Skip to content

Гарчиг руу орох

Та Бурхны нүдэнд баян хүн мөн үү?

Та Бурхны нүдэнд баян хүн мөн үү?

Та Бурхны нүдэнд баян хүн мөн үү?

«Биеийнхээ төлөө эд баялаг хуримтлуулавч Бурхны хувьд баян биш хүн үүнтэй адил байна» (ЛУК 12:21, ШГ).

1, 2. а) Хүмүүс юуны төлөө байгаа бүхнээ золиослоход бэлэн байдаг вэ? б) Христиануудад ямар бэрхшээл тулгарч, ямар аюул учирч болох вэ?

 ОЛОН зууны туршид хүмүүс эд баялагтай болохын төлөө зүтгэсээр, тэмцсээр иржээ. Тухайлбал, XIX зуунд Австрали, Өмнөд Африк, Канад, АНУ-д алтны орд газрууд нээгдэхэд, олз ашиг хайгчид эх нутаг, элгэн саднаа орхихоос ч үл буцан, таньж мэдэхгүй, заримдаа бүр дайсагнаж ч мэдэх тэдгээр орныг зорьж, урт замыг туулж байлаа. Ер нь, олон хүн эд баялагтай болох гэсэн хүслээ биелүүлэхийн тулд амь насаараа дэнчин тавьж, байгаа бүхнээ золиослоход бэлэн байдаг.

2 Орчин үед ихэнх хүн алт хайж явдаггүй ч амьдрахын төлөө борви бохирохгүй ажиллахаас өөр аргагүй болжээ. Өөрийгөө тэжээнэ гэдэг өнөөгийн нийгэмд хүнд хэцүү, дааж давшгүй хэрэг ч байж болох юм. Хоол унд, хувцас хунар, гэр орноо хэтэрхий их анхаарснаас болоод илүү чухал юмыг үл хайхрах юм уу мартах амархан (Ром 14:17). Лук 12:16–21-д байгаа, Есүсийн ярьсан нэгэн ёгт үлгэрт ийм байдлыг тод томруун дүрсэлжээ.

3. Лук 12:16–21-д гардаг ёгт үлгэрийг товч ярина уу.

3 Есүс шуналаас өөрийгөө хамгаалах шаардлагатайг анхааруулсныг өмнөх өгүүллээр дэлгэрэнгүй ярилцсан. Тийнхүү анхааруулсныхаа дараа нэгэн баяны тухай ёгт үлгэр ярьжээ. Тэр хүн амбаар дүүрэн эд хөрөнгөндөө сэтгэл нь ханахгүй, улам ихийг хураахын тулд амбааруудаа буулгаад, бүр томыг барихаар шийддэг. Тэгээд сайхан жаргана даа гэж бодсонд, Бурхан түүнд үхэх цаг нь ойртож, хураасан хөрөнгө нь хүнийх болох гэж байгааг хэлдэг. Есүс: «Биеийнхээ төлөө эд баялаг хуримтлуулавч Бурхны хувьд баян биш хүн үүнтэй адил байна» хэмээн ёгт үлгэрээ төгсгөжээ (Лук 12:21, ШГ). Энэ ёгт үлгэр бидэнд ямар сургамжтай вэ? Авсан сургамжийг амьдралдаа яаж хэрэгжүүлэх вэ?

Шийдэх хэрэгтэй асуудал

4. Ёгт үлгэрт гардаг хүний талаар юу хэлж болох вэ?

4 Өнөөдөр олон хүнд ойлгомжтой нөхцөл байдлыг Есүсийн ёгт үлгэрт дүрсэлжээ. «Нэгэн баян хүний газар нь маш үржил шимтэй байжээ» гэж үлгэр эхэлдэг. Тэр хүнийг луйврын аргаар ч юм уу хууль бусаар эд хөрөнгөтэй болсон гэж хэлээгүй. Өөрөөр хэлбэл, тэр баян муу хүн биш байв. Харин ч, Есүсийн хэлснийг бодвол, их хөдөлмөрч хүн байжээ гэж үзэж болох юм. Өөрийнхөө ч юм уу, эсвэл гэрийнхнийхээ ирээдүйг бодож, эд хөрөнгө хураасан гэж ойлгож болохоор байна. Тэгэхлээр, Бурханд үйлчилдэггүй хүний нүдээр харвал, баян эр үүргээ сайн биелүүлдэг, хөдөлмөрч хүмүүсийг төлөөлж байж болох юм.

5. Есүсийн ёгт үлгэрт гардаг хүнд юу тохиолдсон бэ?

5 Ямар ч байлаа гэсэн, ёгт үлгэрийн баатар угийн их хөрөнгөтэй, хур баян хүн байв. Тэгтэл ийм нэг юм болжээ. Бодож байснаас нь хамаагүй их ургац гарч, хураасан үр тариа нь хэрэгцээнээс нь хэтэрч, амбааруудад нь багтсангүй. Яах вэ?

6. Орчин үед Бурхны олон үйлчлэгчид шийдэх хэрэгтэй ямар асуудал тулгардаг вэ?

6 Өнөөдөр Еховагийн олон үйлчлэгч тэр баяныхтай төстэй байдалд ордог. Ер нь, жинхэнэ христианууд ажлаа чин сэтгэлээсээ, үнэнч шударга, няхуур нямбай хийхийг хичээдэг (Колоссай 3:22, 23). Тэд бусдын удирдлага дор ажилладаг ч бай, хувийн бизнес эрхэлдэг ч бай, ажлаа маш сайн хийдэг учир тушаал дэвших юм уу бизнесээ өргөжүүлэх боломж гарах нь цөөнгүй. Тийм үед яах нь зүйтэй вэ? Түүнчлэн, олон Гэрч хүүхэд онц сурдаг. Тийм учраас, тэдэнд нэр хүндтэй их, дээд сургуульд суралцуулах шагнал, тэтгэлэг амлаж болох юм. Ихэнх залуус тийм саналыг дор нь хүлээж авдаг. Харин христианууд яах хэрэгтэй вэ?

7. Ёгт үлгэрийн баатар асуудлаа яаж шийдсэн бэ?

7 Есүсийн ярьсан ёгт үлгэрийн баатар хадгалах газаргүй болтлоо их ургац хурааж аваад, яалаа? Амбааруудаа буулгаад, бүр томыг барьж, илүү гарсан бүх үр тариа, эд хөрөнгөө тэндээ хадгалахаар шийдсэн шүү дээ. Ингэж шийдчихээд зовох юмгүй болж, сэтгэл нь амарсан биз ээ. Тийм ч учраас: «Би сэтгэлдээ: „Санаа сэтгэл минь, чамд хожмын олон жилийн турш хэрэглэх хөрөнгө байна. Өөрийгөө амраа, ид, уу, зугаац“ гэж хэлнэ дээ» хэмээн боджээ (Лук 12:19).

«Мунхаг» гэсний учир

8. Ёгт үлгэрийн баатар ямар чухал зүйлийг орхигдуулсан бэ?

8 Гэтэл Есүсийн хэлснээр, өнөөх баян үнэхээр зовох юмгүй, санаа амар болсон хэрэг биш байлаа. Өнгөц харахад, шийдвэр нь зөв мэт боловч маш чухал нэг зүйлийг орхигдуулжээ. Тэр нь Бурхны хүсэл таалал байв. Баян эр хар толгойгоо бодож, идэж ууж, амарч зугаацахыг л урьтал болгосон. Их хөрөнгөтэй учраас «олон жил» санаа амар амьдарч болно гэж боджээ. Гэвч эндүүрчээ. «Элбэг хангалуун нэгний амь өөрийнх нь өмч хөрөнгөнөөс хамаардаггүй» гэсэн Есүсийн үг үнэн болж, хэрэг явдал түүний бодсоноор болсонгүй (Лук 12:15). Өнөөх баяны хийсэн бүхэн гэв гэнэт талаар болох нь тэр. Учир нь Бурхан: «Мунхаг чи, яг энэ шөнө амь чинь чамаас нэхэгдэх болно. Тэгвэл чиний бэлтгэснийг хэн эзэмших вэ?» гэж асуужээ (Лук 12:20).

9. Ёгт үлгэрийн баатрыг яагаад мунхаг гэсэн бэ?

9 Одоо, Есүсийн ёгт үлгэрийн гол санааг ярилцъя. Бурхан тэр хүнийг мунхаг гэсэн. Библийн нэгэн тольд тайлбарласнаар, «мунхаг» гэж орчуулсан грек үг нь «ойлгож ухаардаггүй гэсэн ганцхан утгатай» ажээ. Бурхан «тэр баяны ирээдүйн төлөвлөгөө утгагүй хоосон» гэдгийг ойлгуулахын тулд мунхаг гэж хэлж байгаагаар үлгэрт гардаг хэмээн мөн тольд тайлбарлажээ. «Мунхаг» гэдэг үгээр ухаан дутуу хүнийг биш, «Бурхнаас хамаарна гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй хүнийг» хэлсэн хэрэг юм («Exegetical Dictionary of the New Testament»). Ёгт үлгэрт гардаг баян хүний тухай бодохлоор, Бага Ази мужийн Лаодик хотын христиануудад хэлсэн Есүсийн үг санаанд буудаг. Есүс: «Чи: „Би баян. Баяжсан тул дутах зүйл ер байхгүй“ гэдэг. Чи өөрийнхөө хөөрхийлөлтэй, өрөвдмөөр, ядуу, сохор, нүцгэн байгааг мэдэхгүй байна» хэмээжээ (Илчлэлт 3:17).

10. Их «хөрөнгө» «олон жилийн» баталгаа болдоггүйн учир юу вэ?

10 Энэ үлгэр ямар сургамжтайг эргэцүүлэн бодоцгооё. Бид ч бас ёгт үлгэрийн баян шиг болж болзошгүй. Өөрөөр хэлбэл, их «хөрөнгө» хураах гэж зүтгэсээр байгаад, «олон жил» буюу жинхэнэ ирээдүйн баталгаа болох тэр чухал зүйлийг анхаарахаа больж мэдэх юм (Иохан 3:16; 17:3). Библид: «Эд баялаг нь уур хилэнгийн өдөр ямар ч тус болохгүй. Өөрийнхөө баялагт найдагч нэгэн унана» гэж байдаг (Сургаалт үгс 11:4, 28). Тийм ч учраас, Есүс: «Биеийнхээ төлөө эд баялаг хуримтлуулавч Бурхны хувьд баян биш хүн үүнтэй адил байна» хэмээн ёгт үлгэрээ төгсгөжээ (Лук 12:21, ШГ).

11. Сайхан ирээдүй эд хөрөнгөнөөс хамаарна гэж үзэх нь яагаад буруу вэ?

11 Есүс: «Үүнтэй адил байна» гэж хэлэхдээ амьдрал мөнгөн дээр тогтож, ирээдүй эд хөрөнгөнөөс хамаарна гэж боддог хүмүүс ёгт үлгэрийн баян шиг болно гэсэн санаа илэрхийлжээ. «Биеийнхээ төлөө эд баялаг хуримтлуулах» нь буруу биш боловч «Бурхны хувьд баян» биш байх нь хамгийн том алдаа болдог. Шавь Иаков дээрхийн адилаар сэрэмжлүүлэн: «„Өнөөдөр, эсвэл маргааш бид тийм, тийм хот руу явж, тэндээ нэг жил байж, худалдаа хийж ашиг олно“ гэж яригч та нар одоо наашаа ирэгтүн. Амь чинь маргааш ямар байхыг та нар мэдэхгүй» гэж бичжээ. Тэгвэл яах ёстой байсан бэ? «Ингэж хэлэхийн оронд, харин „Хэрэв Эзэн [«Ехова», ШЕ] хүсвэл, бид амьд байж, үүнийг болон түүнийг хийнэ“ гэж яривал зохих» байлаа (Иаков 4:13–15). Хүн хэчнээн баян, хэчнээн их хөрөнгөтэй байлаа ч, Бурхны хувьд баян биш бол энэ бүхэн ямар ч ашиггүй болно. Тэгвэл Бурхны хувьд баян байна гэдэг нь юу гэсэн үг вэ?

«Бурхны хувьд баян» байх гэж юу гэсэн үг вэ?

12. Яавал Бурхны хувьд баян байх вэ?

12 Баян чинээлэг болж, өөртөө эд хөрөнгө хураадаг хүнийг Бурхны хувьд баян биш гэж Есүс хэлжээ. Тэгэхлээр, бидний анхаарах ёстой гол зүйл бол баяжих юм уу эд хөрөнгөнөөсөө таашаал авах явдал биш юм. Бурхны хувьд баян байя гэвэл байгаа бүхнээ Еховатай тогтоосон харьцаагаа бэхжүүлэхэд зориулах учиртай. Тэгвэл Ехова биднийг арвин ихээр ивээнэ. Библид: «ЭЗЭНий ерөөл [«Еховагийн ивээл», ШЕ] баян болгодог бөгөөд тэр харууслыг эс авчирна» гэдэг (Сургаалт үгс 10:22).

13. Еховагийн ивээл яаж «баян болгодог» вэ?

13 Ехова ард түмнээ ивээж, үргэлж хамгийн сайныг өгдөг (Иаков 1:17). Жишээ нь, Израилийн ард түмэнд гэр орон болгож өгсөн газар нь «сүү, балаар бялхсан» нутаг байв. Египетийг ч бас «сүү, балаар урссан» гэдэг боловч Еховагийн израильчуудад өгсөн газрын нэг давуу талыг Мосе: «Бурхан ЭЗЭНий асран хамгаалдаг орон» гэж хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Еховагийн хайр халамжийн ачаар израильчууд сайн сайхан явах байлаа. Тэд Еховад үнэнч байх үедээ их ивээл хүртэж, эргэн тойрныхоо үндэстнүүдээс илүү сайхан амьдарч байсан. Үнэхээр, Еховагийн ивээл «баян болгодог» ажээ (Тооллого 16:13; Дэд хууль 4:5–8; 11:8–15).

14. Бурхны нүдэнд баян хүн ямар байдаг вэ?

14 «Бурхны хувьд» баян байх гэдгийг Библийн зарим орчуулгад «Бурхны өмнө», «Бурхны нүдэнд» баян байх гэж хөрвүүлсэн байдаг. Ер нь, баячууд хүмүүст яаж харагдахаа их боддог. Энэ нь тэдний биеэ авч яваа байдлаас харагддаг. Тэд «амьдралын бардам бахдал» буюу баян тансгаараа гайхуулахыг хүсдэг (1 Иохан 2:16). Харин Бурхны нүдэнд баян хүмүүс Бурхныхаа сайшаал, нигүүлслийг арвин ихээр хүртэж, түүнтэй халуун дотно харьцаатай байдаг. Үүний ачаар, ямар ч эд баялгийг дагаж ирдэггүй аз жаргал, амар тайвныг мэдэрдэг (Исаиа 40:11). Тэгвэл, «Бурхны нүдэнд баян байхын тулд бид юу хийх ёстой вэ?» гэсэн асуулт гарч байна.

Бурхны нүдэнд баян болсон хүмүүс

15. Бурхны нүдэнд баян болъё гэвэл бид юу хийх ёстой вэ?

15 Ёгт үлгэрийн баатар өөрийгөө л баян цатгалан байлгахын төлөө төлөвлөгөө гаргаж, нөр их хөдөлмөрлөсөн учир мунхаг гэж дуудуулсан. Тэгэхлээр, Бурхны нүдэнд баян болъё гэвэл Бурханд үнэ цэнтэй, чухал хэрэгтэй гэж тооцогддог үйл хэрэгт бүрэн дүүрэн оролцож, нөр их хөдөлмөрлөх учиртай байх нь ээ. Тэр үйл хэргийн нэгэнд Есүсийн: «Явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун» хэмээн шавь нартаа даалгасан ажил ордог (Матай 28:19). Цаг зав, хүч чадал, авьяас чадвараа хувийн ашиг сонирхлын төлөө биш, Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлж, шавь бэлдэх ажилд зориулах нь мөнгөө банкинд хадгалуулж байгаатай адил юм. Тийм хүмүүс сүнслэг утгаар өндөр «хүү» авдаг. Үүнийг батлах хоёр жишээ үзье (Сургаалт үгс 19:17).

16, 17. Еховагийн нүдэнд баян болохын тулд амьдралаа өөрчилсөн хүмүүсийн жишээ хэлнэ үү.

16 Азид амьдардаг, компьютерийн мэргэжилтэй нэг христиан өндөр цалинтай ажил хийдэг байжээ. Гэвч хамаг цагаа ажилдаа зориулдаг байснаас сүнслэгээр ядуу юм шиг санагддаг байв. Тийм учраас, тушаал дэвшихийн оронд ажлаасаа гарч, зайрмаг хийж зардаг болжээ. Үүний ачаар сүнслэг хэрэгцээгээ хангаж, христиан үүргээ биелүүлэх завтай болсон. Хуучин ажлын хүмүүс нь түүнийг шоолдог байв. Гэхдээ гаргасан шийдвэр нь зөв байсан болов уу? Тэрбээр: «Үнэнийг хэлэхэд, би компьютер дээр ажиллаж байснаасаа илүү их орлого олдог болсон. Урьдынх шигээ санаа зовж, бухимдахаа больсон учир илүү жаргалтай болсон. Хамгийн гол нь, Еховатай тогтоосон харьцаа маань улам бэхэжсэн» гэж хэлжээ. Тийнхүү ажлаа сольсноор бүрэн цагаар үйлчлэх боломжтой болсон бөгөөд одоо нутгийнхаа Еховагийн Гэрчүүдийн байгууллагын салбарт ажиллаж байна. Еховагийн ивээл үнэхээр «баян болгодог» ажээ.

17 Боловсролыг эрхэмлэн дээдэлдэг эцэг эхийн гар дээр хүмүүжсэн нэг эмэгтэйн жишээг ярилцъя. Тэрбээр Франц, Мексик, Швейцарийн их сургуулиудад сурч байсан бөгөөд их ирээдүйтэй хүн байжээ. «Надад амжилт бүтээл, алдар нэр, эрх ямба гээд, юм юм л байв. Гэсэн ч дотор минь нэг л хоосон санагдаж, үргэлж сэтгэл дундуур явдаг байлаа» гэж тэр ярьсан юм. Тэгээд Еховатай танилцжээ. «Сүнслэгээр өсөх тусам Еховад таалагдахсан, миний төлөө хийсэн бүхэнд нь чадах ядахаараа талархлаа илэрхийлэхсэн гэсэн хүсэл улам оргилох болсон. Энэ хүсэл минь надад амьдралын хамгийн сайн зам бол Еховад бүрэн цагаар үйлчлэх явдал гэдгийг ойлгуулсан» хэмээн ярьжээ. Тэрбээр ажил мэргэжлээ орхиод, удалгүй баптисм хүртсэн байна. 20 жилийн өмнөөс Еховад бүрэн цагаар үйлчилж эхэлсэн бөгөөд одоо ч баяр хөөртэй үйлчилж байна. Тэр эмэгтэй: «Зарим хүн намайг хайран авьяасаа дэмий үрсэн гэж боддог ч, жаргалтай байгааг минь хараад, амьдралдаа баримталдаг зарчмыг минь хүндэлдэг юм. Би Еховагийн сайшаалыг хүлээхийг их хүсдэг. Тиймээс даруу байхад минь туслахыг гуйн өдөр бүр залбирдаг» гэж ярьжээ.

18. Паулыг дуурайж Еховагийн нүдэнд баян болохын тулд яах хэрэгтэй вэ?

18 Элч Паул нэрээр алдаршсан Саулд ажил алба, хэргэм зэрэг ахих таатай боломж байв. Гэвч хожим нь тэрбээр: «Би өөрийн Эзэн Христ Есүсийг таньж мэдэхийн давуу агуу байдлын төлөө бүх юмыг гарз хохирол болгон үздэг» хэмээн бичжээ (Филиппой 3:7, 8). Паулын хувьд Христийн тусламжтайгаар олж авсан баялаг нь ертөнцөөс олж болох юутай ч харьцуулшгүй үнэтэй байжээ. Бид ч бас амин хувийн зорилгоо орхиж, Бурхандаа үнэнч байхын төлөө үргэлж хичээдэг бол Бурхныхаа нүдэнд баян байж чадна. «Даруу зан хийгээд ЭЗЭНээс эмээхүйн шагнал болбоос амь, алдар хүнд, эд баялаг юм» гэж Библи батлан хэлдэг (Сургаалт үгс 22:4).

Тайлбарлана уу

• Есүсийн ёгт үлгэрийн баатарт юу тохиолдсон бэ?

• Баян эрийг ямар учраас мунхаг гэсэн бэ?

• «Бурхны хувьд баян» байна гэдэг нь юу гэсэн үг вэ?

• Бурхны нүдэнд баян болохын тулд бид юу хийх хэрэгтэй вэ?

[Догол мөрийн асуулт]