Skip to content

Гарчиг руу орох

«Шуналын алив хэлбэрээс өөрсдийгөө хамгаалагтун»

«Шуналын алив хэлбэрээс өөрсдийгөө хамгаалагтун»

«Шуналын алив хэлбэрээс өөрсдийгөө хамгаалагтун»

«Элбэг хангалуун нэгний амь өөрийнх нь өмч хөрөнгөнөөс хамаардаггүй юм» (ЛУК 12:15).

1, 2. а) Таны ажигласнаар, өнөөгийн хүмүүсийн хүсэл мөрөөдөл, зорилго юу вэ? б) Тийм чиг хандлага бидэнд яаж нөлөөлж болох вэ?

 ИХЭНХ ХҮН гэр бүл, мөнгө төгрөг, эд хөрөнгө, алдар нэр, өндөр цалинтай ажлыг амжилтын хэмжүүр, ирээдүйн баталгаа гэж үздэг. Баян ядуу аль ч оронд олон хүн олз ашиг, ололт амжилтыг хүсэн мөрөөдөж, зорилгоо болгодог нь нууц биш. Харин сүсэг бишрэлийн асуудлыг сонирхох нь улам бүр багасаж байна.

2 Энэ бүхэн Библийн зөгнөл биелж байгаагийн баталгаа юм. Тэнд: «Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ... Учир нь хүмүүс өөрсдийгөө хайрлагчид, мөнгийг хайрлагчид, ...Бурхныг хайрлагчид байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагчид болох болно. Тэд бурханлаг байдлын дүртэй байх боловч түүний хүчийг нь үгүйсгэнэ» гэж бичсэн байдаг (2 Тимот 3:1–5). Жинхэнэ христианууд тийм хүмүүсийн дунд амьдардаг учир тэдний үзэл бодол, амьдралын хэв маягт уусах аюул байнга нүүрлэж байдаг. Тэгвэл ертөнцийн «хэвэнд цутгуулахгүй» байхад бидэнд юу туслах вэ? (Ром 12:2, «The New Testament in Modern English»).

3. Есүсийн өгсөн ямар зөвлөгөөг авч үзэх вэ?

3 Ертөнцийн хэвэнд цутгуулахгүй байхад «итгэлийн Тэргүүн Удирдагч ба Төгс Болгогч» Есүс Христийн хэлсэн үг чухал сургамж болдог (Еврей 12:2, МАБ). Нэгэн удаа Есүсийг хурсан олонд сургаал айлдаж байтал нэг хүн яриаг нь тасалж: «Багш аа, гэр бүлийн өвийг надтай хуваалц гэж ахад минь хэлээч» гэж гуйжээ. Тэгэхэд нь Есүс тэр хүнд төдийгүй тэнд байсан бүх хүнд чухал ач холбогдолтой зөвлөгөө өгсөн. Есүс сувдаг шунахай байхын аюулаас сэрэмжлүүлээд, үүнийгээ ой тойнд нь хоногшуулахын тулд нэгийг бодуулах жишээ татжээ. Тэр зөвлөгөөг нь онцгой анхаарч, амьдралдаа хэрэгжүүлбэл ямар ач тус хүртэхийг бодож үзье (Лук 12:13–21).

Бүдүүлэг авирласан нь

4. Нэг хүн Есүсийн яриаг тасалсан нь яагаад бүдүүлэг хэрэг байсан бэ?

4 Тэр хүн яриаг нь таслахаас өмнө Есүс хоёр нүүр гаргахаас зайлсхийх тухай, Хүний Хүүг хүлээн зөвшөөрөх эр зоригтой байх тухай, ариун сүнсний тусламж хэрхэн авах тухай шавь нартаа болон тэнд байсан хүмүүст ярьж байжээ (Лук 12:1–12). Энэ нь шавь нарынх нь хувьд зүрх сэтгэлдээ хоногшуулах шаардлагатай, маш чухал сэдэв байлаа. Гэтэл тэр хүн тийм чухал яриаг таслан бүдүүлэг загнаж, эд хөрөнгөнөөс үүдэлтэй гэр бүлийн шалихгүй асуудлаа шийдүүлэхийг хүссэн. Энэ явдал бидэнд их сургамжтай.

5. Гуйсан гуйлтыг нь үзвэл, Есүсийн яриаг тасалсан хүн ямар хүн бэ?

5 «Шашны сургаал сонсож байхдаа юу боддогоор нь тухайн хүний зан араншинг тодорхойлж болох юм» гэж нэг номд бичжээ. Есүсийг маш чухал сүнслэг зүйл ярьж байхад мөнөөх хүн яаж эд хөрөнгөтэй болохоо л бодож байсан бололтой. Өв залгамжлах талаар гомдол гаргах бодитой шалтгаан байсан эсэхийг нь Библид бичээгүй. Есүсийг хэрэг явдлыг ухаалгаар шийддэгээрээ нэр хүндтэй, эрх мэдэлтэй болохоор нь ашиглахыг оролдсон байж мэднэ (Исаиа 11:3, 4; Матай 22:16). Ямартай ч, тэр хүн сүнслэг зүйлийг үнэлдэггүй байсан нь тодорхой байна. Тэгвэл бидний тухайд юу хэлж болох вэ? Заримдаа цуглааны үеэр өөр юм бодчихсон, цуглааны дараа юу хийхээ төлөвлөчихсөн сууж байдаг юм биш биз? Уг нь, цуглаан дээр яригдаж байгаа зүйлийг сайн сонсож, амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхээ анхаарах учиртай. Ингэвэл тэнгэрийн Эцэг Ехова Бурхантай тогтоосон харьцаагаа сайжруулж, итгэл нэгтнүүдтэйгээ улам дотносон нөхөрлөхөд тустай (Дуулал 22:22; Марк 4:24).

6. Есүс тэр хүний хүсэлтийг биелүүлээгүйн учир юу вэ?

6 Ямар ч шалтгаанаар гуйсан бай, Есүс хүсэлтийг нь биелүүлээгүй. Харин: «Хүн гуай, хэн чинь Намайг та нарын шүүгч, хөрөнгө хуваагчаар томилчихдог билээ?» гэж асуусан (Лук 12:14). Мосегийн хуулиар, ийм хэргийг шийдэх шүүгчийг хот бүрд томилдгийг хүмүүс сайн мэддэг байсан учир тийн асуужээ (Дэд хууль 16:18–20; 21:15–17; Рут 4:1, 2). Есүсийн хувьд Хаанчлалын тухай үнэнийг гэрчилж, хүмүүст Бурхны хүсэл таалал юу болохыг заах ажил хамгийн чухал байсан (Иохан 18:37). Бид ч бас Есүсийг дуурайн, амьдралын аар саар асуудалд анхаарлаа сарниулалгүй, сайн мэдээ дэлгэрүүлж, «бүх үндэстнийг дагалдагч болгох» ажилд цаг зав, хүч хөдөлмөрөө зориулдаг (Матай 24:14; 28:19).

Шунахаас болгоомжил

7. Есүс тэр хүнээс юу олж харсан бэ?

7 Есүс хүний сэтгэлийн гүнд чухам юу байгааг мэддэг учир, өнөөх хүний хүсэлт цаанаа ноцтой асуудалтай холбоотойг ойлгожээ. Тиймээс, гуйлтыг нь биелүүлээгүй ч гэсэн, цаад учрыг нь ойлгоод, хувийн хэрэгт нь оролцохоос өөр аргагүй болж: «Шуналын алив хэлбэрээс өөрсдийгөө хамгаал, болгоомжил. Учир нь элбэг хангалуун нэгний амь өөрийнх нь өмч хөрөнгөнөөс хамаардаггүй юм» гэж хэлсэн (Лук 12:15).

8. Шунал гэж юу вэ? Шунал ямар үр дагаварт хүргэх вэ?

8 Зохих хэмжээний мөнгө төгрөг, эд хөрөнгөтэй байя гэж хүсэх нь буруу юм биш ээ. Учир нь мөнгө төгрөг, эд хөрөнгийг зөв зохистой эдэлж хэрэглэж, үрж зарж болдог. Гэтэл шунал гэдэг нь «юмыг эзэмших, авахын тулд хэтэрхий дурших, хүсэх» явдал гэж нэгэн тольд тайлбарлажээ. Энэ нь аливаа зүйлийг өрөөлийнх ч бай, өөрт нь хэрэггүй ч бай, бусдад яаж нөлөөлөхийг ч бодолгүй, зүгээр л өөрийн болгох гэсэн ханашгүй хүсэл, хомхой сэтгэл юм. Тийм хүний хувьд авах гэж шунасан юм нь ухаан санааг нь эзэмдэж, үйл хөдлөлийг нь удирдаж, нэг ёсондоо бурхан нь болдог. Элч Паул шунахай хүнийг шүтээн шүтэгчтэй адилтгасан байдаг. Тийм хүн Бурхны Хаанчлалыг өвлөхгүй (Ефес 5:5; Колоссай 3:5).

9. Шунал ямар ямар хэлбэрээр илэрч болох вэ? Жишээ хэлнэ үү.

9 Есүсийн хэлснийг үзэхэд шунал олон хэлбэртэй ажээ. Арван тушаалын сүүлчийнхэд тэдгээрийн заримыг дурдаж: «Чи хөршийнхөө гэр оронд бүү шунахайр. Чи хөршийнхөө эхнэр болон түүний зарц, түүний шивэгчин, түүний үхэр, түүний илжиг, хөршийнхөө юунд ч бүү шунахайр» хэмээн бичжээ (Египетээс гарсан нь 20:17). Шунахай зангийн балгаар ноцтой нүгэл үйлдэгсдийн жишээ Библид олон бий. Сатан бол бусдын юманд шунасан анхны бодгаль юм. Тэрбээр Еховад хамаатай алдар, хүндэтгэл, эрх мэдэлд санаархсан (Илчлэлт 4:11). Ева дур мэдэн бүхнийг шийдэх эрх мэдэлтэй болох гэж шунасны улмаас мэхлүүлсэн. Үүнээс болж хүн төрөлхтөн нүгэл, үхлийн зам руу оржээ (Эхлэл 3:4–7). Чөтгөр болсон тэнгэр элчүүд анхны «байр суурьтаа» сэтгэл нь ханалгүй, эрх мэдлээс нь хэтэрсэн зүйлийн төлөө «орон байраа орхин оджээ» (Иуда 6; Эхлэл 6:2). Балаам Ахан Гехази Иудас нарыг бас бодъё. Тэд байгаа юмандаа сэтгэл ханахын оронд эд хөрөнгөтэй болох гэсэн жолоогүй хүсэлдээ хөтлөгдөн, бусдын итгэлийг хөсөрдүүлсний уршгаар зарим нь ноцтой хохирол амсаж, зарим нь амиа алдсан билээ.

10. Есүсийн сэрэмжлүүлснээр «болгоомжтой» байхын тулд яах ёстой вэ?

10 Ихэнх хүн бусдын сувдаг шунахайг гайхдаг атлаа өөрийнхөө бурууг олж харахыг хүсдэггүй. Тийм учраас Есүс шуналтай байхын аюулаас «болгоомжлуулсан» нь тун зөв юм. Бас «мөнгийг хайрлах нь бүх муугийн үндэс» гэдгийг элч Паул онцолсон байдаг (1 Тимот 6:9, 10, МАБ). Шавь Иаков: «Хүсэл тачаал нь үр тогтоон нүглийг төрүүлдэг» гэж бичжээ (Иаков 1:15). Тэгэхлээр, бид бусдаас өө хайхын оронд Есүсийн сэрэмжлүүлснээр, зүрхнийхээ гүнд юу байгааг мэдэхийн тулд өөрсдийгөө шалгаж, «болгоомжтой» байх ёстой. Ингэж байж «шуналын алив хэлбэрээс өөрсдийгөө хамгаалж» чадна.

Элбэг хангалуун амьдрал

11, 12. а) Есүс шуналын талаар юу гэж сэрэмжлүүлсэн бэ? б) Есүсийн сэрэмжлүүлгийг ямар учраас анхаарах хэрэгтэй вэ?

11 Шуналаас өөрийгөө хамгаалах бас нэг шалтгаан бий. Есүс: «Элбэг хангалуун нэгний амь өөрийнх нь өмч хөрөнгөнөөс хамаардаггүй» хэмээн хэлснийг анхааръя (Лук 12:15). Баян чинээлэг болж байж л жаргалтай амьдарч, сайн сайхан явна гэж үздэг ертөнцөд амьдарч байгаагийн хувьд бид дээрх үгийг нухацтай бодож үзэх нь зүйтэй. Есүсийн онцолсноор, жинхэнэ утга учиртай, сэтгэл хангалуун амьдрал эд баялгийн хэр хэмжээнээс шалтгаалдаггүй.

12 Гэхдээ зарим хүн үүнтэй санал нийлэхгүй байж болох юм. Тэд, эд баялаг амьдралыг илүү аз жаргалтай, тохь тухтай, үнэ цэнтэй болгодог гэж боддог. Тийм учраас хүссэн болгоноо авч, сүүлийн үеийн техник хэрэгсэл эзэмшихийн тулд хамаг бүхнээ зориулдаг. Ингэж байж л сайхан амьдарна гэж боддог. Гэтэл энэ нь Есүсийн онцолсон санааг ойлгоогүй хэрэг юм.

13. Амь амьдрал, эд хөрөнгөнд хэрхэн дүн нуруутай хандах вэ?

13 Тэгвэл, Есүс юуг онцолсон бэ? Элбэг хангалуун амьдрах нь зөв үү, буруу юу гэдгийг бус, харин хүний амь «өөрийнх нь өмч хөрөнгөнөөс хамаардаггүй» гэдгийг онцлон тэмдэглэжээ. Үнэндээ, амьд явахад тийм их юм хэрэггүй билээ. Мөр бүтэн, гэдэс цатгалан, толгой хоргодох орон байхад л болдог. Баячуулд энэ бүхэн элбэг дэлбэг байдаг бол, ядуус наад захын хэрэгцээтэй зүйлээ зүтгэж байж олж авдаг. Гэвч тэднийг үхэхэд, байгаа бүхэн нь юу ч биш болж, баян хоосны ялгаа арилдаг (Номлогчийн үгс 9:5, 6). Тэгэхлээр, амьдралын утга учир, үнэ цэн эд баялгаас шалтгаалдаггүй ажээ.

14. «[Хүний] амь өөрийнх нь өмч хөрөнгөнөөс хамаардаггүй» гэж Есүсийн хэлсэн нь ямар утгатай вэ?

14 Есүс: «[Хүний] амь өөрийнх нь өмч хөрөнгөнөөс хамаардаггүй» гэж хэлсэн нь, хүн баян чинээлэг ч бай, хоосон ядуу ч бай, хүссэнээрээ урт насалж чадахгүй, тэр байтугай маргааш амьд байх эсэхээ ч мэдэхгүй гэсэн утгатай ажээ. Тэрбээр Ууланд айлдсан номлолдоо: «Хэн чинь санаа зовоод насаа жаахан ч гэсэн уртасгаж чадах билээ?» гэж хэлжээ (Матай 6:27, ШГ). Библид гагцхүү Еховаг «амийн эх булаг» гэдэг бөгөөд үнэнч үйлчлэгчдэдээ «жинхэнэ амь» өгөх буюу тэднийг тэнгэр, газарт мөнх амьдруулж чадна гэж байдаг (Дуулал 36:9; 1 Тимот 6:12, 19).

15. Олон хүн эд баялагт найддагийн учир юу вэ?

15 Амьдралд буруу ханддаг болох амархан гэдгийг Лук 12:15-д бичсэн Есүсийн үг харуулдаг. Баян ядуу ялгаагүй, бүх хүн төгс бус бөгөөд эцэстээ бүгд л үхдэг. Бурхны эртний үйлчлэгч Мосе: «Бидний амьдралын өдөр хоногууд далан жил юм. Эсвэл хэрэв хүч чадалтай бол наян жил, гэвч тэдгээрийн оргил нь зүдүүр, уй гашууд өнгөрдөг. Учир нь удалгүй энэ нь ч өнгөрч, бид нисэн оддог» хэмээн бичжээ (Дуулал 90:10; Иов 14:1, 2; 1 Петр 1:24). Тийм ч учраас Бурхантай тогтоосон харьцаагаа бэхжүүлдэггүй хүмүүс «Маргааш бид үхэх учраас цөмөөрөө идэж ууцгаая» гэсэн үзэлтэй болдгийг элч Паул бичсэн байдаг (1 Коринт 15:32). Бас зарим хүн амьдрал богинохон, баталгаагүй байдгийг ойлгоод эд баялгийг амьдралынхаа баталгаа болгохыг оролддог. Тэд аль болох их хөрөнгөтэй болбол ирээдүй нь илүү гэрэл гэгээтэй болно гэж боддог байж магадгүй. Тийнхүү эд баялаг, өмч хөрөнгийг амар тайван амьдрал, аз жаргалтай андуурч, баян чинээлэг болохын төлөө борви бохисхийлгүй зүтгэдэг (Дуулал 49:6, 11, 12).

Сайхан ирээдүй

16. Амьдралын жинхэнэ үнэ цэнг юугаар хэмжих аргагүй вэ?

16 Мөнгө төгрөг, хоол хүнс, хувцас хунар, гэр орон гээд хэрэгтэй бүхнээр элбэг хангалуун бол илүү сайхан амьдарч, тэр байтугай, чанартай эмчилгээ хийлгэж, үүний дүнд насаа жаахан ч гэсэн уртасгаж болох юм. Гэхдээ ингэлээ гээд амьдрал жинхэнэ ёсоор утга учиртай, баталгаатай болдог уу? Амьдралын жинхэнэ үнэ цэнг насны тоо юм уу эд хөрөнгөөр хэмжих аргагүй. Элч Паул материаллаг зүйлд хэт их найдахын аюулыг онцлон тэмдэглэсэн байдаг. Тэрбээр Тимотод: «Энэ дэлхийн баячуудад ингэж хэл. Та нар бардамнаж болохгүй. Нүд ирмэхийн зуур хийсэж одох хөрөнгөнд найдаж болохгүй. Бидний аз жаргалын төлөө бүх юмыг харамлахгүй өгдөг Бурханд найд» гэж бичжээ (1 Тимот 6:17, ШГ).

17, 18. а) Хэний жишээ бидэнд үлгэр дуурайл болдог вэ? б) Дараагийн өгүүллээр Есүсийн ярьсан ямар ёгт үлгэрийг ярилцах вэ?

17 Эд хөрөнгө «хийсэж оддог» учраас материаллаг зүйлд найдах нь ухаалаг хэрэг биш юм. Бурхны эртний үйлчлэгч Иов их баян хүн байсан хэдий ч гэнэт учирсан гай зовлонгийн үед эд хөрөнгө нь ямар ч тус болоогүй. Харин ч нүд ирмэхийн зуур үгүй болсон. Бүхий л зовлон бэрхшээл, сорилтыг тэвчихэд нь тусалсан ганц зүйл бол Бурхантай тогтоосон бат бэх харьцаа нь байв (Иов 1:1, 3, 20–22). Абрахам асар их эд хөрөнгөндөө хоргодолгүй, Еховагийн өгсөн ярвигтай даалгаврыг дуртайяа биелүүлж, эцэст нь «олон үндэстний өвөг» болох шагнал хүртсэн (Эхлэл 12:1, 4; 17:4–6). Эдгээр болон өөр олон сайхан жишээг дуурайх нь зүйтэй. Хөгшин ч бай, залуу ч бай, бид дор бүрнээ амьдралд маань «илүү чухал юм юу болохыг магадалж», юунд найддагаа шалгах хэрэгтэй (Филиппой 1:10, ШЕ; Ром 12:2).

18 Амьдралд зөв хандах тухай, шуналтай байхаас болгоомжлох тухай Есүсийн хэлсэн цөөн хэдэн үг тун утга учиртай бөгөөд үнэхээр сургамжтай. Гэхдээ Есүс бас нэг чухал сургаал зааж, мунхаг баяны тухай ёгт үлгэр ярьж өгчээ. Тэр ёгт үлгэр бидэнд ямар сургамжтай вэ? Авсан сургамжийг амьдралдаа яаж хэрэгжүүлэх вэ? Дараагийн өгүүллээр эдгээр асуултад хариулъя.

Хариулна уу

• Есүс яриаг нь тасалсан хүний хүсэлтийг биелүүлээгүй нь бидэнд ямар сургамжтай вэ?

• Шунахай болохоос болгоомжлохын учир юу вэ? Яаж болгоомжлох вэ?

• Хүний амь эд хөрөнгөнөөс хамаардаггүйн учир юу вэ?

• Амьдралыг жинхэнэ үнэ цэнтэй, баталгаатай болгох зүйл юу вэ?

[Догол мөрийн асуулт]