Skip to content

Гарчиг руу орох

Өршөөнгүй байгтун

Өршөөнгүй байгтун

Өршөөнгүй байгтун

«Бүх хүнд, юуны түрүүнд итгэлийн гэр бүлийн гишүүдэд сайныг үйлдэцгээе» (ГАЛАТ 6:10).

1, 2. Самари хүний тухай ёгт үлгэрээс өршөөнгүй сэтгэлийн талаар юу мэдэж болох вэ?

 МОСЕГИЙН хуулийг сайн мэддэг нэгэн хүн Есүстэй ярилцаж байгаад: «Миний хөрш гэдэг чинь хэн бэ?» гэж асуусанд Есүс ийм нэг ёгт үлгэр ярьж өгчээ. «Нэгэн хүн Иерусалимаас Иерихо орохоор явж байжээ. Тэр хүн дээрэмчдийн дунд орчихож. Тэд түүнийг нүцгэлэн зодоод амьтай төдий орхиод оджээ. Тохиолдлоор нэгэн тахилч хүн тэр замаар явж байгаад, түүнийг харуутаа дэргэдүүр нь өнгөрөөд явчихав. Түүнчлэн нэгэн леви хүн мөн тэнд хүрч ирээд, түүнийг харуутаа дэргэдүүр нь өнгөрөөд явчихжээ. Харин түүгээр явж байсан нэгэн Самари хүн түүнтэй таарчээ. Тэр түүнийг харуутаа өрөвдөн, түүн рүү ирж, шарханд нь тос, дарс асгаж боогоод, адгуусан дээрээ тэгнэн дэн буудалд хүргэж ирэв. Тэгээд түүнийг асарчээ. Маргааш нь тэр хоёр денар авч буудлын эзэнд өгөөд, „Түүнийг асарч байгаарай. Та илүүг зарвал, би буцахдаа танд дахин төлье“ гэжээ. Энэ гурвын хэн нь дээрэмчдийн гарт орсон тэр хүний хөрш нь болохоо баталсан гэж чи бодож байна вэ?» гэж Есүсийг асуухад өнөөх хүн: «Түүнд өршөөл үзүүлсэн хүн нь» хэмээн хариулдаг (Лук 10:25, 29–37а).

2 Самари хүн жинхэнэ өршөөнгүй хүн байжээ. Шархадсан эрд өрөвч, энэрэнгүй сэтгэл гарган, зовлонг нь нимгэлэх үйл хийсэн шүү дээ. Гэтэл тэр нь огт танихгүй хүн байсан гээд бод доо. Өршөөнгүй байвал бусдыг яс үндэс, шашин шүтлэг, хэл соёлоор нь ялгаварлахгүй. Есүс өрөвч сэтгэлтэй самари хүний тухай жишээ ярьсныхаа дараа: «Явж, үүний адил үйлдэгтүн» хэмээн захисан (Лук 10:37б). Бид захиасыг нь биелүүлж, бусдад өршөөнгүй хандах учиртай. Гэхдээ яаж өршөөнгүй байх вэ? Өршөөнгүй сэтгэлийг өдөр тутам яаж харуулах вэ?

«Хэрэв ах дүү чинь ...өмсөх хувцасгүй байвал»

3, 4. Итгэл нэгтнүүддээ өршөөнгүй хандахыг онцгойлон анхаарахын учир юу вэ?

3 «Боломж завшаантай байх үедээ бүх хүнд, юуны түрүүнд итгэлийн гэр бүлийн гишүүдэд сайныг үйлдэцгээе» гэж элч Паул уриалсан байдаг (Галат 6:10). Тиймээс, итгэл нэгтнүүддээ хэрхэн өршөөнгүй хандаж болохыг эхлээд ярилцъя.

4 Иаков: «Өршөөлгүй хүнд өршөөлгүй шүүлт байх болно» хэмээн бичиж, бие биедээ өршөөнгүй хандахыг христиануудад уриалжээ (Иаков 2:13). Өршөөнгүй сэтгэлээ харуулах олон аргыг энэ зүйлийн хам сэдвээс мэдэж болно. Жишээ нь, Иаков 1:27-д: «Бидний Бурхан ба Эцгийн өмнө цэвэр ариун бөгөөд бузартаагүй шүтлэг бол зовж зүдрэх цагт нь өнчин хүмүүс, бэлэвсэн эхнэрүүдийг эргэн тойрч, дэлхийгээс бохирдолгүй өөрийгөө хамгаалах нь буюу» гэж байдаг. Бас Иаков 2:15, 16-д: «Хэрэв ах дүү чинь, эсвэл эгч дүү чинь өмсөх хувцасгүй, өдөр тутмын хоолоор дутагдаж байхад нь, та нарын нэг чинь тэдэнд „Амар тайван яв. Дулаацах болтугай, цадах болтугай“ гэж хэлчихээд биед нь зайлшгүй хэрэгцээтэй байгаа зүйлсийг нь тэдэнд өгөхгүй бол ямар ашигтай юм бэ?» гэж бичсэн байдаг.

5, 6. Хурлынхандаа өршөөнгүй сэтгэл гаргах ямар ямар арга байна вэ?

5 Бие биедээ санаа тавьж, гачигдалтай нэгэндээ туслах нь жинхэнэ шашин шүтдэг хүний нэг шинж юм. Христианууд зовж зүдэрсэн нэгэнд зөвхөн ерөөл хэлээд зогсохгүй, өрөвч сэтгэлээр сайн үйл хийдэг байх учиртай (1 Иохан 3:17, 18). Жишээ нь, өвдсөн нэгэндээ хоол цай хийж өгөх, өндөр настай итгэл нэгтнийхээ гэр орных нь ажилд тусалж, шаардлагатай бол цуглаанд хүргэж өгөх, ядарсан нэгэндээ гар татахгүй туслах зэргээр өршөөнгүй сэтгэлээ харуулж болно (Дэд хууль 15:7–10).

6 Христиан хурлынхаа гишүүдэд сүнслэг тусламж үзүүлэх нь материаллаг тусламж үзүүлэхээс илүү чухал юм. «Хулчгар хүмүүсийг зоригжуулж, дорой буурай хүмүүст тусалж» байхыг Библи уриалдаг (1 Тесалоник 5:14). «Настай эмэгтэйчүүд» залуу христиан эмэгтэйчүүдэд «юу сайн болохыг заах» хэрэгтэй (Тит 2:3). Христиан ахлагчдын тухайд: «Хүн бүр салхинаас хоргодох газар мэт, шуурганаас халхлах халхавч мэт... байх болно» гэж Библид бичсэн байдаг (Исаиа 32:2).

7. Сирийн Антиох дахь христианууд өршөөнгүй байхын ямар сайн жишээ үзүүлсэн бэ?

7 Нэгдүгээр зууны христианууд хурлынхаа бэлэвсэн эмэгтэйчүүд, өнчин хүүхдүүдийг халамжлан, бие биеэ зоригжуулж, туслахын зэрэгцээ бусад газрын итгэл нэгтнүүддээ материаллаг тусламж үзүүлдэг байжээ. Жишээ нь, Агабын зөгнөснөөр, «бүх газрыг хамарсан их өлсгөлөн болоход» Сирийн Антиохт байсан христианууд «Иудейд амьдрагч ах дүү нартаа... өөр өөрсдийн хэр чадлаар тусламж илгээхээр шийдэв. Түүнийгээ Барнаб Саул хоёрт хариуцуулан ахлагч нарт илгээжээ» (Үйлс 11:28–30). Орчин үеийн христианууд ч бас бие биедээ тусалдаг. Жишээ нь, итгэл нэгтнүүд маань хар салхи, газар хөдлөлт, цунами гэх зэргийн байгалийн гамшигт өртөхөд «итгэмжит, ухаалаг боол» цаг тухайд нь тусламжийн хороо байгуулан, арга хэмжээ авч байсан (Матай 24:45). Ийм арга хэмжээг дэмжин, цаг зав, хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгөө харамгүй зориулах нь өршөөнгүй сэтгэлээ харуулах нэг арга юм.

«Харин та нар хүнийг алаг үзвэл»

8. Ялгаварлах үзэл өршөөнгүй сэтгэл хоёр харш гэж үзэхийн учир юу вэ?

8 Өршөөнгүй сэтгэл болон хайрын «хаан хуульд» харш нэг зангийн талаар Иаков: «Хүнийг алаг үзвэл та нар нүгэл үйлдэж, хэрэгтэн мэт хуулиар яллагдах болно» хэмээн сэрэмжлүүлжээ (Иаков 2:8, 9). Хүнийг бэл бэнчин, байр сууриар нь алаг үздэг бол «ядуугийн хашхирахыг» тоохгүй болох аюултай (Сургаалт үгс 21:13). Ялгаварлах үзэл өршөөнгүй сэтгэлийг үгүй хийдэг. Хэнийг ч алаг үзэхгүй байх нь өршөөнгүй байгаа хэрэг юм.

9. Хүндэтгэл хүлээх эрхтэй хүмүүст зохих ёсоор хандах нь яагаад буруу биш вэ?

9 Тэгвэл хэн нэгнийг онцгойлон хүндэлбэл алаг үзсэн болох уу? Мэдээж үгүй. Элч Паул Филиппойн христиануудад хамтран зүтгэгч Епафродитын талаар бичихдээ: «Түүн шиг хүмүүсийг хүндлээрэй. Яагаад гэвэл тэрээр та нарыг орлож, надад үйлчлэхийн тулд амь өрсөн, Христийн ажлын төлөө үхэлд ойрхон очсон билээ» хэмээжээ (Филиппой 2:25, 29, 30). Епафродит үнэнч үйлчилснийхээ төлөө хүндэтгэл хүлээх эрхтэй байсан. Бас 1 Тимот 5:17-д: «Сайн удирдаж байгаа ахлагчид, ялангуяа үг ба сургаал дотор шаргуу ажиллаж буй хүмүүс хоёр дахин хүндэтгэл авах зохистой хэмээн үз» гэж байдаг. Бурхантай ойр дотно харьцаатай гэдгээ үйл хэргээрээ харуулдаг хүмүүсийг хүндэтгэх нь зүйтэй. Энэ нь алаг үзэж байгаа хэрэг биш ээ.

«Дээрээс ирэгч мэргэн ухаан нь... өршөөлөөр... дүүрэн»

10. Үг хэлээ захирах ёстойн учир юу вэ?

10 Иаков: «Хэл бол үхлийн хороор дүүрсэн, амралтгүй бузар эд мөн. Бид хэлээр Эзэн ба Эцгийг магтдаг. Бид түүгээр Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн хүмүүсийг хараадаг. Магтаал, хараал нэг л амнаас гардаг аж» хэмээн бичжээ. Тэрбээр цааш нь: «Хэрэв та нар зүрхэндээ хорссон атаархал ба хувиа хичээсэн зорилготой бол бүү бардамна, үнэний эсрэг худал бүү ярь. Энэ мэргэн ухаан бол дээрээс бууж ирдэг нь биш харин газрынх, төрөлхийнх бөгөөд чөтгөрийнх юм. Учир нь хаана атаархал ба хувиа хичээсэн зорилго оршиж байна, тэнд замбараагүй байдал болоод аливаа бузар юм нь байдаг. Харин дээрээс ирэгч мэргэн ухаан нь нэгд ариун, тэгээд амар тайван, эелдэг, ул суурьтай, өршөөл ба сайн үр жимсээр дүүрэн, ялгаварладаггүй, хоёр нүүр гаргадаггүй» гэжээ (Иаков 3:8–10а, 14–17).

11. Үг яриагаараа хэрхэн өршөөнгүй байж болох вэ?

11 Тэгэхлээр, «өршөөлөөр дүүрэн» мэргэн ухааныг авсан эсэх маань бидний үг ярианаас харагдах нь ээ. Атаархал, хувиа хичээсэн зорилгоосоо болж бардамнадаг, худал ярьдаг, хов жив тараадаг бол ямар хүн болж таарах вэ? Дуулал 94:4-т: «Хууль бусыг үйлдэгчид бүгд өөрсдөөрөө бахархдаг» гэж байдаг. Бас хов жив ярих нь гэмгүй хүний нэр төрийг унагах ноцтой аюултай (Дуулал 64:2–4). Түүнээс гадна, «худал үгс урсгадаг» «хуурамч гэрч» ямар балаг тарьж болохыг бодох хэрэгтэй (Сургаалт үгс 14:5; Хаадын дээд 21:7–13). Хүмүүс яриандаа ямар алдаа гаргадгийг хэлснийхээ дараа Иаков: «Ах дүүс минь, ийм байж болохгүй» хэмээн захижээ (Иаков 3:10б). Жинхэнэ ёсоор өршөөнгүй байхын тулд бид бусадтай ярихдаа «ариун, амар тайван, эелдэг» байх ёстой. Есүс: «Би та нарт хэлье. Бодлогогүй хэлсэн үг бүрийнхээ төлөө хүмүүс шүүлтийн өдөр тайлагнах болно» гэж айлдсан (Матай 12:36). Тиймээс, үг яриагаараа ч өршөөнгүй байх нь амин чухал юм.

«Хүмүүсийн алдааг уучил»

12, 13. а) Эзэндээ их хэмжээний өртэй байсан боолын тухай үлгэр бидэнд ямар сургамжтай вэ? б) Ах дүүгээ «дал дахин долоон удаа» уучлах гэж юу гэсэн үг вэ?

12 Есүсийн ярьсан бас нэгэн ёгт үлгэрээс өршөөнгүй байх өөр нэг аргыг мэдэж авцгаая. Нэгэн боол хаан эзэндээ арван мянган талантын (60 сая денар) өртэй байжээ. Боолд өрөө төлөх юм байхгүй тул өршөөл гуйжээ. Тэгтэл эзэн нь түүнийг «ихэд өрөвдөөд» өрийг нь хэлтрүүлжээ. Гэтэл өнөөх боол явж, өөрт нь зуухан денарын өртэй байсан нэгэн боолыг өрөвдөж өршөөлгүй барьж аваад, шоронд хориулав. Энэ явдлын тухай дуулсан эзэн нь өнөөх боолыг дуудаад: «Бузар муу боол оо, чи надаас гуйсан тул би бүх өрийг чинь хэлтрүүлсэн. Би чамайг өршөөсний адил чи бас анд нөхөр чинь болох тэр боолыг өршөөх ёстой байсан бус уу?» гээд түүнийг «зандалчинд тушаажээ». Есүс энэ үлгэрийнхээ эцэст: «Түүнчлэн, хэрэв та нарын нэг бүр чинь ах дүүгээ зүрх сэтгэлээсээ уучлахгүй бол Миний тэнгэрлэг Эцэг ч та нарт мөн тэгж хандах болно» гэж хэлжээ (Матай 18:23–35).

13 Өршөөнгүй хүн бусдыг дуртайяа уучилдгийг энэ үлгэрт үнэхээр хурц тодоор харуулжээ. Ехова бидний нүгэл гэдэг том өрийг уучилсан билээ. Тэгвэл бид «хүмүүсийн алдааг уучлах» ёсгүй гэж үү? (Матай 6:14, 15). Өршөөх сэтгэлгүй боолын тухай ёгт үлгэр ярихаас нь өмнө Петр Есүсээс: «Эзэн, ах дүү маань миний эсрэг нүгэл үйлдэхэд би хэдэн удаа түүнийг уучлах вэ? Долоон удаа юу?» гэж асуудаг. Хариуд нь Есүс: «Би чамд долоон удаа гэж хэлэхгүй. Харин дал дахин долоон удаа гэж хэлье» гэжээ (Матай 18:21, 22). Тийм ээ, өршөөнгүй хүн бусдыгаа «дал дахин долоон удаа» буюу хэд л бол хэдэн удаа уучлахад бэлэн байдаг.

14. Матай 7:1–4-т бичсэнээр, үргэлж өршөөнгүй байхын тулд яах хэрэгтэй вэ?

14 Есүс «Ууланд айлдсан номлолдоо» өршөөнгүй байх бас нэг аргыг харуулжээ. Тэрбээр: «Шүүгдэхгүйн тулд чи бүү шүү. Учир нь та нар яаж шүүнэ, түүнчлэн шүүгдэнэ. ...Чи ах дүүсийнхээ нүдэн дэх үртсийг хардаг атал яагаад өөрийн нүдэн дэх дүнзийг анзаардаггүй юм бэ? Эсвэл, өөрийн чинь нүдэнд дүнз байх атал ах дүүстээ „Нүднээс чинь тэр үртсийг аваад өгье“ гэж хэлнэ гэж үү?» хэмээсэн байдаг (Матай 7:1–4). Үргэлж өршөөнгүй байя гэвэл бусдын сул талыг тэвчиж, өө сэв хайхгүй байх хэрэгтэй.

«Бүх хүнд сайныг үйлдэх» нь

15. Итгэл үнэмшлийг маань хуваалцдаггүй хүнд ч өршөөнгүй хандах ёстойн учир юу вэ?

15 «Иаков» номд христианууд бие биедээ өршөөнгүй хандах ёстойг бичсэн байдаг нь үнэн. Гэхдээ бид итгэл үнэмшлийг маань хуваалцдаггүй хүмүүст ч өршөөнгүй сэтгэл гаргах учиртай. Дуулал 145:9-д: «ЭЗЭН бол бүгдэд сайн, Түүний өршөөлүүд Өөрийнх нь бүтээл бүхний дээр байдаг» гэдэг шүү дээ. Бас «Бурхныг дуурайгчид болж», «бүх хүнд сайныг үйлдэхийг» Библи уриалдаг (Ефес 5:1; Галат 6:10). Бид «ертөнц болон ертөнцөд байгаа зүйлсийг хайрладаггүй» боловч гачигдалтай хүмүүст тоомжиргүй хандах учиргүй (1 Иохан 2:15).

16. Өршөөнгүй сэтгэл гаргахдаа юу юуг анхаарах хэрэгтэй вэ?

16 Христианууд бид «санамсаргүй тохиолдлоор» гай зовлонд өртсөн хүмүүст чадах чинээгээрээ тусалдаг (Номлогчийн үгс 9:11, ШЕ). Мэдээж, боломж бололцоогоо тооцож үзээд юугаар, яаж туслахаа шийддэг (Сургаалт үгс 3:27). Гэхдээ материаллаг тусламж үзүүлэхдээ залхуу хойрго байдлыг өөгшүүлэхээс болгоомжлох нь зүйтэй (Сургаалт үгс 20:1, 4; 2 Тесалоник 3:10–12). Тэгэхлээр, өрөвч, энэрэнгүй сэтгэлийг ухаалаг байдалтай хослуулан тустай үйл хийх нь жинхэнэ өршөөнгүй байдал юм.

17. Христиан биш хүмүүст өршөөнгүй хандах хамгийн сайн арга юу вэ?

17 Христиан биш хүмүүст өршөөнгүй хандах хамгийн сайн арга бол тэдэнд Библийн үнэнийг хүргэх явдал мөн. Учир нь өнөөдөр ихэнх хүн сүнслэг харанхуйд бүдчиж явна. Тэд тулгарсан бэрхшээлийг давах аргаа мэдэхгүй, ирээдүйд итгэх итгэлгүй учир «хоньчингүй хонин сүрэг мэт тарж, туйлдсан байгаа» (Матай 9:36). Харин Бурхны Үг амьдралд тулгарах бэрхшээлийг давахад тусалдаг «хөл дэх дэнлүү», хүн төрөлхтний ирээдүйн талаарх Бурхны санаа зорилгыг илчилж, сайхан найдвар өгдөг «зам дахь гэрэл» билээ (Дуулал 119:105). Тиймээс, Библийн үнэнийг мэдэх хэрэгтэй байгаа тэр хүмүүст энэ сайхан мэдээг хүргэнэ гэдэг ямар хосгүй завшаан бэ! «Агуу их гай гамшиг» хаяанд тулж ирчихээд байгаа өнөө үед Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлж, шавь бэлдэх ажилд хичээл зүтгэлтэй оролцох хэрэгтэй (Матай 24:3–8, 21, 22, 36–41; 28:19, 20). Энэ бол өршөөнгүй сэтгэлийн хамгийн чухал үйл юм.

«Доторхыг өгөх» нь

18, 19. Өршөөнгүй байхыг улам бүр хичээхийн учир юу вэ?

18 «Та нар доторхыг нь өглөг мэтээр өг» гэж Есүс тушаасан билээ (Лук 11:41). Жинхэнэ өршөөнгүй сэтгэлийн үйлийг Есүсийн хэлснээр «доторх» буюу хайрын сэтгэлээр, сайн дураараа хийх учиртай (2 Коринт 9:7). Харгис ширүүн авиртай, аминч үзэлтэй, бусдын зовлонг юман чинээ тоодоггүй хүмүүс давамгайлдаг болсон өнөөгийн нийгэмд жинхэнэ өршөөнгүй сэтгэл үнэхээр сайхан чанар юм.

19 Тиймээс, өршөөнгүй байхыг улам бүр хичээцгээе. Хэдийчинээ өршөөнгүй байна, Бурхнаа төдийчинээ сайн дуурайж, утга учиртай, жаргалтай амьдарна (Матай 5:7, ШЕ).

Давтах асуулт

• Итгэл нэгтнүүддээ өршөөнгүй хандах нь яагаад туйлын чухал бэ?

• Итгэл нэгтнүүддээ хэрхэн өршөөнгүй хандаж болох вэ?

• Христиан биш хүмүүст яаж сайныг үйлдэх вэ?

[Догол мөрийн асуулт]