнгөрсөн зуунд шударга бус явдал урьд хожид байгаагүй их гарсан. Үүний нэг шалтгаан нь хүн төрөлхтний түүхэнд байгаагүй их дайн гарсан явдал юм. Жишээ нь, зарим түүхчийн тооцоолсноор, зөвхөн дэлхийн ІІ дайнд гэхэд л 50–60 сая орчим хүн амь насаа алдсаны дийлэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд, энгийн номхон ард иргэд байжээ. Уг дайнаас хойш гарсан янз бүрийн мөргөлдөөний улмаас олон сая хүн амь үрэгдсэний ихэнх хувийг мөн л энгийн номхон ард иргэд эзэлдэг. Сатан тун удахгүй Еховад бүрмөсөн ялагдах гэж байгаагаа мэдээд, уурлан хорссондоо энэ мэт шударга бус явдлыг дэвэргэдэг. Энэ тухай Библид: «Диавол үлэмж их уур хилэнтэйгээр та нар руу бууж ирсэн. Өөрт нь богинохон хугацаа байгааг тэр мэдэж байгаа» хэмээн бичсэн байдаг (Илчлэлт 12:12).
7 Дэлхийн хэмжээгээр цэрэг дайны ажиллагаанд жил бүр нэг триллион (1,000,000,000,000) орчим доллар зарцуулдаг. Гэтэл олон зуун сая хүн наад захын хэрэгцээгээ ч хангаж чадахгүй байна. Тэр их мөнгийг энхийн зорилгоор зарцуулсан бол их тус болох байсан даа! Нэг хэсэг нь элбэг хангалуун амьдарч байхад, бараг нэг тэрбум хүн идэх хоолгүй хоног төөрүүлж байгаа байна. НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээлснээр, өлсгөлөнгийн улмаас жил бүр таван сая орчим хүүхэд нас бардаг ажээ. Шударга бус явдал биш гэж үү? Бас үр хөндөлтийн уршгаар жил бүр, барагцаалбал 40–60 сая гэм буруугүй хүүхэд амиа алддаг гээд бод доо! Ямар аймшигтай шударга бус явдал бэ!
8. Хүн төрөлхтний төлөө жинхэнэ шударга ёсыг хэн тогтоож чадах вэ?
8 Өнөөдөр хүн төрөлхтөн өмнөө тулгарч буй эдгээр ярвигтай асуудлыг шийдэх арга замыг олж чадахгүй байна. Тэгээд ч хүн хэчнээн хичээгээд, байдал дээрдэхгүй нь ойлгомжтой. Өнөө үед «муу хүмүүс, мэхлэгч нар хуурч, хуурагдан улам бүр бузар муу болохыг» Бурхны Үгэнд зөгнөсөн байсан (2 Тимот 3:13). Шударга бус явдал өдөр алгасахгүй гардаг болжээ. Ингэтлээ гаарсан тул үүнийг хүмүүс биш, харин шударга Бурхан л таслан зогсоож чадна. Сатан, чөтгөрүүд, ёс бус хүмүүсийг гагцхүү Бурхан л зайлуулах чадалтай (Иеремиа 10:23, 24).
Санаа зовох нь зүйн хэрэг
9, 10. Асаф ямар учраас сэтгэлээр унасан бэ?
9 Бурхныг хүмүүсийн үйл хэрэгт хөндлөнгөөс оролцож, зөв байдал, шударга ёсыг тогтоохгүй байгаад Библийг бичсэн зарим хүн хүртэл гайхдаг байжээ. Тийм нэг хүнийг жишээ болгон авч үзье. 73-р дууллын тайлбарт Асаф гэдэг нэр гардаг. Асаф гэдэг нь Давид хааны үеийн леви овгийн гарамгай хөгжимчин байж болох юм. Эсвэл энэ нэрээр Асафын удмын хөгжимчдийг хэлсэн байж магадгүй. Асаф болон түүний үр хүүхдийн зохиосон олон сайхан дуу хөгжмийг ард олон Еховаг шүтэхдээ дуулж хөгжимддөг байсан. Гэсэн хэдий ч, энэ дуулалч нэг хэсэг, сэтгэлээр унаж, Бурханд үйлчлэх идэвх зүтгэлээ алджээ. Хорон муу хүмүүс баян чинээлэг амьдарч, ямар ч муу муухай юм үзэлгүй, үргэлж сэтгэл хангалуун явдаг юм шиг түүнд санагджээ.
10 Дуулал 73:2–8-д: «Би хорон муу хүний амжилтыг харан, сайрхагчид атаархсан. Учир нь тэд үхэх цагтаа өвчингүй байдаг бөгөөд тэдний бие нь тарган юм. Тэд бусад хүмүүс шиг зовлонгүй, хүн төрөлхтөн шиг ч гай гамшиггүй» гэж бичжээ. Гэхдээ дуулалч буруу бодож байснаа яваандаа ухаарчээ (Дуулал 73:15, 16). Тэрбээр үзэл бодлоо засаж залруулахыг оролдсон. Гэвч зөв шударга хүмүүс зовж байхад, муу хүмүүс зүгээр яваад байдгийн учрыг бүрэн гүйцэд ойлгож чадаагүй.
11. Дуулалч Асаф юу ойлгосон бэ?
11 Эцэст нь, Бурханд үнэнч энэ хүн хорон муу хүмүүсийг юу хүлээж байгааг ухаарчээ. Ехова тэднийг шийтгэх нь гарцаагүй байв (Дуулал 73:17–19). «ЭЗЭНийг хүлээж, Түүний замаас бүү гар. Тэгвэл газар нутгийг өвлүүлэхээр Тэр чамайг өргөмжилнө. Хорон муу хүн таслагдахад чи үүнийг үзэх болно» хэмээн Давид бичсэн байдаг (Дуулал 37:9, 11, 34).
12. а) Ехова муу муухай бүхэн, шударга бус явдлыг яах зорилготой вэ? б) Ехова шударга бус явдлыг арилгана гэхлээр танд ямар санагддаг вэ?
12 Цаг нь болохлоор Ехова шударга бус явдлыг араасаа дагуулдаг муу муухай бүхнийг газрын хөрснөөс заавал арчина. Энэ санаа зорилгыг нь үнэнч христианууд ч байнга санаж явах учиртай. Ехова хүсэл тааллыг нь эсэргүүцдэг хүмүүсийг зайлуулж, хууль тушаалыг нь биелүүлдэг хүмүүсийг шагнана. «Түүний мэлмий, Түүний зовхи хүний хөвгүүдийг шалгадаг юм. ЭЗЭН зөв шударга хийгээд хорон муу хүнийг шалгадаг бөгөөд хүчирхийлэлд дурлагчийг Түүний сэтгэл үзэн яддаг билээ. Тэрээр хорон муу хүн дээр тор, ...гал, хүхэр болон түлэх салхи [буулгана]... ЭЗЭН зөв шударга, Тэрээр зөв шударга байдалд дуртай» (Дуулал 11:4–7).
Шинэ ертөнцөд шударга ёс тогтоно
13, 14. Шинэ ертөнцөд зөв байдал, шударга ёс юуны ачаар тогтох вэ?
13 Ехова Сатаны мэдэлд байдаг өнөөгийн шударга бус ертөнцийг устгаад, шинэ ертөнцийг байгуулна. Тэр үед тэнгэрийн Хаанчлал хүн төрөлхтнийг захирна. Есүс шавь нартаа: «Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэрт шигээ газар дээр биелэгдэх болтугай» хэмээн тэр Хаанчлалын талаар залбирахыг зааж байсан билээ. Бурхан энэхүү залбиралд бүрэн дүүрэн хариулах учир тэр цагт бузар муу, шударга бус явдал үгүй болж, зөв байдал, шударга ёс тогтоно (Матай 6:10).
14 Чин сэтгэлтэй хүмүүсийн хүсэн хүлээж буй тийм засгийн газар ирээдүйд хүн төрөлхтнийг удирдахыг Библид бичсэн байдаг. Тэр цагт Дуулал 145:16-д: «[Ехова Бурхан] Та мутраа дэлгэн, бүх амьтны хүслийг хангана» гэсэн зөгнөл бүрэн биелнэ. Бас Исаиа 32:1-д: «Үзэгтүн, хаан нь [буюу тэнгэрт байгаа Есүс Христ] үнэн зөвөөр хаанчлан, ноёд нь [буюу дэлхий дээрх Христийн төлөөлөгчид] шударгаар захирна» гэсэн байдаг. Хаан Есүс Христийн талаар Исаиа 9:7-д: «Давидын сэнтий, түүний хаанчлалд шударга ёс, үнэн зөвийг үеийн үед тогтооход, Түүний засаглал болон энх амгалан нь одоогоос үүрд мөнхөд байх болно. Түмэн цэргийн ЭЗЭНий зүтгэл үүнийг хэрэгжүүлнэ» гэж бичжээ. Та өөрийгөө тийм шударга засгийн газрын удирдлага дор амьдарч байна гээд төсөөлөөд үз дээ.
15. Ехова шинэ ертөнцөд хүн төрөлхтний төлөө юу хийх вэ?
15 Номлогчийн үгс 4:1-д: «Наран доор үйлдэгдэх дарамт дарлалын бүх үйлдлийг дахин би харлаа. Дарлагдагсдын нулимсыг харж байхад тэднийг тайтгаруулах хэн ч алга. Дарлагсдын талд хүч байхад, харин тэдэнд тайтгаруулах хүн алга байв» хэмээсэн үгийг Бурхны шинэ ертөнцөд хэн ч дахин хэлэхгүй. Зөв шударга шинэ ертөнцөд амьдрах хэчнээн сайхан байхыг төгс бус хүмүүс бид яг таг төсөөлж чадахгүй байж болох юм. Тэр цагт муу муухай бүхэн бүрмөсөн үгүй болж, амьдрал сайн сайхнаар бялхана. Ехова бүх зүйлийг хүсэл таалалдаа нийцүүлэн засаж залруулж, бидний санаж байснаас ч илүүг хийх юм. Элч Петр ариун сүнсээр удирдуулан: «[Бурхны] амлалтын дагуу бид зөвт байдал оршдог шинэ тэнгэр, шинэ газрыг хүлээн байна» хэмээн бичсэн байдаг (2 Петр 3:13).
16. Бурхны байгуулсан «шинэ тэнгэр» гэж юу вэ? «Шинэ газар» хэрхэн бэлтгэгдэж байна вэ?
16 «Шинэ тэнгэр» буюу Христийн удирдлагад байдаг тэнгэрийн засгийн газар хэдийнээ байгуулагдчихаад байгаа билээ. «Шинэ газар» буюу Бурхны үнэнч үйлчлэгчдийн амьдрах шинэ нийгмийн цөмийг бүрдүүлэх хүмүүс өнөөгийн эцсийн өдрүүдэд цугларч байна. Тэд бараг 7 саяулаа, доод тал нь 235 орны 100 000 орчим хуралд мөр зэрэгцэн үйлчилж байна. Дэлхий даяар буй энэ олон сая хүн Ехова Бурхны зөв шударга хэм хэмжээнд суралцдагийнхаа ачаар христиан хайраар нэгддэг. Эв нэгдлээрээ түүхэнд алдаршсан энэ хүмүүсийг юу ч хагалан бутаргаж чадахгүй. Тийм эв нэгдлийг Сатаны ертөнцөөс олох аргагүй. Өнөөдөр Бурхны үйлчлэгчид бие биеэ тийнхүү чин сэтгэлээсээ хайрлан, эв нэгдэлтэй байдаг нь зөв байдал, шударга ёс тогтох Бурхны шинэ ертөнцөд амьдрал хэчнээн сайхан байхыг харуулдаг (Исаиа 2:2–4; Иохан 13:34, 35; Колоссай 3:14).
Сатаны довтолгоо бүтэхгүй
17. Сатан Бурхны ард түмэн рүү эцсийн удаа довтолсон ч яагаад бүтэлгүйтэх вэ?
17 Сатан ба түүний хамсаатнууд Еховагийн үйлчлэгчдийг бүрмөсөн устгахаар удахгүй довтолно (Езекиел 38:14–23). Энэ үйл явдал нь Есүсийн хэлсэн, «ертөнцийн эхнээс өнөөг хүртэл болоогүй, мөн хэзээ ч болохгүй агуу их гай гамшгийн» нэг хэсэг байх юм (Матай ). Сатан довтлоод амжилт олох уу? Олохгүй. Учир нь Бурхны Үгэнд: «ЭЗЭН шударга ёсыг хайрладаг бөгөөд Өөрийн бурханлаг хүмүүсийг орхидоггүй. Тэд мөнхөд хамгаалуулсан, харин хорон муу хүний үр удам таслагдах болно. Зөв шударга хүн газар нутгийг өвлөж, түүнд мөнхөд оршин суух болно» гэсэн амлалт байдаг ( 24:21Дуулал 37:28, 29).
18. а) Сатаныг ард түмэн рүү нь сүүлчийн удаа довтлоход Бурхан яах вэ? б) Шударга ёс ялах тухай энэ өгүүлэл танд ямар ач тустай байсан бэ?
18 Сатан болон түүний талынхан Еховагийн үйлчлэгчид рүү дайрч, эрээ цээргүй авирлана. Гэхдээ ийм явдал дахин гарахгүй. Учир нь Ехова зөнч Зехариагаар: «Та нарт хүрэгч нь [миний] мэлмийн цэцгийд хүрдэг» гэж хэлүүлжээ (Зехариа 2:8). Ард түмэн рүү нь довтолно гэдэг Еховагийн нүдийг хатгасантай адил аж. Тийм учраас, Ехова даруй арга хэмжээ авч, тэр этгээдүүдийг устгана. Бурхны үйлчлэгчид хамгийн их хайр халамжтай, эв нэгдэлтэй, амар амгалан, хууль журмыг чанд сахидаг хүмүүс учир тэдэн рүү довтлох нь ямар ч үндэслэлгүй, шударга бус хэрэг юм. Шударга ёсыг дээд зэргээр хайрладаг Ехова Бурхан энэ явдлыг зүгээр өнгөрөөхгүй. Бурхныг үйлчлэгчдийнхээ төлөө арга хэмжээ авахад ард түмэнд нь дайсагнадаг этгээдүүд бүрмөсөн устгагдаж, шударга ёс ялан дийлж, жинхэнэ шашныг шүтдэг хүмүүс аврагдана. Ийм гайхалтай, сэтгэл хөдөлгөм үйл явдал болох цаг тун ойрхон байна (Сургаалт үгс 2:21, 22).
Хариулна уу
• Шударга бус явдал давамгайлж байгаагийн учир юу вэ?
• Дэлхий дээрх шударга бус явдлыг Ехова хэрхэн шийдэх вэ?
• Шударга ёс ялах тухай энэ өгүүллийн юу нь таны сэтгэлд хоногшин үлдсэн бэ?
[Догол мөрийн асуулт]