Skip to content

Гарчиг руу орох

«Та нарын Эцэг өршөөнгүй»

«Та нарын Эцэг өршөөнгүй»

«Та нарын Эцэг өршөөнгүй»

«Та нарын Эцэг өршөөнгүй. Түүнчлэн өршөөнгүй байгтун» (ЛУК 6:36).

1, 2. Хуулийн багш нар, фарисайчууд болон шавь нартаа хэлсэн Есүсийн үг өршөөнгүй байхын чухлыг хэрхэн харуулдаг вэ?

 БУРХНЫ Мосегоор дамжуулан өгсөн хууль 600 гаруй заалттай байв. Тэр хуулийг сахих нь чухал байсан боловч өршөөнгүй байх нь бас их чухал байлаа. Бусдыг өршөөж мэддэггүй фарисайчуудад Есүсийн юу гэж хэлснийг саная. Тэднийг хоёр ч удаа зэмлэн: «Би тахилыг бус, энэрлийг [«өршөөлийг», ШЕ] хүсдэг» хэмээсэн Бурхны үгийг хэлжээ (Матай 9:10–13; 12:1–7; Хосеа 6:6). Бас «Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар гаа, гоньд, зирааны аравны нэгийг өгдөг атлаа хуулийн чухал нөхцлүүд болох шударга ёс, өршөөл, итгэлтэй байдлыг орхигдуулдаг» хэмээжээ (Матай 23:23).

2 Есүс өршөөнгүй байхыг чухалд үздэг байсан нь илэрхий байна. Тэрбээр дагалдагчдадаа: «Та нарын Эцэг өршөөнгүй. Түүнчлэн өршөөнгүй байгтун» гэж захисан билээ (Лук 6:36). Гэхдээ өршөөнгүй «Бурхныг дуурайхын» тулд жинхэнэ ёсоор өршөөнгүй байхын утга учрыг мэдэх хэрэгтэй (Ефес 5:1). Түүнээс гадна, өршөөнгүй байхын ач тусыг ойлговол бусдад илүү өршөөнгүй хандах хүсэлтэй болдог.

Зовж зүдэрсэн хүмүүст өршөөнгүй хандах нь

3. Жинхэнэ ёсоор өршөөнгүй байхын утга учрыг ойлгохын тулд Бурхнаас суралцах ёстойн учир юу вэ?

3 Дуулалч: «ЭЗЭН бол нигүүлсэнгүй ба өршөөнгүй, уурлахдаа удаан, хайр энэрлээр агуу их юм. ЭЗЭН бол бүгдэд сайн, Түүний өршөөлүүд Өөрийнх нь бүтээл бүхний дээр байдаг» хэмээн дуулжээ (Дуулал 145:8, 9). Ехова бол «өршөөлийн Эцэг, мөн бүх тайвшралын Бурхан» билээ (2 Коринт 1:3). Өршөөнгүй нэгэн бусдыг өрөвдөж энэрдэг. Өршөөнгүй байх нь Бурхны нэг чухал чанар юм. Тийм учраас, жинхэнэ ёсоор өршөөнгүй байхын утга учрыг ойлгуулахын тулд бидэнд үлгэр жишээ үзүүлж, үг сургаалаа заадаг.

4. Исаиа 49:15-аас өршөөнгүй сэтгэлийн талаар юу мэдэж болох вэ?

4 Исаиа 49:15-д: «Эх хүн хөхүүл хүүхдээ мартаж чадах уу? Төрүүлсэн хөвгүүнээ энэрэхгүй байж чадах уу?» хэмээсэн Еховагийн үгийг бичсэн буй. Энэ зүйлд «энэрэх» гэж орчуулсан еврей үг нь дээр иш татсан Дуулал 145:8, 9-ийн «өршөөх» гэдэг үгтэй нягт холбоотой ажээ. Еховагийн өршөөнгүй сэтгэлийг хөхүүл хүүхдээ гэсэн эхийн сэтгэлтэй зүйрлэсэн байна. Нялх үрээ хөхүүлэхдээ ч, түүний төлөө гэсэн бүхнийг хийхдээ ч эх хүн өрөвч сэтгэлдээ хөтлөгддөг. Ехова тийм л сэтгэлээр өршөөнгүй ханддаг.

5. Ехова «өршөөлөөр баян» гэдгээ израильчуудад хэрхэн харуулсан бэ?

5 Зовж зүдэрсэн хүнийг өрөвдөх нь сайн хэрэг боловч өрөвч сэтгэлээ үйл хэргээр харуулах нь илүү чухал юм. 3500 гаруй жилийн тэртээ ард түмэн нь Египетийн боолчлолд зовж шаналж байхад Еховагийн хэрхсэнийг авч үзье. Бурхан Мосед: «Египетэд байгаа Өөрийн ард түмний зовлонг Би сайтар харж, дарлагчдаас нь болсон тэдний хашхирааныг сонслоо. Учир нь Би тэдний зовлонг мэдсэн. Тиймээс тэднийг египетчүүдийн гараас чөлөөлж, тэр газраас гарган, ...сүү балаар бялхсан сайхан уудам нутаг руу аваачихаар Би бууж ирлээ» гэж хэлдэг (Египетээс гарсан нь 3:7, 8). Египетээс чөлөөлөгдсөнөөс нь хойш 500-аад жилийн дараа: «Би Израилийг Египетээс гаргаж, та нарыг египетчүүдийн савраас болон та нарыг дарлаж байсан бүх хаанчлалын савраас аварсан билээ» гэж сануулсан (1 Самуел 10:18). Израильчуудыг зөвт хэм хэмжээнээс нь гажуудан хазайсныхаа балгаар гашуун зовлон үзэж байхад нь ч Ехова өрөвдөн энэрч, олон удаа аварсан (Шүүгчид 2:11–16; Шастирын дэд 36:15). Бурхан зовж зүдэрсэн, аюул гамшигт өртсөн хүмүүст хэрхэн ханддаг нь эндээс тодорхой харагдаж байна. Ехова үнэхээр «өршөөлөөр баян ажээ» (Ефес 2:4).

6. Есүс Христ өршөөнгүй Эцгээ хэрхэн дуурайдаг байсан бэ?

6 Есүс Христ дэлхийд байхдаа Эцгээ төгс дуурайж өршөөнгүй байсан. Нэгэн удаа хоёр сохор хүн түүнээс: «Давидын Хүү, Эзэн минь ээ, биднийгээ өршөөгөөч» хэмээн гуйж, гайхамшгаар хараа оруулж өгөхийг хүсжээ. Тэгэхэд нь Есүс гайхамшиг үйлдсэн. Гэхдээ хүйтэн хөндий сэтгэл гаргалгүй, харин ч «ихэд өрөвдөж, нүдэнд нь гар хүрэхэд тэр даруй тэд хараа оров» гэж Библид бичжээ (Матай 20:30–34). Тэрбээр чухамдаа өрөвч хүн байсан учраас л сохор, уяман өвчтэй, чөтгөрт эзэмдүүлсэн томчууд болон хүүхдүүдийн эцэг эхийн зовлонг нимгэлж, олон гайхамшиг үйлдэж байсан (Матай 9:27; 15:22; 17:15; Марк 5:18, 19; Лук 17:12, 13).

7. Ехова Бурхан болон Есүс Христийн жишээнээс харахад жинхэнэ ёсоор өршөөнгүй байх гэж яахыг хэлдэг вэ?

7 Ехова Бурхан болон Есүс Христийн жишээг харахад өршөөнгүй байхад хоёр зүйл хэрэгтэй нь ажиглагдаж байна. Нэгдүгээрт, зовж зүдэрсэн хүмүүст өрөвч, энэрэнгүй сэтгэл гаргах, хоёрдугаарт, тэдний зовлонг нимгэлэх үйл хийх ёстой ажээ. Тэгэхлээр, жинхэнэ ёсоор өршөөнгүй байхын тулд өрөвч сэтгэлийг үйл хэрэгтэй хослуулдаг байх нь. Зовж зүдэрсэн нэгнийг харж үзэн, тустай сайн үйл хийхийг өршөөнгүй сэтгэлийн жишээ болгон Библид бичсэн нь цөөнгүй. Тэгвэл гэм буруутай этгээдэд яаж өршөөнгүй хандах вэ? Жинхэнэ ёсоор өршөөнө гэдэг нь ял шийтгэл оноохгүй гэсэн үг үү? Шийтгэхээ болих нь харин ч муу биш үү?

Нүгэл үйлдсэн хүнд өршөөнгүй хандах нь

8, 9. Ехова садар самуун үйлдсэн Давидыг яаж өршөөсөн бэ?

8 Зөнч Натан эртний Израилийн хаан Давидын, Батшебатай садарласан хэргийг илчилсний дараа юу болсныг үзье. Давид гэмшин: «Бурхан, ...хайр энэрлийнхээ дагуу намайг нигүүлсээч. Өөрийн аугаа өршөөлийн дагуу миний алдаа зөрчлийг арилгаач. Гэм буруугаас минь намайг гүйцэд угааж, нүглээс минь намайг цэвэрлээч. Учир нь би алдаа зөрчлөө мэдэх бөгөөд миний нүгэл үргэлж миний өмнө байдаг. Таны эсрэг, зөвхөн Таны эсрэг би нүгэл үйлдэж, Таны мэлмийд бузар мууг хийлээ» гэж залбирчээ (Дуулал 51:1–4).

9 Давидыг үнэн сэтгэлээсээ гэмшсэнд Ехова нүглийг нь уучилж, Мосегийн хуулийн дагуу Батшеба тэр хоёрт оноох ёстой байсан үхлийн ялыг хөнгөрүүлжээ (Дэд хууль 22:22). Бурхан тэднийг нүглийнх нь үр дагавраас ангижруулаагүй ч амьд үлдээсэн (2 Самуел 12:13). Ехова өршөөл үзүүлэхдээ нүглийг уучилдаг боловч зохих шийтгэлийг заавал оноодог.

10. Еховагийн өршөөнгүй сэтгэлээр далим хийх ёсгүйн учир юу вэ?

10 «Нэг хүн [буюу Адамаар] ертөнцөд нүгэл нь ирсэн» бөгөөд «нүглийн хөлс нь үхэл» учир бүх хүн үхэх учиртай (Ром 5:12; 6:23). Гэхдээ Ехова бидэнд өршөөнгүй ханддагт талархаад баршгүй. Гэвч бид өршөөнгүй сэтгэлээр нь далим хийх эрхгүй. Дэд хууль 32:4-т: «[Еховагийн] бүх зам мөр нь шударга» гэж байдаг. Бурхан өршөөл үзүүлэхдээ ч шударга хэм хэмжээгээ төгс баримталдаг.

11. Ехова Давидын хэргийг шийдэхдээ шударга ёсыг баримталдгаа хэрхэн харуулсан бэ?

11 Давид Батшеба хоёрт оноох үхлийн ялыг хөнгөрүүлэхийн тулд нүглийг нь уучлах хэрэгтэй байв. Гэтэл Израилийн шүүгчдэд тэдний нүглийг уучлах эрх байсангүй. Тиймээс энэ хэргийг шийдсэн бол Мосегийн хууль ёсоор үхлийн ял оноохоос өөр аргагүй байлаа. Харин Ехова Давидтай байгуулсан гэрээгээ тооцож үзээд, нүглийг нь уучлах үндэс байгаа эсэхийг нягтлав (2 Самуел 7:12–16). «Газар дэлхийн Шүүгч» Ехова «хүний зүрхийг тандан мэддэг» учир энэ хэргийг өөрөө шийдэхээр болжээ (Эхлэл 18:25; Шастирын дээд 29:17). Бурхан Давидын зүрхийг харж, чин сэтгэлээсээ гэмшсэнийг нь харгалзан үзээд уучилсан.

12. Нүгэлтэй хүмүүс Бурхны өршөөлийг хүртэхийн тулд яах ёстой вэ?

12 Ехова төрөлхийн нүгэлтэй хүмүүс биднийг үхлийн ялаас чөлөөлөн өршөөл үзүүлэхдээ ч шударга ёсоо гажуудуулдаггүй. Шударга ёсны хэм хэмжээг зөрчихгүйгээр бидний нүглийг уучлах боломж бүрдүүлэхийн тулд Хүү Есүс Христээ золиос болгон өгсөн нь өршөөнгүй сэтгэлийн хамгийн агуу илрэл юм (Матай 20:28; Ром 6:22, 23). Бурхны өршөөлийг хүртэж, нүглийн шийтгэл буюу үхлээс аврагдъя гэвэл «Хүүд [нь] итгэх» ёстой (Иохан 3:16, 36).

Өршөөнгүй бөгөөд шударга Бурхан

13, 14. Бурхан өршөөнгүй сэтгэлдээ автан шударга ёсоо зөрчдөг үү? Тайлбарлана уу.

13 Ехова өршөөл үзүүлэхдээ шударга ёсыг зөрчдөггүй ч, шударга хэм хэмжээгээ өөрчилдөг үү? Өршөөнгүй сэтгэлээр шударга хэм хэмжээгээ зөөлрүүлэн, ач холбогдлыг нь бууруулдаг уу? Үгүй.

14 Ехова израильчуудад зөнч Хосеагаар: «Би чамтай мөнхөд сүй тавина. Тийм ээ, Би зөвт байдал, шударга ёс, хайр энэрэл, өршөөлөөр чамтай сүй тавина» гэж хэлүүлсэн (Хосеа 2:19). Бурхан өршөөлийг бусад чанартайгаа, тэр дундаа шударга ёсонд нийцүүлэн үзүүлдэг нь эндээс харагдаж байна. Ехова «өрөвч, нигүүлсэнгүй,... гэмт хэрэг, гэм буруу, нүглийг уучилдаг. Гэсэн ч... гэмтнийг шийтгэлгүй орхихгүй» (Египетээс гарсан нь 34:6, 7). Ехова бол өршөөнгүй бөгөөд шударга Бурхан билээ. Библид Еховаг: «Тэр бол Хад, Түүний үйлс нь төгс. Түүний бүх зам мөр нь шударга» гэж байдаг (Дэд хууль 32:4). Шударга ёс нь ч, өршөөнгүй сэтгэл нь ч төгс бөгөөд нэг нь нөгөөгөөсөө давуу юм уу дутуу байдаггүй. Энэ хоёр чанар нь төгс зохицдог.

15, 16. а) Бурхны шударга ёс бол харгис хэрцгий юм биш гэдгийг юу харуулдаг вэ? б) Бурхан өнөөгийн ёс бус тогтолцоог устгахад үйлчлэгчид нь юунд итгэлтэй байж болох вэ?

15 Гэхдээ Бурхны шударга ёс бол харгис хэрцгий юм биш ээ. Хүн, шударга байх гэдгийг гэм буруутай этгээдэд зохих ял шийтгэл оноож, хууль цаазыг чанд баримтлах гэж ойлгодог байхад Бурхан шударга ёсыг сахихдаа зөвхөн шийтгэдэг бус, бас авардаг. Жишээ нь, Содом Гоморра хотыг устгахдаа үнэнч Лотыг хоёр охиных нь хамт аварсан билээ (Эхлэл 19:12–26).

16 Тэгэхлээр, Бурхан өнөөгийн ёс бус тогтолцоог устгахдаа «Хурганы цусаар дээлээ угааж, цагаан болгосон», өөрт нь үнэнч «үй олон хүнийг» аварна гэдэгт итгэлтэй байж болно. Тийнхүү тэд «үлэмж их зовлонгоос гарч ирнэ» (Илчлэлт 7:9–14).

Өршөөнгүй байхын учир

17. Өршөөнгүй байх нэг гол шалтгаан юу вэ?

17 Ехова Бурхан Есүс Христ хоёр жинхэнэ ёсоор өршөөнгүй байхын үлгэр жишээг үзүүлдэг. Өршөөнгүй байх нэг гол шалтгааныг Сургаалт үгс 19:17-д: «Ядуу хүнд харамгүйгээр өгөгч хүн ЭЗЭНд зээлүүлж байгаа хэрэг. Тэр хүний сайн үйлийнх нь төлөө ЭЗЭН буцааж төлнө» гэж бичсэн байдаг. Өөрийг нь болон Хүүг нь дуурайн, бусдад өршөөнгүй хандахад Ехова баярладаг (1 Коринт 11:1). Бас хүмүүс биднийг дуурайж, өршөөнгүй болно (Лук 6:38).

18. Өршөөнгүй байх ёстойн учир юу вэ?

18 Өршөөнгүй байх нь хайр, нигүүлсэл, сайхан сэтгэл гэх мэтийн олон сайхан чанартай харилцан холбоотой. Өрөвч, энэрэнгүй сэтгэл нь өршөөнгүй байхын үндэс болдог. Ехова шударга ёсыг зөрчилгүй өршөөл үзүүлдгийн зэрэгцээ уурлахдаа удаан байж, нүгэлтэнд гэмших боломж олгодог тэвчээртэй Бурхан билээ (2 Петр 3:9, 10). Тэгэхлээр, бас тэвчээртэй холбоотой ажээ. Өршөөнгүй сэтгэл ийм олон сайхан чанартай, ялангуяа ариун сүнсний үр жимстэй уялдаатай учир тэдгээрийг хөгжүүлэхэд тусалдаг (Галат 5:22, 23). Тиймээс, өршөөнгүй байх нь амин чухал юм.

«Өршөөнгүй хүмүүс аз жаргалтай»

19, 20. «Өршөөл шүүлтийг ялдаг» гэж юу гэсэн үг вэ?

19 Үргэлж өршөөнгүй байхын учрыг Иаков тодорхой хэлжээ. Тэрбээр: «Өршөөл шүүлтийг ялдаг» хэмээн бичжээ (Иаков 2:13б). Энэ үгийн хам сэдвээс Бурхны үйлчлэгч бусдад өршөөнгүй сэтгэл гаргах учиртай нь харагддаг. Христиан хүн «өөрийнхөө тайланг Бурханд өгөх» тэр цагт Ехова бусдад өршөөнгүй хандаж байсныг нь тооцож, Хүүгийнхээ золиосонд үндэслэн нүглийг нь уучилбал тухайн хүн өршөөнгүй байсныхаа ачаар Бурхны шүүлтийг амжилттай давлаа гэсэн үг (Ром 14:12). Ехова Батшебатай садар самуун үйлдсэн Давидыг өршөөсөн нэг шалтгаан нь Давид өөрөө өршөөнгүй хүн байсных юм (1 Самуел 24:4–7). Харин «өршөөлгүй хүнд өршөөлгүй шүүлт байх болно» (Иаков 2:13а). Бурхан «өршөөл үзүүлдэггүй хүмүүсийг» «үхвэл зохино» гэж үздэг нь гайхах юм биш ээ! (Ром 1:31, 32).

20 Есүс «Ууланд айлдсан номлолдоо»: «Өршөөнгүй хүмүүс аз жаргалтай. Учир нь тэд өршөөгдөнө» хэмээсэн (Матай 5:7, ШЕ). Бурхны өршөөлийг хүртье гэсэн хэн боловч өөрөө өршөөнгүй байх учиртайг ийнхүү тодорхой хэлжээ. Өршөөнгүй сэтгэлийг өдөр бүр яаж харуулах вэ? Дараагийн өгүүллээр ярилцъя.

Давтах асуулт

• Жинхэнэ ёсоор өршөөнгүй байх гэж яахыг хэлдэг вэ?

• Өршөөнгүй сэтгэлийг юугаар харуулдаг вэ?

• Ехова өршөөнгүй бөгөөд шударга Бурхан гэж хэлэхийн учир юу вэ?

• Өршөөнгүй байх ёстойн учир юу вэ?

[Догол мөрийн асуулт]